Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/01929

 

 

 

  2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/01929

        Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Ганди гудамж, 37-р байр, 305 тоот хаягт оршин байгаа, “” ХХК /рд:5942152/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Их тойруу гудамж, 21-р байр, 50 тоот хаягт оршин суух, Борлууд овогт Цогт-Очирын  /рд:ХВ79031219/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 94,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ц. нь 2017 оны 09 сарын 22-ны өдөр 100,000,000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай зээлийн гэрээ бичгээр байгуулж, мөн 2017 оны 10 сарын 20-ны өдөр 25,000,000 төгрөгийг зээлийн гэрээ бичгээр байгуулаагүйгээр зээлж авсан.

Гэрээний дагуу зээлийн хүү 5,000,000 төгрөг, алданги 37,500,000 төгрөг, үндсэн зээл 125,000,000 төгрөг, буюу нийт 167,500,000 төгрөг төлөхөөс 2018 оны 06 сарын 07-ны өдрийн байдлаар 73,200,000 төгрөг төлсөн.

Иймд үндсэн зээл 75,000,000 төгрөг, алданги 19,300,000 төгрөг, нийт 94,300,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Зээлийн алдангийг Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлээгүй бодсон болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч Ц.д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75,000,000 төгрөг, алданги 19,300,000 төгрөг, нийт 94,300,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Ц. нь 2018 оны 08 сарын 14-ний өдөр зохигчийн эдлэх эрх, хүлээх үүрэгтэй танилцаж, мөн өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй учир 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх дараах үндэслэлээр “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, мөнгөн хөрөнгө шилжүүлсэн баримт зэргээс үзэхэд талууд 2017 оны 09 сарын 22-ны өдөр зээлийн гэрээг бичгээр, 2017 оны 10 сарын 20-ны өдөр зээлийн гэрээг амаар тус тус байгуулжээ гэж дүгнэхээр байна.

Нэг. 2017 оны 09 сарын 22-ны өдрийн 392 тоот “Зээлийн гэрээ”-гээр зээлдэгч Ц. нь зээлдүүлэгч “” ХХК-иас 100,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 30 хоногийн 5 хувийн хүүтэйгээр зээлж авахаар харилцан тохиролцсон байна. /хх-7х/

Зээлийн гэрээнд заасан 100,000,000 төгрөгийг “” ХХК нь 2017 оны 09 сарын 22-ны өдөр Ц.ын өмчлөлд шилжүүлсэн болох нь холбогдох Хаан банкны “Мөнгөн шилжүүлэг”-ийн баримтаар нотлогдож байна. /хх-5х/

Хоёр. Хэрэгт авагдсан Хаан банкны “Шилжүүлгийн мэдээлэл”-ээс үзэхэд “” ХХК-иас 2017 оны 10 сарын 20-ны өдөр 25,000,000 төгрөгийг Ц.д шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-6х/

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба зээлдэгч Ц. нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд “” ХХК-д буцаан төлөх үүргийг хүлээнэ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ тус бүрээр хариуцагчийн хүлээх үүргийг тодорхойлоход:

а/. Бичгээр хийсэн 2017 оны 09 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний хувьд:

Зээлдэгч Ц. нь үндсэн зээл 100,000,000 төгрөг + зээлийн хүү 5,000,000 төгрөг, нийт 105,000,000 төгрөг төлөх үүргийг хүлээжээ.

Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш Ц. нь нийт 73,200,000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг ба холбогдох тооцооллыг шүүхэд гарган өгчээ.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу хариуцагчаас төлсөн гэх 73,200,000 төгрөгийг үндсэн үүрэг буюу үндсэн зээлээс хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь (100,000,000 – 73,200,000) + 5,000,000 = 31,800,000 төгрөг гарч байна.

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн зохицуулалтад нийцжээ.

2017 оны 10 сарын 23-ны өдрөөс 2018 оны 06 сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд алданги тооцоход 31,800,000 х 0.5% = 159,000 төгрөг х 240 хоног = 38,160,000 төгрөг гарч байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй зохицуулалтын хүрээнд хариуцагч Ц.ын хүлээх алдангийн үүрэг нь 31,800,000 х 50% = 15,900,000 төгрөг болж байна.

б/. Бичгээр хийгээ 2017 оны 10 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний хувьд:

Зээлийн гэрээг заавал бичгээр хийх хуулийн шаардлага тавигддаггүй боловч бичгээр хийгээгүй гэрээний хувьд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч “” ХХК нь анз, хүү шаардах эрхгүй учир хариуцагч Ц. нь зээлдэж авсан 25,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргийг хүлээнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ц.аас 47,700,000 + 25,000,000 = 72,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн. /Ирцтэй холбоотой асуудлыг тусад нь захирамжаар шийдвэрлэсэн болно./

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар хариуцагч нь хэргийн материалтай танилцах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэх эсэх нь түүний хүсэл зоригийн асуудал юм.

Өөрөөр хэлбэл, нэг талаас шүүх хэргийн материалтай хариуцагч талыг заавал танилцуулах үүргийг хүлээхгүй ба нөгөө талаас шүүхэд болон шүүх хуралдаанд хүрэлцэн ирж эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа зохигчийг хүчээр хэргийн материалтай танилцуулах боломжгүй юм. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц.аас 72,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгож, үлдэх 21,600,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 629,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамж 521,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.