Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 155/шш2022/00276

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багт оршин суух, эрэгтэй, ....................... дугаар регистртэй, Авга хариад овогт М.Б,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багт оршин суух, эрэгтэй, ....................дугаар регистртэй, Бөхчүүд овогт Бын Б.Д,

Нэхэмжлэлийн шаардлага: 7,200,000 (долоон сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:  2,825,000 (хоёр сая найман зуун хорин таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, 155/2021/01436/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М.Б, түүний өмгөөлөгч Б.М,

хариуцагч Б.Б.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Унар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М.Б нь хариуцагч Б.Б.Дд холбогдуулан 7,200,000 (долоон сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: а. Б.Б.Д, бид хоёр мал мах авч, гарсан ашгаа хувааж авахаар тохирч, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаас 2021 оны 7 дугаар сард хонь, ямаа авсан. 7 дугаар сарын 12-ны өдөр малаа туугаад Мөрөн суманд оруулж ирсэн. Нийтдээ 723 толгой бог мал авсан. Би ямааны ашгийг авна гэж тохироод, хонины ашгийг Б.Б.Д ах авна гэж тохирсон. Мөрөнд малаа тууж ирээд Б.Б.Д ахаас мал туусны хөлс манай эхнэрт 300,000 төгрөг, надад 500,000 төгрөг өгнө гэж тохирсон мөнгөө өгөөгүй. Нийт цуглуулсан 400 ямаагаа зараад 6,400,000 төгрөгийн ашиг гарсан. Анх мал авахаар ярилцаж тохирохдоо би өөрөөсөө 1,300,000 төгрөг гаргаж, Б.Б.Д ахад өгч мөнгөө нийлүүлж малаа авч эхэлсэн. Ингээд ямааны ашиг болох нийтдээ 7,200,000 төгрөгийг Б.Б.Д ах, эхнэр бид хоёрт өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай танилцаад, эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Б.Б.Д нь надад мөнгө байна, хоёулаа хамтдаа явъя гэсэн саналыг зөвшөөрсөн...Гэтэл нэхэмжлэгч М.М.Б намайг огт мөнгөгүй байсан мэтээр худал тайлбарыг гаргаж, анх “ямааны ашгаа чи ав, хонины ашгаа би авъя” гэдэг тохиролцоогоо үгүйсгэж байна. Би өөрийн эхнэр Б.ОДгийн 5895234885 дугаар дансаар дамжуулан Ц.Үаас 5,000,000 төгрөг (данс: 5895054007), 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр, Галт суманд оршин суух авга эгчийн хүү н.Бгаас   6.400.000 төгрөг (данс: 5890643734), 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр тус тус шилжүүлэн зээлж авсан, мөн өөрт байсан 2,000,000 төгрөгийг нэмж нэгтгэн, нийт 13,000,000 төгрөгөөр мал худалдан авсан. Харин Б.Б.Д нь надад мал авахдаа тарааж өг гэж өөрөөсөө 6,000,000 төгрөг бэлнээр өгөөгүй. Болсон үйл явдлын тухайд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Б.Б.Дгийн хамтаар миний бие эхнэр, хүүхдээ дагуулан Улаан-Уул сум руу явсан. Бид 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гуна, Соёо, Мунгараг багуудын айлуудаас нийт 393 ямаа, 25 ишиг, 2 ухна, 3 хуц, 162 хонь, 1 морь худалдаж авсан нь үнэн. Харин нийт авсан ямааг Ц.Үд авчирч зарсан. Үүнд:

Худалдаж

авсан

мал

Тоо

ширхэг

Анх авсан үнэ \төг\

Үнийн дүн \төг\

Ц.Үд зарсан үнэ \төг\

1

Борлон

80

60,000

4,800,000

80,000

2

Ишигтэй

ямаа

25

100,000

2,500,000

95,000 \эхийг нь салгаж зарсан\

3

Эм ямаа

100

80,000

8,000,000

95,000

4

Эр ямаа

188

100,000

18,800,000

150 \130,000

 

 

 

 

 

38 \120,000

Нийт

-

418

-

34,100,000

42,335,000

 

393 ямаа+25 ишиг

 

 

 

Ингээд нийт зарсан ямааны үнийн дүнгийн ашиг болох 8,235,000 төгрөгийг хариуцагч Б.Б.Дгээс гаргуулан авах ёстой байсан. Харин биднээс ямаа худалдан авсан Ц.Ү нь 3 удаагийн үйлдлээр хариуцагч Б.Б.Дгийн данс руу дээрхи мөнгийг шилжүүлэн өгсөн. Уг мөнгийг шилжүүлэн өгөхдөө М.М.Б миний 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өөрөөс нь зээлж авсан байсан 5,000,000 төгрөгийг суутган хасаж тооцсон байдаг. Бидний анх харилцан тохиролцсон ёсоор бол анх нийлүүлсэн 13,000,000 төгрөг + ямааны ашиг 8,235,000 төгрөг =21,235,000 төгрөгийг би авах ёстой. Уг 21,235,000 төгрөгөөс Ц.Үы суутган авсан 5,000,000 төгрөгийг хасаж тооцвол 16,235,000 төгрөг болно. Мөн дээрхи дүнгээс Б.Б.Дгээс тооцож авсан (63 төлөг х 80,000=5.040.000 төгрөг)-ийг хасаж тооцох нь зүйн хэрэг.  Уг 63 төлгийг би цааш нь бусдад дамжуулан зарж, хамаатны ах Бгийн зээлийг төлж барагдуулсан. Ингээд үлдэгдэл 11,195,000 төгрөг үлдэнэ. Энэхүү мөнгөнөөс Б.Б.Дгийн тайлбарт бичсэн дараахь үнийн дүн бүхий мөнгө болон малын үнийг хасаж тооцно.

  1. 25 ишиг х 20,000= 500,000 төгрөг,
  2. 1 хуц х 160,000 = 160,000 төгрөг,
  3. 2 ухна х 120,000 = 240,000 төгрөг,
  4. Бэлэн мөнгө 907,500 төгрөг,

Нийт 1,807,500 төгрөгийг Б.Б.Дгээс авсан нь үнэн.

Ингээд үлдэгдэл 9,307,500 төгрөгийг түүнээс нэхэмжлэх ёстой боловч хэрүүл маргаан үүсгээд байсан болохоор нь харин ч “нагац эгчийн минь нөхөр, хүргэн ах минь” гэсэн сэтгэлээр хандаж, мал туулцсан хөлс зэргийг нэхэмжлэхгүйгээр хасаж тооцоод 7,200,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ишиг, хуц, ухна зэргийн зах зээлийн үнэ цэнийг огт тооцоололгүйгээр 50,000, 250,000 төгрөг зэрэг зохиомол үнэ ханшаар үнэлж байгаа нь ойлгомжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

в. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ямаанаас олсон ашиг болох 7,200,000 төгрөгийг Б.Б.Дгээс гаргуулна гэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодруулж, мөн багасгаж байна. Би Б.Б.Дтэй 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум руу мал авахаар явахдаа Ц.Үаас 5,000,000 төгрөг, Р.Хаас 6,400,000 төгрөг, миний өөрийн 2,000,000 төгрөг, нийт 13,400,000 төгрөгөөр хонь, ямаа худалдаж авсан. Ухна толгой тус бүрийг 110,000 төгрөг, хуц толгой тус бүрийг нь 160,000 төгрөг, эр ямаа толгой тус бүрийг 100,000 төгрөг, эм ямаа толгой тус бүрийг 75,000-80,000 төгрөг, борлон толгой тус бүрийг 60,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Р.Хтай хамаатан садан болохоор Б ах гэж дууддаг. Мал авахад гарсан зардлыг Б.Б.Д ах ганцаараа төлөөгүй, би бас мал туусан хүмүүст хөлсийг нь өгч, бензин хийж байсан. Мал авах үйл ажиллагаагаа дуусгаж ашгаа хувааж авах болтол Б.Б.Д ах элдэв бусаар хэлж чаддаг газраараа яваад аваарай гэсэн. Б.Б.Д ахын надад өгсөн хуц, ухна, ишгийн үнийг анх худалдаж авсан үнээр тооцно. Гэтэл надад өндөр үнээр тооцож өгснийг зөвшөөрөхгүй. Б.Б.Д ах ямаанаас гарах ашгийг намайг аваарай гэсэн тул өөрийн оруулсан 13,400,000 төгрөгөөр хэдэн толгой хонь, ямаа авсан талаар нарийн тооцоо гаргаагүй. Р.Х нь 6,400,000 төгрөгөөр 80 толгой төлөг авч өгөөрэй гэсэн боловч Б.Б.Д төлөг бүрийн үнийг 80,000 төгрөгөөр тооцож, 5,040,000 төгрөг буюу 63 толгой төлөг ав гэсэн. Тэгээд би зөрүү 1,360,000 төгрөгийг нэмж Р.Хт бэлнээр 6,400,000 төгрөг өгсөн. Ямааны нийт ашиг 8,235,000 төгрөг болсон. Гэтэл Б.Б.Д ах надад ямааны ашиг гэж 1,807,500 төгрөг өгсөн. Хариуцагч нь ямааны ашгаа хувааж авахаар тохирсон гэж тайлбарлаж байгаа тул зөвшөөрч байна. Анх оруулсан 13,400,000 төгрөг дээр ямааны нийт ашиг 8,235,000 төгрөгийн тал хувь болох 4,117,500 төгрөгийг нэмэхэд 17,517,500 төгрөг болсон. Тэгэхээр 17,517,500 төгрөгөөс Р.Х, Ц.Ү нарт буцааж өгсөн 10,040,000 төгрөгийг хасаж тооцоход 7,775,000 төгрөг үлдэж байна. Дээрх мөнгөнөөс Б.Б.Дгийн ашиг гэж өгсөн 1,807,500 төгрөгийн мал болон бэлэн мөнгийг хасаж тооцоход 5,870,000 төгрөгийн зөрүү гарч байна. Энэ 5,870,000 төгрөгийг Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний талуудын оруулсан мөнгөний хэмжээгээр хамтран ажиллах хөрөнгө гэж үзээд нэхэмжилж байна.

Иймд ямааны ашгийн 50 хувь 4,117,500 төгрөг авахаас 1,807,500 төгрөг авсан тул үлдэх 2,310,000 төгрөг, хамтран ажиллахад нийлүүлсэн төгрөгөөс үлдэх 3,560,000 төгрөг, нийт 5,870,000 төгрөгийг Б.Б.Дгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.М.Б нь 2021 оны 6 дугаар сарын үед утсаар ярьж, Улаан-Уул суманд мал хямд байна, та явж мал авахгүй юм уу гэсэн саналыг Б.Б.Дд тавьж, 500,000 төгрөгийн хөлсөөр мал тууж ирэхээр зөвшөөрч хамт явсан байна. Мал авах үйл ажиллагаа 2021 оны 7 дугаар сарын 04-12-ны хооронд явагдаж, тус сумаас 25 ишигнээс гадна 393 ямаа, 2 ухна, 3 хуц, 162 хонь худалдаж авсан нь Б.Б.Д болон түүний эхнэрийн тэмдэглэл болон банкнаас авсан дансны хуулгаас харагдаж байна. Мал авч байх явцад М.М.Б “Ү гэдэг хүнтэй холбогдлоо, надад 5,000,000 төгрөг өгье ямаа авч өгөөч, 1 ямаанд 5,000 төгрөгийн ашиг өгье гэж байна, мөнгөтэй бол өөрөө л ямаа авмаар байна” гэж хэлсэн. Б.Б.Д нь тухайн үед түүнийг өрөвдөөд “би өөрөөсөө ямаа авах мөнгийг гаргая, харин чамд мал туух хөлс өгөхөө болиод ямаанаас гарах ашгаа хувааж болох юм” гэж хэлсэн байна. Нэхэмжлэгч М.М.Б ямаа худалдаж авахад өөрөөсөө нэг ч төгрөг гаргаагүй. Харин иргэн Ц.Үаас шилжиж ирсэн 5,000,000 төгрөгөөс бусад 27,264,000 төгрөгийг буюу нийт ямаа худалдаж авсан 32,640,000 төгрөгийн 84 хувийг, үйл ажиллагаанд шаардагдсан бүх зардлыг 100 хувь хариуцагч Б.Б.Д өөрөөсөө гаргасан болох нь банкны хуулгууд болон хувийн тэмдэглэлээр нотлогдож байгаа. Худалдаж авсан ямаа нь нас, хүйс, тоо толгой бүрээрээ үнэ өртөгтэйгээ бичигдсэн байдаг. 76 толгой эр ямааг толгой тус бүрийг нь 110,000 төгрөгөөр, 203 толгой эм ямааг толгой тус бүрийг нь 80,000 төгрөгөөр, 90 толгой борлонг толгой тус бүрийг нь 60,000 төгрөгөөр, 24 толгой эр ямааг толгой тус бүрийг нь 110,000 төгрөгөөр авсан. Үүнээс Ц.Үд зарж борлуулахдаа 76 толгой эр ямааг толгой тус бүрийг нь 130,000 төгрөг, 203 толгой эм ямааг толгой тус бүрийг нь 95,000 төгрөг, 90 толгой борлонг толгой тус бүрийг нь 80,000 төгрөг, 24 толгой эр ямааг толгой тус бүрийг нь 115,000 төгрөгөөр тооцож өгсөн. Нийт ашиг олоод борлуулж байгаа ямааны үнийн дүн нь 39,125,000 төгрөг болсон байна. Үүнээс Ц.Ү нь М.М.Бэд өгсөн 5,000,000 төгрөгөө хасаж 34,125,000 төгрөгийг Б.Б.Дд хоёр удаагийн үйлдлээр шилжүүлж өгснөөр үйл ажиллагаа дуусгавар болсон. Ц.Үд борлуулсан ямааны анх авсан үнэ дээр 5,000-20,000 төгрөг нэмж, малын үнийн зөрүү 6,485,000 төгрөгийн ашиг гарчээ. үснэгт 2)

Ц.Үд борлуулсан ямааны тооцоо:

Ямаа, насаар

тоо

Худалдаж авсан үнэ,төгрөг

Худалдсан үнэ, төгрөг

Зөрүү,төгрөг

1

Эр ямаа

76

110,000

130,000

+1,520,000

2

Эм ямаа

203

80,000

95,000

+3,045,000

3

Борлон

90

60,000

80,000

+1,800,000

4

Эр ямаа

24

110,000

115,000

+120,000

 

ДҮН

393

32,640,000

 

+6,485,000

          Хариуцагч Б.Б.Д мал цуглуулах үйл ажиллагааны явцад гарсан бусад зардлыг өөрөөсөө гаргасан ба нэхэмжлэгч, хариуцагч нар Улаан-Уул сумаас мал цуглуулах явцад 13 төрлийн зардалд 657,000 төгрөг зарцуулж, ямаа борлуулсан үнийн зөрүүгээс хасаж зардалд тооцохоор нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, цэвэр ашиг болох 5,828,000 төгрөгийг хувааж авсан байна. 5,828,000 төгрөгийн ашгийг хоёрт хуваахад хүн тус бүрт 2,914,000 төгрөгийн ашиг оногдсон. Хариуцагч нь нэхэмжлэгч М.М.Бтэй харилцан тохиролцсоны дагуу 25 ишгийг нэг бүрийг нь 50,000 төгрөгөөр үнэлж 1,250,000, 1 хуц, 2 ухныг нэг бүрийг 250,000 төгрөгөөр үнэлж 750,000 төгрөгөөр тооцон, дээр нь бэлнээр 907,500 төгрөг өгч түүнд нийт 2,907,500 төгрөгийн ашиг хуваарилсан байна. Тэдгээрийг нэхэмжлэгч ямар ч маргаангүйгээр хүлээж авсан. Өөрөөр хэлбэл хариуцагч тал нэхэмжлэгчтэй хамтран ажиллах явцдаа хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж гэрээг дуусгавар болгосон ба энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно. 236.1.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэсэн шаардлагыг хангасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч М.М.Бийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, мөнгө авна гэдгээ нотолж чадаагүй, нэхэмжлэлийн үнийн дүн зөрүүтэй, түүнчлэн нэхэмжилж байгаа мөнгийг хариуцагч Б.Б.Дгээс гаргуулах талаар хууль болон гэрээнд заасан бодит үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          2. Хариуцагч Б.Б.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэн Мөнхбатын М.Бээр Улаан-Уул сумаас мал туулгуулахаар харилцан тохиролцож, тухайн үйл ажиллагааг 2021 оны 7 дугаар сарын 02-12-ны өдрүүдэд зохион байгуулж хамтран ажилласан юм. Эхлээд бидний хооронд хариуцагч М.М.Б миний худалдаж авсан малыг тууж ирэхээр, миний зүгээс түүнд мал туулцсаны хөлсөнд 500,000 төгрөг өгөхөөр тохиролцсон боловч мал авах явцад миний зүгээс тохиролцоогоо өөрчлөн М.М.Бээр хөлсөөр мал туулгахаас татгалзаж, худалдаж авах ямааныхаа ашгийг түүнтэй хувааж авахаар тохиролцсон билээ. Би түүнд маш их итгэж байсан тул мал авч эхлэх үед мал авахдаа тарааж өг гэж өөрт байсан 17,000,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг баз хүргэн болох Нак /Наранхүү/ болон түүний эхнэрийн дэргэд хариуцагч М.М.Бэд хариуцуулан хүлээлгэн өгч мал авсны дараа түүнтэй тооцоо хийхээр тохирсон юм. Хариуцагч М.М.Б нь түүнд бэлнээр өгсөн 6,000,000 төгрөгөөс иргэн ЦогтБс 48 ямаа авахад 800,000 төгрөг, иргэн Майбаярын хотноос 38 мал авахад 15,000 төгрөг, иргэн Гансүхийн хотноос (4 дэх хот айлаас) 58 толгой мал авахад 1,775,000 төгрөг, иргэн Ж.Буриадын малыг авахад 585,000 төгрөгийг тус тус авсан малын үнэд тараан өгч зарцуулсан ба миний зүгээс түүнд итгэл хүлээлгэж өгсөн мөнгөнөөс нийт 3,175,000 төгрөгийг зарцуулж, үлдэгдэл 2,825,000 төгрөгийн тооцоог хийхгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

          Иймд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэн Мөнхбатын М.Бээс түүнд малын үнэд өгүүлэхээр хариуцуулан хүлээлгэж өгсөн 6,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 2,825,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Б.Дгийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэн н.Цогтбаярынд 800,000 төгрөг, н.Майбаяр, н.Гансүх гэх айлын хотноос мал авч 15,000 төгрөг, н.Гансүхэд 1,775,000 төгрөг, н.Буриад гэх айлаас мал авахад 585,000 төгрөг, нийт 3,175,000 төгрөгийг М.М.Б өгсөн. Үүнээс үлдсэн 2,825,000 төгрөгийг буцааж өгөөгүй. Энэ нь дансны хуулга болон бусад мэдээлэл тайлбаруудаар нотлогдож байна. Иймд 2,825,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

          Нэхэмжлэгч М.М.Б шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.Б.Д ах надад 6,000,000 төгрөг бэлнээр өгөөгүй. Дээр нэр дурдсан айлуудаас мал худалдаж авсан, бид хоёр хамт явж Б.Б.Д ах өөрөө мөнгөө барьж байсан. Намайг 6,000,000 төгрөг авч хадмууддаа өгсөн гэж гүтгээд байгаа. Яагаад ингээд байгааг мэдэхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс: Б.ОДгийн ХААН банкны  5895234885 дугаар дансны 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, М.М.Бийн ХААН банкны  5904197798 дугаар дансны 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 27-28 дахь тал) баримтуудыг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр: Гэрчээр Б.ОД, Ц.Ү, Р.Х, Б.Пүрэвсүрэн, Б.Энхбат нарыг дуудан мэдүүлэг авч, ХААН банкны Хөвсгөл салбараас Ц.Үы ХААН банкны 5895054007 дугаар дансны 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргуулж, шүүх нотлох баримт бүрдүүлсэн (хавтаст хэргийн 46-50, 53-57, 61-63 дахь тал)

Хариуцагчаас: Б.Б.Дд олгосон 2017 оны батламж, өргөмжлөл, 2020 оны өргөмжлөл, Б.Б.Дгийн мал худалдан авахдаа тооцоо бичсэн гар бичмэлийн дэвтэр, П.Дагийраазайн ХААН банкны 5337057618 дугаар дансны 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П.Дагийраазайн ХААН банкны 5895060688 дугаар дансны 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 8015 ХӨВ улсын дугаартай автомашины гэрэл зураг, тус автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 он, 2020 онд олгосон аварга малчны үнэмлэхийн  нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, мал тэжээвэр амьтад хашаа худгийн 2016 он, 2021 оны тооллогын маягтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Б.Б.Дгийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, Б.Б.Дгийн ХААН банкны 5895027867 дугаар дансны 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 70-85 дахь тал) баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямааны ашиг 7,200,000 (долоон сая хоёр зуун мянгатөгрөг гаргуулна гэж тодруулсан. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 1,330,000 төгрөгөөр багасгаж, шаардлагаа дахин тодруулж, ямааны ашгийн үлдэгдэл хувь 2,310,000 төгрөг, хамтран ажиллахад нийлүүлсэн төгрөгөөс үлдэх 3,560,000 төгрөг, нийт 5,870,000 төгрөгийг хариуцагч Б.Б.Дгээс гаргуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэгч М.М.Бийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан 5,870,000 төгрөгөөс 1,435,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 4,435,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Б.Дтэй хамт мал авахдаа 13,400,000 төгрөг оруулсан. Намайг ямаанаас гарах ашгийг аваарай гэсэн боловч одоо ямааны ашгаа хувааж авахаар тохирсон гэж тайлбарлаж байгаа тул зөвшөөрч байна. Ямааны нийт ашиг 8,235,000 төгрөгийн 50 хувь 4,117,500 төгрөг авахаас 1,807,500 төгрөг өгсөн тул үлдэх 2,310,000 төгрөг, хамтран ажиллахад нийлүүлсэн 13,400,000 төгрөгөөс үлдэх 3,560,000 төгрөг, нийт 5,870,000 төгрөгийг Б.Б.Дгээс гаргуулж авна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: М.М.Б мал авахад нэг ч төгрөг оруулаагүй. Ц.Үд ямаагаа зарж, түүний өгсөн 5,000,000 төгрөгийг суутгаж өгсөн, ямааг анх худалдан авсан үнэ дээр 5,000-20,000 төгрөг нэмж, малын үнийн зөрүү 6,485,000 төгрөгийн ашиг гарсан. Мал цуглуулах явцад гарсан зардал 657,000 төгрөгийг тохиролцсоноор 6,485,000 төгрөгөөс хасч, цэвэр ашиг 5,828,000 төгрөгийг хувааж, М.М.Бэд 2,907,500 төгрөгийн ашиг өгөхөд маргахгүй хүлээж авсан. Өөрөөр хэлбэл хариуцагч тал нэхэмжлэгчтэй хамтран ажиллах явцдаа хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлалаа.

2. Хариуцагч Б.Б.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэгч М.М.Бэд холбогдуулан 2,825,000 (хоёр сая найман зуун хорин таван мянга) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Б.Б.Д дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 6,000,000 төгрөгийг М.М.Бэд хариуцуулан хүлээлгэн өгч, мал авсны дараа тооцоо хийхээр тохирсон. Хариуцагч М.М.Б нь түүнд бэлнээр өгсөн 6,000,000 төгрөгөөс нийт 3,175,000 төгрөгийг мал авахад зарцуулсан. Одоо үлдэгдэл 2,825,000 төгрөгийг гаргуулж авна гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч М.М.Б сөрөг нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Би Б.Б.Д ахтай хамт мал авч явсан, тэрээр бэлэн мөнгөө өөрөө барьж байсан тул 6,000,000 төгрөг аваагүй гэж тайлбарлалаа.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдлоо.

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

а. Зохигч болох М.М.Б, Б.Б.Д нар хамтран 2021 оны 7 дугаар сард хонь, ямаа худалдан авч, Ц.Үд 393 толгой ямааг зарж борлуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Б.ОДгийн ХААН банкны 5895234885 дугаар дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Б.Дгийн ХААН банкны 5895027867 дугаар дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ц.Үы ХААН банкны 5895054007 дугаар дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Б.ОДгийн “...Манай нөхөр М.М.Б Улаан-Уул сумаас мал авна гэж Б.Д ахтай хамт явахаар болсон. Тэр үед нь Ү нь мал авахуулна гэж, Х нь төлөг авахуулна гэж тус тус миний дансанд мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Үы “...Надад ямаа авч ирж өгнө гэхээр нь би М.Бэд 5,000,000 төгрөг өгсөн...Б.Д ахтай ямаа авахаар боллоо гээд надад ямаа авч ирж өгөөгүй...2021 оны 7 дугаар сард Улаан-Уул сумаас цуглуулж ирсэн ямааг 5,000,000 төгрөгөө оролцуулаад би худалдаж авсан...Ямаа худалдсан мөнгийг Б.Дгийн данс руу 2 удаа шилжүүлж байсан ...” гэх мэдүүлэг, гэрч Р.Хын “...Эхлээд төлөг авч өгнө гэж 6,400,000 төгрөг авсан. Би төлгөө авахаа болиход М.Б “би энэ төлгөө зараад буцаж явж дахин төлөг авч ирж өгье” гэсэн. Тэгэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд төлгөө бүр авахаа болиод мөнгөө буцааж авсан...” гэх мэдүүлэг, хариуцагч Б.Б.Дгийн мал худалдан авахдаа тооцоо бичсэн гар бичмэлийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 27, 85, 61-63, 47-50, 54, 74 дахь тал)

б. Ц.Үд 393 толгой ямааг зарсан нэг бүрийн үнэ, зарж борлуулсанаас ашиг гарсан, түүнийг хувааж авахаар тохиролцсон талаар зохигч маргаагүй.

Харин дээрх ямааны нас, хүйс болон зарж борлуулсанаас гарсан ашгийн үнийн дүнгийн талаар маргаж байна. Тодруулбал: Нэхэмжлэгч нь эр ямаа 188 толгой, эм ямаа 125 толгой, борлон 80 толгой, нийт 393 толгой ямааг зарж борлуулсаны ашиг 8,235,000 төгрөг болсон. Хариуцагч нь эр ямаа 100 толгой, эм ямаа 203 толгой, борлон 90 толгой, нийт 393 толгой ямааг зарж борлуулсаны ашиг 6,485,000 төгрөг болсон гэж зөрүүтэй тайлбарлаж байна.

Маргааны зүйл болох 393 толгой ямааг зарсан нэг бүрийн үнэ, нас хүйс, тоог эр ямаа 76 толгой*130,000 төгрөг, эр ямаа 24*115,000 төгрөг, эм ямаа 203 толгой *95,000 төгрөг, борлон 90 толгой*80,000 төгрөгөөр тус тус зарж борлуулсанаас гарсан ашгийг 6,485,000 төгрөг байх үндэслэлтэй гэж дүгнэв. Тодруулбал хариуцагч Б.Б.Дгийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн “2021 оны 7 дугаар сарын 12. Эр ямаа 76*130,000=9,880,000, эм ямаа 203*95,000=19,285,000, борлон 90*80,000=7,200,000, эр ямаа 24*115,000=2,760,000. Үнэгээд 393 ямаа өгөв. Үнэ 34,125,000...эм ямаа 203*15,000=3,045,000, борлон 90*20,000=1,800,000, эр ямаа 76*20,000=1,520,000, эр ямаа 24*5,000=120, ашиг 6,485,000” гэж тэмдэглэсэн мал худалдан авахдаа тооцоо бичсэн гар бичмэлийн дэвтэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдлоо. (хавтаст хэргийн 74 дахь тал)

Мөн М.М.Бэд ямааны ашигт өгсөн хуц, ухна, ишиг зэрэг малыг үнэлсэн үнэлгээн дээр маргаж байна. Хариуцагч Б.Б.Дгийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн мал худалдан авахдаа тооцоо бичсэн гар бичмэлийн дэвтэрт “...хуц 3*160,000=480,000, ухна 2*110,000=220,000...эм ямаа 10*80,000=800,000, ишигтэй ямаа 5*100,000=500,000... ” гэж тэмдэглэсэн байна. Ишигтэй эм ямааг 100,000 төгрөгөөр буюу ишиггүй эм ямаа худалдан авсан үнээс 20,000 төгрөгөөр илүү үнээр худалдан авсан, мөн эх ямааг ишигнээс нь салгаж зарахдаа ишиггүй эм ямаатай адил үнээр зарсан байх тул ишиг нэг бүрийн үнийг 20,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэж дүгнэв. Дээрхи мал худалдан авахдаа тооцоо бичсэн гар бичмэлийн дэвтэрт тэмдэглэсэн малын үнэлгээгээр М.М.Бэд хуц 1*160,000 төгрөг, ухна 2*120,000 төгрөг=240,000 төгрөг, ишиг 25*20,000 төгрөг=500,000 төгрөгөөр тооцож өгсөн гэж үзлээ. Зохигч ямааны ашигт бэлнээр 907,500 төгрөг өгсөн тухай хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Б.Б.Д нь нэхэмжлэгч М.М.Бтэй харилцан тохиролцсоны дагуу 25 ишгийг нэг бүрийг нь 50,000 төгрөгөөр үнэлж 1,250,000 төгрөг, 1 хуц, 2 ухныг нэг бүрийг 250,000 төгрөгөөр үнэлж, нийт 750,000 төгрөгөөр тооцож өгсөн гэж тайлбарласан ч үүнийг нотолж чадахгүй, энэ талаарх нотлох баримтгүй  байна. (хавтаст хэргийн 74 дахь тал)

М.М.Б нь Б.Б.Дтэй хамт мал авахад Ц.Үаас 5,000,000 төгрөг, Р.Х (Б)-аас 6,400,000 төгрөг, өөрт байсан 2,000,000 төгрөг, нийт 13,400,000 төгрөг нийлүүлсэн. Үүнээс 3,560,000 төгрөг аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухайгаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ”, 43.1.1-д “хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” гэж заажээ.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч М.М.Б, хариуцагч Б.Б.Д нар хамтран ажиллах гэрээний гол нөхцөл болох хамтран мал худалдан авч, ашиг гарган зарж борлуулах, ямаа зарж борлуулсаны ашгийг хувааж авах тухай тохиролцон, М.М.Бэд ямааны ашиг 1,807,500 төгрөгийн мал буюу бэлэн мөнгө шилжүүлж өгсөн тул тэдний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 476.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж заасны дагуу “хамтран ажиллах гэрээ” амаар байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч М.М.Б нь хариуцагчаас ямаа зарж борлуулсанаас гарсан ашиг гаргуулахаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч М.М.Б, хариуцагч Б.Б.Д нар 393 толгой ямааг зарж борлуулан, түүнээс гарсан ашиг 6,485,000 төгрөгийг хувааж авахаар тохиролцсоны дагуу хоёр хуваахад нэг хүнд 3,242,500 төгрөг ногдож байх бөгөөд үүнээс ямааны ашиг 1,807,500 төгрөгийг М.М.Бэд өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Харин нэхэмжлэгч М.М.Б хамтран ажиллахад нийлүүлсэн 13,400,000 төгрөгөөс 3,560,000 төгрөгийг Б.Б.Дгээс гаргуулж авна гэж нэхэмжилж байгаа ч энэ тухайгаа нотлож чадахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно.

Иймд хариуцагч Б.Б.Дгээс ямааны ашиг 1,435,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.М.Бэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,435,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Б.Б.Д нь М.М.Бэд бэлэн 6,000,000 төгрөг өгснөөс 3,175,000 төгрөгийг мал авахад зарцуулсан. Үлдэгдэл 2,825,000 төгрөг өгөөгүй тул түүнээс гаргуулж авна гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч М.М.Б бэлнээр 6,000,000 төгрөг аваагүй гэж маргаж байна. Хариуцагч Б.Б.Д сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нэхэмжлэгчийн тайлбарыг няцаах нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч М.М.Бээс 2,825,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М.М.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,150 төгрөг, хариуцагч Б.Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,435,000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 37,910 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: 1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн М.М.Бийн ХААН банкны ................ дугаар дансны 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга нь цаг хугацааны хувьд тухайн үйл баримттай хамааралгүй, гэрч Б.Пүрэвсүрэн, Б.Энхбат нарын өгсөн мэдүүлэг ач холбогдолгүй. 2. Хариуцагчаас ирүүлсэн  Б.Б.Дд олгосон 2017 оны батламж, өргөмжлөл, 2020 оны өргөмжлөл, П.Д-н ХААН банкны .......дугаар дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П.Дагийраазайн ХААН банкны .... дугаар дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, .............. ХӨВ улсын дугаартай автомашины гэрэл зураг, тус автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 он, 2020 онд олгосон аварга малчны үнэмлэхийн  нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, мал тэжээвэр амьтад хашаа худгийн 2016 он, 2021 оны тооллогын маягтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Б.Б.Дгийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга зэрэг баримт тухайн хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 28, 55-57, 70-73, 75-84 дэхь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б.Дгээс ямааны ашиг 1,435,000 (нэг сая дөрвөн зуун гучин таван мянга) төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.М.Бэд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,435,000 (дөрвөн сая дөрвөн зуун гучин таван мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.М.Бэд холбогдох 2,825,000 (хоёр сая найман зуун хорин таван мянга) төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Б.Дгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.М.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,150 төгрөг, хариуцагч Б.Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б.Дгээс улсын тэмдэгтийн хураамж 37,910 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М.М.Бэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Б.ОТГОНБЯМБА