Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 20

 

 

 

 

      

 

 

 

   2020           05            06                                         2020/ДШМ/20

 

 

 

Г.Г, М.Д, Ч.М

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                                                                                                     

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Ахлах прокурор: Ж.Айжуу

Шүүгдэгч Г.Г, М.Д нарын өмгөөлөгч: Э.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Ч.Мын өмгөөлөгч: Ю.Нямсүрэн,

Шүүгдэгч Г.Г, М.Д,  

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Г, Г.Г, Ч.М нарт холбогдох, эрүүгийн 1919003640002 дугаартай, 1 хавтас, 224 хуудас бүхий хэргийг хяналтын прокурор С.Энхнямын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Г,

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Д,

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.М нарт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Ч.М, Г.Г, М.Д нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 12-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн Депо байрны гудамжинд хохирогч Б.А-г зодон хүч хэрэглэж 70000 төгрөгийг авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Ч.М, Г.Г, М.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.М, Г.Г, М.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Гг хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг, шүүгдэгч Ч.М, Г.Г нарыг мэргэжлийн дагуу тодорхой ажил хөдөлмөр эрхлэхийг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, М.Д, Ч.М нарыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэхээр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.М, Г.Г, М.Д нарт оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Дорноговь аймаг дахь хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт хэрэгжүүлэхийг даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г, М.Д нарыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хүсэлт гаргасан Г.Г-гийн эх Ц.Н, М.Д-ийн эх Ц.Г нарт даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэсэн, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ч.М, Г.Г, М.Д нарт анхааруулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ч.М, Г.Г, М.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М, Г.Г, М.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурор С.Энхням давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:  “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 8-р бүлэгт заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” журмыг хэрэглэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүхээс шүүгдэгчийн үйлдэл оролцоо, хувийн байдал, насны хязгаар зэрэгт бодитой дүгнэлт хийлгүйгээр адилхан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй, шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна. Учир нь шүүгдэгч Г.Г, М.Д нар нь 2017 оны 11 сарын 15-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялаа биечлэн эдэлж байгаад 2018 оны 05 сарын 31-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна. Үүний дараа дахин тухайн төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх ба засарч хүмүүжээгүй улмаар өмнөх гэмт үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл хийснээ бүрэн ухамсарлан ойлгож дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байхад ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар авч байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон шүүхийн шийтгэх тогтоол гарах үед 18 насанд хүрсэн, шүүгдэгч Г.Г, Ч.М нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан ба шийтгэх тогтоол гарах үед 18 насанд хүрсэн байхад шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8-р бүлэгт заасан журмыг нийтэд нь адилхан хэрэглэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж заажээ. Гэтэл шүүгдэгч Г.Г нь дээрэмдэх гэмт хэрэгт өмнө нь ял шийтгүүлсний дараа дахин тухайн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрсэн байхад түүнд ял оногдуулахгүйгээр зөвхөн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн 21 насанд хүрээгүй хүнд “ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тодорхой заасан байхад хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд 2020 оны 03-р сарын 18-ны өдрийн 25 дугаартай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Ахлах прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлд зааснаар өсвөр насны хүнд оногдуулах ялын төрлийг оногдуулахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Шүүхээс шүүгдэгчийн оролцоо, хувийн байдал, насны ангилалд адил тэгш албадлагын арга хэмжээ хэрэглэж байгаа нь “Шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх” гэсэн шаардлагыг хангаагүй, шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Г, М.Д нар нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хорих ялаар шийтгүүлж ялаа биечлэн эдэлж байгаад 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан. Үүний дараа дахин тухайн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, засарч хүмүүжээгүй, нийгэмд аюултай гэмт хэрэг хийснээ бүрэн ухамсарлаагүй гэж үзэхээр байхад ял оногдуулахгүй хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар авч байгаа нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Г.Г гэмт хэрэг үйлдэх үедээ болон шүүхийн шийдвэр гарах үед 18 нас хүрсэн, шүүгдэгч Г.Г, Ч.М нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан ба шийтгэх тогтоол гарах үед 18 нас хүрсэн байхад шүүхээс Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан журмыг нийтэд нь адил хэрэглэж байгаа нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэнтэй нийцээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан. Гэтэл шүүгдэгч Г.Г нь өмнө ял шийтгүүлсний дараа дахин тухайн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байхад түүнд ял оногдуулахгүй зөвхөн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүнд ял оногдуулж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тодорхой заасан байхад хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Г, М.Д нарт хөнгөн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Мын өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Мын үйлдлийг харгалзан үзэхэд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хугацааг шүүхээс шүүгдэгч нарт адил хэрэглэсэн гэдэг улсын яллагчийн эсэргүүцэлтэй санал нэг байна. Харин Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч Г.Г, М.Д нарын өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцэд өсвөр насны хүүхдэд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэхэд баримтлах зарчимд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарим зүйл заалт нийцээгүй, гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзээд 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй” гэснийг хүчингүй болгож, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хөнгөн гэснийг хасаж өөрчлөлт оруулсан. Хууль тогтоогч хуульд өөрчлөлт оруулахдаа өсвөр насны хүүхдийн бие, сэтгэл зүйн онцлогийг харгалзан насанд хүрэгчдээс ялгамжтай ял оногдуулах, хорих ял оногдуулахаас татгалзаж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг үр дүнтэй хэрэглэж, нийгэм, хамт олны дунд хүмүүжүүлэх боломжийг баримталсан байна. Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 11 сартай байсан. Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй. Хууль буруу хэрэглээгүй, шийтгэх тогтоол гарах үед 18 нас хүрсэн байсан нь өсвөр насны хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журам хэрэглэхэд хамааралгүй тул хууль хэрэглээний алдаа гэж үзэх үндэслэлгүй. Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1985 оны өсвөр насны хүнд хэрэглэх шүүн таслах ажиллагаа явуулах Бээжингийн дүрмийн 3.3 дугаар зүйлд гишүүн улс орнууд энэхүү дүрэмд заасан жишиг хэм хэмжээг өсвөр насны хүнд хэрэглэхээс гадна, тухайн улсын хуулиар насанд хүрсэн гэж тооцогдсон залуу хүнд мөн адил хэрэглэх боломжийг дотоодын хууль тогтоомжид тусгахыг үүрэг болгосон. Иймд Олон улсын хүний эрхийн стандартыг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 8 дугаар бүлэгт тусгаж, энэхүү шинээр орсон зохицуулалтаар 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд уг бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж шийдвэрлэх эрхийг шүүхэд олгосон. Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдэх үед болон шийтгэх тогтоол гарах үед 18 насанд хүрсэн байсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тул хууль буруу хэрэглээгүй болно. Хууль тогтоогч давтан гэмт хэргийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох эрх зүйн үндэслэлгүй, өсвөр насны хүнд сонгон хэрэглэж болох хянан харгалзах арга хэмжээ болох тэнсэж, хянан хүмүүжүүлж болох хариуцлагын шинэ төрлийг хуульчилж өгсөн. Өмнө нь ял эдэлж байсан нь хүндрүүлэх нөхцөл болохгүй. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах буюу Олон улсын нийтээр зөвшөөрсөн зарчмын дагуу гэмт хэрэг давтан үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл болгон үзэхгүй байхаар зохицуулсан. 165 дугаар шийтгэх тогтоол болон эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэх шалгах хуудаснаас үзэхэд шүүгдэгч нарт оногдуулсан ялын хугацаа дуусгавар болсон тэдэнд хуулиар хязгаарлалт тогтоогоогүй байсан тул прокурорын эсэргүүцэлд дурдсан дахин тухайн төрлийн гэмт хэрэг үйлдсэн байхад ял оногдуулахгүйгээр хөнгөн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан гэх үндэслэл, дүгнэлт нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4-т заасантай нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2-8 жил хорих ял оногдуулахаар заасан. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэхэд хохирогч баар цэнгээний газар заалгах нэрээр 21 насанд хүрээгүй хүнийг уруу татан согтууруулах ундаа уулгаж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг зөрчсөн. Мөн гэрч Жаргалсайхан “...хохирогч нь шүүгдэгч нарыг гараад үзчих үү, та нарыг ална шүү гэж яриад байсан ба нөгөө алга болсон ах нь тэр хүнийг боль боль яах гээд байгаа юм гэж хэлж байсан...” гэж мэдүүлсэн. Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчин бусдыг өдөөн хатгасан, Г.Г, М.Д нарын “...2 ахдаа охин, хүүхэн олоод өгчих мөнгө байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Жаргалсайханы “...Г.Гг тэр 2 хүний нэг нь дуудаж тусдаа юм ярьсан ба дараа нь асуухад найз эмэгтэй хүн байна уу, эмэгтэй хүнтэй унтаагүй удлаа гэж хэлсэн...” гэсэн ёс бус харьцаа хандлага буюу хууль бус үйлдлэээс шалтгаалж гэмт хэрэг гарсан нь тогтоогдсон. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугаа хүлээсэн хүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүхээс ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор хуульчлагдсан байгаа. Мөн шүүгдэгч нар хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдохгүй хууль зөрчөөгүй, хуулийн үндэслэл бүхий шийдвэр тул 25 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч М.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Учир нь: Прокурор С.Энхнямаас гаргасан эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.М, Г.Г, М.Д нар нь 2019 оны 10-р сарын 12-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р баг, Депо байрны гудамжинд Б.Аыг бүлэглэн хүч хэрэглэн 70.000 төгрөгийг нь дээрэмдсэн болох нь цагдаагийн байгууллагад Б.Ааас гаргасан гомдол /хх-ийн 1/, гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 3-4, 11-13/, хэргийн газраас хохирогчийн түрийвч, түүн доторх бичиг баримт, банкны карт зэргийг олж, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 25/, хохирогчийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэсэн шинжээчийн 02/0486 тоот дүгнэлт /хх-ийн 30/, гэрч С.Т /хх-ийн 20-21/, А.Ж /хх-ийн 7-8/ нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдсон ба болсон үйл баримтыг шүүгдэгч нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлцгээсэн мэдүүлгүүдээр давхар батлагдан тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийг нэмж шалгуулах талаар санал хүсэлт гаргаагүй, хохирогч Б.Ад хавтаст хэргийн материалыг танилцуулах гэсэн боловч холбогдож чадаагүй, түүний ээж Алтанзулд утсаар учрыг тайлбарлаж, ирэхийг хэлүүлсэн боловч хохирогч ирээгүй, ямар нэг санал хүсэлт гаргаагүй байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон.

 

Шүүгдэгч нарын хохирогчийг хавирч унагаан нүүр болон ар нуруу хэсэг рүү нь гараараа болон хөлөөрөө цохиж, өшиглөсөн, бусдад зодуулж газарт унасан үед нь хувцасны халаасанд нь байсан түрийвчийг нь авч бэлэн мөнгө 70.000 төгрөгийг нь авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж ... авахаар довтолсон бол” гэсэн гэмт хэргийн шинжүүдэд тус тус нийцсэн.

 

Гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Г.Г, М.Д, Ч.М нар нь тухайн цаг хугацаанд үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т зааснаар “бүлэглэн гүйцэтгэсэн” гэж үзсэн нь мөн үндэслэлтэй болсон.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарын бүлэглэж гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг анхаараагүйгээс ялыг ялгамжтай оногдуулж чадаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасан “... гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэсэнд нийцсэнгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэхэд хохирогч Б.Аыг эхлээд Г.Г хавираад унагаагаад нүүр рүү нь цохисон, хохирогч босоод зугтаасан боловч бүдэрч унахад нь Г.Г, М.Д, Ч.М нар ар нуруу руу нь өшиглөсөн, Г.Г хохирогчийн куртканы халааснаас түрийвчийг авч дотроос нь 70.000 төгрөгийг нь авч түрийвчийг нь гудамжинд хаясан, мөн гар утсыг нь авахад Ч.М нь болиулж буцааж халаасанд нь хийлгэсэн ба хохирогчийг Г.Г, Ч.М, Г.Г, С.Тэмүүлэн нар хөл гарнаас нь өргөж орцонд оруулж орхисон ба Г.Г, М.Д нар нь хохирогчийг ухаан алдуулах зорилгоор дахин өшиглөсөн зэрэг байдлаар гэмт хэрэг үйлдэгджээ.

 

Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Мын гэмт хэрэгт гүйцэтгэсэн үүрэг оролцоо нь нөгөө 2 шүүгдэгчийн үйлдлээс бага, шүүгдэгч Г.Г хохирогчийн бэлэн мөнгө авсан үйлдлээс гадна гар утас авах гэсэн үйлдлийг Ч.М “...боль” гэж хэлснээр таслан зогсоогдсон болох нь гэрч С.Т, бусад шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Мод хорих ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэх хугацааг бусад шүүгдэгч нартай ижил хугацаагаар буюу 2 жилээр тогтоосон нь  шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохироогүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн тул шүүгдэгч Ч.Мод хорих ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авсан хугацааг багасгаж 1 жилээр тогтоох нь “Шударга ёсны зарчим”-д нийцнэ гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” журам зохицуулагдсан ба өсвөр насны хүн гэдэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн, арван найман насанд хүрээгүй этгээд байхыг хуульд заасан боловч арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнийг энэ бүлэгт хамааруулж ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор зохицуулагджээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т заасан “... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэсэн зохицуулалт 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хуульд шинээр мөрдөгдөж, хэрэглэгдэж байгаа болно.

 

Гэмт хэрэг үйлдэх үед буюу 2019 оны 10-р сарын 12-ны байдлаар шүүгдэгч Ч.М 17 нас 9 сартай, шүүгдэгч Г.Г 17 нас 11 сартай,  шүүгдэгч Г.Г 18 нас 9 сартай байсан нь мөрдөгчийн шүүгдэгч нарын насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 81, 107, 110/, шүүгдэгч Г.Ггийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 111/, сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 93-106/, суурь боловсролын гэрчилгээ /хх-ийн 113-115/ зэргээр тогтоогдсон ба анхан шатны шүүх хохирогч Б.А хохирол нэхэмжлээгүй ч шүүгдэгч нар хохирогчид тус бүр 250000 төгрөгийг шилжүүлж хохирлыг барагдуулсан, хохирогч нь шөнийн цагаар 17-18 насны хүүхдүүдийг дагуулан бааранд архидан согтуурах, айлд очиж хамт архидах, согтуурсан үедээ “... дүү нар амжихгүй шүү, та нар болоогүй” гэх мэтээр басамжлан харьцсан, “...охин олоод өгчих” гэж хууль бус санал хэлж зохисгүй харьцсан нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл болсон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч нарт хорих ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүгдэгч тус бүрийн онцлогт тохируулан өөрт нь үүрэг хүлээлгэсэн, эцэг, эх болон хүүхдийн байгууллагын хяналтад байлгах зэргээр тус тус шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Г, Г.Г нар нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2017/ШЦТ/165 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээсэн нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байгаа боловч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал”-д,  мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” нөхцөлд тус тус хамаарахгүй болно.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалсан болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзсан, мөн шүүгдэгч нарыг цаашид алдаагаа ухамсарлаж, сурч боловсрон ажил хөдөлмөр эрхлэн нийгэмших хүсэл эрмэлзлийг нь дэмжиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан хорих ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авсан нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Гэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасан үндэслэл журмыг хэрэглэсэн атлаа холбогдох энэхүү хуулийг шийтгэх тогтоолд  баримтлаагүйг зөвтгөж шийдвэрт мөн үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн болно.

 

Учир нь шүүгдэгч Ч.М, Г.Г нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан, шүүгдэгч Г.Г нь 18 насанд хүрсэн байсан бөгөөд энэ нь шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан буюу шүүгдэгч  Ч.М, Г.Г нарт мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, шүүгдэгч Г.Гд 8.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар өсвөр насны хүн гэж үзэж ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нөхцөл болсон байна.

 

Улмаар анхан шатны шүүхийг өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн шүүгдэгч Г.Г, Г.Г нар нь урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж шүүхээс хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлж байсан нь ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй тул “анхан шатны шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсонгүй” гэх агуулга бүхий прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.          

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.М, Г.Г, Г.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.” гэснийг

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5, 8.7 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Г, Г.Г нарт ял оногдуулахыг тэнсэж 2 жилийн хугацаагаар тус тус хянан хүмүүжүүлэхээр тогтоосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор С.Энхнямын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                    Н.БОЛОРМАА

                                                                                                        

                                                                                                         А.САЙНТӨГС