Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2021/00969

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Бүргэд, С.Чоя-1 гудамж, 102 тоотод оршин суух, С, Се нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Бүркит, 4-36 айлын орон сууцны 07 тоотод оршин суух,Б-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Сн, түүний өмгөөлөгч Н, нэхэмжлэгч Се-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч  И, О /цахимаар/, гэрч В, Ж, орчуулагч Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Арманбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, 4-36 айлын орон сууцны зүүн талд байрлалтай хариуцагчийн эзэмшлийн амбаарыг буулгахыг хариуцагч Б-д даалгахыг хүсжээ.

Нэхэмжлэгч С, Се нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, 102 тоотод нөхөр Се-тэй хамт амьдардаг болно. Тус байраа 2012 онд барьсан бөгөөд үл хөдлөх болон газрын өмчлөх эрхийн гэрчилгээтэй болно. Өлгий сумын 11 дүгээр баг 102 тоот буюу манай байрны ертөнцийн зүгээр урд талд буюу гал тогооны өрөөний урд Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 11 дүгээр баг, 4-36 айлын орон сууцны 1 орц, 7 тоотод оршин суудаг иргэн Б нь амбаартай байсан бөгөөд өнгөрсөн жилийн хугацаанд амбаарынхаа дээвэр барих замаар манай үл хөдлөх хөрөнгийн гал тогооны өрөөний цонхыг хааж, тагласан буюу миний өмчлөлийн байрны нарны гэрэлтүүлэг тусах талыг хаасан байдалтай байгаа юм. Ингэснээр хариуцагч нь тус газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх” мөн зүйлийн 16.3 дахь хэсэгт “үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрх”-ийг тус тус зөрчиж байна. “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх” нь нарны шууд тусгалтай холбоотой бөгөөд нарны шууд тусгал нь хүний эрүүл мэнд, физиологийн хувьд өндөр ач холбогдолтой, нян бактери устгах үйлдэлтэй, дулааны болон гэрлийн эерэг нөлөөтэй, сэтгэл санааг сэргээх, тайвшруулах тааламжит үйлчилгээтэй байгалийн чухал хүчин зүйл юм. Нарны шууд тусгал нь хомсодвол сэтгэл гутрах, өвчин эмгэг амархан тусах, өөрөө тасалгаа жиндэх, чийгтэх, байгалийн гэрэлтүүлэг дутагдах сөрөг үр нөлөөтэй. Иймд нарны шууд тусгал тусдаг байх нь эрүүл ахуйн чухал шаардлага болох учир “Нар харах эрх”-ийг шууд бусаар хуулиудад хуульчилсан байдаг. Жишээлбэл, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт "хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан”, мөн зүйлийн 9.1.4 дэх хэсэгт "зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын нөxцөл байдлыг алдагдуулаагүй байх”, мөн Барилгын норм ба дүрмийн 23-01-07-ийн 3.1-д "нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, физиологийн нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгааны нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана" гэсэн шаардлагуудыг хуульчилжээ. Ийм учир энэ нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх өөрөө “нар харах эрх” багтдаг юм.

Нөгөө талаас "үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрх" нь өмчлөлд байгаа эд хөрөнгөө зориулалтын дагуу чөлөөтэй захиран зарцуулах, ашиглах, үүний үр дүн үр шимийг нь хүртэхтэй холбоотой ойлголт. Үл хөдлөх хөрөнгийн нэг талын цонхыг таглаж, хааснаар үл хөдлөх хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах, өмчлөх эрх маань шууд зөрчигдөж байгаа нэг хэлбэр. Ийм учир иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг дараах замаар хязгаарлах эрхтэй /цаашид "сервитут” гэх/ өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг бусад өмчлөгчдөд даалгах” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус онцгой эрхийг нь хуульчилсан байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэлийн хүрээнд иргэний хэрэг үүсэхээр хуульчилсан болно. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт “Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ” гэж, мөн зүйлийн 134.2 дахь хэсэгт “хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан нь хөрш залгаа эд хөрөнгө эзэмшигч 2 талынхаа эрхийг хүндэтгэх үүргийг хуульчилсан.

Энэ хүрээнд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт “Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ шаардах эрхтэй” гэж, мөн зүйлийн 135.4 барилга, байгууламж газрын тогтоосон өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эртэй" гэж, мөн зүйлийн 135.4 дэх хэсэгт "Энэ хуулийн 135.3-т заасан барилга байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй” гэж тус тус хуульчилсан нь хөрш залгаа газар эзэмшигч, өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал тус барилгыг буулгах, зайлуулахыг шаардах эрхийг олгосон байна. Иргэн, хариуцагч Б нь миний үл хөдлөх эд хөрөнгийн урд байрладаг амбаартаа дээвэр барьснаар өмчлөгчийн дээр дурдсан хууль ёсны эрх ашгийг илтэд харшилсан үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ. Хариуцагч амбаараа зориулалтын бусаар ашигласнаар янз бүрийн үнэр орж ирэх зэрэг олон үйлдэл гаргасан ч нэхэмжлэгчийн зүгээс энэ асуудлыг эвээр шийдэх үүднээс хэд хэдэн удаа шийдэл санал болгосон ч зөвшөөрөөгүй. Сүүлд амбаарт дээвэр барьснаар нарны шууд тусгал хаагдсан.

Иймд хариуцагч Б-ны өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилж хууль бусаар барьсан амбаарыг албадан /буулгах/ нүүлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Хариуцагч Б нь хууль бусаар амбаар барьж бидний байшингийн гал тогооны өрөөний цонхыг хаагаад барахгүй үлдсэн хоёр цонхыг ашиглах эрхэд маань ч гэсэн халдаж байна. Машин тэргээ тавьсан ч энэ газар миний газар гэх байдлаар хэрүүл маргаан гаргадаг. Энэ байдлын улмаас байнга айдастай явдаг болсон. Хариуцагчийн хууль бусаар барьсан амбаарын ар хэсэг нь баас, шээсээр дүүрсэн учраас байшингийнхаа цонхыг нээж агаар амьсгалах боломжгүй болж, нар харах эрхээ эдэлж чадахгүй байна. Иймээс хариуцагчийн хууль бусаар барьсан амбаарыг буулгахыг хариуцагчид даалгаж өгөхийг шүүхээс хүсэж байна.

Нэхэмжлэгч Се итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүхэд гаргасан  тайлбар болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй нэхэмжлэгч Се-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч А би дараах байдлаар хариуцагчийн тайлбарт нэмэлт тайлбар гаргаж байгааг хүлээн авна уу. Хариуцагч хариу тайлбарын нэг дэх хэсэгтээ “хариуцагчийн амбаар нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөөс цаг хугацааны хувьд өмнө баригдсан учир Үндсэн хуулийн холбогдох хэсэгт заасан эрхийг зөрчөөгүй” гэж үзсэн байна. Цаг хугацааны хувьд өмнө баригдсан хэдий ч тухайн үед нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн холбогдох хэсэгт заасан өмчлөх эрх болон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих нөхцөл байдал байгаагүй буюу нэхэмжлэгч маргаан бүхий газарт үл хөдлөх эд хөрөнгөтэй болсноор түүний холбогдох эрх зөрчигдсөн болно. Хариуцагч хариу тайлбарын хоёр дахь хэсэгтээ “тухайн үед шинээр баригдах үед хажууд нь баригдсан байсан барилгад Барилгын тухай хуульд заасан шаардлага хангаагүй гэж маргах нь үндэслэлгүй” гэж тайлбарласан байна. Хариуцагчийн амбаараа нэхэмжлэгч барилгын ажлаа эхлүүлэх үеэр томруулж шинээр барьсан. Энэ тухай өөрөө тайлбартаа дурдсан байна. Тэгэхээр тухайн үед томруулан шинээр барихад барилгын тухай хуульд холбогдох заалтыг баримтлах ёстой байсан.

Хариуцагч хариу тайлбарын гурав дахь хэсэгтээ “нар харах эрхийг зөрчсөнийг эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй, тогтоосон байх ёстой” гэсэн байна. Эрх ашиг, сонирхол нь зөрчигдсөн болохыг шүүх тогтоодог зарчимтай. Нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхол зөрчигдсөн болохыг шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан учир шүүх зөрчигдсөн үгүй эсэхийг тогтооно. Түүнчлэн, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Үзлэг хийсэн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан. Тус тэмдэглэлийн 4 дэх хэсэгт “Нэхэмжлэгчийн стандарт блокоор барьсан хашаанд залгаж баригдсан хариуцагчийн амбаараас нэхэмжлэгч улаан тоосгоор барьсан хувийн амины орон сууц хүртэлх зайг хэмжихэд 1 метр байсан ба хариуцагчийн уг амбаар нь нэхэмжлэгчийн хоёр давхар байшингийн 1 дүгээр давхрын өрөөний цонхыг хаасан байдалтай байв” гэж үзлэгээр тогтоосон. Өөрөөр хэлбэл, үзлэгээр нэхэмжлэгчийн нэгдүгээр давхрын өрөөний цонхыг хааснаар нэхэмжлэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах” эрх нь зөрчигдсөн болохыг тогтоож байна. Нэхэмжлэгч нэг давхрын цонхыг маань бүхэлд нь хааж байна, ингэж хааснаас болж нар гэрэлтүүлэг тусахгүй, өмчийн зүйлээ бүхэлд ашиглаж чадахгүй байна гэж маргаж байгаа. Нэг давхрыг бүхэлд нь хаасан нь илт харагдаж байгаа буюу үзлэгээр тогтоогдсон зүйл. Хариуцагч хариу тайлбарын дөрөв дэх хэсэгтээ “барилга хоорондын зай 2 метр учир хөрш залгаа эд хөрөнгө гэж үзэхгүй” гэж тайлбарласан. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр "Үзлэг хийсэн тэмдэглэл” хавтаст хэрэгт авагдсан. Тус тэмдэглэлийн 4 дахь хэсэгт “нэхэмжлэгчийн стандарт блокоор барьсан хашаанд залгаж баригдсан хариуцагчийн амбаараас нэхэмжлэгчийн улаан тоосгоор барьсан хувийн амины орон сууц хүртэлх зайг хэмжихэд 1 метр байсан” гэж үзлэгээр тогтоосон буюу барилга хоорондын зай 2 метр биш 1 метр байна. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт “хөрш залгаа эд хөрөнгө” гэж хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг ойлгоно гэсэн болохоос барилгын хоорондын зайнаас хамаарч хөрш залгаа эд хөрөнгө болох тухай заагаагүй.  

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 16 дугаар  тогтоолоор “Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 4 дүгээр дэд бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарласан” ба уг тогтоолын 1 дэх хэсэгт заасны дагуу Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д заасан “хөрш залгаа эд хөрөнгө, хил залгаа эзэмшил газар” буюу тодорхой зурвасаар зааглагдсан зэргэлдээ эзэмшил газар хамаарахаас гадна ийнхүү шууд зэрэгцсэн байршилгүй ч газар ашиглалтын явцад харилцан нөлөөлөл бүхий байдал үүсгэх, өмчлөлийн хэлбэр үл хамаарах мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан газраас “бусад үл хөдлөх эд хөрөнгө” хамаарна гэсэн. Үүнээс үзвэл, хөрш залгаа эд хөрөнгө болох нь тогтоогдож байна. Хариуцагчийн эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийн зарим хэсгийг хааж баригдсанаар хоёр талаас харилцан нөлөөлж болох хил залгаа бусад үл хөдлөх эд хөрөнгө бүхий хөрш залгаа эд хөрөнгө болно. Хариуцагч хариу тайлбарын тав дахь хэсэгтээ “Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсгийг хэрэглэхэд нөгөө талын ашиг сонирхолд илтэд харшилсан, ноцтой хохироож болох нөхцөл байдал тогтоогдсон байх шаардлагатай. Тал талд олон цонхтой, хоёр давхар байрны зөвхөн нэг цонхыг амбаар хаасан гэдэг нь ноцтой хохирол биш, эрх бүхий байгууллагын шийдвэргүй” гэж үзсэн байна. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар олон цонхтой, 2 давхар байрны 1 цонхыг амбаар хаасныг Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дахь хэсэгт заасан “хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилсан” үйлдэл гэж үзэхгүй гэсэн байна. Үүнээс үзвэл, хариуцагчийн амбаар нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн зарим хэсгийг хаасныг зөвшөөрч байгаа бөгөөд үүнтэй маргаагүй байна. Хуулийн тус хэсэгт заасан "Илтэд харшилсан” гэдгийг 4 цонхтой байвал 2 цонхыг хааснаар илтэд харшилсан, зөвхөн нэг цонхыг л хаасан бол биш гэж үзэн тайлбарлах нь хуулийн тус хэсгийг өмчлөгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд учирч буй бодит саад учруулж байгаа эсэхийг тогтоох замаар хэрэглэх учиртай. Маргаан бүхий барилгын өрөө болгон өөрийн гэсэн зориулалттай, үзлэгээр тогтоогдсон, хариуцагчийн маргаагүй, үзлэгээр тогтоогдсон буюу амбаараар хаагдсан байгаа цонх нь гал тогооны өрөө. Тус өрөөний нар тусах талыг хааснаар гал тогоондоо хоол цайгаа бэлдэх, хадгалах, идэхээс авхуулаад "эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх” шууд байдлаар зөрчигдөж байна.

 Нэхэмжлэгч нар 2017 оны сүүлээр нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьсан байдаг юм. Үүнээс өмнө 1987 оноос эхлээд тус орон сууцанд амьдарч байсан ба дараагаар нь энэхүү орон сууцаа худалдан борлуулах замаар анх М-ийн нэр дээр байсан газрыг худалдаж аваад уг газарт шинээр байшин барьсан. Нэхэмжлэгч нар тухайн газартаа байшин барихаас өмнө тухайн үл хөдлөх байршиж буй газартай залгаа оршдог газарт 2х2 метр хэмжээтэй амбаар байсан ба нэхэмжлэгч нар байшингийн барилгын ажлаа хийж байх явцад Б нь нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгө руу харуулж буруу талаас нь дээвэр хийж, яндан гаргаж, нэхэмжлэгчийн байшингийн гал тогооны өрөөний цонхыг бүхэлдээ хааж  өмнөх амбаараа томруулаад шинээр барьсан. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл маргаан бүхий амбаар нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар ноцтой хохирол учруулахуйц барилга байгууламж байгаа юм. Улсын Дээд Шүүхийн 2010 оны 16 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт зааснаар “ноцтой хохироож болох барилга байгууламж гэж хөрш залгаа газрыг эзэмшигч нөгөө этгээдийн хил хязгаарыг зөрчөөгүй буюу Газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу газрын улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа өгөгдлүүд болох талбайн хэмжээ, хилийн шугам, түүний геодезийн байнгын цэг, тэмдэглэлтийг тэмдэглүүлсэн байршилтай давхцаагүй, хөрш залгаа этгээдийн хилийн шугамыг агаарын эсхүл газрын хэвлий хэсгээр давж ороогүй, өөрийн эзэмшлийн газарт барьж байгаа боловч уг барилга, байгууламжаас бий болох нөлөөлөл нь хөрш залгаа газрын эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй, хэвийн ажиллах, аж төрөхөд саад учруулах нь илэрхий болсон үл хөдлөх эд хөрөнгийг хэлнэ” гэж тайлбарласан. Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа 2018 онд бороо их орсны улмаас шинээр амбаараа томруулаад барьж дээвэр барьсан гэж амбаараа шинээр томруулаад барьснаа хүлээн зөвшөөрсөн. Энэнээс үзэхэд дээвэр хийснээр нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн 1 дүгээр давхрын цонхыг бүхэлдээ хаасан нь харагдаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан тус орон сууцанд 1980 оноос эхэлж амьдарч байгаа Сай гэх гэрчийн тайлбарт “маргаан бүхий амбаарт хариуцагч хог хаягдал байрлуулдаг учраас муухай үнэр гарч, тус орон сууцны оршин суугчдад төвөг учруулдаг” гэж мэдүүлсэн. Мөн дээрээс нь хариуцагчийн амбаар нь нэхэмжлэгчийн Улсын Дээд Шүүхийн дээрх тайлбарт заасан ноцтой хохирол учруулж болох барилга байгууламж мөнөөс мөн гэж үзэж байна. Учир нь хариуцагч нэхэмжлэгчийн нар харах боломжийг хааж, амбаарын дээврээ зориуд өндөрсгөж нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө рүү харуулж хийж, яндангаа хэт ойр гаргаж утаа тортог ялгаруулж, амбаартаа хог хаягдал байрлуулж нэхэмжлэгч нарын эрхэд халдаж байна. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, 4-36 айлын орон сууцны зүүн талд байрлалтай хариуцагчийн эзэмшлийн амбаарыг буулгахыг хариуцагч Б-д даалгах тухай болгон тодруулсан болно. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б тус шүүхэд иргэн С-ны надад холбогдуулан гаргасан буюу нэхэмжлэгчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхолд харшилж буй хууль бусаар барьсан амбаарыг албадан буулгахыг даалгасан нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, дараах хариу тайлбарыг үүгээр хүргүүлж байна.

Миний бие Б Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 11 дүгээр баг, 4-36 айлын орон сууцны 7 тоотод оршин суудаг ба тус байранд 1996 оноос хойш амьдран сууж байна. 1999 онд талийгаач нөхөр маань болох Жа нас бардаг жил байрныхаа гадаа бусад сууц өмчлөгч нарын нэгэн адил амбаар барьсан ба өнөөдрийг хүртэл тус амбаарыг эзэмшиж, ашиглаж ирсэн. Өнөөдөр нэхэмжлэгч болон түүний нөхөр Серик нарт мөн адил хоёр амбаар болон нэг гарааж манай байрны гадаа байгаа билээ. 2000 оноос хойш миний бие хувиараа наймаа эрхэлж эхэлсэн ба өөрийнхөө амбаартаа бараа бүтээгдэхүүнээ хадгалж ашиглаж ирсэн. 2010-2011 онд манай хөрш болох Баян-Өлгий аймаг, Өлгий сум 11 дүгээр баг, 4-36 айлын орон сууц, 8 тоотод оршин суудаг Се, С нар нь байраа зарж, амины орон сууцтай болох гэж байгааг байрны хөршүүдээс дуулсан. Удалгүй манай амбаарын хажууд байгаа хэдэн амбаарыг нурааж, хогийн цэгийг өөр газар луу шилжүүлж, Се, С нар нь хашаа татаж эхэлсэн ба хашааныхаа том (машин орж гардаг) хаалгыг манай амбаарын яг үүдэнд хийж эхлээд намайг амбаар чинь манай үүд хэсэгт бидэнд болон чамд орж гарахад хэцүү байна гэж намайг шахалтад оруулж, зайлуул гэж хэл амаар доромжилж байсан. Тухайн үед аймгийн газрын албаны дарга Н-д миний бие гомдол гаргаж, Н дарга ирж 2-3 метрийн зайтайгаар хашаа болон үл хөдлөх эд хөрөнгөө барих ёстой. Мөн газрын албанаас зөвшөөрсөн газрын хэмжээнээс уртасгаж, сунгаж хашаа татсан болохыг тогтоож, хашаа татах ажлын зогсоохыг даалгаж байсан. Тэр даруй нэхэмжлэгч С нь манайд ирж үл ойлголцол гарлаа, хүний ёсоор уучлалт гуйж байна, бид хашааныхаа хаалгыг өөр зүгт хийх болно гэж уйлж, гомдлоо газрын албанаас татчих гэж гуйж байсан ба миний бие олон жил хөрш амьдарсан нөхөрлөлөө бодож гомдлоо татаж байсан удаатай. Тэр жил маш их бороотой зун байсан ба манай амбаараас ус алдаж эхэлсэн байсан. Иймд миний төрсөн ахын хүү болох дүү В-гаар амбаартаа дээвэр хийлгэсэн. Яг тэр үед С нар нь дөнгөж хашаа татаж, хашааныхаа хаалгыг манай амбаарын үүд хэсэгт хийхгүй гэж өөр зүгт хийж байсан.

Өнөөдөр нэхэмжлэгчийн зүгээс барьсан амины орон сууцны хажууд намайг амбаараа барьж, гал тогооны цонхыг нь хааж, гэрэлтүүлэг үзэх эрх, ашиг сонирхолд нь халдсан мэт бичсэн байна. Гэтэл миний амбаарын хажууд амины орон сууцаа барьчхаад эрх ашигт халдлаа гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй билээ. Миний зүгээс ямар ч үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй бөгөөд амбаараа анх барьсан цагаасаа хойш бараа бүтээгдэхүүн, гэрийн эд хогшил хадгалах зориулалтаар л ашиглаж байна. Миний бие ганц ч өнөөдрийг хүртэл мөрөөрөө амьдарч, хоёр хүүхдээ асран хүмүүжүүлж, амьдралаа авч явж байна. Нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхлыг нь хөндөж, эрхэд нь халдсан зүйл надад огт байхгүй болно. Шvvхэд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргасан шалтгааныг өмнө нь дурдсанчлан нэхэмжлэгч болон түүний нөхөр Се нар нь байрны урд байгаа хэдэн амбаарыг буулгаж хашаа татсан. Одоо миний амбаарын газрыг сонирхож, хашаагаа тэлэхийг хүсэж байгаа ба үүнээс үүдэн өнөөдөр миний амбаарыг албадан буулгаж, хашаагаа тэлэхийг хүсэж байгаа юм байна гэж харлаа. Хариуцагч Б миний бие нэхэмжлэлтэй холбоотой зарим зүйлийг тодруулж, холбогдох хууль тогтоомжийг иш үндэслэл болгож дараах байдлаар нэмэлт тайлбар гаргаж байна. Үүнд:

Нэгдүгээрт: Нэхэмжлэлийн шаардлага болох Б миний эзэмшлийн амбаар нь 1999 онд тухайн байрших газарт баригдсан бөгөөд харин нэхэмжлэгч С-ны амины орон сууц нь 2010-2011 онуудад тухайн газарт баригдсан юм. Энэ нь цаг хугацааны хувьд Б миний амбаар баригдсанаас хойш 11-12 жилийн дараа С нь тухайн орон сууцны барилгыг барьж босгосон болох нь тогтоогдож байх тул С-ны нэхэмжлэлд дурдсанчлан түүний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх”, мөн хуулийн 16.3 дахь хэсэгт заасан “үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрх” зэрэг үндсэн эрхийг Б миний бие зөрчөөгүй бөгөөд өөрийн амбаараа Баян-Өлгий аймаг, Өлгий сум, дүгээр баг, 4-36 айлын орон сууцны бусад сууц өмчлөгч нарын нэгэн адил шударгаар эзэмшиж байгаа болно. Мөн Б миний 1999 онд баригдсан амбаар нь хэн нэгэн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх болон үл хөдлөх эд хөрөнгө олж авах, эзэмших, өмчлөх эрхэд саад учруулсан, тухайн эрхүүдийг зөрчсөн гэж үзэх, тухайн эрхүүдийг зөрчсөн талаарх нотлох баримт, нотолгооны хэрэгсэл байхгүй байна. Энэ талаар эрх бүхий байгууллагын акт дүгнэлт, хууль ёсны шийдвэр байхгүй байна. Хоёрдугаарт: Б миний эзэмшлийн амбаар нь 1999 онд баригдсан байсан тул нэхэмжлэгч С нь 2010-2011 онуудад амины орон сууцны зориулалттай барилга барих үед тэд өөрсдөө нэхэмжлэлд дурдсанчлан Барилгын тухай хуульд заасан хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан, зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх шаардлага хангаж, тухайн барилгыг барих үүрэгтэй байсан. Аливаа тохиолдолд 1999 онд баригдсан барилга байгууламжийг 2010-2011 онд шинээр баригдсан барилга байгууламжийн ашиглалтын болон бусад норм нормативыг зөрчсөн гэж маргах боломжгүй билээ. Гуравдугаарт: Барилгын тухай хуульд заасан хүн ажиллах, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан, мөн хуульд Зэрэгцээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл, байдлыг алдагдуулахгүй байх гэсэн болон Барилгын норм ба дүрмийн 23-01-07-ийн 3.1-д нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь нарны шууд тусгал, тасралтгүй үргэлжлэх хугацаа 3-4 цаг байхад хангагдсан гэсэн заалтууд зөрчигдсөн эсэх, зөрчигдсөн бол хэн зөрчсөн, хэний буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, уг объектыг хэдийд хэн барьсан зэрэг үйл баримтыг тогтоосон эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт, шийдвэр байгаа эсэх, уг зөрчлийг тогтоосон албан ёсны шийдвэр байхгүй бол нэхэмжлэгч Барилгын тухай хууль зөрчсөн гэж үзэх, үйл холбогдол тогтоогдохгүй байхад бусдын үл хөдлөх хөрөнгийг албадан нүүлгэх нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт: Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэж заасан байдаг. Тэгвэл Б миний эзэмшлийн амбаар болон С-ны амины орон сууцны хоорондох зай 2 метр хиртэй алс байрласан байх ба С-ны Газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчилж авсан 20 м.кв талбайтай газарт ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар ямар нэг хэмжээгээр давхцаагүй байгаа тул хөрш залгаа эд хөрөнгө гэж үзэх боломжгүй учраас мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна.

Тавдугаарт: Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэг талын үл хөдлөх эд хөрөнгийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхийг хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 135.3 дахь хэсэгт зааснаар нөгөө талын ашиг сонирхолд илтэд харшилсан, ноцтой хохироож болох нөхцөл байдал тогтоогдсон байх шаардлагатай юм. Түүнээс биш С-ны тал талд нь олон тооны цонхтой, хоёр давхар байрны зөвхөн нэг цонхны амбаарыг дээвэр хагас халхалсан гэх үндэслэлээр ямар нэгэн эрх бүхий байгууллагаас Иргэний хуулийн 135.3 дахь хэсэгт заасан хөршийн эрх ашгийг ноцтой хохироосон гэх дүгнэлт гаргаагүй, хөршийн эрх хэний буруутай ажиллагаанаас болсон гэдгийг тогтоосон шийдвэргүй байхад нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч С-ны хууль ёсны ашиг сонирхол ямар нэгэн байдлаар зөрчигдсөн буюу ноцтой зөрчигдсөн талаар хангалттай нотлох баримтаар нотлогдсон зүйлгүй буюу тогтоогдох боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Се, С нараас хариуцагч Б-д холбогдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, 4-36 айлын  орон сууцны зүүн талд байрлалтай  хариуцагчийн эзэмшлийн амбаарыг буулгахыг хариуцагчид даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрч уг маргаан бүхий амбаарыг нэхэмжлэгч нараас амины орон сууц барихаас өмнө баригдсан байсан гэж маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэг: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн  талаар:

1.1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дах хэсэгт "газар өмчлөх" гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ гэж мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлнэ. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч буюу нийтийн өмч мөн” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч С нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “газар өмчлөгч нь газар өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж  тус тус заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/1005 дугаартай захирамжаар 10 иргэнд 5874 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хавсралтаар өмчлүүлсэн ба хавсралтын 2-рт С нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Бүргэд, С.Чоя-1 гудамж, 102 тоот байршилтай 287 м.кв эзэмшлийн газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчилж авсан ба уг газраас 100 м.кв газрыг нэхэмжлэгч С нь 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг”-ээр М-ээс авч, нийт 287 м.кв газрын өмчлөгч болсон нь хавтаст хэрэгт авагдсан 8312007783 нэгж талбарын, улсын бүртгэлийн Г-0213007777 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, газар эзэмших гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, нэхэмжлэгч С-ны газар өмчлүүлэх тухай хүсэлт, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн аймгийн Засаг даргын А/1005 дугаартай “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамж зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогджээ.

1.2. Нэхэмжлэгч Се, С нараас уг өмчлөлийн 287 м.кв газарт 146.7 м.кв амины орон сууц барьж өмчлөгч болсон нь 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Y-0213006237 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа бөгөөд уг өмчлөлийн  146.7 м.кв хоёр давхар амины орон сууцны нэгдүгээр давхрын нэг өрөөний цонхыг хариуцагчийн амбаар нь хааж, уг цонхоор нарны гэрэл буюу байгалийн гэрэл тусах боломжгүй байдал үүссэн нь маргаан бүхий газарт 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхээс үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, маргаан бүхий газрын схем зураг, фото зураг, талуудын тайлбараар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Энэ нь нэхэмжлэгч нарын Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 болон 3 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасныг мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” , мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

1.3. Нэхэмжлэгч нараас газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус тус хандаж өргөдөл гаргаж байсан ба тухайн байгууллагын даргаас эрх бүхий албан тушаалтанд газар дээр нь явж судалж үзэж, хууль журмаар шийдвэрлэж хариу өгөх тухай бүртгэл хяналтын картаар цохилт хийгдсэн байгаа боловч нэхэмжлэгч нарын уг өргөдөлтэй холбогдуулан ямар нэгэн хариу  өгөөгүй байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нараас Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2.-т зааснаар тухайн маргааныг эрх бүхий албан тушаалтнаар урьдчилан шийдвэрлүүлж байсан байна гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ гэж хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна, 9.4.2-д “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдалд сэргээх” аргаар хамгаалахаар  тус тус хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч Се, С нараас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т зааснаар хариуцагчийн эзэмшлийн амбаарыг буулгахыг шаардах эрхтэй байна.

1.4. Харин хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэгч С-ны газрын кадастрын зургаар хариуцагч Б нь маргаан бүхий амбаараа  нэхэмжлэгч нарын 146.7 м.кв амины орон сууц барихаас өмнө баригдсан болох нь нотлогдож байгаа боловч уг амбаараа нэхэмжлэгч нарын амины орон сууц барих явцад өргөтгөж томууруулж шинээр барьж, дээвэр хийсэн нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан 2015, 2020 онуудын газрын кадастрын зургуудаар тогтоогдож байгаа ба Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-т заасан Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус зааснаар хариуцагч Б нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй, зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга барьсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэгч нарын амины орон сууцны цонхоор байгалийн гэрэл буюу нар тусахгүй байгаа талаар эрх бүхий байгууллага болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй тул эрх нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй гээд маргаж байгаа боловч хариуцагчийн маргаан бүхий амбаар нь нэхэмжлэгч Се, С нарын өмчлөлийн 146.7 м.кв хоёр давхар амины орон сууцны нэгдүгээр давхрын  нэг цонхыг хааж, уг өрөөндөө байгалийн гэрэлтүүлэг буюу нар тусах боломжгүй нөхцөл байдал бий болж мөн амбаартаа яндан тавьж, уг яндан нь тус амины сууцны хоёрдугаар давхрын  тагтанд хүрч, нэхэмжлэгч нарын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа нь маргаан бүхий газарт 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхээс үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, маргаан бүхий газрын схем зураг, фото зургаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нараас хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.   

1.5 Хариуцагчийн барьсан маргаан бүхий амбаар болон нэхэмжлэгч нарын амины  орон сууцны хоорондын зай 1 /нэг/ метр болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон.

Барилгуудын хоорондох зай нь Барилгын норм ба дүрмийн 23-04-07-ын 4 дүгээр хавсралтад зааснаар давхар орон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 10 м норматив хэмжээтэй байх, 2008 онд батлагдсан БНбД 23-02-08 дугаартай барилгын норм ба дүрмийн Тавын 5.1-д заасан ...байнга хүнтэй байх байр нь байгалийн гэрэлтүүлэгтэй байх ёстой..., мөн Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилт БНбД 30.01.04-ын 9.19-т заасан ... сургууль, цэцэрлэг, дотуур байртай сургуулиас бусад орон сууц, олон нийт, иргэний барилга байгууламжийн цонхоор хавар, зун, намрын улирлын нэг өдөрт тусах нарны тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааны нийлбэр I, II бүсэд 3 цаг, III, IV бүсэд 2,5 цаг байхаар тооцон төлөвлөх ёстой..., мөн Барилгын норм ба дүрмийн 23-01-07-ийн 3.1-д "нарын шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй-физиологийн нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгааны нарны шууд нарны тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзлээ

Түүнчлэн нэхэмжлэгч нарын амины орон сууцны нэг өрөөний нарны гэрэл буюу байгалийн гэрэл хаагдсанаар тухайн амины орон сууцад хөгц, мөөгөнцөр үүсэж, улмаар барилга дотор нян үржих боломж бий болж, тухайн барилгад амьдарч буй оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эрүүл саруул орчинд амьдрах эрх нь зөрчигдөх бүрэн үндэслэлтэй байна.   

Нэхэмжлэгч Се итгэмжлэгдсэн төлөөлөгч А-ээс нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Б нь хөршийн эрхийг зөрчсөн гэж тайлбарлагдаг боловч хариуцагч Б-д Газрын тухай хуульд зааснаар тухайн амбаар байгаа газраа өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зорилгоор олгосон талаарх хавтаст хэрэгт бичмэл нотлох баримт байхгүй тул хариуцагч Б нь хөршийн эрхийг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй болно.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, 4-36 айлын орон сууцны зүүн талд байрлалтай  хариуцагчийн эзэмшлийн амбаарыг буулгахыг хариуцагч Б-д даалгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, 4-36 айлын орон сууцны зүүн талд байрлалтай хариуцагчийн эзэмшлийн амбаарыг буулгахыг хариуцагч Б-д даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.ЖАРХЫНГҮЛ