Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00557

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.О ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 18-ны өдрийн 184/ШШ2022/00248 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.О ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Б , Л.Б нарт холбогдох, хариуцагч нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас газар чөлөөлүүлэх, хариуцагч Л.Б аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 22,000,000 төгрөгийг гаргуулах үндсэн шаардлагатай, шинээр нам даралтын зуух барьсан зардал 29,611,900 төгрөг гаргуулах сөрөг шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О , түүний өмгөөлөгч Л.Б , хариуцагч Л.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Д.О ийн өмчлөлийн ... тоот хаягт байрлах 706 м.кв талбай бүхий газар нь ... хаягт байрлах ... худалдаа, үйлчилгээний төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй залгаа байрладаг. Анх 2017 оны 10 сард худалдааны төв ашиглалтад орсон цагаас ... газарт галлагааны өрөө, хогийн цэг зэргийг байршуулж, 45 м.кв барилгын хэсэг тус газар руу нэвтрэн орж, бохирын болон дулааны шугамаа газар доор байршуулсан. Гэвч 21 тоот ... худалдаа, үйлчилгээний төвийн өмчлөгч Л.Б , Л.Б нарын зүгээс Д.О тэй ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй бөгөөд тус газрын үнэ төлбөргүйгээр ашиглаж, хөрөнгө зардал хэмнэх байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөөр байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар Л.Б аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 22,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч нь тус газар дээр нэвтрэн орсон хэсгээр болон хогийн цэг, галлагааны өрөө байрлаж байгаа хэсэгт өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Л.Б ад мэдэгдэл хүргүүлсэн боловч шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд ... тоот хаягт байрлах Д.О ийн өмчлөлийн газарт байрлах хогийн цэг, галчийн байр, зуух, бохирын шугам, нэвтэрч орсон хэсгийг чөлөөлөхийг хариуцагч талд даалгаж өгнө үү.

 

2.   Хариуцагч Л.Б ын хариу тайлбарын агуулга: Л.Б нь 2015 онд төрсөн дүү Л.Б , түүний эхнэр Д.О , өөрийн эхнэр З.С нарын хамт Л.Б ын нэр дээр бүртгэлтэй ...  тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газар үйлчилгээний зориулалттай барилга барихаар тохиролцож тус газрыг 2015 оны 08 сарын 28-ны өдөр Л.Б нь бэлэглэлийн гэрээгээр ах Л.Б ын нэр дээр шилжүүлэн өгсөн. Үйлчилгээний төвийг Л.Б , Л.Б нар хоёр талаасаа хөрөнгө гаргаж барьсан. Барилгын зураг төсөлдөө нам даралтын зуухаар галлагаа хийж, барилгын дулааны хангамжийг шийдвэрлэсэн. Энэ талаар нэхэмжлэгч Д.О тэй ярилцахад ...нам даралтын зуух барих газар нь их биш юм чинь манай газар дээр барьж болох юм... гэж зөвшөөрсөн тул галлагааны байрыг түүний газар дээр барьсан. 2016 оноос барилгыг барьж эхэлсэн, 2017 оны 10 сард Улсын комисс ашиглалтад хүлээн авсан. Д.О нь барилга ашиглалтад орсноор хэд хэдэн лангуу ажиллуулах болсон. Түүний газар дээр галлагааны байр, хогийн цэг байршуулсан тул лангууны түрээсийн төлбөр гэж авдаггүй. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд газар ашигласны төлбөр гэж шаардаж байгаагүй. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосны дагуу барилгын ажлыг эхлэхэд уг газар Л.Б ын нэр дээр байсан. Тус газарт барилга барьж байх үедээ буюу 2016 оны 10 сарын 07-ны өдөр эхнэр Д.О ийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд ингэхдээ барилга баригдсан газрын хэмжээг дахин тодорхойлж, кадастрын зураглал хийлгэж, хасалт хийлгэлгүйгээр анхны зураглалын хэмжээгээр шилжүүлсэн нь хөршийн хил зөрчсөн гэх маргаан үүсэх үндэслэл болсон. Л.Б ын нэр дээрх газраар дамжуулан бохирын шугам татах, хогийн цэг байрлуулах зэргийг Л.Б , Д.О нарын хэн аль нь зөвшөөрсөн ба хогийн цэгийг дундаа хамтран эзэмшиж байгаа. Л.Б нь өөрийн нэр дээрх газар дээр барилгын ажил эхлүүлсэн нь бусдын газрын хилийг зөвшөөрөлгүй зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Бохирын цооногийг нүүлгэх ямар ч боломжгүй, нам даралтын зуухны асуудлыг шийдвэрлэсэн, хогийн цэгийг нүүлгэсэн. Л.Б ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол үүнийгээ баримтаар нотлох ёстой. Л.Б ыг хогийн цэг, бохирын цооног, нам даралтын зуух ажиллуулаад хэдэн төгрөгийг ашиг олсон бэ гэдэг тооцоолол байх ёстой. Гэтэл ямар ч тооцоололгүй, хийсвэр хэмжээгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3.   Хариуцагч Л.Б ын хариу тайлбарын агуулга: Х Б ХХК-аас 200,000,000 төгрөгийн зээл авсан өдөр Л.Б , З.С нар ...хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлнө... гэж хэлээд 45,000,000 төгрөгийг авч, үлдэх 155,000,000 төгрөгийг бид нарт өгнө гэсэн боловч өгөөгүй. ... худалдааны төвийн газар нь Л.Б ын нэр дээр байдаг. Эхнэр, хүүхдийнхээ итгэл үнэмшлийг олохын тулд ...газрынхаа талыг ахынхаа нэр дээр болгочих... гэхэд нь зөвшөөрсөн. Гэтэл 2017 оноос хойш 1,000,000 төгрөг л авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

4.   Хариуцагч Л.Б ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга: Д.О нь өөрийн өмчлөлийн ногооны зоорийг түгжиж, дотор нь байрласан нам даралтын зуухыг гаргаж авах боломжийг боогдуулсан тул шинээр нам даралтын зуух барьсан. Тухайн эд хөрөнгийг Л.Б , Л.Б нарын хэн аль нь ашиглаж байхад зөвхөн Л.Б хариуцах ёстой гэж болохгүй. Иймд шинээр нам даралтын зуух барьсан зардал 29,611,900 төгрөгийг нэхэмжлэгч Д.О ээс гаргуулж өгнө үү.

 

5.   Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Д.О нь зоорийн хаалгыг түгжиж байгаагүй. Одоо ч тэр хүн зоорины хаалгаар орж, гараад явж байгаа. Хүн эд зүйлээ авья гэж байхад онгойлгож өгөхгүй гэх үндэслэл байхгүй. Нам даралтын зуух хөлдөөгүй. Д.О ийн зүгээс нам даралтын зуухаа ав гэж нэхэмжлэл гаргасан тул түүнийгээ авах ёстой л гэж харж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

6.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Б , Л.Б нарт холбогдуулан гаргасан хариуцагч нарын хууль бус ашиглалтаас дурдсан газрыг бүрэн чөлөөлүүлэх, хариуцагч Л.Б аас ...  тоот хаягт байрлах газар ашигласны төлбөрт 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, мөн Д.О т холбогдуулан гаргасан Л.Б ын хохиролд 29,611,900 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Д.О ийн 338,150 төгрөгийг, хариуцагч Л.Б ын 306,010 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.

 

7.   Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

а. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан зохицуулалт нь барилга анх баригдаж эхлэх үеийн зөвшөөрлийн тухай заасан бөгөөд бохирын шугам сүлжээг өөрчлөх боломжгүй талаар дурдаагүй. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх гэж барилга байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн үндсэн бүтэц болон инженерийн шугам сүлжээг өөрчлөн, шинэчлэлт хийх үйл ажиллагааг ойлгоно гэж заасан. Тодруулбал, бохирын шугам сүлжээг өөрчлөх, өргөтгөх, шинэчлэлт хийх боломжтой бөгөөд дахин зөвшөөрөл авах ажиллагааг хариуцагч хариуцан гүйцэтгэхэд нэхэмжлэгчийн зүгээс ямар ч хязгаарлалт, эсэргүүцэл үзүүлээгүй болно. Иймд бохирын шугамыг нүүлгэх бүрэн боломжтой бөгөөд ингэснээр эрх нь сэргэж, өмчлөх эрх нь хангагдана.

б. Хэрэв галчийн өрөө байгаа өрөөг хэн нэгэнд түрээслүүлж байсан бол, хогийн цэг байгаа газар дулаан гарааш барьж түрээслүүлж байсан бол нэхэмжлэгч тодорхой хэмжээний ашиг олох боломжтой, галчийн байр, хогийн цэг, бохирын шугамыг өөр хэн нэгний өмчлөлийн газарт барьсан бол хариуцагч нар тодорхой хэмжээний төлбөр төлөх нь тодорхой байтал шүүх ...нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар бохирын цооног, галчийн байр, хогийн цэг байрлуулж саад учруулсан болох нь нотлогдоогүй... гэж дүгнэсэн. Иймд хариуцагч нар тодорхой хэмжээний төлбөрийг хэмнэсэн байх тул энэ мөнгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй.

в. Шүүх ...нэхэмжлэгч тал хариуцагч Л.Б тай гэрээний үүрэг үүсгээгүй, тэрээр нэхэмжлэгчийн олох байсан орлого, газрын үр шимийг хүртсэн нь үндэслэлгүй хөрөнгөжиж багаа гэж шаардах эрхийг үндэслэлээ тайлбарладаг, шаарддаг. Энэ үндэслэлээр шаардах эрхгүй гэж шүүхээс дүгнэж байх тул Л.Б аас 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй... гэж шүүх дүгнэсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан буюу шүүх үнэхээр талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол тус гэрээ нь Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1, 479.3 дахь хэсэгт зааснаар талуудын хоорондын гэрээ талуудын хооронд маргаан үүссэнээр дуусгавар болсон буюу үүрэг хожим дуусгавар болсон гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Л.Б аас 22,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О т олгож, Д.О ийн газар дээр байгаа бохир усны цооногийг холдуулж, хууль бус ашиглалтаас чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

8.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Л.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх гэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс галчийн байрыг шинээр барьж болсон юм чинь бохирын цооногийг нүүлгэх боломжтой гэж байна. Энэ нь дулааны систем, бохирын систем байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хянан үзээд нэхэмжлэгч Д.О ийн нэхэмжлэл, хариуцагч Л.Б ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээ болон техникийн шинжтэй өөрчлөлтийг оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Л.Б , Л.Б нарт холбогдуулан түүний өмчлөлийн ... хаягт байрлах газраас бохирын шугам, цооног, хогийн цэг, нам даралтын зуух, галчийн байр зэргийг чөлөөлүүлэх, хариуцагч Л.Б аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 22,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ ...миний өмчлөлийн газар руу нэвтрэн орж бохирын шугам, цооног, хогийн цэг, нам даралтын зуух, галчийн байрыг барьж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна, хариуцагч нь өөрийн зардлыг хэмнэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул 22,000,000 төгрөгийг гаргуулна... гэсэн агуулгаар тайлбарласан байна.

 

3.   Дээрх шаардлагыг хариуцагч Л.Б эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...барилга баригдаж байх үед тухайн газар нь Л.Б ын өмчлөлд байсан, түүний газар дээр барилгын ажил явуулахыг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг нь нотлогдохгүй... гэсэн агуулгаар тайлбарлан маргасан бол хариуцагч Л.Б нь өөрт холбогдох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг шүүхэд гаргажээ.

 

4.   Нэхэмжлэгч Д.О т холбогдох, шинээр нам даралтын зуух барьсан зардал 29,611,900 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Л.Б ын сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нам даралтын зуух, хогийн цэг зэргийг нэхэмжлэгчийн өмчлөлийн газраас зайлуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэлийн зарим шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.

Хариуцагч Л.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдааны явцад дулааны улирал эхэлж барилгын ажил хийх боломжтой болох үед галчийн байрыг буулгаж, нэхэмжлэгчийн газрыг чөлөөлнө гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

5.   Хэрэгт авагдсан газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 9, 84/, кадастрын зураг /1хх 10/, архитектур төлөвлөлтийн даалгавар /1хх 233/, барилгажих талбайн схем зураг /1хх 234/, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /1хх 61/, үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ /1хх 88/, бүртгэлийн байгууллагад Д.О ийн гаргасан хүсэлт /1хх 198/, фото зураг /182-186/, фото зургийн хуулбар /2хх 57-59/, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /1хх 201-203/, техникийн нөхцөл /2хх 71, 72/, барилга байгууламжийн зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлт, түүний хавсралт /2хх 73-75, 76-85/ зэрэг бичгийн нотлох баримтыг зохигчдын тайлбартай харьцуулан үнэлбэл:

а. Маргаан бүхий ... тоот хаягт байрлах 706 м.кв газар нь 2011 оны 03 сараас Л.Б ын өмчлөлд бүртгэлтэй байсан;

б. Барилгын ажлын зураг төслийг боловсруулж, эрх бүхий байгууллагаар хянуулж, холбогдох зөвшөөрлийг авч, техникийн нөхцөл олгогдох үед дээрх газар нь Л.Б ын өмчлөлд хэвээр байсан;

в. Барилгын ажил эхлэхээс өмнө буюу 2015 оны 12 сард дээрх газрыг Л.Б аас бэлэглэлийн гэрээгээр Д.О ийн өмчлөлд шилжүүлсэн;

г. Барилгын ажил 2016 оны 05 сард эхэлж, 2017 оны 10 сард ашиглалтад орж, Улсын комисс хүлээн авсан;

д. Барилгын ажил явагдаж, дуусгавар болж байх үед газар өмчлөгч Д.О ийн зүгээс ямар нэг байдлаар барилгын ажлыг эсэргүүцээгүйгээс гадна түүний өмчлөлийн газарт зарим хэсэг нь нэвтрэн орж шинээр баригдсан барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг Л.Б , Л.Б нарын нэр дээр гаргахад татгалзах зүйлгүй талаар бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж байсан зэрэг үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн дээрх үйл баримтыг зөв тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцжээ.

 

6.   Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй боловч өмчлөх эрхийг нь зөрчиж буй гэх хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг нотлох учиртай. Өмнө дурдсанчлан, хариуцагч тал барилгын ажлыг зохих журмын дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор гүйцэтгэснийг улсын комисс хүлээн авсан, барилга баригдаж эхлэх, барилгын ажлын явц, барилгыг ашиглалтад оруулах үе шатанд нэхэмжлэгч өөрөө зөвшөөрөл өгч байсан зэргээс үзэхэд хариуцагч талын үйлдлийг хууль бус гэж үзэх боломжгүй, улмаар газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

7.   Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 22,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд, нэхэмжлэгч сайн дураар өөрийн өмчлөлийн газартаа маргаан бүхий бохирын шугам, цооног, хогийн цэг, нам даралтын зуух, галчийн байр зэргийг барихыг зөвшөөрсөн, талууд анхнаасаа нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг хариу төлбөртэйгөөр ашиглахаар харилцан тохиролцсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүхээс холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

8.   Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...492.1... гэж техникийн шинжтэй алдаа гаргасан, мөн ...дурдсан газрыг бүрэн чөлөөлүүлэх... гэж шаардлагыг тодорхойгүй байдлаар бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулан холбогдох өөрчлөлтийг оруулах боломжтой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 18-ны өдрийн 184/ШШ2022/00248 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Л.Б , Л.Б нарт холбогдох ... хаягт байрлах газраас бохирын шугам, цооног, галчийн байр зэргийг чөлөөлүүлэх, хариуцагч Л.Б ад холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 22,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.О ийн нэхэмжлэлийн шаардлага, мөн нэхэмжлэгч Д.О т холбогдох шинээр нам даралтын зуух барьсан зардал 29,611,900 төгрөг гаргуулах тухай хариуцагч Л.Б ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нам даралтын зуух, хогийн цэгийг чөлөөлүүлэх тухай Д.О ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Б , Л.Б нар биелүүлсэн болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг болон 267,950 төгрөг, нийт 338,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР