Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1731

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 04 өдөр         Дугаар 182/ШШ2018/01731          Улаанбаатар хот

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: Ж.С-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: БХ төв ТӨААТҮГ-т холбогдох,

 

          Өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг тогтоолгож, өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг   2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.                  

                                                                                                                                                                   

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

                       

Нэхэмжлэгч Ж.С-с шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Сэлэнгэ нь БХ төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/72 тушаалаар, Санхүү, хөрөнгө оруулалтын даргаар 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/104 дүгээр тушаалаар Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргаар шилжүүлэн томилсон байдаг.

БХ төвийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4.-т заасныг үндэслээд эрх бүхий байгууллагын шаардлагаар Ж.С-ийг ажлаас чөлөөлсөн. Тушаалын үндэслэл нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А-1/350 албан даалгавар, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн мэдэгдлийг үндэслэсэн гэсэн.

1/.Ж.С-ийн нэрийг  эдгээр бичигт ямар нэг байдлаар дурдаагүй буюу Ж.Сэлэнгийг ажлаас чөлөөлөх талаар албан даалгаврыг БХ төвд өгөөгүй.

2/.Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Хөдөлмөрийн хуульд заасан эрх бүхий байгууллага биш юм. Өмнөх ажлаас нь бууруулан шилжүүлж томилох болсон ямар шаардлага байсан гэдэг нь харагддаггүй. Мэргэшсэн байх ёстой гэснийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан даалгаварт дурдсан боловч энэ нь Ж.С-ийг ажлаас халах шууд үндэслэл болохгүй.

3/. Ж.С нь жирэмсэн гэдгийг байгууллагадаа 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр цалинтай чөлөө олгоно уу гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д заасныг зөрчсөн байна. Байгууллагын бүтцэд өмнө нь Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нь ерөнхий нягтлан бодогч байна гэж заасан байсан боловч сүүлд шинэчлэн баталсан бүтэц зохион байгуулалтаар Санхүү төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий санхүүч гэсэн ойлголт гарч ирсэн. Тэгэхээр ерөнхий санхүүч нь ерөнхий нягтлан бодогч байна гэсэн баримт байхгүй. Энэ талаар дүгнэлт хийхгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3.-т төрийн өмчит хуулийн этгээдийн нягтлан бодогч нь мэргэшсэн байх боловч түүнийг сангийн яамны зөвшөөрөлтэйгөөр захирал томилно гэж байгаа боловч ТӨБЗГ-ын даргын албан даалгавраар чөлөөлөгдөж байгаа нь дээрх хуульд заасан зарчимд нийцэхгүй байна.

Ж.С-г анх ажилд ороход нь ажил олгогчоос мэргэшсэн байх ёстой гэсэн шаардлага тавиагүй. Ажлын байрны тодорхойлолтыг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан байдаг. Үүнд ерөнхий нягтлан бодогчийн үүргийг хэлтсийн дарга гэсэн байтал өмнөх тушаалуудад ерөнхий нягтлан бодогч гэдэг агуулгаар заасан. Сүүлд 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ТӨБЗГ-ын 260 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга гэж баталсан. Үүнд ерөнхий санхүүч,  ерөнхий нягтлан бодогч гэсэн албан тушаал байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн газрын Захирал удирдана. Захирлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, зохих салбар, хүрээний яамтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө” гэж заасан. Дээрх 260 дугаар тогтоолд нийцүүлэн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах ёстой байсан үүргийг ажил олгогч байгууллага зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

Хөдөлмөрийн гэрээнд хэлтсийн дарга гэсэн ажил үүргийг гүйцэтгэхээр тохиролцсон ба хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй ажил үүргийг гүйцэтгэхийг хориглодог. Өөрөөр хэлбэл Ж.С-д мэргэшсэн байх шаардлага тавигдахгүй гэж үзнэ. Ажил олгогч анх Ж.С-ийг ажилд авахдаа шаардлага тавиагүй, одоо алдаагаа засаж байна гэсэн, алдаагаа хүнийг ажлаас нь халж засдаггүй, эсрэгээрээ боломж олгох ёстой. ТӨБЗГ нь шаардах эрх бүхий байгууллага биш бөгөөд гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотой эсхүл цаашид хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажилд саад учруулахгүй байх гэх мэт зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, Авилгатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй гэх зэрэг үндэслэлээр эрх бүхий байгууллага шаарддаг. Ж.С-тэй холбоотой ямар асуудал байгаа, тэдгээрийг ямар байгууллага тогтоосон нь тодорхойгүй. Тухайлан Ж.С ийм зөрчилтэй байх тул ажлаас чөлөөл гэсэн шаардлага байхгүй.

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн мэдэгдэл нь эрх бүхий байгууллагын шаардлага гэж үзэх эрх зүйн баримт бичиг болохгүй. Аудитын дүгнэлтийг ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болгож дурдаагүй байсан бөгөөд ажлаас чөлөөлөх гэдэг нь эрх зүйн үр дагавар бий болгодог тул ямар баримтыг үндэслэж байгааг тухайлан заах ёстой байтал энэ дүгнэлтийг тушаалд заагаагүй тул аудитын дүгнэлтийг тухайлан ярих шаардлагагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 68 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна.

Дараагийн асуудал нь Ж.С жирэмсэн байсан бөгөөд өмнө нь чөлөө авч байсан гэдгийг хэн аль нь маргахгүй байна. Жирэмсэн байсан тул чөлөө авъя гэсэн хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн өдөр нь захиргаанаас ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан. Тушаал гарангуут чөлөө авах хүсэлтийг өгсөн гэсэн зүйлийг хариуцагч тал хэлж байгаа боловч харин ч жирэмсний хүндрэлтэй гэж чөлөө авах үед ажлаас нь чөлөөлсөн нөхцөл байдал харагдаж байна.

Ажлаас чөлөөлсөн, өөр ажилд шилжүүлсэн тухай тушаалд хөдөлмөрийн хуульд заасан ажил хүлээлцэхтэй холбоотой зохицуулалтыг тухайн тушаалд заагаагүй. Мэргэшсэн нягтлан бодогч биш бол Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4.-т зааснаар бус мэргэжлийн ур чадвар тэнцэхгүй гэсэн зохицуулалт тухайн нөхцөлд нийцнэ. Гэтэл нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй гэсэнтэй холбоотой эрх бүхий байгууллагын дүгнэлт шийдвэр гараагүй, нотлох баримт хэрэгт байхгүй. Аудитын тайлангийн 1.15-д “тайлагнал, ажил гүйлгээнүүд зохих заавар журмын дагуу алдаагүй, шударга илэрхийлсэн байна, зөрчилгүй” гэж дүгнэсэн нь Ж.С-ийн ажлыг зөрчилгүй гэж дүгнэсэн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн  68.1.-д заасныг баримталснаас үзэхэд Ж.С-ийг жирэмсэн байсан гэдгийг мэдэж байсан ба  жирэмсэн хүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д заасантай нийцэхгүй. Ажилтныг ажлаас бууруулж, өөр албан тушаалд шилжүүлж байгааг ажлаас халсантай адил үздэг. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5.-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хатуу хориглосон байдаг. Иймд Ж.С-ийг урьд эрхэлж байсан, Санхүү төсөл хөтөлбөрийн хэлтсийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч БХ төв ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О-ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд чиг үүрэг нь бүх төрийн өмчит газруудыг удирдан зохион байгуулах, эдийн засгийн зорилтот түвшин, тухайн жилийн төсвийг баталж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн дагуу захирлыг томилдог байгууллага юм. Энэ утгаараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь БХ төвийг шууд удирддаг дээд байгууллага гэж үздэг. Байгууллагын санхүүгийн хэлтсийн дарга нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1.-д зааснаар ерөнхий нягтлан бодогчийн чиг үүргийг гүйцэтгэдэг. Энэ тухай ажлын байрны тодорхойлолтуудад заасан. 

Ажлын байрны эхний шаардлага нь мэргэшсэн нягтлан бодогч байх ёстой ба санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэй байдаг. Гарын үсэг зурж байгаатай холбоотой тухайн байгууллагын санхүүгийн тайлан баримтуудыг өөрөө хариуцдаг хүн байх ёстой байдаг. Ж.С-ийг анх мэргэшсэн нягтлан бодогч гэдэг шаардлагыг хангалгүйгээр томилсон боловч 2018 оны 04 дүгээр сар хүртэл дээрх шаардлагыг өөрөө  хангаж чадаагүй тул ийнхүү ажлаас чөлөөлөгдсөн байна.  Маргааны зүйл нь мэргэшсэн нягтлан бодогч гэдэг хуулийн шаардлагатай холбоотой юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраа ирүүлсэн албан даалгавар, мэдэгдлээр хуулийн заалтыг хэрэгжүүлж, ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн нягтлан бодогч байх шаардлага хангахгүй байгаа асуудлыг шийд гээд үүрэг болгосон. Хэрэв энэ дээд байгууллагын өгсөн үүргийг биелүүлэхгүй, хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д заасны дагуу контракт гэрээг цуцлахаар мэдэгдсэн. Дээд шатны байгууллагын шаардлага гэдэг нь үүгээр тодорхойлогддог. Мөн Үндэсний аудитын газрын шалгалт, тайлан нь танай  ерөнхий нягтлан бодогч  мэргэшсэн нягтлан бодогч биш байгаа нь хууль зөрчиж байна гэсэн агуулгатай ирсэн. Ингээд 2 байгууллагаас хариуцагч байгууллагын захиралд хуульд нийцүүлэх шаардлага тавьсан. Захирал эдгээр байгууллагуудын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй, мөн төрийн холбогдох хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ үүргийг биелүүлсний хувьд захирлыг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч байгууллагын хувьд санхүү хяналтын буюу өмч хөрөнгийн асуудлыг төрийн өмчийн хороогоор хянагддаг, санхүүгийн асуудлын хувьд хууль хэрэгжилтийн асуудлыг хянадаг байгууллага нь Үндэсний Аудитын газар юм. Эдгээрээс өөр санхүүгийн хуулийг хэрэгжүүлж байгааг нь хянах байгууллага байхгүй тул дээд шатны байгууллага нь мөн юм.

Ж.С-ийг жирэмсэн гэдэгт маргаан байхгүй. Тушаал гарахаас өмнө  2 сарын турш цалинтай чөлөө авч байсан, хойшоо ч гэсэн ажил үүргээ гүйцэтгээгүй. Тушаалтай танилцсаны дараа дахин чөлөө авах хүсэлтээ өгсөн. Харин ч түүний эрүүл мэндийн  байдлыг байгууллага илүү харгалзан ахлах нягтлан бодогчоор томилсон, цалинг тасралтгүйгээр өгч байсан. Эрхийг нь хөндөөгүй бөгөөд хууль хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Хуулийг хэрэгжүүлсэн нь нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа нь тодорхойгүй. Анх мэргэшсэн нягтлан бодогчийн шаардлагыг хангасан шаардлага тавиагүй байсан алдаагаа зассан гэж үзэж болно. Тухайн албан тушаал нь хэлтсийн дарга гэсэн нэртэй бөгөөд ажлын байрны тодорхойлолтоор ерөнхий санхүүч гэж байгаа. Хэлтсийн дарга гэдэг тусдаа ажлын байрны тодорхойлолт байхгүй. Байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг хуулийн шаардлагыг хангах бүхий л нөхцлийг хангалттай олгосон байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч байгууллагад холбогдуулан өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч БХ төв ТӨААТҮГ нь үл зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3.-т “Төрийн өмчит хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн байх бөгөөд түүнийг сангийн яамны зөвшөөрөлтэйгөөр томилно” гэж заасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2018 оны 02 дугаар сарын 02-ны А-1/350 тоот албан даалгавар, 04 дүгээр сарын 22-ны А-1/1051 тоот албан бичгээр дээрх хуулийн заалт болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.-д заасныг хэрэгжүүлж ажиллахыг удаа дараа мэдэгдсэнийг ажилтан Ж.С-д мэдэгдсэн, түүний ажлын байрны тодорхойлолтод мэргэшил нь мэргэшсэн нягтлан бодогч байх чухал шаардлагатай гэж заасан ба энэ шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй,  тус төвийн захирлын 2014 оны 244 тоот тушаалын хавсралтаар баталсан албан тушаалын жагсаалтад “Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий санхүүч” гэсэн, тус төвийн Санхүү, төсөл хөтөлбөрийн дарга нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.”.-т зааснаар байгууллагын хөрөнгийн орлого зарлагын баримт болон санхүүгийн тайланд 2 дугаар гарын үсэг зурдаг тул өдөр тутмын орлого, зарлагын гүйлгээг хянаж баталгаажуулах шаардлагатай болдог, Ж.С-ийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1., 37 дугаар зүйлийн 37.1.4.-т заасны дагуу ажлаас чөлөөлж, цалин хөлсийг нь бууруулахгүй өөр ажилд томилсон  БХ  төвийн захирлын Б/53 тоот тушаал нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлан  маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч Ж.С нь 2016 оны 09 дүгээр сарын 13-наас эхлэн хариуцагч байгуулагын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар 3 сарын туршилтын хугацаагаар  томилогдон  ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөн тус хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд шилжин томилогджээ.

Энэ нь БХ төвийн захирлын  2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Ажилд авах тухай” Б/72 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/104 тоот, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/53 тоот тушаал, Барилгын хөгжлийн төв болон Ж.С нарын хооронд байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын болон Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтууд, 0232968 тоот Ж.С-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, БХ төвйин захирлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/92 тоот “Ажил хүлээлцүүлэх комисс томилох тухай” тушаал, хурадааны тэмдэглэл, эд хөрөнгө хүлээлцсэн бүртгэл зэргээр нотлогдсон.

 

2.Ажил олгогч БХ төвийн захирлын дээрх Б/53 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4., 68 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4., 69 дүгээр зүйлийн 69.3., Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.-д заасныг үндэслэн Төрийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн албан даалгавар, мэдэгдлийн хэрэгжүүлэх зорилгоор Ж.С-ийг Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын ажлаас чөлөөлж, тус хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд шилжүүлэн томилсон байна.

 

3.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.С-ийн гүйцэтгэж байсан албан тушаал нь  БХ төвийн захирлын 2014 оны 244 тоот тушаал, түүний хавсралтаар батлагдсан “Ажил албан  тушаалын жагсаалт”-р Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч,  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 54 дүгээр тогтоол, түүний 3 дугаар хавсралтаар Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, мөн газрын  2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 260 дугаар тогтоол, түүний 2 дугаар хавсралтаар Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга гэсэн нэртэйгээр батлагдаж байсан бөгөөд тэрээр ажил олгогч байгууллагын  Б/104 тоот тушаалд болон 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Ж.С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгчийн албан тушаалыг Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга гэж заасан байна.

 

4.Хариуцагч талаас гаргасан 2015 оны Барилгын хөгжлийн төвийн Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын болон 2017 оны  тус төвийн Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтуудад  ажилтанд тавигдах шаардлагад мэргэшсэн нягтлан бодогч гэсэн мэргэшилтэй байхаар заасан байх боловч Ж.С-ийг  БХ төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн  Б/72 тоот тушаалаар Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар 3 сарын туршилтын хугацаагаар  томилж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн  Б/104 тоот тушаалаараа уг туршилтын хугацаа дуусаагүй байхад Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргаар томилон, дээрх ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

 

5.Хэрэгт авагдсан, хариуцагч талаас гаргасан Үндэсний аудитын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн БХ төвийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А-1/350 тоот “Албан даалгавар хүргүүлэх тухай” албан бичиг, 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-1/1051 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт тус тус Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3.-т заасны дагуу ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн байх шаардлагыг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг дурдсан, хариуцагч байгууллагын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр  Ж.С-д хуулийн дээрх заалтыг хангаж ажиллах талаар мэдэгдсэн байх болов энэ нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4.-д заасан үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.С нь мэргэшсэн нягтлан бодогчийн эрхгүй байгаа ч, ажил олгогч нь ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдаж байгаа шаардлагуудыг хангасан эсэхийг шалгаж томилдог учир нэхэмжлэгчийг тус хэлтсийн дарга, ерөнхий санхүүчийн ажлын байрны тодорхойлолтод заасан  шаардлагыг хангаагүй гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн Ж.С нь ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэшсэн нягтлан бодогч байх гэсэн шаардлагыг хангаагүйгээс ажлын байрны тодорхойлолтод заасан үүргүүдийг ямар үйлдэл, эс үйлдлээр, хэрхэн  зөрчсөн болон цаашид ажиллах боломжгүй болсон талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

 

6.Хөдөлмөрийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д “Жирэмсэн...хүний энэ хуулийн 107 дугаар зүйлийн 107.1.-д зааснаар эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлсэн хугацаанд ...олговор олгоно” гэж, 107 дугаар зүйлийн 107.1.-д “Хөдөлмөрийн нөхцлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан бол жирэмсэн...хүний ажлын цагийг хорогдуулах буюу эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлж болно” гэж тус тус заасан байх ба Ж.С-ийн хөдөлмөрийн нөхцлийг хөнгөлөх, тэрээр эрүүл мэндийн хувьд Санхүү, төсөл хөтөлбөрийн дарга, ерөнхий санхүүчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон талаар эмнэлгийн дүгнэлт гараагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.С нь ажлаасаа чөлөөлөгдөн өөр ажилд шилжүүлэн томилогдох үед жирэмсэн /17-18 недельтэй/ байсан нь Ж.С-ийн “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт”-р нотлогдсон бөгөөд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг өөр ажилд шилжүүлсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, нэхэмжлэгч Ж.С-ийг өөр ажилд буруу шилжүүлсэн нь тогтоогдсон тул түүнийг урьд эрхэлж байсан Санхүү, төсөл хөтөлбөрийн хэтсийн даргын ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар  хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон

                                                                                                                  

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган, түүнийг урьд эрхэлж байсан БХ төв ТӨААТҮГ-ын Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын ажилд  ажилд эгүүлэн тогтоосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар  хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

               

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                                 Ж.БАЙГАЛМАА