Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2341

 

 

Л ложистикс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч, М.Наранцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01929 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л ложистикс ХХК-ийн хариуцагч Ц.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 94 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д нь 2017 оны 09 сарын 22-ны өдөр 100 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай зээлийн гэрээ бичгээр байгуулж, мөн 2017 оны 10 сарын 20-ны өдөр 25 000 000 төгрөгийг зээлийн гэрээ бичгээр байгуулаагүйгээр зээлж авсан. Гэрээний дагуу зээлийн хүү 5 000 000 төгрөг, алданги 37 500 000 төгрөг, үндсэн зээл 125 000 000 төгрөг, буюу нийт 167 500 000 төгрөг төлөхөөс 2018 оны 06 сарын 07-ны өдрийн байдлаар 73 200 000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 75 000 000 төгрөг, алданги 19 300 000 төгрөг, нийт 94 300 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлээгүй бодсон гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц.Даас 72 700 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л ложистикс ХХК-д олгож, үлдэх 21 600 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 629 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Даас улсын тэмдэгтийн хураамж 521 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л ложистикс ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хууль хэрэглээний талаар, хариуцагч Ц.Д нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно, 72.2 Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчиж хариу тайлбараа ирүүлээгүй. Мөн хуудийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээж авсан боловч энэ хуулийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж шүүх дүгнэсэн хирнээ хариуцагчаас шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг хэрэглэж нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний тооцооллын талаар, зээлийн гэрээ 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан. Гэрээгээр 1 сарын хугацаатай 100 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хугацаанд нийт 105 000 000 төгрөг төлөхөөс 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд /гэрээний хугацаанд/ 42 200 000 төгрөг төлсөн бөгөөд 62 800 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Эндээс 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл эргэн төлөлт хийгдээгүй бөгөөд эргэн төлөлт хийгдэх хүртэл хугацааны алдангийг бодоход /1 өдрийн 314 000 төгрөг, 90 хоногийн/ 28 260 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 24 600 000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлээс хасахад 38 200 000 төгрөг үлдсэн /1 өдрийн 191 000 төгрөг, 10 хоног/ 1 910 000 төгрөгийн алданги болж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 31 800 000+30 170 000+25 000 000=86 970 000 төгрөг болохоор байна. /Үндсэн зээл, алданги, гэрээгүй зээл/ Шүүх гэрээний дагуу биш нийт төлсөн мөнгийг зээлийн гэрээтэй мөнгөнөөс төлсөн хугацааг нарийвчлан тооцоололгүйгээр шууд хасан үлдэгдлээс алданги тооцсон бөгөөд бичгийн гэрээгүй 25 000 000 төгрөгийг нэмж хариуцагчаас гаргуулсан нь алдаатай болжээ гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас 72 700 000 төгрөг гаргуулж Л ложистикс ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 21 600 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсний 14 270 000 төгрөгийн хэмжээнд шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү. Тооцооллыг хүснэгтээр хавсаргав гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01929 дугаартай шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учир түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн гэжээ. Л ложистикс ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааны тов 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон бөгөөд Монгол Улсын Дээд шүүхэд хянагдаж буй шүүх хуралдаантай давхацсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлай би Монгол Улсын Дээд шүүхийн цахим хуудаснаас Ц.Баярсайханд холбогдох Эрүүгийн хэргийн хурлын товыг хавсарган шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхээс хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн шийдвэр болсон. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлай би Л ложистикс ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн материалтай танилцаагүй бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан хэргийн материалтай танилцах оролцогчийн эрхийг эдлүүлээгүй байхад шийджээ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

 

Нэхэмжлэгч Л ложистикс ХХК нь хариуцагч Д.Дамдин-Ядамд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 94 300 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх.1/

 

Талуудын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 392 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, талууд уг гэрээгээр 100 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлж, хариуцагч зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцжээ. /хх.7-8/

 

2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр товлосон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хэргийн материалтай танилцуулаагүй нь хариуцагчийн хувьд хэргийн баримттай танилцах, тайлбар, няцаалт гаргаж мэтгэлцэх эрх хангагдсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлийг нотлох баримтыг өөрөө гаргах, 25.2.3-т зааснаар шүүхэд дуудсанаар хүрэлцэн ирэх, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хуулийн эсхүл шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлэх, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй бөгөөд эдгээр үүргээ биелүүлээгүй байна. Гэвч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар 76.1.2-т заасан шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааны хүрээнд шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хүргүүлэх, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу хариуцагчийг хэргийн материалтай танилцуулаагүй байна.

 

Анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тус хэрэгт Иргэний хэрэг үүсгэж /хх.10/, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж /хх.16/, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж /хх.21/ гаргасан байна. Энэхүү хэлэлцүүлэх захирамж гарснаас 7 хоногийн дараа хийгдэх хуралдааны талаар анхан шатны шүүх 3 хоногийн өмнө шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид утсаар мэдэгдсэн /хх.24/ гэж шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн байна. Ийнхүү хариуцагч талд шүүх хуралдааны товыг тулгаж утсаар мэдэгдсэнтэй холбоотой шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэх гомдлыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гаргасан уг алдааг залруулж, маргааны үйл баримт хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01929 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 229 300 төгрөг, хариуцагчийн төлсөн 630 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ