Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2022/00189

 

 

 

 

 

 

 

 

                     2022          01           11  

                                       184/ШШ2022/00189

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар гудамж.. тоот хаягт оршин суух, Б овогт Д-ын Г /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж өөрийн байр хаягт байрлах, “Б” ХХК /РД:...../-д холбогдох,

 

2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... тоот ажлаас чөлөөлөх тухай "Б" ХХК-ийн захирлын тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин болох 1,800,000 төгрөг гаргуулах, өмнө эрхэлж байсан автобусны жолоочийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ж.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, түүний өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...Миний бие Б ХХК-д 2017 оны 10 дугаар сард автобусны жолоочоор ажилд орсон. Тус байгууллагад 5 жил тасралтгүй ажилласан.

Ажиллах хугацаандаа байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож мөн байгууллагаас зохион байгуулсан спортын уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан. Тасралтгүй 5 жил ажиллахдаа энэ байгууллагад ажил тасалсан хоноггүй, ажлын гүйцэтгэл сайн бүрэн ажиллаж байсан.

Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр диспетчер Л.О-тэй ажлын тухай үнэн байдал, удирдлагын алдаа дутагдлыг ил тод хэлтэл хэл ам үгээр доромжилж толгой руу гараараа цохисон. Цохиход нь нүдний шил унаад хагарсан. Ингээд цагдаад дуудлага өгсөн. Захирал Х, ашиглалтын албаны дарга Б нар ирээд захирал миний цагдаад өгсөн дуудлагыг буцаа гэхээр нь байгууллагын нэр төрийг бодоод дуудлагаа буцаасан. Өөрөөр надад хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн үйлдэл огт байхгүй.

Маргааш нь намайг дуудаж байгууллагын хурлаар хэлэлцэх болсон. Хурлаар хэлэлцэхдээ захирал Х намайг өөрийн хүсэлтээ өгөөд гар гэсэн. Тэгэхэд нь би толгой руугаа диспетчерт цохиулсан яагаад өөрийн хүсэлтээр гардаг юм гэж хэлээд гарсан. Маргааш нь дахин очиж хүний нөөцийн менежер Н, ерөнхий инженер Д, ашиглалтын албаны дарга Б, хөдөлмөр, хамгааллын инженер Э, диспетчер О, механик инженер Б нар авч хэлэлцээд байж байтал Х захирал орж ирээд наадхынхаа үгийг яах гэж сонсдог юм, нийтийн тээвэрт ажиллахгүй болтол тушаалаар хал гэсэн. Үүний дагуу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай ажлаас чөлөөлсөн тушаал гарсан.

2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс миний бие ковид өвчин тусч, хүнд оноштойгоор Хан-Уул дүүргийн шинэ эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэж, гарч ирээд гэрийн хяналтад байж байгаад 10 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа очсон.

Энэ хугацаанд сэтгэл санаа тогтворгүй, дархлаа муудсан байсан. Ажлын үзүүлэлт сайн, ажлаа хэвийн хийж байхад ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халж хохироож байгаад гомдолтой байна. Миний бие тэтгэвэрт гарахад 4 жил дутуу байгаа. Хэвийн ажлаа хийж байхад жижиг маргаанаас болж биед халдаж, доромжилж, өөрийгөө хамгаалж баримтжуулж цагдаад дуудлага өгөхөд болиулсан байж гэнэт ажлаас халсанд гомдолтой байна.

Хариуцагчийн яриад байгаа шиг хэд хэдэн байгууллага дамжсан зүйл байхгүй. Би нийт 3 байгууллагад ажиллаж байсан. Өмнө нь сахилгын шийтгэл оногдуулсан гэх боловч нэгэнт болоод дууссан асуудал.

Иймд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... тоот ажлаас чөлөөлөх тухай "Б" ХХК-ийн захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин болох 1,800,000 төгрөгийг гаргуулж, өмнө эрхэлж байсан автобусны жолоочийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ажлаас чөлөөлсөн Б ХХК-ийн захирлын тушаалд ямар зөрчил гаргаад ажлаас халагдаж байгааг тодорхойлоогүй, сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзсэн үү, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгасан ноцтой зөрчлийн алийг нь гаргасан гэж үзсэн нь тодорхой бус байна. Тушаалдаа заах ёстой байсан. Шүүх хуралдаан дээр хэлж байгаа 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зөрчлийг үндэслэн ажлаас халсан гэх боловч тухайн зөрчил, үйл баримт тогтоогдоогүй, мөн хууль хэрэглээний хувьд тушаал нь хуулийн шаардлага хангаагүй гэв.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа:

...Д.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Манай компани уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 1-рт, Д.Г нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр анх манай компанид ... дугаартай тушаалаар автобусны жолоочоор ажилд орсон. Ажилд орохоосоо өмнө нийтийн тээврийн аж ахуй нэгж байгууллага болох олон газраар дамжин ажилласан, нэг газраа тогтвор суурьшилтай ажиллаж байгаагүй нь түүний нийгмийн даатгалын дэвтэр нотлон харуулж байсан ба нэг салбарт ажиллаж байгаа ажилчид түүнийг зан харилцааны тал дээр доголдолтой гэж тодорхойлж байсан.

2-рт ажилд авснаас хойш хамт олон болон дээд шатны удирдлагуудтай таарамжгүй, байнга хэл ам гаргадаг, нийтийн тээврийн удирдах газар руу дуудагдаж гомдол санал их гаргаж эхэлсэн. Түүнийг тал талаас нь хэлж сануулж, аль болох ажилд нь тогтвор суурьшилтай ажиллуулах гэж хичээж ажилласан. Сүүлийн 2 жилийн хугацаанд буюу 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны  9 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд 4 удаа хурлаар орж захиргааны арга хэмжээ авагдаж байсан нь хурлын тэмдэглэл, арга хэмжээ тооцуулсан хуудас, тушаал зэргээр нотлогдоно. 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар сануулах арга хэмжээ, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 2 удаа бэлэн мөнгө хураасан гэсэн гомдлоор цалингаас 50,000 төгрөг хасах, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Д.Г нь ээлжийн жолооч болох Д.А таарахгүй удаа дараа хэрүүл маргаан гаргадаг гэсэн шалтгаанаар хурлаар орж албан тушаалтнууд хэлж сануулсан. 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр жолооч Б.Л шугам замд хэрэлдэж, муудалцаж, хэрүүл маргаан үүсгэсэн гэж цалингийн 20 хувиар арга хэмжээ тооцуулсан.

Гэвч бид түүнийг ажиллуулсаар байсан. 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Д.Г нь ар гэрийн асуудлаас болж ажлаа хийх боломжгүй болсон гэсэн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл өгсөн. Өргөдлийг хүлээж авч Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 30 хоногийн дотор шийдвэрлэхээр хүлээгдэж байх хугацаанд өөрөө ажлаасаа гарахаа болин буцаж ажлаа хийж эхэлсэн. Мөн бид түүний өгсөн өргөдлийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлалгүй буцаагаад ажиллуулсан.

Д.Г нь хамт олон, шууд удирдлагуудтайгаа хэл ам хэрүүл маргаан хийдэг нь засрахгүй, цаашлаад өөрийн ажиллаж байгаа байгууллагын нэр хүндэд халдаж эхэлсэн. Албан тушаалтнуудыг хулгайч, иддэг уудаг, чадваргүй гэж ямар ч үндэслэлгүй нотлох баримтгүй зүйлийг ярьж, бичиж, бусдыгаа өдөөн турхирч хамт олны уур амьсгалыг эвдэж, олон нийтийн сүлжээнд цацдаг болсон.

Удирдлагууд руу ажлын болон ажлын бус цагаар байнга залгаж, мессеж бичиж бүх хүмүүсийг буруутгаж, удирдлагуудын нэр хүндийг унагаж, харлуулж байгааг байгууллагын зүгээс удаа дараа анхааруулсан.

2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Д.Г нь ажлаасаа бууж ирээд шууд удирдлага болох тухайн өдрийн ээлжинд гарч байсан тээвэр зохицуулагчийн тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй маргалдан улмаар Г түрүүлж тээвэр зохицуулагчийн уруулыг цохисон. Түүнээс үүдэн маргаан гарсан. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Гг захирлын зөвлөлийн хурлаар оруулж болсон асуудлыг хэлэлцэх гэтэл удирдлагуудыг үл хүндэтгэн, утсаар ярьж, тэс өөр түлш шатахууны талаар маргаан үүсгэснээр хурлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болгосон. Ингээд манай компанийн техникийн зөвлөх инженер, тээвэрлэлтийн ашиглалтын албаны дарга, хүний нөөцийн менежер, тээвэр зохицуулагч нар цаашид Д.Гтай хамтарч ажиллах боломжгүй гэсэн тодорхойлолтыг бичиж тодорхойлсон.

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Д.Гтай хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг 2 тал харилцан тохиролцож гарын үсэг зуран байгуулсан. Уг хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар тусгайлан заасан ноцтой зөрчлүүд байдаг. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2/145 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн Д.Ггийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Дээрх заалтад хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан. Үүнд хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.5.1 бусдыг ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулсан,

11.5.3 Компанийн нэр хүндэд нөлөөлөхөөр ёс зүйн зөрчил гаргасан, ажил үйлчилгээнд явж байхдаа олон нийтийн дунд хэрүүл маргаан, зодоон хийсэн.

11.5.4 Өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй,

11.5.6 Ажилтан нь ажил олгогчийн итгэлийг алдсан

11.5.8 Компанийн удирдлагын тавьсан зүй ёсны шаардлагыг хүлээн авахгүй байх зэрэг болно.

Иймд Д.Г нь өөрийн буруугаас болж хөдөлмөрийн гэрээг цуцлахад хүрсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Дээд шатны албан тушаалтны тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хэрүүл маргаан үүсгэсэн. Энэ нь компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил учраас, мөн компанийн нэр хүндэд нөлөөлөх үйлдэл учраас ажлаас чөлөөлсөн. Тушаал хуулийн үндэслэлтэй, техникийн хувьд хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын зөрчсөн гэх заалтыг бичээгүй ч хуульд заавал бичих зохицуулалт байхгүй ба зөрчил гаргасан үйлдэл нь батлагдсан, энэ нь гэрээнд заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил тул ажлаас чөлөөлсөн гэв.

 

  • Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт.

Үүнд, Д.Г-ийн иргэний үнэмлэхний хуулбар, Б ХХК-ийн захирлын ... дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, Д.Ггийн нийгмийн даатгалын дэвтэр, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт.

 

  • Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт.

Үүнд, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй гэх Б ХХК-ийн ... дугаартай албан бичиг, Б ХХК-ийн захирлын 2/87, 3/12 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, тэмдэглэл, Д.Ггийн Б ХХК-д гаргасан өргөдөл, Нийтийн тээврийн вэб сайт, фэйсбүүк чатад ирсэн мессеж, Тээвэр зохицуулагч П.О, захиргаа хүний нөөцийн ажилтан Н.Н, тээвэр зохицуулагч М.М, зөвлөх инженер Л.Д, тээвэр ашиглалтын дарга Б.Б нарын тодорхойлолт, Автобусны жолоочтой байгуулах хөдөлмөрийн гэрээ, Б ХХК-ийн захирлын ... дугаартай тушаал, Б ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам өөрчлөн батлах тухай захирлын тушаал.

 

  • Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт.

Үүнд, Л.О, Н.Н, Б.Б нарын гэрчийн мэдүүлэг, хариуцагч байгууллагын ерөнхий захирал Б.А-ийн гар утасны фэйсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн .... тоот ажлаас чөлөөлөх тухай "Б" ХХК-ийн захирлын тушаалыг хүчингүй болгуулж өмнө эрхэлж байсан автобусны жолоочийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин болох 1,800,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал нь шаардлагынхаа үндэслэлийг ...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр диспетчер Л.О-тэй ажлын талаархи үнэн байдлыг, удирдлагын алдаа дутагдлыг ил тод хэлтэл хэл ам үгээр доромжилж толгой руу гараараа цохисон. Энэ үйлдлээс болж намайг ажлаас үндэслэлгүй халсан гэсэн

тайлбарыг зөвшөөрөхгүй гэж,

Хариуцагч тал нь татгалзлын үндэслэлээ ...Д.Г нь хамт олон болон дээд шатны удирдлагуудтай таарамжгүй, байнга хэл ам гаргадаг, нийтийн тээврийн удирдах газар руу дуудагдаж гомдол санал их гаргадаг. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж байсан, хэд хэдэн ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаад шүүх хуралдаан дээр 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дээд шатны удирдлага болох Л.О-тэй маргасан ноцтой зөрчлийн улмаас хөдөлмөрийн гэрээг

цуцалж ажлаас чөлөөлсөн гэж тодруулан тайлбарлаж мэтгэлцдэг.

 

Талууд буюу ажил олгогч Б ХХК, иргэн Д.Г нар нь хөдөлмөрийн харилцаа, эрх, үүрэг, гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан, тухайн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна. Нэхэмжлэгч Д.Г нь дээрх гэрээний үндсэн дээр Б ХХК-д 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс нийтийн зорчигч тээврийн жолоочоор ажиллаж байгаад тухайн байгууллагын захирлын 2021 оны 10 дугаар дүгээр сарын 18-ны өдрийн 2/145 дугаартай “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн автобусны жолооч Д.Г-ийн хөдөлмөрийн гэрээг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай” гэсэн тушаалаар, зохигчийн тайлбар зэргээр тухайн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож байх /хх 5-6/ бөгөөд тухайн ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон шийдвэр хуулийн үндэслэлтэй гэж хариуцагч талаас тайлбарладаг.

 

Нэг. Үйл баримтын талаар

Дээр дурдсан хариуцагч талын татгалзал буюу 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Д.Г нь өөрийн дээд шатны удирдлага болох Л.О-тэй маргалдсан гэх үйл баримтын талаар талууд маргадаггүй.

 

Нэхэмжлэгчээс ...Түлшний асуудлаар 3 удаа хурлаар орж байсан. Тэр өдөр мөн 30 л түлш чи унагаад авчихлаа гэж тээвэр зохицуулагч. Би түүнд рэйсээр биш цагаар ажлаа хийж байгаа учраас цагаар ажлаа үнэлүүлмээр байна гэсний улмаас О нь эхлээд миний биед халдсан тул цагдаагийн байгууллагын 102 утсанд дуудлага өгсөн гэж, хариуцагчаас ...Г-г 130 литр түлштэй гарсангүй гэх асуудлаас маргаан үүссэн. Эхэлж цохисон хүн нь Г гэдэг. Батлагдсан норм, нормативаа биелүүлж тогтсон түлшийг авч ажил үүргээ гүйцэтгэх талаар зүй ёсны шаардлагыг тавьсан, өөрийн үүргээ биелүүлсэн. Гэтэл доод албан тушаалтан нь биелүүлээгүй гэж тус тус шүүх хуралдаан дээр тайлбарладаг.

 

Тэдний энэхүү тайлбараас үзэхэд Д.Г, Л.О нар хоорондоо маргасан болох нь тодорхой боловч бие биедээ гар хүрсэн, хэний буруугаас маргаан үүссэн болох нь баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ. Тодруулбал, жолооч Д.Г болон тээвэр зохицуулагч Л.О нарын ажлын байрны тодорхойлолтод зааснаар жолоочийн шууд харьяалан удирдах албан тушаалтан нь тээвэр зохицуулагч, тээвэр  зохицуулагчид шууд харьяалах албан тушаалтан нь жолооч байх бөгөөд хөдөлмөрийн харилцаан дахь тус тусын эрхлэн гүйцэтгэх ажил үүргийн хүрээнд зүй ёсны шаардлагыг тавих, ажил үүргийн талаарх саналаа тавих асуудлаар яриа үүссэн, маргаан болсон байна.

 

Хариуцагч талаас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Д.Г нь өөрийн дээд шатны удирдлага болох Л.О-тэй маргалдсан, компанийн нэр хүндэд нөлөөлөхөөр ёс зүйн зөрчил гаргасан, удирдлагын тавьсан зүй ёсны

шаардлагыг хүлээж аваагүй, хэрэлдэж маргасан тул ажлаас чөлөөлсөн гэдэг. 

 

Тээвэр зохицуулагч Л.О, жолооч Д.Г нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр маргаан болсон болох нь компанийн ерөнхий захирал, тээвэр ашиглалтын албаны дарга руу бичсэн чат, мессеж, тухайн харилцан яриа бүхий хаягт үзлэг хийсэн тэмдэглэлээр, СХД дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ...дуудлага мэдээлэл .... дугаарын утаснаас 2021 оны 10 сарын 12-ны өдөр 20:55 минутад 102 дугаарын утсанд бүртгэгдсэн гэх тодорхойлолт, гэрч

Н.Н, Б.Б, Л.О нарын мэдүүлгээр тогтоогддог.   

 

Хоёр. Хуулийн үндэслэлийн талаар

Нэхэмжлэгч талаас ажлаас чөлөөлсөн шийдвэрт хуулийн үндэслэл заагаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийн аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосноо заагаагүй, гэрээ, дотоод журамд заасан ямар ноцтой зөрчил гаргасан нь тодорхойгүй, хууль зүйн техникийн алдаатай, үндэслэлгүй тушаал гарсан гэдэг. Хариуцагч талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.5.3 “Компанийн нэр хүндэд нөлөөлөхөөр ёс зүйн зөрчил гаргасан /ажил үйлчилгээнд явж байхдаа олон нийтийн дунд хэрүүл маргаан зодоон хийх/”, 11.5.8 “Компанийн удирдлагын тавьсан зүй ёсны шаардлагыг хүлээн авахгүй байх, эсэргүүцэх, хэл амаар доромжлох, хэрэлдэж маргалдах” гэсэн хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах заалтыг үндэслэл болгож байгаа гэж шүүх хуралдаан дээр тодруулан тайлбарладаг.

 

Талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар ажлын цаг 8, албан тушаал автобусны жолооч, гэрээний хугацаа хугацаагүй, сарын үндсэн цалин 900,000 төгрөг гэж харилцан тохиролцож, ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах 19 зүйлийг нэрлэн зааж 2017 оны 10 сарын 23-ны өдөр байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1 “Хөдөлмөрийн гэрээнд гол нөхцөлийг тохирно”, 21.6 “21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно”, 21.7 “Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж заасантай нийцнэ.   

 

Хэдийгээр нэхэмжлэгч талаас гаргасан зөрчилд авсан арга хэмжээ тодорхой байх ёстой буюу ямар зөрчил гаргасан, түүнд хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын ямар зүйл заалтыг зөрчсөн, хуулийн зүйл, заалт тушаал дээр бичигдсэн байх учиртай гэх тайлбар үндэслэл бүхий ч гэрээнд заасан ноцтой зөрчлийг ажилтан гаргасан бол, тэр үйлдэл тогтоогдсон бол ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нь хуулийн дагуу болно.

 

Хариуцагч талын татгалзлын үндэслэл бол “Хөдөлмөрийн гэрээ”-ий 11 дүгээр зүйлийн 11.5.3 “Компанийн нэр хүндэд нөлөөлөхөөр ёс зүйн зөрчил гаргасан /ажил үйлчилгээнд явж байхдаа олон нийтийн дунд хэрүүл маргаан зодоон хийх/”, 11.5.8 “Компанийн удирдлагын тавьсан зүй ёсны шаардлагыг хүлээн авахгүй байх, эсэргүүцэх, хэл амаар доромжлох, хэрэлдэж маргалдах”, Б ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.3.5 “Компанийн нэр хүндэд нөлөөлөхөөр ёс зүйн зөрчил гаргасан /ажил үйлчилгээнд явж байхдаа олон нийтийн дунд үйлчлүүлэгчидтэй болон өөр хоорондоо хэрүүл маргаан зодоон хийх/”, 5.3.10 “Компанийн удирдлагын тавьсан зүй ёсны шаардлагыг хүлээн авахгүй байх, эсэргүүцэх, хэл амаар доромжлох, хэрэлдэж маргалдах үйлдлийг удаа дараалан гаргах /сануулах хуудас өгөх/” гэсэн заалтууд бөгөөд тухайн нэрлэн заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан, гаргаагүй гэж талууд маргаж байна.

 

“Компанийн удирдлагын тавьсан зүй ёсны шаардлагыг хүлээн авахгүй байх, эсэргүүцэх, хэл амаар доромжлох, хэрэлдэж маргалдах” гэх ноцтой зөрчлийн хувьд жолооч Д.Г, тээвэр зохицуулагч Л.О нарын хэн нь хэний биед биеийн хүч үзүүлсэн, зүй ёсны ямар шаардлагыг хүлээж аваагүй болохыг гэрч /захиргаа хүний нөөцийн ажилтан/ Н.Н, гэрч /тээвэр ашиглалтын дарга/ Б.Б нарын мэдүүлэг нотлох боломжгүй ба тухайн үйл явдлыг харсан,

үзсэн талаар шууд гэрчлээгүй, дамжмал байдлаар үйл баримтын талаар мэдүүлсэн байна. Мөн Түлш норм батлах тухай компанийн захирлын тушаал, хавсралтууд нь зүй ёсны шаардлага тавьсан гэх үйлдлийг нотлохгүй.      

 

Гэрчээр тайлбар мэдүүлэг өгсөн Л.О-ээс ...30 литр түлш нэмж цохоход энийг авахгүй гээд замын хуудсаа өөдөөс шидсэн. Дайрч доромжлоод эхэлсэн, гар гээд түлхсэн, өөрөө эхэлж миний нүд орчим цохисон, хөхөрсөн, бөгжтэй гарна таарсан байх. Би толгой руу нь хальт цохиод хана руу түлхсэн, орилоод муурч унаад худлаа үнэн яриад хашгирч эхэлсэн гэдэг. Нэхэмжлэгч Д.Г нь Л.О эхэлж цохисон тул цагдаад дуудлага өгсөн гэдэг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэдэг ч дээрх гэрч, нэхэмжлэгч хоёрын тайлбар, мэдүүлэг зөрүүтэй тул хариуцагч талын тайлбар, нотолгоог үнэн зөв эргэлзээгүй гэж шүүхээс дүгнэх боломжгүй бөгөөд хариуцагч тал энэхүү татгалзлаа нотолж чадсангүй.

 

Түүнчлэн “Компанийн нэр хүндэд нөлөөлөхөөр ёс зүйн зөрчил гаргасан /ажил үйлчилгээнд явж байхдаа олон нийтийн дунд хэрүүл маргаан зодоон хийх/” гэсэн ноцтой зөрчлийн хувьд Д.Г, Л.О нарын хоорондын маргаан диспетчерийн албан өрөөнд болсон байх ба энэ талаар талууд маргадаггүй. Хариуцагч талаас ажил үйлчилгээнд явж байгаа гэдгийг ажлаасаа буугаад явж байгаа үйлдлийг хамааруулан ойлгоно, энэ заалтад нийцэж байгаа гэдэг.

 

Тухайн хөдөлмөрийн гэрээний 11.5.3, байгууллагын дотоод журмын 5.3.5-д заасан ноцтой зөрчил гэдэг нь “ажил үйлчилгээнд явж байхдаа олон нийтийн дунд” жолоочоос гаргасан зөрчлийг ойлгохоор тайлбарласан байх бөгөөд Д.Г, Л.О нарын хоорондын маргааныг нийтийн тээврийн ажил үйлчилгээнд явж байхдаа гэж, олон нийтийн дунд маргасан гэж үзэх боломжгүй болно.

 

Ажил олгогч буюу хариуцагч хуулийн этгээдийн зорилго, үйл ажиллагаа нь нийтийн тээврийн үйл ажиллагаа /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ-10х/ бөгөөд зорчигч тээвэрлэх ажил үйлчилгээнд, олон нийт буюу зорчигчдын дунд компанийн нэр хүндийг хамгаалсан зорилго бүхий заалт юм. Энэ үндэслэлээр ноцтой зөрчил гаргасан гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.   

 

Иймээс 2021 оны 10 дугаар дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн автобусны жолооч Д.Г-ийн хөдөлмөрийн гэрээг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай” гэх тушаал хууль зүйн хувьд үндэслэл бүхий гараагүй, нөгөө талаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь нотлогдоогүй тул ажил олгогчийн санаачилгаар ажилтан Д.Гг ажлаас буруу халсан гэж шүүхээс дүгнэлээ.

 

Хэрэгт авагдсан 2020 оны 08 сарын 05-ны өдрийн ... дугаартай, 2020 оны 02 сарын 12-ны өдрийн ... дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай захирлын тушаал, хурлын тэмдэглэлүүд, сануулга өгөх хуудас, 2021 оны 8 сарын 17-ны өдрийн ажлаас чөлөөлөхийг хүссэн Д.Ггийн өргөдөл зэрэг нь хөдөлмөрийн гэрээний үүрэг дуусгавар болгосон үйл баримтыг нотлох, хэрэгт хамаарал бүхий баримт биш байх тул, Нийтийн тээврийн вэб сайт дээр тавигдсан /25-28х/ Г-ийн санал гэх баримт нотлох баримтын хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул тус тус шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.    

Иймд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулж дүгнээд нэхэмжлэгч Д.Гг Б ХХК-ийн нийтийн зорчигч тээврийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

 

Харин Д.Гг ажлаас чөлөөлсөн тушаал хуулийн үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул хууль бусаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үеэс хойш нэхэмжлэгчийг үүрэгт ажилд нь буцаан тогтоох хугацаа хүртэлх дундаж цалин, хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах боломжийг хуульд заасан хэдий ч дээрх агуулга бүхий олговор гаргуулах шаардлагаа ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 1,800,000 төгрөгийг гаргуулах гэж өөрчилсөн нь нэхэмжлэгчийн эрх хэмжээний хүрээнд байна.

 

Нэхэмжлэгч Д.Гг 2021 оны 10 сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн бөгөөд  тэрээр 2021 оны 9 сард 912,543 төгрөг, 8 сард 594,152 төгрөг, 7 сард 3,189,322 төгрөгийн цалин авсан болох нь Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2021 оны 12 сарын 27-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Түүнчлэн ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд сарын үндсэн цалинг 900,000 төгрөгөөр харилцан тохиролцсон байна.  Урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгч талаас 2 сарын цалингийн хэмжээгээр тооцож шаардсан гэж үзнэ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянаж үзээд нэхэмжлэгчийн хүсэл зориг буюу “ажилгүй байсан хугацаанд авах байсан цалин хөлсийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан сарын 900,000 төгрөгөөр тооцон, 2 сарын 1,800,000 төгрөгийг гаргуулах” гэсэн шаардлагыг хангаж, хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан шаардлагыг ханган холбогдох бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б овогт Д-ын Г /РД:.../-г Б ХХК-ийн нийтийн зорчигч тээврийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 1,800,000 төгрөгийг Б ХХК-иас гаргуулан Д.Гд олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Д.Ггийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Б ХХК-д даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Э.АМИН-ЭРДЭНЭ