Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2022/00522

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

хоёр дахь албадан дуулага худалдаа явуулах тухай 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/10, 6/11 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай  иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононтамир, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Б-ээс  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одоос гаргасан тайлбартаа:  Б.Б нь ....хаягт байрлах, 141.8 м.кв талбайтай, оффисын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, зоорийн давхрын 6 тоот хаягт байрлах, 15 м.кв талбай бүхий авто зогсоолыг өмчилдөг.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.05.14-ний өдрийн 182/ШШ2019/00901 тоот захирамжаар Б.Мө  нь “Экокапитал ББСБ” ХХК-д 499 838 470 төгрөгийг төлөх, дээрх төлбөрт тодорхой үл хөдлөх хөрөнгөнүүдийг шилжүүлэн өгөхөөр, тогтоосон хугацаанд үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн.

Б.М  нь шүүгчийн захирамжийг биелүүлэлгүй байсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, 2 дахь албадан дуудлага худалдаа болсныг огт мэдээгүй байсан бөгөөд  2021.05.25-ны өдрийн 4-185/9269 тоот мэдэгдлийг сүүлд мэдсэн. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Б.Дашдаваад 2021.11.10-ны өдөр гомдол гаргасныг хянаж үзээд 2021.11.16-ны өдрийн 04/2685 дугаар албан бичгээрээ шүүхэд хандах талаар хариу мэдэгдсэн.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь: 2020.05.26-ны өдрийн 6/10, 6/11 дугаартай тогтоолыг хүчингүй болгох юм.

Барьцааны зүйл болох уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэр гүйцэтгэх байгууллага тал бүрээс нь, тухайн үеийн нийгмийн цар тахалтай нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр ажиллагаа явуулсан. “Ковид-19” халдварт өвчин гарснаас хойш үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өндөр болсон. Тухайн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн. 2021.06.02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад Б.Б-ийн зүгээс хүсэлт ирүүлсэн байгаа. Уг хүсэлт нь үнийн саналтай холбоотой, мөн “Экокапитал ББСБ” ХХК-тай эвлэрэн хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээсээ татгалзаж, үл хөдлөх эд  хөрөнгийн үнэ өндөр болж байгаа учраас үнэлгээтэй холбоотой асуудлыг харгалзаж үзнэ үү гэсэн хүсэлтийг гаргасан. Иймд хоёр дахь албадан дуудлага худалдаа нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хөндөж, хууль зөрчиж явагдсан тул шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2020.05.26-ны өдрийн 6/10, 6/11 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчид хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг, мөн мэдэгдлийг хариуцагч гардуулж өгөөгүй гэж тайлбарладаг. Мөн 2020.03.31-ний өдөр шинжээч “Баян модот” ХХК-ийн үнэлгээний тайлан гарснаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Уг нь 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд дахин үнэлгээ гаргах боломжтой. Уг үнэлгээ ч нэхэмжлэчийн эрх ашигт илт хохиролтой гарсан байдаг. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг итгэмжлэгдсэн  төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.14-ний өдрийн 901 дугаартай шийдвэрээр Б.М-оос 499 838 470 төгрөгийг гаргуулж “Экокапитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.М уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан .... хаягт байрлах, 141.8 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2203025751/-үүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу битүүмжилж, хураан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар үнэ тогтоож, анхны албадан дуудлага худалдааг явуулсан боловч худалдан борлогдоогүй. Иймд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020.05.26-ны өдрийн 6/10, 6/11 дугаартай тогтоол гарч, эдгээр тогтоолыг 2020.05.29-ний өдрийн 4/19731 дугаартай мэдэгдлээр 2020.06.02-ны өдөр Б.Б-д  өөрт  гардуулж өгсөн, өөрөө гарын үсэг зурж хүлээн авсан. Энэ нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасны  дагуу үнэлгээнд гомдол гаргах хугацаа  ч хэтэрсэн. Бас мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3., 44.4.-т заасны дагуу ч гомдол гаргах уг хугацааг хэтрүүлсэн байна. Өмчлөгч Б.Батсүх нь шийдвэр гүйцэтгэх бүх ажиллагаанд анхнаасаа өөрөө оролцоод явж байсан. 6 сарын хугацаанд үнэлгээ гаргуулъя гэх хүсэлтээ гаргаагүй. Нэхэмжлэгч өөрөө оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөрөө төлбөрийг төлж барагдуулаад зөрүү мөнгийг нь авах тухай  хүсэлтээ гаргаж байсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг хангасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Экокапитал ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2020.05.26-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай 6/10, 6/11 тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, энэ хэрэгт төлбөр авагч “Экокапитал ББСБ” ХХК нь гуравдагч этгээдээр хариуцагч талыг дэмжиж оролцож байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.05.14-ний өдрийн 901 тоот захирамжаар иргэн Б.М-оос гэрээний үүрэгт 499 838 470 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 2 867 742 төгрөг тус тус гаргуулж манай байгууллагад олгохоор шийдвэрлэсэн.

Б.М нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж, бүрэн биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 10 сараас явагдаж эхэлсэн. Нэхэмжлэгч Б.Б нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүхий л шатанд оролцож байсан нь иргэн Б.Б-ийн 2021.06.02-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж байсан “үл хөдлөх хөрөнгийг Экокапитал ББСБ” ХХК--д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлтийг гаргаж байснаар бүрэн тогтоогдож байна. Дээрх хүсэлтээс харахад Б.Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, ... тоотод байрлах 141,8 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө мөн хаягт зоорийн давхрын 6 тоотод байрлах, 15 м.кв автозогсоол    зэрэг нь “Экокапитал ББСБ” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжихээр болсныг 2021.06.02-нд мэдэж байсан.  Б.Б  нэхэмжлэл гаргахдаа илт худал үндэслэл гаргасан.

Хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг гардуулаагүй, мэдээгүй гэх агуулгатай шаардлага гаргасан нь хэрэгт байгаа нотлох баримтуудаар, өөрийнх нь хүсэлтээр няцаагдаж байна. Уг хүсэлтэд бүх процесстой бүрэн  танилцсан, зөрүү төлбөрийг шилжүүлж өгнө үү гэсэн байгаа бөгөөд уг хүсэлтээсээ татгалзсан ямар нэгэн баримт байхгүй. Хуульд зааснаар бол үл хөдлөх эд хөрөнгүүдийг 6 сарын хугацаанд дуудлага худалдаанд оруулаагүй бол хэргийн оролцогчийн хүсэлтээр дахин үнэлгээ тогтоох хуулийн зохицуулалт байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад 2020.03.31-ний өдөр үнэлгээ гаргаад 04 дүгээр сард анхны албадан дуудлага явагдаж, 06 дугаар сард хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсан. Энэ бүх хугацаанд Б.Батсүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоод явж байсан. Мөн хөрөнгө нь хангалттай өндөр үнэлэгдсэн учраас худалдан авагч гарч ирээгүй. Нэхэмжлэгч талын ярьж байгаа шиг багаар үнэлсэн бол анхны албадан дуудлага худалдаа юм уу, хоёр албадан дуудлага худалдаагаар зарагдах байсан л байх. Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар шинжээчийн тодорхойлсон үнээс 50 хувиар бууруулаад үнэлүүлэхэд уг хөрөнгө зарагдаагүй.

Манай төлбөрт тооцож авахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шахаад, ковидын улмаас албадан чөлөөлүүлэх ажиллагаа хийхгүй удаашраад  байсан тул бидний зүгээс шинжээчийн үнэлгээгээр тооцож  аваад зөрүү мөнгийг Б.Б-д өгье гэсэн хүсэлт гаргасан, үүнийг Б.Батсүх өөрөө зөвшөөрч мөн хүсэлтээ гаргасан.

Гэтэл өнөөдөр уг хүсэлтээсээ татгалзсан гэж байгаа боловч энэ талаарх баримт нь байхгүй. Иймд хоёр дахь албадан дуудлага худалдаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.05.14-ний өдрийн “Зохигчдын эвлэрлийн батлах тухай” 901 дугаартай захирамж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанууд, шийдвэр гүйцэтгэх  байгууллагын 2020.04.28-ны өдрийн 5/25, 5/26 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”,  2020.05.01-ний өдрийн мэдэгдэл, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн гомдолд хариу өгөх тухай 2021.11.16-ны өдрийн 04/2625 дугаартай албан бичиг, 2021.12.01-ний өдрийн тус шүүхийн шүүгчийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 11315 дугаартай захирамж /хх 5-10, 13-17/,

 

Хариуцагч талаас, 19301039 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн баримтууд болох Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019.09.20-ны өдрийн 622 тоот гүйцэтгэх хуудас, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025750 дугаартай, Ү-2203025751 дугаартай, Б.Батсүхийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө хураах, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, төлбөр төлөгч болон өмчлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл, шинжээч “Баян модот” ХХК-ийн 2020.03.31-ний өдрийн ҮЗХҮ-20/03 тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан”, үнэлгээний мэдэгдэл, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлүүд, байгууллагын 2020.05.26-ны өдрийн 6/10, 6/11  тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, 2020.06.12-ны өдрийн “Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл”, “Экокапитал ББСБ” ХХК-ийн 2021.04.05-ны өдрийн 21-03/41 тоот “Санал болгох хурал хийлгэх тухай” албан бичиг, Б.Батсүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, 2021.05.25-ны өдрийн 4-185/1269 тоот мэдэгдэл  /хх 31, 36-41, 44-48, 50-51, 53-69, 72, 75-77, 83-90, 94-96, 98,100-101/ зэргийг тус тус гаргасан.

 

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс, нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч байгууллагад холбогдуулан, хоёр дахь албадан дуулага худалдаа явуулах тухай 2020.05.26-ны өдрийн 6/10, 6/11 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч Б.Б  нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, миний өмчлөлийн ... хаягт байршилтай, 141.8 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, зоорийн давхарт байрлах, 15 м.кв талбайтай, авто зогсоолыг зориулалттай  үл хөдлөх зэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсаныг мэдэгдээгүй, уг ажиллагаа хууль зөрчсөн, цар тахлын нөхцөл байдлыг харгалзалгүй үнэлгээ хийсэн, 2020.06.02-ны өдөр хөрөнгийн үнийн санал дээр төлбөр авагчтай эвлэрэх боломжтой гэсэн хүсэлтээс татгалзсан гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Хариуцагч байгууллагаас, нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, төлбөр төлөгч Б.М-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нэхэмжлэгчийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020.05.26-ны өдрийн 6/10, 6/11 дугаартай тогтоолыг  2020.05.29-ний өдрийн 4/19731 мэдэгдлийн хамт 2020.06.02-ны өдөр өөрт нь гардуулж өгсөн, 2020.06.12-ны өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаа хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

 

3.Гуравдагч этгээд “Экокапитал ББСБ” ХХК-иас, хариуцагч талын тайлбарыг дэмжин оролцож, төлбөр төлөгч Б.Мөнхболд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, 3 жилийн хугацаанд нэхэмжлэгч нь барьцаанд байсан өөрийн үл хөдлөх эд хөрөнгүүдээ манай байгууллагад шилжүүлэх тухай хүсэлтээ гаргаж байсан, хоёр дахь албадан дуудлага худалдаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдсон.

4.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.05.14-ний өдрийн 182/ШШ2019/00901 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 499 838 470 төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч Б.М  нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, уг төлбөрт  ... хаягт байрлах, 105,85 м.кв  талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  ... хаягт байрлах, 154 м.кв талбайтай, таун хаусыг, 2 автомашины зогсоолын хамт дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ, эзэмшлийг 2019.09.14-ний өдрийн дотор бүрэн шилжүүлж өгөх, шилжүүлж өгмөгц “Экокапитал ББСБ” ХХК нь ... хаягт байршилтай, 701 тоот хаягт байрлах, 141,8 м.кв талбайтай, оффисын зориулалттай, Ү-2203025751 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж өгөх, нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон эд хөрөнгийг дээрх хугацаанд шилжүүлж өгөөгүй тохиолдолд барьцааны гэрээнд дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүд болох ... тоотод байрлах, 105,85 м.кв талбайтай, Ү-2203029367 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ...  зоорийн давхарт 6 тоотод байрлах, Ү-2203025750 дугаартай, 15 м.кв талбайтай авто зогсоол,  мөн хаягт орших 701 тоотод байрлах, 141,8 м.кв талбайтай оффисын зориулалттай, Ү-2203025751 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг хариуцагч Б.М  сайн дураар биелүүлээгүй, төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул нэхэмжлэгч хүсэлт гаргаснаар 2019.09.20-ны өдөр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай, захирамж, 622 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас үйлдэгдэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.

4.2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Б.М-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрөө төлөөгүй тул холбогдох хуульд заасан ажиллагааг хийж, барьцааны зүйл болох нэхэмжлэгч Б.Б-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025751 дугаартай, ... тоотод байрлах, 141,8 м.кв талбайтай оффисын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаят тус байрны зоорийн давхарт 06 тоотод байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025750 дугаартай, 15 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг 2019.11.15-ны өдөр  битүүмжлэн,  2020.03.09-ны өдөр хураасан байна.

4.3.Төлбөр төлөгч Б.М, өмчлөгч Б.Б нарт барьцааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу төлбөр авагчтай харилцан тохиролцож тогтоон үнийн саналаа ирүүлэхийг хариуцагчаас 2020.03.19-ний өдрийн 4/9340 тоот албан бичгээр мэдэгдэж, баталгаат шуудангаар хүргүүлсэн байх боловч төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нар барьцааны зүйлийн үнийн талаар тохиролцоогүй байх тул төлбөр авагч “Экокапитал ББСБ” ХХК-иас шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 156 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Баян модот” ХХК-ийг үнэлгээ гаргах шинжээчээр томилжээ. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч “Баян модот” ХХК нь 2020.03.31-ний өдрийн ҮЗХҮ-20/03 тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан” гаргаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, авто зогсоол зэргийг нийт 391 069 118.28 төгрөгөөр үнэлсэн байна.

4.4.Нэхэмжлэгч Б.Б-д шинжээч “Баян модот” ХХК-ийн 2020.03.31-ний өдрийн ҮЗХҮ-20/03 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т заасны дагуу 2020.04.01-ний өдөр 4/10948 тоот мэдэгдлээр мэдэгдэж баталгаат шуудангаар /хх 72/ хүргүүлэн тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд дээрх 2 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар 258 986 687 төгрөгөөр тогтоож, 2020.05.15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020.04.28-ны өдрийн 5/25, 5/26 дугаартай тогтоолуудыг 2020.05.01-ний өдрийн 4/16343 тоот мэдэгдлээр баталгаат шуудангаар хүргүүлж, тэмдэглэл үйлдэн, 2020.05.05-ны өдөр хамт амьдарч байгаа эх Б.Г-т Б.Б-д уг тогтоол мэдэгдлийг хүлээлгэн өгөхийг даалгасан тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хэрэгт авагдсан.

Эдгээр үйл баримт нь  000238276, 000238277 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2019.11.15-ны өдрийн 1930103/03 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай  тогтоол”, 2020.03.09-ний өдрийн 19301039/05, 19301039/07 тоот “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019.12.31-ний өдрийн 1087 тоот албан бичиг, “Баян модот” ХХК-ийн 2020.03.31-ний өдрийн ҮЗХҮ-20/03 тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан”,  “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020.04.28-ны  өдрийн 5/25, 5/26 тоот тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлүүд, тэмдэглэлүүд, анхны алдбадан дуудлага худалдааг нийтэд  зарлан мэдээлсэн тухай “Өнөөдөр” сонины 2020.04.30-ны өдрийн 086 дугаар зэргээр нотлогдсон.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49., 54., 55 дугаар зүйлийн 55.2.2., 55.3., 63 дугаар зүйлийн 63.1., 64 дүгээр зүйлийн 64.1., 65 дугаар зүйлийн 65.1., 70 дугаар зүйлийн 70.1., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасантай тус тус  нийцсэн байна.

 

5.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2., 177.3., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2.-д  заасны дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025751, Ү-2203025750 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020.06.12-ны өдөр шинжээчийн тогтоосон зах зээлийн үнийн 50 хувь болох 195 534 559 төгрөгөөр албадан дуудлага худалдааны үнийг тогтоон 2020.05.26-ны өдөр 6/10, 6/11 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-ыг үйлдэж, уг тогтоолууд болон 4/19731 тоот мэдэгдлийг  өмчлөгч Б.Батсүхэд 2020.06.02-ны өдөр танилцуулан мэдэгдэж, хүлээлгэн өгч гарын үсэг зуруулан, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2020.06.12-ны өдөр  явуулсан болох нь  шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, “Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл зэргээр нотлогджээ. /хх 87-90, 94-96/

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн  тогтоол, мэдэгдлийг хүлээн аваагүй, хоёр дахь албадан дуудлага худалдааг огт мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68., 69., 72., 75 дугаар зүйлийн 75.1.2., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2., 177.3.-т заасан журмыг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулах талаар барьцааны зүйлийн өмчлөгчид мэдэгдсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 32 дугаар зүйлийн 32.5., 66 дугаар зүйлийн 66.3.-т заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

Түүнчлэн хэрэгт төлбөр авагч “Экокапитал ББСБ” ХХК-ийн 2021.04.05-ны өдрийн 21-03/41 дугаартай “Санал болгох хурал хийлгэх тухай” албан бичгээр барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025751 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 32/1 дүгээр байрны  701 тоотод байрлах, 141,8 м.кв талбайтай оффисын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг үлдсэн 322 706 212 төгрөгийн төлбөртөө тооцон авах тухай хүсэлт, нэхэмжлэгч Б.Батсүхийн Нийслэлийн  шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон, зөрүү 46 494 769 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банк дахь 5431109183 тоот дансанд шилжүүлүүлэх тухай хүсэлт хэрэгт авагдсан байна.

 

6.Нэхэмжлэгч Б.Б өөрийнх нь өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулах талаар  2020.06.02-ны өдөр мэдсэн байх бөгөөд тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эрх ашиг сонирхлыг нь зөрчсөн талаар гомдол гаргасныг ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс хянаж, 2021.11.16-ны өдрийн 04/2625 тоот албан бичгээр хариу өгч  шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5.-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо тус шүүхэд 2021.11.24-ний өдөр гаргасан нь хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

7.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.05.14-ний өдрийн 901 дугаартай захирамжийг биелүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгчийн болон бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болох өмчлөгч Б.Батсүхийн хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хуульд заасны дагуу хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан байх тул нэхэмжлэгч Б.Батсүхийн  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад  хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан  ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/10, 6/11 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг тус  тус удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2., 177.3.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, хоёр дахь албадан дуулага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/10, 6/11 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2019/12334 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.БАЙГАЛМАА