Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2021/00996

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, “Ж” ХХК-ний /гүйцэтгэх захирал Т /-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургууль /захирал Б /-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С , хариуцагч байгууллагын өмгөөлөгч Ба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Арманбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл болон алдангийн хамт нийт 110.404.080 төгрөг гаргуулахыг хүсжээ.

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ний гүйцэтгэх захирал Т  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С  шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Хариуцагч У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургууль нь 2017 оноос хойш дулааны эрчим хүний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 73.602.720 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Талуудын хооронд байгуулагдсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийн бичилт хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч худалдаж авсан дулааны эрчим хүчний үнийг гэрээнд заасан хэмжээгээр тогтсон хугацаанд төлөхгүй байна. Манай компанийн зүгээс хариуцагчид энэхүү 73.602.720 төгрөгийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ. Тус гэрээний 6.2-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. Үүнээс гадна Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 255.820.117 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хууль болон Эрчим хүчний тухай хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 36.801.360 төгрөг болж  байна. Өчигдрийн байдлаар хариуцагч талаас 2017, 2018 онуудад төлсөн дулааны эрчим хүчний төлбөрийг төлсөн тухай хүснэгтийг гаргаж өгчээ. Гэтэл энэ нь тус байгууллагын манай компанид 2015, 2016 онуудад төлөх ёстой төлбөрийг төлсөн баримт байгаа юм. Манай компани болон хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд болох нягтлан бодогч нь сайн дураараа тооцоо нийлсэн актад хариуцагч талын манай компанид төлөх ёстой төлбөр нь 2020 оны байдлаар 73.602.720 төгрөг гэж бичигдсэн. Энэхүү талуудын сайн дураараа тооцоо нийлсэн актад заагдсан төлбөрийг үл маргах журмаар биелүүлэх ёстой. 2017, 2018 онуудад төлбөр төлсөн баримтыг зөвхөн тухай онуудад үүссэн төлбөрийг төлсөн гэж ойлгож болохгүй. Өмнөх онуудыг төлбөрийг төлснөөр 73.602.720 төгрөгийн төлбөр тооцогдож байгаа гэдэгт анхаарвал зүйтэй. 2017 онд 15.598.993 төгрөгийн, 2018 онд 12.253.464 төгрөгийн, 2019 онд 10.807.025 төгрөгийн, 2020 онд 35.663.235 төгрөгийг үлдэгдэлтэй байсан учраас 73.602.235 төгрөгийн өр хуримтлагдсан. Иймд хариуцагч У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс дулааны эрчим хүчний үндсэн төлбөрийн үлдэгдэл болон алдангийн хамт нийт 110.404.080 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн “Ж” ХХК-ний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж доорх хариу тайлбарыг хүргүүлж байна. У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургууль маань 2015 оноос хойш 6 жил гарам хугацаанд “Ж” ХХК-тай хамтран ажиллаж байна. Урьд нь халаалтын зардлыг сангийн яамнаас нийт төсөвт суулгаж өгч байхдаа жилд 5-6 сая төгрөгийн өр гарч байсан ба үүнийг “Ж” ХХК илүү нэхэмжилж байсан удаатай. 2020 оноос хойш халаалтын зардлыг орон нутгийн төсөвт шилжүүлсэнтэй холбоотой тухайн сумын орон нутгийн төсөв бүрдээгүй байдлаас болж 2020 оны төлөвлөгөөнд У сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд 155.808.300 төгрөгийн төлөвлөгөөтэй байсан ба үүнээс жилийн эцэс хүртэл 109.903.596 төгрөгийг төрийн сангийн данснаас бидний сургуулийн дансанд шилжүүлсэн нь дансны хуулгаар ил болж байна. Манай сургуулийн дансанд орж ирсэн мөнгийг тухайн үед хугацаа хожимдуулахгүйгээр шилжүүлэн өгч хамтран ажиллаж байсан. Орон нутгийн төсөв бүрдээгүй байдлаас болж орж ирээгүй мөнгийг сургуулийн зүгээс олох ямар ч боломж байхгүй гэдгийг илэрхийлэх нь зүйтэй байх. Өртэй холбоотой сумын төрийн сангаас лавлаж асуувал илүү дэлгэрэнгүй тайлбар авах боломжтой. Энэ жил ангийн орлогоор нэмэгдүүлж сумынхаа өрийг дарах төлөвлөгөөг сумын ИТХ-аас хэлэлцэж байсан удаатай. Нэгэнт сургуулийн дансанд орж ирээгүй мөнгийг төлөх боломж байхгүй. Сумын төрийн сангаас мөнгө орж ирээгүй мөнгийг төлөх боломж байхгүй. Сумын төрийн сангаас мөнгө орж ирсэн тохиолдолд шууд шилжүүлэн өгч өрөө дархад бэлэн байна. Энэ асуудал дан ганц сургуулийн асуудал биш сумын хэмжээний асуудал гэдгийг ойлгох нь зүйтэй бол уу?. Цаашдаа хамтран ажиллахын тулд “Ж” ХХК-ний удирдлагууд сумандаа ирж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, нэгдсэн нэг ойлголцолд хүрэх нь зүйтэй байх. Энэхүү асуудал сумынхаа хэмжээнд шийдвэрлэгддэг асуудал болохоор сургуулийн зүгээс шийдвэр гаргах нь хараахан боломжгүй байна. Одоохондоо энэхүү өрийг барагдуулах боломжгүй байна. 2020 онд гэрээ байгуулагдаагүй цэцэрлэг гэсэн алдаатай гэрээнд би анзааралгүй гарын үсэг зурчихсан байсан нягтлан гарын үсэг зураагүй, тэрийгээ засварлаж авчирна гэчхээд тэр чигтээ ирээгүй. 2020 оны гэрээ хүчингүй гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд холбогдуулан тус сургуулийн санхүүгээс  дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл болон алдангийн хамт нийт 110.404.080 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрч маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэг: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн талаар

 1.1 Хавтаст хэрэгт авагдсан “Ж” ХХК болон У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн хооронд 1). 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Байгууллага, аж ахуйн нэгжид дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээгээр 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар, халаалтын улирлын 8 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн байрны талбайн хэмжээ нь 14796 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1298 төгрөгөөр тооцоход сард төлөх хэмжээ 19.205.208 төгрөг, Сургуулийн эрэгтэй дотуур байрны хэмжээ 1031,68 м.кв байх ба НӨАТ-тэй тариф болох 858 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 885181, 44 төгрөг, Сургуулийн эмэгтэй дотуур байрны хэмжээ 1613,22 м.кв байх ба НӨАТ-тэй тариф болох 858 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 1.384.142,76 төгрөгийн хамт сард  21474532,20 төгрөг ба жилд нийт 171.796.257.6 төгрөг байхаар, 2). 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаагаар, халаалтын улирлын 7 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн байрны талбайн хэмжээ нь 14796 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1298 төгрөгөөр тооцоход сард төлөх хэмжээ 19.205.208 төгрөг, Сургуулийн эрэгтэй дотуур байрны хэмжээ 1031,68 м.кв байх ба НӨАТ-тэй тариф болох 858 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 885181, 44 төгрөг, Сургуулийн эмэгтэй дотуур байрны хэмжээ 1613,22 м.кв байх ба НӨАТ-тэй тариф болох 858 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 1.384.142,76 төгрөгийн хамт сард 21.474532 төгрөг ба тухайн жилд нийт 150.321.724 төгрөг байхаар, 3). 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан Байгууллага, аж ахуйн нэгжид дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээгээр халаалтын улирлын хугацааг 7 сарын хугацаагаар дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн байрны талбайн хэмжээ нь 14796 м.куб байх ба НӨАТ-тэй тариф болох 1298 төгрөгөөр тооцоход сард төлөх хэмжээ 19.205.208 төгрөг, сургуулийн эрэгтэй дотуур байрны хэмжээ 1031,68 м.кв байх ба НӨАТ-тэй тариф болох 1287 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 1.327.772 төгрөг, сургуулийн эмэгтэй дотуур байрны хэмжээ 1613,22 м.кв байх ба НӨАТ-тэй тариф болох 1287 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 2.076.214 төгрөгийн хамт сард 22.609.194 тухайн жилд нийт 158.264.358 төгрөг байхаар харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч байгууллагаас Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Тариф батлах тухай 53 дугаар тогтоолоор 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх тарифыг Төсөвт байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын халаалтын тариф (НӨАТ-гүй) м.кв-ийг 1411 төгрөгөөр /НӨАТ-тэй 1552 төгрөгөөр/ тогтоосон  тогтоолыг, хавсралтын хамт нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ нь  зөвхөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хэрэглэгчдийн хэрэглэх дулааны тариф байх тул Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт аймаг, нийслэлд эрчим хүчний хангамжийн төрийн зохицуулалтыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ гэж заасан ба мөн зүйлийн 11.3 дахь хэсэг, 11.3.3 дахь заалтаар зохицуулах зөвлөлийн баталсан аргачлал, журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэх эрхтэй байхаар хуульчилсан боловч нэхэмжлэгч талаас энэ талаарх бичгийн нотлох баримтыг ирүүлээгүй тул шүүхээс талуудын хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээнд заасан тарифыг үндэслэв.

1.2 Нэхэмжлэгч “Ж” ХХК-аас нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч байгууллага нь дулааны эрчим хүчний төлбөрөөс 2017 оны үлдэгдэл 15.598.993 төгрөг, 2018 оны үлдэгдэл 12.253.467 төгрөг, 2019 оны үлдэгдэл 10.087.025 төгрөг, 2020 оны үлдэгдэл  35.663.235 төгрөг, нийт 73.602.720 төгрөгийн өртэй талаар тайлбарлаж, энэ талаар тус байгууллагын ня-богоос хариуцагчийн дулааны төлбөрийн талаарх хүснэгтийг гаргаж өгчээ.

Гэтэл нэхэмжлэгч “Ж” ХХК-аас хариуцагч У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулиас 2017 онд 15.598.993 төгрөгийн үлдэгдэлтэй гэж нэхэмжилсэн боловч хариуцагч байгууллагаас 2017 онд дулааны эрчим хүчний төлбөрт нийт 187415749 төгрөг төлсөн ба тэд 2017 онд дулааны эрчим хүчний төлбөрт 171.796.267 төгрөг төлөх ёстойгоос 15.619.481 төгрөг илүү төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлтээр нотлогдон тогтоогдож байх тул хариуцагч У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 2017 оны дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл гэж нэхэмжилсэн 15.598.993 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед 2017 онд дулааны эрчим хүчний төлбөрт  илүү төлсөн 15.619.481 төгрөгийг Иргэний хуулийн  238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар дараа жилийн дулааны төлбөрт тооцохыг хүссэн боловч уг мөнгийг хариуцагч байгууллагаас 2017 оны 12 дугаар сард халаалтын төлбөрт нэмж илүү төлөхдөө төлбөрийн хүсэлт 335 дугаар баримтын гүйлгээний утга гэдэг дээр “нийтийн халаалт үнэ 12 дугаар сар ба урьд өглөг” гэж бичигдсэн байх тул илүү төлсөн 15.619.481 төгрөгийг  хариуцагч байгууллагын дараа жилийн дулааны эрчим хүчний төлбөрт тооцох боломжгүй гэж шүүх үзлээ.

1.3  Хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын хооронд 2018 онд дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул 2018 оны үлдэгдэл төлбөр  болон алдангийн хамт төлөх боломжгүй гэж маргаж байгаа боловч талуудын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар “байгууллага, аж ахуйн нэгжид дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулагдсан ба уг гэрээгээр хариуцагч байгууллагаас дулааны эрчим хүчний төлбөрт сард 21.474.532 төгрөг төлөх ёстойгоос 2018 оны 01 дүгээр сард 15.610.600 төгрөг төлж, 5.863.932 төгрөг дутуу төлсөн, 02-р сард 15.448.00 төгрөг төлж, 6.026.532 төгрөг дутуу төлсөн, 03-р сард 10.294.800 төгрөг төлж, 11.179.732 төгрөг дутуу төлсөн, 04-р сар болон 5-р сарын 15 хоногийн төлбөрт 32.211.798 төгрөг төлөх ёстойгоос 21.847.400 төгрөг төлж, 10.364.398 төгрөг дутуу төлсөн, талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй хэдий боловч хариуцагч байгууллагаас 2018 оны 9 дүгээр сард  7158180 төгрөг, 10,11,12 дугаар саруудын тус  бүрд  21474532 төгрөг тус тус төлсөн ба  харин дээрх гэрээний дагуу 2018 оны 01 дүгээр сараас 5 дугаар сарын 15-ны өдөр дуустал хугацаанд дулааны эрчим хүчний төлбөрт хариуцагч байгууллагаа нь 33434594 (5.863.932+6.026.532+11.179.732+10364398) төгрөг дутуу төлсөн нь төлбөрийн хүснэгт, талуудын тооцоо нийлсэн акт, талуудын хооронд байгуулагдсан дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ болон Эрчим хүчний тухай хуульд заасан үүргээ зөрчсөн нь тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч “Ж” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2018 оны дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл  12.253.467 төгрөг гэж тодорхойлсон тул уг хэмжээгээр мөн дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл нь гэрээ байгуулсан үеийн үлдэгдэл төлбөр байх тул уг гэрээний 6.2-т зааснаар үлдэгдэл төлбөрөөс алданги нэмж нэхэмжилсэн нэхэмжлэгч “Ж” ХХК-ний нэхэмжлэл нь  хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

1.4 Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан 2019 болон 2020 онуудын “Байгууллага, аж ахуйн нэгжид дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээг”-ээр халаалтын улирлын 7 сарын хугацаагаар байгуулагдсан ба уг гэрээгээр хариуцагч байгууллага нь 2019 онд сард 21.474.532 төгрөг жилд нийт 150321724 төгрөг төлөх ёстойгоос 121.102.400 төгрөг төлж, 29.219.324 төгрөг дутуу, мөн 2020 оны гэрээгээр сард 22.609.149 төгрөг, жилд нийт 158,264.043 төгрөг төлөх ёстойгоос 107.978.596 төгрөг төлж, 50.385.447 төгрөг  тус тус дутуу төлсөн нь төлбөрийн хүснэгт, талуудын тооцоо нийлсэн акт, талуудын хооронд байгуулагдсан дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ болон Эрчим хүчний тухай хуульд заасан үүргээ зөрчсөн нь тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч “Ж” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлд 2019 онд 10.087.025 төгрөг, 2020 онд 35.663.235 төгрөг гэж  тодорхойлсон тул уг хэмжээгээр хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагч байгууллагаас 2019 оны дулааны эрчим хүчний төлбөрт 140.525.130 төгрөг төлсөн талаарх тооцоогоо ирүүлсэн байгаа боловч тооцооны 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 15.448.000 төгрөг төлсөн талаар төлбөрийн баримтгүй мөн нэхэмжлэгч байгууллагаас тооцоогоо буруу гаргасан байх тул шүүхээс 2019 оны төлбөрийн хүсэлтийн баримтаар 2019 онд 121.102.400 төгрөг төлсөн болохыг тооцож гаргав.

Дээрх талуудын хооронд байгуулагдсан 2018 болон 2019 онуудын гэрээний 6.2-т, 2020 оны гэрээний 4.3.-т хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг сар тутам төлсний үндсэн дээр дулааны эрчим хүч хэрэглэнэ. Хангагчийн нэхэмжлэлийн дагуу сар бүрийн 30-ны хүртэл саадгүй хийнэ. Хэрэв хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. Хэрэглэгч нь гэрээ дуусгавар болох 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 294 өдрийн хугацаанд хэрэглэсэн дулааны төлбөрөөс үлдсэн 58.003.727 (12.253.467+10.087.025+35.663.235) төгрөгийг төлөөгүй бөгөөд энэ хугацааны алдангийн төлбөрийг гэрээ болон Эрчим хүчний тухай хуульд зааснаар тооцоход, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна.

Гэтэл талууд гэрээндээ хангагчаас дулааны төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцсон нь Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.-т заасанд нийцсэн байна. Мөн зүйлийн 31.4.-т зааснаар хангагчаас ногдуулсан нийт алдангийн хэмжээ нь хэрэглэгчийн дутуу төлсөн эрчим хүчний төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй тул хэрэглэгчийн дулааны төлбөрт дутуу төлсөн 58.003.727 төгрөгийн 50 хувь буюу 29.001.863 төгрөгийг алданги тооцон хариуцагч У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох  дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл болон алдангийн хамт нийт 87.005.590 (58.003.727+29.001.863) төгрөгийг хариуцагч У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 23.398.490 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 709971 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан 87.005.590 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 592978 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл болон алдангийн хамт нийт 87005590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 23398490 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 709971 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид  592,978 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.ЖАРХЫНГҮЛ