Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 383

 

Д.Амраад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

хохирогч Д.Өлзийжаргал,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Өлзийжаргалын гаргасан давж заалдах гомдлоор, Д.Амраад холбогдох эрүүгийн 201726020113 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв. 

Хар дархад овогт Даваажийгийн Амраа, 1976 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эс Эл Эс Беарингс Монголиа” ХХК-ийн Дархан уул аймаг дахь салбар хариуцсан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 65-23 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: РП 76022411/,

Д.Амраа нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 65 дугаар байрны 23 тоот гэртээ эхнэр Д.Өлзийжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газар: Д.Амраагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Амрааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Амраад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, Д.Амраад оногдуулсан баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх, Хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Амраа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, Хохирогч Д.Өлзийжаргал цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, Д.Амраад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.        

Хохирогч Д.Өлзийжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нөхөр Д.Амраад зодуулснаар хамар, нүүрэнд бэртэл авч улмаар Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан. Уг гомдлыг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүхээр хэлэлцэж, миний нөхрийг 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсэн. Д.Амраа нь хийсэн хэрэгтээ огт гэмшээгүй, надаас уучлалт гуйгаагүй учир би гомдолтой байсан. Гэвч 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Д.Амрааг очиж эргэхэд тэрээр уучлалт гуйж, дахин ийм явдал гарахгүй гэж амлалт өгсөн тул одоо гомдол саналгүй болсон. Иймд Д.Амрааг суллаж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Д.Амраа нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 65 дугаар байрны 23 тоот өөрийн гэртээ эхнэр Д.Өлзийжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Өлзийжаргалын “... 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс миний нөхөр Д.Амраа нь Дархан-Уул аймагт ажлаар томилогдож явснаасаа хойш хааяа л ирэх болсон. 2015 оны 4 дүгээр сард Д.Амраа “надаас салъя, би сар бүр хүүхдүүддээ 500.000 төгрөг явуулж байя” гэж хэлээд явсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын сүүлээр буцаж нийлье гэж ирээд уучлалт гуйхаар нь өмнөх шигээ байж чадвал нийлье гээд нийлсэн. Д.Амраа нь 2012 оноос хойш удаа дараа намайг зодож, дарамталж байгаа. Надад байнга гэмтэл учруулж байсан. Үүнээс болж Д.Амраад эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан. 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хоёр хүүхдээ дагуулаад Өргөө кино театрт кино үзчихээд гэртээ очиход Д.Амраа Дүгэрээтэй хамт архи уугаад сууж байсан. Дүгэрээ нь манай нөхрийн сайн найз бөгөөд 2014 оноос манайхаар орж гарахаа больсон юм. Тэгээд би Дүгэрээг хараад “ямар сонин хүн бэ, яагаад 2014 оноос хойш таг чимээгүй болчихвоо, ажил ихтэй ч гэсэн манайхаар орж гарч байна биз дээ, ядаж утсаар ярина биз дээ” гэхэд Дүгэрээ над руу “амьдралын төлөө явж байна” гэх зэргээр уурлахад миний нөхөр Д.Амраа архины шил барьж босч ирээд далайснаа, буцааж архины шилээ тавиад гараараа үсдээд, савж унагаагаад, зодож эхэлсэн. Дүгэрээ дундуур орж 2 удаа хориглож байснаа “та хоёрын амьдрал надад ямар хамаа байх вэ” гээд гараад явсан. Д.Амраа үргэлжлүүлээд зодож, чирч гаргаж хаях гээд, манай 2 хүүхэд намайг тэврээд уйлаад байхад хүртэл тоохгүй байсан. Тэгээд миний хамар луу маш хүчтэй цохиод цус садраад гоожиж байхад тоохгүй кордиорт гаргаад шидсэн. Би орцонд босч чадахгүй байж байхад манай хөршүүд цагдаа, эмнэлэг дуудсан. Цагдаа ирээд манай гэр лүү орох гэхэд цагдаагийн урдаас хэл амаар доромжлоод, зайл та нар, миний амьдрал та нарт хамаагүй, та нар амьдрал авч явж чадах юм уу гэх мэтээр хашгирч байсан. Тэр хооронд намайг түргэний эмч нар аваад шууд Гэмтлийн эмнэлэг явсан. Миний хамрын цус тогтохгүй, маш их цус алдсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хамрын яс хугарсан байна гэж хэлсэн...” /хх-13/,

Гэрч Д.Өлзийбаярын “... 2012, 2013 оноос манай хүргэн Д.Амраа нь ажлынхаа газрын эмэгтэйтэй дотно харилцаатай болсон гэдэг шалтгаанаар Д.Амраа, Д.Өлзийжаргал нар нь байнга маргалдах болсон. Би эхэндээ хүргэнээ өмөөрч, айл гэрийг авч явах хүн алдсан байж болно, алдаагаа засаад ар гэрээ эвтэйхэн авч яв гэж байсан. Дүүгээ л буруутгаж байсан. 2014 оны сүүл үеэс эхлэн манай дүүд гар хүрч гэмтэл учруулан цагдаа дээр шалгагдсан. Түүнээс хойш үе үе гар хүрдэг болсон. Манай дүү хэзээ зодоон хийнэ, тэр үедээ ирж толгойгоо бариулдаг болсон. Д.Өлзийжаргал 2016 оноос эхлээд сардаа 1-2 удаа ирж толгойгоо бариулдаг байснаа сүүлийн 12 сард бараг 7 хоногт 1 удаа ирж бариулдаг болсон. 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хамгийн сүүлд зодоход нь 2 цагдаатай гэр лүү нь орж дүүгийнхээ хувцсыг авахдаа “чи арай ч дээ” гэж Д.Амраад хэлэхэд манай дүүг зодож, цус нөжтэй нь хольсондоо ямар нэгэн гэмшсэн шинж байхгүй, зүгээр л бардам “би энэ гэрийг чинь тэжээдэг юм. Тэгээд яах юм та нар” гэсэн. Энэ асуудлыг нэг талд нь шийдэхгүй бол улам ноцтой байдал үүсч магадгүй гэж бодож байна...” /хх-14/,

Гэрч Х.Цэнджавын “... Д.Өлзийжаргалын нөхрийг нэг удаа харж байсан. Д.Өлзийжаргал бид нартай уулзахаараа амьдралынхаа талаар ярьдаг байсан. Бид нарт тэр ярианаас нь Д.Өлзийжаргалын нөхөр их дээрэнгүй юм шиг санагдсан. Тухайн үед нь сал гэж хэлдэггүй, аль болох ойлгуулаад ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй гэж зөвлөдөг байсан. Д.Өлзийжаргал нь манай нөхөр Д.Амраа нь уурлахаараа намайг гаргаад шидчихдэг гэж ярьж байсан. 2016 оны 12 сард хамрыг нь хуга цохичихсон байсан. Цохиулсных нь маргааш уулзахад хамар нь хугарчихсан, битүү хөх алаг болчихсон байсан. Тэгээд хамт явж эмчилгээ хийлгэсэн...” /хх-17-18/,

Гэрч Э.Дүгэрсүрэнгийн “...2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүрэгт найз Д.Амраагийн гэрт очсон. Гэрт нь ороод нэг шил 0.5 литрийн архи уучихаад, дахиж нэг шил архи уугаад сууж байтал эхнэр хүүхдүүд нь 19 цагийн үед ирэхээр нь би зөрөөд гарсан. Д.Амраа, Д.Өлзийжаргал нар намайг байхад муудалцаагүй. Тухайн өдрийн шөнийн 00 цаг өнгөрч байхад Д.Өлзийжаргал над руу залгаад Д.Амраа намайг зодчихлоо гэхээр нь би юу ч хэлээгүй утсаа салгаад унтсан...” /хх-19/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Д.Өлзийжаргалын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, сүүжний урд дээд сэртэнгийн ар хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 831 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-21/, Асап сангийн лавлагаа /хх-9-11/, 2016 онд бүртгэгдсэн гомдол мэдээлэл /хх-34-41/, Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-42-45/, Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн шийдвэрлэлт /хх-73-79/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Д.Амраад холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, түүнд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний гэм бурууд тохирсон байх ба мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хохирогч Д.Өлзийжаргалаас “... Би гомдол саналгүй болсон. Бид эвлэрсэн тул миний нөхөр Д.Амрааг суллаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд ялтан Д.Амраа нь хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба удаа дараа хохирогчийг зоддог байсан зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзээд хохирогч Д.Өлзийжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Өлзийжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

             ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                                     Д.ОЮУНЧУЛУУН