Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2022/00404

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоот хаягт байршилтай, 48,43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай иргэний хэргийг 2021 оны 07 дугаар сарын 27-нды өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхишиг, О.Оюунзул, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Проадд ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн нар оролцов.

Шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бадралсайхан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа нараас шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэлт ирүүлснийг үндэслэн тэдний эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.О-аас  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Б.Болоржаргалаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2015.11.11-ний өдрийн 07631 дугаартай захирамжаар, Б.Б-аас 95 656 000 төгрөгийг гаргуулж, “Проадд ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа  Б.О-ийн өмчлөлийн ... 2 өрөө орон сууцны өмчлөх эрхэнд хууль бусаар халдаж битүүмжилж, хураах ажиллагаа явуулан, үнэлгээ хийж анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулах гэж байхад нь нэхэмжлэгчийн зүгээс 2017.04.04-ний өдөр анх мэдсэн байдаг. Ингээд шийдвэр гүйцэтгэлийн хураах, битүүмжлэх, үнэлгээ хийх, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж шүүхээс 2017.06.02-ны өдөр  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч Б.О-д дахин мэдэгдэлгүйгээр түүний өмчлөлийн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж анхны албадан дуудлага худалдааг 2019.03.15-ны өдөр явуулсан болохыг шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргал нь 2019.03.22-ны өдөр нэхэмжлэгч Б.О-д утсаар мэдэгдсэн ба уг ажиллагааг  хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар 2019.03.22-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээс нэхэмжлэлийг 2019.04.03-ны өдөр хүлээн авахаас татгалзсан. Дараа нь дахин нэхэмжлэл гаргаад шүүхээс 2019.04.25-ны өдөр нэхэмжлэлийг мөн хүлээн авахаас татгалзсан. 2019.05.14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс 2019.05.20-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, 2019.06.28-ны өдөр нэхэмжлэлийг буцаасан. Үүний дараа 2019.07.30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг хэрэг хянагдаж байна.

Төлбөр төлөгч Б.Б-аас төлбөр гаргуулан “Проадд ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагааг явуулахдаа  Б.О-ийн өмчлөлийн хөрөнгийг хурааж, битүүмжлэн, үнэлгээ хийж дуудлага худалдаа зарлан ажиллагаа явагдсан  Б.О-ийн хувьд уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өмчлөгчийн хувиар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн хувиар оролцож байгаа.  Ийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1., 122.3.-т заасны дагуу шүүхэд гуравдагч этгээдийн хувиар Б.О-ийн өмчлөлийн ... тоот хаягт байрлах 48,43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг анхны албадан дуудлаа худалдаанд оруулсан 2019.03.15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1., 19.3.-т зааснаар гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглодог.

Шүүгчийн 2015.11.11-ний өдрийн 7631 дугаартай захирамжийг үндэслэж гарсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай  захирамж, гүйцэтгэх хуудсанд Б.О-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар огт дурдагдаагүй, гүйцэтгэх баримт бичигт огт дурдагдаагүй байхад Б.О-ийн өмчлөлийн хөрөнгөнд халдаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль бус гэсэн үндэслэлээр шаардаж байгаа. Б.О-ийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэлийг өмнө нь ч гаргаж байсан, улсын байцаагчийн 2017.04.18-ны өдрийн 17 дугаартай актаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож байсан. Гэвч дахин энэ зөрчлөө давтаад ажиллагаа явуулаад байгаа нь Б.О-ийн эрх ашигт сөргөөр халдаж байна гэж үзэж байгаа.  Гэрлэлтийн баталгаатай бол бүх хөрөнгө дундын хөрөнгө байна гэж үзэхгүй. Уг хөрөнгө анхнаасаа Б.О-ийн аав нь худалдаж аваад түүний нэр дээр бүртгүүлсэн хуваарьт хөрөнгө байсан. Хэрвээ хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж байгаа бол үүнийг шүүх тогтоох ёстой. Шийдвэр гүйцэтгэгч энэ 2 хүн гэрлэлтийн баталгаатай, энэ хөрөнгө дундын хөрөнгө л байх ёстой гээд шууд ажиллагаа хийх нь буруу юм.

Хариуцагчийн тайлбараар, энэ нэхэмжлэлийг өмнө нь шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй, Б.О-ийн хувьд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байхгүй. Анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай мэдэгдэх хуудсыг 2019.02.28-нд явуулсан гэх боловч уг мэдэгдэл нь 2019.03.06-нд буцаж ирсэн байдаг боловч шийдвэр гүйцэтгэгч хаягийг тогтоох ажиллагаа хийгээгүй, ийм баримтыг гаргаж өгөөгүй. Б.О  нь өөрийн оршин сууж байгаа ... тоот хаягаа шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж байсан, уг хаягаар нь очиж зурагт, хөргөгчийг нь хураана гэж хэлж байсан байдаг. Нэхэмжлэгч нь аавынхаа байрыг Б.Б-ны төлбөрт өгөх боломжгүй гэж үзсэн.  Иймд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Б.Б-аас 95 656 000 төгрөгийг гаргуулж, “Проадд ББСБ” ХХК-д олгох тухай  2015.11.11-ний өдрийн шийдвэрийн дагуу  2016.03.28-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, 2016.04.15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Б.Б-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч иргэнээс төлбөр авах ажиллагааг явуулсан. Уг ажиллагааны хүрээнд төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгөнүүдийг тодруулах, харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжлэх, хасалт хийлгэх тухай тогтоолуудыг арилжааны банкнуудад хүргүүлсэн. Энэ ажиллагаануудаар төлбөр төлөгчийн өмчлөлд хөрөнгө тогтоогдоогүй. Арилжааны банк дахь данснаас төлбөрийн шаардлага хангахуйц мөнгөн хөрөнгө татагдаагүй байдлууд тогтоогдсон ба энэ талаарх холбогдох баримтуудыг  шүүгчийн захирамжийн дагуу шүүхэд гаргаж өгсөн.

Тухайн үед нэхэмжлэгч нь зээл, хүүнд 95 656 000 төгрөг авах, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ бүртгэлтэй байгааг нэхэмжлэлдээ дурдаад талууд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсан захирамж гарсан.  

Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт ... тоот орон сууц нь төлбөр авагчийн буюу нэхэмжлэгчийн барьцаанд бүртгэлтэй, энэ барьцааны гэрээ, улсын бүртгэлээс авсан лавлагаагаар тогтоогдож байгаа тухай дурдсан байдаг. Уг орон сууц нь төлбөр төлөгч Б.Б-ы эхнэрийн нэр дээр бүртгэлтэй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгөөс төлбөр гаргуулах, мөн төлбөр авагчийн барьцаа хөрөнгө байгаа учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад уг хөрөнгөнд битүүмжлэх, хураах ажиллагааг зохион байгуулсан. Мөн дараа нь үнэлгээ тогтоох ажиллагааг зохион байгуулсан.

Үнэлгээ тогтоох ажиллагаатай холбогдуулаад Б.О., Б.Б. нарын зүгээс үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 04 дүгээр сард гаргаж үүнийг 3 шатны шүүх шийдвэрлэж, 2018.12.13-ны өдрийн 1838 тоот Улсын Дээд шүүхийн тогтоолоор үнэлгээ тогтоосон ажиллагаа, битүүмжлэх, хураах ажиллагаа нь хуульд нийцсэн гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Энэ гаргасан нэхэмжлэл 2 шаардлагатай байна.

Битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бол гуравдагч этгээдийн тайлбарласнаар өмнө шийдвэрлэгдсэн үйл баримт буюу 3 шатны шүүх үнэлгээний талаар шийдвэр гаргахдаа  бүгдийг хууль зөрчөөгүй гээд дүгнэсэн.

Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлагын хувьд, нэхэмжлэгчийн төлөөлөгч анхны албадан дуудлага болсныг нэхэмжлэгч 2019.03.22-ны өдөр мэдсэн гэдэг. Үүнээс хойш хэд хэдэн удаа нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан. Энэ нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын буруутай үйл ажиллагаа биш. Анхны албадан дуудлага худалдаа явагдаж байгаа гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдсэн байдаг. Мөн 2018.12.13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захиармжийн үйлчлэл дуусгавар болоод 2019.03.15-нд анхны дуудлага худалдаа болно гэдгийг нэхэмжлэгч Б.О., төлбөр төлөгч Б.Б. нарт бүртгэлтэй хаягаар нь баталгаат шуудангаар мэдэгдсэн.  Хаягаа өөрчилбөл мэдэгдэх үүрэгтэй. Иймд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй.

Шүүхээс нэхэмжлэлийг хүлээж аваагүй буцаасан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй. Яг ямар үндэслэлээр анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах гэж байгаа талаар, ямар хуулийн зүйл, заалтыг яаж зөрчсөн нь тодорхойгүй, нэхэмжлэл тодорхойгүй.  Улсын Дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд хэргийг буцаахдаа  мэтгэлцэх зарчим хангаагүй, мөн Б.О., Б.Б.нар нь ямар хамааралтай хүмүүс гэдгийг тодруулаагүй гэж үзсэн,  энэ хүмүүс нь 2004 оноос хойш гэр бүл болсон, тухайн орон сууц нь  Б.О-ийн өмчлөлд бүртгэлтэй. Ашиглалт нь гэр бүлийн гишүүдийн дундын өмч хөрөнгө, бүх гишүүдийнх нь хамтран өмчлөх хөрөнгө юм.  

Хуульд заасан бүх ажиллагааг  бүрэн явуулсан. Улсын байцаагчийн актаар 2016 оны эд хөрөнгө хураах тогтоол л хүчингүй болсон, бусад ажиллагааг хүчингүй болгоогүй.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.06.02-ны өдрийн захирамжаар 2016 оны анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн. 2016.08.08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх,  2017.04.22-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолууд одоо ч хүчинтэй байгаа.  Нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Проадд ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалтаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021.06.22-ны өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолоор уг хэргийг анхан шатны шүүхэд буцаахдаа 3 дүгнэлтийг тайлбарласан.  Үүний нэг нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг анхаарч үзээгүй байна гэж дүгнэсэн. Энэ нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үнэлэхтэй холбоотой асуудал юм. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх, битүүмжлэх, хураан авах ажиллагаа нь хууль зөрчөөгүй гэсэн.

Нэхэмжлэлийн шаардлага болох битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулна гэдэг нь  хөрөнгө хураах, битүүмжлэх ажиллагаа нь хуульд нийцээгүй, ийм ажиллагаа хийх ёсгүй гэсэн агуулгатай байгаа. Энэ агуулгаар бол нэхэмжлэлийн шаардлагатай энэ үйл баримт давхцаж байна.  Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.-д зааснаар нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна.

Дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага ч үндэслэлгүй. Албадан дуудлага худалдааг хүчингүй болгох шаардлага дээр хугацааг анхаарч үзэх ёстой. 2019.06.18-нд нэхэмжлэлийг буцаагаад 2019.07.30-ны өдөр, бараг сар гаруй хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасанд иргэний хэрэг үүсгэсэн. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, дараа нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаад, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах гэж байдаг. Иймээс хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, 2019.07.30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хугацаа хэтрүүлсэн байна. Битүүмжлэх, хурааж авах, үнэлэх ажиллагаанууд нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна гэдэг 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад дуудлага худалдаа яагаад явагдах ёсгүй гэж үзээд байна вэ, ажиллагаанууд нь хуульд нийцсэн байна гэж 3 шатны шүүх үзсэн байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлээд дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хуулийн дагуу явуулах ёстой. Үүнийг буруу гэж үзэхгүй байна.

Б.Ба-ны нэхэмжлэлтэй үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.О. байнга оролцоод явж байсан. Б. О. нь үнэлгээнд ч түүний өмнөх ажиллагаануудад ч гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрөөд явж байсан. Гүйцэтгэх бичиг баримтад байхгүй хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч уг орон сууцаа барьцааны хөрөнгө болсон гэдгийг мэдэж байсан. Нэхэмжлэл үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө  үү гэв.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б-аас шүүхэд гаргасан тайлбартаа: Б.О-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт Б.Б. би гуравдагч этгээдээр оролцож байна. Би эрх үүрэгтэй танилцсан, мөн хэргийн материалтай танилцсан. Нэхэмжлэлтэй холбогдуулан надад шүүхэд гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт, тайлбар байхгүй. Гүйцэтгэх ажиллагаа хууль бус байсан. Иймд намайг оролцуулалгүйгээр хуульд заасан ажиллагааг явуулж хэргийг шийдвэрлэнэ үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.11.11-ний өдрийн 7631 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”, 2016.03.28-ны өдрийн 12533 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай”, захирамжууд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.06.02-ны өдрийн 1595 дугаартай “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг  баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, 2019.04.12-ны өдрийн 4/30 тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай” тогтоол, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2019.05.13-ны өдрийн 4/1016 тоот “Гомдол хариу өгөх тухай” албан бичиг, шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болон нэхэмжлэлийг буцаасан тухай захирамжууд, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /1хх 6-19/, 2019.05.14-ний өдөр  Б.О-аас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэл /1 хх 244/, Г-445 тоот Б.Бадралсайхан, Б.О.нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /2хх 7/,

Хариуцагч талаас, 16300446 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн баримтууд /1хх 31-85/, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны  2018.12.13-ны өдрийн 1838 дугаартай тогтоол /1хх 126-127/, ахлах шийдвэр гүйцэтгэчийн 2019.02.26-ны өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 3/8 тоот тогтоол, 2019.02.26-ны өдрийн мэдэгдэл, 2019.03.15-ны өдрийн “Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл” /1хх 128-141/, “Ханбогд капитал ББСБ” ХХК-ийн 2019.03.12-ны өдрийн 19/44 тоот албан бичиг /1хх 147/, 2021.10.18-ны өдрийн 21110001001944 тоот Б.Бадралсайхан, Б.Отгонтуяа нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2хх 9/,

Тус шүүхийн шүүгчийн 2021.11.03-ны өдрийн 10245 дугаартай, 2022.01.25-ны өдрийн 00995 дугаартай захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.05.21-ний өдрийн 04348 дугаартай “Иргэний хэрэг үүсгэх тухай”, 2019.06.28-ны өдрийн 5497 дугаартай “Нэхэмжлэлийг буцаах тухай” захирамжууд /2хх 3-5/, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын болон 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтууд /2хх 130-132/, 2016, 2017 онуудад шийдвэр гүйцэтгэх байгууллагаас арилжааны банкуудад явуулсан төлбөр төлөгч Б.Б-ны мөнгөн хадгаламж, харилцах дансны мэдээллийг авах, дансанд хасалт, хаалт хийх тухай албан бичгүүд, дүүргүүдийн Өмч газрын харилцааны алба болон Нийслэлийн өмчийн харилцааны газраас төлбөр төлөгчид эзэмшлийн болон өмчлөлийн газар бүртгэгдсэн эсэх лавлагаа, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иас үнэт цаас эзэмших эрх бүртгэлтэй эсэх, бүртгэлийн байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, нийгмийн даатгалын байгууллагаас шимтгэл төлдөг эсэх талаар, гаалийн байгууллагаас Монгол улсын хилээр экспорт, импортын бараа бүтээгдэхүүн нэвтрүүлсэн эсэх, гаалийн баталгаат агуулахын хадгалалтад эд хөрөнгө хадгалагдаж байгаа эсэх талаарх лавлагааг авах ажиллагааг явуулсан тухай баримтууд /2хх 69-129/  шүүхэд ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс, нэхэмжлэгч Б.От-ийн өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоот хаягт байршилтай, 48,43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай хариуцагч байгууллагад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч Б.О. нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.,19.3.-т гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг зөрчин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2015.11.11-ний өдрийн 7631 дугаартай захирамжийг үндэслэж гарсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсанд Б.О-ийн өмчлөлийн, ... тоот хаягт байрлах, 48,43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхэд хууль бусаар халдаж битүүмжилж, хураах ажиллагаа явуулан, үнэлгээ хийж анхны дуудлага худалдаанд оруулсан нь хууль бус болсон, шүүгчийн захирамжид үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар огт заагаагүй буюу гүйцэтгэх баримт бичигт огт дурдагдаагүй хөрөнгөөс шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулсан нь хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, уг орон сууц нь анхнаасаа Б.Отгонтуяагийн өмчлөлийн, хуваарьт хөрөнгө байсан, хэрэв хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж байгаа бол үүнийг шүүх тогтоох ёстой байсан гэж тодорхойлон мэтгэлцсэн.

 

2.Хариуцагч байгууллагаас, нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, тус газраас 2016.04.15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэснээс хойш төлбөр төлөгч Б.Б-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч иргэний өмчлөлийн хөрөнгүүдийг тодруулах, харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжлэх, хасалт хийлгэх тухай тогтоолуудыг арилжааны банкнуудад хүргүүлсэн боловч төлбөр төлөгчийн өмчлөлд мөнгө, эд хөрөнгө тогтоогдоогүй, арилжааны банк дахь данснаас төлбөрийн шаардлага хангахуйц мөнгөн хөрөнгө татагдаагүй байдлууд тогтоогдсон, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц нь төлбөр авагчийн барьцаанд бүртгэлтэй, барьцааны гэрээний зүйл буюу төлбөр төлөгч Б.Б-ны гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан.  Барьцаа хөрөнгө учраас уг хөрөнгөнд битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулсныг Б.Б-ны нэхэмжлэлтэй  үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэрээр хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн, битүүмжилсэн хөрөнгийн жагсалтаас чөлөөлүүлэх шаардлагын талаар өмнө нь шүүх шийдвэрлэсэн тул үндэслэлгүй, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлагын хувьд уг албадан дуудлага худалдааг явуулах тухай мэдэгдлийг Б.О. болон Б.Б.нарт бүртгүүлсэн хаягаар нь баталгаат шуудангаар мэдэгдсэн, хаягаа өөрчилсөн талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, энэ ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул шаардлага үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

 

3.Гуравдагч этгээд “Проадд ББСБ” ХХК-иас хариуцагч талыг дэмжин оролцож, нэхэмжлэгчийн битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэл нь 2018.12.13-ны өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолоор 3 шатны шатны шүүхээр тогтоогдсон үйл баримттай давхцаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.-д зааснаар нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон асуудал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Анхны албадан дуудлага худалдааны хувьд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, дараа нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан, гэтэл эдгээр хуулийн хугацааг хэтрүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн дээрх нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдсон.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.11.11-ний өдрийн 7631 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “Проадд ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 95 656 000 төгрөгийг 2015.11.17-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын хооронд төлж барагдуулахаар хариуцагч Б.Ба. нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг хариуцагч сайн дураар төлж барагдуулаагүй тул нэхэмжлэгч хүсэлт гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2016.03.38-ны өдрийн 12533 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 1359 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас үйлдэгдэн, эдгээр гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2016.04.15-ны өдөр  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж 16300443 тоот тогтоол үйлдэн уг ажиллагааг явуулжээ.

 

5.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Б.Б-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж, түүний өмчлөл, эзэмшилд  газар, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх, арилжааны банкууд дахь мөнгөн хадгаламж, харилцах дансны мэдээллийг авах, дансанд хасалт, хаалт хийх, үнэт цаас эзэмших эрх бүртгэлтэй эсэх, Монгол Улсын хилээр экспорт, импортын бараа бүтээгдэхүүн нэвтрүүлсэн эсэх, гаалийн баталгаат агуулахын хадгалалтад эд хөрөнгө хадгалагдаж байгаа эсэх, нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлдөг эсэх талаарх лавлагаа авах зэрэг ажиллагааг хийж, 2016.08.08-ны өдөр нэхэмжлэгч Б.О-н нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоот хаягт байршилтай, 48,43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2016.08.12-ны өдөр уг орон сууцыг хураасан байна.

Эдгээр үйл баримт нь 2016.05.11-ний өдрийн хариуцагч байгууллагаас холбогдох байгууллагад явуулсан 3/17855, 3/17856, 3/17857, 3/17858, 3/17859, 3/17860 тоот, 2016.05.31-ний өдрийн 3/20275 тоот, 2016.08.08-ны өдрийн 3/25064 тоот, 2017-2019 онуудад явуулж байсан  албан бичгүүд, 2016.08.08-ны өдрийн 119/04 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, 2016.08.12-ны өдрийн 119/08 тоот “Эд хөрөнгө хураах тогтоол”, Б.Б. нь харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэггүй талаар тодорхойлсон “Капитрон”, “Чингис хаан”, “Богд”, “Капитал”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Хас” банкуудын тодорхойлолтууд, Б.Б-ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, .... тоот хаягт байршилтай, 42 м.кв талбайтай орон сууц нь 2013.07.30-ны өдрийн “Хан богд капитал ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй талаарх Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын болон Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Өмч, Газрын харилцааны алба, Газрын албадаас ирүүлсэн Б.Бадралсайханы өмчлөл, эзэмшилд олгогдсон газрын бүртгэл мэдээллийн санд байхгүй, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй талаарх лавлагаанууд, Гаалийн ерөнхий газрын 2017.04.21, 25-ны өдрийн Б.Бадралсайхан нь 2012-2017 онд  гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн мэдээлэл байхгүй талаарх албан бичиг, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 2019.01.17-ны өдрийн 01/161 тоот Б.Б. нь төвлөрсөн хадгаламж дахь мэдээллийн санд 69-11332 тоот дансанд ногдол ашгийн 35 728 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг тусгаарласан тухай албан бичиг, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016.05.17-ны өдрийн 995 дугаартай албан бичиг зэргээр нотлогдсон .

 

6.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны улсын байцаагчийн 2017.04.11-ний өдрийн 17 тоот актаар шийдвэр гүйцэтгэгчийн 2016.08.12-ны өдрийн 119/08 тоот “Эд хөрөнгө хураах тогтоол”-ыг хүчингүйд тооцож, гүйцэтгэх баримт бичигт хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай зохион байгуулахыг шийдвэр гүйцэтгэгчид үүрэг болгосон байх ба нэхэмжлэгч Б.О-ийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар хариуцагч байгууллагад холбогдуулан  гаргасан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.06.02-ны өдрийн 01595 дугаартай захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /1хх 10, 56/

 

7.Шийдвэр гүйцэтгэгчийн 2016.08.12-ны өдрийн 119/08 тоот “Эд хөрөнгө хураах тогтоол”-ыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны улсын байцаагчийн 2017.04.11-ний өдрийн 17 тоот актаар хүчингүйд тооцсоны дараа шийдвэр гүйцэтгэгчээс 2017.04.22-ны өдрийн 119/09 тоот “Эд хөрөнгө хураах тогтоол” үйлдэж, нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх 2 өрөө орон сууцыг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар үнийн санал өгөөгүй гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх байгууллагын 3/8 тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчээс уг орон сууцыг 80 995 000 төгрөгөөр үнэлжээ.

Дээрх иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7., 49., 54., 55., 86  дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн төлбөр төлөгч Б.Бадралсайханы гомдолтой, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.29-ний өдрийн 1121 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2018.07.16-ны өдрийн 1638 дугаартай магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.12.13-ны өдрийн 1838 дугаартай тогтоолоор  хянаж, шийдвэр, магадлалыг тус тус хэвээр баталж шийдвэрлэжээ. /1хх 77-80, 126-127/

 

8.Хариуцагч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2016.04.15-ны өдрийн 16300443 тоот тогтоолын дагуу үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, “Проадд ББСБ” ХХК болон Б.Б. нарын хооронд 2013.10.18-ны өдөр байгуулсан 13/10/18 тоот “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Проадд ББСБ” ХХК болон Б.Б., Б.О. нарын хооронд  байгуулсан 2013.10.21-ний  өдрийн 13/10/18Б тоот “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-ний зүйл болох нэхэмжлэгчийн өмчлөлийн,  эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоот, 48,43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг /1 хх 39-43/ шинжээчийн тодорхойлсон үнэлгээний 70 хувь буюу 56 696 500 төгрөгөөр албадан дуудлага худалдааны үнийг тогтоож, 2019.03.15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019.02.26-ны өдрийн 3/8 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол” гаргаж, 2019.02.28-ны өдрийн 4/4935 тоот мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч Б.Б., өмчлөгч Б.О. нарт 2019.03.01-ний өдөр баталгаат шуудангаар,  мөн анхны албадан дуудлага худалдаагаар уг орон сууц худалдан борлогдоогүй, үнийн санал ирээгүй тул шинжээчийн тодорхойлсон үнэлгээний 50 хувь буюу 40 497 500 төгрөгөөр албадан худалдах доод үнийг тогтоон, 2019.04.12-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019.03.26-ны өдрийн 4/09 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол” гаргаж,  2019.04.03-ны өдрийн 4/8200  тоот мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч Б.Б., өмчлөгч Б.О. нарт баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн байна.

Эдгээр үйл баримтууд нь анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/8 тоот, 4/09 тоот тогтоолууд, 2019.03.15-ны өдрийн “Анхны  болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл”, мэдэгдэх хуудсууд зэрэг баримтуудаар нотлогдсон. /1хх 128-144/

 

9.Хариуцагч байгууллагаас, нэхэмжлэгч Б.О-ийн иргэний үнэмлэхний хаяг болох ... тоот хаягаар анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоол, 2019.02.28-ны өдрийн 4/4935 тоот мэдэгдэх хуудсыг  2019.03.01-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлснийг 2019.03.06-ны өдөр буцаасан тухай шуудангийн магадлагаа хэрэгт авагдсан байх боловч нэхэмжлэгч нь удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдэх хуудас, баримтуудыг дээрх бүртгэлтэй хаягаар хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байсан байх бөгөөд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын 2022.02.09-ний өдрийн 14 тоот “...Тухайн хаяг тус хороонд байхгүй. Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд харьяалалтай...хороодын бүтэц, зохион байгулалт өөрчлөгдөж, тус хороо нь Хан-Уул дүүргийн 18, 19 дүгээр хороо болон хуваагдсан...” гэсэн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 19 дугаар хорооны Засаг даргын 2022.02.14-ний өдрийн 2/136 тоот “. О. нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны ЧХД ... байрны ... тоотод оршин суудаггүй...” гэж тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.-т “...оршин суугаа газрын хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх болон гүйцэтгэх баримт бичиг, хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.О. нь оршин суугаа, бүртгэлтэй хаягийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны .. байрны ... тоот гэж өөрчилсөн талаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг...шуудан харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь хүргүүлсэнд тооцно” гэж заасны дагуу 2019.02.26-ны өдрийн 3/8 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, 2019.02.28-ны өдрийн 4/4935 тоот мэдэгдэх хуудсыг 2019.03.01-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн анхны албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд, 2019.03.15-ны өдөр 2019.02.26-ны өдрийн 3/8 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-ын дагуу явагдсан анхны албадан дуудлага худалдааны ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71., 72.  дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасантай нийцсэн байна.

 

10.Хэрэгт авагдсан Г-445 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2021.10.18-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 21110001001944 тоот гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр Б.Б., Б.О. нар нь 2004 онд гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон байх бөгөөд маргааны зүйл болох дээрх 2 өрөө орон сууцыг 2011.03.23-ны өдөр нэхэмжлэгч Б.О-ийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг, 127 дугаар зүйлд гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгийг тус тус тодорхойлсон байх бөгөөд, 126 дугаар зүйлийн 126.2.4.-т зааснаар  “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө...” нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах байна. Үүнээс үзэхэд, эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, .... тоот хаягт байршилтай, 48,43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц нь гэрлэгчдийг гэрлэснээс хойш хугацаанд буюу 2011.03.23-ны өдөр гэрлэгч  Б.О-ийн нэр дээр бүртгэгдэж бий болсон хөрөнгө байх тул Б.Б-ны гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч буюу Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д заасан гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөд хамаарахгүй байна.

 

11.Нэхэмжлэгч Б.О. нь нөхөр Б.Б-ыг төлбөр авагч “Проадд ББСБ” ХХК-иас  2013.10.18-ны  өдөр 13/10/18 тоот “Зээлийн гэрээ” байгуулан 60 000 000 төгрөгийн зээл авах үед уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, “Проадд ББСБ” ХХК-тай, нөхөр Б.Б-ны хамт 2013.10.21-ний  өдөр 13/10/18Б тоот “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-г байгуулж өөрийн нэр дээр бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцаалуулагч болсон байна.

Иймд, хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1., 86.2., 86.4.-т заасны дагуу холбогдох ажиллагааг явуулсан боловч төлбөр төлөгч иргэний банк дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг  хангахад хүрэлцэхгүй байх тул 86.5., 86.6.-д заасны дагуу  хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс төлбөрийг барагдуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулан нэхэмжлэгчийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, үнэлгээ тогтоон анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1., 19.3., 49 дүгээр зүйлийг  зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

12.Хэрэгт авагдсан, “Ханбогд капитал ББСБ” ХХК-ийн 2019.03.12-ны өдрийн 19/44 тоот албан бичиг /1хх 147/, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн  хэлтсийн 2019.03.05-ны өдрийн 276 тоот албан бичиг /2хх 119/-ээс үзэхэд төлбөр төлөгч Б.Б-ны өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай,  ... тоотод байрлах, 42 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц нь “Ханбогд капитал ББСБ” ХХК болон Б.Б.нарын хооронд байгуулсан 2012.12.11-ний өдрийн ЗГ1211/10 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ1211/10 дугаартай барьцааны гэрээний зүйл болж бүртгэгджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3.-т “Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч, эсхүл барьцаалагчийн хүсэлтийг үндэслэн барьцааны хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах, эсхүл төлбөрт суутган төлбөр авагчид шилжүүлэх тухай шийдвэр гаргана” гэж заасан бөгөөд бусдын барьцаанд байгаа төлбөр төлөгч Б.Б-ны өмчлөлийн 3 өрөө орон сууцыг төлбөртөө тооцон авах, албадан борлуулах талаар төлбөр авагч “Проадд ББСБ” ХХК,  барьцаалагч  “Ханбогд капитал ББСБ” ХХК-иас хүсэлт, тайлбар гаргаагүй, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй тул 2016.04.15-ны өдрийн  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн 16300443 тоот тогтоолын дагуу төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэгдсэн дээрх орон сууцны үнээс төлбөрийг барагдуулах  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах үндэслэлгүй болно.

 

13.Нэхэмжлэгч нь 2019.03.15-ны өдөр 2019.02.26-ны өдрийн 3/8 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-ын дагуу явагдсан анхны албадан дуудлага худалдааны ажиллагааны талаар 2019.03.22-нд мэдсэн гэж тайлбарласан бөгөөд 2019.03.27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг 2019.04.03-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 2771 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Үүний дараа нэхэмжлэгчээс уг гомдлыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019.04.12-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай” 4/30 тоот тогтоолоор гомдлыг хангахаас татгалзан шийдвэрлэснийг  нэхэмжлэгч эс зөвшөөрч  2019.04.18-ны өдөр гомдол гаргасныг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хянаж 2019.05.13-ны өдөр 4/1016 тоот албан бичгээр гомдолд хариу өгсөн.

Дээрх хугацаанд нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийг 2019.04.18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019.04.25-ны өдрийн 4902 дугаартай захирамжаар, 2019.05.02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019.05.09-ний өдрийн 3950 дугаартай захирамжаар тус тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж байсан байна.

Нэхэмжлэгч Б.О. нь хариуцагч байгуллагад холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийг 2019.05.14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар шүүхээс иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2019.06.18-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 5497 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцаан шийдвэрлэсэн байх бөгөөд хамгийн сүүлд 2019.07.30-ны өдөр энэ нэхэмжлэлийг буюу өөрийн нэр дээр бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан 2019.03.15-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллагад холбогдуулан гаргасан байна.

Дээрх гомдол шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрүүд, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэлийг буцаасан тухай  шүүгчийн захирамжууд хэрэгт авагджээ. /1хх 13-19, 2хх 3-5/

Нэхэмжлэгч Б.О. нь 2019.06.18-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 5497 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцаан шийдвэрлэснээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан хугацааг хэтрүүлэн 2019.07.30-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан байх боловч мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.3.-т “Энэ хуулийн 44.3., 63.4.-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй” гэж заасны дагуу өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан 2019.03.15-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлээ гаргасан нь  хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

 

14.Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2015.09.28-ны өдрийн 16301044 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолын дагуу  төлбөр авагч Б.Должиндэмбэрэлд төлөх төлбөртэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд /2хх 84-85, 108-112/ нь энэ нэхэмжлэлтэй хамааралгүйг дурдав.

 

15.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7631 дугаартай, “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг биелүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Б.Отгонтуяагийн хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Б.О-ийн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоот хаягт байршилтай, 48,43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

16.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг тус  тус удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-ийн, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоот хаягт байршилтай, 48,43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШЗ2019/06848 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.БАЙГАЛМАА