Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 200

 

 

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч С.Батгэрэл

шүүгдэгч Т.Сүх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан

хохирогч С.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 17-нд Ховд аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дурсахуй бааранд хамгаалагчаар ажилладаг, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 14 дүгээр гудамжны 520 тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй,

2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн /РД:ПО93051712/  Хар бургууд овогт Түмэн-Өлзийгийн Сүх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201726020405 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Т.Сүх-Эрдэнэ нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дурсахуй” бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа уг баараар үйлчлүүлж байсан иргэн С.Гантулгыг ялимгүй зүйлээр шалтаглаж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, ниймгийн хэв журмыг ноцтой зөрчин нүүрэн тус газар нь мөргөж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Т.Сүх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт: Би Дурсахуй бааранд 2017 оны 1 дүгээр сарын 21-ний орой хамгаалагчаар ажиллаж байсан юм. Тухайн үед баарны арын өрөөнд байж байтал над дээр зөөгч орж  ирээд “тооцоогоо хийхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод хохирогч залууг унтаж байхаар нь сэрээгээд тооцоогоо хийчих гэж хэлтэл эхнэр одоо ирж байгаа гэж хэлсэн. Тэгтэл Батмөнх нь урдаас дайраад байхаар нь би түүнийг татаад гаргах гэтэл хохирогч Гантулга ирээд миний шанаа хэсэг рүү хэтэвчээрээ саваад гуйлгачин минь төлчихнө ш дээ гэж хэлээд цохиод байсан. Би тэгэхээр нь Гантулгатай заамдалцаад санамсаргүй татаад унагасан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

    Хохирогч С.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр би гэртээ найз Батмөнхтэй нэг шил архи хувааж уучихаад манайхаас гараад хоёулаа Дурсахуй бааранд орж нэг шил архи авч хувааж уугаад би тасраад унтчихсан байсан. Нэг мэдэхэд Батмөнх тооцооноос болоод хамгаалагчтай муудалцаад баарнаас хамт гарч байсан.  Би нилээн согтуу байсан болохоор Батмөнх, хамгаалагч нарыг салгах гэж араас нь гарахдаа хамгаалагч буюу Сүх-Эрдэнийг хэл амаар доромжилж түрийвчээр шанаа руу нь савсан.  Миний эмчилгээний зардалд Сүх-Эрдэнэ 270.000 төгрөг төлсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

          Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56/, ял шалгах хуудас /хх-ийн 59/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 61/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 62/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 64/, суурь боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 65/, цэргийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 66-68/, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 84-85/ зэргийг шинжлэн судлав.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Сүх-Эрдэнийг 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дурсахуй” бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа уг баараар үйлчлүүлж байсан иргэн С.Гантулгыг ялимгүй зүйлээр шалтаглаж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин нүүрэн тус газар нь мөргөж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж  танхайрсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар Т.Сүх-Эрдэнэ “Дурсахуй” бааранд хамгаалагчаар ажиллаж байсан тухайн өдөр тус баараар үйлчлүүлж байсан С.Гантулга болон түүний найз гэх Г.Батмөнх нар баарны төлбөр тооцоо хийхгүй байснаас Г.Батмөнх, Т.Сүх-Эрдэнэ нар хоорондоо маргалдах явцад  С.Гантулга маргаанд оролцож Т.Сүх-Эрдэнийн шанаа орчим нь түрийвчээр савж “гуйлгачин минь тооцоогоо төлчихнө” гэх мэтээр зохисгүй үг хэллэг хэрэглэж зүй бус үйлдэл гаргасны улмаас  шүүгдэгч Т.Сүх-Эрдэнэ хохирогч С.Гантулгын нүүр хэсэгт мөргөж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ байдал нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдэж, шүүх шинжлэн судалсан

хохирогч С.Гантулгын ”2017 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 21 цагийн орчим би багын найз Батмөнхтөй манай гэрт уулзаад хоёулаа манай гэрт нэг шил 0.75 хэмжээтэй Чингис нэртэй архи хувааж уучихаад 25 дугаар эмийн сангийн орчим хүнтэй уулзаад салаад явах гэж байхдаа онгорхой газар байвал жаахан сууя гээд такси бариад 22 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Дурсахуй нэртэй бааранд орсон. Бааранд ороод бид хоёр нэг шил архи 2-3 ундаа аваад сууж байгаад би хэсэг унтчихсан. Тэгээд тэр үед миний гар утас дуугараад би сэрээд эхнэр Амарзаяатай утсаар ярьсан чинь баарны гадаа ирчихсэн байна гээд манай эхнэр орж ирээд бөөнөөрөө гарахаар болоод байж байсан чинь зөөгч нь ирээд тооцоогоо хий гэсэн чинь Батмөнх жаахан байж бай гэсэн чинь зөөгч нь цаашаагаа яваад хамгаалагчийг дуудаж ирүүлсэн ба хамгаалагч ирээд манай найз Батмөнхийн хувцаснаас нь чирээд үүд рүү гаргасан. Тэгэхлээр нь би дундуур нь салгах гээд орсон чинь нөгөө баарны хамгаалагч нь миний нүүр лүү нэг удаа мөргөсөн. Тэгээд мөргүүлээд миний зүүн хөмсөг орчимоос цус гараад хөмсөг язарсан байсан. Тэгээд би зодуулсан талаараа цагдаагийн байгуулагад хандсан /хх-ийн 8/

гэрч Г.Батмөнх ”2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ажлаа тараад найз Гантулгын гэрт нь очоод Гантулга бид хоёр нэг шил архи уучихаад гэрээс нь оройхон гараад Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах Дурсахуй бааранд ороод Гантулга бид хоёр нэг шил архи авч уугаад сууцгаасан тэгээд гарах дөхөөд тооцоогоо хийх гээд Мобайл банкаар тооцоогоо хийх гэтэл Мобайл банк гацаад болохгүй байсан баарны хүмүүс нь тооцоогоо хийж чадахгүй байж яах гэж архи авдаг юм гээд байсан тэгэхээр нь тооцоогоо хийх гээд Гантулгын эхнэр Амарзаяаг дуудсан Амарзаяа ирэх гэж нилээн удсан.Амарзаяа ирээд тооцоогоо  хийгээд гадаа гартал Гантулгын хөмсөгнөөс нь цус гарсан байсан би яг цохиулахыг нь хараагүй. /хх-ийн 32/

  

гэрч Б.Амарзаяа ”2017 оны 01 дүгээр сарын 21-ний орой...Дурсахуй бааранд очиход Гантулга, Батмөнх нар сууж байсан миний нөхөр Гантулга ширээгээ дэрлээд унтаж байсан харин Батмөнх нилээн согтсон байдалтай байсан. Гантулга Батмөнх нар тооцооноос л болоод баарны хүмүүстэй маргалдсан байсан би очоод тооцоог нь хийх хооронд хамгаалагч залуу нь Батмөнхтэй маргалдаад түүнийг заамдаад аваад гарсан тэр хооронд манай нөхөр Гантулга найзыгаа өмөөрөх санаатай араас нь гарсан. Би тэр үед Батмөнхийг татаад үлдээгээд нөхрийнхөө араас нь гартал хөмсөгнөөс нь цус урссан байсан. Нөхрөөсөө асуухад энэ муу намайг мөргөсөн гэж хэлсэн /хх-ийн 35/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүдээр,

 

яллагдагчаар Т.Сүх-Эрдэнийн ”2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би өөрийн ажил болох "Дурсахуй" бааранд хамгаалагчийн ажлаа хийж байхад 2 үйлчлүүлэгч ах гаднаас согтуу орж ирээд архи захиалаад уугаад сууцгаасан тэгээд би хойд талын өрөөнөөс гараад баарныхаа үүд орчмыг ажиглах гээд гадагшаа гарах гэтэл Батмөнх нь над дээр ирээд намайг шууд заамдаад татаад байхаар нь би тэр Батмөнх гэх залууг нь өө ах та одоо боль уусан согтсон байна гэж хэлчихээд гадагшаа гарсан тэгээд гадаа байж байгаад удаагүй буцаад орж ирэхэд надруу дайраад байсан Батмөнх гэх залуу нь манай зөөгч рүү дайраад байсан юм би хэсэг харж зогсож байгаад буцаад хойд талын өрөөндөө орсон тэгээд байж байтал зөөгч намайг дуудаад хамгаалагчаа тооцоог нь аваад өг нөгөө залуу буюу Батмөнх гэх залууг тооцоогоо өгөхгүй байна гэж хэлсэн тэр үед Гантулга нь тасраад сандал дээрээ унтаад байсан тэгээл би өрөөнөөсөө гарч очоод Батмөнх гэх залуу дээр нь очоод ахаа тооцоогоо хийчихээч гэж хэлсэн тэр ахаас 4.500 төгрөг гарч ирсэн тэр ах өөрөө хэлэхдээ мөнгө алга гээд намайг дахиад заамдаад дараад байсан би тэр ахыг болилдоо гэж хэлээд салгачихаад хамт явсан Гантулга гэх залууг нь сэрээгээд тооцоогоо хий гэж хэлсэн гэтэл Гантулга нь одоо эхнэр ирээд тооцоо хийнэ гэж хэлсэн тэгэхээр нь би буцаад текний ойролцоо очоод хараад зогсож байсан тэр үед Батмөнх гэх залуу нь 4.500 төгрөгөө гартаа бариад надруу дайраад байсан тэр ах өөрийгөө их том газарт ажилладаг та нар амжихгүй шүү гээд агсараад байсан яг тэр үед Гантулга нь босож ирээд хэтэвчээрээ миний шанааруу цохиод хэл амаар дорожлоод байсан тэр үед нэг эмэгтэй гаднаас орж ирээд тэр 2 залуугийн гарсан тооцоог хийсэн тэр хооронд Гантулга нь намайг баарны үүдэн дээр шанаадаад байхаар нь би чирээд үүд рүү явсан Гантулга үүдрүү яваагүй чангаагаад байхаар нь би Гантулгыг үүдний хаалгаруу гаргах гээд хүчтэй түлхтэл Гантулга огцом эргээд бид 2 хоорондоо духаараа мөргөлдсөн тэгээд л эхнэр нь гэх эмэгтэй гарч ирээд цагдаад дуудлага өгнө гээд байсан тэр үед Гантулгын хөмсөгнөөс нь жаахан цус гарсан байсан тэгээд цагдаа нар ирээд Гантулга бид хоёрыг хэлтэс дээр авчирсан /хх-ийн 54/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2183 дугаартай: С.Гантулгын биед зүүн хөмсөгт эдгэрч буй шарх, зүүн нүдний зовхинд шимэгдэж буй цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 11/ гэсэн дүгнэлт зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Танхайн сэдэлт нь нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдаж ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүргүй догшин зан авир бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэж, үл ялих зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдэхийг ойлгох бөгөөд шүүгдэгч Т.Сүх-Эрдэнийн үйлдсэн энэ гэмт хэрэг нь сэдэлтийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй, харин хохирогчийн буруутай үйлдлээс хувийн таарамжгүй харьцаа үүсч тодорхой сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Сүх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж,  шүүгдэгч Т.Сүх-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Гантулга...”шүүгдэгч Т.Сүх-Эрдэнэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид эвлэрсэн” гэж мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас түүнд учирсан гэм хор арилсан гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Т.Сүх-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.