Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 212/МА2022/00012

 

Т.Е нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2022/00016 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч *** оршин суух, Т.Е-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч *** оршин суух, Х.Х-д холбогдох,  

1000000 төгрөгийг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Х.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн үндэслэл:

1. Миний бие Оросын холбооны Улсад худалдаа үйлчилгээ хийдэг. Урьд нь Х.Х гэдэг хүнээс Оросын холбооны Улсын визийг 2 удаа гаргуулж, 3 удаа гадаад паспорт шинээр гаргуулж авдаг байсан.

2. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын визийг гаргуулах болж, Х.Хд 1.000.000 төгрөг өгсөн. Х.Х нь 15 хоногийн дотор визийг гаргаж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл виз ч байхгүй, мөнгийг маань ч буцааж өгөөгүй.

3. Түүнээс хойш нэг жил есөн сарын хугацаа өнгөрсөн ба виз гаргуулах хугацаа нь аль хэдийнээ өнгөрсөн тул надад мөнгөө буцааж өгөөч гэж хэд хэдэн удаа гуйсан боловч Х.Х нь би чамд нэг ч төгрөг буцааж өгөхгүй, хаана өгсөн ч надаас юм олж долоохгүй гэж хэлдэг.

4. Би мөнгөө ямар нэгэн компанид өгөөгүй, Х.Х-д л өгсөн. Дахиж ОХУ руу гарахгүй, наймаа эрхлэхээ больсон учраас төлөх зээлээ барагдуулах үүднээс өгсөн мөнгөө буцааж авах хүсэлттэй байна.

5. Виз гаргах мөнгөний талыг урьдчилгаа болгоод авдаг байсан бол тал мөнгийг нь виз гарсны дараа авдаг байсан. Иймд Х.Х-с виз гаргаж өгнө гэж авсан 1.000.000 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хүсье.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал:

1. Орос улс руу гаргах визийн маш олон төрөл байдаг. Энэхүү визийг хуулийн этгээд буюу компани гаргадаг бөгөөд би тухайн компанийн баруун 3 аймаг болох Баян-Өлгий, Увс, Ховд аймгийг хариуцсан бие төлөөлөгчөөр ажилладаг.

2. Би Баян-Өлгий аймагт 400 гаруй байнгын үйлчлүүлэгчтэй, улирлын шинжтэй 200-300 үйлчлүүлэгчтэй хамтран ажилладаг.

3. Виз 2 шаттай гардаг. Эхний шатанд 1 сая төгрөг аваад 1 хувь цээж зураг, паспортын хамт ОХУ-ын Элчин сайдын Яаманд виз хүсэгчийн материалуудыг өгдөг. Элчин сайдын яам Москвад байрлах тус улсын Гадаад хэргийн Яаманд тухайн хүний материалыг хүргүүлж, 1 сарын турш тухайн хүн урьд ял шийтгүүлж байсан эсэх, террорист бүлэглэлд холбогдсон эсэхийг шалгаж тогтоогоод 25 хоногийн дараа тухайн хүнд виз гаргахыг зөвшөөрсөн квинтанци явуулах журамтай. ОХУ-ын Элчин сайдын Яам зөвшөөрөл ирэхээс өмнө 350 доллар аваад үйлчилгээ үзүүлээд, зөвшөөрөл ирсний дараа 250 доллар аваад виз гаргаж өгдөг 1 сая төгрөг өгсний дараа зөвшөөрөл ирэхгүй бол 1 сая төгрөгийг буцааж өгөхгүй.

4. Нэхэмжлэгч Т.Е анх удаа виз авч байгаа хүн биш, урьд нь зөвшөөрөл нь ирж байсан учраас асуудал гарахгүй байх гэж бодоод мөнгийг нь авахдаа бичиг цаас үйлдээгүй. Т.Е нь Орос улсад гарах худалдааны болон хөрөнгө оруулалтын виз авахаар 1000000 /нэг сая/ төгрөг урьдчилгаа болгон өгсөн. Тухайн үед кассын орлогын ордер бичигдсэн.

5. Харин ковид-19 цар тахлын улмаас болж хил хаагдсан. Харин виз өгөх зөвшөөрөл ирсэн. Хил нээгдвэл Орос улсаас виз ирэх юм. Монгол улс болон бусад улсын хил нээгдвэл хил нэвтрэхэд бэлэн байгаа.

6. Т.Е  нь энэ визийг миний нэр дээр шилжүүлэх боломжтой юу гэж асуухад би ОХУ-аас гарах ял шийтгэлтэй эсэхийг шалгасан лавлагаа анхны виз хүсэгчийн нэр дээр гардаг учраас шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Бидний зүгээс шалтгаалсан асуудал байхгүй. Нэхэмжлэгч Т.Е-с 1000000 төгрөг авсан маань үнэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2022/00016 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 492 дугаар 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Х-аас виз гаргаж өгнө гэж авсан 1000000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ед олгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 28550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Е-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж миний хууль ёсны эрх ашгийг хохироосон.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д "Шүүх нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж хуульчилсан.

3. Би дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд шүүх хуралдаан эхлэхээс өмнө “ТТДД" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаад орон руу жуулчин илгээх тур оператор ангиллын гэрчилгээ, мөн компанийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 07/21 дугаартай албан бичиг, өөрийн тус компанийн Баян-Өлгий аймаг дахь төлөөлөгчийн үнэмлэхийн хуулбарыг харуулж, дээрх материалуудыг мэйлээр хүлээж авснаа, эх хувь нь байхгүй учир нотариатаар гэрчлүүлэн нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй байгаагаа, үндсэн хувь нь автобусаар ирж байгаа учир нотлох баримтаар гаргаж өгөх боломжоор хангаж хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан боловч шүүх миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн төдийгүй миний хууль ёсны эрх ашгийг хохироосон.

4. “ТТДД" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Т нь удаан хугацаагаар гадаад руу явсан тул би дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гаргаж өгөх боломж байгаагүй.

5. А.Т нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны үеэр гадаадаас ирсэн тул хүсэлт тавьж дээр дурдсан нотлох баримтуудын хуулбарыг мэйлээр авч эх хувийг автобусанд хийлгэсэн боловч шүүх хуралдаан болохоос өмнө амжиж ирээгүй.

6. Би энэ байдлыг шүүхэд тайлбарлаж хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн боловч хүлээж аваагүй атлаа шүүхийн шийдвэрт "...ТТДД ХХК нь Оросын Холбооны Улсад виз гаргах үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий этгээд эсэх, мөн Х.Хнь тус компанийн бие төлөөлөгч мөн эсэх талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй тул...” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн" үндэслэлээр хүчингүй золгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргаж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсны дараа шүүхээс хэрэг үүсгээд нэхэмжлэгчид гардуулж өгсөн. 14 хоногийн хугацаанд хариуцагчаас хариу тайлбараа ирүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэсэн нотлох баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй.

2. Шүүх хуралдаан товлогдон зарлагдах хүртэл хугацаанд хариуцагч талаас ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байсан. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч талаас хүсэлт гаргасан. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-д зааснаар тухайн хүсэлтийг шийдвэрлэхдээ  нотлох баримт гаргуулах хүсэлтийг урьд нь гаргах боломжтой байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзээгүй учраас хариуцагчийн тухайн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

3. Урьд нь хэд хэдэн удаа виз гаргуулж нэхэмжлэгч хариуцагч хоорондоо ажил гүйцэтгүүлж байсан. Энэ удаа ч виз гаргуулахаар нэхэмжлэгч хариуцагчид 1000000 төгрөг өгч тухайн виз гаргах хугацааг хүлээсэн.

4. Нэхэмжлэгч худалдаа хийдэг хүн болохоор удаан хугацаанд Оросын холбооны улсад очих виз нь гараагүй, худалдаа наймаа нь зогссон. Оросын Холбооны улсад очиж чадаагүй, банканд өр төлбөртэй болсон. Иймээс хугацаандаа виз гаргаж өгөөгүй удаан хугацаа өнгөрсөн учраас мөнгөө буцааж авъя гэсэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй.

5. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хэд хэдэн удаа биечлэн уулзаж, утсаар ярьж мөнгөө өгөөч гэдэг байдлаар хандсан боловч өгөхгүй байсан учраас шүүхэд хандсан.

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 130/ШШ2022/00016 дугаар шийдвэр үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэх эрхтэй боловч мөн хуулийн зорилт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг удирдлага болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар хариуцагч Х.Хы гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар процессын болон материаллаг эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилтод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлан хэрэглэснийг, харин “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай, талуудын хуульд заасан арга хэрэгслээр олж авч, хэрэгт цуглуулсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хийсэн хууль зүйн дүгнэлт бүхий үндэслэгээг тус тус ойлгоно.

 

3. Нэхэмжлэгч Т.Е хариуцагч Х.Хд холбогдуулан гаргасан “1.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  болон хэргийн, шүүх хуралдаанд оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил гаргаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ “Х.Хнь ОХУ-ын виз гаргаж өгнө гэж 1.000.000 төгрөг авсан боловч виз ч гаргуулж өгөөгүй, мөнгөө ч буцааж өгөөгүй” гэж тайлбарласан бол хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлдээ Т.Есвиз гаргуулж өгнө гэж 1.000.000 төгрөг авсан талаар үгүйсгээгүй боловч “надаас шалтгаалсан зүйл байхгүй, мөнгийг “ТТДД” ХХК-ийн орлогод шилжүүлсэн” гэж тайлбарлан, 16 дугаартай кассын орлогын ордерыг шүүхэд гаргаж өгчээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг хэрэглэх болсон үндэслэлээ “... “ТТДД” ХХК нь ОХУ-ын виз гаргах үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд мөн эсэх, мөн Х.Хнь тус компанийн бие төлөөлөгч мөн эсэх талаар бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй...” гэж хэргийн үйл баримтад тулгуурлан тайлбарлаж хэрэглэснийг хариуцагчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр үгүйсгэх, няцаах хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагчийн “...”ТТДД” ХХК-ийн албан бичиг болон тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх үүднээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар хариуцагч “тухайн баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гаргаж өгөх боломжгүй байсан, баримтуудын хуулбарыг мэйлээр авч, эх хувийг автобусанд хийлгэсэн боловч амжиж ирээгүй, уг баримтуудыг гаргаж өгөх үүднээс шүүх хуралдааныг хойшлуулах талаар гаргасан миний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон, миний хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч даруй шийдвэрлэх талаар, мөн зүйлийн 105.2 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нэмэлт нотлох баримтыг хэргийн оролцогч нь гаргах, эсхүл санал болгох бололцоотой байсан боловч энэ талаарх хүсэлт, саналаа шүүх хуралдааны үеэр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол шүүх тухайн хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах талаар хуульчилжээ.

 

7. Гэтэл хариуцагч Х.Хнь нэхэмжлэгч Т.Е нэхэмжлэлийн хувийг иргэний хэрэг үүсгэсэн өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гардан авч, хариу тайлбараа шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нотлох баримтын хамт ирүүлсэн, үүнээс 10 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр /12 дугаар сарын 24-ний өдөр болох/ шүүх хуралдааны товыг 7 хоногийн өмнө мэдсэн боловч эдгээр хугацаанд өөрийн хариу тайлбарт дурдсан, түүнд хавсаргасан нотлох баримтын эх сурвалжийн талаарх бусад нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх, эсхүл хуульд заасан журмаар шүүхээс бүрдүүлэх зэргээр санал болгох, хүсэлт гаргах бүрэн бололцоотой байсан атлаа хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүгчийн үйл ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 105 дугаар зүйлийн агуулга, үзэл санаанд нийцсэн байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр явагдах тулд уг зарчмын хэрэгжилтийг хангах зориулалттай, тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар тодорхой нөхцөлд талуудын гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгох зүй ёсны хязгаарлалт бүхий хэм хэмжээний хууль ёсны хэрэгжилтийн үр дүнг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн гэж үзэхгүй тул “анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан учраас шийдвэрийг хүчингүй болгох” талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч Х.Хы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2022/00016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Х-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч Х.Х-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК