Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01141

 

 

                                                  Б.Ц-ын нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1025 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 110 дугаар магадлалтай,

Б.Ц-ын нэхэмжлэлтэй

“Л и” ХХК-д холбогдох

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Болормаа

“Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 10б байрны 51 тоот 71.46 м.кв 2 өрөө орон сууц болон В1 давхарт байрлах автомашины зогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээг болон байрны засварын зардлын үнэ 1,492,250 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Б.Ц-ыг орон сууцнаас албадан гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч С.Соёмбо-Эрдэний илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Болормаа, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ц миний бие 2016.12.07-ны өдөр “Л и” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ болон автомашины зогсоол худалдан авах тухай гэрээ байгуулж, байрны болон зогсоолын төлбөрт 90,606,000 төгрөгийг “Л и” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 464004610 тоот дансанд 2016.12.07-ны өдөр төлж барагдуулан 2 өрөө орон сууц болон автомашины зогсоол худалдаж авсан. Мөн байрны цахилгаан, сангийн холболт, дотор засал хийлгэх зэрэг нийт 1,492,250 төгрөгийг бидний зүгээс зарцуулсан. Тухайн үед дээрх орон сууцыг улсын комисс хүлээн аваагүй байсан тул улсын бүртгэлийн гэрчилгээг комисс хүлээн авсны дараа олгоно, тэр болтол хүлээж бай гэж хэлсэн. 2017 оны үед улсын комисс дээрх орон сууцыг албан ёсоор хүлээж авсан боловч янз бүрийн шалтгаан хэлж гэрчилгээг гаргаж өгөөгүй. Бидний зүгээс гэрчилгээг гаргуулах талаар удаа дараа шаардсан одоо болтол улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөлгүй биднийг хохироож байна. Иймд 2 өрөө орон сууцны болон автомашины зогсоолын гэрчилгээ, анх байранд орохдоо байрны засварт зарцуулсан 1,492,250 төгрөгийг “Л и” ХХК-иар дамжуулан Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулах, засварын зардлын мөнгийг “Л и” ХХК-иас гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Л и” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ц гэрчилгээг гаргуулна гэж байгаа болохоос биш өмчлөгчөөр тогтоолгоно гээгүй. Улсын комисс 2016.11.02-ны өдөр уг байрыг хүлээж авсан байсан. Б.Ц 2016.12.25-нд орсон гэж байна. Тэгээд засвар хийсэн гэж байна. Гэтэл захиалгын гэрээндээ ямар засвар хийснээ тусгах ёстой байсан одоо тусгаагүй учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Ц 71.46 м.кв, 2 өрөө орон сууц, автомашины зогсоол гэж захиалсан гэж байна. Гэтэл захиалгын гэрээгээ өөрөө улсын бүртгэлийн газар очиж бүртгүүлэх ёстой байсан тэгээгүй, бас намайг ажил авснаас хойш ирж уулзаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө биелүүлээгүй. Компани бол 3 хөрөнгө оруулагчдадаа байраа хувааж өгсөн. Урдны захирал нягтлан нараас ямар ч баримт бичиг хүлээлгэж өгөөгүй, тамга өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2014.12.22-ны өдөр “Л и” ХХК-тай 01 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд баригдахаар болсон 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтанд орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцож, хамтран ажилласан. “Л и” ХХК-иас 2015.03.31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул “Л и” ХХК-иас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “Л и” ХХК нь гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргийг хүлээсэн болно. Түүнчлэн 2016.03.11-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулж, нэхэмжлэлд дурдсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын Ласти таун хотхоны 10Б блокын 51 тоот орон сууц нь 2016.04.11-ний өдөр Д.Болормаагийн барьцаанд бүртгэгдсэн. Гэтэл “Л и” ХХК нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн ...талууд аливаа гэрээ хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авна гэснийг болон Д.Болормаатай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, Б.Ц гэгч хүнтэй 2016.12.07-ны өдөр Д.Болормаагийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг Орон сууц захиалгаар бариулах гэрээний үндсэн дээр худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь хууль бус болсон байна. “Л и” ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч Д.Болормаагийн эрхийг зөрчиж байсан тул уг асуудлаар Д.Болормаа нь Хан-Уул дүүргийн Эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор “Л и” ХХК-тай 2017.08.22-ны өдөр 183 дугаартай Эвлэрлийн гэрээг байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.08.30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаар захирамжаар баталгаажуулсан. Иймд хариуцагч Б.Ц-ыг Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын Ласти таун хотхоны 10б байрны 51 тоот орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Б.Ц  “Л и” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй гэж яриад байна. Гэрчилгээ гараагүй байхад яаж худалдах-худалдан авах гэрээ байгуулагдах вэ, ийм учраас бүх зүйл захиалгын гэрээгээр байгуулагдах ёстой. Б.Ц төлбөрөө бүрэн шилжүүлсэн, маргааш нь байрандаа орсон” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1025 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д тус тус зааснаар Б.Ц-ыг Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 10б байрны 51 тоот 71,46 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон тус байрны В1 давхарт байрлах 15 тоот 17,9 м.кв талбай бүхий автомашины зогсоолын өмчлөгч болохыг тогтоож, “Ласти интернешнл” ХХК-иас 1,310,550 төгрөгийг гаргуулж Б.Ц-т олгож, үлдэх 181,700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн орон сууцнаас албадан гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 10б байрны 51 тоот 71,46 м.кв 3 өрөө орон сууц болон тус байрны 15 тоот 17,9 м.кв талбай бүхий автомашины зогсоолын өмчлөгчөөр Б.Ц-ыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, “Ласти интернешнл” ХХК-иас 176,319 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 5,226 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 110 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1025 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг, “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.Ц-ыг Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 10б байрны 51 тоот 71,46 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон тус байрны В1 давхарт байрлах 15 тоот 17,9 м.кв талбай бүхий автомашины зогсоолын худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхтэйг тогтоож, түүнийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст уг байрны өмчлөгчөөр бүртгэхийг даалгасугай.” гэж, 2 дугаар заалтыг, “Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар “Ласти интернешнл” ХХК-иас 1,310,550 төгрөгийг гаргуулж Б.Ц-т олгож, үлдэх 181,700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дугаар заалтыг, “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэгч Б.Ц-т холбогдуулж гаргасан тухайн байрнаас албадан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Батсүх хяналтын гомдолдоо:  “...Анхан шатны шүүх “...хэрэгт авагдсан баримтуудаар талууд нь орон сууц захиалгаар бариулах гэрээ нэртэйгээр байгуулсан боловч гэрээ байгуулсан өдрөө орон сууц болон автомашины зогсоолын төлбөр төлж, ...талуудын хооронд эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” гэх байдлаар талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасныг үндэслэн Б.Ц “Ласти интернэйшнл” ХХК-иас 2016.12.07-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах” буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан болох нь тодорхой харагддаг. Орон сууц худалдах-худалдан авах болон орон сууц захиалгаар бариулах гэрээ нь татвар, тухайн хөрөнгийг шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх, бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах, өмчлөх эрх шилжих, тухайн гэрээ байгуулахад тавигдах шаардлага зэргээр өөр, өөр үр дагаврыг бий болгодог. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд энэ талаар үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй байдал нь хууль хэрэглээний алдаа гаргах үндэслэл болсон. Энэ нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “...Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлий 106.1, 234 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар Б.Ц-ыг ...өмчлөгч болохыг тогтоож...” гэснээс харагдаж байна.

Гуравдагч этгээд Д.Болормаа нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй талаар хэд хэдэн үндэслэлийг дурдаж холбогдох баримтыг хавсаргасан боловч анхан шатны шүүх нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгааг гэрээ байгуулаагүй эсхүл гэрээ хүчин төгөлдөр бус гэж шууд дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй...” хэмээн хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн. Хэрэв анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэж байгаачлан нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх тохиолдолд Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасан хэлцлийн хэлбэрт тавигдах шаардлага хангагдсан эсэх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэх ёстой байсан боловч энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэх шаардлагад нийцээгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийг байгуулсан болохыг шүүх анхаарч үзээгүй. Гуравдагч этгээд Д.Болормаа нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй талаар хэд хэдэн үндэслэлийг дурдаж холбогдох баримтыг хавсаргасан боловч анхан шатны шүүх эдгээр үндэслэлийн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой, үндэслэл баримтаар няцааж дүгнэлт хийгээгүй.

Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой холбогдох хуулийн заалтыг огт хэрэглээгүйгээс шүүхийн “шийдвэр хууль ёсны байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсгийн шаардлагыг хангаагүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар маргаан бүхий орон сууц нь 2016 онд анх 50 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болон улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй. Нэгэнт Улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөгийн нэг хэсэг болохын хувьд маргаан бүхий орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр нэг этгээдийн өмчлөлөөс өөр этгээдийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх тохиолдолд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно...”, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт “...Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ...”, тухайн үед буюу 2016.12.07-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “...19.1. Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна: 19.1.1. үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих;...” гэж тус тус зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр тухайн гэрээ хүчин төгөлдөр болох ёстой. Энэ шаардлагыг хангаагүй хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. Анхан шатны шүүх хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх хэлцэл, ийнхүү улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон байхад тухайн гэрээний харилцаанд хамаарахгүй Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтыг үндэслэл хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь дээр дурдсан хуулийн зохицуулалтуудад нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх “...Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд дээрх этгээдүүдийн дунд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй..” гэжээ. “Л и” ХХК-тай 2014.12.22-ны өдөр байгуулсан 1 тоот “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 5.1.2, 5.1.3, 5.1.4 дэх заалт, 2015.03.31-ний өдөр байгуулсан 2 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”-ний 4.1, 5.1.2, 5.1.3, 5.1.4, 6.1 дэх заалтаар талууд гэрээний нөхцөлийг тохиролцсон байдал болон Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д зааснаас үзэхэд 2015.06.10-ны өдөр хариуцагч нарын хооронд байгуулагдсан “Зээлийн барьцааны гэрээ” нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлд заасан “Зөвшөөрлөөр хийх хэлцэл” гэж үзэж байгаа. О.Батпүрэв болон “Л и” ХХК нь хамтран ажиллах гэрээний нэг тал болох хөрөнгө оруулагч Д.Болормаад мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүй ийнхүү “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байхад давж заалдах шатны шүүх “хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөл гэсэн нь” зөвшөөрөл авах талаар хуулиар тодорхойлсон байхыг ойлгоно хэмээн хуульд нийцээгүй дүгнэлтийг хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд хамаарах хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглээгүй. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрхийг шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцснээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно”, 183.2-т “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нь нэр байгаа этгээдээс шаардаж болно”, 183.3-т “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхэй” гэж заасан журмын дагуу Д.Болормаагийн нэр дээр байгаа эд хөрөнгийн эрхийн бүртэлийг хууль ёсны, үнэн зөв гэж үзэх учиртай. Нэхэмжлэгч нь 2019.05.08-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Болормааг бүртгэснийг мэдсэн боловч өнөөдрийг хүртэл бүртгэлийн байгууллагад ямарваа нэг гомдол гаргаагүй, ийнхүү гомдол гаргаагүй болохоо шүүх хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байхад шүүх тухайн үйл баримтын талаар огт дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн “...шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дтоод итгэлээр үнэлнэ...” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу нэхэмжлэгч Б.Ц нь бүртгэлийг эсэргүүцээгүй тул түүний шүүхэд гаргасан “...улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах...” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломж байхгүй бөгөөд Д.Болормааг өмчлөгч гэж үзнэ. Гэтэл шүүх “...хууль ёсны өмчлөгч нь Б.Ц болохыг тогтоож, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар дээрх орон сууцын өмчлөгчөөр Б.Ц-ыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй...” гэж шийдвэрлэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1.3-т заасан “бүртгэл нэгдсэн байх” зарчимд харшилсан шийдвэр болсон. Дээр дурьдсан асуудлын талаар давж заалдах шатны шүүх “...Улсын бүртгэл түүнийг үндэслэн олгосон өмчлөх эрхийн гэрчилгээ нь гуравдагч этгээдийн хувьд бүртгэл үнэн зөв гэж тооцогдох хэдий ч шүүхэд өмчлөх эрхийн талаар маргаан гарсан тохиолдолд шүүх бүртгэлийг үнэн зөв баримт гэж нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Иймд Б.Ц нь худалдах-худалдан авах гэрээний дагуу 2 өрөө орон сууц, байрны доорх зогсоолын өмчлөх эрхийг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд уг эрхийг шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ...” хэмээн гомдлын энэ хэсэгт дурьдсан хуулийн заалтуудыг илтэд зөрчсөн дүгнэлт хийсэн.

Давж заалдах шатны шүүх “...худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед Б.Ц худалдан авсан орон сууцны өмчлөгчөөр хэн нэгэн бүртгэгдээгүй, Дархан-Уул аймгийн Дархан сум 11-р баг, 13 дугаар хороололд байрлах 8170 м.кв талбайтай орон сууцны барилга 2014.09.03-ны өдөр 50 хувийн гүйцэтгэлтэйгээр “Ласти интернэйшнл ” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн байжээ... гэрээ хийх үед Д.Болормаа байрны өмчлөгчөөр бүртгэлтэй байгаагүй мөн тухай барилгын тодорхой хувь, тухайлбал маргаан бүхий 51 тоот орон сууцны 2 өрөөг өмчилж авах давуу эрхтэй талаар улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийгдээгүй байгаа тохиолдолд худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа бүртгэлийн үнэн зөв байдлыг нягтлах үүрэгтэй байсан гэж худалдагчийг буруутгах үндэслэлгүй...” гэх байдлаар хэрэгт цугларсан баримтад нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэгч, хариуцагч нар 2016.12.07-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах” гэрээг байгуулсан бол Д.Болормаагийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хавсаргасан баримтад тодорхой байгаачлан тэрээр 2014.12.22-ны өдөр “Ласти интернэйшнл” ХХК-тай “Хөрөнгө оруулалтан гэрээ”, 2015.10.14-ны өдөр 03 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”, 2016.03.11-ний өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ” болон “Барьцааны гэрээ”-г байгуулж тухайн орон сууцыг өмчилж авах давуу эрхээ баталгаажуулсан. Уг орон сууц нь ийнхүү Д.Болормаагийн барьцаанд бүртгэлтэй байснаас гадна 2015.06.10-ны өдөр “Ласти интернэйшнл” ХХК болон иргэн О.Батпүрэв нарын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ бүртгэлтэй байсан талаар үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Энэхүү иргэний хэргийн маргааны үйл баримт болох талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоход бүртгэл үнэн зөв явагдсан эсэх, барилга хэзээ ашиглалтанд орсон болох, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ анх хэзээ гарсан, “Ласти интернэйшнл” ХХК-иас гэрчилгээ гаргуулах мэдүүлэг гаргахдаа Б.Ц-ыг захиалагч гэж мэдүүлж байсан эсэх зэрэг үйл баримтыг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Гуравдагч этгээдийн зүгээс 2019.06.25-ны өдөр Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байгаа Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримтуудыг гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүгчийн 2019.06.26-ны өдрийн 2698 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Уг хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгууллагаас Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримтуудыг бүхэлд нь ирүүлэх ёстой байсан боловч 29 хуудас баримт ирүүлсэн. Эдгээр баримтад барилга хэзээ ашиглалтанд орсон, улсын комисс хэзээ хүлээж авсан, хэзээ анх гэрчилгээ гарсан, анх мэдүүлэг гаргахад ямар хөрөнгө оруулагч нар байсан, үл хөдлөх эд хөрөнгө хэн хэний барьцаанд байгаа талаарх баримтууд байхгүй байсан. Шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулан хүсэлтийг хангасан атлаа холбогдох баримтуудыг бүрэн гаргуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн ба энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг давж заалдах шатны шүүх шийдвэрлээгүй нь мөн хууль бус болсон.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн дараах ноцтой зөрчлүүдийг гаргасан. Нэхэмжлэгчийн анх 2019.04.08-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийнхээ шаардлагыг “...2 өрөө орон сууцны болон автомашины зогсоолын гэрчилгээ, анх байранд орохдоо байрны засварт зарцуулсан 1,492,250 төгрөгийг “Л и”ХХК-иар дамжуулан Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулах, засварын зардлын мөнгийг “Л и” ХХК-иас гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү...” гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа албан ёсоор өөрчлөөгүй. Гэтэл анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдоос шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад ... Б.Ц нь ... байрыг эзэмшилдээ аваад 3 жил амьдарч байгаа үндэслэлээр орон сууц болон автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах шаардлага гаргасан...” гэж дүгнээд Б.Ц-ын маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтойгоор зөрчсөн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэргийн зохигч, оролцогчдод танилцуулж, тэдний тайлбар, нотлох баримт гаргах замаар мэтгэлцэх боломж, эрхийг хязгаарлаж, хэргийг шүүх хуралдаанаар үргэлжүүлэн хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна. Б.Ц нь дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагадаа 174,000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн байдаг. Хэрвээ тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа “...маргаан бүхий орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаар өөрчилсөн...” тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг 90,606,000 төгрөгөөр тодорхойлж, уг үнийн дүнгээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан хэмжээгээр тооцож, нийт 610,980 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар урьдчилан төлүүлсний үндсэн дээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан.  Б.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Л и” ХХК-ийг хариуцагчаар сонгон татсан атлаа нэхэмжлэлийн шаардлагаа “...2 өрөө орон сууцны болон автомашины зогсоолын гэрчилгээ, анх байранд орохдоо байрны засварт зарцуулсан 1,492,250 төгрөгийг “Л и” ХХК-иар дамжуулан Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэсээс гаргуулах, ...” хэмээн нэхэмжлэлийн үндэслэлд дурдаагүй, хариуцагчаар албан ёсоор татаагүй этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т заасан бүрдүүлбэрийг хангаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн, улмаар нэхэмжлэлд хариуцагчаар татаагүй этгээдэд холбогдуулан “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 106 байрны 51 тоот 71,46 мкв 3 өрөө орон сууц болон тус байрны 15 тоот 17,9 мкв талбай бүхий автомашины зогсоолын өмчлөгчөөр Б.Ц-ыг бүртгэхийг...” Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгахаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарч байна. Энэхүү иргэний хэргийн маргааны үйл баримт болох талуудын хоорон үүссэн эрх зүйн харилцааг зөвөөр тодорхойлоход бүртгэл үнэн зөв явагдсан эсэх, барилга хэзээ ашиглалтанд орсон болох, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ анх хэзээ гарсан, “Ласти интернэйшнл” ХХК-иас гэрчилгээ гаргуулах мэдүүлэг гаргахдаа Б.Ц-ыг захиалагч гэж мэдүүлж байсан эсэх зэрэг үйл баримтыг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Тиймээс миний зүгээс 2019.06.25-ны өдөр Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байгаа Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримтуудыг гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүгчийн 2019.06.26-ны өдрийн 2698 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Уг хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгууллагаас Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримтуудыг бүхэлд нь ирүүлэх ёстой байсан боловч 29 хуудас баримт ирүүлсэн. Эдгээр баримтад барилга хэзээ ашиглалтанд орсон, улсын комисс хэзээ хүлээж авсан, хэзээ анх гэрчилгээ гарсан, анх мэдүүлэг гаргахад ямар хөрөнгө оруулагч нар байсан, үл хөдлөх эд хөрөнгө хэн хэний барьцаанд байгаа талаарх баримтууд байхгүй байсан. Шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулан хүсэлтийг хангасан атлаа холбогдох баримтуудыг бүрэн гаргуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 166.3, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд дээрх алдааг засаж, хуульд нийцүүлэн шийдвэрлэх ёстой атал тэдгээр зөрчлийн талаар гаргасан давж заалдах гомдолд ямар нэгэн дүгнэлт, тайлбар өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус болсон. Дээр дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Ц нь “Л и” ХХК-д холбогдуулан Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 10б байрны 51 тоот 71.46 м.кв 2 өрөө орон сууц, В1 давхарт байрлах автомашины зогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээ, байрны засварын зардлын үнэ 1,492,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр Д.Болормаа оролцож Б.Ц-ыг орон сууцнаас албадан гаргуулах тухай бие даасан шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэсгэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Батсүхийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмаар хэрэгжинэ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах бөгөөд давж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэнэ.

Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх явдал бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан байна.

Б.Ц-ын нэхэмжлэлийн шаардлага найрлага, үг зүйн хувьд ойлгомжгүй байдлаар бичигдсэн хэдий ч түүний агуулга худалдах-худалдан авах гэрээний үүрэг, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, түүнтэй холбоотой бичиг баримтыг өөрийн нэр дээр гаргуулах, засварын зардлыг шаарджээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхэд зайлшгүй гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заажээ.

Анхан шатны шүүхийн 2019.06.25-ны өдрийн 2698 дугаартай шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаярын хүсэлтийг хангаж, Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 10б байрны 51 тоот 71.46 м.кв 2 өөрөө үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримт, материалыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019.07.01-ний өдрийн 1097 тоот албан бичгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021862 дугаартай хувийн хэргээс холбогдох баримтууд болох 29 хуудас материалыг шүүхэд ирүүлжээ.

Уг албан бичиг, холбогдох баримтуудаас үзвэл Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 10б байрны 51 тоот 71.46 м.кв 2 өрөө орон сууцны хувийн хэргийг улсын бүртгэлийн байгууллагаас бүрэн ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалт биелэгдээгүй.

Хэрэгт цугларсан баримтаар маргаан бүхий орон сууцны хувийн хэргийг бүрэн ирүүлээгүйгээс түүнийг улсын комисс хэзээ хүлээж авсан, хэдэн өмчлөгчтэй байсан, гуравдагч этгээд Д.Болормаагийн өмчлөлд хэрхэн шилжсэн, Б.Ц  “Л и” ХХК нарын гэрээ байгуулах үед орон сууц хэний өмчлөлд байсан, тэдгээрийн огнооны дараалал буюу эрхийн доголдолтой байсан эсэх талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй, уг алдааг давж заалдах шатны шүүх илрүүлээгүй нь буруу болжээ.

Дээр дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1025 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 110 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОЛМОН   

                         ШҮҮГЧИД                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ               

                                                                                           Х.СОНИНБАЯР 

                                                                                           Б.УНДРАХ 

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД