Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 131

 

З.Г- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01070/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1156 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: З.Г-,

                     Т.Т- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445  дугаар нээлттэй хорих ангид холбогдох

Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хороолол 9 дүгээр байрны 12 тоот орон сууцны албадан дуудлага худалдааг зогсоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулах  тухай нэхэмжлэтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч З.Г-, Т.Т- нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч З.Г-, Т.Т- нараас шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

“...Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хороолол 9 дүгээр байр 12 тоот 3 өрөө орон сууцны анхны үнэ 60.000.000 төгрөгөөс доош үнэлж төлбөр авагч Эрэл банкны мэдэлд шилжүүлэн өгөх гэж байгааг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мэдсэн бөгөөд энэ үнэлгээг орон сууцны өмчлөгч бид нар хүлээн зөвшөөрөхгүй хоёр дахь дуудлага худалдаа 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр явагдах гэж байгаа гэсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргаж байна. Анхны дуудлага худалдааны үнийг тогтоохдоо маш бага үнээр тогтоосон, дахин үнэлгээ тогтоолгох талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Хоёр дахь дуудлага худалдаанд бүр бага үнээр оруулж биднийг орон байргүй болгож, төлбөрийг төлж чадахгүй хэмжээнд хүрэхээр байгаа тул шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын ажиллагааг зогсоолгох хүсэлттэй байна. Дараах шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:

            1. Орон сууцны дуудлага худалдааны ажиллагаа нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчиж байгаа тул зогсоолгох,

2. Орон сууцыг мэргэжлийн шинжээч томилуулж үнэлгээ гаргуулах, орон сууцанд анхны дуудлага худалдаа явагдсан гэж үзэж байгааг хүчингүйд тооцуулах

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги  шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Талууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээний талаар гомдол гаргаагүй. Иймд иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувь болох 42.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлэхэд үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй, иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувь болох 30.000.000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаан оруулахаар нийтэд мэдээлэхэд үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй.

Төлбөр төлөгч Т.Т-, 3. Г- нар нь хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоосон бөгөөд тус газар нь анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэ болон дуудлага худалдааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72, 75 дугаар зүйл, иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар зохион явуулсан, нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээ гүйцэтгэсэн өдрөөс хойш энэ тухай мэдэгдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасны дагуу” гэж заасны дагуу гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1156 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 он/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Г-, Т.Т- нарын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан “үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулах, албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч З.Г-, Т.Т- нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн гомдол гаргаж байна. Дархан-Уул аймаг дахь шийдвэр биелүүлэх албанаас маш бага үнээр дуудлага худалдаанд оруулж, өмчлөгчдийн эрх ашгийг хохироох гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэгч өдөр бүр утсаар ярьж дарамтлан, гэрт ирж бид аргагүй эрхэнд хууль мэдэхгүй болохоор гарын үсэг зурсан. Төлбөр авагчийн ажилтан танил талаа бодож бидэнд хэт нэг талыг барьж хандсан гэж үзэж байна. Бид орон байраа бага үнээр үнэлүүлж алдахыг хүсэхгүй байгаа тул бидний хүсэлтийг хангаж шинжээчээр үнэлгээ гаргуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч З.Г-, Т.Т- нар хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан   Дархан сумын  4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 9 дүгээр байрны  12 тоот  3 өрөө  орон сууцны дуудлага худалдааг зогсоолгох,  үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулсан гэж  эс зөвшөөрчээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтад үндэслэн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн шийдвэрт нэхэмжлэгч нар  давж заалдах гомдол гаргажээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан  шатны шүүхийн   2016 оны 4 дүгээр сарын  19-ний өдрийн  2610  тоот  шийдвэр,  гүйцэтгэх  хуудас бүхий материалд  үндэслэн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах  шийдвэр  гүйцэтгэгчийн  2018 оны  4 дүгээр сарын  21-ний өдрийн  18070352  дугаар   тогтоолоор  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  үүсгэжээ.  \хэргийн  33 дугаар тал\

            Шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлж, тогтоосон хугацаа өнгөрсөн учир  эд хөрөнгийг битүүмжилж, улмаар  эд хөрөнгийг хурааж, дуудлага худалдаа  явуулахаар  шийдвэрлэсэн.

             Нэхэмжлэгч З.Г-, Т.Т- нар хариуцагчид битүүмжлэгдэн, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн талаар  саналаа бичгээр өгсөн, төлбөр  авагч тал уг үнийн саналыг  хүлээн зөвшөөрсөн болох нь  хэрэгт  авагдсан баримтаар тогтоогджээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар  төлбөр авагч, төлбөр төлөгчийн санал нэгдсэн  үнийн дүн болох 60.000.000 төгрөгийн 70 хувь буюу 42.000.000 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал  болгох  доод үнийг  тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

            Хуулийн энэ заалтад “дуудлага худалдаагаар  худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож, тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол  үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн  70 хувиар тооцон тогтооно” гэж заажээ.

            Хариуцагч дээрх 3 өрөө орон сууцны дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг  өгөхдөө төлбөр төлөгч нарын санал болгосон үнийг  үндэслэсэн байхаас гадна Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээг талууд,  өмчлөгч тохиролцоогүй тохиолдолд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээчээр үнэлүүлэхээр хуульчилсан байх тул  нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулах болон  дуудлага худалдааг зогсоолгох шаардлагуудыг хангах  хуулийн үндэслэл  байхгүй байна.

            Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “...шийдвэр гүйцэтгэгч Б.Энхмаа   “Эрэл” банкны хуулийн зөвлөх Чулуунцэцэгтэй хамт дарамтлан хүчээр үнийн санал дээр  гарын үсэг зуруулсан бөгөөд анхны дуудлага худалдааны үнийг бага үнээр тогтоосон...” гэж дурдсан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй  байна.

            Анхан шатны шүүх   хэргийн  оролцогчийн  гаргасан  нотлох баримтыг  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хангасан байх тул  нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг, өөрчлөх , хүчингүй болгох  боломжгүй   байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч  нарын давж заалдсан гомдлыг хангахгүй  орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                                    

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ           

                                                                  ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                       С.ЭНХЖАРГАЛ