| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 102/2022/02905/И |
| Дугаар | 001/ХТ2026/00004 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2026/00004
“Т” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Э.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/04684 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2025/01480 дугаар магадлалтай
“И” ХХК-д холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр болон гэрээ цуцлагдсанаас хойш түрээсийн зүйлийг ашигласан төлбөрт 1,801,800,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, “И” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй барилгын дулаан, халуун хүйтэн усыг таслахгүй байх, үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг даалгах, ашиглаж байсан үл хөдлөх эд хөрөнгийг засварлахад зарцуулсан зардал, оруулсан хөрөнгө оруулалтад нийт 5,457,540,493 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О нарын хяналтын журмаар гаргасан
гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/04684 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “Т” ХК-ийн өмчлөлийн *** үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч “И” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “И” ХХК-иас 1,801,800,000 /нэг тэрбум найман зуун нэг сая найман зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Т” ХК, “И” ХХК нарын 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 95 дугаар зүйлийн 95.2, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХК-иас 5,044,262,202 /таван тэрбум дөчин дөрвөн сая хоёр зуун жаран хоёр мянга хоёр зуун хоёр/ төгрөг гаргуулан хариуцагч “И” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 413,278,741 /дөрвөн зуун арван гурван сая хоёр зуун далан найман мянга долоон зуун дөчин нэгэн/ төгрөг гаргуулах, “И” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй барилгын дулаан, халуун хүйтэн усыг таслахгүй байх, “И” ХХК-ийн үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг “Т” ХК-д даалгах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,711,050 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 8,000,000 төгрөг, хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,591,955 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХК-д, нэхэмжлэгч “Т” ХК-иас 25,379,261 төгрөг гаргуулан хариуцагч “И” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2025/01480 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/04684 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх болон 2 дахь заалтыг нэгтгэн, 1 гэж дугаарлан, уг заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХК-ийн өмчлөлийн, *** үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг хариуцагч “И” ХХК-д даалгаж, хариуцагч И ХХК-аас 1,131,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 670,800,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,
3 дахь заалтыг хүчингүй болгож,
4 дэх заалтыг 2 гэж дугаарлаж, уг заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХК-аас 4,042,875,202 төгрөг гаргуулан хариуцагч “И” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,001,387,000 төгрөг гаргуулах хэсгийг, “И” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй барилгын дулаан, халуун хүйтэн усыг таслахгүй байх, “И” ХХК-ийн үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг “Т” ХК-д даалгах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
4 дэх заалтыг 3 гэж өөрчлөн дугаарлаж, уг заалтын “25,379,261” гэснийг “20,372,326” гэж өөрчилж,
5 дахь заалтыг 4 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Т” ХК-аас төлсөн 38,373,210 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
4.1. Хэргийн үйл баримтын талаар.
“Т” ХК нь “И” ХХК-тай 2017.07.07-ны өдөр 01 дугаартай “Түрээсийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч “Т” ХК *** үл хөдлөх эд хөрөнгийг соёл, үйлчилгээний цогцолборын зориулалтаар “И” ХХК-д 10 жилийн хугацаагаар түрээслүүлэхээр харилцан тохиролцсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар зохигчид 2017.07.07-ны өдрөөс түрээсийн гэрээний харилцаатай байсан үйл баримтын талаар маргаагүй, хариуцагч үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй. Энэ үйл баримт нь “Т” ХК-ийн өмчлөлийн *** үл хөдлөх эд хөрөнгийг “И” ХХК нь соёл, үйлчилгээний цогцолборын зориулалтаар ашиглахаар тохиролцсон талаар маргаагүй. Түрээсийн зүйлийн төлбөрийг 2017.09.15-ны өдрөөс 2021.03.15-ны өдөр хүртэл сар бүр 11,500,000 төгрөг, энэ хугацаанаас 2021.09.15-ны өдөр хүртэл сар бүр 23,000,000 төгрөг, энэ хугацаанаас 2024.09.15-ны өдөр хүртэл сар бүр 27,000,000 төгрөг, энэ хугацаанаас 2027.09.15-ны өдөр хүртэл сар бүр 30,000,000 төгрөг байхаар тохиролцсон боловч “И” ХХК нь 2017.09.15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Бид төлбөр төлөхийг хариуцагчид удаа дараа шаардлага тавьж, 2022.05.06-ны өдөр бичгээр мэдэгдэл хүргүүлэн, гэрээг цуцалж байгааг албан ёсоор мэдэгдэж, 2022.05.15-ны өдөр түрээсийн зүйлийг чөлөөлөх хугацааг олгосон. Хариуцагчид дахин бичгээр мэдэгдэл хүргүүлж, хариуцагч талын хүсэлтээр талууд уулзаж хуралдсан ба энэ хуралд хариуцагч тал гэрээг цуцалж байгааг хүлээн зөвшөөрсөн. 2022.05.24-ний өдөр түрээсийн зүйлийг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэхэд хариуцагч тал мөн өдрийн 40 дугаартай хариу мэдэгдлээр түрээсийн зүйлийг чөлөөлөхгүй болохоо мэдэгдэж, сайн дураар чөлөөлж өгөхөөс татгалзсан.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан хууль хэрэглээний нэгдмэл байдлын талаар.
Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг 2017.07.07-ны өдрөөс эхэлсэн, мөн хариуцагч нь нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй үйл баримтыг зөв тогтоосон. Хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг болон мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгадаг хууль хэрэглээний нэгдмэл байдал шүүхийн практикт тогтсон.
Давж заалдах шатны шүүх 2021 оны 12 дугаар сараас 2024.09.15-ны өдөр хүртэлх үр шимийг сарын 27,000,000 төгрөгөөр тооцож, 33 сарын 891,000,000 төгрөг, 2024.09.15-ны өдрөөс 2025.04.15-ны өдөр хүртэлх үр шимийг сарын 30,000,000 төгрөгөөр тооцож, нийт 8 сарын 240,000,000 төгрөг, бүгд 1,131,000,000 төгрөгөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 1,131,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 1,131,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөв шийдвэрлэсэн боловч хангаагүй буюу хэрэгсэхгүй болгосон хэсгийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Түрээсийн үнийн дүнг нэхэмжлэгчийн гаргаж өгсөн түрээсийн гэрээ, түүний үнийн дүнд үндэслээд шийдсэн мөртлөө тэрхүү гэрээнд барилгад хийх засвар үйлчилгээтэй холбоотой бага үнээр буюу шаталсан хэлбэрээр түрээсийн үнийг тогтоосныг дүгнэж, өмчлөгчийн олох байсан үр шимийг бодитой тогтоогоогүй байна.
Дээрх эрх зүйн дүгнэлт нь шүүх хүчин төгөлдөр бус гэрээгээр тохиролцсон сар бүрийн түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн. Учир нь талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хожим хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдсон тохиолдолд түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр бус тухайн үеийн зах зээлийн түрээсийн ханшийн жишгээр тогтож үр дагавар арилгадаг хууль хэрэглээний нэгдмэл жишиг тогтсон. Мөн хэлцэл хүчин төгөлдөр бус байх тохиолдолд 2017.09.15-ны өдрөөс 2021.03.15-ны өдөр хүртэл нийт 46 сарын түрээсийн төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус хэлцлээр тохиролцсон түрээсийн төлбөрийг хүчинтэй байхаар тооцсон нь учир зүйн алдаатай. Шүүх хэнийг ч хөрөнгө шударга бусаар олж авах нөхцөлийг бүрдүүлэх үндэслэлгүй ба хэрэв хариуцагч шиг шүүхийн байгууллагыг төөрөгдүүлж, өөрт ашигтай баримтыг шүүхийн журмаар хууль бусаар бүрдүүлэн, ашиггүй баримтыг шүүхэд гаргахгүй нуун дарагдуулж байгааг шүүх хариуцагчид ашигтайгаар Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ бичгийн хэлбэрээр хэрэгт авагдсан, хариуцагч талд гэрээний эх хувь нь хадгалагдаж байгаа боловч нуун далдаж, шүүхэд гаргаж өгөөгүй нь анхнаасаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар маргаж байсантай холбоотой. Түрээсийн гэрээ эхээрээ авагдаагүйгээс шалтгаалан давж заалдах шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь буруу. Уг гэрээ нь хариуцагч талд эхээрээ байгаа, мөн улсын бүртгэлд хожим бүртгүүлсэн нь бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангахгүй байх нөхцөл болсон зэргийг харгалзан үзээгүй. Мөн түрээсийн зүйлийн өмчлөх эрхэд хариуцагч байгууллагын түрээсийн зүйл хамаарахгүй тул бүртгүүлэх боломжгүй нөхцөл байсан талаар тодруулаагүй шууд хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь хариуцагчийг хууль бусаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг олгосон буруу шийдэл юм.
Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна.
Гэтэл сөрөг нэхэмжлэлийн шаардлага 5,457,540,493 төгрөгт буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан зүйл огт байхгүй байхад шууд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж түрээслэгчийг их хэмжээний өрөнд оруулсан хууль бус шийдэл болсон. Хариуцагч байгууллага нь үйл ажиллагаа явуулж болно гэж тохиролцож манай өмчлөлийн хөрөнгийг түрээсэлсэн байдаг. Хэн ч хэзээ ч аж ахуйн зориулалтаар ашиглах боломжгүй хөрөнгийг түрээслэн, үлэмж хэмжээний засан сайжруулалт хийсэн гэж худал мэдүүлж, их хэмжээний мөнгө шаардах нь хууль ёсонд нийцэхгүй. Аж ахуйн зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжтой хөрөнгөө шилжүүлэн авч, хариуцагч нь 8 жилийн турш ашиг олчхоод дээрээс нь 4,042,875,202 төгрөгийн давхар зохиомол ашгийг шүүхийн журмаар гаргуулан авч байгаа нь Иргэний хуулийн ямар ч зүйлээр хууль хэрэглээг тайлбарлах боломжгүй юм.
Зүйрлүүлж хэлбэл, өөрийн хөрөнгийг бусдад ашиглуулж, нөгөө этгээд ашиг олж ажилласан атлаа дээрээс нь шүүхийн журмаар давхар ашиг олох нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих хуулийн зохицуулалт, үзэл баримтлалтай огт нийцэхгүй байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ өсөн нэмэгдсэн нь нийтэд илэрхий бөгөөд хариуцагч байгууллагын засан сайжруулалт гэх зүйлийн улмаас манай түрээсийн объектод 4,042,875,202 төгрөгийн үнэ цэнэ өсөн нэмэгдээгүй. Түүнчлэн, ийм их хэмжээний мөнгөн хөрөнгөөр засан сайжруулалт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй ба энэ талаар нотлох санхүүгийн болон бусад анхан шатны ямар ч баримт хэрэгт байхгүй.
Иргэний хуулийн үзэл баримтлал, суурь зарчим нь бусдын өмч хөрөнгөд засан сайжруулалт хийж байгаа тохиолдолд өмчлөгчийн зөвшөөрлийг үндэслэх агуулгатай. Хэргийн баримтаар өмчлөгчийн зөвшөөрлийг авсан байдлаа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.
Бидний хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдсон байхад өмчийн эрх зүйн суурь зарчмаар засан сайжруулалт зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийж, уг ажлыг хожим үнэлгээ төсөв хийлгэх замаар хэд нугалж авдаг жишиг тогтоосон шийдвэр болсон байна. ИХШХШТХуульд заасан хэргийн оролцогчийн үүргээ биелүүлээгүй, санхүүгийн баримтаар нотлох боломжтой үйл баримтын нотлох баримтыг санаатайгаар нууж төсөвчдийн хуульд нийцэхгүй үнэлгээ гаргуулж шүүхийн журмаар ашиг олох зэргээр олон арга хэлбэрээр ашиг олж, өмчлөгч буюу түрээслүүлэгч үндэслэлгүй мөнгийг төлөх хэлбэрээр алдагдал хүлээдэг хэлцэл болон үр дагавар байж таарахгүй. Хариуцагч байгууллага нь ийм хэмжээний засан сайжруулалт хийгээгүйн зэрэгцээ манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах зорилгоор засварлан хүлээлгэн өгсөн зардлыг хамтад нь үнэлгээнд оруулан тооцсон байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.4 дэх хэсэгт өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ зохих ёсоор ашиглаж, арчлан хамгаалж, хадгалахгүй байгаа нь нийтийн ашиг сонирхолд харшлахаар бол өмчлөлийн зүйлээ зохих ёсоор ашиглах, арчлан хамгаалах, хадгалах үүргийг өөрт нь даалгах буюу бусдаар зохих хөлс, шан харамжтайгаар гүйцэтгүүлэх үүргийг шүүх өмчлөгчид хүлээлгэж болно.
Дээрх хуулийн агуулга нь өмчлөгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг арчлан хамгаалах, засан сайжруулалт хийх үүрэгтэй болохоос өмчлөгч бус этгээд зөвшөөрөлгүйгээр засан сайжруулалт хийсэн гэх их хэмжээний мөнгөн хөрөнгө шаардах эрхийг хуулиар олгоогүй төдийгүй уг үүргийг шүүх өмчлөгчид хүлээлгэх үүрэгтэй байдаг.
Бид өөрийн өмчлөлийн хөрөнгийг түрээслүүлж ашиг олох зорилготой гэрээний харилцаанд орсон атлаа түрээсийн төлбөрөөс хэт өндөр өрөнд орно гэж бодоогүй. Хэрэв хариуцагч байгууллага нь ийм их хэмжээний засан сайжруулалтын зардлыг татварын тайлан, балансад хэрхэн тусгасан, мөн өмчлөгчөөс ямар зөвшөөрөл авсан үйл баримт тодорхойгүй байхад маргааныг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шударга ёсонд нийцэхгүй шийдвэр болжээ. Мөн өмчлөгч өөрөө түрээсийн зүйлд засвар үйлчилгээ, барилгын ажил хийхийг зөвшөөрөөгүй, удаа дараа суллахыг шаардсан нөхцөл байдлыг үнэлээгүй нь ч хэт нэг талыг барьсан шийдвэр болсон.
Гэрээний харилцаа 2027 он хүртэл үргэлжлэх байсан ч гэрээний төлбөр 4,042,875,202 төгрөгт хүрэхгүй. Бусадтай түрээсийн гэрээний харилцаанд орсон боловч үлэмж хэмжээний өрөнд орох нь Иргэний хуулийн суурь зарчим болох шударга ёсны зарчим хийгээд нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцэхгүй байна.
4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар.
Анхан болон давж заалдах шатны шүүх 2017.07.07-ны өдрөөс хойш өөрийн эзэмшил, ашиглалтад байлгах хугацаандаа нийт 4,042,875,202 төгрөгийн засан сайжруулалт хийлгэсэн нь шинжээч Барилгын төсөвчдийн холбооны 2024.12.20-ны өдрийн дүгнэлтээр нотлогдсон гэж дүгнэж, “И” ХХК-ийн хийсэн засварын ажлын тоо, хэмжээг барилгын засварын ажил /А, Б, В блок/ 2,671,471,237 төгрөг, өргөтгөлийн барилгын ажил /В блок/ 720,819,726 төгрөг, гадна тохижилтын ажил 650,584,239 төгрөг, нийт 4,042,875,202 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна.
Тодруулбал, гэрээгээр тохиролцсон түрээсийн нийт төлбөр 2017 оны 7 сараас өнөөдрийг хүртэл 1,801,800,000 төгрөг болж байхад 4,042,875,202 төгрөгийн засан сайжруулалтын өрөнд оруулсан.
Шинжээч нь манай объектын анхны байдлыг тодорхойлж чадаагүй, хариуцагч байгууллагаас хийсэн гэх засан сайжруулалт, түүний хэмжээний талаар эргэлзээтэй, нотлогдохгүй байхад шинжээчийн дүгнэлтийг баримтлан их хэмжээний төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа төдийгүй нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчсөн шүүхийн шийдвэр гаргасан.
Түүнчлэн, шинжээчийн дүгнэлт нь тухайн хөрөнгийг хууль ёсны дагуу бүрдсэн хөрөнгө гэдгийг тогтоогоогүй, зөвхөн мэргэшсэн төсөвчин хийсэн тооцоолол байгааг шүүх анхаарч үзээгүй, мөн мэргэшсэн төсөвчин дүгнэлтдээ зөвшөөрөлгүй хийгдсэн барилгын ажил болохыг дурдсан байхад өмчлөх эрх үүссэн хөрөнгө гэж шүүхээс үзсэн нь Барилгын тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчиж хууль буруу хэрэглэсэн. Шинжээчийн дүгнэлтээр шууд бус зардлын нэмэгдүүлсэн зардлын дүн 1,254,986,496 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд огт нийцэхгүй.
Энэ шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүхийн буруу жишиг тогтох төдийгүй, шүүхийн байгууллагаар дамжуулан бусдыг их хэмжээний өр төлбөрт оруулах сөрөг үр дагавар бий болно. Хэн ч бусдын хөрөнгөд ийм хэмжээний буюу 4,042,875,202 төгрөгийн засан сайжруулалт хийнэ гэж байхгүй бөгөөд бид шүүхийн журмаар томилогдсон шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, шүүхэд удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байхад хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
Сөрөг нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгөөр манай өмчлөлийн обьект шиг хөрөнгө барих, мөн худалдан авах боломжтой байхад бусдын өмчлөлийн эд хөрөнгөд өмчлөгчийн зөвшөөрөлгүй засан сайжруулалт хийсэн зардал нь 4,042,875,202 төгрөг гэж хэзээ ч байхгүй, бодит байдалд нийцэхгүй.
Түүнчлэн, мэргэшсэн төсөвчин тухайн газарт байгаа хөрөнгөд орсон бараа материалыг тооцоолсон дүгнэлтийг хууль зүйн дүгнэлт мэт авч үзсэн нь өөрөө нотлох баримтыг буруу үнэлж хэрэглэж, өмчлөгчид өгсөн ашиг орлого мэт тооцсон нь хууль зөрчсөн. Мөн барилгад хийгдсэн засвар үйлчилгээ нь Татварын хууль тогтоомжийн дагуу тайлагнагдаж, баримтаар нотлогдох ёстой байтал “X” тайлантай хуулийн этгээдийн хууль бус үйлдлийг хууль ёсны мэт дүгнэж шийдсэн нь Татварын, Нягтлан бодох бүртгэлийн, Улсын бүртгэлийн, Барилгын, Зөрчлийн хууль тогтоомжийн илтэд зөрчиж, хууль буруу хэрэглэсэн шийдвэр болсон.
Шүүх нотлох баримт гаргуулахаар шүүхийн захирамжаар шийдвэрлэсэн боловч уг баримт ирээгүй байхад маргааныг шийдвэрлэсэн ноцтой алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасан нотлох баримт дутуу бүрдүүлсэн үндэслэлд хамаарна. Хариуцагч нь өөрийн санаачилгаар бусдын хөрөнгөд давхар нэмснийг шүүх ашиглах боломжтой гэсэн ойлголтоор нэхэмжлэгчээс уг мөнгөн хөрөнгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийг зөрчсөн төдийгүй нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцээгүй. Уг барилга нь анх 2 давхар байхаар төлөвлөгдсөн, давхар нэмэх нь суурийн даац, болон барилгын насжилтад сөрөг нөлөөтэй, мөн хуульд заасны дагуу эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй, зураг, төсөвгүй баригдсан, барилгын холбогдох норм, дүрмийн дагуу баригдсан эсэх нь тодорхойгүй, барилга, байгууламж ашиглалтад хүлээж авах улсын комисс ашиглалтад авахыг зөвшөөрөөгүй байхад шууд өмч гэж үзэж нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгө гаргуулсан нь буруу.
Тодруулбал, барилга байгууламжид давхар нэмэх нь Барилгын тухай хуулийн 4.1.7- д “барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх” гэж барилга байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн үндсэн бүтээц болон инженерийн шугам сүлжээг өөрчлөх, өргөтгөл, шинэчлэлт хийх үйл ажиллагааг” хэлнэ гэж заасны дагуу барилга, байгууламжийг өргөтгөж байгаа явдал бөгөөд энэ тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн “4.2-д Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг харьяаллын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэлдэхүүнтэй томилно: Барилгын тухай хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан төвөгшлийн ангилалд хамаарах барилга байгууламж (шинээр барих, өргөтгөх, шинэчлэх)-ийг ашиглалтад оруулах комиссыг энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 1-д заасан бүрэлдэхүүнтэй” гэж заасны дагуу ашиглалтад оруулах комисс заавал ажиллах ёстой байна.
Хэрэв давхар нэмсэн нь дээрх байдлаар Барилгын тухай хууль, норм, дүрэм зөрчсөн эсэх, уг барилгын чанарт сөрөг нөлөө үзүүлсэн эсэх, цаашид ашиглах боломжтой эсэхийг тус тус мэргэжлийн байгууллагаас тогтоолгосны эцэст сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжтой байсан. Эцсийн дүндээ Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах суурь эрхийн зөрчил болж байгааг анхаараагүй. Бусдын өмчлөлийн хөрөнгөд өөрийн санаачилгаар хууль бусаар давхар нэмж өргөтгөн, өмчлөгчид хохирол, эрсдэл учрах нөхцөлийг бүрдүүлсэн байхад уг хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэхийг тодруулаагүй алдаа нь цаашид бусдын амь насанд аюул учруулж болох өндөр эрсдэл юм. Гадна зам талбайн тохижилтыг өмнөх тохижилттой харьцуулан ямар өөрчлөлт гарсан талаар тодруулахгүйгээр шууд хууль бус дүгнэлтэд үндэслэн 650,584,239 төгрөг гаргуулан шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаанд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад маргааныг шийдвэрлэх учиргүй.
Бид анхан шатны шүүхэд шинжээчийн дүгнэлт хуульд нийцэхгүй талаар удаа дараа хүсэлт гаргаж, маргасан байхад давж заалдах шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч маргаагүй гэсэн агуулгаар дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслээгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад маргааныг шийдвэрлэсэн алдаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаанд хамаарч байна.
4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3 дахь хэсэгт заасан Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн талаар.
Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим нь түрээсийн гэрээний маргаан болон түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдсон тохиолдолд түүний үр дагаврыг арилгах талаар Улсын дээд шүүхийн тогтоолоор Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэсэн жишиг тогтоосон. Шүүхийн шийдвэрийн цахим санд байрласан дээрх маргааныг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн жишиг болохуйц тогтоолыг судалж үзэхэд түрээслэгч нь нийт ашиглаж, ашиг олсон хугацааны мөнгөн хөрөнгө 1,801,800,000 төгрөг байхаар байхад түүнээс үлэмж илүүгээр засан сайжруулалтын зардалд 4,042,875,202 төгрөгт тооцогдох хэмжээний мөнгөн хөрөнгө гаргуулж шийдвэрлэсэн нэг ч жишиг байхгүй. Дээд шүүхийн жишгээр засан сайжруулалт хийхдээ өмчлөгчөөс зөвшөөрөл авсан байхыг шүүхийн практикт жишиг болгож тогтоосон, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмжээ буюу засан сайжруулалтын зардал нь өмчлөгчийн шаардаж байгаа хэмжээнээс хэт их байхаар тогтоосон жишгийг хэзээ ч дэмжээгүй болно. Дээрх шийдвэр нь Улсын дээд шүүхийн жишиг тогтоосон тогтоолоос өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.
Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс хүлээн зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Магадлалын үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 670,800,000 гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болон нэхэмжлэгчээс 4,042,875,202 гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн хэсгийг эс хүлээн зөвшөөрч байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан зэрэг нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, дор дурдсан хуулиудын шаардлагатай зохицуулалтыг хэрэглээгүй, зөрүүтэй хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэж үзэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 47 дугаар зүйлийн 47.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэг, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйл, Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.4, 13.5 дахь хэсэг.
Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэглэх ёсгүй Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчээс 4,042,875,202 төгрөг гаргуулан хариуцагчид олгуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 5,457,540,493 төгрөг гаргуулах шаардлага нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт “буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” гэж заасанд нийцэхгүй буюу хамаарахгүй байна. Хариуцагч нь ямар ч хөрөнгө нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй.
Үнэлгээ хийх эрх олгогдоогүй этгээдийг шинжээчээр томилон барилгын засварын ажлын нэр төрөл, тоо, зардлын хэмжээг тогтоолгосон ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Шүүгчийн 2024.09.03-ны өдрийн 102/Ш32024/16816 дугаартай захирамжаар шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 8 дугаар зүйлийн 8.2.4-д заасныг удирдлага болгон Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 11 дүгээр зүйлийн 11.3, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу шинжээч Барилгын төсөвчдийн холбоо болон А,О, Э нар нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Гэтэл шинжээч нарын алинд нь ч тусгай зөвшөөрөл олгогдоогүй, шинжээчээр ажиллах эрхгүй байсан. Магадлалд дурдсан байгаа Барилгын төсөвчдийн холбооны 2025.05.06-ны өдрийн 33/02 албан бичгээр ирүүлсэн гэрчилгээ нь үнэлгээ хийх эрх олгосон тусгай зөвшөөрөл биш, төсөвчний мэргэжлийн гэрчилгээ байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан байгаа нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судлалгүйгээр тухайн агуулгаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
Шийдвэр, магадлалын үндэслэл болгож буй шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны мөн эсэхийг үнэлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтыг гаргуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Шүүгчийн 2025.04.08-ны өдрийн 192/Ш32025/15875 дугаартай захирамжаар шинжээч Барилгын төсөвчдийн холбоо, А,О, Э нараас хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нотариатаар батлуулсан хуулбарыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл шинжээч нар нь шүүхийн шаардсан зөвшөөрлийн хуулбарыг шүүхэд ирүүлээгүй. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр шинжээч нарын тусгай зөвшөөрлийн хуулбар шүүхэд ирээгүй, захирамжийн биелэлт хангагдаагүй байгаа талаар тодорхой дурдаж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх нь захирамжийн биелэлтийг хангуулж, шинжээч нараас тусгай зөвшөөрлийн хуулбар гаргуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шинжээч дүгнэлт гаргахдаа шүүгчийн 2024.09.03-ны өдрийн шинжээч томилох тухай 102/Ш32024/16816 дугаартай захирамжийг ноцтой зөрчсөн.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.09.03-ны өдрийн 102/Ш32024/16816 дугаартай захирамжаар суурийн хэмжээгээр 1,764 м.кв талбай бүхий нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд хариуцагчийн хийсэн засварын ажлын нэр төрөл, тоо, зардлын хэмжээг тогтоолгохоор заасан байхад шинжээч нь захирамжид заагаагүй, зардлын хэмжээ тогтооход хамаарахгүй, хууль бусаар барьсан хөрөнгө, зам талбайг оруулан үнэлгээ хийж, үнэлгээний дүнг зориудаар өсгөсөн. Мөн хариуцагч НӨАТ төлөөгүй, энэ талаар ямар ч баримт байхгүй, санхүүгийн тайландаа ч тусгаагүй байхад шинжээч нь дүгнэлтдээ 351,004,967 төгрөгийн НӨАТ тооцон оруулсан. Шүүгчийн захирамжид зардлын хэмжээг тогтоолгохоор заасан байхад зардлын хэмжээн дээр 456,752,743 төгрөгийн ашиг гэж нэмсэн. Тиймээс шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй.
Шинжээчийн дүгнэлтээр барилгын засварын ажилд зарцуулсан бодит зардлын хэмжээг үнэн зөв тогтоож чадаагүйн улмаас хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжиж, харин эсрэгээрээ нэхэмжлэгч дахин хохирох нөхцөлийг бүрдүүлсэн. Шүүгчийн 2024.09.03-ны өдрийн 102/Ш32024/16816 дугаартай захирамжаар хариуцагчийн зүгээс барилгын засварын ажилд зарцуулсан бодит зардлын хэмжээг тогтоолгох зорилгоор шинжээч томилсон. Гэтэл шинжээч нь төсөв зохиодог стандарт дүрэм, норм аргачлалаар зардлын хэмжээг тогтоосон байгаа тул бодит зардал үнэн зөв тогтоогдоогүй. Шинжээч гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулан шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргасан: Үүнд.
- Дүгнэлт гаргахдаа хариуцагчийн зүгээс санхүүгийн тайлан болон зардлын анхан шатны баримтуудад үндэслээгүй.
- Зардлын хэмжээг төсөв зохиодог стандарт дүрэм, норм аргачлалаар тогтоосон.
- Дүгнэлтэд тусгагдсан байгаа “шууд зардлын дүн” гэдгийг “бодит зардлын дүн” гэж ойлгож болно.
- Удирдлага, зохион байгуулалтын зардал, ашиг, НӨАТ, нормчлолын сан, техникийн хяналтын зардал, инженер хайгуул зураг төслийн ажлын дүн, зураг төсөл зохиогчийн хяналтын зардал, магадлашгүй ажил гээд зардлын хэмжээ нэмэгдэж байгаа нь төсөв зохиодог стандарт дүрэм, норм аргачлалаар тогтоож байгаатай холбоотой.
- Барилгын засварын ажлын зардалд эд хөрөнгийн элэгдэл хорогдол тооцоогүй. Үүнийг тооцох эсэх нь шүүхийн асуудал байх.
Шинжээчийн дээрх тайлбар, дүгнэлтээс үзвэл хариуцагч нь барилгын засварын ажилд 1,818,752,228 төгрөгийн бодит зардал гаргасан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, буцаан шаардах зүйлсэд хамаарахгүй буюу хариуцагчийн зүгээс огт зарцуулаагүй зардал, төлөөгүй татвар, авах ёсгүй ашгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Шинжээч барилгын засварын ажлын бодит зардлаар тооцон хариуцагчийн зарцуулсан зардлын шууд хэмжээг л зөвхөн тогтоох ёстой байтал:
- Ашиг 15%-иар тооцон 456,752,743 төгрөгийн ашиг үндэслэлгүй нэмсэн,
- Хариуцагчийн зүгээс ямар ч татвар төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад 10%-иар тооцон 351,004,967 төгрөгийн НӨАТ үндэслэлгүй нэмсэн,
- Мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн барилгын засварын ажлын зураг төсөлгүй байхад зураг төсөл зохиогчийн хяналтын зардал гэж 35,100,496 төгрөгийг үндэслэлгүй нэмсэн,
- Барилгын засварын ажлыг аж ахуйн аргаар гүйцэтгэсэн, хариуцагчид ямар ч мэргэжлийн байгууллагын зураг төсөл, бичиг баримт байхгүй байхад захиалагчийн техникийн хяналтын зардал гэж 2%-иар тооцон 58,936,193 төгрөгийг үндэслэлгүй нэмсэн,
- Барилгын төсөв зохиоход ашигладаг нормчлолын санд 0.18%-иар тооцон 6,318,089 төгрөгийг үндэслэлгүй нэмсэн,
- Засварлагдаад дуусчихсан байгаа барилгад магадлашгүй ажлын зардалд 2%-иар тооцон 70,200,993 төгрөгийг үндэслэлгүй нэмсэн.
Ингэснээр шинжээчийн дүгнэлт зөвхөн дээр дурдсан байдлаар үндэслэлгүйгээр 978,313,481 төгрөгөөр нэмэгдсэн. Ийм зардлуудыг хариуцагч гаргаагүй бөгөөд үүнийгээ баримтаар нотолж чадаагүй. Мөн эдгээр мөнгөнүүд нь хариуцагчийн буцаан шаардах зүйлсэд хамаарахгүй гэж үзэж байна.
Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, хууль зөрчиж барьсан барилгын 3 дахь давхрын зардлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагчийн түрээсээр эзэмшиж, ашиглаж байсан барилга нь 2 давхар юм. Гэтэл хариуцагч нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийг ноцтой зөрчиж, эрх бүхий байгууллагын ямар ч зөвшөөрөлгүй, өөрийн дураар нэмээд 3 дахь давхрыг барьсан. Зөвшөөрөл аваагүй гэдгийг шинжээч нар нотолсон, хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Хууль зөрчиж барьсан, зөвшөөрөлгүй 3 дахь давхрыг ашиглах боломжгүй, улсын бүртгэл бүртгэхгүй, зохих журмаар өмчлөх боломжгүй, ямар нэгэн байдлаар захиран зарцуулах боломжгүй. Зөвхөн буцаан нураах л ёстой зүйл юм. Энэ 3 дахь давхар нь шинжээчийн дүгнэлтэд В блок нэртэйгээр 720,819,726 төгрөгөөр үнэлэгдэн тусгагдсан. Шинжээч нар нь шүүх хуралдаан дээр В блокийн барилгыг нэмж барьсан, зөвшөөрөл байгаагүй, шүүгчийн захирамжид дурдсан зардлын хэмжээ тогтоолгох 1,764 м.кв талбай бүхий барилгад хамаарахгүй гэдгийг тодорхой хэлсэн. Хууль бус зүйл болох нь тогтоогдсон. Түүнээс гадна хариуцагч Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж, талуудын хооронд байгуулсан хэлцлийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.2.6 дахь хэсэгт заасны дагуу түрээслүүлэгчээс урьдчилан зөвшөөрөл авах үүргээ биелүүлээгүй. Гэтэл хууль бусаар баригдсан, цаашид зохих ёсоор эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй 3 дахь давхрыг барихад зарцуулсан зардал гэх 720,819,726 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
Гадна зам талбайн ажлын бодит байдал тодорхойгүй байхад түүнийг хийхэд зарцуулсан гэх 650,584,239 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн хийсэн гэх гадна зам талбайн тохижилтын ажил нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр хийгдсэн эсэх, түрээсийн барилгад буюу нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарах эсэх, өмнө ямар байдалтай байсан эсэх, одоо бодитой байгаа эсэх, эсвэл эвдэрч хэмхрээд, бороо усанд урсаад алга болсон эсэх, байлаа гэхэд түүнийг нь цаашид нэхэмжлэгч бодитой эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжтой эсэх зэрэг шаардлагатай нөхцөл байдлуудыг огт тодруулалгүйгээр 650,584,239 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Хэрэв нэхэмжлэгч 650,584,239 төгрөгийн зардлыг хариуцагчид төлөх ёстой юм бол тус төлбөрт хамаарах ажлын үр дүнг бодитой эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бүрэн боломжтой байх ёстой. Гэтэл өнөөдөр гадна зам талбайн тохижилт нь хийсэн хэвээрээ байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй байна.
Хариуцагч 9 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулан эзэмшиж, ашиглаж байгаа эд хөрөнгөнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу элэгдэл хорогдол тооцоогүй. Шинжээч барилгын засварын ажлын зардлын дүнг тогтоож гаргасан дүгнэлтдээ эд хөрөнгийн элэгдэл хорогдол тооцоогүй гэдгээ шүүх хуралдаан дээр хэлсэн. Шинжээчийн дүгнэлтээс ч харж болно. Хариуцагч нь түрээсийн барилгад 2017 онд засвар хийж, үйл ажиллагаа явуулаад 9 жил болж байгаа тул эд хөрөнгийн элэгдэл хорогдол заавал тооцох ёстой. Хариуцагчийн хийсэн барилгын засвар нь 9 жилийн хугацаанд элэгдэлд орж, зарим нь эвдэрч хэмхэрч, зарим нь бүр ашиглах боломжгүй ч болсон байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу барилга байгууламж, газрын тохижилтод ашиглах нийт хугацааг 25 жилээр тогтоосон байгаа тул хариуцагчийн ашигласан 9 жилийн хугацааны элэгдэл хорогдлыг тооцон хасах ёстой. Үүнийг жишээ болгон тооцоолж үзвэл шинжээчийн дүгнэлтэд дурдсан нийт 4,042,875,202 төгрөгийн дүнгээс 9 жилийн элэгдэл хорогдолд 1,455,435,072 төгрөг хасагдах ёстой. Гэтэл анхан шатны шүүх ямар ч элэгдэл хорогдол тооцолгүйгээр бүх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж шударга бус байгаа тул байгаад гомдолтой байна.
Хариуцагч барилгын засварын ажилд 4,042,875,202 төгрөгийн зардал гаргасан гэдэг нь хариуцагчийн санхүүгийн тайлан баланс, анхан шатны И-баримтаар тогтоогдоогүй буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй. Хариуцагч нь түрээсийн барилгыг засварлахад зарцуулсан бүх зардлаа санхүүгийн тайлан балансдаа тусгаж, түүнийгээ улирал жил тутам татварын байгууллагад тайлагнаж, санхүүгийн анхан шатны баримт буюу и-баримтаар бүртгэлжүүлэн баталгаажуулсан байх ёстой бөгөөд тэдгээр нь хариуцагчийг хэдэн төгрөгийн зардал гаргасан вэ гэдгийг нотлох ёстой чухал баримт юм. Гэтэл хариуцагч нь барилгын засварын ажлын зардлаа санхүүгийн тайлан балансдаа тусгаагүй, татварын байгууллагад тайлагнаагүй, анхан шатны баримт бүрдүүлээгүй хэмээн тайлбарлаж, холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгөхөөс татгалзаж байгаа явдал нь хариуцагчийг 4 тэрбум төгрөгийн зардал гаргасан гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Барилгын засварын ажлыг хариуцан гүйцэтгэж байсан гэх гэрч М нь 700 сая төгрөгийн зардлын баримтыг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэдэг боловч хариуцагч түүнийг шүүхэд гаргаж өгөөгүй. Эндээс дүгнэж үзэхэд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх ч гэсэн хариуцагчийн зарцуулсан зардлын хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг хариуцагчийн санхүүгийн тайлан баланс, анхан шатны баримттай нь тулгаж, харьцуулан судалсны үндсэн дээр зөв тогтоох ёстой байсан.
Давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн 2024.12.20-ны өдрийн дүгнэлтийг холбогдох хууль тогтоомж болон шинжээч томилсон шүүгчийн захирамжийг зөрчиж байгаа талаар 2025.02.13-ны өдөр гомдол гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.02.26-ны өдрийн 192/ШТ2025/00176 дугаар тогтоолоор шийдсэн, 2025.02.13-ны өдөр болон 2025.03.19-ний өдөр тус тус гаргасан хүсэлтийг мөн шүүхийн шүүгчийн 2025.04.21-ний өдрийн 192/Ш32025/14762 дугаартай захирамжаар шийдсэн зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг шинжээчийн дүгнэлтэй маргаж, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ашигласан үр шимийг тооцох хугацааг буруу тодорхойлсон. Шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож буй түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг болон тус гэрээний нэгдүгээр хавсралтад дурдсанаар хариуцагч 2017.09.15-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч түрээсийн барилгыг 2019 оны 7 сараас ашиглаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн болохыг гэрч М гэрчилсэн байдаг. Түүнийг хариуцагчийн зүгээс үгүйсгэж няцаагаагүй. Харин нэхэмжлэгч нь талуудын хооронд хийсэн хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж түрээсийн барилгыг 2017.07.07-ны өдөр шилжүүлэн өгсөн. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ашигласан үр шимийг тооцох хугацааг 2017.07.07-ны өдрөөс эхлэн тооцох ёстой байна. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсгийг зөрчиж, зөвхөн хариуцагчийн өгсөн тайлбараар авч байгаа нь үндэслэлгүй буюу нэг талыг барьсан шинжтэй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэх ажиллагаа хангалтгүй, дутуу хийгдсэн. Дээр дурдсан байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзээгүй, чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлж, дүгнэлт хийгээгүй орхигдуулсан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайлбал, талуудын хамтарсан хурлын 2022.05.14-ний өдрийн тэмдэглэл, хариуцагчийн зүгээс 2022.08.03, 2022.11.01, 2024.08.02-ны өдрийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2025.02.13-ны өдрийн гомдол, 2025.02.13, 2025.03.19-ний өдрийн хүсэлтүүд, гэрч Мийн 2025.05.08-ны өдрийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан. Шинжээчийн дүгнэлтийг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодитойгоор харьцуулж судлаагүй.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэг талыг барьсан дүгнэлт хийж шийдвэр гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд хэлцэл хийгдсэн байна гэдгийг зөв дүгнэж тогтоосон. Нэхэмжлэгч нь түрээсийн барилгыг хариуцагчид 2017.07.07-ны өдөр шилжүүлэн өгөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн. Хариуцагчийн зүгээс барилгын засвар хийх хугацаа болон зарцуулах зардлын хэмжээг харгалзан үзсэний үндсэн түрээсийн төлбөрийг 2017.09.15-ны өдрөөс авч эхлэх, мөн түрээсийн төлбөрийн хэмжээг хөнгөлттэй нөхцөлөөр үе шаттай нэмэгдүүлэхээр тооцон тохиролцсон. Тухайн үед хариуцагч өөрөө үзэж судалсны үндсэн дээр барилгын засварын ажлыг 2017.07.07-ны өдрөөс 2017.09.15- ы өдөр хүртэл хугацаанд хийж дуусгаад, үйл ажиллагаагаа эхлүүлнэ, түрээсийн төлбөр 2017.09.15-ны өдрөө төлж эхэлнэ гээд гэрээ хэлцэл хийж байсан явдал нь барилгын засварын ажлын цар хүрээ, зардлын хэмжээг баримжаалахад боломжтой байгаа юм. Хариуцагч түрээсийн барилгыг эзэмшилдээ шилжүүлэн авснаас хойш хугацаа алдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байлаа гэхэд нэхэмжлэгч тэрэнд нь ямар ч буруугүй. Хариуцагч нь 2017.09.15-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ огт биелүүлээгүй, нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүйн улмаас талуудын хооронд хийсэн хэлцэл дуусгавар болсон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь энэхүү бодит үйл баримтыг үнэлэлгүй орхигдуулж байгаа явдалд гомдолтой байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчээс 4,042,875,202 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, хариуцагчаас 1,801,800,000 гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалаас хариуцагч “И” ХХК-аас 1,131,000,000 гаргуулан нэхэмжлэгч “Т” ХК-д олгосон, хариуцагч “И” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,001,387,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр дараах гомдол гаргаж байна.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага буюу хөрөнгө оруулалтын улмаас нэхэмжлэгчид бий болсон үр шим, үнэ цэнд 1,001,387,000 төгрөгийг нэхэмжлэхдээ Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4-т “Засан сайжруулалтын улмаас эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн бол уг эд хөрөнгийг буцааж өгөх үеийн засан сайжруулалтын үнэлгээгээр шаардлагын хэмжээг тодорхойлно. Энэ тохиолдолд шаардлагын үнийн дүн нь эд хөрөнгийн үнийн болон ашгийн нийлбэрээс хэтрэхгүй” гэдэг үндэслэлээр, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч нь шударга эзэмшигч биш учир Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2-т “Шударга бус эзэмшигч эд хөрөнгийг хадгалах, арчлах, засан сайжруулахад зориулж гаргасан зардал нь эрх бүхий этгээдэд орох ашгийг нэмэгдүүлсэн тохиолдолд дээрх зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй. Энэхүү шаардлагын үнийн дүн нь эд хөрөнгийн үнэ болон ашгийн нийлбэрээс хэтрэхгүй байна.” гэж заасан үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн.
Харин давж заалдах шатны шүүх дээрх шаардлагад дүгнэлт хийхдээ “Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэснээс үзвэл сөрөг шаардлагын зарим хэсэг болох 1,001,387,000 төгрөг нь буцаан шаардах шаардлагад хамаарахгүй зүйлс байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт уг хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна” гэж үзэж хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Хариуцагч сөрөг шаардлага гаргахдаа суурийн хэмжээгээрээ 1,764 м.кв талбай бүхий нурсан барилгад “И” ХХК нь 4,042,875,202 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр барилгын үнэлгээ нэмэгдсэн тул уг нэмэгдсэн үнэлгээнээс өөрийн оруулсан хөрөнгө буюу 4,042,875,202 төгрөгт ногдох хэмжээгээр үнэ цэнэ буюу нэхэмжлэгчид бий болсон үр шимийг нэхэмжилсэн байтал давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д заасанд хамаарахгүй байна гэж үзсэнд гомдолтой байна.
Учир нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлд буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлсийг тусгасан бөгөөд 493.1-т “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна.” гэж заасан байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд нэхэмжлэгчид бий болж буй барилгын үнэ цэнийн өсөлт, үр шимээс өөрийн хөрөнгө оруулалтад хамаарах хэсгийг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 493.1-т заасан үндэслэлд хамаарч байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалын энэ хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
Мөн давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд үл нийцэх дүгнэлт хийж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг баримталж хариуцагчаас 1,131,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулан шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийг 1,131,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх дүн буюу 27,000,000 төгрөг, 30,000,000 төгрөгөөр тооцон бодож гаргасан нь нотлох баримтаас хасагдсан түрээсийн гэрээ гэх баримтад заасан дүнгээр бодсон байна. Хүчин төгөлдөр бусад тооцсон хэлцэлд заасан сар бүрийн түрээсийн төлбөрийг үндэслэлгүй хөрөнгөжсөн дүнд бодож байгаа нь үндэслэлгүй байна. Хүчин төгөлдөр бус хэлцэлд заасан сар бүрийн түрээсийн төлбөр буюу 27,000,000 төгрөг, 30,000,000 төгрөгийг хариуцагч “И” ХХК-тай тохиролцон тусгаагүй, харин тус компанийг төлөөлөх эрхгүй М гэх хүн нь нэхэмжлэгч “Т” ХК-тай тохиролцсон байтал уг төлбөрийг хариуцагч “И” ХХК зөвшөөрч гэрээнд тусгасан мэтээр дүгнэж хариуцагчаас 1,131,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч “И” ХХК-иас 1,131,000,000 гаргуулан нэхэмжлэгч “Т” ХК-д олгосон, хариуцагч “И” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,001,387,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.11.27-ны өдрийн 001/ШХТ2025/01086 дүгээр тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлын заримыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
9. Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр болон гэрээ цуцлагдсанаас хойш түрээсийн зүйлийг ашигласан төлбөрт нийт 1,801,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...“Т” ХК нь “И” ХХК-тай 2017.07.07-ны өдөр 01 дугаартай Түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч “Т” ХК нь *** үл хөдлөх эд хөрөнгийг соёл, үйлчилгээний цогцолборын зориулалтаар “И” ХХК-д 10 жилийн хугацаагаар түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Түрээсийн төлбөрийг түрээслэгчийн нөхцөл байдалд нийцүүлэн засварын хугацааны түрээсийн төлбөр авахгүй, төлбөрийг 2017.09.15-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар авахаар тохиролцсон.
Түрээслэгч “И” ХХК нь 2017.09.15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Бид төлбөр төлөхийг хариуцагчид удаа дараа шаардлага тавьж, 2022.05.06-ны өдөр бичгээр мэдэгдэл хүргүүлэн, гэрээг цуцалж байгааг албан ёсоор мэдэгдэж, мөн оны 05 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн зүйлийг чөлөөлөх хугацааг олгосон, ...хариуцагч талын хүсэлтээр талууд уулзаж хуралдсан ба энэ хуралд хариуцагч тал гэрээг цуцалж байгааг хүлээн зөвшөөрсөн атлаа эд хөрөнгийг сайн дураар чөлөөлж өгөхөөс татгалзсан.
Хариуцагч нь нийт 58 сарын хугацааны түрээсийн төлбөр 891,000,000 төгрөг төлөөгүй ба гэрээ 2022.06.01-ний өдөр цуцлагдсанаас хойш түрээсийн зүйлийг ашиглан, үндэслэлгүй хөрөнгөжиж байх тул нэхэмжлэл гаргасан 2025.04.21-ний өдрийг хүртэлх хугацаанд үнэ хөлсгүйгээр эзэмшиж, ашигласан 910,800,000 төгрөг, нийт 1,801,800,000 төгрөгийг гаргуулж, *** үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг “И” ХХК-д даалгаж өгнө үү...” гэж тайлбарласан.
Хариуцагч хариу тайлбартаа: “...“И” ХХК нь “Т” ХК-ийн захирал Л-тай тухайн компанийн хөрөнгө болох нурсан барилгыг гүйцээн барьж засаад, хөрөнгө оруулалт хийж, уг барилгыг түрээсэлж, соёл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах талаар тохиролцсон. Хариуцагч нь 1,764 м.кв талбай бүхий нурсан барилгад хөрөнгө оруулалт хийж 2,500 м.кв талбай газарт асфальтан зам тавьж, олон тэрбум төгрөгийн хөрөнгийн зардал гаргаж барилгыг ашиглах боломжтой болгосон. Түрээсийн зүйл болсон үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмчлөлийнх бус, мөн гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ тул түрээсийн төлбөр гаргуулах үндэслэлгүй.
“Т” ХК-ийн зөвшөөрлийн дагуу “И” ХХК нь уг хөрөнгийг эзэмшиж, хөрөнгө оруулалт хийж, засан сайжруулсан тул хууль бус эзэмшил гэж үзэхгүй. Түрээсийн гэрээ хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдаагүй, зохигч талуудад байдаггүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байгаа.
Гэрээнд М гэдэг хүн гарын үсэг зурсан байсан. М нь хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд болох нь тогтоогдсон. Түрээсийн төлбөр гаргана гэж үзвэл хугацааг хэзээнээс эхэлж тооцох вэ гэдэг нь тодорхойгүй, төлбөрийн хэмжээ, нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй тул зөвшөөрөхгүй...” гэж тайлбарласан.
10. Хариуцагч “И” ХХК нь нэхэмжлэгч “Т” ХК-д холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, “И” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй барилгын дулаан, халуун хүйтэн усыг таслахгүй байх, үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг даалгах, ашиглаж байсан үл хөдлөх эд хөрөнгийг засварлахад зарцуулсан зардал, оруулсан хөрөнгө оруулалтад тохирох үнэ цэнийн өсөлтөд нийт 5,457,540,493 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд гэрчилгээ гараагүй, “Т” ХК өмчлөгч биш гэдэг нь илэрхий болсон. Өөрийн өмчлөлийн бус хөрөнгийг “И” ХХК-д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцэхгүй. 1,764 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул 2017.07.07-ны өдрийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл.
Тус барилгын цахилгаан, дулаан, халуун хүйтэн ус нь бүгд “Т” ХК-аас хамааралтай ба тус компани нь манай үйл ажиллагааг тасалдуулах зорилгоор цахилгаан таслах, халуун хүйтэн ус таслах зэргээр компанийн ажилд байнга хүндрэл учруулж, улмаар үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосон. Барилга болон түүний гаднах зам талбайг засан сайжруулахад нийт 4,456,153,493 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Нэхэмжлэгч нь уг барилгаас хариуцагчийг албадан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэгч нь засварын зардлын дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн, уг гарсан зардлыг “Т” ХК-аас шаардаж байна.
Иймд 2017.07.07-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, “И” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй барилгын дулаан, халуун хүйтэн усыг таслахгүй байх, үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг “Т” ХК-д даалгах, ашиглаж байсан үл хөдлөх эд хөрөнгийг засварлахад зарцуулсан зардал, оруулсан хөрөнгө оруулалтад нийцсэн барилгын үнэ цэнийн өсөлттэй холбогдуулан нийт 5,457,540,493 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,
Нэхэмжлэгч “Т” ХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “И” ХХК нь соёл, үйлчилгээний цогцолборын зориулалтаар ашиглуулахаар 10 жилийн хугацаатайгаар түрээслэхээр тохиролцсон. Энэ түрээсийн гэрээ нь эх хувиар байхгүй боловч тухайн гэрээ байгуулагдсан гэдэгт талууд маргадаггүй. Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад бүрэн шилжүүлсэн. Энэ үйл баримтад өнөөдрийг хүртэл гуравдагч этгээд шаардлага гаргаагүй байх тул “Т” ХК-ийн өмчлөх эрхийн асуудал маргаангүй гэж үзнэ. Мөн хариуцагч нь түрээсийн зүйлийг хүлээн авч, хуулийн этгээдийн зорилгодоо нийцүүлэн засан сайжруулж, үйл ажиллагаа явуулж байгаа тул түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна.
“И” ХХК-ийг 4,456,153,493 төгрөгийн зардал гаргасан гэдэг нь нотлогдоогүй. Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл болон талуудын байгуулсан түрээсийн гэрээнд засан сайжруулалтын улмаас барилгын нэмэгдсэн үнэ цэнийг нэхэмжлэгчээс шаардах эрх хариуцагчид олгогдоогүй байна. Хариуцагчийн үндэслэл болгож буй Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн зохицуулалт нь талуудын хооронд үүсээд буй гэрээний харилцаанд хамааралгүй, эрх зүйн өөр харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалт. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй…” гэж тайлбарласан.
11. Анхан шатны шүүх: “...маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч “Т” ХК болох нь баримтаар тогтоогдсон, хариуцагч “И” ХХК нь 2017 оны 07 дугаар сараас хойш нэхэмжлэгч “Т” ХК-ийн өмчлөлийн хөрөнгийг эзэмшил, ашиглалтдаа байлгаж, засан сайжруулалт хийн засварлаж, одоогоор обьектыг бусдад өрөө болон талбайгаар гэрээний дагуу түрээслүүлж, өргөтгөж барьсан зааланд хүлээн авалт зохион байгуулах, спорт заал түрээслүүлэх зэргээр ашиглаж, үр шимийг хүртэж байгаа болох нь хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан гэрээнүүд, холбогдох бусад баримтуудаар нотлогдох бөгөөд нэхэмжлэгч “Т” ХК-д ашиглалтын зардлаас бусад байдлаар түрээсийн төлбөр төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. ...шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч Барилгын төсөвчдийн холбооноос маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд нийт 4,042,875,202 төгрөгийн зардал гарах тооцоо гаргасан байна. …Талууд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, бичгээр байгуулсан гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, гэрээний нөхцөл болон үнийн талаар маргаантай байгаа учир тэдний хооронд аман хэлбэрээр хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус гэрээний үүрэг шаардах эрхгүй, иймд нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Хэдийгээр хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөхөөр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу “Т” ХК нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг 2017 оны 07 дугаар сараас хойш хугацаанд ашигласны үнийг “И” ХХК-аас шаардах эрхтэй боловч уг төлбөрийг тооцоолон шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хангалттай нотлоогүй тул 1,801,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгоно, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч “И” ХХК-ийн хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн тус шаардлагыг хангана, …нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч хууль ёсны буюу гэрээний дагуу эзэмшилдээ байлгаагүй учир “И” ХХК-ийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд явуулж буй үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг даалгах, барилгын дулаан, халуун хүйтэн усыг таслахгүй байхыг “Т” ХК-д даалгах зэрэг хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь засан сайжруулалтын зардлаа нэхэмжлэгчээс шаардах эрхтэй, Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 4,042,875,202 төгрөгийн засварын зардал гарсан гэж дүгнэн, уг нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 413,278,741 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно, хөрөнгө оруулалттай холбоотой барилгын үнэ цэнэ өссөн, түүнд ногдох хэмжээг 1,001,387,000 төгрөг болохыг, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар тогтоолгосон ба нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг баримтаар няцааж үгүйсгээгүй учир шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэлээ...” гэж дүгнэжээ.
Давж заалдах шатны шүүх “...хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсгийг зөрчөөгүй боловч хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт аливаа этгээд үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй, …нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний төлбөр болон ашигласан хугацааны төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр буюу гэрээний үүргийг шаардах боломжгүй. Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хариуцагч ашигласан хугацаагаар үр шимийг нь нэхэмжлэгч шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, 2017.09.15-ны өдрөөс 2021.03.15-ны өдөр хүртэл 11,500,000 төгрөгөөр, 2021.03.15-ны өдрөөс 2021.09.15-ны өдөр хүртэл 23,000,000 төгрөгөөр, 2021.09.15-ны өдрөөс 2024.09.15-ны өдөр хүртэл 27,000,000 төгрөг, 2024.09.15-ны өдрөөс 2027.09.15-ны өдөр хүртэл 30,000,000 төгрөгөөр үр шимийн хэмжээг тодорхойлж, бүгд 1,131,000,000 төгрөгөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байх тул хариуцагчаас 1,131,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна. Хариуцагч нь маргааны зүйл болох тухайн хөрөнгөд 4,042,875,202 төгрөгийн засан сайжруулалт хийсэн, үүнийг харилцан буцаан өгөх боломжгүй тул тэр хэмжээгээр нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4,042,875,202 төгрөгийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. Харин хөрөнгө оруулалтын үнэлгээ 1,001,387,000 төгрөгөөр нэмэгдсэн гэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах шаардлагад хамаарахгүй зүйлс байна. Түүнчлэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас “И” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй барилгын дулаан, халуун хүйтэн усыг таслахгүй байх, үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг “Т” ХК-д даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаар дүгнэлт хийгээгүй болно. Мөн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох сөрөг шаардлага нь 5,457,540,493 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл болж байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгоно...” гэж дүгнэн, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
12. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх үйл баримтыг адил тогтоосон боловч эрх зүйн талаар өөр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцлээ.
13. Талууд 2017.07.07-ны өдөр 01 дугаартай Түрээсийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Т” ХК өөрийн өмчлөлийн *** обьектыг соёл үйлчилгээний цогцолборын зориулалтаар хариуцагч “И” ХХК-д 10 жилийн хугацаатай түрээслүүлэхээр, төлбөрийг түрээслэгчийн нөхцөл байдалд нийцүүлэн, засварын хугацааны төлбөрийг авахгүй, 2017.09.15-ны өдрөөс үе шаттайгаар 2027.09.15-ны өдрийг хүртэл авахаар харилцан тохиролцсон, гэрээ байгуулснаас хойш хариуцагч обьектод засвар үйлчилгээ, засан сайжруулалт хийж, үйл ажиллагаа явуулж байгаа үйл баримт тогтоогдсон байна.
Гэрээний хугацаанд хариуцагч түрээсийн төлбөр төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалж, 58 сарын түрээсийн төлбөрт 891,000,000 төгрөг, гэрээг цуцалснаас хойш ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 910,800,000 төгрөг, нийт 1,801,800,000 төгрөг гаргуулах, түрээсийн барилгыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, барилгаас албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгч нь барилгад оруулсан хөрөнгө оруулалтаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ, иймд нурсан барилгыг гүйцээж барих, гаднах зам талбайг засан сайжруулахад гарсан зардал нийт 4,456,153,493 төгрөг, дээрх засан сайжруулалтын улмаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нэмэгдэж, үнэ цэнэ нь өссөн үндэслэлээр оруулсан хөрөнгийн хэмжээнд ногдох 1,001,387,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
14. Үндсэн нэхэмжлэлийн талаар:
14.1. Нэхэмжлэгч “Т” ХК нь зохигчийн хооронд байгуулагдсан 2017.07.07-ны өдрийн Түрээсийн гэрээг үндэслэж, түрээсийн гэрээг цуцалсан тул үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, гэрээний хугацааны түрээсийн төлбөр, гэрээ цуцалснаас хойш эд хөрөнгийг ашигласны төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
Хоёр шатны шүүхийн үйл баримт, нөхцөл байдал, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн дүгнэлт хуульд нийцээгүй байх тул хяналтын шатны шүүхээс зарим дүгнэлт, хууль хэрэглээний алдааг залруулна.
14.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Түрээсийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан үндэслэлээр нотлох баримтаас хассан нь үндэслэл бүхий болж чадаагүй, анхан шатны шүүхийн энэ алдааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй нь буруу.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “...хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах … эрхийг шүүх эдэлнэ…” гэж зохицуулсан.
Хэдийгээр түрээсийн гэрээ нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдаагүй ч маргааны үйл баримт, талуудын тайлбараар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримт байх бөгөөд тус баримтыг бүрдүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
Иймд хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан “...хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх...” үүргээ үндэслэл бүхий хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
14.3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2017.07.07-ны өдрийн 01 дугаартай Түрээсийн гэрээг хуулбар хэлбэрээр гарган өгч, хариуцагчаас эх хувийг гаргуулах хүсэлт гаргасан боловч хариуцагч тал гэрээний эх хувь байхгүй гэх үндэслэлээр гаргаж өгөөгүй байна.
Зохигч гэрээг байгуулсан, гэрээнд дурдсан агуулга нөхцөлийг үгүйсгэж маргаагүй, гагцхүү Улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хэлбэрийн шаардлага хангаагүй гэж хариуцагч тайлбарласан.
Хэдийгээр гэрээ хуулбар хувиар байгаа боловч зохигчийн тайлбар, бусад баримтаар гэрээ байгуулагдсан үеэс хойш хэрэгжиж, хариуцагч нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн, засан сайжруулж, засвар үйлчилгээ хийж, улмаар ашиглаж, үйл ажиллагаа явуулж байгаа үйл баримт бодитоор тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулсан.
Гэрээ байгуулсан гэдгийг хариуцагч үгүйсгээгүй, харин тус гэрээнд хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй гэж маргаж байх тул түрээсийн гэрээ бичгээр байгуулах шаардлагыг хангасан гэж үзнэ. Харин гэрээнд гарын үсэг зурсан гэх М нь хэдийгээр тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээдээр бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй боловч тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж, компанийг төлөөлөн үйл ажиллагаа явуулж байсан нь баримтаар тогтоогдсон, улмаар дээрх гэрээ хэрэгжиж, нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, засвар үйлчилгээ хийж, ашиглаж байгаа бодит үйл баримт тогтоогдсон тул М гэрээнд гарын үсэг зурсныг хариуцагч хожим зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд эрх бүхий этгээд гэрээнд гарын үсэг зураагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй үйл баримтын хувьд тухайн үед нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх хөрөнгө Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй буюу тухайн хөрөнгийн талаар байгуулсан бусад гэрээ /барьцаа, түрээс г.м/-г бүртгэх суурь бүртгэл хийгдээгүй, хөрөнгөд хувийн хэрэг үүсээгүй байжээ.
Иймд түрээсийн гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлэх бодит боломжгүй, энэ үндэслэлээр зохигчийн хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
14.4. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр түрээсийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээнд зааснаар түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч “Т” ХК нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших ширмэн цутгуурын цех байсан, суурийн хэмжээгээрээ 1,764 м.кв талбай бүхий объектыг түрээслэгч болох хариуцагч “И” ХХК-д соёл, үйлчилгээний цогцолборын зориулалтаар 10 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч нь гэрээнд заасан хугацаанд харилцан тохиролцсон хэмжээгээр түрээсийн төлбөрийг төлөх үүрэг тус тус хүлээжээ.
Гэрээний дагуу нэхэмжлэгч гэрээний зүйлийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.
Гэрээг 10 жилийн хугацаатай байгуулсан, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээний хугацаанд төлөх төлбөрийг шаардсан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангана. Нэхэмжлэгч нь талуудын тохиролцсон нөхцөлөөр гэрээний үүргийг шаардсан тул гэрээ байгуулсан 2017.09.15-наас гэрээ цуцалсан 2022.06.01-ний өдрийг хүртэлх 58 сарын түрээсийн гэрээний төлбөр 891,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч төлөх үүрэгтэй.
14.5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, 294 дүгээр зүйлийн 294.2.1-д нэг тал үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээг цуцалж болно, 294.1.3-т хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалснаар гэрээ дуусгавар болно гэж тус тус зохицуулсан.
Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч түрээсийн төлбөр төлөхгүй байгаа үндэслэлээр нэхэмжлэгч 2022.05.06-ны өдрийн 01 тоот албан бичгээр гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн, талууд 2022.05.14-ний өдөр уулзаж гэрээг цуцлахаар харилцан тохиролцсон, мөн өдрөө обьектыг чөлөөлөх шаардлага гаргасан, бичгээр мэдэгдлийг өгсөн, 2022.05.24-ний өдрийн 03 дугаартай мэдэгдлээр 2022.05.30-ны дотор обьектыг чөлөөлөхийг мэдэгдсэн байна.
Хариуцагч обьектэд оруулсан хөрөнгө оруулалттай холбогдуулан гэрээг цуцлах саналыг зөвшөөрөхгүй, хоорондын тооцоог бүрэн шийдсэний дараа объектыг чөлөөлнө гэж маргажээ.
Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээ цуцалж, дуусгавар болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлох баримтаар тогтоогдсон, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3-т нийцсэн байна.
14.6. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй, 326.2-т түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж зохицуулсан тул нэхэмжлэгч гэрээ цуцалснаас хойш эд хөрөнгийг буцааж өгөөгүй үндэслэлээр өөрт учирсан хохирлыг гэрээ цуцалснаас хойших хугацааны түрээсийн төлбөрөөр тооцож шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.
Иймд гэрээ цуцалснаас хойш эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 2022.06.01-нээс 2025.04.21-ний өдрийг хүртэлх хугацааны хохирлыг түрээсийн гэрээнд заасан хэмжээгээр төлбөрийг тооцож 910,800,000 төгрөг шаардсаныг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
14.7. Нэгэнт гэрээ дуусгавар болсон тул Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д зааснаар хариуцагч нь гэрээний зүйлийг буцааж өгөх үүрэгтэй, энэ үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй тул хууль хэрэглээний алдааг зөвтгөж залруулна.
Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангана.
15. Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч “И” ХХК нь нэхэмжлэгч “Т” ХК-д холбогдуулан: “...талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагчаас тус барилга болон гадна талбайг засан сайжруулахад нийт 4,456,153,493 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, барилгыг чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа тул нэхэмжлэгч нь дээрх зардлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ, түүнчлэн барилгад засан сайжруулалт хийснээр барилгын үнэ цэнэ өссөн, нийт хөрөнгө оруулалтад харьцуулан түүнд ногдох үнэ цэнэ 1,001,387,000 болж байгаа үндэслэлээр нэхэмжлэгчээс дээрх төлбөрийг гаргуулах, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад санаатайгаар тасалдуулж, аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг даалгуулах...”-аар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага нь хэлцлийг хүчин төгөлдөр бу болохыг тогтоолгох агуулгатай байгааг тэмдэглэх нь зүйтэй.
15.1. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд дүгнэлт хийсэн, сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг давж заалдах шатны шүүхээс бие даасан шаардлага биш гэж тодорхойлсон нь буруу биш байна.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д хөлслөгч нь хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засан сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нь анх гэрээ байгуулахдаа засан сайжруулалтын төлбөрийг түрээсийн төлбөрт суутгаж тооцсон, хариуцагч нь өөрийн санаачилгаар, зөвшөөрөлгүйгээр бусдын хөрөнгөд давхар нэмсэн нь Барилгын тухай хууль, норм, дүрмийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэж маргаж, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй гэж гомдол гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариу тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байна.
Хэрэгт цугларсан баримт, шинжээчийн дүгнэлтээр хариуцагч нь түрээсэлсэн хөрөнгөд нийт 4,042,875,202 төгрөгийн засан сайжруулалт хийсэн, тодруулбал: барилгын засварын ажилд 2,671,471,237 төгрөгийн, өргөтгөлийн барилгын ажилд 720,819,726 төгрөгийн, гадна тохижилтын ажилд 650,584,239 төгрөгийн зардал гарсан нь тогтоогдсон ба дээрх үнэлгээг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй тул хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас дээрх зардлыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Түүнчлэн талууд анх 10 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул түрээслэгчийн гаргасан зардлыг түрээслүүлэгчийн ашиг олсон хугацааны мөнгөн хөрөнгөөс үлэмж ихээр гаргуулж байгааг дэмжихгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.
Мөн тухайн барилгад хариуцагч үйл ажиллагаа явуулж, олон нийтэд танигдсан, нэр хүнд нь өссөн талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, энэ хэмжээгээр нэхэмжлэгчийн ашиг орлогод нөлөөлөхөөр байх тул засвар хийснээс хойш ашигласан элэгдлийн хувь хэмжээг тооцоогүй гэх нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.
15.2. Харин засан сайжруулалт хийснээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ өссөн тул хөрөнгө оруулалтад хамаарах үнэ цэнийг 1,001,387,000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгчээс гаргуулахаар нэхэмжилснийг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Хариуцагч нэгэнт засан сайжруулалтын үнийг буцаан авч байгаа тохиолдолд барилгын үнийн өсөлтөөр нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.
Иймд сөрөг нэхэмжлэлийн дээрх шаардлага үндэслэлгүй хөрөнгөжих үндэслэлд хамаарахгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.
15.3. Үйл ажиллагааг хэвийн явуулж, барилгын дулаан, халуун хүйтэн усыг таслахгүй байх, “И” ХХК-ийн үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
16. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2025/01480 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/04684 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлаж, 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 326.2-т тус тус зааснаар хариуцагч “И” ХХК-аас 1,801,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХК-д олгож, нэхэмжлэгчийн өмчлөлийн *** үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцааж өгөхийг хариуцагчид даалгасугай.” гэж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, эхний 4 гэсэн заалтыг 2 гэж дугаарлан, тус заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 493 дугаар зүйлийн 493.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Т” ХК-аас 4,042,875,202 төгрөгийг гаргуулан хариуцагч “И” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,001,387,000 төгрөг гаргуулах болон “И” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй барилгын дулаан, халуун хүйтэн усыг таслахгүй байх, үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг нэхэмжлэгчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь 4 гэсэн заалтыг 3 гэж дугаарлан, тус заалтын “...56.1...” гэснийг хасч, “...70,200...” гэснийг “...9,237,150...” гэж, “...25,379,261...” гэснийг “...20,372,326...” гэж, 5 дахь заалтын дугаарыг 4 гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б нарын гомдлын заримыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Т” ХК-аас 2025.10.03-ны өдөр төлсөн 26,185,665 төгрөгийг, хариуцагч “И” ХХК-аас 2025.10.06-ны өдөр төлсөн 10,819,890 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Э.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД