Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2022/00016

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух, Е-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Х-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Е , түүний өмгөөлөгч Н , хариуцагч Х , орчуулагч Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Виз гаргаж өгнө гэж авсан 1000000 төгрөг гаргуулахыг  хүсжээ.

Нэхэмжлэгч Е  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Оросын холбооны улсад худалдаа үйлчилгээ хийдэг юм. Урьд нь Х  гэдэг хүнээс Оросын холбооны улсын визийг 2 удаа гаргуулж, 3 удаа гадаад паспорт шинээр гаргуулж авдаг байсан. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын визийг гаргуулах болж Х д 1.000.000 төгрөг өгсөн. Х нь 15 хоногийн дотор визийг гаргаж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл виз ч байхгүй, мөнгийг маань ч буцааж өгөөгүй. Түүнээс хойш нэг жил есөн сарын хугацаа өнгөрсөн ба виз гаргуулах хугацаа нь аль хэдийнээ өнгөрсөн тул надад мөнгөө буцааж өгөөч гэж хэд хэдэн удаа гуйсан боловч Х нь” би чамд нэг ч төгрөг буцааж өгөхгүй, хаана өгсөн ч надаас юм олж долоохгүй” гэж хэлдэг. Би мөнгөө ямар нэгэн компанид өгөөгүй, Х д л өгсөн. Дахиж ОХУ руу гарахгүй, наймаа эрхлэхээ больсон учраас төлөх зээлээ барагдуулах үүднээс өгсөн мөнгөө буцааж авах хүсэлттэй байна. Виз гаргах мөнгөний талыг урьдчилгаа болгоод авдаг байсан бол тал мөнгийг нь виз гарсны дараа авдаг байсан. Иймд Х аас виз гаргаж өгнө гэж авсан 1.000.000 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хүсье гэв.

Хариуцагч Х  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Е ы тус шүүхэд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Орос улс руу гаргах визийн маш олон төрөл нь байдаг. Энэхүү визийг хуулийн этгээд буюу компани гаргадаг бөгөөд би тухайн компанийн баруун 3 аймаг болох Баян-Өлгий, Увс, Ховд аймгийг хариуцсан бие төлөөлөгчөөр ажилладаг юм. Би Баян-Өлгий аймагт 400 гаруй байнгын үйлчлүүлэгчтэй, улирлын шинжтэй 200-300 үйлчлүүлэгчтэй хамтран ажилладаг. Виз 2 шаттай гардаг. Эхний шатанд 1 сая төгрөг аваад 1 хувь цээж зураг, паспортын хамт ОХУ-ын Элчин сайдын Яаманд виз хүсэгчийн материалуудыг өгдөг. Элчин сайдын яам Москвад байрлах тус улсын Гадаад хэргийн Яаманд тухайн хүний материалыг хүргүүлж, 1 сарын турш тухайн хүн урьд ял шийтгүүлж байсан эсэх, террорист бүлэглэлд холбогдсон эсэхийг шалгаж тогтоогоод 25 хоногийн дараа тухайн хүнд виз гаргахыг зөвшөөрсөн квинтанци явуулах журамтай. ОХУ-ын Элчин сайдын Яам зөвшөөрөл ирэхээс өмнө 350 доллар аваад үйлчилгээ үзүүлээд, зөвшөөрөл ирсний дараа 250 доллар аваад виз гаргаж өгдөг 1 сая төгрөг өгсний дараа зөвшөөрөл ирэхгүй бол 1 сая төгрөгийг буцааж өгөхгүй. Нэхэмжлэгч Е  анх удаа виз авч байгаа хүн биш, урьд нь зөвшөөрөл нь ирж байсан учраас асуудал гарахгүй байх гэж бодоод мөнгийг нь авахдаа бичиг цаас үйлдээгүй. Е  нь Орос улсад гарах худалдааны болон хөрөнгө оруулалтын виз авахаар 1000000 /нэг сая/ төгрөг урьдчилгаа болгон өгсөн юм. Тухайн үед кассын орлогын ордер бичигдсэн юм. Харин кобид-19 цар тахлын  улмаас болж хил хаагдсан. Харин виз өгөх зөвшөөрөл ирсэн байгаа. Хил нээгдвэл Орос улсаас виз ирэх юм. Монгол улс болон бусад улсын хил нээгдвэл хил нэвтрэхэд бэлэн байгаа. Е ы дүү нь энэ визийн миний нэр дээр шилжүүлэх боломжтой юу гэж асуухад би ОХУ-аас гарах ял шийтгэлтэй эсэхийг шалгасан лавлагаа анхны виз хүсэгчийн нэр дээр гардаг учраас шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Бидний зүгээс шалтгаалсан асуудал байхгүй болно. Нэхэмжлэгч Е аас 1000000 төгрөг авсан маань үнэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Е  нь хариуцагч Х д холбогдуулан виз гаргаж өгнө гэж авсан 1000000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрч маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Учир нь, хариуцагч Х  нь нэхэмжлэгч Е аас виз гаргаж өгнө гэж 1000000 төгрөг авсан талаар маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин уг маргаан бүхий 1000000 /нэг сая/ төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн би тухайн өдөрт “Т ” (ТТДД) ХХК-ны кассын орлогын ордер бичигдэж тушаагдсан тул өгөх боломжгүй гэж маргажээ.

Гэтэл виз гаргах эрх бүхий этгээд мөн эсэх талаарх хариуцагч Х аас шүүхэд бичгийн нотлох баримтыг гаргаж өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, татгалзаж байгаа үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй тул шүүхээс хариуцагч Х  нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Е аас виз гаргаж өгнө гэж 1000000 төгрөгийг үндэслэлгүй авсан байна гэж шүүх үзлээ.

Мөн хариуцагчаас би “ТТДД” ХХК-ны бие төлөөлөгч бөгөөд тус компани нь виз гаргадаг гэж тайлбарладаг боловч тус “ТТДД” ХХК нь Оросын Холбооны Улсад виз гаргах үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий этгээд эсэх мөн Х  нь тус компанийн бие төлөөлөгч мөн эсэх талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй тул хариуцагчаас гаргаж өгсөн “ТТДД” ХХК-ийн кассын орлогын ордерыг үндэслэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Нөгөөтээгүүр хариуцагч Х аас нэхэмжлэгч Е аас визийн урьдчилгаа болгож авсан 1000000 төгрөгийг одоо нэхэмжлэгчид буцааж өгөх боломжгүй, хил нээсний дараа  визийг гаргаж өгнө, виз олгох зөвшөөрөл ирсэн байгаа гэж тайлбарлаж байгаа боловч виз хүсэгч Е д виз олгохыг зөвшөөрсөн талаарх бичгийн нотлох баримтыг мөн нэхэмжлэгчээс виз захиалахаар урьдчилгаа болгож өгсөн 1000000 төгрөгийг буцааж авахгүй талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд харилцан тохиролцсон талаарх бичгийн нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй болно.

Мөн Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор баталсан Монгол улсын виз олгох журмаар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны консулын хэлтэс виз олгохдоо оросын виз хүсэгч хүн бүр ОХУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газраар дамжуулж визийн мэдүүлгээ хүлээж авахаар зохицуулсан байх тул хариуцагч Х ыг виз олгох эрх бүхий этгээд мөн гэж дүгнэх боломжгүй болно.

Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигч өөрөө хүлээх тул шүүх хэрэгт байгаа нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Х аас виз гаргаж өгнө гэж авсан 1000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Х аас виз гаргаж өгнө гэж авсан 1000000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х аас улсын тэмдэгтийн хураамжид  28550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е д олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ЖАРХЫНГҮЛ