Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 866

 

 

 

Б.О-гийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00163 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О-гийн  хариуцагч НШГГ-т холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас үл хөдлөх эд хөрөнгө хасуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7631 дугаартай захирамжаар Б.Бадралсайханаас 95 656 000 төгрөг гаргуулж, “Проадд ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Б.О-гийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2206016977 дугаар бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны 33 тоот, 48.43 м.кв талбайтай, 2 өрөө байрны өмчлөх эрхэнд халдаж байгаа тул битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн орон сууцыг битүүмжлэн, хураах тогтоол үйлдэн үнэлгээ хийлгэж, анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулах талаар 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн. Миний өмчлөлийн эрхийн улсын Ү-2206016977 дугаар бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураан, үнэлгээ хийлгэсэн, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болж өгнө үү гэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/01595 дугаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Гэтэл хариуцагч өмчлөгч Б.О-д мэдэгдэлгүй түүний өмчлөлийн хөрөнгөд халдаж, анхны албадан дуудлага худалдааг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр явуулсан болохыг шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргал утсаар ярьж хоёр дахь дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаар мэдэгдсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7631 дугаартай Б.Бадралсайханаас 95 656 000 төгрөг гаргуулж, “Проадд ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, түүний үндэслэн гарсан шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудаст Б.Оминий өмчлөлийн эрхийн улсын Ү-2206016977 дугаар бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны 33 тоот, 48.43 м.кв талбайтай, 2 өрөө байрыг худалдан борлуулах, төлбөр авагч “Проадд ББСБ” ХХК-д өмчлөх эрхийг нь шилжүүлэх талаар дурьдаагүй. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.О-гийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2206016977 дугаар бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны 33 тоот, 48.43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7631 дугаартай Б.Бадралсайханаас 95 656 000 төгрөг гаргуулж, “Проадд ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн дагуу анхны албадан дуудлага худалдаанд оруулсан 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ажиллагааг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7631 дүгээр захирамжаар Б.Бадралсайханаас 95 656 000 төгрөгийг гаргуулан “Проадд ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө тогтоохоор холбогдох газраас лавлагаа авахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас Б.Бадралсайханы нэр дээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо хөнгөн хүнсний үйлдвэр 2/30 байрны 18 тоот орон сууц бүртгэлтэй гэх хариуг ирүүлсэн бөгөөд “Хан Богд капитал” ББСБ-д барьцаатай байсан. Төлбөр төлөгч Б.Бадралсайханд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул харилцах дансны зарлагын гүйлгээг төлбөрийн шаардлагын хэмжээнд зогсоосон байна. Б.О-гийн нэр дээрх Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны 33 тоот 48.43 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү- 2206016977 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц нь төлбөр авагч “Проадд ББСБ” ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй болох нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газраас авсан лавлагаагаар тогтоогдож байна. Уг орон сууц нь барьцаа хөрөнгө учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл биелүүлэх ажиллагаа явагдсан. Б.О нь шийдвэр гүйцэтгэгчийг гүйцэтгэх баримт бичиггүйгээр ажиллагаа хийж байна гэж байгаа боловч тухайн захирамжид дурьдсан хөрөнгийг худалдан борлуулахыг хариуцагч Д.Бадралсайхан хүлээн зөвшөөрсөн. 2017 оны талуудын эвлэрэл баталсан шүүгчийн захирамж нь анхны болон хоёр дахь дуудлага худалдаа бус зөвхөн үнэлгээтэй холбоотой ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн зөвшөөрсөн. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хураасан тогтоолыг хүчингүй болгосон улсын байцаагчийн 17 дугаартай акт гарсан. Уг акт гарсантай холбоотойгоор үнэлгээ, анхны болон хоёр дахь дуудлага худалдаа нь бүхэлдээ хүчингүй болсон. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах ажиллагаа явагдсан бөгөөд түүний эд хөрөнгө нь банк бус санхүүгийн байгууллагад барьцаалагдсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасныг баримтлан НШГГ-т холбогдох нэхэмжлэгч Б.О-гийн нэхэмжлэлтэй анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, Б.О-гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны 33 тоот хаягт байрлах, 48.43 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016977 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хасч,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар Б.О-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Төлбөр төлөгч Б.Бадралсайханд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул харилцах дансны зарлагын гүйлгээг төлбөрийн шаардлын хэмжээнд зогсоосон ба төлбөрт хүрэлхүйц хөрөнгүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тогтоогдсон. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.О-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж анхны албадан дуудлага худалдаанд оруусан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00163 дугаар шийдвэрээр анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, Б.О-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны 33 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хассан. Уг орон сууц нь төлбөр авагч “Проадд” ББСБ-ын барьцаанд бүртгэлтэй болох нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх тухайн маргаанд хамаарах холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Онь хариуцагч НШГГ-т холбогдуулан Хан-Уул дүүрэгийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны 33 тоот 48,43 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулах анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “ Б.О-гийн өмчлөлийн 2 өрөө орон сууц нь төлбөр авагч “Праодд ББСБ” ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан” гэж маргасан.

“Проадд ББСБ” ХХК, төлбөр төлөгч Б.Бадралсайхан нар 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б.О-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны 33 тоот 48,43 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2206016977 дугаартай 2 өрөө орон сууцыг  үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалжээ. /хх-38-39,44-45/

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7631 дүгээр захирамжаар, “Проадд ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 95 656 000 төгрөгийг хариуцагч Б.Бадралсайхан нь төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээс үзэхэд шүүх мөнгөн төлбөрийн үүргийг шийдвэрлэснээс бус барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн дуудлага худалдаанд оруулсан Б.О-гийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг албадан худалдах талаар шүүхийн шийдвэрт дурьдаагүй байна.

          Мөн нэхэмжлэгч Б.Онь “Проадд ББСБ” ХХК-д 2 өрөө орон сууцаа барьцааны гэрээ байгуулж, барьцаалсан нь бусдын өмчлөлийн эд хөрөнгөд халдах, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл болохгүй юм.

Иймээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар Б.О-гийн 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоолгон, албадан дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамааралгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 86 дугаар зүйлийн 86.1 дэх заалтыг баримталсан нь буруу байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны 33 тоот хаягт байрлах, 48.43 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016977 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хассугай” гэснийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд залруулж, зөвтгөн найруулах боломжтой.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00163 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...49 дүгээр зүйлийн 49.1, 86 дугаар зүйлийн 86.1” хасаж, “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1” гэж нэмж, “... эд хөрөнгийг хассугай” гэснийг “... битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хассугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 693 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                         ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

                                                                                                         Д.БАЙГАЛМАА