Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 212/МА2022/00009

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00996 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч *** үйл ажиллагаа явуулдаг, “Ж” ХХК-ний /гүйцэтгэх захирал М.Т/-н нэхэмжлэлтэй, хариуцагч *** багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд холбогдох, 

“Дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл болон алдангийн хамт нийт 110.404.080 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн танилцуулснаар тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагчийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн үндэслэл:

1. Хариуцагч У сумын бүрэн дунд сургууль нь 2017 оноос хойш дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 73,602,720 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

2. Талуудын хооронд байгуулагдсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичилт хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой.

3. Гэтэл хариуцагч худалдаж авсан дулааны эрчим хүчний үнийг гэрээнд заасан хэмжээгээр тогтсон хугацаанд төлөхгүй байна.   

4. Манай компанийн зүгээс хариуцагчид энэхүү 73,602,720 төгрөгийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.

5. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ. Тус гэрээний 6.2-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон.

6. Үүнээс гадна Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан.

7. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 255,820,117 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-аас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хууль болон Эрчим хүчний тухай хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-аар тооцоход алданги нь 36,801,360 төгрөг болж байна.

8. Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын бүрэн дунд сургуулиас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр болох 73,602,720 төгрөг, алданги 36,801,360 төгрөг нийт 110,404,080 төгрөг гаргуулах гаргуулж өгнө үү.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал:

1. У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургууль нь 2015 оноос хойш 6 жил гаруйн хугацаанд “Ж” ХХК-тай хамтран ажиллаж байна.

2. Урьд нь халаалтын зардлыг сангийн яамнаас нийт төсөвт суулгаж өгч байхдаа жилд 5-6 сая төгрөгийн өр гарч байсан ба үүнийг “Ж” ХХК илүү нэхэмжилж байсан удаатай.

3. 2020 оноос хойш халаалтын зардлыг орон нутгийн төсөвт шилжүүлсэнтэй холбоотой тухайн сумын орон нутгийн төсөв бүрдээгүй байдлаас болж 2020 оны төлөвлөгөөнд У сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд 155.808.300 төгрөгийн төлөвлөгөөтэй байсан ба үүнээс жилийн эцэс хүртэл 109.903.596 төгрөгийг төрийн сангийн данснаас бидний сургуулийн дансанд шилжүүлсэн нь дансны хуулгаар ил болж байна.

4. Манай сургуулийн дансанд орж ирсэн мөнгийг тухайн үед хугацаа хожимдуулахгүйгээр шилжүүлэн өгч хамтран ажиллаж байсан.

5. Орон нутгийн төсөв бүрдээгүй байдлаас болж орж ирээгүй мөнгийг сургуулийн зүгээс олгох ямар ч боломж байхгүй гэдгийг илэрхийлэх нь зүйтэй.

6. Өртэй холбоотой сумын төрийн сангаас лавлаж асуувал илүү дэлгэрэнгүй тайлбар авах боломжтой.

7. Энэ жил ангийн орлогоор нэмэгдүүлж сумынхаа өрийг дарах төлөвлөгөөг сумын ИТХ-аас хэлэлцэж байсан удаатай.

8. Сумын төрийн сангаас мөнгө орж ирсэн тохиолдолд шууд шилжүүлэн өгч өрөө дархад бэлэн байна. Энэ асуудал дан ганц сургуулийн асуудал биш сумын хэмжээний асуудал юм.

9. Цаашдаа хамтран ажиллахын тулд “Ж” ХХК-ний удирдлагууд сумандаа ирж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, нэгдсэн нэг ойлголцолд хүрэх нь зүйтэй байх.

10. Энэхүү асуудал сумын хэмжээнд шийдвэрлэгддэг асуудал болохоор сургуулийн зүгээс шийдвэр гаргах нь хараахан боломжгүй байна.

11. 2020 онд гэрээ байгуулагдаагүй цэцэрлэг гэсэн алдаатай гэрээнд би анзааралгүй гарын үсэг зурчихсан байсан нягтлан гарын үсэг зураагүй, тэрийгээ засварлаж авчирна гэчхээд тэр чигтээ ирээгүй. 2020 оны гэрээ хүчингүй.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00996 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл болон алдангийн хамт нийт 87005590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 23398490 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 709971 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 592,978 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн гомдлын агуулга:

1. Тус сургууль нь 2017 онд гэрээ ёсоор 171,796,267 төгрөг төлөх ёстой. Гэвч бид тухайн жилд нийтдээ 187,415,749 төгрөг төлж, 15,619,481 төгрөгийг илүү төлсөн. Ингэж илүү төлөх болсон шалтгаан нь зарим жилүүдэд жилийн эцэст төсвөөс тодорхой хэмнэлт гардаг учир дараа жилийн тооцоонд оруулахаар харилцагч байгууллагын данс руу шилжүүлдэг тохиолдол байдаг.

2. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх илүү төлсөн 15,619,481 төгрөгийг тооцооноос хасахгүйгээр өмнөх 2016 оны үлдэгдэл төлбөрт төлсөн мэтээр дүгнэсэн явдалд гомдолтой байна.

3. Хэрэгт цугларсан нотлох баримт дотор 2016 оны үлдэгдэл төлбөр байгаа талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байхад нэхэмжлэгч талын аман тайлбараар 2016 оны үлдэгдэл төлбөр гэж тооцож шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээ нь 2017 оны 9 дүгээр сарны 15-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарч байгаа ба 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд талуудын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй.

4. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дээрх байдлыг анхаарч үзэхгүйгээр 2018 оны дутуу төлөлт 12,253.467 төгрөг, алданги 6,126,733 төгрөг, бүгд 18.380,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

5. 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд талуудын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй учир тухайн хугацаанд эрчим хүчний төлбөрийг дутуу төлсөн гэж үзэх үндэслэлгүй.

6. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж зохицуулсан учир 2018 оны эрчим хүчний үнийн дутуу төлөлтөд алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.

7.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор хуульчилсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд алдангийн хэмжээг хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар тусгасан байгаа ба тухайн гэрээ байгуулах үед дараа нь ийм маргаан гарна гэж төсөөлөөгүй учир гэрээг нарийвчлан хянахгүйгээр “Ж” ХХК-аас боловсруулан ирүүлсэн бэлэн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Дээрх алданги нь хуульд заасан анзын дээд хэмжээгээр туссан, хэт өндөр бөгөөд сумын сургууль нь төсөвт байгууллага учир ямар нэгэн орлого олох эх үүсвэргүй, зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Ийм тохиолдолд үндсэн төлбөрөө төлж чадахгүй байж дээр нь алданги төлөх ямар нэгэн боломж байхгүй.

8. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч байгууллагын өмгөөлөгч алдангийн хэмжээг багасгах талаар үндэслэл бүхий хүсэлт гаргасан.

9. Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд анзын хэмжээг багасгах бүрэн боломжтой байхад хуулийн дээрх энэ зохицуулалтыг хэрэглээгүй явдалд гомдолтой байна.

10. Иймд бидний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 2017 онд илүү төлсөн 15,619,48140 төгрөгийн төлбөр, түүнд ногдох алдангийг нийт төлбөр алдангиас хасаж, 2018 оны төлбөрийн үлдэгдэл 12,253,467 төгрөг, алданги 3,126,733 төгрөг, бүгд 18,380,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож нийт төлөх төлбөр, алдангийн хэмжээг багасгах шийдвэр гаргаж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

1. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд давж заалдах гомдол гаргаагүй.

2. Дулааны эрчим хүчний үндсэн төлбөр болох 73.602.720 төгрөг, алданги 36.000.000 төгрөг байсан. Зохигчдоос үүнтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

3. Нэхэмжлэгч талаас шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг зарим тохиолдолд өнгөрүүлсэн байсныг шүүхийн шийдвэр гарсны дараа ойлгосон. Өөрөөр хэлбэл 2015, 2016 онуудын төлбөрийг тухайн үед 3 жилийн дотор гаргуулан авах ёстой байсан бөгөөд хугацаа алдсан байсан гэдгийг ойлгосон. Гэсэн хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрээр 87.000.000 төгрөг гаргуулсан хэсгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь хариуцагч талд ашигтай шийдвэр боловч хариуцагч тал 87.000.000 төгрөг гаргуулсан шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байх шиг байна.

4. Хариуцагч талаас гэрээ байхгүй гэх тайлбарыг гаргасан. Хавтаст хэрэгт 2017, 2018, 2019, 2020 оны гэрээнүүд бүгд авагдсан байгаа. Бүгд хугацаатай. Гэрээ байсаар байхад нотлох баримт байхгүй, гэрээ байгуулагдаагүй, алданги тохиролцоогүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

5. Өнгөрсөн хугацаанд оны эцсээр төлбөрийг дутуу шилжүүлдэг байсан гэдэг нь тогтоогдсон. 2017 онд 12 дугаар сард өмнөх онуудын төлбөрийг шилжүүлснийг илүү төлбөр шилжүүлсэн мэтээр гуйвуулан тайлбарласан асуудал гарсан. Төлбөрийн хүсэлт гэх нотлох баримтын “гүйлгээний утга” гэх хэсэгт нь 2015, 2016 онуудаас үлдсэн төлбөрийг 2017 онд төлсөн байгаа. Үүнийг илүү төлбөр төлсөн хэмээн гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

6. Нэгэнт үр шимийг нь хүртсэн бол төлбөрийг нь төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдуулан гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг гомдолд заасан үндэслэлийн хүрээнд хянан үзэхэд, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

2. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч тус аймгийн У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд  сургуульд холбогдуулж дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнэ, алдангийн хамт 110.404.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, харин хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан “Ж” ХХК болон тус аймгийн У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд  сургууль нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “Байгууллага аж ахуйн нэгжид дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай” гэрээгээр 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл  8 сарын хугацаагаар, халаалтын улирлын 8 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /1. Сургуулийн байр сарын 14796 м2 талбайд 1298.00 төгрөгөөр тооцож сард 19,205,208, 2. “Дотуур байр эр” сарын 1031,68 м2 талбайд 858.00 төгрөгөөр тооцож сард 885,181.44, 3. “Дотуур байр эм” сарын 1613,22 м2 талбайд 858.00 төгрөгөөр тооцож сард 1,384,142.76, нийт 21,474,532.2 х 8= 171,796,257.6/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцож,

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Байгууллага аж ахуйн нэгжид дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ээр 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл  1 жилийн хугацаатай, халаалтын улирлын  7 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /1. Сургуулийн байр сарын 14796 м2 талбайд 1298.00 төгрөгөөр тооцож сард 19,205,208, 2. “Дотуур байр эр” сарын 1031,68 м2 талбайд 858.00 төгрөгөөр тооцож сард 885,181.44, 3. “Дотуур байр эм” сарын 1613,22 м2 талбайд 858.00 төгрөгөөр тооцож сард 1,384,142.76, нийт 21,474,532.2 х7= 150,321,726.1/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцож,

2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ээр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай, халаалтын улирлын 7 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /1. Сургуулийн байр сарын 14796 м2 талбайд 1298.00 төгрөгөөр тооцож сард 19,205,208, 2. “Дотуур байр эр” сарын 1031,68 м2 талбайд 1287.00 төгрөгөөр тооцож сард 1,327,772, 3. “Дотуур байр эм” сарын 1613,22 м2 талбайд 1287.00 төгрөгөөр тооцож сард 2,076,214, нийт 22,609,194 х7= 158,264,358/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцож,  талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна.

 

            4. Хавтаст хэрэгт авагдсан 2017, 2018, 2019, 2020 оны тооцоо нийлсэн акт, талуудын хооронд байгуулагдсан дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээгээр хэрэглэгч тус аймгийн У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургууль нь 2018, 2019, 2020 оны халаалтын улиралд дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 58,003,727 төгрөг, алданги 29,001,863 төгрөг, нийт 87,005,590 төгрөгийн төлбөрийг төлөөгүй буюу гэрээ болон Эрчим хүчний тухай хуульд заасан үүргээ зөрчсөн нь тогтоогджээ.

 

5. Хэрэгт авагдсан “Ж” ХХК болон тус аймгийн У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд  сургуулийн хооронд 2018 онд “Байгууллага аж ахуйн нэгжид дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулагдаагүй гэх боловч 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Байгууллага аж ахуйн нэгжид дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай” гэрээгээр 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл  8 сарын хугацаагаар байгуулсан байх бөгөөд гэрээний дагуу хариуцагч байгууллагаас 145,226,434 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагч тус аймгийн У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд  сургуулиас авах төлбөрийг бодсон хүснэгт, мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

6. Талуудын хооронд байгуулагдсан 2017, 2019 оны гэрээний 6.2, 2020 оны гэрээний 4.3 дахь хэсэгт хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний үнийг сар бүрийн 30-ны дотор бүрэн төлөх үүрэгтэй. Сардаа багтааж төлөгдөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. Эрчим хүчний тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.” гэж заасан тул хэрэглэгчээс алданги гаргуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл хууль зүйн үндэслэлтэй. 

 

7. Хариуцагчаас давж заалдах гомдлын үндэслэлээ (1) 2017 онд гэрээгээр 171,796,267.60 төгрөг төлөх ёстойгоос 187,415,749 төгрөгийг төлж 15,619,481.40 төгрөгийг илүү төлснийг алдангийн хамт нийт төлбөрөөс хасуулах, (2) 2018 онд талууд гэрээ байгуулаагүй тул мөн оны төлбөр алдангийн хамт 18,380,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах, (3) шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээг багасгах бүрэн боломжтой тул уг зохицуулалтыг хэрэглээгүйд гомдолтой гэж тайлбарлажээ. Хавтаст хэргийг хянахад хэргийн 67 дугаар талд авагдсан 335 дугаартай төлбөрийн хүсэлтээр хариуцагч У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургууль нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч “Ж” ХХК-д 32,574,677 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд шилжүүлгийн утга хэсэгт “нийтийн халаалт үнэ /12-р сар/ ба урьд өглөг” гэсэн байх тул энэ агуулгаар анхан шатны шүүх уг төлбөрийг өмнөх оны үлдэгдэлд тооцож, нэхэмжлэлийн үнээс хасаж тооцоогүй нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь зөв үнэлжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол нотлох баримтад үндэслэгдээгүй.

 

8. Хариуцагчаас талууд 2018 онд гэрээ байгуулаагүй гэх боловч 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд уг гэрээ үйлчлэхээр байгуулсан, үүнээс гадна Эрчим хүчний тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар талуудын гэрээнд анзын талаар тусгаагүй ч анзын хариуцлагыг хуульд зааснаар хэрэглэгчид оногдуулж болох талаар хуульчилсан байх тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

 

9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.” гэж хуульчилжээ. Анхан шатны шүүх уг заалтыг хэрэглээгүйг буруутгах хууль зүйн үндэслэлгүйгээс гадна хэргийн нөхцөл байдлаас үзвэл, хэрэглэгчид ногдуулсан анзын төлбөрийн хэмжээ хэт их гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

10. Хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байх тул хариуцагч У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд  сургуулиас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр, алдангийн хамт 87,005,590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж үзнэ. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн хууль зүйн болон бодит үндэслэлгүй давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны  өдрийн 130/ШШ2021/00996 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК