Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2241

 

 

Ж.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/01731 дугаар шийдвэртэй, Ж.Сийннэхэмжлэлтэй, хариуцагч Б ТӨААТҮГ-т холбогдуулан өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг тогтоолгож, өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Огийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.С нь Барилгын хөгжлийн төвийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар Санхүү, хөрөнгө оруулалтын даргаар 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/104 дугаар тушаалаар Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргаар шилжүүлэн томилсон байдаг. Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/53 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасныг үндэслээд эрх бүхий байгууллагын шаардлагаар Ж.Сийг ажлаас чөлөөлсөн. Тушаалын үндэслэл нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А1/350 тоот албан даалгавар, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн мэдэгдлийг үндэслэсэн гэдэг. Ж.Сийннэрийг эдгээр бичигт ямар нэг байдлаар дурдаагүй буюу түүнийг ажлаас чөлөөлөх албан даалгаврыг Барилгын хөгжлийн төвд өгөөгүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх бүхий байгууллага биш. Урьд эрхэлж байсан ажлаас нь бууруулан шилжүүлэх болсон үндэслэл нь тодорхойгүй байдаг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан даалгаварт мэргэшсэн байх ёстой гэснийг дурдсан боловч энэ нь Ж.Сийг ажлаас халах шууд үндэслэл болохгүй. Ж.С нь жирэмсэн гэдгийг байгууллагадаа 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр цалинтай чөлөө олгоно уу гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Байгууллагын бүтцэд өмнө нь Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нь ерөнхий нягтлан бодогч байна гэж заасан байсан боловч сүүлд шинэчлэн баталсан бүтэц зохион байгуулалтаар Санхүү төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий санхүүч гэсэн ойлголт гарч ирсэн. Тэгэхээр ерөнхий санхүүч нь ерөнхий нягтлан бодогч байна гэсэн баримт байхгүй. Энэ талаар дүгнэлт байхгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт төрийн өмчит хуулийн этгээдийн нягтлан бодогч нь мэргэшсэн байх боловч түүнийг Сангийн яамны зөвшөөрөлтэйгөөр захирал томилно гэж байгаа боловч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын албан даалгавраар чөлөөлөгдөж байгаа нь дээрх хуульд заасан зарчимд нийцэхгүй байна. Ж.Сийг анх ажилд ороход нь ажил олгогчоос мэргэшсэн байх ёстой гэсэн шаардлага тавиагүй. Ажлын байрны тодорхойлолтыг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан байдаг. Үүнд, ерөнхий нягтлан бодогчийн үүргийг хэлтсийн дарга гэсэн байтал өмнөх тушаалуудад ерөнхий нягтлан бодогч гэдэг агуулгаар заасан. Сүүлд 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 260 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга гэж баталсан. Үүнд, ерөнхий санхүүч, ерөнхий нягтлан бодогч гэсэн албан тушаал байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн газрын захирал удирдана. Захирлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, зохих салбар, хүрээний яамтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө гэж заасан. Дээрх 260 дугаар тогтоолд нийцүүлэн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах ёстой байсан үүргийг ажил олгогч байгууллага зохих ёсоор гүйцэтгээгүй байна. Хөдөлмөрийн гэрээнд хэлтсийн дарга гэсэн ажил үүргийг гүйцэтгэхээр тохиролцсон ба хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй ажил үүргийг гүйцэтгэхийг хориглодог. Өөрөөр хэлбэл, Ж.Сд мэргэшсэн байх шаардлага тавиагүй, одоо алдаагаа засаж байна гэсэн. Алдаагаа хүнийг ажлаас нь халж засдаггүй, эсрэгээрээ боломж олгох ёстой. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь шаардах эрх бүхий байгууллага биш бөгөөд гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотой эсхүл цаашид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилд саад учруулахгүй байх гэх мэт зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй гэх зэрэг үндэслэлээр эрх бүхий байгууллага шаарддаг. Ж.Стэй холбоотой ямар асуудал байгаа, тэдгээрийг ямар байгууллага тогтоосон нь тодорхойгүй. Тухайлан Ж.С ийм зөрчилтэй байх тул ажлаас чөлөөл гэсэн шаардлага байхгүй. 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн мэдэгдэл нь эрх бүхий байгууллагын шаардлага гэж үзэх эрх зүйн баримт бичиг болохгүй. Аудитын дүгнэлтийг ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болгож дурдаагүй байсан бөгөөд ажлаас чөлөөлөх гэдэг нь эрх зүйн үр дагавар бий болгодог тул ямар баримтыг үндэслэж байгааг тухайлан заах ёстой байтал энэ дүгнэлтийг тушаалд заагаагүй тул аудитын дүгнэлтийг тухайлан ярих шаардлагагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 68 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна. Дараагийн асуудал нь Ж.С жирэмсэн байсан бөгөөд өмнө нь чөлөө авч байсан гэдгийг хэн аль нь маргахгүй байна. Жирэмсэн байсан тул чөлөө авъя гэсэн хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн өдөр нь захиргаанаас ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан. Тушаал гармагц чөлөө авах хүсэлтийг өгсөн гэсэн зүйлийг хариуцагч тал хэлж байгаа боловч харин ч жирэмсний хүндрэлтэй гэж чөлөө авах үед ажлаас нь чөлөөлсөн нөхцөл байдал харагдаж байна. Ажлаас чөлөөлсөн, өөр ажилд шилжүүлсэн тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т зааснаар бус мэргэжлийн ур чадвар тэнцэхгүй гэсэн зохицуулалт тухайн нөхцөлд нийцнэ. Гэтэл нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй гэсэнтэй холбоотой эрх бүхий байгууллагын дүгнэлт шийдвэр гараагүй, нотлох баримт хэрэгт байхгүй. Аудитын тайлангийн 1.15-д тайлагнал, ажил гүйлгээнүүд зохих заавар журмын дагуу алдаагүй, шударга илэрхийлсэн, зөрчилгүй гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг баримталснаас үзэхэд Ж.Сийг жирэмсэн байсан гэдгийг мэдэж байсан ба жирэмсэн хүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй. Ажилтныг ажлаас бууруулж, өөр албан тушаалд шилжүүлж байгааг ажлаас халсантай ижил үздэг. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д тус тус зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хатуу хориглосон байдаг. Иймд Ж.Сийг урьд эрхэлж байсан Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд чиг үүрэг нь бүх төрийн өмчит газруудыг удирдан зохион байгуулах, эдийн засгийн зорилтот түвшин, тухайн жилийн төсвийг баталж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн дагуу захирлыг томилдог байгууллага юм. Энэ утгаараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Барилгын хөгжлийн төвийг шууд удирддаг дээд байгууллага гэж үздэг. Байгууллагын санхүүгийн хэлтсийн дарга нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар ерөнхий нягтлан бодогчийн чиг үүргийг гүйцэтгэдэг. Энэ тухай ажлын байрны тодорхойлолтуудад заасан. Ажлын байрны эхний шаардлага нь мэргэшсэн нягтлан бодогч байх ёстой ба санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэй байдаг. Гарын үсэг зурж байгаатай холбоотой тухайн байгууллагын санхүүгийн тайлан баримтуудыг өөрөө хариуцдаг хүн байх ёстой. Ж.Сийг анх мэргэшсэн нягтлан бодогч гэдэг шаардлагыг хангахгүй томилсон ч 2018 оны 4 дүгээр сар хүртэл дээрх шаардлагыг өөрөө хангаж чадаагүй тул ийнхүү ажлаас чөлөөлөгдсөн байна. Маргааны зүйл нь мэргэшсэн нягтлан бодогч гэдэг хуулийн шаардлагатай холбоотой юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн албан даалгавар, мэдэгдлээр хуулийн заалтыг хэрэгжүүлж, ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн нягтлан бодогч байх шаардлага хангахгүй байгаа асуудлыг шийд гэсэн үүрэг өгсөн. Хэрэв дээд шатны байгууллагын өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэхгүй, хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу контракт гэрээг цуцлахаар мэдэгдсэн. Дээд шатны байгууллагын шаардлага гэдэг нь үүгээр тодорхойлогддог мөн Үндэсний аудитын газрын шалгалт, тайлан нь танай ерөнхий нягтлан бодогч мэргэшсэн нягтлан бодогч биш байгаа нь хууль зөрчиж байна гэсэн агуулгатай ирсэн. Иймд 2 байгууллагаас хариуцагч байгууллагын захиралд хуульд нийцүүлэх шаардлага тавьсан. Захирал эдгээр байгууллагуудын шаардлагыг биелүүлэх, холбогдох хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлсэн захирлыг буруутгах үндэслэлгүй. Хариуцагч байгууллагын хувьд санхүү хяналтын буюу өмч хөрөнгийн асуудлыг төрийн өмчийн хороогоор хянагддаг, санхүүгийн асуудлын хувьд хууль хэрэгжилтийн асуудлыг хянадаг байгууллага нь Үндэсний аудитын газар юм. Эдгээрээс өөр санхүүгийн хуулийг хэрэгжүүлж байгааг нь хянах байгууллага байхгүй тул дээд шатны байгууллага нь мөн юм. Ж.Сийг жирэмсэн гэдэгт маргаангүй. Тушаал гарахаас өмнө 2 сарын турш цалинтай чөлөө авч байсан. Үүнээс хойш ч ажил үүргээ гүйцэтгээгүй. Тушаалтай танилцсаны дараа дахин чөлөө авах хүсэлтээ өгсөн. Ж.Сийнэрүүл мэндийн байдлыг байгууллага илүү харгалзан ахлах нягтлан бодогчоор томилсон бөгөөд цалинг тасралтгүй өгч байсан. Эрхийг нь хөндөөгүй бөгөөд хууль хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Хуулийг хэрэгжүүлсэн нь нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа нь тодорхойгүй. Анх мэргэшсэн нягтлан бодогчийн шаардлага хангасан байх шаардлага тавиагүй байсан тул хожим нь энэ алдаагаа залруулсан гэж үзэж болно. Тухайн албан тушаал нь хэлтсийн дарга гэсэн нэртэй бөгөөд ажлын байрны тодорхойлолтоор ерөнхий санхүүч гэж байгаа. Хэлтсийн дарга гэдэг тусдаа ажлын байрны тодорхойлолт байхгүй. Байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг хуулийн шаардлагыг хангах бүхий л нөхцлийг хангалттай олгосон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Сийннэхэмжлэлийн шаардлагыг ханган, түүнийг урьд эрхэлж байсан Б ТӨААТҮГ-ын Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Огээс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 5-д ...Ж.Сд хуулийн дээрх заалтыг ханган ажиллах талаар мэдэгдсэн байх боловч энэ нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан үндэслэл болохгүй юм гэж дүгнэсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг буруу хэрэглэсэн болохыг харуулж байна. Учир нь Ж.С нь хариуцагч байгууллагын Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд мэргэшсэн нягтлан бодогчийн эрхгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлүүдийг тодорхойлон тоочин заасан бөгөөд тодруулбал, хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэсэн үндэслэл юм. Хариуцагч байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар төрийн байгууллага төдийгүй барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Иймээс тус байгууллага Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Барилгын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэн ажилладаг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Засгийн газрын агентлаг бөгөөд төрийн өмчийн үйлдвэрийн газруудын дүрэм, бүтэц, орон тоны жагсаалтыг баталж, төвийн захиралтай контракт гэрээ байгуулан ажилладаг. Энэхүү эрх хэмжээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд тодорхойлогдсон байдаг. Иймээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь тус төвийн хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага болох нь хавтас хэрэгт авагдсан нотлогдох баримтуудаар тогтоогдож байна. Шүүх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гол үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй, энэ талаарх нотлох баримтыг үнэлээгүй. Шүүх ямар үндэслэлээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага гэж үзэхгүй байгаа талаар тодорхойлоогүй байна. Шүүхээс мөн хэсгийн 5-д ...Ж.С мэргэшсэн нягтлан бодогч шаардлагыг хангаагүйгээс ажлын байрны тодорхойлолтод заасан үүргүүдийг ямар үйлдэл, эс үйлдлээр хэрхэн зөрчсөн болон цаашид ажиллах боломжгүй талаар баримт авагдаагүй... гэжээ. Гэтэл шүүхэд нотлох баримтаар хариуцагч байгууллагын захирлын баталсан 2 удаагийн ажлын байрны тодорхойлолт авагдсан бөгөөд энэхүү ажлын байрны тодорхойлолтуудын үндсэн шаардлагыг хангаагүй зөрчил байгаад дүгнэлт хийгээгүй байна. Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т зааснаар байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримтад хоёрдугаар гарын үсэг зурдаг тул өдөр тутам ажлын байранд ажиллаж санхүүгийн орлого, зарлагын гүйлгээг хянаж баталгаажуулах шаардлагатай байдаг. Ж.С 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хариуцагч байгууллагын санхүүгийн баримтад 2 дугаар гарын үсэг зурж байсан бөгөөд энэ талаар талууд маргаагүй. Ж.С нь жирэмсэн учир 3, 4 дүгээр сард хэвтрийн дэглэм сахих шаардлагатай болж ихэвчлэн чөлөөтэй байсан. Цаашид ч үргэлжлүүлэн хэвтрийн дэглэм барих тухай хүсэлт гаргасан. Энэ нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн амбулаториор эмчлүүлэгчдийн картаар нотлогддог. Нэгэнт ажлын байранд ажлын цагаар байнга ажиллах ёстой ажилтныг хэвтрийн дэглэм сахих нь зүйтэй гэсэн эмчийн дүгнэлтийг харгалзан тус төвийн хэвийн үйл ажиллагааг хангах, дээд шатны байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлж ажилласан тул тус төвийн захирлын тушаалыг буруутгах үндэслэлгүй. Засгийн газрын 2015 оны 11 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 1.6-д комисс нь үйл ажиллагаандаа Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон энэхүү дүрэм, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан эрх зүйн актыг тус тус мөрдөнө гэж заасан. Хэрэв нийгмийн даатгалын сангаас ямар нэг тэтгэмж авах бол энэхүү баримтыг бүрдүүлэх ёстой нь харагдаж байна. Иймд дээрд дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.С өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг тогтоолгох, өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1-3/ хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.31-38/

 

Хариуцагч байгууллагын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/104 тоот ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирлын тушаалаар нэхэмжэлэгч Ж.Сийг ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргаар томилон ажиллуулж байгаад /хх.110/, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/53 тоот захирлын тушаалаар ажлаас чөлөөлж, хэлтсийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалд шилжүүлсэн томилсон байна. /хх.7/ Хөдөлмөрийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг өөр албан тушаалд шилжүүлэн томилохдоо түүнтэй тохиролцож зөвшөөрлийг нь авсан байхыг шаарддаг. Хэрэгт энэ талаар баримт байхгүй, өөр ажилд томилохыг нэхэмжлэгч буюу ажилтан зөвшөөрсөн гэдгийг нотлох баримт байхгүй болно.

 

Нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэн томилохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 69 дүгээр зүйлийн 69.3, Ажил олгогч Барилгын хөгжлийн төвийн захирлын дээрх Б/53 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 68 дугаар зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А-1/350 дугаар албан даалгавар, мөн газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А-1/1051 тоот мэдэгдлийг тус тус үндэслэжээ. /хх.7,112-114/

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 54 дүгээр тогтоол, түүний 3 дугаар хавсралтаар Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, мөн газрын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 260 дугаар тогтоол, түүний 2 дугаар хавсралтаар Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга гэсэн нэртэйгээр батлагдсан байна. /хх.53-67, 68-73/ Ажил олгогч байгууллагын Б/104 тоот тушаал /хх.104/ болон 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэхэмжлэгч Ж.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд /хх.12-13/ нэхэмжлэгчийн албан тушаалыг Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга гэж заасан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дах хэсэгт зааснаар төрийн өмчит хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн байх шаардлагатай боловч уг ажлын байранд нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ нэгэнт байгуулсан үйл баримт тогтоогдсон, үүнд зөвхөн нэхэмжлэгчийг буруутгах, улмаар түүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зөрчсөн, эсхүл уг албан тушаалд тэнцэхгүй болсныг тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т зааснаар хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллагаас шаардсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны А-1/1051 дугаар мэдэгдэлд нэхэмжлэгчийн талаар тухайлан заагаагүйгээс гадна /хх.112/ нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхийг шаардах эрх хуулиар олгогдсон этгээд биш байх тул энэ талаарх анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь ажлаасаа чөлөөлөгдөн өөр ажилд шилжүүлэн томилогдох үед жирэмсэн байсан нь хэргийн 169-176 дугаар талд авагдсан Амбулаториор эмчлүүлэгсдийн карт-аар нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч Ж.Сийнжирэмсний хүндрэлийн улмаас түр хугацаагаар ажлаас чөлөөлөх шаардлагатай талаар баримт авагдсан нь түүнийг эрүүл мэндийн хувьд уг албан тушаалд тэнцэхгүй гэж дүгнэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлд хамаарахгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Ж.Сийг урьд эрхэлж байсан Б ТӨААТҮГ-ын Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/01731 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

Д.ЦОГТСАЙХАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ