Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 135/ШШ2022/00135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2019/00428/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ................. аймаг, ..................... сум, .......-р баг, ......................... ......-р гудамж, ...... тоотод оршин суух, /Утас:............../, .................... регистрийн дугаартай, ........ овогт Б-ийн Ц-,

Хариуцагч: .................., ...................... дүүрэг, .......-р хороо, .................., ....... тоотод оршин байгаа, ................. регистрийн дугаартай, Л- и- ХХК,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ................., ................. дүүрэг, ...-р хороо, ....-р хороолол, ................, ....-р байр, .... тоотод оршин суугаа, .................. регистрийн дугаартай, .............. овогт Д- Б-,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ............. сумын ......-р баг, .....-р хороолол, ........ байрны ... тоот ........... мкв 2 өрөө орон сууц болон В1 давхарт байрлах автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, байрны засварын зардлын үнэ 1 492 250 төгрөг гаргуулах, иргэн Д.Б-ийн нэр дээр бичигдсэн Ү2003018160 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, өөрийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай,

Бие даасан гуравдагч этгээдийн шаардлага: Б.Ц-ыг ................ аймаг, ........... сум, .... дүгээр баг, .... дугаар хорооллын ....... ..... .............. байрны ..... тоот орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Д.О-,

Хариуцагч Л- и- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О- нар нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Ц- миний бие 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Л-И- ХХК-тай орон сууц захиалгын гэрээ болон автомашины зогсоол худалдан авах тухай гэрээ байгуулж, байрны болон зогсоолын төлбөрт 90 606 000 төгрөгийг Л-И- ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын  07-ны өдөр төлж барагдуулан 2 өрөө орон сууц болон автомашины зогсоол худалдаж авсан. Мөн байрны цахилгаан, сангийн холболт, дотор засал хийлгэх зэрэг нийт 1 492 250 төгрөгийг бидний зүгээс зарцуулсан. Тухайн үед дээрх орон сууцыг улсын комисс хүлээн аваагүй байсан тул улсын бүртгэлийн гэрчилгээг комисс хүлээн авсны дараа олгоно, тэр болтол хүлээж бай гэж хэлсэн. 2017 оны үед улсын комисс дээрх орон сууцыг албан ёсоор хүлээж авсан боловч янз бүрийн шалтгаан хэлж гэрчилгээг гаргаж өгөөгүй. Бидний зүгээс гэрчилгээг гаргуулах талаар удаа дараа шаардсан одоо болтол улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөлгүй биднийг хохироож байна.  Иймд ........ сумын ......-р баг, ........-р хороолол, .......... байрны ........ тоот .......... мкв 2 өрөө орон сууц болон В1 давхарт байрлах автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, байрны засварын зардлын үнэ 1,492,250 төгрөг гаргуулах, иргэн Д.Б-ийн нэр дээр бичигдсэн Ү... улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, өөрийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Л- и- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг байрыг улсын комисс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээж авсан байсан. Гэхдээ комиссын акт дээрх огноо зөрүүтэй. Энэ талаар бид захиргааны шүүхэд гомдол гаргасан. Б.Ц- 2016 оны 12 дугаар сарын 25-нд орсон гэж байна. Тэгээд засвар хийсэн гэж байна. Гэтэл энэ талаар надад тухайн үед нь хэлж байгаагүй тул засварын зардлыг зөвшөөрөхгүй. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 90 606 000 төгрөгийг төлсөн нь үнэн. Иймд орон сууц болон гараашийн өмчлөгчөөр тогтоолгоход татгалзахгүй гэв.

 

Гуравдагч этгээд Д.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г- нар шүүхэд гаргасан бие даасан шаардлагын үндэслэлдээ:

Миний бие 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Л-И- ХХК-тай 01 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, ................. аймаг, ................... сум, ....... дүгээр баг, ....... дугаар хороололд баригдахаар болсон 144 айлын 8470 мкв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтанд орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцож, хамтран ажилласан. Л-И- ХХК-аас 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул Л-И- ХХК-аас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Л-И- ХХК нь гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргийг хүлээсэн болно. Түүнчлэн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон Барьцааны гэрээг тус тус байгуулж, нэхэмжлэлд дурдсан ................. аймаг, ............ сум, ........ дүгээр баг, ... дугаар хорооллын ........ ..... хотхоны ..... блокын .... тоот орон сууц нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Д.Б-ийн барьцаанд бүртгэгдсэн. Гэтэл хариуцагч Л-И- ХХК нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн ...талууд аливаа гэрээ хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авна гэснийг болон Д.Б-тай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, Б.Ц- гэгч хүнтэй 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Д.Б-ийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг Орон сууц захиалгаар бариулах гэрээний үндсэн дээр худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь хууль бус болсон байна. Л-И- ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч Д.Б-ийн эрхийг зөрчиж байсан тул уг асуудлаар Д.Б- нь ........... дүүргийн Эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор Л-И- ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 183 дугаартай Эвлэрлийн гэрээг байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг .......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1... дугаар захирамжаар баталгаажуулсан.

Уг захирамжийн дагуу Л-И- ХХК нь Д.Б-д 2 500 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлөх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, барьцаалагдсан байсан .............. аймаг, .......... сум, .... дүгээр баг, .... дугаар хороололын Л- т- хотхоны .... блокын .... тоот орон сууц болон бусад орон сууцнуудыг Д.Б-ийн өмчлөх шилжүүлэх асуудлаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Ийнхүү уг асуудлаар Л-И- ХХК нь хөрөнгө оруулагч миний зөвшөөрлийг авч хэлцэл хийх ёстой байтал огт зөвшөөрөл авалгүй хэлцэл хийсэн, Б.Ц- нь өнөөдрийг хүртэл миний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаагийн улмаас миний өмчлөх эрх зөрчигдөөд байна. Иймд хариуцагч Б.Ц-ыг .............. аймаг, ............ сум, ....... дүгээр баг, .... дугаар хорооллын Л...... т.... хотхоны .... байрны ..... тоот орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Д.О- нар шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Миний бие “Л-И-” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Төлбөрөө бүрэн төлсөн. Уг байранд 4 жил гаруй хугацаанд амьдарч байна. гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.  

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Автозогсоол захиалгаар бариулах гэрээ, Төлбөр шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт, зарлагын баримтуудыг,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь Хөрөнгө оруулалтын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, барьцааны гэрээ, Барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Ласти интернэшнл ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ........... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Д.Б-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хүсэлтээр .............. аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Д.Б-д хүргүүлсэн гомдлын хариу, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ............ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст эрх шилжүүлэх тухай албан бичиг, ............... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан Д.Б-ийн өргөдөл, Л- и- ХХК-ийн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Л- и- ХХК-ийн захирал Т.Ч-, төлбөр авагч Д.Б- нарын гаргасан хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг, иргэн Д.Б-ийн төлбөрт өгөх байрны жагсаалт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан төлбөр төлөгч Д.Б-ийн хүсэлт, Л- и- ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ............. аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичгүүд, Улсын байцаагчийн дүгнэлтүүд, Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээ, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан иргэдийн хүсэлт, Улсын бүртгэлийн хэлтсээс орон сууц захиалагч иргэдэд хүргүүлсэн албан бичиг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, Л- и- ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч Л- и- ХХК-д холбогдуулан ............сумын ......-р баг, .......-р хороолол, ....... байрны ..... тоот .......... мкв 3 өрөө орон сууц болон В1 давхарт байрлах автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, байрны засварын зардлын үнэ 1 492 250 төгрөг гаргуулах, иргэн Д.Б-ийн нэр дээр бичигдсэн Ү2003018160 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, өөрийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Л- и- ХХК нь орон сууц болон зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг зөвшөөрч, засварын зардал гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б- нь нэхэмжлэгч Б.Ц-т холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тодруулж ...хариуцагч Л- и- ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 71,46 мкв 3 өрөө орон сууц, авто зогсоолын хамт авахаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Төлбөрийг гэрээ байгуулсан өдөртөө хариуцагчийн дансанд шилжүүлж, улмаар 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орон сууцыг эзэмшилдээ авч одоог хүртэл амьдарч байна. Намайг уг байранд ороход паркетан шал дутуу, сантехник цахилгаан хэрэгсэл дутуу байсныг хувиасаа мөнгө гаргаж, хүнээр гүйцэтгүүлсэн. Уг байр, автозогсоол нь миний өмч тул өмчлөгчөөр тогтоолгож, засварын зардал 1,492,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, иргэн Д.Б-ийн нэр дээр бичигдсэн Ү2003018160 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, өөрийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулна гэж тодорхойлжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...төлбөрийг компанийн дансанд шилжүүлсэн нь үнэн. Намайг ажил авахад засварын талаар энэ хүн хэлж байгаагүй тул засварын зардлыг зөвшөөрөхгүй харин орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг зөвшөөрнө гэж тайлбар гаргаж байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б- нь шаардлагын үндэслэлийг ...2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Л- И- ХХК-тай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, ......... сумын .... дүгээр баг, .... дугаар хороолол 144 айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулсан. Л- и- ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн тул удаа дараа гэрээний хугацааг сунгасан. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан. Байрыг борлуулсан хэмжээгээр төлбөрөө суутгахаар тохирсон байсан. 2017 онд Л- и- ХХК-д холбогдуулан 3 тэрбум төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, 2,5 тэрбум төгрөг дээр эвлэрч шүүгчийн захирамж гарсан. Төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй тул шүүхийн шийдвэр ажиллагаагаар 44 айлын орон сууцыг нэр дээрээ шилжүүлж авсан. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд нь улсын бүртгэл дээр зөрчилгүй байсан. Маргаан бүхий орон сууцанд урьдчилан тэмдэглэгээ хийгдээгүй байсан. Д.Б-ийн нэр дээрх улсын бүртгэл үнэн зөв тул уг орон сууцнаас Б.Ц-ыг албадан гаргуулахаар шаардлага гаргасан гэж тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр нэг талаас Л- и- ХХК, нөгөө талаас Б.Ц- нар ................ аймгийн .......... сумын .... дүгээр баг, .... дугаар хорооллын Л- таун нэртэй 144 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, захиалагч тус байрны Б блокын 2 орцны .... давхрын .... тоот ....... м.кв талбай бүхий орон сууцыг захиалж байрны үнэ 78 606 000 төгрөгийг төлөх, гүйцэтгэгч нь түлхүүр хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байрыг захиалагчид актаар хүлээлгэн өгөхөөр тохирчээ. /хх-ийн 7-9 дүгээр тал/

Мөн талууд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Авто зогсоол захиалгаар бариулах гэрээгээр Л- таун нэртэй 144 айлын орон сууцны 15 тоот авто зогсоолыг барьж ашиглалтад оруулах, захиалагч 12 000 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 10-11 дүгээр тал/

 

Дээрх гэрээний дагуу захиалагч Б.Ц- нь гэрээнд зааснаар орон сууц болон авто зогсоолын төлбөрийг Л- и- ХХК-ийн дансанд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 90 606 000 төгрөгийг шилжүүлж, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр уг орон сууцыг өөрийн эзэмшилдээ авсан үйл баримт талуудын тайлбар, хэрэгт авагдсан төлбөрийн шилжүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна. / хх-ийн 12 дугаар хуудас/

 

2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ............. аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ............. аймаг, ............. сум ...... дүгээр баг, ........ дугаар хороолол .... байрны ... тоот орон сууцны талаарх лавлагаа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б- нараас ирүүлсэн нотлох баримтуудаар Л- и- ХХК нь Д.Б-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр №01 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж ............. аймгийн ..............сумын .....-р баг, .... дугаар хороололд байрлах 144 айлын ...... мкв талбайтай орон сууцны барилгад хөрөнгө оруулалт хийж, барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлогоос тэргүүн ээлжинд ашиг авахаар тохирчээ. / хх-36-37 дугаар тал/

Талууд дээрх гэрээний хугацааг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тус тус сунгаж, мөн өдрөө байгуулсан барьцааны гэрээгээр 144 айлын 8470 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгаас 1 мкв талбайг 750 000 төгрөгөөр тооцон нийт 2 667,22 мкв талбай бүхий, 46 айлын орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 38-44 дүгээр тал/

 

Д.Б- нь уригдагч тал Л- и- ХХК-д холбогдуулан 3 000 000 000 тэрбум төгрөг гаргуулахаар ............ дүүргийн эвлэрүүлэн зуучлагчид хандсаны дагуу уригдсан талын төлөөлөгч А.Л- оролцож 2 500 000 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 15 000 төгрөгийн хамт төлөхөөр эвлэрэн хэлэлцсэнийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай захирамжаар эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.    /хх-ийн 68-69 дүгээр тал/

 

Дээр дурдсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах үед Л- и- ХХК-ийн өмчлөлд ....... байрны ....... айл, ...... байрны ..... айл буюу ...... мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдсэн байх ба уг орон сууцнаас 44 айлын орон сууцыг Д.Б-ийн өмчлөлд өгөхөөр жагсаалт гаргаж, улмаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Д.Б-ийн нэр дээр шилжүүлэхийг хүссэн хүсэлт хүргүүлсэн байна.

Уг хүсэлт, хавсралтад дурдагдсанаар маргаан бүхий ......... байрны ...... тоот ....... мкв, 3 өрөө орон сууц багтсан байна. / хх-ий 70-72, 85 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Л- и- ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, мөн өдрийн Авто зогсоол захиалгаар бариулах гэрээгээр маргааны зүйл болох .... блокын .... тоот .... өрөө орон сууцыг Б.Ц-тай байгуулсан гэрээний дагуу өмчлөлд шилжүүлэхээр үүрэг хүлээсэн, улмаар шүүх хуралдаанд ..... байрны ..... тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг зөвшөөрч байгаа талаар тайлбар гаргаж байгаа боловч 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөрт шилжүүлэх орон сууцны талаар төлбөр авагчтай тохиролцож, төлбөрт шилжүүлэх байрны жагсаалтдаа маргаан бүхий орон сууцыг оруулж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18/60 дугаартай албан бичгээр Д.Б-д шилжүүлэхээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргасан байна.

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хүсэлтийн дагуу ............. аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Д.Б-ийн өмчлөлд 44 айлын орон сууц буюу ...... мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.Б-г бүртгэж 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

Бие даасан гуравдагч этгээд Д.Б-ийн өмгөөлөгчийн хүсэлтээр ......... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Ц- нарын нэр бүхий иргэдээс ............. аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Д.Б-ийн нэр дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн Ү-..., Ү... дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, иргэд оршин суугчид орон сууцаа өмчилж авахад төрийн зүгээс дэмжиж, туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлт, Улсын бүртгэлийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаартай албан бичгийг ирүүлсэн байна.

Дээрх хүсэлт нь Д.Б-г 44 айлын орон сууцыг өмчлөлдөө авах үед иргэдээс хүсэлт гаргаж улсын бүртгэлд тэмдэглэгээ хийгдээгүй байсан болохыг мөн уг хүсэлт өмчлөгчөөр Д.Б- бүртгэгдсэнээс хойш болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж байгаа этгээдийн хэн нь гаргах эрхтэй, 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэснээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр Д.Б- хуулийн дагуу өмчлөгч болсон байна.

 

Иймд Д.Б-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ бүртгэгдсэнийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 183 дугаар зүйлийн  183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийн хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зааснаар буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Ц-ын шүүхэд гаргасан .............. сумын ....-р баг, .....-р хороолол, ..... байрны .... тоот ...... мкв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, иргэн Д.Б-ийн нэр дээр бичигдсэн Ү............ улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, өөрийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Харин нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулж улмаар мөн өдрөө төлбөрийг бүрэн төлсөн байх ба Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа болон зохигчдын тайлбараар уг авто зогсоол нь хэн нэгний өмчлөлд бүртгэлтэй байдал тогтоогдоогүй.

Хэдийгээр талууд нь Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ нэртэйгээр байгуулсан боловч гэрээ байгуулсан өдрөө авто зогсоолын төлбөр төлж эзэмшилдээ авсан зэрэг нь нэхэмжлэгч төлбөрөө төлж орон сууц захиалан бариулж байгаа буюу ямар нэгэн үр дагавар бий болгох  зорилго тогтоогдохгүй байх бөгөөд харин нэгэнт бэлэн болсон эд хөрөнгийг төлбөр төлж өөрийн эзэмшилдээ авснаар талуудын хооронд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Талууд нь гэрээний 3.6-д заасан Барилгыг улсын комисс хүлээн авсны дараа захиалсан байрныхаа төлбөрийг 100 хувь төлсөн захиалагчид байрыг акт үйлдэн хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг саадгүй өгөх үүрэгтэй, 5.2-т Байрыг хүлээлгэн өгөх товыг гүйцэтгэгч нь нэг долоо хоногийн өмнө захиалагчид бичгээр мэдэгдэх бөгөөд захиалагч тал нь 100 хувь төлбөрөө хийсэн тохиолдолд гүйцэтгэгчийн төлөөлөгч ба захиалагч байрыг нэг бүрчлэн үзэж шалгасны үндсэн дээр орон сууц хүлээлгэн өгөх ба авах тухай актад гарын үсэг зурснаар байрыг захиалагчийн эзэмшилд, ашиглалтад хүлээлгэн өгсөнд тооцно гэж тохиролцсон байна.

 

Хариуцагч Л- и- ХХК нь нэхэмжлэгч Б.Цогтбаатарт авто зогсоолыг түүний эзэмшилд хүлээлгэн өгсөн боловч өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Цогтбаатарын нэр дээр бүртгүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 10б байрны В1 давхарт байрлах 15 тоот, 17,9 мкв талбайтай, автомашины зогсоолын өмчлөгчөөр Б.Ц-ыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмшилдээ авах үед хүн амьдрах шаардлага хангаагүй, шалгүй, цахилгаан залгуулаагүй, гоожуур тавигдаагүй зэрэг доголдолтой байсан бөгөөд доголдлыг засаад орж бай, дараа нь нийтээрээ хийгдэнэ гэсэн боловч энэ талаар арга хэмжээ аваагүй гэсэн үндэслэлээр засварын зардал 1,492,250 төгрөг шаардаж, нотлох баримтаар барилгын материал худалдан авсан зарлагын баримтуудыг ирүүлжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д Гүйцэтгэгч нь түлхүүр хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байрыг захиалагчид актаар хүлээлгэн өгнө, актад байрны үндсэн болон дайвар хийц, засал чимэглэл, тоноглол, тэдгээрийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаа, чанарын үзүүлэлт, тоо хэмжээ, иж бүрдлийн тухай тодорхой тусгасан байна гэж заасан боловч гүйцэтгэгч буюу хариуцагч Л-И- ХХК-ийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна, 14.7.Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна гэж зааснаар хариуцагч Л-И- ХХК хохирлыг хариуцах үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын          01-ний өдрийн ............ төгрөгийн зарлагын баримтад ямар байгууллагаас хэнд олгосон болон хэнд хүлээлгэж өгсөн эсэх нь тодорхойгүй, байгууллагын тамга дарагдаагүй, БМД-ээс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр олгосон зарлагын падаанд хэнд олгосон болон хэн хүлээж авсан эсэх нь тодорхойгүй, 100 000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын баримт нь хэнд ямар зорилгоор шилжүүлсэн талаар тодорхойгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд ................. ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн .......... төгрөгийн зарлагын баримт, Д- б- т- ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ............ төгрөгийн зарлагын баримт, Д- б- т- ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1 115 400 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, нийт 1 310 550 төгрөгийг хариуцагч Л-И- ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-т олгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б-ийн нэр дээр бүртгэлтэй .......... сумын .....-р баг, ....-р хороолол, ...... байрны .... тоот ..... мкв 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Ц-ыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар ........... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, хариуцагчаар Д.Б- нарыг татсан боловч шүүх хуралдаанд дээрх хүсэлтүүдээсээ татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 243 дугаар зүйлийн 243.1, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ыг ........ сумын ....-р баг, .....-р хороолол, ....... байрны ..... давхарт байрлах, ..... тоот, ...... мкв талбай бүхий авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Ласти интернешнл ХХК-аас    1 310 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-т олгож, үлдэх 181 700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн ......... сумын .....-р баг, .....-р хороолол, ..... байрны .... тоот ....... мкв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц-г ............ сумын ....-р баг, ...-р хороолол, ..... байрны ..... тоот, ........ мкв талбайтай, 3 өрөө орон сууцнаас албадан гаргасугай.

 

3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар ......... сумын .....-р баг, .....-р хороолол, ..... байрны .... тоот, ..... мкв талбай бүхий авто зогсоолын өмчлөгчөөр Б.Ц-ыг бүртгэхийг ............. аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 610 980 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л- и- ХХК-аас 176 152 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 291 354 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУЯА