Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 62

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Лхамсүрэнгийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2018/00668 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багт оршин суух, МБ67011803 тоот регистрийн дугаартай, Борт овогт Лувсангийн Лхамсүрэнгийн хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Л.Лхамсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хонь, ямаа малладаг байсан.

Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний ажилд орсон, гарсан тушаал болон цалингийн карт, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн архив шатсны улмаас хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалаас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсний дагуу шүүхэд хүсэлт гаргаж байна.

Иймд Л.Лхамсүрэн намайг 1980 оноос 1991 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

                Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2018/00668 дугаар шийдвэрээр: “1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борт овогт Лувсангийн Лхамсүрэнгийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт  нэгдэлд 1983 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал, 1990 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

                Хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдлын агуулга: Миний бие 1967 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн ба социализмын үед хөдөө аж ахуйд ажиллаж байгаа залуучуудыг 15 нас хүрмэгц ажил хийх насанд хүрсэн гэж үзэн хөдөлмөр өдөрт тооцдог байсан ба миний бие 1981 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 15 насанд хүрсэн тул нэгдлийн гишүүнд элсэж, хөдөлмөр өдөр тооцуулж эхэлсэн ба аав маань нас барсан, ээж маань олон нялх хүүхэдтэй, нэг ах тусдаа гарсан, нэг ах цэрэгт явж манай гэрт ээж бид хоёроос өөр хөдөлмөрийн чадвартай хүн байгаагүй тул намайг суурийн ахлагчаар томилон нэгдлийн 600 толгой бог мал харицуулан маллуулж байсан. Мянгад сумын Давшилт нэгдэл 1991 онд өмч хувьчлал явагдахад компани болж ажиллана гээд нэгдлийн зохион байгуулалтаар ажиллаж байгаад 1991 оны намар бага хувьчлал явагдахад нэгдлийн гишүүд цөөн тооны мал хувьчлалаар авч үлдсэн малаа түрээсээр маллаж байгаад 1992 оны намар их хувьчлал явагдахад бид мал хувьчилж аваад хувийн аж ахуйтай болж миний бие одоог хүртэл мал маллан амьдарч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж миний 1981 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл, мөн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлага хангаагүй байна.

Хүсэлт гаргагч Л.Лхамсүрэн нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1980-1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх Л.Лхамсүрэнгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Тухайлбал

Шүүх түүний хүсэлтээс 1980-1983 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал, 1990-1991 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хүсэлт гаргагчаас тухайн цаг хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа нотлохоор шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нэг бүрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж дүгнэсэн байна.

Харин шүүх хүсэлт гаргагчийн 1984-1989 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоохдоо нотлох баримт нэг бүрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж дүгнээгүй байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар “үнэн зөв, эргэлзээгүй” талаас нь үнэлж үзэхэд хүсэлт гаргагчийн хэдэн онд тус нэгдэлд малчнаар ажиллаж байгааг нотолж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж,  хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана.” гэснийг зөрчсөн бөгөөд шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хүчингүй болгосон тул хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2018/00668 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Л.Лхамсүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, түүнд буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

             ШҮҮГЧИД                                         Б.ДАМБА

                                  

М.НЯМБАЯР