Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00814

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00814

 

 

 

Х.К ХХК болон И.О ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03ы өдрийн 184/ШШ2022/00730 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.К ХХК, И.О ХХК-иудын хариуцагч О.З групп ХХК,С.Ю нарт холбогдуулан гаргасан арилжааны гэрээний үүрэгт 538,043,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний хохиролд 150,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Даваахүү, хариуцагч О.З групп ХХК-ийн өмгөөлөгч, хариуцагчС.Югийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагч О.З групп ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулж, тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар нийлүүлэгч буюу О.З групп ХХК нь манай байгууллагын барилгын талбайд нийт 350 маркаар 8,808 м3 бетон зуурмаг нийлүүлэх бөгөөд 1 м3 бетоны үнэ нь 156,000 төгрөг, нийт 1,374,119,030 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Энэхүү гэрээний нөхцөл нь 40 хувьд нь бартер буюу үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх, 60 хувьд нь хуурай цемент нийлүүлэх байсан. Иймд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх хөрөнгө арилжааны гэрээг О.З групп ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 048/2019 дугаар албан бичгийн дагуу Сентябрь овогтой Юмчинтай байгуулсан бөгөөд тус гэрээний дагууС.Югийн өмчлөлд И.О ХХК-ийн нэр дээрх Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 19/02 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206022511 дугаартай 324.4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг иргэнС.Югийн өмчлөлд шилжүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээний 1.7-д зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан хуурай цементийн олдоц муудсан. Нэгэнт ийм байдалд орсон тул гэрээнээс татгалзах болж байна. Нэгэнт хариуцагч тал үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан тул тухайн хөрөнгийн үнийг шаардсан. Манай талаас хариуцагчийн зүгээс нийлүүлсэн 11,957,000 төгрөгийн бетон зуурмагийн үнийг тус үл хөдлөх эд хөрөнгийн үнээс хасаж нэхэмжилж байгаа тул 550,000,000 төгрөгийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

 

2.   Хариуцагч О.З групп ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компанийн зүгээс бетон зуурмагийг ямар нэгэн саадгүйгээр захиалгын дагуу нийлүүлж байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа үргэлжлэн явж байсан учир үл хөдлөх хөрөнгийг 400,000,000 төгрөгөөр бусдад худалдсан. Нэхэмжлэгч нь захиалагч компанитай байгуулсан гэрээгээ цуцалснаас үүдэн бетон зуурмаг авах шаардлагагүй болсон. Энэ асуудал дээр О.З групп ХХК хамааралгүй. Тухайн эд хөрөнгийг 400,000,000 төгрөгт тооцон өгч 150,000,000 төгрөгийн алдагдалд орсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. ХариуцагчС.Югийн татгалзал, тайлбарын агуулга: Х.К ХХК, И.О ХХК нараасС.Югийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэнд маргахгүй. Учир нь хувь хүний нэр дээр хөрөнгийг шилжүүлэхэд цаашаа худалдан борлуулахад хялбар байдаг учраас өөрийн нэр дээр шилжүүлж авсан нь үнэн. Гэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгөөс ашиг олоод, эсхүл алдагдалд орсон зүйлгүй. Энэ гэрээ нь О.З групп ХХК, Х.К ХХК нарын хооронд хийгдсэн тулС.Юд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч О.З групп ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 550,000,000 төгрөгийн үнийн саналыг нэхэмжлэгч тал манай талд гаргасныг бид хүлээн зөвшөөрөөд гэрээ хийсэн. Дараа нь үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх үед асуудал үүссэн. Уг үл хөдлөх хөрөнгө нь Богд уулын дархан цаазат газар баригдсан учраас өөрийн эзэмшлийн газаргүй байсан. Газар нь өөр компанийн нэр дээр байдаг. Газар нь дагаж ирнэ гэж М.Урнаа захирал амласан боловч ийм байгаагүй. Ингээд яах аргагүй 400,000,000 төгрөгт өгөхөөс өөр аргагүй болсон. Манай компани тус объектыг бетон зуурмагийн химийн нэмэлтийн өглөгт 400,000,000 төгрөгт тооцож өгч байгааг М.Урнаа захирал мэдэж байсан. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д ...нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих журмаар биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутай тал нь хохирогч талдаа нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд гэрээний хохирол 150,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч Хайпирхаус констрашн ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч уг үл хөдлөх хөрөнгийг цааш нь хүнд худалдахдаа 400,000,000 төгрөгөөр худалдсан гэх асуудалд нэхэмжлэгч тал буруугүй. Өөрөөр хэлбэл 2019 оны 08 дугаар сард уг хөрөнгийг шилжүүлж өгөхөд 550,000,000 төгрөгийн ханштай байсан. 2020 оны 05 дугаар сард үл хөдлөх хөрөнгийг 400,000,000 төгрөгөөр зарсан нь манайд хамааралгүй. Тэгээд ч уг хөрөнгийгС.Ю зарсан болохоос О.З групп ХХК зараагүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.2.2-т заасныг тус тус баримтлан О.З групп ХХК-аас 538,043,000 төгрөгийг гаргуулан Х.К ХХК-д олгож, О.З групп ХХК,С.Ю нарт холбогдуулан гаргасан И.О ХХК-ийн шаардлага,С.Юд холбогдуулан гаргасан Х.К ХХК-ийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар Х.К ХХК-аас 150,000,000 төгрөгийг гаргуулан О.З групп ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,907,950 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 908,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.З групп ХХК-аас 2,907,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.К ХХК-д, нэхэмжлэгч Х.К ХХК-аас 908,000 төгрөгийг гаргуулан хариуцагч О.З групп ХХК-д тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.а. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ О.З групп ХХК-ийн зүгээс дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 150,000,000 төгрөгөөр хямдруулан худалдсаны үр дагавар, хариуцлагыг Х.К ХХК хүлээх үүрэгтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Х.К ХХК нь зуурмагаа үргэлжлүүлэн авч чадаагүй нь ямар шалтгаант холбоогоор О.З групп ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр хямдруулан худалдсан явдалд буруутай болоод байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн үг юм. Тодруулбал, Х.К ХХК нь О.З групп ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулаад 550,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг урьдчилгаа төлбөрт шилжүүлэн өгсөн нь О.З групп ХХК-д ямар хохирол учруулсан болох, ямар ажилд нь саад учруулсан болох гэх мэт ямар ч тодорхойгүй нөхцөл байдалд энэхүү 150,000,000 төгрөгийн зөрүүг хариуцах болоод байгааг зөвшөөрөх боломжгүй гэсэн үг юм.

7.б. Анхан шатны шүүхийн шийдвэрт гэрч Э.Энхцэцэг, М.Нарнаа нарын өгсөн мэдүүлгийг үнэлэхдээ Х.К ХХК болон түүний захирал М.Урнаа нартай харилцан хамаарал бүхий этгээдүүд байгаа учраас эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй байна гэж бичсэн байгаа нь бас л ойлгомжгүй байна. Гэрчүүдэд худал мэдүүлэг өгч болохгүй, мэдүүлэг өгөхөөс татгалзаж зайлсхийж болохгүй гэж хуулийг сануулж тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан. Гэтэл гэрчүүдийг үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлзээтэй байж магадгүй гэсэн байдлаар үнэлсэн нь нөгөө талаасаа тухайн гэрчүүдийг худал мэдүүлэг өгсөн гэж үзсэнээс өөрцгүй. Хэрвээ гэрчүүд худал мэдүүлэг өгсөн гэж үзэх бол түүнийг нь тогтоосон эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол гарсан байх ёстой. Бүр цаашилбал захирал М.Урнаагийн хувьд тэдгээр гэрчүүдэд худал мэдүүлэг өгөх талаар зааж зааварласан, үүрэг даалгавар өгсөн байх ёстой. Гэтэл тийм нөхцөл байдал байхгүй, тийм нөхцөл байдлыг тогтоосон шийтгэх тогтоол байхгүй байхад тийнхүү дүгнэсэн нь маш буруу байна.

Иймд О.З групп ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч О.З групп ХХК-ийн өмгөөлөгч, хариуцагчС.Югийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Х.К ХХК нь гэрээ байгуулаад гэрээнд тусгагдсан бетон зуурмаг хүлээн авах үүргээ биелүүлээгүй. Удаан хугацаа өнгөрч тухайн 550,000,000 төгрөгийн эд хөрөнгийг манай эд хөрөнгө болсон гэж үзэж борлуулсан. Зарж борлуулахдаа цементийн нэмэгдэл бүтээгдэхүүнийг хямдруулж өгсөн. Тухайн байшин нь 80 хувийн гүйцэтгэлтэй байсан учир барилгын зах зээлд их хэмжээний захиалга бартераар авахдаа өндөр үнээр авдаг, буцаагаад өгөхдөө хямдруулж өгдөг учир О.З групп ХХК нь 150,000,000 төгрөгийн алдагдалд орсон. Хэрэв Х.К ХХК гэрээ хийгдсэнээс хойш цаг хугацааны хувьд удалгүй гэрээнээс татгалзсан бол тухайн үр дагавар үүсэхгүй байх боломжтой байсан. Гэтэл тухайн эд хөрөнгийг борлуулсны дараа татгалзах асуудал яригдсан. Тухайн эд хөрөнгийг борлуулахдаа Х.К ХХК-д 400,000,000 төгрөгөөр зарах гэж байгаагаа мэдэгдсэн, хоорондоо ярилцаж байгаад энэ шийдвэр гарсан. Х.К ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, манай өмч хөрөнгө болсон гэж үзэж захиран зарцуулсан байсан эд хөрөнгийг эрх зүйн үр дагавар үүссэнээс хойш нэхэмжилж байгаа нь О.З групп ХХК-д хохирол учруулсан учир 150,000,000 төгрөг нэхэмжилсэн. Өөр газар бетон зуурмагаа авъя гэхэд авчирч өгдөггүй гэж гомдолдоо дурдаж байна. Гэрчээр оролцсон этгээдүүд уг үйл баримт болоогүй гэдгийг мэдүүлсэн, захиалга өгсөн нь тогтоогдохгүй байгаа. Тухайн эд хөрөнгийг зарж борлуулснаас хойш өнөөдрийг хүртэл О.З групп ХХК-ийн зүгээс автомашин өгье гэж санал болгож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй байна.

 

2. Нэхэмжлэгч Х.К ХХК болон И.О ХХК нь хариуцагч О.З групп ХХК болонС.Ю нарт холбогдуулан арилжааны гэрээний үүрэгт 538,043,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Х.К ХХК нэхэмжлэгч О.З групп ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 150,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч Х.К ХХК болон хариуцагч О.З групп ХХК-ийн хооронд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нийлүүлэгч О.З групп ХХК нь Хан-Уул дүүрэг дэх Мишээл экспо-гийн баруун талд баригдах барилгад нийт 350 маркаар 8,808 м.куб бетон зуурмаг нийлүүлэх, захиалагч Х.К ХХК нь нийлүүлэгч талд нийт 1,374,119,030 төгрөгийн үнийн дүнгийн 40% хувь буюу 550,000,000 төгрөгт Хан-Уул дүүрэг дэх Нүхтийн аманд байрлах Twin house хотхонд байрлалтай 324.4 м.кв талбайтай орон сууцыг, 60% буюу 824,119,030 төгрөгт цемент өгөхөөр тохиролцон хариуцагч нь нэхэмжлэгчид 11,957,000 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлж, нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлсэн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

4. Шүүх талуудын хооронд арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн ба хэргийг шийдвэрлэхдээ гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй, 205.2.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг бусдын өмчлөлд шилжүүлсэн бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө.

Талууд гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч Х.К ХХК нь гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй ба хариуцагч О.З групп ХХК нь тухайн орон сууцыг худалдсан тул биет байдлаар өгөх боломжгүй байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Талууд гэрээндээ орон сууцны үнийг 550,000,000 төгрөгөөр тохиролцсон байх тул хариуцагч нь уг мөнгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-д зааснаар хариуцагч нь орон сууцны үнэ 550,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй гэж үзэв. Энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

5. Хариуцагч хүлээн авсан орон сууцыг цааш нь 400,000,000 төгрөгөөр худалдсанаас 150,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн гэх үндэслэлээр гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 150,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагч орон сууцыг 400,000,000 төгрөгөөр худалдсан нь нэхэмжлэгчийн буруугаас болсон гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэв.

Х.К ХХК нь О.З групп ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулаад 550,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг урьдчилгаа төлбөрт шилжүүлэн өгсөн нь О.З групп ХХК-д ямар хохирол учруулсан болох нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх энэхүү 150,000,000 төгрөгийн зөрүүг хариуцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгч нар шүүхэд 550,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасган 538,043,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр хариуцагчид хуваарилан хариуцуулна. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон хариуцагчаас гаргуулсан нь буруу байна.

7. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03ы өдрийн 184/ШШ2022/00730 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын зааснаар Х.К ХХК-аас 150,000,000 төгрөгийг гаргуулан О.З групп ХХК-д олгосугай гэснийг заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Х.К ХХК-д холбогдох 150,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч О.З групп ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 2,907,950 гэснийг 2,848,165 гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтын нэхэмжлэгч Х.К ХХК-аас 908,000 төгрөгийг гаргуулан хариуцагч О.З групп ХХК-д тус тус гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Х.К ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 907,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.БЯМБАСҮРЭН