Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 25

 

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгч Ч.М-ын өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

Шүүгдэгч М.Д, Г.Г нарын өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Ч.М, Г.Г, М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М, Г.Г, М.Д нарт холбогдох эрүүгийн 1919003640002 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Дорноговь аймаг дахь Төмөр замын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд Зүтгүүрийн туслах машинч мэргэжлээр суралцаж байгаа, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Найрамдал гудамжны 109 дүгээр байрны 1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ч.М, регистрийн дугаар ЕС0132****,

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Дорноговь аймаг дахь Төмөр замын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд Зүтгүүрийн туслах машинч мэргэжлээр суралцаж байгаа, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюуш гудамжны 13 тоотод оршин суух хаягтай, урьд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Г.Г, регистрийн дугаар ЕЭ0131,

           Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Данзанваанчигийн 7-49 тоотод оршин суух хаягтай, урьд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, М.Д, регистрийн дугаар ЕП0122****,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ч.М, Г.Г, М.Д нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 12-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг Депо байрны гудамжинд хохирогч Б.Аз-г зодон хүч хэрэглэж 70 000 төгрөгийг авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

          Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

          Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

   Эд зүйл хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22-25 дугаар хуудас/,

 

          Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...Би Дорноговь аймгийн Алтанширээ сумын Нефтийн үйлдвэррүү тавигдаж байгаа төмөр зам гүүр хоолойн холбох ахлагч ажилтнаар 2018 оноос эхлэн ажиллаж байгаа юм. 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хамт ажилладаг Ж гэх залуугийн хамт 23 цагийн орчимд ажил дээрээсээ Сайншандын төврүү орж ирээд караокед 1 цаг бид хоёр хамт сууж нэг, нэг шил пиво уусан. Тэгээд тус газраасаа гараад Виктория баар орж Ж бид хоёр нэг, хоёр шил пиво уусан юм, тэгээд баар хаахаас өмнө 01 цагийн орчимд байх тус баарнаас гараад баарны үүдэнд үл таних гурван 20 орчим насны залуутай тамхи татаж юм яриад танилцсан юм. Би юм ярьж байх зуураа ахын дүү нар танилцчих охин байна уу гээд асуухад уг гурван залуу болно ш дээ ах гээд хамтдаа Минерал баар орсон юм, тус бааранд орж Ж бид хоёр танилцсан гурван залуугийн хамт нэг, нэг шил пиво ууцгаасан юм, тэгээд баар хаахаар болоод тус баарнаас гараад бид хэд таксигаар Сайншандын баруун талд байдаг гэртэй айлд очиж 2 том Брат пиво авсан, тэгээд тэндээсээ 2 охин байдаг юм ах тийшээ явъя гээд Ж бид хоёр хамт арын Депо байранд үл таних айлд орсон юм, тус айлд ороход нэг залуу, охин хоёр хүн байсан, тэгээд тэндээ авсан пивоныхоо нэгийг нь уусан пиво ууж дуусгаад үлдсэн нэг пивоо аваад такси дуудаад тус айлаас урагш холгүй байшинд байдаг айлд очсон тус айлд үл таних гурван залуу байсан уг гурван залуугийн нэг нь хамт пиво уусан хоёр залуу нь унтаж байсан юм тэгээд тэндээ 1 цаг орчим болоод үлдсэн нэг пивоо ууж байгаад тус айлд байсан залуугийн хамт гадаа тамхи татаад байж байтал уг залуу доор нэг охин байдаг юм тантай уулзуулъя гээд бид хоёр хамт явсан юм. Ж гэр дотор үлдсэн байсан, бид хоёр тэгээд явж байтал гэрт байсан залуучууд гадаа гарчихсан орилолдоод байхаар нь бид хоёр эргээд очтол миний нүүрлүү шууд цохиод би газар унасан ба хэдэн талаасаа бөөнөөрөө өшиглөөд байсан ба намайг зодож байх үедээ “Яасан овоо пизда вэ” гээд орилоод зодож байгаад хоёр гурвуулаа намайг өргөж явж байхад хэн нэг нь “Халаасанд нь юу байна” гэж асууж байсан ба нэг нь халаас тэмтэрч байгаад түрийвч аваад нөгөө талын халаас тэмтэрч үзэж байгаад гар утас байна гэж хэлэхэд наад утсыг нь үлдээчих гэж хэлээд утас буцаагаад хийсэн.Тэгээд өргөж явж байгаад нэг харанхуй байшинд шидсэн ба наадах чинь ухаан алдаагүй байна ш дээ ухаан алдуулчихаач гэж хэлээд нүүрэн дээр хэд хэд хөлөөрөө өшиглөчихөөд хаяад явсан. Дараа нь би ойролцоогоор 5 орчим минут хэвтэж хүмүүсийн хөлийн чимээ холдохыг хүлээж байгаад явсаных нь дараа босоод ажилруугаа явган алхаад очсон ба очоод цаг харахад 04 цаг өнгөрч байсан...2-3 залуу хэдэн талаас цохиж нүдэж байсан...хэтэвчийг минь аваад явсан ба дотор нь бичиг баримтууд бусад зүйлс байсан нь хамт аваад явсан...ойролцоогоор 70 000 орчим төгрөг байсан...хамгийн сүүлд наадах чинь ухаан алдаагүй байгаа юм бишүү ухаан алдуулчих гэж хэлсэн, мөн хүч хэрэглэж хэтэвч авсан...” /хх-3-4,12-13 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

 

    Гэрч Э.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан ба тухайн өдөр 15 цаг өнгөрч байх үед Б.А гэх хүн би хүнд дээрэмдүүлчихлээ гэж хэлээд болсон зүйлсийн талаар ярьсан ба тухайн А гэх хүний ярьсанаар болон хэрэг болох үед хажууд нь хамт байсан гэх Ч.М гэх хүний ярьсан хэлсэний дагуу Ч.М дагуулан Арын Депо байрны орчим байх улаан өнгийн тоосгон дэлгүүрийн урд талд байрлах хашааг давуулаад шидсэн гэж хэлсний дагуу тухайн хар өнгийн цагаан өнгийн зураастай хэтэвчийг хэргийн газраас авч ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас /,

 

           Гэрч А.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гараад очиход Д надад хандан “Тэр 2 танихгүй ахын нэгийг нь тэнд явж байгаа араас нь оччих” гэж хэлээд гараараа зааж байсан ба тэр хэсэгрүү нээх хол явалгүй байж байтал манай нөгөө хэд нөгөө нэг үлдсэн залууг зодчихсон байсан ба нөгөө залууг нь хайя гэж ярилцаад зодсон залууг 4 мөчнөөс нь өргөөд авч яваад айлын коридорт аваачих гээд явж байх замд Дэлгэрмөрөн халааснаас нь гар утсыг нь гаргаж ирээд авах гэхээр нь би “Яах гээд байгаан бэ” “Буцаагаад наадахыг нь хий” гэж хэлэхэд Д буцаагаад хийж байсан. Дараа нь тэр байранд оруулаад тавьчихаад байж байтал манай хэдээс нэг нь гэдэсрүү нь 2 удаа өшиглөж байсан...Дараа нь бид хэд нөгөө залууг хайж явж байгаад олдоогүй учир М гэх залуугийнд буюу пиво ууж байсан айлдаа очоод гэр гэрлүүгээ явахаар болоод тарцгаасан. М гэх залуугийн байшинд ороод байж байхад халааснаасаа мөнгө гаргаж ирсэн ба “Юун мөнгө юм бэ” гэж асуухад зодуулдаг залуугийн халааснаас авсан юм гэж хэлж байсан...2 ширхэг 20 000 төгрөгний дэвсгэрт харагдаж байсан...М болон тэр айлын хүмүүст тамхи гоймон авч идээрэй гэж Д мөнгө өгч байсан...дутвал маргааш аваарай” гэж хэлж байхад нь нөгөө хүн нь за гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 7-8 дугаар хуудас /,

 

          Гэрч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 12-ны шөнө хамт ажилладаг А гэх залуугийн хамт Сайншанд сумын төвд орж ирээд Минерал, Виктория гэх баарнууд болон Гурванбаянгийн доор байх караоке орж нэлээн их ууж яваад дараа нь 00 цаг өнгөрч байх үед Му Мusic гэх баарны гадаа зогсож байхад үл таних 3 залуу ирээд манай ажлын газрын А юм ярьж зогсож байсан санагдаж байна...нэг мэдсэн тасарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 14 дүгээр хуудас/,

   Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 12-ны шөнө өөрийн хөлсөлж байгаа байр болох Дорноговь аймаг Сайншанд сум 7-р баг Депо байр 122 тоотод Б, М нарын хамт унтаж байсан ба намайг сэрээд харахад Г, Д, Ж, мөн өөр үл таних 2 хүний хамт манай гэрт ирчихсэн ууж байсан...Би босоод бие засах гээд гараад орж ирэхэд тэр авчирсан пиво уугаад дуусчихсан харагдсан ба Д надад хандан “Цуг гарчихаад ирье” гэж хэлсэн ба намайг хувцасаа өмсөх хооронд бүгд гэрээс гараад явсан байсан ба Б ах унтаад үлдсэн. Намайг гараад очиход Ж, Д , Г 3 гадаа зогсож байсан ба үл таних 2 залуу харагдахгүй байсан. Тэгээд байж байтал Д хэлэхдээ “Галсансүрэн бид 2 цуг явж нэг хүнийг нь хайлаа. Ж та 2 нөгөө хүнийг нь хай” гэж хэлээд манай гэрийн ойролцоо байх дэлгүүрийн гудамжруу Ж бид 2 хамт явсан. Бид 2 хайгаад явж байгаад Д, Г, М мөн үл таних нэг залуу нартай өөр гудамжинд таарсан ба яваад очиход М урдаас ирээд нөгөө хүнээ олсон юм уу гэж асуухад нь Ж бид 2 олоогүй гэж хэлсэн ба цаана нь Г нөгөө үл таних залууг хавирч унагаагаад нүүрлүү нь алгадаж байсан. Тэр хүн нь босоод зугтаасан ба араас нь Д, Г 2 хөөхөд тухайн хүн нь бүдэрч унасан ба дээрээс нь Д, Г 2 ар нуруу хэсэгрүү өшиглөж байсан. Араас нь би болон М, Ж бид 3 очиход Д тухайн үл таних залуугийн халаасыг нь ухаад хэтэвчийг нь гаргаад ирчихсэн зогсож байсан харагдсан. Дараа нь нөгөө үл таних залууг нэг буланд тавьчихъя гэж бөөнөөрөө ярилцаад ойролцоох байрны орцруу...оруулж тавьсан. Дараа нь тэр хэд гарч ирээд тамхи байна уу гэж асуугаад байхгүй байсан учир тамхи авахаар дэлгүүрлүү явцгаасан ба дэлгүүрээс тамхи авчихаад буцаад манай гэрт ирээд цаг харахад 03 цаг өнгөрч байсан. Тэгээд манай гэрт сууж байгаад “хаана хононо” гэж ярилцаж байгаад Д хэлэхдээ “Б ахад мөнгө үлдээсэн шүү” гэж хэлээд Д, Г, Ж 3 гараад явсан. Тухайн үлдээсэн гэх мөнгийг нь Б ахын хажууд тавьсан байсан ба үлдээсэн гэсэн мөнгө нь хаана байгаа юм бэ гэж асуухад энэ байна гээд 8000 төгрөг өгч байсан. Тэр мөнгийг нь тоолчоод өглөө Б би буцаагаад өгсөн...ямар ч байсан авч байхыг нь харсан мөн хэтэвчийг нь шидэж байхыг харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

   Шүүгдэгч Ч.М-ын мөрдөн шалгах ажиллаагаанд өгсөн: “...Би тухайн шөнө ангийн хүүхэд болох Ц-ын Депо байранд Б, Т нартай хонож байх үед манай ангийн хүүхэд Д цонхоор нь орж ирээд хаалга дотроос нь тайлсан ба босоод харахад Д-ээс гадна Г өөр Д-ийн найз гэх танихгүй залуу, мөн 2 танихгүй эрэгтэй хүний хамт 02 цаг өнгөрч байх үед орж ирсэн.Тэр хэд 1 ширхэг том пиво аваад ирсэн байсан ба тэрийгээ би болон ирсэн 5 хүний хамт хувааж уусан ба ууж байх үед Д над дээр ирээд “Викэд энэ хоёр хүнтэй танилцсан юм Г бид хоёрыг доошоо хийгээд байна. Нэлээн мөнгөтэй юм байна лээ. Зодоод мөнгийг нь авчихъя” гэж хэлэхэд нь “За за тэгье” гэж хэлсэн. Дараа нь пиво ууж дуусгачихаад гадагшаа Т, Г, Д өөр танихгүй З залуугийн хамт гараад би А гэх гадны танихгүй хүнтэй хамт яриад явж байгаад эргээд харсан чинь ард явсан 5 хүн байхгүй болсон байсан ба хүлээгээд зогсож байтал Д, Г, Т мөн Д-ийн найз нэг танихгүй залуутай дөрвүүлээ гарч ирсэн. Тэгээд би Д-ээс хамт байсан ах нь хаачсан юм бэ гэж асуухад мэдэхгүй байна гэж хэлж байсан ба хажуугаар Галсансүрэн орж ирээд нөгөө Азаа гэх хүнийг хавираад унагаагаад гараараа нүүрлүү нь нэг цохиж байсан ба Д араас нь зодох гээд байхаар нь боль гэж хэлээд гарнаас нь барихад “Чи зүгээр байж бай. Чамайг энэ хэрэгт оролцуулахгүй” гэж хэлээд нөгөө ахын араас очиж барьж аваад уначихсан байхаар нь Д, Г 2 дээрээс нь өшиглөж гараараа цохиж байсан. Д-ийн найз гэх үл таних залуугаас би нөгөө ах нь хаачсан талаар асуухад мэдэхгүй байна би хараагүй гэж хэлж байсан ба Т зодоон болж байгаа газар буюу Д, Г нарын хажууд очоод зогсож байсан. Дараа нь халааснаас нь Д хэтэвчийг нь гаргаж ирээд дотор нь байсан мөнгийг аваад хэтэвчийг нь хашаа давуулаад шидсэн. Тэгээд нөгөө А гэх залууг өргөөд явж байхад нь Д халааснаас нь утсыг нь гаргаж ирэхээр нь би “утсыг нь ядаж үлдээчих” гэж хэлэхэд Д буцаагаад утсыг нь халаасанд нь хийсэн. Дараа нь өргөж явж байгаад нийтийн байрны орцонд оруулаад тавьсан ба хаалганы үүдэнд зогсож байхад Д-ийн найз гэх танихгүй залуу “наадах чинь ухаан алдсан юм уу нэг цохичих” гэж хэлж байсан ба Г буцаж орж байсан. Тэндээсээ бид хэд Ц-ын гэрлүү Г, Д, Т бид дөрөв явж байсан ба араас Г ирсэн. Дараа нь бид хэд тамхи авахаар ойролцоо байх хүнсний дэлгүүрээс Д мөнгө гаргаж ирээд тамхи аваад Цогбадрахын гэрт ороод сууж байхад Д надад хандан “хэрвээ энэ хэргийн араас хүн асууж ирвэл бид бие биенээ танихгүй шүү” гэж хэлээд гэрлүүгээ явахаар Д, Г, Д-ийн найз гэх залуу тэр хэд гараад явсан ба гарахаасаа өмнө маргааш идэж уух юм аваарай гээд 5000-8000 орчим төгрөг өгнө гэж ярьж байсан ба гараад явсаных нь дараа Т-ээс “мөнгө өгсөн юм уу” гэж асуухад надаа мөнгө нь байгаа гэж хэлж байсан...Тухайн хүнийг Г, Д нар нуруу нүүрлүү нь өшиглөж байсан...бага хэмжээний пиво уусан согтолт бага байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 53-54 дүгээр хуудас/,

 

         Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 00 цаг өнгөрч байх үед... баарнаас Д, Ж нарын хамт гараад явж байтал үл таних 2 залуу таараад Виктория гэх баар хаана байдаг талаар асуусан ба бид хэд тэр 2 үл таних хүнийг дагуулаад Виктория гэх баарлуу явсан... ууж байх үедээ анх таарсан үл таних 2 ахтай би маргалдаж эхэлсэн ба тухайн 2 залуугийн нэг нь “дүү нар арай болоогүй шүү, гараад зодолдвол зодолдоорой” гэх зэргээр өдсөн яриатай байсан...пиво дуусаад би Ж, Д, М мөн нөгөө 2 үл таних ахын хамт гарч ирсэн ба Т араас гарч ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Тэр үл таних 2 ах урд явж байснаа 2 тийшээ салаад явсан ба нэг ахынх нь араас Ж, Д бид 3 хайхаар явж байсан. Тэгээд хайгаад олдохгүй болохоор нь буцаад явж байтал М үлдсэн нэг үл таних ахын хамт зогсож байсан юм. Бид гурав тэр хоёрын өөдөөс алхаад явж байтал “бацаануудаа яаваа” гэж орилохоор нь хавирч унагаагаад араас нь нэг удаа өшиглөөд хацарлуу нь нэг удаа алгадсан ба тэр ах босоод зугтаах гэхээр нь араас нь М, Д, бид 3 хамт дээрээс нь өшиглөж цохиж байсан ба хаашаа нь хэн хэдэн удаа цохьсон талаар би санахгүй байна...миний харсанаар Д элэг рүү нь нэг удаа өшиглөсөн, нүүр рүү нь гараараа хоёр удаа цохиж байсан, М ар нуруу хэсэг рүү нь 3-4 удаа өшиглөсөн... Тэгээд зодоод дуусчихаад эргээд харахад Ж хашаа налсан цаана зогсож байсан ба нөгөө зодуулсан үл таних ах үл ялиг хөдөлсөн байдалтай босохгүй болохоор нь өргөөд айлын коридорт оруулаад хаячихаад бид хэд гараад явсан...бааранд орсон үеэс л ахархаад байсан...Д-г халааснаас нь ямар нэгэн эд зүйл авч байхыг хараагүй, өглөө нь мөнгө авсан талаар мэдсэн...Д 20 000 төгрөг байна гэж хэлсэн ба тэр мөнгөөр нь Д болон манай найз О нарын хамт писи тоглочихсон юм...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 18-19, 58-59 дүгээр хуудас/,

 

         Шүүгдэгч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би М-ээ гэж орилоход М улаан тоосгон дэлгүүрийн тэр хавиас энд байна гэж орилж байсан ба нөгөө шивээстэй залуутай хамт зогсож байсан ба Г очоод тэр ахыг хавираад унагаагаад нөгөө ах босоод гүйсэн ба бүдэрч  унахаар нь араас нь очоод би болон Г, М бид 3 хамт өшиглөж зодсон ба тухайн ах ухаан алдсан байсан учир гадаа хүйтэн байна нэг газар оруулаад тавьчихъя гэж хэлээд 4 талаас нь өргөөд айлын коридорт оруулаад хаясан.  Дараа нь бид хэд М гэрлүү очоод тамхи татаад авсан мөнгөө хуучин ангийн дарга Б-д 7000 төгрөг өгчихөөд гэрээс нь гарч яваад гэртээ харих замд Ж салаад гэртээ харьсан ба би Г-ийн хамт гэртээ хоносон...би тэр хүнийг нуруун дээр нь 3 удаа өшиглөсөн...утсыг нь аваагүй. Халааснаас нь гаргаад үзэж байхад араас нэг нь “утсыг нь буцаагаад хийчих ээ” гэж хэлэхээр нь буцаагаад хийсэн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 5-6, 63-64 дүгээр хуудас/,

 

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42, 45, 47 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан дээрхи нотлох баримтаар 2019 оны 10 дугаар сарын 12-ны шөнө Ч.М, Г.Г, М.Д нар нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө хохирогч А.А-ын эрх чөлөөнд халдаж түүний мөнгийг авах зорилгоор урьдчилан үгсэн тохиролцсоны дагуу Г.Г нь хохирогчийг ташиж унаган улмаар М.Д, Ч. нартай бүлэглэн түүнийг цохих, өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдаж, М.Д нь хохирогчийн халааснаас хэтэвчийг гарган мөнгийг нь авч, хэтэвчийг хашаа давуулан шидэж, дээрэмдсэн мөнгөөрөө Писи тоглох, хүнсний зүйл авах зэргээр өөрсдөө ашигласан үйл явдал болсон нь хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг “...миний нүүрлүү шууд цохиод би газар унасан ба хэдэн талаасаа бөөнөөрөө өшиглөөд байсан ба намайг зодож байх үедээ “Яасан овоо пизда вэ” гээд орилоод зодож байгаад хоёр гурвуулаа намайг өргөж явж байхад хэн нэг нь “Халаасанд нь юу байна” гэж асууж байсан ба нэг нь халаас тэмтэрч байгаад түрийвч аваад нөгөө талын халаас тэмтэрч үзэж байгаад гар утас байна гэж хэлэхэд наад утсыг нь үлдээчих гэж хэлээд утас буцаагаад хийсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан ба тухайн өдөр 15 цаг өнгөрч байх үед Б.А гэх хүн би хүнд дээрэмдүүлчихлээ гэж хэлээд болсон зүйлсийн талаар ярьсан ба тухайн А гэх хүний ярьсанаар болон хэрэг болох үед хажууд нь хамт байсан гэх Ч.М гэх хүний ярьсан хэлсэний дагуу Ч.М-ыг дагуулан Арын Депо байрны орчим байх улаан өнгийн тоосгон дэлгүүрийн урд талд байрлах хашааг давуулаад шидсэн гэж хэлсний дагуу тухайн хар өнгийн цагаан өнгийн зураастай хэтэвчийг хэргийн газраас авч ирсэн юм...” гэсэн мэдүүлэг, гэрч А.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д халааснаас нь гар утсыг нь гаргаж ирээд авах гэхээр нь би “Яах гээд байгаан бэ” “Буцаагаад наадахыг нь хий” гэж хэлэхэд Д буцаагаад хийж байсан. Дараа нь тэр байранд оруулаад тавьчихаад байж байтал манай хэдээс нэг нь гэдэсрүү нь 2 удаа өшиглөж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “......Г нөгөө үл таних залууг хавирч унагаагаад нүүрлүү нь алгадаж байсан. Тэр хүн нь босоод зугтаасан ба араас нь Д, Г 2 хөөхөд тухайн хүн нь бүдэрч унасан ба дээрээс нь Д, Г 2 ар нуруу хэсэгрүү өшиглөж байсан. Араас нь би болон М, Ж бид 3 очиход Д тухайн үл таних залуугийн халаасыг нь ухаад хэтэвчийг нь гаргаад ирчихсэн зогсож байсан харагдсан... хэдэн төгрөг төгрөг авсан гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан авч байхыг нь харсан мөн хэтэвчийг нь шидэж байхыг харсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ч.М-ын мөрдөн шалгах ажиллаагаанд өгсөн: “...Нэлээн мөнгөтэй юм байна лээ. Зодоод мөнгийг нь авчихъя” гэж хэлэхэд нь “За за тэгье” гэж хэлсэн...Дараа нь халааснаас нь Д хэтэвчийг нь гаргаж ирээд дотор нь байсан мөнгийг аваад хэтэвчийг нь хашаа давуулаад шидсэн... гарахаасаа өмнө маргааш идэж уух юм аваарай гээд 5000-8000 орчим төгрөг өгнө гэж ярьж байсан ба гараад явсаных нь дараа Т-ээс “мөнгө өгсөн юм уу” гэж асуухад надаа мөнгө нь байгаа гэж хэлж байсан...Тухайн хүнийг Г, Д нар нуруу нүүрлүү нь өшиглөж байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хавирч унагаагаад араас нэг удаа өшиглөөд хацарлуу нь нэг удаа алгадсан ба тэр ах босоод зугтаах гэхээр нь араас нь М, Д, бид 3 хамт дээрээс нь өшиглөж цохиж байсан ба хаашаа нь хэн хэдэн удаа цохьсон талаар би санахгүй байна... Д-г халааснаас нь ямар нэгэн эд зүйл авч байхыг хараагүй, өглөө нь мөнгө авсан талаар мэдсэн....Д 20 000 төгрөг байна гэж хэлсэн ба тэр мөнгөөр нь Д болон манай найз О нарын хамт писи тоглочихсон юм...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г очоод тэр ахыг хавираад унагаагаад нөгөө ах босоод гүйсэн ба бүдэрч  унахаар нь араас нь очоод би болон Г, М бид 3 хамт өшиглөж зодсон ба...4 талаас нь өргөөд айлын коридорт оруулаад хаясан...би тэр хүнийг нуруун дээр нь 3 удаа өшиглөсөн...утсыг нь аваагүй. Халааснаас нь гаргаад үзэж байхад араас нэг нь “утсыг нь буцаагаад хийчих ээ” гэж хэлэхээр нь буцаагаад хийсэн...” гэсэн мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс үйл баримтыг үгүйсгэж хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтыг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.М, Г.Г, М.Д нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэргийн зүйлчлэл болсон үйл явдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Ч.М, Г.Г, М.Д нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Ч.М нь 17 нас 9 сартай, шүүгдэгч Г.Г 17 нас 11 сартай, шүүгдэгч М.Д 18 нас 09 сартай байсан нь хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ч.М, Г.Г нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан байна. Хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар болон дансны дэлгэрэнгүй хуулгаар шүүгдэгч нар нь тус бүр 250 000 төгрөгийг хохирогчид шилжүүлж хохирлыг барагдуулсан болох нь тогтоогдож байна.

 

            Хохирогч А.А нь шөнийн цагаар 17-18 насны хүүхдүүдийг дагуулан бааранд архидан согтуурах, айлд очиж хамт архидах, согтуурсан үедээ “...дүү нар амжихгүй шүү, та нар болоогүй...” гэх мэтээр басамжлан харьцаж, “...охин олоод өгчих...” гэж хууль бус санал хэлж зохисгүй харьцсан нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж шүүх үзсэн болно.

 

Архидан согтуурахтай тэмцэх тухай Монгол Улсын хуульд заасан “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно” гэсэн заалт, “Сургуулийн сурагч, 18 нас хүрээгүй хүмүүст согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг санаачлан зохион байгуулах…-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн хохирогч А.А-д холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгээгүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Дээрмийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй, хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд зэрэг халдаж довтолдгоороо өмчийн эсрэг гэмт хэргийн хамгийн хүнд гэмт хэрэгт тооцогддог.

 

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалсан болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч нар нь алдаагаа ухамсарлаж сурч боловсрон ажил хөдөлмөр эрхлэн нийгэмших хүсэл эрмэлзлэлийг дэмжиж Эрүүгийн хуульд заасан арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд хуульд заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэсэн онцгой зохицуулалтыг хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч А.А нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

             

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бууралшагай овогт Ч.М, Г.Г, М.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.М, Г.Г, М.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Д-г хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг, шүүгдэгч Ч.М, Г.Г нарыг мэргэжлийн дагуу тодорхой ажил хөдөлмөр эрхлэхийг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д, Г.Г, Ч.М нарыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.М, Г.Г, М.Д нарт оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Дорноговь аймаг дахь хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт хэрэгжүүлэхийг даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г, М.Д нарыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хүсэлт гаргасан Г.Г-ийн эх Ц.Н, М.Д-ийн эх Ц.Г нарт даалгасугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэсэн, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ч.М, Г.Г, М.Д нарт анхааруулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ч.М, Г.Г, М.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М, Г.Г, М.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА