Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00617

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Д.Гнэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2022/00189 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Гхариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлсөн захирлын тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга, хариуцагчийн төлөөлөгч З.Хүрэлбаатар, хариуцагчийн өмгөөлөгч О.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Б ХХК-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2/145 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан автобусны жолоочийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 1,800,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Д.ГБ ХХК-д 2017 оны 10 дугаар сард автобусны жолоочоор ажилд орж, 5 жил тасралтгүй ажилласан. Ажиллах хугацаандаа байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ажлын гүйцэтгэл сайн байсан. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч нь диспетчер Л.Оэд ажлын талаарх үнэн байдал, удирдлагын алдаа дутагдлыг ил тод хэлэхэд хэл амаар доромжилж толгой руу нь цохисон. Энэ талаар Цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд захирал н.Хүрэлбаатар, ашиглалтын албаны дарга н.Баттунгалаг нар дуудлагаа буцаа гэхээр нь байгууллагын нэр хүндээ бодоод буцаасан. Ингээд маргааш өдөр нь нэхэмжлэгчийг байгууллагын хурлаар оруулж, н.Хзахирал хүсэлтээ өгөөд ажлаа өг гэж хэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс ковид өвчин тусч, хүнд оноштойгоор эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэж, гарч ирээд гэрийн хяналтад эмчлүүлж байгаад 10 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа очсон. Нэхэмжлэгч тэтгэвэртээ гаргахад 4 жил дутуу байсан ба ажлаа хэвийн хийж байхад нь гэнэт ажлаас халсанд гомдолтой байна. Нэхэмжлэгч 3 байгууллагад ажиллаж байсан. Өмнө нь сахилгын шийтгэл оногдуулсан гэх боловч нэгэнт өнгөрсөн асуудал. Ажлаас чөлөөлсөн захирлын тушаалд нэхэмжлэгчийг ямар зөрчил гаргасан талаар тодорхойлоогүй. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зөрчлийг үндэслэн ажлаас халсан гэх боловч тухайн зөрчил, үйл баримт тогтоогдоогүй, тушаал нь хууль хэрэглээний хувьд шаардлага хангаагүй гэжээ.

2.Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.Гнь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч байгууллагад автобусны жолоочоор ажилд орсон. Ажилд орохоосоо өмнө нийтийн тээврийн аж ахуй нэгж байгууллага болох олон газраар дамжин ажилласан, нэг газраа тогтвор суурьшилтай ажиллаж байгаагүй нь нийгмийн даатгалын дэвтрээр нотлогддог. Мөн нэхэмжлэгчтэй нэг салбарт ажиллаж байгаа ажилчид түүнийг зан харилцааны тал дээр доголдолтой гэж тодорхойлж байсан. Нэхэмжлэгч нь ажилд орсноос хойш хамт олон, дээд шатны удирдлагуудтай таарамжгүй, байнга хэл ам гаргадаг, нийтийн тээврийн удирдах газар руу дуудагдаж гомдол санал их гаргаж эхэлсэн. Энэ талаар нэхэмжлэгчид сануулж, ажилд нь тогтвор суурьшилтай ажиллуулах гэж хичээж ажилласан. 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд 4 удаа хурлаар орж захиргааны арга хэмжээ авагдаж байсан. Тухайлбал, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар сануулах арга хэмжээ, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 2 удаа бэлэн мөнгө хураасан гэсэн гомдлоор цалингаас нь 50,000 төгрөг хасах, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ээлжийн жолооч Д.Аудаа дараа хэрүүл маргаан гаргасан гэх шалтгаанаар сануулга өгч байсан. 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр жолооч Б.Лхагвасүрэнтэй шугам замд хэрэлдэж, муудалцаж, хэрүүл маргаан үүсгэсэн тул цалингийн 20 хувиар арга хэмжээ тооцуулсан. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нь ар гэрийн шалтгаанаар ажлаа хийх боломжгүй болсон гэх шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 30 хоногийн дотор түүний өргөдлийг шийдвэрлэхээр хүлээгдэж байх хугацаанд ажлаасаа гарахаа больж буцаж ажлаа хийж эхэлсэн. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахгүй буцаагаад ажиллуулсан. Нэхэмжлэгч нь хамт олон, шууд удирдлагуудтайгаа хэрүүл маргаан хийдэг нь засрахгүй, цаашлаад өөрийн ажиллаж байгаа байгууллагын нэр хүндэд халдаж, албан тушаалтнуудыг хулгайч, иддэг уудаг, чадваргүй гэж ямар ч үндэслэлгүй нотлох баримтгүй зүйл ярьж, бичиж, бусдыгаа өдөөн турхирч хамт олны уур амьсгалыг эвдэн олон нийтийн сүлжээнд цацдаг болсон. Байгууллагын удирдлагууд руу ажлын болон ажлын бус цагаар байнга залгах, зурвас бичиж бүх хүмүүсийг буруутгаж, удирдлагуудын нэр хүндийг унагаж байгаа талаар удаа дараа анхааруулсан. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч нь шууд удирдлага болох тухайн өдрийн ээлжинд гарч байсан тээвэр зохицуулагчийн тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй маргалдаж уруулыг нь цохисон. Энэ талаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэх гэтэл нэхэмжлэгч нь удирдлагуудыг үл хүндэтгэн, утсаар ярьж, түлш шатахууны талаар маргаан үүсгэснээр хурлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болгосон. Иймд компанийн техникийн зөвлөх инженер, тээвэрлэлтийн ашиглалтын албаны дарга, хүний нөөцийн менежер, тээвэр зохицуулагч нар цаашид Д.Г-тай хамтарч ажиллах боломжгүй гэсэн тодорхойлолтыг бичиж тодорхойлсон. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2/145 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн Д.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээний 11.5.1, 11.5.3, 11.5.4, 11.5.6, 11.5.8-д хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасан. Нэхэмжлэгч нь өөрийн буруугаас болж хөдөлмөрийн гэрээг цуцлахад хүрсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар .........Д.Г......... Б ХХК-ийн нийтийн зорчигч тээврийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 1,800,000 төгрөгийг Б ХХК-аас гаргуулан Д.Г-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Д.Гнийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Б ХХК-д даалгаж, хариуцагч Б ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ. 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

4.1. Үйл баримтын тухайд,

4.1.а. Шүүх нэхэмжлэгч Д.Г-г ажлын байрандаа дээд шатны албан тушаалтантайгаа хэрүүл маргаан үүсгэсэн нь тогтоогдож байна гэсэн агуулгаар дүгнэсэн атлаа Д.Г ажлаас халсан нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Д.Г, тээвэр зохицуулагч Л.О нарын хооронд үүссэн зөрчилдөөн нь шүүхийн шийдвэрт бичсэн шиг маргаан төдий зүйл биш, Цагдаагийн байгууллагад дуудлага өгөх хүртэл хэмжээнд хүрсэн. Энэ талаар Л.О, Д.Гнараас тодруулахад Л.Оийн нэхэмжлэгч Д.Гд “30 литр түлш нэмж хийх” шаардлагыг хууль бус, буруу шаардлага гэж үзэх боломжгүй. Тээвэр зохицуулагч Л.Оийн ажлын байрны тодорхойлолтод “нийтийн тээврийн чиглэл, цагийн хуваарь, үйлчилгээний журмыг мөрдүүлэх”, “тээврийн хэрэгслийг бүрэн рейс хийлгэх” зэрэг чиг үүргүүд хамаардаг. Тээвэр зохицуулагч Л.О нь Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаал, компанийн дотоод журам болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэн Д.Гд түлшний нормыг мөрдөх шаардлага тавьсныг компанийн зүгээс буруутгах ямар ч үндэслэлгүй. Ажил үүргийн хувьд доод шатны албан хаагч Д.Гд хууль ёсны дагуу шаардлага тавьсан гэж үзэж Л.Оэд хариуцлага тооцоогүй. Харин Д.Гдээд шатны албан тушаалтны хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, маргаан үүсгэж, маргаан нь даамжирч зодоон болсон тул хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон. Мөн Д.Гкомпанийн тээвэр ашиглалтын албаны дарга Б.Баттунгалагийн фэйсбүүк чат руу буруугаа хүлээсэн зурвас бичсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх уг нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй энгийн маргаан болсон мэтээр ойлгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.

4.1.б. Д.Г, Л.О нарын маргаан юунаас үүссэн нь тодорхойгүй, тээвэр зохицуулагч Л.О зүй ёсны шаардлага тавьсан гэдэг нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт Л.Оийн өөрийн гараар бичсэн тодорхойлолт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэг авагдсан ба  тэрээр 2021 оны 10 сарын 12-ны өдөр болсон үйл явдлын талаар маш тодорхой мэдүүлсэн, хууль сануулж өгсөн гэрчийн мэдүүлэгт гарын үсэг зурсан ба уг нотлох баримтуудыг эргэлзээтэй, бүрэн нотлогдохгүй гэж үзэх ямар ч үндэслэлгүй. Д.Гнь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан болсон талаар огт маргахгүй гэдгээ тодорхой хэлсэн. Компанийн тээвэр ашиглалтын албаны дарга Б.Б-н фэйсбүүк чат руу буруугаа хүлээсэн зурвас бичсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.Гхөдөлмөрийн гэрээний 11.5.8, хөдөлмөрийн дотоод журмын 5.3.10 дах заалтыг зөрчсөн болох нь нотлогддог.

4.1.в. Шүүх “ажил үйлчилгээнд явж байхдаа олон нийтийн дунд” гэснийг зөвхөн нийтийн тээвэрт буюу автобусанд бусад хүмүүсийн дэргэд гэж дүгнэсэн нь өрөөсгөл ойлголт юм. Д.Г, Л.О нарын маргаан диспетчерийн албан өрөөнд болсон ба энэ нь ажпын байранд буюу ажил үйлчилгээнд явж байх үеэр маргаан болсон гэж үзнэ.

4.1.г. Компанийн нэр хүндэд нөлөөлөхөөр ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг “компанийн нэр хүнд” гэдгийг зөвхөн зорчигч тээвэрлэх ажил үйлчилгээнд, олон нийтийн буюу зорчигчдын дунд компанийн нэр хүндийг хамгаалах зорилго бүхий заалт гэж “компанийн нэр хүнд” гэдгийг хэт явцууруулж тайлбарласан. Компанийн нэр хүнд гэдэг ойлголт нь дотоод, гадаад гэж 2 ангилагдах ойлголт бөгөөд доод шатны ажилтан нь дээд шатны ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, эсэргүүцдэг, маргаан зодоон хийх нь компанийн дотоод буюу ажилтан албан хаагчдын дундах нэр хүндэд хортойгоор нөлөөлөх зөрчил мөн. Ийм зөрчилд цаг тухай бүрд хариуцлага тооцож явахгүй бол компанийн олон ажилтнууд удирдлагынхаа шаардлага, шийдвэрийг биелүүлэхгүй байвал цаашлаад аливаа хуулийн этгээд оршин тогтнох, үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Гэтэл шүүх уг байдалд дүгнэлт хийгээгүй.

4.1.д Цагдаагийн байгууллагад компанийн байранд зодоон болсон гэх дуудлага бүртгэгдсэн нь компанийн гадаад нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэх зөрчил мөн. Эдгээрээр Д.Гнь хөдөлмөрийн гэрээний 11.5.3, хөдөлмөрийн дотоод журмын 5.3.5-д заасан зөрчлүүдийг гаргасан гэдэг нь нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Хариуцагч талын гаргасан гомдол болон тайлбар үндэслэлгүй. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2/145 тоот Блюбус ХХК-ийн захирлын тушаал хуульд нийцэж гараагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хөдөлмөрийн зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчил гэсэн хоёр үндэслэлийн алийг үндэслэж тушаалыг гаргасан нь тодорхойгүй. Тухайн хуулийн этгээд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын аль зүйл, заалтыг зөрчсөн үйл баримт нь ямар үйл баримтаар нотлогдож байгааг тогтоох байсан. Хариуцагч хариу тайлбартаа хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын аль зүйл, заалтыг зөрчсөн талаарх баримтаа дурдаагүй. Мөн хэрэгт гаргаж өгсөн баримтууд нь нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу өмнө нь авч байсан сахилгын зөрчлийн тушаалуудыг хавсаргасан. Уг баримтаар давтан зөрчил гаргасан гэж үзэж мэтгэлцэх гэсэн боловч өмгөөлөгч нь хөдөлмөрийн гэрээний 11.5.3, 11.5.8 болон хөдөлмөрийн дотоод журмын 11.5.3-т заасан үндэслэлээр тайлбарладаг. Тэгэхээр хөдөлмөрийн харилцааг хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчоос дуусгавар болгох зохицуулалт нь эхлээд үйл баримтаар нотолж, тухайн салбар нэгжийн хурал болон захирлын зөвлөлийн хуралд оруулж, нотлох баримтыг дүгнэх ёстой. Гэтэл тушаал гаргасны дараа ажил олгогч давуу эрхээр хууль зөрчиж, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж тушаал гаргачхаад тухайн үйл баримтыг нөхөж хийсэн. Энэ үйл баримт нь хөдөлмөрийн гэрээний 11.5.3-т зааснаар компанийн нэр хүндэд алдахаар ёс зүйн зөрчил гаргасан гэж байна. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тээвэр зохицуулалтын албаны Л.О  Д.Гэрүүл мэндэд халдсан. 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20 цаг 55 минутад Д.Гутсаараа цагдаагийн газарт дуудлага өгсөн. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч нь байгууллагын нэр хүндэд халдсан гэж дуудлагыг хаасан гэж байна. Хэрвээ Л.О зодуулж зүй бус шаардлагыг ажилтан тавьсан бол Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээж, үүнийг үндэслэн ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох бүрэн боломж байсан. Гэтэл Л.О өөрийнхөө үйл баримтыг нотолж чадаагүй. Харин ажилтны эрх ашиг, эрүүл мэндэд халдсан учраас цагдаад өгсөн дуудлагыг хааж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан үйл баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу дүгнэсэн. Хөдөлмөрийн гэрээний 11.5.8-д заасан компанийн удирдлагаас өгсөн шаардлагыг биелүүлээгүй гэж байна. Гэтэл хэзээ ямар шаардлага өгч түүнийг нь биелүүлээгүй, ямар үйл баримт хэзээ болсон болох баримт хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.Гхариуцагч Б ХХК-д холбогдуулан тус компанийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2/145 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгуулах, автобусны жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

4. Хариуцагч Б ХХК-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2/145 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч ямар зөрчлийн улмаас хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан нь тодорхойгүй байна. /хх5/

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тушаалын үндэслэлээ “нэхэмжлэгч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, дээд шатны албан тушаалтны тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж олон нийтийн дунд хэрүүл маргаан үүсгэн компанийн нэр хүндэд нөлөөлөх ёс зүйн зөрчил гаргасан, энэ нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарласан. Харин нэхэмжлэгч “өмнөх сахилгын шийтгэлийн хугацаа өнгөрсөн, ажлаас халах тушаалд сахилгын ноцтой зөрчил, эсвэл хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийн алийг нь гаргасан талаар тодорхойлоогүй, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зөрчил гаргасан нь тогтоогдоогүй” гэж үгүйсгэжээ. Хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.

6.а. Сахилгын давтан зөрчлийн тухайд,

Нэхэмжлэгч Д.Гд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зорчигчоос бэлэн мөнгө хураасан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээний 11.5.1, 11.5.3, 11.5.8 дах заалтыг зөрчсөн, удаа дараа хэрүүл маргаан гаргасан гэх үндэслэлээр үндсэн цалинг нь 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус оногдуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул  нэхэмжлэгчийг сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзэхгүй. /хх18, 20/

6.б. Дээд шатны албан тушаалтны тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хэрүүл маргаан үүсгэж, компанийн нэр хүндэд нөлөөлөх ёс зүйн зөрчил гаргасан тухайд,

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа дээд шатны удирдлагын тавьсан хууль ёсны шаардлагыг хүлээж аваагүй, ажил үйлчилгээнд явж байхдаа олон нийтийн дунд хэрүүл маргаан үүсгэж, компанийн нэр хүндэд нөлөөлөх үйлдэл гаргасан нь хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил мөн гэж тайлбарласан нь үндэслэл муутай байна.

2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, “Дэвшил” ХХК-ийн харалдаа хуучин автобус-2 диспетчерийн өрөөнд нэхэмжлэгч Д.Г, тус компанийн тээвэр зохицуулагч Л.О нарын хооронд маргаан үүссэн, Л.О нь нэхэмжлэгч Д.Гшууд удирдлага мөн болох нь хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагын тодорхойлолт, тээвэр зохицуулагчийн ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдсон, зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй болно. /хх57, 105-106, 115-116/

 Харин дээрх маргаан гарахад нэхэмжлэгчийн ямар буруутай үйлдэл байсан, хөдөлмөрийн харилцааг цуцлах хэмжээний ноцтой зөрчил гаргасан эсэх нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсонгүй. Талууд уг үйл баримтын талаар харилцан адилгүй тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгч “... 2021.10.12-ны өдөр диспетчер Л.Оэд ажлын тухай үнэн байдал, удирдлагын алдаа дутагдлыг ил тод хэлэхэд хэл амаар доромжилж толгой руу гараараа цохисон ... ” гэж, хариуцагч “... нэхэмжлэгч шууд удирдлага болох тээвэр зохицуулагчийн тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй маргалдаж, Д.Гтүрүүлж Л.Оийн уруулыг цохисон” гэж тус тус тайлбарлажээ. Тэрээр хариуцагчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан диспетчэр  Л.О “ ... 100 литр түлштэй өглөө гаргаж явуулсан, орой нь 30 литр түлш нэмж цохож өгөхөд авахгүй гээд замынхаа хуудсыг өөдөөс шидсэн, 130 литр түлштэй явахад замд хүрэхгүй унтарна гэж хэлсэн. Гэтэл Гүнсмаа өмнөх өдөр нь нэмэхгүй яасан юм гэж загнаад хашхичаад эхэлсэн. Гар гэхэд гараагүй, босож ирээд гар гээд түлхэх гэтэл өөрөө эхэлж гар хүрсэн миний нүд рүү шанааны доод талд шүдний дээд талд хөхөрсөн. Би толгой руу нь хальт цохиод хана руу түлхэхэд толгойны орой дээр нь байсан нүдний шил нь унасан ..,” гэж мэдүүлжээ. /хх79-80/

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Н.Наранчимэг, Б.Баттунгалаг нар Д.Г, Л.О нарын маргаан, эрх чөлөөнд халдсан нөхцөл байдлыг бодитоор хараагүй, дам сонссон мэдээллийн талаар мэдүүлсэн байх ба үүнээс өөр баримтгүй байна. /хх79-80/

7. Ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг ойлгоно.

7.а. Хэргийн 45 дугаар тал дахь хөдөлмөрийн гэрээний 11.5.1-11.6.19-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлах үндэслэлүүдийг нэрлэн заасан байх ба үүнд, ... компанийн нэр хүндэд нөлөөлөхөөр ёс зүйн зөрчил гаргасан /ажил үйлчилгээнд явж байхдаа олон нийтийн дунд маргаан зодоон хийх/, өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, урьд нь сахилгын зөрчил гаргасан боловч давтан зөрчил гаргасан, компанийн удирдлагын зүй ёсны шаардлагыг хүлээн авахгүй байх, эсэргүүцэх, хэл амаар доромжлох, хэрэлдэж маргалдах .., зэрэг зөрчлүүдийг заажээ.

7.б. Нэхэмжлэгчийг компанийн нэр хүндэд нөлөөлөхөөр ёс зүйн зөрчил гаргасан /ажил үйлчилгээнд явж байхдаа олон нийтийн дунд маргаан зодоон хийх/ гэж үзэхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн “маргаан диспетчерийн албан өрөөнд болсон, Д.Г, Л.О нарын хоорондын маргааныг нийтийн тээврийн ажил үйлчилгээнд явж байхдаа, олон нийтийн дунд маргасан гэж үзэх боломжгүй” гэх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.

Талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Д.Гнь хөдөлмөрийн гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчил гаргасан болох нь эргэлзээгүй тогтоогдоогүй байх тул түүнийг хариуцагч Б ХХК-ийн автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан. Гэвч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин хөлстэй тэнцэх олговор 1,800,000 төгрөг шаардсан тул шүүх нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,800,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаал, болон талуудын зарчимд нийцсэн.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2022/00189 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ДАВААДОРЖ  

 

                                           ШҮҮГЧИД                                   Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                               А.МӨНХЗУЛ