Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2022/00248

 

2022 01 18

184/ШШ2022/00248

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... байр, .. тоот хаягт оршин суух, Т овогт Д-ын О /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ... хороо, ... дугаар гудамж, ..тоот хаягт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ... хороо, ... тоот хаягт оршин суух, Ц овогт Л-н Бэ /РД:..../,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, .. хороо, .. байр, .. тоот хаягт оршин суух, Ц овогт Л-н Ба /РД:.../ нарт холбогдох

 

Хариуцагч нарын хууль бус ашиглалтаас газрыг чөлөөлүүлэх, хариуцагч Л.Б-аас газар ашигласны төлбөрт 22,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 29,611,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б хариуцагч Л.Бэ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Л.Ба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... дүгээр гудамж, .. тоот хаягт байрлах миний өмчлөлийн 706 м.кв талбайтай газар нь Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... дүгээр гудамж, .. тоотод байрлах Ту худалдааны төвтэй залгаа байрладаг. Анх 2017 оны 10 дугаар сард худалдааны төв ашиглалтад орсон цагаас эхлэн 15 тоотод байрлах газарт галлагааны өрөө, хогийн цэг, бохирын цооног зэргийг байршуулж 45 м.кв барилгын хэсэг тус газар руу нэвтрэн орсон байдаг. Гэвч Л.Ба, Л.Бэ нарын зүгээс надтай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй бөгөөд тус газрыг үнэ төлбөргүйгээр ашиглаж, өмчлөгч миний өмчлөх эрх хэрэгжүүлэхэд саад учруулж, хууль ёсны ашиг сонирхлыг маань хохироосоор ирсэн. Хариуцагч Л.Ба, Л.Бэ нар нь дээрх байдлаар миний өмчлөлийн газрыг үнэ төлбөргүйгээр эзэмшиж, ашиглаж, хөрөнгө зардал хэмнэх байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөөр байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд үүнд 492.1.1 хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, мөн хуулийн 493.6-д Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан ...үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлогоо үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу шаардлага гаргаж байгаа.

Хариуцагч нар нь бусад этгээдийн өмчлөлийн газар дээр нэвтэрч орсон барилга барьсан, бусдын газрыг ашигласан бол түрээсийн төлбөр, газар ашигласны төлбөр, нөхөн төлбөр төлөх эсхүл тухайн газрыг худалдан авах зэргээр зайлшгүй зардал гаргах байсан. Хариуцагч нар энэ зардлыг хэмнэж, нэхэмжлэгч миний олох ёстой байсан үр шимийг хүртэж байна. Хэрэв өнгөрсөн хугацаанд тус газрыг бусдад түрээслэх, автомашины зогсоолын зориулалтаар ашиглуулах зэргээр тодорхой хэмжээний орлого олж, нөхөн төлбөр, газар ашиглуулсны төлбөр авах зэргээр үр шимийг хүртэх боломжтой байсан гэж үзэж, хариуцагч Л.Ба, Л.Бэ нарын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмжээ нь 2017 онд 400,000 төгрөг, 2018 онд 7,200,000 төгрөг, 2019 онд 12,000,000 төгрөг, 2020 оны 14,400,000 төгрөг, 2021 онд 5 сарын 10,000,000 төгрөг, нийт 44,000,000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэхээр байна.

Хариуцагч Л.Ба маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... дүгээр гудамж, .. тоот хаягт байрлах Д.Оийн өмчлөлийн 706 м.кв талбайтай газар болон Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... дүгээр гудамж, .. тоотод байрлах Ту худалдаа, үйлчилгээний төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн аль алиных нь хамтран өмчлөгч тул өмнөх хугацааны түрээснээс тал хувийг гаргуулах болон өөртөө авах эрхтэй, өөрөө өөртөө төлөх эрх зүйн нөхцөл байдал үүсээд байна. Иймээс Л.Бэаас дангаар нь 22,000,000 төгрөг гаргуулна.

Мөн Сонгинохайрхан дүүрэг, ...гаар хороо, ... дүгээр гудамж, . тоотод байрлах өөрийн өмчлөлийн газрын хууль бус ашиглалтаас бүрэн чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд газар эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа үндэслэлээр хогийн цэг, галчийн байр зуух, бохирын шугам, цооног байрлах газрыг хууль бус ашиглалтаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч Л.Бэитгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч Л.Бэ нь 2015 онд өөрийн төрсөн дүү Л.Ба, түүний эхнэр Д.О, өөрийн эхнэр З.С нарын хамт уулзаад Л.Баын нэр дээрх улсын бүртгэлийн Г-220.... дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... дүгээр гудамж, .. тоот хаягт байрлах нэгж талбарын 18636... дугаар бүхий 700 м.кв талбай бүхий газарт үйлчилгээний зориулалттай барилга барихаар тохиролцож 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Л.Ба нь бэлэглэлийн гэрээгээр газрыг ах Л.Бэнэр дээр шилжүүлэн өгсөн.

Үйлчилгээний зориулалт бүхий барилгыг барихад Л.Ба, Л.Бэ нар тал талаасаа хөрөнгө гаргаж барилгыг барьсан. Барилга нь төв магистралиас халаалтын хоолой татах гэтэл дулааны шугам сүлжээний газраас зөвшөөрөл олгогдоогүй тул Барилгын зураг төсөлдөө нам даралтын зуухаар галлагаа хийж, барилгын дулааны хангамжийг шийдвэрлэсэн. Энэ талаар нэхэмжлэгч Д.Отэй ярилцахад миний нэр дээрх газар Л.Баын газартай зэрэгцээ, нам даралтын зуух барих газар нь их биш юм чинь манай газар дээр нам даралтын зуухаа барьж болох юм гэж санаачлан хэлж зөвшөөрсөн тул галлагааны газрыг түүний газар дээр барьсан. 2016 оноос үйлчилгээний зориулалттай барилгыг барьж эхэлж, үйлчилгээний төвийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авч ... дугаар дүгнэлт гарсан.

Тус Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... дүгээр гудамж, .. тоот хаягт байрлах, нэгж талбарын 18636... дугаартай, 706 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2201...дугаартай газар нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан Архитектор төлөвлөлтийн 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ...тоот даалгаврын 1 дүгээрт дурдсанаар Л.Баын нэр дээр байсан, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хорооны нутаг дэвсгэр дээр баригдсан үйлчилгээний зориулалттай барилга нь хотын ерөнхий төлөвлөгөөнд орж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгож барилгын ажил эхлэхэд уг газар нь Л.Баын нэр дээр байсан.

Сонгинохайрхан дүүрэг, ...дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах 706 м.кв талбайтай газар, ... дүгээр гудамж, .. тоот хаягт байрлалтай, 700 м.кв талбайтай хоёр газар нь зэрэгцээ байрлалтай. Л.Ба нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хороо, ... дүгээр гудамж, ... тоот хаягт байрлалтай газарт үйлчилгээний зориулалттай шинэ барилга баригдаж байхад 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эхнэр Д.Оийн нэр дээр шилжүүлсэн байдаг.

2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр эхэлсэн барилгын ажил 2017 оны 10 дугаар сард дууссан. Өөрөөр хэлбэл хариуцагч Л.Ба нь 2015 оны 5 дугаар сард өөрийн өмчлөлийн Г Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... дүгээр гудамж, .. тоот хаягт байрлах газар болон ... дүгээр гудамж, .. тоот хаягт байрлах газар дээр барилгын ажил эхлүүлсэн байдаг ба хожим нь өөрийн нэр дээр байсан .. тоотын 706 м.кв талбайтай газрыг эхнэр Д.Оийн нэр дээр шилжүүлэхдээ барилга баригдсан газрын хэмжээг дахин тодорхойлж кадастрын зураглал хийлгэж, хасалт хийлгээгүй анхны зураглалын хэмжээгээр шилжүүлсэн нь хөршийн хил зөрчсөн гэж маргаан үүсэх үндэслэл болсон.

Л.Баын нэр дээр байгаа газар дээр барилга барихад Л.Ба, Д.О нарын хэн аль нь Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... дүгээр гудамж, .. тоот хаягт байрлалтай газраар дамжуулан бохирын шугам татах, хогийн цэг байрлуулах зэргийг хүлээн зөвшөөрсөн ба хогийн цэгийг дундаа хамтран эзэмшиж байгаа, Л.Ба нь өөрийн нэр дээр байгаа газар дээр барилгын ажил эхлүүлсэн нь бусдын газар дээр барилга зөвшөөрөлгүй хил зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Д.О нь Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн албанд Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо, ... дүгээр гудамж, ... тоот хаягт байрлах газар дээр нөхөр болох Л.Ба, түүний ах Л.Бэ нарын хамтран барьсан барилгын зарим хэсэг баригдсан барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг Л.Ба, Л.Бэ нарын нэр дээр гарахад татгалзах зүйлгүй гэсэн утга бүхий хүсэлт гаргаснаар 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Л.Ба, Л.Бэ нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, улсын бүртгэлийн Ү-2201053630 дугаарт бүртгэгдсэн нь Д.О нь Л.Бааас шилжүүлж авсан газрын зарим хэсэг дээр барилгын /нам даралтын зуухны хэсэг/ орсон гэдгийг мэдэж байсан болох нь нотлогдож байна.

Дээрх баримтуудаас үзэхэд Д.Оийн газрын зарим хэсэг дээр хэдэн м.кв талбай дээр барилгын хэсэг орсон болох талаар нотлох баримт байхгүй, хариуцагч Л.Бэхувьд дандаа хамтран ашиглаж байгаа хогийн цэгийг нүүлгэх боломжтой гэж үзэж байгаа ба харин Д.Оийн газраар дайран өнгөрч байгаа бохирын шугамын хувьд сар бүр нөхөн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Мөн 2017 онд барилга байгууламж ашиглалтад орсноос хойш Д.О, Л.Ба нар 200,000,000 төгрөгийн зээлийг Хас банкнаас авсан. С ХХК-ийн 49%-ийг Л.Ба, 51%-ийг н.С гэж хүн эзэмшдэг. Тухайн үед 51%-ийг Л.Бэ гэдэг хүн эзэмшиж байсан. Компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр компани болон барилгын 49%-ийн өмчлөгч нь Л.Ба. Компанийн үйл ажиллагаанаас олсон ашгаас ногдол ашиг авах нь зөв. Гэхдээ Д.О, Л.Ба нарт С ХХК-ийн нэрээр 200,000,000 төгрөгийн зээл авч өгсөн. Компани сар болгон эд нарын өмнөөс үндсэн зээлийг хүүгийн хамтаар эргэн төлөлт хийж байгаа. Ногдол ашиг болон түрээсийн төлбөрөөс өгөхгүй байна гэдэг нь урьдчилаад авчихсан зүйлээс болоод эд нарын хооронд маргаан үүссэн гэдэг нь ажиглагддаг. Энэ талаар Л.Бэ ярьсан. Л.Бэыг яаж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгээ баримтаар нотлох ёстой. Үндсэн шаардлага болох хогийн цэг, бохирын цооног, нам даралтын зуух ажиллуулаад Л.Бэ сард хэдэн төгрөгийн ашиг олсон гэдэг тооцоолол байх ёстой, ямар ч тооцоолол байхгүй. Хийсвэр тоо тавиад тэр хэмжээгээрээ мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Бохирын цооногийг нүүлгэх ямар ч боломжгүй, нам даралтын зуухны асуудлыг шийдвэрлэсэн. Хогийн цэгийг нүүлгэсэн гэв.

 

Хариуцагч Л.Ба шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Ж.Э төлөөлөгч бас дутуу, дулимаг юм ярьж байна. Тухайн ажлын байранд 1 удаа очиж үзсэн үгүйг мэдэхгүй. Компанийн ашиг гэж урьдчилаад 200,000,000 төгрөгийг зээлж өгсөн тухайн төлбөрийг төлөөд явж байгаа гэж байна. Тухайн зээлийг авсан өдөр Л.Бэ, н.С нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өгнө гэж 45,000,000 төгрөгийг нь авсан. Үүнээс 155,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа тэр мөнгийг бид нарт өгнө гэж байсан. 2015 онд Ту худалдааны төвийг барих зөвшөөрлийг бүгдийг би өөрийнхөө нэрээр авсан. Тэгээд 2016 оны 1 сард ахтайгаа ярилцсан. Тэр хүн энд байхгүй байгаа болохоор би тэгсэн, ингэсэн гэж ярихгүй. 2017 оноос хойш манайх 1,000,000 төгрөг л авсан. Ту худалдааны төвийн газар иргэн Л.Баын газар. Ах нь эхнэр хүүхдээ итгэл үнэмшил олгохын тулд газрынхаа талыг ахынхаа нэр дээр болгочих гэхэд нь зөвшөөрсөн. Би 2000 оны дунд үеэс ногооны үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн. Манайх 3 нялх хүүхэдтэй, одоо том хүүхэд маань 1 дүгээр анги. Манай эхнэр танай ах чинь дүүдээ хэдэн төгрөг өгье гэж бодож болдоггүй юм бэ гэхэд өдийг хүртэл бид нарын яаж хөдөлмөрлөснийг мэдэж байгаа ш дээ гэдэг. Манай ах бол би мэдэхгүй ээ эхнэртээ бүх юмаа өгсөн гэж ярьдаг хүн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хариуцагч Л.Бэитгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан сөрөг шаардлагадаа:

...Нам даралтын зуухтай холбоотой асуудал. Д.О өөрийн ногооны зоорин дотор байрласан нам даралтын зуухыг гаргаж авах боломж бололцоог хясан боогдуулсан. Яагаад гэвэл зоорины хаалга нь түгжээтэй, зоорь бол бусдын өмчлөлийнх. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар тухайн эзнийх нь зөвшөөрөлгүйгээр хэний ч орон байр руу хэн ч халдах эрх байхгүй. Зоорины хаалгыг онгойлгож өгөөгүйн улмаас шинээр нам даралтын зуух барьсан. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эвлэрэх санал тавиад хүлээн зөвшөөрөөгүй, энэ өдрөөс эхлэн нам даралтын зуухаа бариад 11 дүгээр сарын 07-ны өдөр дууссан. Нам даралтын зуухыг шинээр хийлгэсэн ажилчдын хөлс орсон. Нам даралтын зуухыг цаг тухай бүрд нь галлах боломж олгож өгөөгүй, нам даралтын зуухыг шилжүүлэн байрлуулах боломжийг хясан боогдуулснаас болоод шинээр нам даралтын зуух барьсан.

Энэ 2 гэр бүлийн хэн алиных нь босгосон эд хөрөнгө. Нам даралтын зуухыг барихад тодорхой хөрөнгө орсон. Энэ хөрөнгө мөн Л.Бэ, Л.Ба нараас гарсан. Хэн хэн нь тэр нам даралтын зуухыг ашиглаад явж байсан мөртлөө Д.Оийн газар дээр байгаа болохоор ганцхан Л.Бэ хариуцна гэсэн асуудлыг тавиад байгаа. Өөрөөр хэлбэл ногооны зоорины хаалгыг онгойлгож нам даралтын зуухыг нүүлгэх боломж бололцоогоор хангаагүйн улмаас нам даралтын зуух техникийн хувьд ашиглах боломж бололцоогүй болсон. Тийм учраас шинээр нам даралтын зуух барьж нийт 29,611,900 төгрөгийн зардал гарсан тул дээрх мөнгийг Д.Оээс гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг шаардлагын хариу тайлбартаа:

...Би сөрөг нэхэмжлэлд хариу тайлбараа өгсөн байгаа. Бид нар орлого, зарлагаа хувааж яриад өөрсдийнхөө анх ярьсан шиг байсан бол бид энэ хариуцлагаа хүлээнэ. Би хэзээ ч зоорины хаалгаа цоожлоогүй. Одоо ч гэсэн тэр хүн миний хаалгаар орж гараад байж байгаа. Өмнөх хуралдаан дээр хүртэл шүүгч Д.Оээ чи хаалгаа цоожлоод онгойлгож өгөхгүй байгаа юм уу гэж асууж байсан. Хүн юмаа авъя гэж байхад нь би яахаараа онгойлгож өгөхгүй гэж. Тэр нам даралтын зуух хөлдөөгүй. Би тэр зуухаа ав гэж нэхэмжлэл гаргасан юм чинь авах ёстой гэж хараад сууж байгаа. Тэр газарт өглөө 8:30-с 9:30 минут хүртэл ажиллаж байгаа. Өнөөдөр хүртэл Л.Бэ гуай миний хаалгаар нүүрс, түлээгээ оруулаад галлагаагаа хийгээд байж байсан. Сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

-       Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт.

Үүнд, улсын бүртгэлийн Г-2201...дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ, 180.... дугаартай Д.Оийн өмчлөлийн газрын кадастрын зураг, Сонгинохайрхан дүүрэг, ...дүгээр хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах Д.Оийн эзэмшиж байгаа газрын кадастрын зураг, тус газрын нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, хогийн цэг, нам даралтын зуух, Ту худалдааны төвийн бохирын шугамын харагдах байдлыг харуулсан гэрэл зураг.

 

-       Хариуцагч Л.Бэаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт.

Үүнд, ... дугаартай төрөл садангийн тухай лавлагаа, 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Ж.Э-д олгосон итгэмжлэл, Ө ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай баримт, С ХХК, Д.Оийн нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, орлого, зарлагын бүртгэлийн дэвтрийн хуудас, ... дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, хавсралтын хамт, ... дугаартай барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Сонгинохайрхан дүүргийн газрын албанд гаргасан Д.Оийн өргөдлийн хуулбар, улсын бүртгэлийн Г-220.... дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн Ү-220.. дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ...дугаартай компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээний хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04/07 дугаартай С ХХК-ийн тодорхойлолт, С ХХК-ийн дүрэм, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ту худалдааны төвийн фото зураг, хогийн цэг чөлөөлсөн талаарх фото зураг, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай С ХХК-ийн нийт ажиллагсдын хурлын тэмдэглэл, С ХХК, Д.Ч нарын хооронд байгуулагдсан 05 дугаартай хөлсөөр ажиллуулах гэрээ, С ХХК, В.Б нарын хооронд байгуулагдсан 07 дугаартай хөлсөөр ажиллуулах гэрээ, С ХХК, Л.Н нарын хооронд байгуулагдсан 06 дугаартай хөлсөөр ажиллуулах гэрээ, С ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны кассын зарлагын ордер, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, зарлагын баримт, нэхэмжлэх, С ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 26... дугаартай дансны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, шинээр барьсан уурын зуухны гэрэл зураг.

 

-       Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт.

Үүнд, Сонгинохайрхан дүүрэг, ... хороо, .. дүгээр гудамж, ... тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Г-2201...дугаартай газрын хувийн хэргийн хуулбар, Сонгинохайрхан дүүрэг, ...дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... дүгээр гудамж, .. тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хороо, ..., .. дүгээр гудамж, .., . тоотуудад Л.Баын барилгад олгосон 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ..дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбарууд, 274/16 дугаартай Л.Баын үйлчилгээний 3 давхар барилгын техникийн нөхцөлийн хуулбар, УБЦТС ХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн .. дугаартай техникийн нөхцөлийн хуулбар, .. дугаартай Э ХХК-ийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлт, түүний хавсралтын хуулбар.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Л.Бэ, Л.Ба нарт холбогдуулан хариуцагч нарын хууль бус ашиглалтаас газрыг буюу бохирын шугам, цооног, хогийн цэг, галчийн байрыг чөлөөлүүлэх, хариуцагч Л.Бэаас газар ашигласны төлбөрт 22,000,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Л.Бэ нь нэхэмжлэгч Д.От холбогдуулан түүний буруутай үйлдлээс нам даралтын зуух бариулсан зардал, хохиролд 29,611,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал нь шаардлагынхаа үндэслэлийг ...газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа тухайн газар дээр байрлах бохирын шугам цооног, хогийн цэг, галчийн байр, нам даралтын зуухыг холдуулж газрыг чөлөөлүүлэх, энэ хугацаанд хууль бусаар ашиглаж байсан газрын ашиг, үр шимээр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул тухайн ашиг, үр шимийг хариуцагчаас гаргуулах, нам даралтын зуух барихад саад учруулаагүй, буруутай зүйл байхгүй тул хохирлыг хариуцахгүй гэсэн агуулгаар, хариуцагч Л.Бэ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчийн зөвшөөрлийг үндэслэн түүний газар дээр барилгын инженерийн шугам тавигдсан, өөрөө хүлээн зөвшөөрсөн тул тухайн газрыг хууль бусаар ашиглаагүй бөгөөд ямар байдлаар яаж үндэслэлгүй хөрөнгөжсөн болохыг баримтаар нотлоогүй, мөн түүний буруутай үйлдлийн улмаас нам даралтын зуух барьсаны хохирлыг гаргуулах гэж тус тус тайлбар, шаардлага гарган мэтгэлцдэг бөгөөд хариуцагч Л.Ба өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг.

 

Шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэсний дагуу хууль бус ашиглалтаас газраа чөлөөлүүлэх, 492, 493 дугаар зүйлд Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшсэнээс үүсэх үүрэг буюу шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шимийг нөхөн төлбөрт авах гэсний дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 22,000,000 төгрөгийг гаргуулах гэж тайлбарладаг.

 

Шүүхээс нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Л.Бэсөрөг шаардлагыг тус тус үндэслэлгүй гэж дүгнээд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2201...дугаар бүхий гэрчилгээтэй /1 хх 9/ Д.Оийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... дүгээр гудамж, .. тоот хаягт байрлах 706 м.кв талбайтай газар дээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201... дугаартай гэрчилгээтэй /1 хх-209/ Л.Ба, Л.Бэ нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... дүгээр гудамж, .. тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг болон тухайн барилгын бохирын шугам, цооног, галлагааны нам даралтын зуух, хогийн цэг байршдаг талаар, дээрх газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нэхэмжлэгч, хариуцагч нар мөн болох талаар талууд маргадаггүй ба энэ нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, галлагааны хэсэг, хогийн цэг, бохирын цооногийн гэрэл зургууд, газрын кадастрын зураг зэргээр нотлогддог.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хогийн цэг, галчийн байрыг чөлөөлүүлэх гэх хэсгийг хариуцагч Л.Бэаас биелүүлсэн ба нэхэмжлэгч тухайн нам даралтын зуухыг нүүлгэн шилжүүлэх боломжийг гаргаагүй, хааж боогдуулсан тул хариуцагч Л.Бэаас өөр газар шинээр барьж байгуулсан, улмаар тухайн гарсан зардал нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болсон тул нам даралтын зуухны үнэ, ажлын хөлс, зардлыг буюу хохирлыг гаргуулахаар сөрөг шаардлагыг гаргасан байдаг.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагаас бохирын цооног шугамыг шилжүүлж өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх гэх хэсэгт нэхэмжлэгч талаас ...хууль бусаар өмчлөлийн газрыг ашиглаж байгаа, үүнтэй холбоотой харилцан тохиролцох, газар ашигласны төлбөр авах, өгөх талаарх санал гаргасныг хүлээж аваагүй тул газраа чөлөөлүүлнэ гэж, хариуцагч Л.Бэаас ...чөлөөлөх боломжгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр, нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр анх тухайн газарт бохирын шугам хоолой, цооногийг байршуулсан, хууль бусаар зөвшөөрөөгүй байхад байршуулсан асуудал байхгүй гэж маргадаг.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хариуцагч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө Тунбааш үйлчилгээний барилгын зарим хэсэг, галчийн байр, зуух, бохирын шугам, цооног нь тухайн барилга баригдаж 2017 оны 10 сарын 27-ны өдрийн Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /1 хх-201/ гарсан үеэс л нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр байршиж байжээ.

 

Нэхэмжлэгч Д.Оийн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа гэх Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... дүгээр гудамж, .. тоот хаягт байрлах, 706 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хувьд хариуцагч болох Л.Ба нь иргэн П.Б-тай худалдах худалдан авах гэрээ байгуулан 2011 оны 03 сарын 11-ний өдөр шилжүүлэн авч /1 хх-81, 84/ 2015 оны 12 сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч Д.От /1 хх-88, 91/ шилжүүлэн өгсөн, одоог хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй байгаа байна.

 

Хариуцагч Л.Ба нь 2014 оны 8 сарын 18-ны өдөр Ту үйлчилгээний төвийн барилгыг барих хүсэлтийг /2 хх 4/ Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гаргахдаа хөрш эрхийн зөрчил үгүйг баталсан хөршүүдийн татгалзалгүй гэх хүсэлт, тодорхойлолтуудыг хавсарган өгчээ. Улмаар барилгын тухай хууль, норм дүрмийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, үйлчилгээний барилгын зураг /1 хх-233-250/, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /1 хх 61/, техникийн нөхцөл, барилга байгууламжийн зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлт /2 хх 70-84/ зэргийг гаргуулан батлуулсан, тухайн үйлчилгээний барилгыг 2017 оны 10 сард улсын комисс хүлээн авдаг. Ингээд Нийслэлийн улсын бүртгэлийн газраас Л.Ба, Л.Бэ нарын дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 4 сарын 06-ны өдөр бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ /1 хх 209/ олгосон байна.

 

Тухайн үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдэх үед нэхэмжлэгч Д.Оээс Сонгинохайран дүүргийн Улсын бүртгэлийн албанд, 2018 оны 03 сарын 20, Иргэн Д.О би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 39 гудамж, 15 тоотод байрлах 706 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчилдөг билээ. Уг газар дээр миний нөхөр болох Л.Ба, Л.Бэ нарын хамтран барьсан барилгын зарим хэсэг баригдсан байгаа. Иймд уг барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг Л.Ба, Л.Бэ нарын нэр дээр гаргахад миний зүгээс татгалзах зүйл байхгүй болно гэх агуулга бүхий хүсэлтийг холбогдох бүртгэлийн эрх бүхий байгууллагад гаргаснаар тухайн хөрөнгийг бүртгэж хариуцагч .Батжаргал, Л.Бэ нарын нэрээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан бөгөөд дээр дурдсан үйл баримтууд нь нотлогддог.

 

Дээрх үйл баримтууд, талуудын тайлбараас дүгнэхэд үйлчилгээний барилга барих зөвшөөрөл, техникийн нөхцөл авч байх үед болон барилга барих явцад барилга барихаар төлөвлөсөн газрууд нь Л.Баын өмчлөлийнх байсан, улмаар Д.О болон Л.Ба, Л.Бэ нарын өмчлөлд шилжсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... дүгээр гудамж, .. тоот хаягт байрлах газрын өмчлөгч Д.О, мөн дүүргийн 7 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... дүгээр гудамж, .. тоот хаягт байрлах газрын өмчлөгч Л.Ба, Л.Бэ нарын зөвшөөрөл, хүсэлтийг үндэслэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь 10 дугаар зүйлийн 10.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэх бөгөөд нэг нэгж талбарт нэг хувийн хэрэг нээж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг уг нэгж талбар газрын эрхтэй нэг бүрдлээр бүртгэнэ гэсэнтэй нийцсэн, мөн барилгын зарим хэсэг өмчлөгчийн газар дээр баригдсан талаар нэхэмжлэгч маргаагүй болно.

 

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. "барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг, 4.1.8. "барилга байгууламжийн техникийн нөхцөл" гэж барилга байгууламжийг дулаан, уур, хий, цэвэр, бохир ус, цахилгаан, харилцаа холбоо, дохиолол зэрэг эх үүсвэрт холбох эрх бүхий хуулийн этгээдээс гаргах шийдвэрийг ойлгоно гэж зааснаас үзэхэд Ту үйлчилгээний төвийн барилгын гадна байрлах бохирын шугам хоолой цооног буюу ариутгах татуурга, нам даралтын зуух, галчийн байр буюу дулааны шугам сүлжээ нь тухайн барилгын инженерийн шугам сүлжээ болно. Энэ дэд бүтэц нь хэдийгээр төвлөрсөн байгууламж болохгүй ч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл хэсэг бөгөөд түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, тухайн зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох шинж чанартай гэж үзнэ.

 

Тийм ч учраас Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ7.1.1.барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол7.1.2.иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол7.1.3.энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх гэж заасны дагуу эрх бүхий байгууллага хянаж үзээд зөвшөөрөл олгосон байдаг.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон дээр дурдсан холбогдох хуулийн зүйл заалтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.О өөрийн өмчлөлийн газрын зарим хэсэг дээр барилга барихыг зөвшөөрсөн, улмаар барилга баригдаж дууссан, улсын комисс хүлээн авч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Тухайн барилгын бохир ус зайлуулах болон төвийн бус дулааны асуудлыг шийдвэрлэсэн үйл явц, бүтээн байгуулалт өмчлөлийнх нь газар дээр байгуулагдаж байгааг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэнэ. Ингэснээр хариуцагч тал нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр бохирын цооног, галлагааны байр, нам даралтын зуух байрлуулан хууль бусаар ашиглаагүй болох нь нотлогдож байна.

 

Улсын бүртгэлд бүртгэгдсэн барилгын инженерийн шугам сүлжээ буюу маргааны зүйл болох бохирын шугам, цооногийг зайлшгүй шилжүүлэх, өөрчлөх шаардлагатай бол мэргэжлийн байгууллагад хандаж зөвшөөрөл авах, зайлшгүй гэж дүгнэх урьдчилсан нөхцөл байдал бүрдэх шаардлагатай бөгөөд энэ үйл баримтыг нэхэмжлэгч тал нотолж чадсангүй.

 

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бохирын шугам, цооног байрлах газрыг чөлөөлүүлэх шаардлагыг үндэслэлгүй гэж үзэв.

 

Хоёр. Нэхэмжлэгчийн хувьд тухайн газрыг бусдад ашиглуулснаас олох байсан орлого, үр шимийг хариуцагч нар хүртсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 493 дугаар зүйлийн 493.6 Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ. зааснаар хариуцагч Л.Бэаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 22,000,000 төгрөгийг гаргуулна гэдэг.

 

Өмнө дурдсанчлан хариуцагч нар хууль бусаар нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын зарим хэсгийг ашиглаагүй ба нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар бохирын цооног, галчийн байр, хогийн цэг байрлуулж саад учруулсан болох нь нотлогдоогүй. Хууль бусаар газрын ашигласан гэх үйл явдал хуулийн дагуух үйл явц байсан болох нь дүгнэгдсэн бөгөөд зохигчийн ...анх барилга барихад хамтраад барья, ашиг орлогоо хуваая гэж ярилцаж байсан гэх тайлбар газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан баримтууд зэргээр талуудын хооронд хамтран ажиллах гэрээний үүрэг үүссэн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч тал ...хариуцагч Л.Бэтай гэрээний үүрэг үүсээгүй, тэрээр нэхэмжлэгчийн олох байсан ашиг орлого, газрын үр шимийг хүртсэн, энэ нь үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа гэж шаардах эрхийн үндэслэлээ тайлбарладаг, шаарддаг. Энэ үндэслэлээр шаардах эрхгүй гэж шүүхээс дүгнэж байх тул Л.Бэаас 22 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Гурав. Хариуцагч Л.Бэнэхэмжлэгч Д.От холбогдуулан гаргасан сөрөг шаардлагын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт зааснаар сөрөг шаардлага, түүний үндэслэлээ нотлох үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Тодруулбал, хариуцагч нь ...нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох галчийн байр, нам даралтын зуухыг шилжүүлэх, газрыг чөлөөлүүлэх шаардлагын хүрээнд үүргээ биелүүлэх гэтэл нэхэмжлэгч саад учруулсан тул өөрсдийн хөрөнгө, зардлаар шинээр нам даралтын зуух барьж байгуулан барилгын дулааны асуудлыг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс биднээс хөрөнгө, зардал гарсан тул нэхэмжлэгч Д.О хариуцагч учиртай гэж шаардлагын үндэслэлээ тайлбарладаг.

 

Үйл баримтын хувьд хариуцагч Л.Бэаас нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт бус Тунбааш үйлчилгээний барилгын дэргэд шинээр нам даралтын зуух барьсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургууд, ажил гүйцэтгүүлэх, ажлын хөлс төлөх гэрээ, санхүүгийн баримтууд, банкны дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогддог.

 

Харин нэхэмжлэгч Д.Оийн буруутай үйлдлээс буюу ногоон зоорьт байрлах галчийн байр, нам даралтын зуухыг шилжүүлэх үйлдэлд саад учруулсан, зоорийн хаалгыг түгжсэн, хүйтэрч байхад халаалт тавихгүй гэж боосон зэрэг үйлдлээс болж шинээр зуух барихад хүрсэн гэх тайлбараа, шаардах эрхийн үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ. Нэхэмжлэгчээс ногоон зоорийн хаалгыг онгойлгохыг, галчийн байр зуухыг шилжүүлэх хүсэлтийг гаргасан болох нь, нэхэмжлэгч хаалгаа онгойлгоогүй, саад учруулсан гэх үйлдлийг гаргасан болох нь тус тус баримтаар нотлогдоогүй ба үйлчилгээний төвийн түрээслэгч нарын хурлын тэмдэглэлээр нэхэмжлэгчийн буруутай гэх үйлдэл нотлогдсон гэж дүгнэх боломжгүй.

 

Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж улмаар өөрийн газар эзэмших, ашиглах эрх зөрчигдөж байгаа гэх үндэслэлээр Л.Бэ, Л.Ба нарын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 22 сая төгрөгийг гаргуулах тухай Д.Оийн нэхэмжлэлийг, шинээр зуух барьсан зардал, хохирол 29,611,900 төгрөг гаргуулах тухай Л.Бэсөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, урьдчилан төлсөн нэхэмжлэгч болон хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Бэ, Л.Ба нарт холбогдуулан гаргасан Д.Оийн хариуцагч нарын хууль бус ашиглалтаас дурдсан газрыг бүрэн чөлөөлүүлэх, хариуцагч Л.Бэаас Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошуу 39 гудамж, 15 тоот хаягт байрлах газар ашигласны төлбөрт 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, мөн Д.От холбогдуулан гаргасан Л.Бэ хохиролд 29,611,900 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Д.Оийн 338,150 төгрөгийг, хариуцагч Л.Бэ306,010 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.АМИН-ЭРДЭНЭ