Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2022/00148

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2022/00148

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 4 дүгээр байрны 41 тоотод оршин суух, ЖБ59121566 регистрийн дугаартай, Зээрднүүд овогт Шинуугийн Нарантуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар багт байрлах, тус сумын Ерөнхий боловсролын сургууль/РД:9029532/-д холбогдох

     Ажлаас үндэсэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны олговорт 2 801 251 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.Нарантуяа, түүний өмгөөлөгч М.Энхтуяа /цахимаар/,

Хариуцагчийн төлөөлөгч О.Бодьцэцэг /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Нарантуяа нь Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлний багшаар 2019 оноос эхлэн ажилласан. 2021 оны 08 сарын 16-ны өдөр багш нарын 48 хоногийн амралтын хугацаа дуусаж ажилдаа орсон. Үүрэг гүйцэтгэгч Бодьцэцэгтэй онлайнаар хичээлээ орж байхаар тохиролцоод, хэрэг гарсан үед сургуульд дээр очихоор болсон. 2021 оны 08 сарын 20-ны өдөр над руу “Манай сургууль залуу багш ажиллуулах сонирхол байна. Таны саналыг сонсъё” гэж утсаар ярьсан. Тухайн үед би “ Би хүний оронд ажиллаж байгаа, тэр хүн маань ажилдаа буцаж орвол би ажлаасаа чөлөөлөгдөнө. Гэрээний дагуу ажиллана” гэж хэлсэн. Гэтэл миний саналыг сонсолгүй 2021 оны 08 сарын 20-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн. Тухайн үед би “Ажиллана” гэж хэлсээр байхад намайг ажлаас халсан нь үндэслэлгүй байна” гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч Бодьцэцэг намайг ажлаас минь үндэслэлгүй халсан болохоо зөвшөөрч намайг ажилд маань буцаагаад авах болсон. О.Бодьцэцэг тушаалаа 10 сарын 28-ны өдөр гаргасан байсан. Тэгээд 10 сарын 28-ны өдөр ажилдаа ор гэсэн бол би тэр өдөр нь ажилдаа орж болох байсан. Гэвч намайг та 11 сарын 01-ний өдрөөс ажилдаа ороорой гэхэд би орсон. Ингээд ажилгүй байсан хугацааны цалингаа нөхөн авах талаар ажилдаа ороод тохиролцох гэсэн боловч тохиролцож чадалгүй шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Би 8 сарын 12 хоног, 9 сарын  23 хоног, 10 сарын 21 хоног, нийт 56 хоногийн цалин нэхэмжилсэн байгаа. Тухайн цалинг цалингийн дунджаар бодоогүй, үндсэн цалингаасаа бодсон. Үндсэн цалин 808 442 төгрөг, удаан жилийн 10 хувь, орон нутгийн 10 хувь бодогддог. Хэрвээ ажиллаж байсан тохиолдолд 8,9 сарын урамшуулал 20 хувь орох ёстой байсан. Урамшууллаа 11 сард авдаг байсан. Нэмэгдэл болон урамшууллаа нэхэмжлээгүй байгаа. Ингээд нийт 2 397 868 төгрөгийг нэхэмжилсэн. Цалингийн 3 сарын дунджаар бодсон тохиолдолд үүнээс илүү мөнгөн дүн гарах ёстой юм байна лээ. Анх мэдэхгүй байсан учраас үндсэн цалингаараа бодож нэхэмжлэл гаргасан байгаа. Дундаж цалингаар бодохыг 2 аргаар гаргасан. Нэгдүгээрт: 5,6,7 сарын дунджаар бодвол 2 811 766 төгрөг, Хоёрдугаарт: 3,4,5 сарын дунджаар бодвол 2 801 251 төгрөг гэж гаргасан. Маргаангүй тооцогдох, үндэслэлтэй, тооцооны алдаагүй гарах сарууд нь 3, 4, 5 сарын цалингаар тооцогдоно гэж бодож байна. Нэгэнт ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох ёстой учир нэхэмжлэлийн шаардлагаа маргаангүй гэдэг үүднээс 2 801 251 төгрөг нэхэмжлэх нь үндэслэлтэй байна үзэж байгаа тул 2 801 251.53 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь 56 хоногийн цалингийн дундаж юм гэв.

Хариуцагч Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийг төлөөлж тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч ажилтай О.Бодьцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны сайдын 2021 оны 05 сарын 01-ний өдрийн А/63 дугаар тушаал гарсан. Энэхүү тушаалын 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын амралтыг 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлүүлнэ” гэж заасан байгаа. Үүний дагуу миний бие 2021 оны 05 сарын 28-ны өдрийн Б/26 тоот тушаалаар багш, ажилчдын ээлжийн амралтыг тогтоож өгсөн. Уг тушаалаар Ш.Нарантуяа багшийн ээлжийн амралт 2021 оны 06 сарын 01-ний өдөр эхэлж 2021 оны 08 сарын 16-ны өдрөөс дуусгавар болж, ажилдаа орохоор байсан. Амралтын нийт хоног нь 48 хоногоор бодогдсон. Ингээд 2021 оны 08 сарын 16-ны өдөр Ш.Нарантуяа багш ажилдаа орох байсан ч надад утсаар “...ач зээгээ хүргээд замд явж байна, зайнаас ажиллах гэсэн юм....” гэж хэлсэн. Тухайн үед би ямар нэгэн хариу өгөөгүй. Ингээд манай ажилчид 2021 оны 08 сарын 16-ны өдөр ажилдаа орсон. Ажилчдын цагийн бүртгэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Харин Ш.Нарантуяа багш ажилдаа ирээгүй. Манай байгууллагын 2018 онд батлагдсан хөдөлмөрийн дотоод журмаар чөлөө авахдаа бичгээр хүсэлтээ гаргана, холбогдох ажилтан баталгаажуулж тамга дарна гэсэн байдаг. Үүний дагуу Ш.Нарантуяа багшийн зүгээс ямар нэгэн бичгээр хүсэлт гаргаагүй. Тухайн үед онлайнаар ажиллахаар хүсэлт гаргасан хоёр, гурван багшийн бичгээр гаргасан хүсэлт надад байна. Яг эдгээр хүмүүс шиг хүсэлтээ Ш.Нарантуяа багш гаргах байсан. Тиймээс Нарантуяа багшийн зүгээс 2021 оны 08 сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл албан ёсоор чөлөө авч, түүнийг нь байгууллагын захирал, нягтлан бодогч нар баталгаажуулсан баримт байхгүй учир Ш.Нарантуяа багшийг 2021 оны 08 сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл ажлаа тасалсан гэж үзэж байгаа. Мөн Ш.Нарантуяа багшийн хувьд 63 настай, хуучин мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн хуулийн дагуу төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн байсан хэдий ч өмнөх захирал уг хүнийг ажиллуулж байсан. Тухайн үед манай сум орон нутагт шинэ боловсон хүчин, мэргэжлийн багш ирж, манай сургуульд орох хүсэлтээ өгсөн учир дээрх заалтыг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар би Ш.Нарантуяа багшийг буцааж ажилд нь томилсон. Ажилгүй байсан хугацааны цалинг нь олгож болох байсан боловч бид хоёр тохиролцож чадаагүй учир шүүхээр шийдүүлж, албан ёсны шийдвэр гарсны эцэст олгохоор шийдсэн.

Ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/192 дугаар тушаалаар дундаж цалин хөлс бодох аргачлалыг тодорхой зааж өгсөн байдаг учир уг журмын дагуу бодож, энэ журмын 2 дугаар зүйлийн 2.1.2-д заасан аргачлалаар Ш.Нарантуяа багшийн цалин хөлсийг тооцож үзсэн. Ш.Нарантуяа багшийн дундаж цалинг 2021 оны 3, 4, 5 сараас нь  бодсон. Учир нь 6, 7 сард ээлжийн амралтаа авсан байсан учир гарт олгох цалин аваагүй. Хэрэгт авагдсан цалингийн карт дээр тодорхой байгаа.  Тиймээс уг журмын 2.1.2-д зааснаар 2021 оны 3 сарын ажлын өдрийг 22 хоног, 4 сарын ажлын өдрийг 22 хоног, 5 сарын ажлын өдрийг 21 хоногоор бодсон. Нарантуяа багшийн дээрх саруудад гарт олгогдсон цалин нь 3 сард 793 102 төгрөг, 4 сард 1 026 057 төгрөг, 5 сард 793 102 төгрөг нийт  2 612 261 төгрөг байна. Үүнийгээ ажлын өдөртөө хуваахад нэг өдрийн цалин нь 40 189 төгрөг гэж гарч байна. Ингээд нэг өдрийн цалинг нь 8, 9, 10 сарын ажилгүй байсан хугацааны ажлын хоногоор үржүүлсэн. 8 сарын ажлын хоног нь 7 хоног, 9 сарын ажлын хоног нь 22 хоног, 10 сарын ажлын хоногийг 19 хоногоор бодсон. Учир нь энэ хүнийг би 2021 оны 10 сарын 28-ны өдрийн  Б/58 тоот тушаалаар ажилд нь томилсон хэдий ч 11 сарын 1-ний өдөр ажилдаа ирсэн учир 2 хоногийг нь хассан, Ингээд нийт 48 хоногийг нэг өдрийн дундаж цалин болох 40 189 төгрөгөөр үржүүлбэл ажилгүй байсан хугацааны цалинд 1 929 072 төгрөгийг Ш.Нарантуяад олгож болно гэж үзсэн. Энэ дундажийг би гарт олгосон цалингаар тооцсон. Харин нийт олговол зохих цалин болох 3 201 431 төгрөгийн дундажаас тооцвол 2 364 144 төгрөг гарч байгаа тул энэ цалинг олгоход татгалзах зүйлгүй гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 29-ний өдрийн 138/ШШ2021/00716 дугаартай  “Хариуцагчийн  зөвшөөрлийг  баталж,  хэргийг  хэрэгсэгүй  болгох  тухай”

шийдвэр, Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргаж өгсөн Ш.Нарантуяагийн 2021 оны 01 сараас 12 саруудад авсан цалингийн дэлгэрэнгүй тодорхойлолт зэрэг баримтуудыг,

Хариуцагч талаас шүүхэд Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын 2020 оны 9 сарын 30-ны өдрийн “О.Бодьцэцэгийг ажилд түр томилох тухай” №Б/17 тоот захирамж, тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 5 сарын 28-ны өдрийн “Багш ажилчдад ээлжийн амралт олгох тухай” №Б/26 тоот тушаал түүний хавсралт, Тус сургуулийн захирлын “Ш.Нарантуяаг ажлаас чөлөөлөх тухай” 2021 оны 8 сарын 20-ны өдрийн №Б/34, “Ш.Нарантуяаг ажилд түр томилох тухай” 2021 оны 10 сарын 28-ны өдрийн №Б/58 тоот тушаалууд, тус сургуулийн дотоод журам, тус сургуулийн багш ажилчдын цагийн бүртгэлийн хуудас, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны 5 сарын 06-ны өдрийн “Хичээл сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” №А/165 тоот тушаал гэсэн баримтуудыг тус тус гаргаж өгсөн болно. 

 

Шүүх зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

     Нэхэмжлэгч Ш.Нарантуяа нь хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 397 868 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн тухай нөхөн бичилт хийхийг даалгах тухай гомдлыг тус шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны явцад ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагаа 2 801 251 төгрөг болгож нэмэгдүүлсэн тул нэхэмжлэгчийн уг шаардлагыг 2 801 251 төгрөг гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх гомдол нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үүссэн хөдөлмөрийн маргаан байх тул шүүх дээрх хуулийг баримталж хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар дээрх гомдол нь шүүхийн харьяалан шийдвэрлэх  маргаанд хамаарагдахаас гадна мөн хуулийн 129 дүгээр зүйлд заасан маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарагдахгүй.

Иймд шүүх нэхэмжлэгчийн дээрх гомдлыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно. 

            Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...Хариуцагч Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч О.Бодьцэцэг 2021 оны 8 сарын 20-ны өдрийн Б/34 тоот тушаалаар намайг ажлаас үндэслэлгүй халсан бөгөөд тэрээр ажлаас үндэслэлгүй халсан болохоо хүлээн зөвшөөрч намайг 2021 оны 10 сарын 28-ны өдрийн тушаалаар ажилд минь эгүүлэн томилсон.  Энэ хугацаанд буюу ажилгүй байсан хугацааны цалинг олгох талаар бид ярилцсан боловч тохиролцоонд хүрээгүй. Иймд ажилгүй байсан хугацааны 2021 оны 8,9,10 сарын цалинд 2 397 868 төгрөгийг нэхэмжилсэн боловч дундаж цалингаас тооцолгүйгээр дутуу нэхэмжилсэн байна. 2021 оны 3,4,5 саруудад үндсэн цалин болон нэмэгдэл урамшууллаа бүтнээр нь авч ажлын нийт 64 хоног ажилласан учраас энэ хугацааны цалингаас нэг өдрийн дундажийг гаргах нь үндэслэл бүхий болж байна.  Иймд 3,4,5 саруудад авсан нийт цалингаас нэг өдрийн дундажийг тодорхойлж, ажилгүй байсан хугацааг 56 хоногоор тооцон 2 801 251 төгрөгийг нэхэмжилж байна” гэж  тайлбарладаг.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 2 364 144 төгрөгийг олгохыг зөвшөөрч байх боловч “..ажилгүй байсан хугацааг 48 хоногоор тооцох нь зүйтэй, харин 56 хоногоор тооцохгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргадаг.

Ажил олгогч Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэг   гүйцэтгэгч   О.Бодьцэцэг   нь   2021  оны  8  сарын  20-ны  өдрийн  Б/34  тоот

тушаалаар ажилтан буюу тус сургуулийн гадаад хэлний багшаар ажиллаж байсан Ш.Нарантуяаг “62 насанд хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон” гэх үндэслэлээр 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг баримтлан 2021 оны 8 сарын 20-ны өдрөөс эхлэн үүрэг ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Ш.Нарантуяа ажил олгогчийн дээрх тушаалыг эс зөвшөөрч үндсэн ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг шүүхэд гаргасан байх ба хариуцагч нь Ш.Нарантуяаг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлснөө хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргаснаар тус шүүхээс 2021 оны 10 сарын 29-ний өдрийн 138/ШШ2021/00716 дугаартай шийдвэрээр Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу Ш.Нарантуяаг 2021 оны 10 сарын 28-ны өдрийн Б/58 тоот тушаалаар тус сургуулийн гадаад хэлний багшийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосноор нэхэмжлэгч Ш.Нарантуяа нь 2021 оны 11 сарын 01-ний өдөр ажилдаа орсон тухай үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

Ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтан ажилгүй байсан бүх хугацааны олговрыг ажил олгогчоос нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан “...хөдөлмөрийн хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж, талуудын харилцан эрх тэгш байдлыг хангах” зарчимтай нийцнэ.

1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т

зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй.

Гэвч ажил олгогч Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч нь ажилтан Ш.Нарантуяаг тус сургуулийн Гадаад хэлний багшийн үүрэгт ажилд нь эгүүлэн томилсон боловч түүнд ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 8 сарын 20-ны өдрөөс мөн оны 11 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоогүй нь  Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйлд нийцээгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилтныг ажлаас үндэслэлгүй халсны үр дагавар болох ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож нэхэмжлэгч Ш.Нарантуяад олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь өөрийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тодорхойлохдоо үндсэн цалин болон бусад нэмэгдэл цалинг бүтэн авч байсан 2021 оны 3,4,5 саруудад авсан цалингаас нэг өдрийн дундаж цалингаа тооцон, ажилгүй байсан хугацааг нийт 56 хоногоор бодож 2 801 251 төгрөгийг ажилгүй байсан хугацааны олговорт нэхэмжилжээ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид олгох дээрх олговрыг тодорхойлохдоо 2021 оны 3,5,6 саруудад авсан нийт цалингаас түүний нэг өдрийн дундаж цалинг  тооцон, ажилгүй байсан хугацааг 48 хоногоор бодож 2 364 144 төгрөгийг олгоно гэжээ.

Нэхэмжлэгч нь 2021 оны 8 сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн оны 6 сараас 8 сарын 16-ны өдрийг хүртэл ээлжийн амралт эдэлж, ээлжийн амралтын олговрыг үндсэн цалингаас тооцуулан авснаас үзвэл дээрх хугацааны ээлжийн амралтын олговроос ажилтны дундаж цалинг тодорхойлох боломжгүй байх бөгөөд шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын тодорхойлсноор буюу нэхэмжлэгчийн үндсэн цалин, нэмэгдлээ бүтэн авсан сарууд болох 2021 оны 3,4,5 саруудад авсан нийт цалингаас түүний эдгээр саруудад ажилласан нийт хоногт харьцуулан нэг өдрийн дундаж цалинг тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримт болох нэхэмжлэгч Ш.Нарантуяагийн тус сумын Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байхдаа буюу 2021 онд авч байсан цалингийн дэлгэрэнгүй тодорхойлолтоос үзвэл нэхэмжлэгч нь 2021 оны 3 сард ажлын 22 хоног ажиллаж 970 130.40 төгрөг, 4 сард ажлын 22 хоног ажиллаж 1 261 169.21 /үр дүнгийн урамшуулал нэмэгдсэн/ төгрөг, 5 сард ажлын 20 хоног ажиллаж 970 130.40 төгрөг буюу нийт 64 хоног ажиллаж, 3 201 430.32 төгрөгийн цалин авсан байх тул нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг 50 022.35 /3 201 430.32:64/ төгрөгөөр тодорхойлох нь зүйтэй байна.

 

 

 

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан нийт хугацааг 56 хоногоор, хариуцагч нь 48 хоногоор тус тус тооцсон бөгөөд хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ..тушаал 10 сарын 28-ны өдөр гарсан бөгөөд Ш.Нарантуяа нь энэ өдөр ажилдаа орох байсан боловч ороогүй бөгөөд 11 сарын 01-ний өдөр ажилдаа орсон тул энэ хугацааны 2 хоногийг хассан” гэж тайлбарладаг.

Гэвч ажил олгогчийн нэхэмжлэгч Ш.Нарантуяаг ажилд нь эгүүлэн томилсон тухай 2021 оны 10 сарын 28-ны өдрийн Б/58 тоот тушаалаас үзвэл Ш.Нарантуяаг 2021 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар заасан байх тул шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааг 2021 оны 8 сарын 20-ны өдрөөс эхлэн түүнийг ажилдаа орсон өдөр болох 2021 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар тоолбол нийт ажлын 51 хоног байх ба ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 551 140 төгрөг /51хоног х 50 022.35/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 250 111 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох 2 551 140 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүд үүрэг болгох нь зүйтэй.      

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл буюу дээрх гомдлыг шүүхэд гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангасан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заажээ.

Гэвч нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 316 төгрөгийг төлсөн байх тул уг мөнгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид  55 768 /2 551 140 төгрөгт ноогдох/ төгрөгийг гаргуулан 53 316 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 2 452 төгрөгийг төсвийн орлогод оруулан улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулиас нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 551 140 /хоёр сая таван зуун тавин нэгэн

 

мянга нэг зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Нарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 250 111 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ш.Нарантуяад олгох 2 551 140 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган,  нэхэмжлэгчийн  нийгмийн  болон  эрүүл  мэндийн  даатгалын  дэвтэрт сар

тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүд үүрэг болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 316 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 55 768 төгрөгийг гаргуулан 53 316 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Нарантуяад олгож, 2 452 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.УРТНАСАН