Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2022/00154

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2022/00154

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,*******, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* миний бие 2009 онд Хөдөө аж ахуйн Их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Миний бие 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ын Б/03 дугаартай тушаалаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт нягтлан бодогчоор томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажлаа хангалттай биелүүлж хөдөлмөрийн гэрээний биелэлт албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгээ дүгнүүлэн нэмэгдэл цалин хөлс авч ажиллаж байсан. Би 2018 оны 10 дугаар сараас эхлэн хариуцагч байгууллагад Сангийн яамнаас зөвшөөрлөө авсны дагуу ажиллаж эхэлсэн.

Гэтэл Ховд аймгийн Мал эмнэлгийн даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Б/40 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтууд, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.3, 20.2.5, 20.2.6, 20.2.10 дахь заалтууд, Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь заалтууд, Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дугаартай тушаалын 35 дугаар зүйлийн 3.5.1, 3.5.2 дахь заалтуудыг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн. Би Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан сахилгын шийтгэл давтан гаргаагүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй. Би өөрийн болон өөртэй хамаарал бүхий хэн нэгэнтэй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан харилцаа үүсгэж байгаагүй.

Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тайлан мэдээг цаг тухай бүрт нь гүйцэтгэж тайлагнадаг. Мэдээлэх үүргээ биелүүлэлгүй зөрчсөн явдал байхгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3, 20.2.5, 20.2.6, 2.2.10 дахь хэсэгт заасны дагуу олон улсын стандарт, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас баталсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, болон холбогдох журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа гаргаж үүргээ биелүүлж ажилласан.

Би ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж ажилласан. Гэтэл намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, намайг хохироож байгаад гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авч ын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ******* намайг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын нягтлан бодогчийн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч ******* ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...******* нь ажиллах хугацаандаа ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн. Санхүүгийн тайлан тооцоог хугацаанд нь гаргаж өгдөггүй, маш хэл ам болон байж гаргадаг байсан. Мөн албан үүргээ хангалтгүй биелүүлснийг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/47 дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан. Дээрх тушаал нь албан үүргээ хангалтгүй биелүүлснийг нотолж байна. ******* нь хөдөлмөрийн гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ туйлын хангалтгүй биелүүлж ажилласан. 2019 оны эхний хагас жилийн ажлаа дүгнүүлээгүй, 2019 оны жилийн эцсийн ажлаар хангалтгүй үнэлгээ авсан. Нэхэмжлэгчийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тус тушаалын хуулийн үндэслэлийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтууд, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2019 онд эд хөрөнгө, машин, тээврийн хэрэгсэл, барилга байгууламжийг шилжүүлж авсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А-1/4247 дугаар тушаал шийдвэрүүд гарсан байхад хэдэн бараа материал, барилга байшинг бүртгэж аваад аймаг, сумдын автомашин тээврийн хэрэгслийг Авто тээврийн газарт шилжүүлэн ирээгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Мал эмнэлгийн газар дээр шилжүүлэг хийгдээгүй. Энэ бол нягтлан бодогчийн ажил үүрэг учраас албан үүргээ биелүүлээгүй. Мөн ******* нь ажиллах хугацаандаа аж ахуйн нэгж, иргэдтэй бараа материалын худалдан авалт хийж, хоорондын тооцоо нийлж, баталгаажуулаагүй, хөрөнгө орлого, мөнгөн хөрөнгийн зарлага зөрүүтэй, өглөг авлага буруу тооцсон, өглөгөө 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгаагүй, тооцоо нийлсэн акт баримт үйлдээгүй зэрэг ноцтой зөрчлүүд санхүүгийн Аудитын шалгалтаар илэрч тогтоогдсон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.1.1, 20.2.3, 20.2.5, 20.2.6, 20.2.10 дахь заалтууд буюу 20 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчиж байгаа учраас ажлаас чөлөөлөх Б/40 дүгээр тушаалын үндэслэл болж өгсөн. Мөн 2021 оны 06 дугаар сард *******тай холбоотой давхар Мал эмнэлэг ажиллуулж байгаа асуудлаар Эрдэнэбүрэн сумын иргэдээс Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Уг гомдлын мөрөөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нь 2021 оны 06 дугаар сарын 30-нд тайлбар, мэдүүлэг авсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нь манай байгууллагын ерөнхий нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа эд хөрөнгө, санхүү, бүртгэл хариуцсан ажилтны хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан. Ямар учраас ийм зүйл гарсныг Аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоосон. Мөн удаа дараа сахилгын арга хэмжээ авсан байсан боловч сахилгын шийтгэлийг үргэлжлүүлэн цалингийн 20 хувиар бууруулахад цалингаа суутгаж тооцоогүй байсан. Энэ нь сахилгын шийтгэлийг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэхээр байна. Бусдын нэр дээр илүү цагийн болон нэмэгдэл гаргаж авсан зөрчил гаргасан нь тогтоогдсон. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах ёстой байдгийг хэрэгжүүлж ажиллаагүй. Шилэн дансны тухай хуулиар тодорхой хэмжээний эрх, үүргийг заасан байхад бүрэн ажиллаж, тайлагнаагүй нь аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан ашиг сонирхлын зөрчил үүссэн. Нэхэмжлэгчийн төрсөн ээжийн мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг компанид ашиг сонирхлын зөрчил үүссэн. Үүнтэй холбоотой сум орон нутгаас, бусад байгууллагаас удаа дараа шаардлага тавьж байсан. Тухайлбал, нэхэмжлэгч нь тарилгын акт баримтуудыг ээжийнхээ нэрийн өмнөөс өөрөө гүйцэтгэж, энэ байдал газар авч, цаашлаад сум орон нутгаас Авлигатай тэмцэх газарт мэдээлэл очсоны дагуу шалгаж тогтоосон. Иймд нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлага гарч ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор дараагийн нягтлан бодогчийг томилж ажиллуулсан. Уг шийдвэр нь хууль, эрх зүйн үндэслэлтэй. Зөрчил нь нотлох баримтаар тогтоогдсон. Миний гаргасан тушаал, шийдвэр нь үндэслэлтэй, нотлох баримтаар тогтоогдсон. Уг баримтууд нь хэрэгт авагдсан... гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Би 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч байгууллагад нягтлан бодогчоор томилогдож, өнөөдрийг хүртэл ажиллахдаа өөрийгөө Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийг сайн мөрдөж ажиллаж байгаа гэж үзэж байна. 2021 оны аудитын дүгнэлтээр зөрчилгүй гэж гарсан. Иймд би өөрийгөө ажлаа сайн хийж байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байхад түүнийг цалингаас суутгаагүй нь аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Мөн холбогдох хуулийг зөрчсөн, ажлаа сайн хийгээгүй, илүү цагийг өөр дээрээ давхардуулж бодуулж авсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийг удирдлагын шийдвэр, өөрийн албан тушаалаа буруу ашигласан гэж үзэж байна... гэв.

 

4. Нэхэмжлэгчээс ын 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай Ажилд томилох тухай тушаал, ын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 дугаартай *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №01 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №02 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 2019 оны албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг дүгнэх хуудас, Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын нягтлан бодогч *******ын 2019 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх үнэлгээний хуудас, *******ын нэр дээрх №А0504965 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Лхагвасүрэнгийн Энхтуулын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хоршооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр мэдүүлсэн тухай баталгааны маягт, *******ын албан тушаалтны 2020 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг зэрэг баримтуудыг,

Хариуцагч талаас ын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 дугаартай *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/24 дугаартай *******ыг ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/47 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/48 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/51 дугаартай Эд хөрөнгийн тооллого явуулах ажлын хэсэг томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ын 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/07 дугаартай Бруцеллёзын дархлаажуулалтыг зохион байгуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 онд бруцеллёзын дархлаажуулалтад хамрагдах малын тоо, шаардагдах вакцины хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5А2170429 дугаартай албан шаардлагын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 24А2170429 дугаартай актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/62 дугаартай аудитын санал дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, -ийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн малд тарилга хийсэн актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, -ийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн малд тарилга хийсэн актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тарилга хийсэн актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тарилга хийсэн актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн тарилга хийсэн актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тарилга хийсэн актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тарилга хийсэн актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 108,810,650 төгрөгийн нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг дарга, Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн хооронд байгуулсан гурвалсан гэрээ болон гэрээний хавсралтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12-1/7060 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 177 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/51 дугаартай Эд хөрөнгийн тооллого явуулах ажлын хэсэг томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ын зөвлөлийн хурлын 03 дугаартай тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн *******ийн Авлигатай тэмцэх газарт гаргасан тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12-1/187 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/17 дугаартай Цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/24 дугаартай Нэмэгдэл олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаартай Цалингийн сүлжээний шатлал шинэчлэн тогтоох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/60 дугаартай Нэмэгдэл олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/44 дугаартай Нэмэгдэл олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/79 дугаартай Үр дүнгийн нэмэгдэл олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02/174 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын 2020 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ, *******ийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Авлигатай тэмцэх газарт гаргасан тайлбар, Авлигатай тэмцэх газрын ХШДШХ-ын ажилтан, комиссар Н.ын цахим хаягаар /e_mail/ хариуцагч *******ийн тайлбар хүргүүлсэн цахим хаягийн зураг, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/62 дугаартай аудитын санал дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ын 2020 оны 5 дугаар сарын 26-ны А/29 дугаартай Төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 01 дүгээр улирлын хөдөлмөрийн гэрээг дүгнэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/16 дугаартай Нэмэгдэл хөлс олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хариуцлагатай жижүүрийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай нэмэгдэл хөлс тооцож олгох хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай Албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/146 дугаартай Урамшуулал олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *******ын 2019, 2020, 2021 оны цалингийн тооцооны картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын ахлах нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолт, ын 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай Ажилд томилох тухай тушаал, хоршооны 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №05 дугаартай мэдэгдэл, Цэдэндамбын Буянхишигийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 131 дугаартай Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын баталгаат хуулбар, ын 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/05 дугаартай Журам батлах тухай тушаал, Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын Хөдөлмөрийн дотоод журам, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/62 дугаартай аудитын санал дүгнэлт, аудит хийсэн санхүүгийн тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 24А2170429 дугаартай актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5А2170429 дугаартай албан шаардлагын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цалингийн тооцооллын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай *******д нэмэгдэл хөлс тооцож олгох хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай Д.Хишигт нэмэгдэл хөлс тооцож олгох хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцлагатай жижүүрийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай *******д нэмэгдэл хөлс тооцож олгох хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 дугаартай *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, тус газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 8,613,071 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлсөн үндэслэл, шалтгаан нөхцөлийг авч үзвэл;

а. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг зөрчсөн тухайд:

Ажиллах хугацаандаа ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, Санхүүгийн тайлан тооцоог хугацаанд нь гаргаж өгдөггүй, Албан үүргээ хангалтгүй биелүүлснийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/47 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан, 2019 оны эхний хагас жилийн ажлаа дүгнүүлээгүй, жилийн эцсээр хангалтгүй үнэлгээ авсан, мөн 2020 оны хагас, бүтэн жилийн ажлын дүгнэлтээр хангалтгүй үнэлгээ авсан, цалингийн 20% бууруулах шийтгэл оногдуулсан байхад өөрийнхөө цалинг бодохдоо суутгал хийгээгүй нь Санхүүгийн аудитын шалгалтаар тогтоогдож акт тавигдсан, ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр өөрийн цалин, хөлс, ур чадварын нэмэгдлийг 2021 оны 06 дугаар сар хүртэл 25%-иар бодож авсан, Аудитын шалгалтаар хязгаарлалттай дүгнэлт авсан байхад ур чадварын нэмэгдлийг дур мэдэн нэмж авсан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хүлээсэн үүрэг, Сангийн сайдын 294 дүгээр тушаалд заасан үүрэг, чиглэлийг баримталдаггүй, байгууллагын эд хөрөнгө бүртгэл, тооллогын ажлыг огт хийгээгүй, Хүнс, хөдөө, аж ахуйн газраас бараа материал, эд хөрөнгө хүлээн авах, тооллого хийх ажлыг удаа дараа шахуулж, албан ёсны акт баримт үйлдээгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан гэж,

б. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн тухайд:

Иргэн, аж ахуйн нэгжтэй бараа материалын худалдан авалт хийж, тооцоо нийлж баталгаажуулаагүй, орлого, зарлага зөрүүтэй, өглөгийг 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгаагүй, тооцоо нийлсэн акт баримт үйлдээгүй зэрэг ноцтой зөрчлүүд Аудитын шалгалтаар тогтоогдсон нь Нягтлан бодох бүртгэлийн 20.1.1, 20.2.3, 20.2.5, 20.2.6, 20.2.10 заалтуудыг зөрчсөн тул ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон гэж,

в. Шилэн дансны тухай хууль зөрчсөн тухайд:

Шилэн дансны цахим мэдээлэлд 2020 онд 150 мэдээлэл оруулахаас 126 мэдээлэл оруулж, 22 мэдээллийг огт оруулаагүй, 2 мэдээллийг дутуу оруулсан ба байгууллагын орлогын мэдээллийг байршуулаагүй гэж,

г. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1, 11.2 дахь хэсгийг зөрчсөн тухайд:

*******ын ээж болох нь Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж буюу хоршоог ажиллуулдаг бөгөөд ******* нь малд тарилга хийдэг, акт баримтаа ******* өөрөө бичдэг, сумын байцаагчийг дарамт шахалт үзүүлж баталгаажуулдаг. Цахим системд ээж ийн оронд 2019, 2020 онуудад Мал эмнэлгийн гэрчилгээ бичиж, төлбөр мөнгийг өөрөө авдаг. хоршооны Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг бүрэн хариуцаж ажилладаг байсныг ард иргэдийн мэдээлэл, тарилгын акт баримт, өөрийн гарын үсэгтэй акт баримтууд бичгээр нь тогтоосон тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1, 11.2 дахь заалтуудыг зөрчсөн... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь тус газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай Ажилд томилох тухай тушаал, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 дугаартай *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, уг тушаалын хавсралтаар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь ын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 дугаартай *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гаргасан байна.

5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч ******* Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.3, 20.2.5, 20.2.6, 20.2.10 дахь заалт, Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1, 11.2 дахь заалт, Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 294 дүгээр тушаалын 3.5 дугаар зүйлийн 3.5.1, 3.5.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.

Нэхэмжлэгч ******* байгууллагын нягтлан бодогчийн үүрэгт ажлыг гүйцэтгэхдээ албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн, Төрийн Аудитын санхүүгийн хяналт шалгалтаар хязгаарлалттай дүгнэлт авсан, Эрдэнэбүрэн сумын мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй өөрийн хамаарал бүхий нэгдмэл сонирхол үүсч байгаа нь тогтоогдсон гэж хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бол нэхэмжлэгч нь дээрх зөрчлүүдийг гаргаагүй гэж талууд маргана.

Хавтаст хэрэгт авагдсан Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчил арилгах тухай албан шаардлага, мөн өдрийн Төлбөр барагдуулах тухай актад тусгагдсан зөрчлүүдийг нэхэмжлэгч ******* шууд өөрт нь хамааралгүй гэж маргах боловч дээрх албан шаардлага, акттай холбоотой эс зөвшөөрч дээд шатны байгууллага болон Захиргааны хэргийн шүүхэд хандаагүй бөгөөд уг акт, албан шаардлага нь өнөөдөр хүчин төгөлдөр гэдэгт талууд маргаагүй.

6. Ажил олгогч ажилтан нар нь харилцан тохиролцож 2019, 2020 онуудад 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар бичгээр байгуулсан байх ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болсон, ажилтан байнгын ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэж байсан, ажил олгогч цалин хөлсийг олгож байснаар талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.

*******ыг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаарх:

Ажил олгогчийн шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халсан үндэслэлтэй тохирсон байх учиртай бөгөөд ******* 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасныг баримталжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэжээ. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаартай тогтоолын 15.4.2-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж тайлбарлажээ.

Ажил олгогч *******, ажилтан ******* нарын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ямар зөрчлийг ноцтой зөрчилд хамаарахыг нэрлэн заагаагүй байна.

Хэдийгээр Хөдөлмөрийн гэрээнд талууд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг тохиролцоогүй боловч ажилтан ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан буюу иргэн, аж ахуйн нэгжийн хоорондын тооцоо хийх, баталгаажуулах, хөрөнгийн орлого, мөнгөн хөрөнгийн зарлага зөрүүтэй, E_баримтгүй гүйлгээ хийсэн, анхан шатны баримтыг хуулбараар бүрдүүлсэн, өглөг авлага тооцоогүй зэрэг зөрчлүүд гаргасан нь Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын Зөрчил арилгах тухай албан шаардлагаар тогтоогдсон.

Мөн хариуцагчаас нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж шүүхэд ын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/47 дугаартай тушаалыг нотлох баримтаар ирүүлсэн ба нэхэмжлэгч ******* нь 2019 онд байгууллагын санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан гэх үндэслэлээр арга хэмжээ авагджээ. Гэвч, нэхэмжлэгч ******* нь ямар зөрчлийг давтан гаргасан эсэх талаарх баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байхаас гадна 2 дахь удаад буюу сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзвэл уг зөрчилтэй холбогдуулж ажил олгогч буюу хариуцагч тухайн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хуульд заасан хариуцлага хүлээлгэх ёстой байжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд; Энэхүү акт, албан шаардлагад тусгагдсан нэхэмжлэгч *******ын гаргасан гэх зөрчил тус бүрийг хариуцагч хэзээ мэдсэн талаар тодруулахад, ...уг акт, албан шаардлагыг тухайн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу акт, албан шаардлага үйлдэгдэж, бичгээр гарсан өдөр мэдсэн... гэж тайлбарлав.

Тэрээр, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тогтоосон Төлбөр барагдуулах тухай акт, Зөрчил арилгах тухай албан шаардлагаар ажилтан ямар төрлийн зөрчил гаргасныг, мөн ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасныг ******* тухай бүрт нь буюу зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаанд мэдсэн боловч дээрх зөрчлийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр буюу 4 сар 10 хоног өнгөрсний дараа ажлаас чөлөөлсөн сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, *******д холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч ******* нь байгууллагын нягтлан бодогчийн албан үүрэгт ажлыг гүйцэтгэхдээ албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн гэх тухайд:

Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас 2020 оны 1 дүгээр улиралд тус газрын нягтлан бодогчийн ажил үүргийг дүгнэжээ. Үүнд: Тус үнэлгээний хэсэг а/-д; Ажил үүргээ төлөвлөгөөний дагуу сайн гүйцэтгэсэн, б/-д; Ёс зүйн алдаа гаргаагүй гээд нийт дундаж 100 онооноос 95 оноогоор үнэлсэн нь 1 дүгээр хавтаст хэргийн 181 дүгээр хуудаст авагдсан Албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг дүгнэх хуудасны загвар бүхий баримтаар, мөн Мал эмнэлгийн Ерөнхий газрын харьяа газруудын 2020 оны байгууллагын үйл ажиллагааны тайлангийн үр дүнгийн үнэлгээг хавсралтаар хүргүүлсэн байх ба хавсралтын Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын СХОГ-ын үнэлгээгээр 100 онооноос 90.29 оноогоор үнэлэгдсэн нь 1 дүгээр хавтаст хэргийн 170 дугаар хуудаст авагдсан тус газрын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02/174 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байх тул ******* ажиллах хугацаандаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах талаарх баримтуудаа шүүхэд нотлох баримтаар гаргаж чадаагүйгээс гадна ******* нь албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн гэдэг нь чухам ямар цаг хугацаанд болсон үйл явдал болохыг хариуцагч тодорхойлоогүйг дурдвал зохино.

Нэхэмжлэгч *******ыг ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр өөртөө нэмэгдэл хөлс, урамшуулал авсан гэх тухайд:

Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/17 дугаартай Цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай тушаалын хавсралтын 2 дахь хэсэг, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/24 дугаартай Нэмэгдэл олгох тухай тушаалын хавсралтын 2 дахь хэсэг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаартай Цалингийн сүлжээний шатлал шинэчлэн тогтоох тухай тушаалын 2 дахь заалт, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/60 дугаартай Нэмэгдэл олгох тухай тушаалын хавсралтын 4 дэх хэсэг, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/79 дугаартай Үр дүнгийн нэмэгдэл олгох тухай тушаалын хавсралтын 7 дахь хэсэг, Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/146 дугаартай Урамшуулал олгох тухай тушаалын хавсралтын 17 дахь хэсэгт тус тус тусгагдсанаар *******ын цалингийн сүлжээг тухай бүр нэмж тогтоож, нэмэгдэл хөлс, үр дүнгийн нэмэгдэл, урамшуулал олгогдож ирснээс дүгнэж үзвэл нэхэмжлэгч ******* нь өөртөө ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр нэмэгдэл хөлс, үр дүнгийн нэмэгдэл, урамшууллыг дур мэдэн авч байсан гэх үйлдэл тогтоогдохгүй, мөн тухайн нэмэгдэл олгох тухай шийдвэрт тодорхой хугацаа зааж үйлчлэлийг хязгаарлаагүй бөгөөд уг эрх зүйн акт хүчин төгөлдөр байх хугацаанд хэрэгжиж ирсэн гэж үзэх тул хариуцагчийн уг тайлбар нь үндэслэлгүй юм.

Шилэн дансны тухай хууль зөрчсөн тухайд:

Шилэн дансны цахим мэдээлэлд 2020 онд 150 мэдээлэл оруулахаас 126 мэдээлэл оруулж, 22 мэдээллийг огт оруулаагүй, 2 мэдээллийг дутуу оруулсан ба байгууллагын орлогын мэдээллийг байршуулаагүй гэх боловч уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил биш гэж үзлээ.

 

мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй өөрийн хамаарал бүхий нэгдмэл сонирхол үүссэн гэх тухайд:

Хариуцагч Мал эмнэлгийн газраас мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн 2020 оны Малд тарилга хийсэн акт, Тарилга хийсэн акт, ын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 177 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, мөн тус газрын дарга *******ийн Авлигатай тэмцэх газарт 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн тайлбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гарган өгч, нэхэмжлэгч *******ыг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж өөрийн хамаарал бүхий нэгдмэл сонирхол үүссэн гэж, Тарилгын акт, баримтуудад зурагдсан гарын үсэг, бичвэр нь *******ынх учир Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1, 11.2 дахь заалтуудыг зөрчсөн гэжээ. Гэвч нэхэмжлэгч *******ын дээрх үйлдлүүд нь хөндлөнгийн бусад баримтуудаар тогтоогдохгүй байгаа бөгөөд тухайн тарилга хийсэн акт бүхий баримтад бичигдсэн бичвэр, гарын үсэг *******ынх мөн эсэхийг тогтоосон ямар нэгэн шинжээчийн дүгнэлт гараагүй, хэрэв ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзвэл холбогдох хууль хяналтын байгууллагаас албан ёсоор шалгаж тогтоосон шийдвэр, дүгнэлт байхгүй тул хариуцагч уг үндэслэл, шалтгаанаар нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Нөгөө талаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын мал эмнэлгийн тасагт улсын байцаагч ажилтай, Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт урьд ажиллаж байсан нарыг шүүхээс хууль сануулж, гэрчээр мэдүүлэг авсан байх бөгөөд ******* нь мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааг давхар эрхлэх, Тарилга хийсэн акт-ыг үйлдэх, цахим системээр бичигдсэн гарал үүслийн гэрчилгээг баталгаажуулдаг гэх үйл баримт нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоогүй болно.

Харин дээр дурдсанчлан Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дугаартай тушаалын 3.5 дугаар зүйлийн 3.5.1, 3.5.2 дахь хэсэгт заасныг нэхэмжлэгч ******* зөрчсөн, уг үйлдэл, эс үйлдэхүй нь Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тогтоосон Төлбөр барагдуулах тухай акт, Зөрчил арилгах тухай албан шаардлагаар тус тус тогтоогдсон хэдий ч ажил олгогч буюу хариуцагч ******* хуульд заасан хугацаанд сахилгын шийтгэл ногдуулах, хариуцлага хүлээлгэх эрх, үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж шүүхээс дүгнэн, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хангаж, ын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 дугаартай *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, тус газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэлээ.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалингийн олговроо 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны 8,613,071 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан.

Шүүхээс 2 дугаар хавтаст хэргийн 81 дэх хуудсанд авагдсан Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгчийн 2021 оны 5, 6, 7 сард авсан цалингийн дунджаар тооцсон байх бөгөөд нийгмийн даатгалын лавлагаагаар нэхэмжлэгч *******ыг 7 дугаар сарыг дуустал цалингаа бүтнээр авсан гэж үзэж 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сар хүртэлх цалинг хасаж тооцсон болно.

Ажилтан *******ын нэг сарын дундаж цалинг тооцоход 1,088,244 төгрөг байна. Нэг өдрийн цалинг тооцоход (1,088,244 : 21,5)=50,616 төгрөг байх бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг дуусталх хугацааг тооцоход нийт 7 сар 12 өдөр байх ба энэ хугацаа дахь олговрыг тооцвол; (1,088,244 *7 сар)+(50,616 *12 хоног)=8,225,100 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, илүү нэхэмжилсэн 387,971 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,929 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 146,551 төгрөг гаргуулан гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны 05 дугаар сарын 14-ний/ 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан ын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 дугаартай *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, тус газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 8,225,100 /найман сая хоёр зуун хорин таван мянга нэг зуу/ төгрөгийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 387,971 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,929 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 146,551 төгрөг гаргуулан гаргуулан улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН