Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 225/МА2022/00013

 

 

 

 

 

 

 2022        05            04                                           225/МА2022/00013

 

                                                                         

 М.Буяннэмэхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2022/00276 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: М.Буяннэмэхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******д холбогдох

7,200,000 (долоон сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2,825,000 (хоёр сая найман зуун хорин таван мянга) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Дарамсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Буяннэмэх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Дарамсүрэн бид хоёр мал мах авч, гарсан ашгаа хувааж авахаар тохирч, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаас 2021 оны 7 дугаар сард хонь, ямаа авсан. 7 дугаар сарын 12-ны өдөр малаа туугаад Мөрөн суманд оруулж ирсэн. Нийтдээ 723 толгой бог мал авсан. Би ямааны ашгийг авна гэж тохироод, хонины ашгийг******* ах авна гэж тохирсон. ...ямааны ашиг болох нийтдээ 7,200,000 төгрөгийг******* ах, эхнэр бид хоёрт өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү.

...ямааны ашгийн 50 хувь 4,117,500 төгрөг авахаас 1,807,500 төгрөг авсан тул үлдэх 2,310,000 төгрөг, хамтран ажиллахад нийлүүлсэн төгрөгөөс үлдэх 3,560,000 төгрөг, нийт 5,870,000 төгрөгийг*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч М.Буяннэмэх ямаа худалдаж авахад өөрөөсөө нэг ч төгрөг гаргаагүй. ...Дарамсүрэн нь тухайн үед түүнийг өрөвдөөд “би өөрөөсөө ямаа авах мөнгийг гаргая, харин чамд мал туух хөлс өгөхөө болиод ямаанаас гарах ашгаа хувааж болох юм” гэж хэлсэн байна. ...Нийт ашиг олоод борлуулж байгаа ямааны үнийн дүн нь 39,125,000 төгрөг болсон байна. ...малын үнийн зөрүү 6,485,000 төгрөгийн ашиг гарчээ. 

...нэхэмжлэгч М.Буяннэмэхийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, мөнгө авна гэдгээ нотолж чадаагүй, нэхэмжлэлийн үнийн дүн зөрүүтэй, түүнчлэн нэхэмжилж байгаа мөнгийг хариуцагч*******гээс гаргуулах талаар хууль болон гэрээнд заасан бодит үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...мал авахдаа тарааж өг гэж өөрт байсан 17,000,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг баз хүргэн болох Нак /Наранхүү/ болон түүний эхнэрийн дэргэд хариуцагч М.Буяннэмэхэд хариуцуулан хүлээлгэн өгч мал авсны дараа түүнтэй тооцоо хийхээр тохирсон юм. Хариуцагч М.Буяннэмэх нь ...хүлээлгэж өгсөн мөнгөнөөс нийт 3,175,000 төгрөгийг зарцуулж, үлдэгдэл 2,825,000 төгрөгийн тооцоог хийхгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Иймд ...үлдэгдэл болох 2,825,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Буяннэмэх сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:******* ах надад 6,000,000 төгрөг бэлнээр өгөөгүй, бид хоёр хамт явж******* ах өөрөө мөнгөө барьж байсан. ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2022/00276 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч*******гээс ямааны ашиг 1,435,000 (нэг сая дөрвөн зуун гучин таван мянга) төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Буяннэмэхэд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,435,000 (дөрвөн сая дөрвөн зуун гучин таван мянгатөгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.Буяннэмэхэд холбогдох 2,825,000 (хоёр сая найман зуун хорин таван мянгатөгрөг гаргуулах тухай хариуцагч*******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Буяннэмэхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,150 төгрөг, хариуцагч*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гээс улсын тэмдэгтийн хураамж 37,910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Буяннэмэхэд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч******* давж заалдах гомдолдоо: ... шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 66.1, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь заалтуудыг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэн дараах үндэслэлээр хянаж өгөхийг хүсч байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч М.Буяннэмэхийн зүгээс өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хууль зүйн үндэслэлтэй тодорхойлж, нотлох баримттайгаар гаргаж өгөх ёстой байтал нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт” гэсэн шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг шүүх хүлээж авсан ба шүүгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх заалтын дагуу нэхэмжлэлийг захирамжаар буцаах ёстой байтал мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтын шаардлагыг зөрчин иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргаснаас шалтгаалан шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна.

2.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, маргааны зүйлийг зөв тодорхойлоогүйгээр талуудын хоорондох эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй буюу тухайн үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлага биш байхад ишигний үнийн талаар маргасан гэж үзэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, нотлогдоогүй баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүйд хүргэсэн гэж үзэж байна. Шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, хэрэгт авагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлэгдсэн, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан нотлох баримтыг хэргийн бодит нөхцөл байдлыг тодорхойлох үндэслэл болгох ёстой байтал шүүх хэт нэг талыг баримтлан үндэслэлгүй шийдвэр гаргаж хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчлөө.

3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүхээс нэхэмжлэгч М.Буяннэмэх нь ашиг хуваарилсан ишигний үнийг зөвшөөрөхгүй байгаа талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад хариуцагчийн өмчлөх эрх, өөрийн өмчийн эд зүйлээ чөлөөтэй захиран зарцуулах эрхэнд халдаж хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргалаа.

4.Мөн ...илт үндэслэлгүй дүгнэлтийг шүүхээс хийж, ишигний үнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад нотлох баримт үнэлэх талаар хуулиар тогтоосон журам зөрчлөө. ...Мөн шүүхээс “ашиг 6485000 төгрөг” гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийлээ. Ашиг гэж үзсэн 6485000 төгрөг нь зөвхөн Улаан-Уул сумаас авсан ямааны үнэ, Ц.Үнэнсайханд зарагдсан ямааны ханшийн зөрүү бөгөөд энэ зөвхөн тэдний олсон орлогод хамаарах ёстой ба түүнээс тухайн үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хасч ашгийн асуудлыг тооцох ёстойг шүүх анхаарч үзээгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үззж ...шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Буяннэмэхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч М.Буяннэмэх нь хамтран авсан ямааны ашиг 7,200,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 5,870,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  “...Буяннэмэх мал авахад нэг ч төгрөг оруулаагүй” гэсэн үндэслэлээр,  

Хариуцагч******* нэхэмжлэгчид мал авахуулахаар өгсөн 6,000,000 төгрөгөөс дутуу өгсөн 2,825,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч М.Буяннэмэх “...тэрээр бэлэн мөнгөө өөрөө барьж байсан, 6,000,000 төгрөг аваагүй” гэсэн үндэслэлээр тус тус эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,435,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,435,000 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний тухай хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж үзэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болж байна.

1.Зохигч нь мал авахаар тохиролцож 2021 оны 06 дугаар сараас 07 дугаар сарын 12-ны өдрийн хооронд мал авч хамтран ажилласан  нь тэдгээрийн тайлбараар нотлогдож байх тул “...тэдний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан” гэж дүгнэсэн нь  үндэслэл бүхий гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь “ямааны ашгийг надад өгөхөөр тохирсон” гэх үндэслэлээр ямааны ашиг нэхэмжилсэн байх боловч 393 ямаа худалдан авснаас хэдий хэмжээний ашиг олсноо болон ямааны ашгийг бүгдийг нь авахаар тохиролцсоноо  баримтаар нотлоогүй  байна. Иймд шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “худалдаж авах ямааныхаа ашгийг түүнтэй хувааж авахаар тохиролцсон” гэх тайлбар, ямаа худалдан авснаас гарсан ашгийн талаарх тооцоог үндэслэн  ашиг хуваарилсан нь үндэслэлтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд зохигч нь 32,640,000 төгрөгөөр ямаа худалдан авч, 39,125,000 төгрөгөөр худалдсан, үүнээс иргэн Ц.Үнэнсайхан 5,000,000 төгрөгөө суутган авсан байх ба зохигч 6,485,000 төгрөгийн ашигтай ажиллажээ.

Зохигч өгч, авалцсан малын тоо, бэлэн мөнгөний талаар маргаагүй боловч  нийт үнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “2,907,0000 төгрөг” гэж, нэхэмжлэгч “1,807,500 төгрөг” гэж тайлбарлаж, малын үнэлгээг өөр өөрөөр тооцжээ. Малын үнэлгээ зөрүүтэй, үнэлгээ тогтоолгох эсэх талаар  зохигч ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул анхан шатны шүүх хариуцагчийн мал худалдан авахдаа тооцоо бичсэн гар бичмэлийн дэвтэрт тэмдэглэсэн үнэлгээгээр малын үнийг тооцож, зөрүү 1,435,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий гэж үзнэ.

Мөн “мал авахад нийт 657,000 төгрөгийн зардал гарсан” гэх тайлбараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч баримтаар нотлоогүй тул зардал хасч тооцоогүйг буруутгах боломжгүй.

2.Хариуцагч******* нэхэмжлэгчид мал авахуулахаар 6,000,000 төгрөг өгснөөс  дутуу  2,825,000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 

Зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар “...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх” ба  мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байх ба хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2022/00276 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,910 /гучин долоон мянга есөн зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРХҮҮ

                             ШҮҮГЧИД                                     Л.ЭРДЭНЭБАТ

                                            Б.СОСОРБАРАМ