Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 128

 

С.Ш-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00747/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг даргалж шүүгч С.Энхжаргал, шүүгч С.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1045 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Ш-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.О-д холбогдох

“Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.О-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишгээ, гуравдагч этгээд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишгээгээс:

Миний бие С.Ш- нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байрны 66 тоот, 59,84 м.кв талбайтай, 62.832.000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг “Л И” ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ байгуулан 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн Ү-2003020732 дугаарт бүртгүүлэн 000536750 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ аван өмчлөх эрхээ баталгаажуулсан бөгөөд өөрийн өмчлөлийн орон сууц маань хоосон эзэнгүй байхад хариуцагч болох Д.О- нь хууль бусаар бусдын өмчлөлийн эд хөрөнгөд халдан орон сууцанд маань нүүн орж амьдарч байна. Энэ тухай мэдэгдэж орон сууцны бичиг баримтаа үзүүлэхэд хуурамч бичиг баримт байна хэмээн хүлээн авахгүй орон сууцыг маань чөлөөлж өгөхгүй байгаа тул орон сууцыг чөлөөлүүлж албадан нүүлгэн гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дарьмаасүрэнгээс:

Иргэн Д.О- би 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Л И” ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулан Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байрны 66 тоот, 2 өрөө орон сууцыг 74.750.000 төгрөгөөр худалдан авахаар болсон юм. Эхний ээлжинд захиалгын гэрээ байгуулахдаа 1.200.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Захиалгын гэрээнд тусгасны дагуу тус компанид сар бүр 500.000 төгрөгийг төлдөг. Анх гэрээ байгуулахад тус байр нь ямар ч гэрэл цахилгаангүй, жорлон ванн, угаалтуур суулгаагүй, обой наагаагүй, шалгүй, бүхэлдээ хоосон дотоод засал чимэглэл юу ч хийгдээгүй байр байсан тул дээрх зүйлийг байранд орохоосоо өмнө бүгдийг хийж гүйцэтгэн 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр нүүж орсон. Энэ бүх засвар, үйлчилгээ, тоног төхөөрөмжид нийт 5.200.000 төгрөг зарцуулсан. Бидний зүгээс тус байранд дур зоргоороо, хаалга үүдийг нь эвдэж орсон зүйл байхгүй, зохих журмын дагуу компанитай гэрээ байгуулан орсон. Тухайн үед “Л И” ХХК-ийн менежер Г.О-тай гэрээ байгуулсан ба Г.О- нь бидний орох байрыг зааж өгч, түлхүүрийг нь гардуулан өгч дотоод заслын ажилд зарцуулсан мөнгийг байрны нийт үнийн дүнгээс хасаж тооцохоор гэрээнд тусгагдсан байгаа. Бид хууль ёсны дагуу гэрээ байгуулж тус байранд орсон, байранд хийвэл зохих бүх засвар үйлчилгээг хийн амьдарч байгаа тул иргэн С.Ш-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц-гээс:

“Л И” ХХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р багт 144 айлын орон сууцны зориулалттай барилгыг 50 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгүүлэхээр 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай байгууллагад хандан ЭХӨЭТХ-той эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.13-д заасан нотлох баримтын бүрдлийг ханган бүртгүүлсэн нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэж 000339007 тоот гэрчилгээ бичиж олгож өмчлөх эрхийг баталгаажуулсан. Уг барилгыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 16/2016 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, Дархан-Уул аймгийн Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны 59 дүгээр тогтоолоор “Л И” ХХК-ийн барьсан 144 айлын нийтийн орон сууц 2 блок байрыг Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хороолол 10а, 10б байр гэж хаягжилт олгосныг үндэслэн тус компани нь дахин манай байгууллагад 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлэг гарган уг барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэй болгуулахаар бүртгэлд өөрчлөлт оруулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй. “Л И” ХХК, иргэн С.Ш- нарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах 98 тоот гэрээтэй иргэн С.Ш- нь Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10 а байр, 66 тоот 59,84 м.кв талбайтай 2 өрөө байрны өмчлөх эрхээ баталгаажуулахаар 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлэг гарган хандсан нь холбогдох хууль тогтоомжийн дагуу нотлох баримтыг хангасан тул Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003020732 дугаарт бүртгэж, 000536750 тоот гэрчилгээг олгож өмчлөх эрхийг баталгаажуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна. Тухайн компани нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 3 дугаар хавсралтад зааснаар захиалгаар барьсан орон сууцны жагсаалт-ын 11 дүгээрт иргэн С.Ш-ын нэр бичигдсэн. Харин иргэн Д.О- “Л И” ХХК-ийн хооронд байгуулагдсан захиалгын гэрээ нь манай байгууллагад өнөөдрийг хүртэл ирээгүй. Иргэн ЭХӨЭТХ-той эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 14.1.9-т мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчингүй байгаа бол гэж заасны дагуу нөхөн бүртгэх боломжгүй болно... гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Л И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-аас:

...дээрх орон сууц нь “Л И” ХХК-ийн өмч. “Л И” ХХК нь тухайн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Д.О-тай хийж, Д.О-г байранд оруулсан. С.Ш-т олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон учир С.Ш- орон сууцны өмчлөгч гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1045 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол 10а байрны 66 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2003020732 дугаарт бүртгэгдсэн, 59,84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.О- болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч С.Ш-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.Ш-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-гаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Ш-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. “Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр төлж, 2 өрөө байрыг худалдаж авсан. Тухайн үед энэ байр нь / 66 тоот/ шууд нүүн орж амьдрах боломжгүй байсан. Өөрсдөө засвар хийгээд, гарсан зардлыг нь орон сууцны төлбөрөөс хасаж тооцуулахаар гэрээн дээр тусгасан. Байранд засвар хийж дуусгаад 1 дүгээр сарын 25-ны өдөр нүүн орж амьдарч эхэлсэн, энэ үед тухайн байранд гэрчилгээ бичигдсэн талаар ямар ч мэдээллийг “Л И”  ХХК нь өгөөгүй, бид энэ талаар мэдэх ямар ч боломжгүй байсан. Тус байрыг улсын комисс хүлээж авахдаа дутуу ажлуудыг гүйцээх талаар үүрэг даалгавар өгсөн байсан боловч тэр ажлыг нь гүйцээсэн талаар тэмдэглэл протокол мэдэгдсэн ямар ч баримт хавсрагдаагүй, улсын комисс ямар баримт материал үндэслэж хүлээж авсан нь тодорхойгүй байна. Мөн хүн худалдаж аваад шууд нүүн орж амьдрах боломж бүрдээгүй барилгыг /хүлээж авсан нь, тийм орон сууц дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бичиж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Иргэн С.Ш- нь 2016 онд худалдаж авсан гэх байрандаа огт орж үзээгүй, түлхүүрээ гардаж аваагүй, худалдаж авсан байраа хэдэн давхарт хэдэн тоот гэдгээ мэдэхгүй явж байсан. Би “Л И” ХХК-тай хууль ёсны дагуу гэрээ байгуулж, байрны урьдчилгаа төлбөр болон байранд завсар тохижилт хийсэн төлбөр, ус , дулаан, цахилгаан, СӨХ зэргийн төлбөрт хийт 8.000.000 төгрөгийг тухайн компанид төлсөн бөгөөд, хариуцлагагүй үйлдлээс болж хохироод үлдэж байгаад туйлын гомдолтой байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишгээ давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

...Д.Одонтуяа нь “Л И” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр хууль ёсны дагуу гэрээ байгуулж уг орон сууцыг худалдан авсан гэх тайлбарыг шүүхэд гаргаж байгаа боловч уг байгуулсан гэрээг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд иргэн Д.О-г өмчлөгч гэх үндэслэл нотлох баримт байхгүй болно. Д.О-гийн шүүхэд гаргасан тайлбарт “Л И” ХХК-тай гэрээний эрх зүйн харилцаанд орж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх бөгөөд энэхүү гэрээ нь хууль ёсны гэрээ байсан бол худалдагч тал болох “Л И” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу “эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөл шилжүүлэх” гэж заасны дагуу гэрээгээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг нь бүртгэлийн байгууллагаас гаргуулан өгөх, мөн уг орон сууцны өмчлөгч болон бусад мэдээллийн талаар мэдээллийг өгөх ёстой байсан бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь уг гэрээг хууль бус болохыг нотолж байгаа орон сууц худалдан авсан гэх Д.О-д уг орон сууцны тухай дэлгэрэнгүй мэдээлэл лавлагааг төрийн байгууллагаас авах эрх нь нээлттэй байсан. Д.О-г уг орон сууцанд нүүн орж хууль бусаар эзэмшиж эхлэн үе буюу гэрээ байгуулсан гэх 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр “Ласти интөрнэшнл” ХХК өмчлөх эрх дуусгавар болж, С.Ш-ын өмчлөх эрх нь баталгаажиж өмчлөх эрхээ хэрэгжүүлэх цаг хугацаа байсан гэдгийг шүүх харгалзан үзнэ гэж найдаж байна. С.Ш- нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бус үйлдлийг зогсоохыг шаардаж өөрийн өмчлөлийн орон сууцнаасаа нүүлгэн гарах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд гомдолд дурдагдаж буй “улсын комисс тус байрыг хүлээн авахдаа дутуу ажлыг гүйцээх талаар дурдсан байхад гүйцээсэн эсэх нь тодорхойгүй” гэх нь нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүй энэ асуудлаа эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдүүд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байх гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Л И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            Иргэн Д.О- нь 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр “Ласти интернешл” ХХК-тай орон сууц захиалах бариулах гэрээ /22-тоот гэрээг хийж 2 өрөө 66 тоот орон сууцыг худалдан авсан нь үнэн бөгөөд уг орон сууц нь хүн амьдрах боломжгүй, худалдан авагч нь бүх засварын ажлыг өөрсдөө хийж гүйцээн үндсэн төлбөрөөс хасуулахаар тохиролцож гэрээ хийсэн. Уг орон сууцыг С.Ш- гэдэг хүнийх гэдэг мэдээлэл манай компанид байгаагүй. Уг 144 айлын орон сууцны барилгыг хүлээж авсан улсын комиссын акт нь дутуу дулимаг, учир дутагдалтай бөгөөд барилгын хуулийг зөрчсөн, 50 хувийн гүйцэтгэлтэй байсан. Иймд иргэн Д.О-гийн гомдлыг дэмжиж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч С.Ш- өөрийн өмчлөлийн байраа хууль бус эзэмшигчээс шаардаж, эзэмшил чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн.

Шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

            Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч уг шаардлагаа хангуулахаар 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Л И” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”  орон сууцны үнэ 62.832.000 төгрөгийг төлсөн  санхүүгийн баримт, болон 12 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн хэлтэс бүртгүүлэх хүсэлт, Ү-203020732 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000536750 дугаартай гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлж маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй гэж тайлбарлажээ.

Түүний энэ баримтын эсрэг хариуцагч хариу тайлбар гарган мэтгэлцэж 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хууль ёсны дагуу гэрээ байгуулж уг маргаан бүхий байрыг худалдаж авсан гэж тайлбарласан хэдий ч энэ талаар байгуулсан гэрээ болон мөнгө төлсөн баримт сэлтийг шүүхэд ирүүлээгүй байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “Ласти  интернешнл” ХХК иргэн С.Ш- нарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээтэй иргэн С.Ш- нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13 дугаар хороолол, 10а байр, 66 тоот 59,844 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц өмчлөх эрхээ баталгаажуулахаар 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлэг гарган хандсан нь холбогдох хууль тогтоомжийн дагуу нотлох баримтыг хангасан тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2003020732 дугаарт бүртгэж,  00536750 тоот гэрчилгээг олгож өмчлөх эрхийг баталгаажуулсан гэжээ.

            Харин Д.О- “Ласти интернешнл” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ өнөөдрийг хүртэл ирээгүй гэсэн тайлбар гаргасан нь холбогдох  бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ласти интернешнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ...манай компани Д.О-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж түүнийг орон сууцанд оруулсан С.Ш-т олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон гэсэн  тайлбарыг шүүхэд гаргасан боловч уг тайлбараа нотлох баримтыг шүүхэд  гаргаагүй байна.

            Иймд хэрэгт цугларсан баримтуудыг нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлд хамаатай ач холбогдолтой талаас нь дүгнэж үзвэл С.Ш-ыг  маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгч биш гэж үзэх үндэслэл, нөгөөтэйгүүр Д.О-г маргаан бүхий байрыг С.Ш-аас түрүүлж  худалдан авч хууль ёсны дагуу уг байрны өмчлөгч болжээ гэх баримт байхгүй байна.

Маргаан бүхий байр ямар байдалтайгаар ашиглалтад орсон түүнд хэдий хэмжээний ажил материалын зардал гаргасан талаар хариуцагч тал баримт гарган мэтгэлцсэн боловч энэ нь маргааны гол зүйл биш бөгөөд дээрх зардалтай холбоотой шаардлагыг шүүхэд гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Түүнчлэн нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан тохиолдлыг зохицуулсан Иргэний хуулийн 250 дугаар зүйлийг тухайн маргаантай харилцаанд хэрэглэх боломжгүй юм.

Учир нь хариуцагч “Ласти  интернешнл” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх боловч уг үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэ талаар “Ласти интернешнл” ХХК  болон Д.О- нар баримт гарган мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй. 

            Хариуцагч талын ...хүн худалдаж аваад амьдрах боломж бүрдээгүй барилгыг улсын комисс хүлээн авсан, мөн ийм байранд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бичиж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл болсон. ...Хууль ёсны гэрээ байгуулж нийт 8 сая төгрөгийн зардал гаргасанд гомдолтой байна гэсэн гомдлыг үндэслэн хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70.200  төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр  үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                               

                                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   С.ЭНХЖАРГАЛ

                                                            ШҮҮГЧИД                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                О.НАРАНГЭРЭЛ