Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2022/00730

 

 

 

 

 

                                         2022           03           03

                 184/ШШ2022/00730

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. хороо,  ..... тоот хаягт байрлах “Х” ХХК /регистрийн дугаар:.../,,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ... дүгээр хороо, ... тоот хаягт байрлах “И” ХХК /регистрийн дугаар:..../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, .... хороо, .... тоот хаягт байрлах “О” ХХК /регистрийн дугаар: .../,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ...байр, .. тоот хаягт оршин суух, Б овогт С-ийн Ю /регистрийн дугаар: ..../ нарт холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 538.043.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, мөн гэрээний хохиролд 150,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын төлөөлөгч М.У, түүний өмгөөлөгч Г.Д, хариуцагч О ХХК-ийн төлөөлөгч Х.Н, түүний өмгөөлөгч болон хариуцагч С.Ю-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч  Х ХХК, И ХХКнар нь хариуцагч О ХХК, С.Юнарт холбогдуулан гэрээнээс татгалзаж,  538.043.000 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Нэхэмжлэгч нь хариуцагч О ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-г байгуулж, тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар “Нийлүүлэгч буюу О ХХК нь манай байгууллагын барилгын талбайд нийт 350 маркаар 8,808 м3 бетон зуурмаг нийлүүлэх бөгөөд 1 м3 бетоны үнэ нь 156,000 төгрөг нийт 1,374,119,030 төгрөг байх”-аар тус тус харилцан тохиролцсон. Энэхүү гэрээний нөхцөл нь 40 хувиар бартер буюу үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх, 60 хувьд нь хуурай цемент нийлүүлэх байсан. Гэрээ хийгдэхэд нийлүүлэгч тал үл хөдлөх хөрөнгийн нэрийг шилжүүлнэ. Бетон зуурмагийн нийлүүлэлт хийгдэхээс 1 хоногийн өмнө тухайн цутгалтын үнийн дүнгийн 60 хувьтай тэнцэх цементийг нийлүүлэгч талд хүргэсэн байхаар тохиролцсоны дагуу төлбөр авагч нь үл хөдлөх хөрөнгийг С.Ю-ийннэр дээр авахаар манай компанид хандсан. Иймд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх хөрөнгө, арилжааны гэрээг О ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар албан бичгийн дагуу С.Ю-тай байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу С.Ю-ийн өмчлөлд “И” ХХК-ийн нэр дээрх Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, ...гудамж ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206...дугаартай 324,4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг иргэн С.Ю-ийн өмчлөлд шилжүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээний 1.7-т зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан хуурай цементийн олдоц муудсан. Энэ нь дэлхий нийтэд тохиолдсон цар тахалтай холбоотой. 2020 оны үеэс зуурмаг нийлүүлэх ч худлаа, авах нь ч худлаа болсон. Нэгэнт ийм байдалд орсон тул гэрээнээс татгалзах болж байна. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлд нарийвчилсан байдлаар татгалзах үндэслэлийг заасан. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т ...гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заасан. Нэхэмжлэгч хуурай цемент нийлүүлж чадахгүй, мөн зуурмагийг хүлээж авах боломжгүй болсон. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нөхцөл байдал өөрчлөгдсөн тул О ХХК-аас авах бетон зуурмагаа өөр хүмүүсийн барилга руу нийлүүлэх арга зам хайж эхэлсэн ч хариуцагч нь хүргэж өгч чадахгүй, боломжгүй гэдэг. Ийм байдлаар хэн аль нь үүргээ биелүүлж чадахгүй байдал үүссэн. Гэрээний татгалзал нь Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заагдсан. Бичгээр татгалзаж байна гэсэн зүйлгүй ч бодит үйлдлээр татгалзсан байгаа. Нэгэнт хариуцагч тал үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан тул тухайн хөрөнгийн үнийг шаардсан. Гар утсаар хоорондоо харилцсан зурваст хариуцагчаас аяллын машин байна, байшин байна, газар байна гэж санал болгодог. Үүнийг нь авъя гээд судлаад үзэхээр өөр хүний барьцаатай ч юм уу, авах гэхээр өөр хүнд өгдөг гэх мэт асуудал байсан. Хариуцагч эд зүйлийг санал болгож байна гэдэг нь гэрээний татгалзал явагдсан гэсэн үг. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд талууд өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгөх, эсхүл үнийг өгөх үүрэгтэй. Манай талаас хариуцагчийн зүгээс нийлүүлсэн 11,957,000 төгрөгийн бетон зуурмагийн үнийг тус үл хөдлөх эд хөрөнгийн үнээс хасаж нэхэмжилж байгаа тул 550.000.000 төгрөгийн шаардлагаа багасгаж байна. Хариуцагч С.Ю-ийнтухайд О ХХК гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийг манайд шилжүүлэхдээ С.Ю-ийннэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу шилжүүлсэн. Мөн өгсөн авсан баримтад С.Юоролцдог. Тэгэхээр хариуцагч нарын хөрөнгө холилдсон байх өндөр магадлалтай. Иймд төлөлтийг аль аль төлөх ёстой.” гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч О ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлийн талаараа: О ХХКнь Хайпирхаус констракш ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу төлбөрийн 40 хувийг бартераар, 60 хувийг нэхэмжлэгч тал манайд хуурай цемент нийлүүлэхээр тохирсон.Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан нөхцөлийн дагуу Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, ... гудамж, ...тоот хаягт байрлах 324,4 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлэн авсан. Манай компани нэхэмжлэгчээс ирүүлсэн захиалгыг хүргэж өгөх үүрэгтэй, гэхдээ захиалагчаас 2 хоногийн өмнө албан бичиг  өгөх ёстой. Тэгээд бид Мишээл экспогийн баруун талд Ч группийн талбайд хүргэж өгөхөөр тохирсон байсан. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл М150 маркаар 71 м3, М300 маркаар 17 м3 бетон зуурмагийг тус тус Хан-Уул дүүрэгт байрлах Мишээл экспо талбай дээр авсан ба нийт үнийн дүн 11,957,000 төгрөг болсон. Манай компанийн зүгээс бетон зуурмагийг ямар нэгэн саад хүлээлгүйгээр захиалгын дагуу нийлүүлж байсан. Гэрээний 3.2-т ...гэрээний 3.1-т заасны дагуу төлбөр хийгдээгүй тохиолдолд дараагийн ээлжийн зуурмагийн нийлүүлэлт хийгдэхгүй бөгөөд үүнтэй уялдан гарах асуудалд нийлүүлэгч тал хариуцлага хүлээхгүй гэж заасан ч хэрэгжээгүй. Манай талаас тухайн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан даруйдаа бусдад шилжүүлээгүй. Бид бүтэн жил нэхэмжлэгч компанийг бетон зуурмагаа авахыг хүлээсэн. 550,000,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг эргэлтэд оруулахгүйгээр бүтэн жил хүлээнэ гэдэг хувийн байгууллагын хувьд үнэхээр хэцүү. Тэгээд бусдад шилжүүлэхээс 1 сарын өмнө дахин нэхэмжлэгч компанитай холбогдоод гэрээ юу болж байгаа талаар лавлаж байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа үргэлжлэн явж байсан учир үл хөдлөх хөрөнгийг 400,000,000 төгрөгөөр бусдад худалдсан. Хэрэв Х ХХК бетон зуурмагаа авч байсан бол 550,000,000 төгрөгтөө зуурмагаа өгөх байсан. Нэхэмжлэгчийн хувьд бетон зуурмагийг нийлүүлэх барилгынхаа гүйцэтгэлийн ажлыг бас авсан байсан. Тэд хоорондоо үл ойлголцсон байсан. Энэ талаар асуухад захиалагч Ч групптэй учраа олчихно гэсэн учраас бид үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн. Ингээд 2 сарын дараа М.У захирал өөрөө залгаад “Ч” ХХК-тай гэрээгээ цуцалсан гэж хэлснээр асуудал үүссэн. Биднийг бетон зуурмагаа нийлүүлэх боломжгүй гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл  нэхэмжлэгч нь захиалагч компанитай байгуулсан гэрээгээ цуцалснаас үүдэн бетон зуурмаг авах шаардлагагүй болсон. Энэ асуудал дээр О ХХК хамааралгүй. Тухайн хөрөнгийг борлуулахаас өмнө гэрээнээс татгалзсан бол бид биет байдлаар үл хөдлөх хөрөнгийг буцаан өгөх боломжтой байсан. Бид бартерт тооцож авсан эд хөрөнгийг мөн л бартерын нөхцөлөөр бусдад шилжүүлсэн. Ингэхдээ тухайн эд хөрөнгийг 400,000,000 төгрөгт тооцон өгч 150,000,000 төгрөгийн алдагдалд орсон. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 2.3-т ...захиалагч тал 2 хоногийн өмнө албан бичгээ ирүүлэх ёстой. Үүнийг би анхааруулж хэлж байсан. М.У захирал бетон зуурмаг нийлүүлэхээр 2,3 хүн дагуулж ирж уулзуулсан. Тэр хүмүүстэй нь уулзаад үнэ, төлбөрийн нөхцөлөө тохирсон удаа байгаа. Дараа нь би эргэж холбогдоод хэзээ нийлүүлэлтээ авах уу гэж лавлахаар авахаа байсан гэдэг. Одоо болохоор намайг бетон зуурмагаа нийлүүлж чадахгүй байсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Манай талаас өнөөдөр ч бетон зуурмагийг гэрээний дагуу нийлүүлэхэд бэлэн байгаа, энэ талаараа байнга мэдэгдэж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

3. Хариуцагч С.Ю нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлийн талаараа: “О” ХХК-ийн зүгээс 2019 оны 08 дугаар сард Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, ...гудамж ... тоот хаягт байрлах 324,4 м.кв талбайтай орон сууцыг С.Ю миний нэр дээр шилжүүлэн авах хүсэлт тавьсны дагуу тус үл хөдлөх эд хөрөнгийг би нэр дээрээ шилжүүлэн авсан. 2020 оны 05 дугаар сард О ХХК тус үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу шилжүүлэн өгсөн. Х ХХК, И ХХКнараас С.Ю-ийннэр дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэнд маргахгүй. Учир нь хувь хүний нэр дээр хөрөнгийг шилжүүлэхэд цаашаа худалдан борлуулахад хялбар байдаг учраас өөрийн нэр дээр шилжүүлж авсан нь үнэн. Гэхдээ тухайн үл хөдлөхөөс ашиг олоод, эсхүл алдагдалд орсон зүйлгүй. Энэ гэрээ нь О ХХК, Х ХХК нарын хооронд хийгдсэн тул С.Ю-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4.Хариуцагч О ХХК нэхэмжлэгч Х ХХК-д холбогдуулан гэрээний хохиролд 150,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: “Манай компанийн зүгээс бетон зуурмагийг ямар нэгэн саадгүйгээр захиалгын дагуу нэхэмжлэгч талд нийлүүлж байсан бөгөөд үргэлжлүүлэн бетон зуурмагаа авахыг удаа дараа сануулж байсан. Нэхэмжлэгч ямар нэгэн шалтгаан, тайлбаргүйгээр бетон зуурмагаа авахгүй байсаар он дамжиж 2020 оны зун болсон. 550,000,000 төгрөгийн үнийн саналыг нэхэмжлэгч тал манай талд гаргасан бид хүлээн зөвшөөрөөд гэрээ хийсэн. Дараа нь үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх үед асуудал үүссэн. Уг үл хөдлөх хөрөнгө нь Богд уулын дархан цаазат газар баригдсан учраас өөрийн эзэмшлийн газаргүй байсан. Газар нь өөр компанийн нэр дээр байдаг. Газар нь дагаж ирнэ гэж М.У захирал амласан боловч ийм байгаагүй. Ингээд яах аргагүй 400,000,000 төгрөгт өгөхөөс өөр аргагүй болсон. Манай компани тус объектыг бетон зуурмагийн химийн нэмэлтийн өглөгт 400,000,000 төгрөгт тооцож өгч байгааг М.У захирал мэдэж байсан. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д ...нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих журмаар биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутай тал нь хохирогч талдаа нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд гэрээний хохирол 150,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

5. Нэхэмжлэгч Х ХХК хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: “2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө арилжааны гэрээний 2.2-т тус тус зааснаар Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, ...гудамж ... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206...дугаарт бүртгэлтэй, 324,4 м.кв талбайтай 3 давхар үл хөдлөх хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр арилжсан. Хариуцагч уг үл хөдлөх хөрөнгийг цааш нь хүнд худалдахдаа 400,000,000 төгрөгөөр худалдсан гэх асуудалд нэхэмжлэгч тал буруугүй. Өөрөөр хэлбэл 2019 оны 08 дугаар сард уг хөрөнгийг шилжүүлж өгөхөд 550,000,000 төгрөгийн ханштай байсан. Тийм ч болоод хариуцагч авсан. Хэрвээ энэ үнийг үндэслэлгүй гэвэл нотлох баримтаа шүүхэд өгөх ёстой. Түүнээс 2020 оны 05 дугаар сард үл хөдлөх хөрөнгийг 400,000,000 төгрөгөөр зарсан нь манайд хамааралгүй. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн үнэ буурсан байж болно. Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх арилжааны гэрээ 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хийгдэж, шилжүүлэх бүртгэл 21-ний өдөр хийгдсэн. Тэгээд ч уг хөрөнгийг С.Юзарсан болохоос О ХХК зараагүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.” гэсэн тайлбарыг гаргасан.

 

6. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “И” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Бетон зуурмаг нийлүүлэх тухай” гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ, О ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 048/2019 дугаартай албан бичиг.

7.Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: О ХХК-ийн улсын бүртгэлийн  гэрчилгээний хуулбар, О ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх” тухай албан бичиг, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх” тухай албан бичиг, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх” тухай албан бичиг, 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б.М-тай байгуулсан бэлтгэн нийлүүлэх гэрээ.

 

8. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай албан бичиг, М.Н, Э.Э, нарыг шүүхэд гэрчээр дуудаж мэдүүлэг авсан, М.У, Х.Н, С.Ю нарын хоорондоо харилцаж байсан хувийн захиа /мессеж/-д үзлэг хийсэн.

 

9. Шүүх хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: Б.М-г шүүхэд гэрчээр дуудаж мэдүүлэг авсан, О ХХК-ийн захирал Х.Н-ын 91... дугаартай гар утсанд хадгалагдаж буй нэхэмжлэгч компанийн захирал М.У нарын хоорондоо харилцаж байсан 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хувийн захиа /мессеж/-д үзлэг хийсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэл болон хариуцагч О ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Х ХХК болон “И” ХХК-иуд хариуцагч О ХХК, С.Ю нарт холбогдуулан, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-г цуцалж /татгалзаж/, гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийн үнэ болох 550.000.000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 538.043.000 төгрөг нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч компаниуд дээрх нэхэмжлэлийг хамтран гаргахдаа хариуцагч О ХХК-тай байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-г үндэслэл болгосон ба энэ гэрээний дагуу хариуцагч С.Ю-д хөрөнгийг шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан.

Мөн нэхэмжлэгч нар хоёр хариуцагчид холбогдуулан гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийн үнийг буцаан гаргуулах шаардлагаа үндэслэхдээ, нэгд үүрэг гүйцэтгэгч О ХХК бетон зуурмаг нийлүүлэх үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлах үндэслэлтэй гэж үзсэн. Хоёрт, бүх нийтийг хамарсан цар тахал гарсан учир гэрээг мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцлах үндэслэлтэй гэж тус тус үзсэн байна.  

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн хувьд, тэрээр өөрийн өмчлөлийн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн хэмээн тайлбарлаж, дээрхтэй нэгэн адил үндэслэлээр хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан Х ХХК-тай ашиг сонирхлын зөрчилгүй хамтран нэхэмжлэгчид тооцогдох юм.

2. Хариуцагч С.Юнь нэхэмжлэгч нартай гэрээ байгуулаагүй, тэдэнтэй эрх зүйн харилцаанд оролцоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

Харин хариуцагч О ХХК-ийн хувьд гэрээг цуцалж, гэрээг

цуцалснаас өөрт учирсан хохиролд 150.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч Х ХХК-д холбогдуулан гаргасан.

Хариуцагч О ХХК өөрийн татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ, нэгд үүргийн зөрчилд Х ХХК-ийг буруутгасан ба бетон зуурмаг захиалаагүй гэж үзсэн, мөн урьдчилан гүйцэтгэвэл зохих хариу үүрэг болох хуурай цемент нийлүүлээгүй гэж үзсэн. Хоёрт, давагдашгүй хүчин зүйлд тооцох нөхцөл байдал бий болоогүй гэж үзсэн байна.

Түүнчлэн, О ХХК нь талуудын хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ээс урт хугацаанд ашиг олно гэж тооцож 550.000.000 төгрөгийн хөрөнгийг 400.000.000 төгрөгт тооцон гуравдагч этгээдэд шилжүүлсэн. Гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хөрөнгийг харилцан буцаахад Х ХХК буруутай тул 150.000.000 төгрөгийн алдагдлыг Х ХХК хүлээх ёстой гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн.   

3. Нэхэмжлэгч Х ХХК болон О ХХК-ийн хооронд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний дагуу үүрэг үүссэн байх ба энэ гэрээг цуцлахад хэн нь буруутай байсныг тогтоох нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.  

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”, талуудын тайлбар, үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичмэл баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч О ХХК нар 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-г бичгээр байгуулжээ. Уг гэрээгээр О ХХК нийт 1.374.119.030 төгрөгийн үнэ бүхий 8.808 метр куб бетон зуурмагийг Мишээл экспо төвийн баруун талд, Ч группийн захиалан бариулж буй барилгын талбайд хүргэж өгөхөөр үүрэг хүлээсэн бол Х ХХК нийт үнийн дүнгийн 40%-д тооцон Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, .... гудамж, ... тоот хаягт байрлах 324.4 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг 550.000.000 төгрөгт тооцон шилжүүлэх, үлдэх 60% буюу 824.119.030 төгрөгт тооцон хуурай цемент нийлүүлэх үүргийг хариу хүлээсэн байна.

Хариуцагч О ХХК гэрээний дагуу 11.957.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэн талаар талууд маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй, ижил тайлбар гаргасан бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.

Х ХХК болон О ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ээр дараах нөхцөлийг тохиролцжээ. Үүнд:

-     Захиалагч буюу Х ХХК бетон зуурмагийн марк, тоо, хэмжээ, хүлээн авах хугацаа, байршил, графикийг урьдчилан 3 хоногийн өмнө О ХХК-д өгөх, мөн тухайн үед шаардагдах зуурмагийг 2 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх, /гэрээний 2.3 дугаар зүйл/

-     Мөн бетон зуурмагийн нийлүүлэлт хийгдэхээс 1 хоногийн өмнө тухайн цутгалтын үнийн дүнгийн 60%-тай тэнцэх хуурай цементийг О ХХК-д хүргэсэн байх үүрэг хүлээжээ. /гэрээний 3.1 дэх хэсэг/

Дээрх тохиролцоонууд нь хариуцагч О ХХК үүргээ гүйцэтгэхээс өмнө нэхэмжлэгч Х ХХК эхэлж үүргээ гүйцэтгэх Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасан урьдчилан гүйцэтгэвэл зохих үүрэг юм.

Нэхэмжлэгч Х ХХК эхэлж гүйцэтгэх ёстой дээрх үүргүүдээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэсэн болохоо баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлох үүрэгтэй байдаг.

Нэхэмжлэгч талаас гэрчээр дуудуулж, мэдүүлэг авахуулсан  Э.Эг: “Би М ХХК-д ажилладаг. 2021 оны 3 дугаар сараас 9 сар хүртэл О ХХК дээр ажилласан. Миний хувьд Х ХХК-ийн өмнөөс зар тавиад захиалга авах бүртээ О ХХК-ийн нягтлантай, бас Х.Н-той ярьдаг байсан. Гэхдээ уулзаж байгаагүй. Захиалга орж ирвэл О ХХК-д бетон зуурмагийг хүргүүлэх санал тавьж байсан. О ХХК-аас хол байна, зам муу, машин эвдэрсэн, радиус нь 20 км дотроо явдаг гээд хойшлуулж цуцлагдаад байсан” гэж мэдүүлжээ.

 

Мөн гэрч М.Н: “Миний хувьд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Х ХХК-ийн захирал М.У, О ХХК-ийн захирал Х.Н нарын хооронд бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулагдсаныг мэдэж байсан. Би өөрөө болон манай найз нар улсаас тендер аваад ажиллаж байсан. Миний төсөл дээр 100,000,000 төгрөгийн зуурмаг хэрэгтэй байсан. Тэр нь 2020 оны 09 дүгээр сар хавьцаа байх. Тэгээд би М.У руу утасдаад маргааш нөгөөдрөөс зуурмаг нийлүүлэх хугацаа болж байна гэхэд надад Х.Н-ын утсыг өгөөд би Х.Н-той яриад хаягаа хэлээд зуурмаг нийлүүлээч гэсэн. 2,3 ч удаа утасдсан. Тэгсэн шууд урьдчилгаа төлбөр нэхсэн. О ХХК-д 550,000,000 төгрөгийн үл хөдлөх  хөрөнгө шилжүүлсэн гэсэн болохоор эдний компаниас 100 хувь үнэгүй зуурмаг авна гэж бодож байсан. Гэтэл урьдчилгаа 50 хувь төлөх ёстой гэсэн. Тэгээд би авч чадаагүй.” гэж мэдүүлжээ.

 

Гэрч Э.Э нь нэхэмжлэгч Х ХХК-иас хөлс авдаг байсан бол гэрч М.Н нь нэхэмжлэгч нарын төлөөлөгч М.Угийн төрсөн эгч байна. Энэ нь эдгээр гэрчүүд нэхэмжлэгч талтай ашиг сонирхол нэгтэй гэж үзэх үндэслэл болно. Иймд гэрч Э.Эг болон М.Н нарын мэдүүлгийг эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож болдоггүй.

 

Нөгөө талаас, хэрэв нэхэмжлэгч тал гэрчүүдийн мэдүүлэгт дурдсанчлан анх тохиролцсон гэрээний нөхцөл /үүрэг гүйцэтгэх газар, хугацаа/-ийг өөрчилсөн гэж үзвэл, энэ саналыг гэрээний нөгөө тал болох О ХХК зөвшөөрсөн байх ёстой. 

 

5. Ковид-19 вирусын халдварт өвчин 2019 оны 12 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ухань хотод бүртгэгдсэн ба Монгол Улсад бүх нийтийг хамарсан хөл хориог Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 11 дүгээр сарын 12-ны

өдрөөс тогтоосон байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нийтэд илэрхий баримт юм.

Талууд “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-г 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан тул 2020 оны 11 дүгээр сард хөл хорио тогтоох хүртэл гэрээний үүргээ биелүүлэх боломжтой байжээ. Гэвч энэ хугацаанд нэхэмжлэгч Х ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгч Х ХХК-ийн төлөөлөгч М.У өөрийн харилцагч буюу барилгын захиалагч тал гэрээг цуцалсан талаар тайлбарлаж байгаа нь хүний хүчин зүйлээс үл хамаарах давагдашгүй хүчин зүйл бус, тус компанийн урьдчилан тооцож болох бизнесийн эрсдэлд хамаарахаар байна.

Иймд Х ХХК, О ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-нд нэхэмжлэгч Х ХХК үүргийн зөрчил гаргасан гэж үзнэ.

6. Нэхэмжлэгч Х ХХК үндсэн үүргийн зөрчил гаргасан, гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгөх шаардлагагүй нөхцөл байдал үүссэн тул хариуцагч О ХХК Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах эрхтэй болно.

Дээрх тохиолдолд нэхэмжлэгч Х ХХК Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцааж авах, боломжгүй бол мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т зааснаар үнийг шаардах эрхтэй.

Талуудын хооронд байгуулагдсан “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлийн 202.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгө, эсхүл түүний үнийг нэхэмжлэгч Х ХХК-д буцааж өгөх нь зүйтэй.  

7. Нэхэмжлэгч Х ХХК гэрээний дагуу 550.000.000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах 324.4 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч О ХХК-д шилжүүлэх үүрэг хүлээсэн байна.

Үүрэг гүйцэтгүүлэгч О ХХК нь үүргийн гүйцэтгэлийг С.Ю-д хүлээлгэж өгөх хүсэлтийг бичгээр гаргасан болох нь хэрэгт авагдсан 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ”, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн О ХХК-ийн ... дугаартай “Хүсэлт гаргах нь” зэрэг баримтаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 9, 10 дугаар тал/

Энэ тохиолдолд, үүргийн гүйцэтгэлийг хүлээж авсан С.Юнь Х ХХК-тай бие дааж эрх зүйн харилцаанд оролцож байгаа этгээд биш, харин Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтээр гэрээний зүйлийг хүлээн авч буй этгээдэд тооцогдоно.

Иймд нэхэмжлэгч “Х” ХХК нь гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг С.Ю-ээс бус О ХХК-иас шаардах эрхтэй юм.

 8. Нэхэмжлэгч И ХХКнь мөн л үүргийн харилцааны бие даасан оролцогч биш байна. Тэрээр үүрэг гүйцэтгэгч Х ХХК-ийн хүсэлт /хоорондын дотоод тохиролцоо/-ийн дагуу, түүний өмнөөс Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж, .. тоот хаягт байрлах 324.4 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Энэ тохиолдолд, Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар “И” ХХК-ийн хөрөнгө шилжүүлсэн үйлдлийн эрх зүйн үр дагаврыг Х ХХК хариуцна.

Иймд И ХХК“Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний үүргийг О ХХК-иас шаардах эрхгүй.

9. Хариуцагч О ХХК нь гэрээний дагуу шилжүүлэн авсан Хан-Уул дүүргийн ...дүгээр хороо, .. гудамж, .. тоот хаягт байрлах 324.4 м.кв талбай бүхий орон сууцыг гуравдагч этгээд Б.М-д худалдан борлуулсан, Б.М нь уг хөрөнгийн өмчлөгч болсон болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ”, гэрч Б.М-ийн “Би О ХХК-ийн үйлдвэрт бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүн буюу химийн бодис нийлүүлдэг. Тус үл хөдлөх эд хөрөнгийг бартерын нөхцөлөөр 400,000,000 төгрөгт авсан. Бидний дунд ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Гэрч Б.М-г хариуцагч О ХХК, түүний төлөөлөгчтэй ашиг сонирхол нэгтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх тохиолдолд, нэхэмжлэгч Х ХХК нь гэрээний дагуу Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах 324.4 м.кв талбай бүхий орон сууцыг буцаан шаардах боломжгүй ба харин Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т зааснаар эд хөрөнгийн үнэ болох 550.000.000 төгрөгийг О ХХК-иас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд 11.957.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д зааснаар нэхэмжилсэн дүн болох 538.043.000 төгрөгийн хэмжээнд маргааныг шийдвэрлэнэ.

Иймд 538.043.000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т заасан үндэслэлээр хариуцагч О ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

10. Хариуцагч О ХХК нэхэмжлэгч Х ХХК-иас эд хөрөнгийн алдагдалд 150.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Дээр дурдсанаар, нэхэмжлэгч Х ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний үндсэн үүргийн зөрчилд буруутай байх тул үүрэг гүйцэтгүүлэгч буюу хариуцагч О ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцалж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т: “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заажээ. 

Хариуцагч О ХХК нь гэрээний дагуу шилжүүлэн авсан

Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах 324.4 м.кв талбай бүхий орон сууцыг Б.М-д 400.000.000 төгрөгөөр худалдсан болох нь Б.М болон О ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ”, гэрч Б.М-ийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон.

Хэдийгээр хариуцагч О ХХК нь гэрээний дагуу шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийг бусдад 400.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан нь тус компанийн бие дааж хийсэн, сайн дурын хэлцэл мөн боловч Хайпирхаус констракшн ХХК-тай байгуулсан гэрээг хугацаанаас өмнө цуцалж, өгсөн авсан зүйлээ буцаах нөхцөлд үнийн зөрүү нь О ХХК-ийн алдагдалд тооцогдоно.

Учир нь, Х ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсан нөхцөлд О ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хөрөнгийг бусдад худалдсан 400.000.000 төгрөгийг бус гэрээний дагуу шилжүүлсэн анхны үнэ болох 550.000.000 төгрөгийг Х ХХК-д буцаан шилжүүлэх үүрэг үүснэ. Энэ тохиолдолд, бусдад хямд үнээр худалдсан үнийн зөрүү 150.000.000 төгрөг нь гэрээг цуцалсанд буруугүй этгээд болох О ХХК-ийн хүлээж буй хөрөнгийн алдагдал болох юм.

Иймд О ХХК-ийн шаардсан 150.000.000 төгрөгийг Х ХХК-иас гаргуулах нь зүйтэй юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Х ХХК-ийн үндсэн нэхэмжлэл, О ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, О ХХК болон С.Ю-д холбогдуулан гаргасан “И” ХХК-ийн шаардлага, С.Ю-д холбогдуулан гаргасан Х ХХК-ийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар мөнгө төлүүлэх нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо нэхэмжилж буй мөнгөн дүнгээр тооцдог. Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан хэмжээгээр нэхэмжлэгч 2.907.950 төгрөгийг, хариуцагч 908.000 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд урьдчилан төлсөн нь зөв байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2.907.950 төгрөгийг хариуцагч О ХХК-иас гаргуулан Х ХХК-д, О ХХК-иас төлсөн 908.000 төгрөгийг Х ХХК-иас гаргуулан О ХХК-д тус тус олгох нь зүйтэй.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.2.2-т заасныг тус тус баримтлан О ХХК-иас 538.043.000 төгрөгийг гаргуулан Х ХХК-д олгож, О ХХК, С.Юнарт холбогдуулан гаргасан “И” ХХК-ийн шаардлага, С.Ю-д холбогдуулан гаргасан Х ХХК-ийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар Х ХХК-иас 150.000.000 төгрөгийг гаргуулан О ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.907.950 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 908.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас 2.907.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д, нэхэмжлэгч Х ХХК-иас 908.000 төгрөгийг гаргуулан хариуцагч О ХХК-д тус тус буцаан олгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР