Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 212/МА2022/00014

 

Ш.С, Т.С нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2021/00969 дүгээр шийдвэртэй,

нэхэмжлэгч *** оршин суух M.С, Ш.С нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *** оршин суух Х.Б-д холбогдох,  

Баян-Өлгий аймгийн ***  орон сууцны зүүн талд байрлалтай хариуцагчийн эзэмшлийн амбаарыг буулгахыг хариуцагч Х.Бд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Т.Сийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А /цахим сүлжээгээр/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Иманмагзам, Т.Отгонбаяр /цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Ш.С Баян-Өлгий аймгийн *** тоотод нөхөр Т.С-тэй хамт амьдардаг болно. Тус байраа 2012 онд барьсан бөгөөд үл хөдлөх болон газрын өмчлөх эрхийн гэрчилгээтэй.

2. Өлгий сумын буюу манай байрны ертөнцийн зүгээр урд талд буюу гал тогооны өрөөний урд Баян-Өлгий аймаг *** тоотод оршин суудаг иргэн Х.Б нь амбаартай байсан бөгөөд өнгөрсөн жилийн хугацаанд амбаарынхаа дээвэр барих замаар манай үл хөдлөх хөрөнгийн гал тогооны өрөөний цонхыг хааж, тагласан буюу миний өмчлөлийн байрны нарны гэрэлтүүлэг тусах талыг хаасан байдалтай байгаа.  

3. Ингэснээр хариуцагч нь тус газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх мөн зүйлийн 16.3 дахь хэсэгт үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг тус тус зөрчиж байна. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь нарны шууд тусгалтай холбоотой бөгөөд нарны шууд тусгал нь хүний эрүүл мэнд, физиологийн хувьд өндөр ач холбогдолтой, нян бактери устгах үйлдэлтэй, дулааны болон гэрлийн эерэг нөлөөтэй, сэтгэл санааг сэргээх, тайвшруулах тааламжит үйлчилгээтэй байгалийн чухал хүчин зүйл юм. Нарны шууд тусгал нь хомсодвол сэтгэл гутрах, өвчин эмгэг амархан тусах, өөрөө тасалгаа жиндэх, чийгтэх, байгалийн гэрэлтүүлэг дутагдах сөрөг үр нөлөөтэй. Иймд нарны шууд тусгал тусдаг байх нь эрүүл ахуйн чухал шаардлага болох учир Нар харах эрхийг шууд бусаар хуулиудад хуульчилсан байдаг. Жишээлбэл, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт "хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан, мөн зүйлийн 9.1.4 дэх хэсэгт "зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын нөxцөл байдлыг алдагдуулаагүй байх, мөн Барилгын норм ба дүрмийн 23-01-07-ийн 3.1-д "нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, физиологийн нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгааны нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана" гэсэн шаардлагуудыг хуульчилжээ. Ийм учир энэ нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх өөрөө нар харах эрх багтдаг юм.

4. Нөгөө талаас "үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрх" нь өмчлөлд байгаа эд хөрөнгөө зориулалтын дагуу чөлөөтэй захиран зарцуулах, ашиглах, үүний үр дүн үр шимийг нь хүртэхтэй холбоотой ойлголт. Үл хөдлөх хөрөнгийн нэг талын цонхыг таглаж, хааснаар үл хөдлөх хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах, өмчлөх эрх маань шууд зөрчигдөж байгаа нэг хэлбэр.

5. Ийм учир Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг дараах замаар хязгаарлах эрхтэй /цаашид "сервитут гэх/ өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг бусад өмчлөгчдөд даалгах” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус онцгой эрхийг нь хуульчилсан байдаг.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэлийн хүрээнд иргэний хэрэг үүсэхээр хуульчилсан болно. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт “Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө” гэж үзнэ гэж, мөн зүйлийн 134.2 дахь хэсэгт “хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан нь хөрш залгаа эд хөрөнгө эзэмшигч 2 талынхаа эрхийг хүндэтгэх үүргийг хуульчилсан.

7. Энэ хүрээнд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт “Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ шаардах эрхтэй” гэж, мөн зүйлийн 135.4 “барилга, байгууламж газрын тогтоосон өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эртэй" гэж, мөн зүйлийн 135.4 дэх хэсэгт "Энэ хуулийн 135.3-т заасан барилга байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй” гэж тус тус хуульчилсан нь хөрш залгаа газар эзэмшигч, өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал тус барилгыг буулгах, зайлуулахыг шаардах эрхийг олгосон байна.

8. Иргэн, хариуцагч Х.Б нь миний үл хөдлөх эд хөрөнгийн урд байрладаг амбаартаа дээвэр барьснаар өмчлөгчийн дээр дурдсан хууль ёсны эрх ашгийг илтэд харшилсан үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ.

9. Хариуцагч амбаараа зориулалтын бусаар ашигласнаар янз бүрийн үнэр орж ирэх зэрэг олон үйлдэл гаргасан ч нэхэмжлэгчийн зүгээс энэ асуудлыг эвээр шийдэх үүднээс хэд хэдэн удаа шийдэл санал болгосон ч зөвшөөрөөгүй. Сүүлд амбаарт дээвэр барьснаар нарны шууд тусгал хаагдсан.

10. Иймд хариуцагч Х.Б-ы өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилж хууль бусаар барьсан амбаарыг албадан /буулгах/ нүүлгэхийг даалгаж өгнө үү.

Хариуцагчийн тайлбар, татгалзал:

1. Миний бие Х.Б Баян-Өлгий аймаг *** оршин суудаг ба тус байранд 1996 оноос хойш амьдран сууж байна. 1999 онд талийгаач нөхөр болох  М.Ж нас бардаг жил байрныхаа гадаа бусад сууц өмчлөгч нарын нэгэн адил амбаар барьсан ба өнөөдрийг хүртэл тус амбаарыг эзэмшиж, ашиглаж ирсэн.

2. 2010-2011 онд Т.С, Ш.С нар нь манай амбаарын хажууд байгаа хэдэн амбаарыг нурааж, хогийн цэгийг өөр газар луу шилжүүлж, хашаа татаж эхэлсэн ба хашааныхаа том (машин орж гардаг) хаалгыг манай амбаарын яг үүдэнд хийж эхлээд намайг амбаар чинь манай үүд хэсэгт бидэнд болон чамд орж гарахад хэцүү байна гэж намайг шахалтад оруулж, зайлуул гэж хэл амаар доромжилж байсан. Тухайн үед аймгийн газрын албаны дарга Н ад миний бие гомдол гаргаж, Н дарга ирж 2-3 метрийн зайтайгаар хашаа болон үл хөдлөх эд хөрөнгөө барих ёстой. Мөн газрын албанаас зөвшөөрсөн газрын хэмжээнээс уртасгаж, сунгаж хашаа татсан болохыг тогтоож, хашаа татах ажлыг зогсоохыг даалгаж байсан. Тэр даруй нэхэмжлэгч Ш.С нь манайд ирж үл ойлголцол гарлаа, хүний ёсоор уучлалт гуйж байна, бид хашааныхаа хаалгыг өөр зүгт хийх болно гэж уйлж, гомдлоо газрын албанаас татчих гэж гуйж байсан ба миний бие олон жил хөрш амьдарсан нөхөрлөлөө бодож гомдлоо татаж байсан удаатай. Тэр жил маш их бороотой зун байсан ба манай амбаараас ус алдаж эхэлсэн. Иймд миний төрсөн ахын хүү болох дүү Вр амбаартаа дээвэр хийлгэсэн. Яг тэр үед Ш.С нар нь дөнгөж хашаа татаж, хашааныхаа хаалгыг манай амбаарын үүд хэсэгт хийхгүй гэж өөр зүгт хийж байсан.

3. Өнөөдөр нэхэмжлэгчийн зүгээс барьсан амины орон сууцны хажууд намайг амбаараа барьж, гал тогооны цонхыг нь хааж, гэрэлтүүлэг үзэх эрх, ашиг сонирхолд нь халдсан мэт бичсэн байна. Гэтэл миний амбаарын хажууд амины орон сууцаа барьчхаад эрх ашигт халдлаа гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй.

4. Нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхлыг нь хөндөж, эрхэд нь халдсан зүйл надад огт байхгүй. Шvvхэд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргасан шалтгааныг өмнө нь дурдсанчлан нэхэмжлэгч болон түүний нөхөр Т.С нар нь байрны урд байгаа хэдэн амбаарыг буулгаж хашаа татсан. Одоо миний амбаарын газрыг сонирхож, хашаагаа тэлэхийг хүсэж байгаа ба үүнээс үүдэн өнөөдөр миний амбаарыг албадан буулгаж, хашаагаа тэлэхийг хүсэж байгаа юм байна гэж харлаа.

6. Нэхэмжлэлийн шаардлага болох Х.Б миний эзэмшлийн амбаар нь 1999 онд тухайн байрших газарт баригдсан бөгөөд харин нэхэмжлэгч Ш.Сы амины орон сууц нь 2010-2011 онуудад тухайн газарт баригдсан. Энэ нь цаг хугацааны хувьд Х.Б миний амбаар баригдсанаас хойш 11-12 жилийн дараа Ш.С нь тухайн орон сууцны барилгыг барьж босгосон болох нь тогтоогдож байх тул Ш.Сы нэхэмжлэлд дурдсанчлан түүний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, мөн хуулийн 16.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрх зэрэг үндсэн эрхийг Х.Б миний бие зөрчөөгүй бөгөөд өөрийн амбаараа Баян-Өлгий аймаг, Өлгий сум, дүгээр баг, 4-36 айлын орон сууцны бусад сууц өмчлөгч нарын нэгэн адил шударгаар эзэмшиж байгаа.

7. Мөн Х.Б миний 1999 онд баригдсан амбаар нь хэн нэгэн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх болон үл хөдлөх эд хөрөнгө олж авах, эзэмших, өмчлөх эрхэд саад учруулсан, тухайн эрхүүдийг зөрчсөн гэж үзэх, тухайн эрхүүдийг зөрчсөн талаарх нотлох баримт, нотолгооны хэрэгсэл байхгүй байна. Энэ талаар эрх бүхий байгууллагын акт дүгнэлт, хууль ёсны шийдвэр байхгүй байна.

8. Х.Б   миний эзэмшлийн амбаар нь 1999 онд баригдсан байсан тул нэхэмжлэгч Ш.С нь 2010-2011 онуудад амины орон сууцны зориулалттай барилга барих үед тэд өөрсдөө нэхэмжлэлд дурдсанчлан Барилгын тухай хуульд заасан хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан, зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх шаардлага хангаж, тухайн барилгыг барих үүрэгтэй байсан. Аливаа тохиолдолд 1999 онд баригдсан барилга байгууламжийг 2010-2011 онд шинээр баригдсан барилга байгууламжийн ашиглалтын болон бусад норм нормативыг зөрчсөн гэж маргах боломжгүй.

9. Барилгын тухай хуульд заасан хүн ажиллах, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан, мөн хуульд Зэрэгцээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл, байдлыг алдагдуулахгүй байх гэсэн болон Барилгын норм ба дүрмийн 23-01-07-ийн 3.1-д нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь нарны шууд тусгал, тасралтгүй үргэлжлэх хугацаа 3-4 цаг байхад хангагдсан гэсэн заалтууд зөрчигдсөн эсэх, зөрчигдсөн бол хэн зөрчсөн, хэний буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, уг объектыг хэдийд хэн барьсан зэрэг үйл баримтыг тогтоосон эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт, шийдвэр байгаа эсэх, уг зөрчлийг тогтоосон албан ёсны шийдвэр байхгүй бол нэхэмжлэгч Барилгын тухай хууль зөрчсөн гэж үзэх, үйл холбогдол тогтоогдохгүй байхад бусдын үл хөдлөх хөрөнгийг албадан нүүлгэх нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна.

10. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэж заасан байдаг. Тэгвэл Х.Б миний эзэмшлийн амбаар болон Ш.Сы амины орон сууцны хоорондох зай 2 метр хиртэй алс байрласан байх ба Ш.Сы Газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчилж авсан 20 м.кв талбайтай газарт ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар ямар нэг хэмжээгээр давхцаагүй байгаа тул хөрш залгаа эд хөрөнгө гэж үзэх боломжгүй учраас мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна.

11. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэг талын үл хөдлөх эд хөрөнгийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхийг хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 135.3 дахь хэсэгт зааснаар нөгөө талын ашиг сонирхолд илтэд харшилсан, ноцтой хохироож болох нөхцөл байдал тогтоогдсон байх шаардлагатай. Түүнээс биш Ш.Сы тал талд нь олон тооны цонхтой, хоёр давхар байрны зөвхөн нэг цонхны амбаарыг дээвэр хагас халхалсан гэх үндэслэлээр ямар нэгэн эрх бүхий байгууллагаас Иргэний хуулийн 135.3 дахь хэсэгт заасан хөршийн эрх ашгийг ноцтой хохироосон гэх дүгнэлт гаргаагүй, хөршийн эрх хэний буруутай ажиллагаанаас болсон гэдгийг тогтоосон шийдвэргүй байхад нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

12. Иймд нэхэмжлэгч Ш.Сы хууль ёсны ашиг сонирхол ямар нэгэн байдлаар зөрчигдсөн буюу ноцтой зөрчигдсөн талаар хангалттай нотлох баримтаар нотлогдсон зүйлгүй буюу тогтоогдох боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2021/00969 дүгээр шийдвэрээр:  

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр баг, *** айлын орон сууцны зүүн талд байрлалтай хариуцагчийн эзэмшлийн амбаарыг буулгахыг хариуцагч Х.Б-д даалгаж,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэргийн үйл баримтыг буруу тогтоож, нотлох баримтыг буруу үнэлсэн талаар:  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.2-т “.... Амины орон сууцны нэгдүгээр давхрын нэг өрөөний цонхыг хариуцагчийн амбаар нь хааж, уг цонхоор нарны гэрэл буюу байгалийн гэрэл тусгах боломжгүй байдал үүссэн...”, мөн хэсгийн 1.5-т “...2008 онд батлагдсан БНбД 23-02-08 дугаартай барилгын норм ба дүрмийн 5.1-д заасан байнга хүнтэй байх байр нь байгалийн гэрэлтүүлэгтэй байх ёстой... мөн Хот тосгоны төлөвлөлт барилгажилт БНбД 30.01.04-ын 9.19-т заасан сургууль, цэцэрлэг, дотуур байртай сургуулиас бусад орон сууц олон нийт иргэний барилга байгууламжийн цонхоор хавар, зун, намрын улирлын нэг өдөрт тусах нарны тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааны нийлбэр I, II бүсэд 3 цаг, III, IV бүсэд 2.5 цаг байхаар тооцон төлөвлөх ёстой. Мөн Барилгын норм ба дүрмийн 23-01-07-ийн 3.1-д нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй-физиологийн нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон сууц олон нийтийн барилгын өрөө тасалгааны нарны шууд тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.... Маргаан бүхий газарт 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхээс үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл маргаан бүхий газрын схем зураг, фото зураг, талуудын тайлбараар тус тус нотлогдон тогтоогдож байна.. ” гэжээ.  Маргаан бүхий газарт нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс үзлэг хийсэн ба тэмдэглэлд нэхэмжлэгчийн амины орон сууц болон хариуцагчийн амбаарыг байгаа байдлаар нь баримтжуулж зураг авч, тэмдэглэл хөтөлсөн. Өөрөөр хэлбэл үзлэг хийж, байгаа байдлаар нь тэмдэглэл хөтөлсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан туршилт, шинжилгээ зэрэг зүйл хийгдээгүй байхад шүүхээс барилгын норм ба дүрэмд заасан нарны тусгалын үргэлжлэх хугацаа 3-4 цаг байхыг зөрчсөн гэж шууд дүгнэсэн нь хэргийг үндэслэлгүйгээр нэг талд ашигтайгаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн цонхоор тусах нарны тусгалын үргэлжлэх хэмжээ хэдэн цаг болохыг үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэн тогтоох боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар “....шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудал....” тул цонхоор тусах нарны тусгалын үргэлжлэх хугацааг шинжээчийн дүгнэлтээр тогтоох ёстой байсан. Эрх бүхий шинжээчийн дүгнэлт байхгүйгээр нарны тусгалын үргэлжлэх хугацааг үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүх хэрхэн яаж, шинжлэх ухааны ямар аргачлал ашиглаж тогтоосон нь тодорхойгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй болжээ.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.2-т энэ нь нэхэмжлэгч нарын Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 болон 3 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална, Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно ” гэж заасныг мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж заасныг тус тус зөрчсөн байна.... ” гэжээ. Хариуцагч нь нэхэмжлэгч нарын өмчлөх эрхэд халдсан, хязгаарласан буюу дээрх хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн боловч ямар үйлдлээр нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг зөрчсөн, хязгаарласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байхад хэргийн үйл баримтыг буруу тогтоож, үзлэг хийсэн тэмдэглэлээр нар харах эрхийг зөрчсөн гэж шууд дүгнэж, шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.3-т "...Нэхэмжлэгч нараас газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус тус хандаж өргөдөл гаргаж байсан ба тухайн байгууллагын даргаас эрх бүхий албан тушаалтанд газар дээр нь явж судалж үзэж хууль журмаар шийдвэрлэж хариу өгөх тухай бүртгэл хяналтын картаар цохолт хийгдсэн байгаа боловч нэхэмжлэгч нарын уг өргөдөлтэй холбогдуулан ямар нэгэн хариу өгөөгүй байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нараас Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар тухайн маргааныг эрх бүхий албан тушаалтнаар урьдчилан шийдвэрлүүлж байсан байна гэж шүүх үзлээ... ” гэсэн байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ гэсэн байна. Гэтэл Аймгийн газрын албанд нэхэмжлэгчийн зүгээс гаргасан өргөдөл болон газрын албаны хяналтын карт болох газрын албаны мэргэжилтэн Х.Ө, Т.Б нарт хууль журмын хүрээнд шийдвэрлэх гэсэн агуулгатай бүртгэлийн хуудсыг үндэслэн Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарласан. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд зааснаар зөвхөн тухайн шатны Засаг даргад хандах ёстой буюу хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг нэхэмжлэгч зөрчсөн байтал эрх бүхий албан тушаалтнаар урьдчилан шийдвэрлүүлсэн гэж дүгнэсэн нь илт хуулийг буруу тайлбарласан, хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг тал бүрээс нь, үнэн бодитой байдлаар нь шударгаар шийдвэрлэсэнгүй гэж үзэж байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал энэ хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байтал Газрын тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмын талаарх хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

6. Мөн бүртгэл хяналтын хуудсаар “...эрх бүхий албан тушаалтанд газар дээр нь явж судалж үзэж хууль журмаар шийдвэрлэж хариу өгөх тухай бүртгэл хяналтын картаар цохолт хийгдсэн байгаа боловч нэхэмжлэгч нарын уг өргөдөлтэй холбогдуулан ямар нэгэн хариу өгөөгүй... ” гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоолгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хариу өгөөгүй талаар нотлох баримт байхгүй байхад шүүхийн зүгээс хэрхэн хариу өгөөгүй болохыг тогтоосон нь ойлгомжгүй байна.

7. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.4-т “...амбаар амины орон сууцнаас өмнө баригдсан болох нь нотлогдож байгаа....”, мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.5-т “...Барилгуудын хоорондох зай нь Барилгын норм ба дүрмийн 23-04-07-ын 4 дүгээр хавсралтад зааснаар давхар орон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 10 метр норматив хэмжээтэй байхыг зөрчсөн... ”, мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.4-т “хариуцагчийн амбаар нэхэмжлэгч нарын амины орон сууцнаас өмнө баригдсан болох нь нотлогдож байгаа...” гэж хэргийн үйл баримтыг тогтоосон боловч барилгуудын хоорондох зай нь барилгын норм ба дүрмийн 23- 04-07-ын 4 дүгээр хавсралтад зааснаар давхар орон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 10 метр норматив хэмжээтэй байхыг хариуцагч зөрчсөн гэж дүгнэсэн нь илт нотлох баримтыг буруу үнэлж, буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

8. Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагчийн амбаар амины орон сууцнаас өмнө баригдсан тухайд маргадаггүй бөгөөд энэ үйл баримтыг шүүхээс мөн адил тогтоосон байтал Барилгын норм ба дүрмийн 23-04-07-ын 4 дүгээр хавсралтад заасан давхар орон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 10 метр норматив хэмжээтэй байхыг хариуцагч зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

9. Нэхэмжлэгч нар амины орон сууцаа барихаас өмнө тухайн газарт хариуцагчийн амбаар байсан ба энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм. Нэхэмжлэгч нар Барилгын норм ба дүрмийн 23-04-07-ын 4 дүгээр хавсралтад заасан давхар орон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 10 метр норматив хэмжээтэй байна гэснийг өөрсдөө зөрчиж тулгаж барьсан байхад яагаад хариуцагч буруутай болсон нь ойлгомжгүй, илт хууль бус дүгнэлт болсон.

10. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийг нэг бүрчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тулгаж үзвэл хариуцагч нь нэхэмжлэгч нарын өмчлөх эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчсөн тухай нотлох баримт, үйл баримт тогтоогдохгүй байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын өмчлөх эрх, эрүүл орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн гэж дүгнэсэн боловч хэрхэн, яаж зөрчсөн болох нь тогтоогдохгүй, нотлогдохгүй байгаа болно.

11. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2021/00969 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

1. Гомдлын агуулгадаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг үндэслээд энэ маргааныг хянан шийдвэрлэхэд шинжээч оролцох ёстой байсан гэж  тайлбарладаг. Гэтэл энэ дараах байдлаар үндэслэлгүй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар “....шинжлэх ухаан, .... тусгай мэдлэг шаардагдах асуудал....” зөвхөн хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх шинжээч томилох асуудал байна. Тусгай мэдлэг гэдэг нь өөрөө шүүгч нь эзэмшээгүй, эсвэл хуульч нь мэдэхгүй чадвар мэдлэгийг ярьж байгаа.

3. Энэ маргаан өөрөө эд хөрөнгийн маргаан буюу нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн эсэх маргаан байсан. Шүүхээс үзлэг хийхдээ амбаар нь яндангаа үл хөдлөх хөрөнгө руу харуулсан байдалтай гаргаж тавиад хоорондын зай 1 метр байсан гэдэг нь ил тод байсан. Нэгэнт эд хөрөнгийг бүрэн ашиглах боломжийг нь хаасан байгаа нь илт байхад тусгай мэдлэг шаарддаг асуудлаар шинжээч томилно гэдэг асуудал биш.

4. Энэ захиргааны хэргийн асуудал биш иргэний хэргийн асуудал учраас иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа талууд өөрсдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрсдийнхөө татгалзлаа нотлох баримттай гаргаж өгөх цуглуулах үүргийг хүлээдэг. Тиймээс хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж үзэж байна.

5. Анхан шатны шүүх 3-4 цаг нар харахгүй байна гэж дүгнээгүй. Анхан шатны шүүх Барилгуудын хоорондох зай нь Барилгын норм ба дүрмийн 23-04-07-ын 4 дүгээр хавсралтад зааснаар давхар орон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 10 м норматив хэмжээтэй байх ёстой үзлэгээр амбаар болон эд хөрөнгийн хоорондох зай 1 метр байгаа нь норм дүрмийг зөрчсөн гэж тогтоосон.

6. Бид нар харах эрх маань зөрчигдсөн гэж маргаагүй. Нэхэмжлэгч миний өмчлөх эрх зөрчигдсөн гэж маргасан. Нэхэмжлэгчийн байрны ертөнцийн зүгээр урд талд буюу гал тогооны өрөөний урд хариуцагч амбаартай байсан бөгөөд өнгөрсөн жилийн хугацаанд амбаарынхаа дээвэр барих замаар манай үл хөдлөх хөрөнгийн гал тогооны өрөөний цонхыг хааж, тагласан буюу миний өмчлөлийн байрны нарны гэрэлтүүлэг тусах талыг хаасан байдалтай буюу миний өмчлөх эрхээ чөлөөтэй захиран зарцуулах эрх зөрчигдөж байна гэдэг байдлаар маргасан.

7. Хариуцагч тайлбарлахдаа Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсгийг хэрэглээд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй, Засаг даргад хандах ёстой байсан гэж гомдолдоо дурдсан байна. Энэ маргаан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй, хийхтэй холбоотой маргаан биш. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэх шаардлага байхгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж заасан.

8. Бид нар 2018 оноос  хойш хариуцагчид хэлж, тохиролцъё гэж бүх саналыг хэлсэн. Өөрсдөө хүлээж авахгүй байгаа. Нэгэнт хүлээж авахгүй байгаа учраас бид нар зөрчлийн асуудлаар Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газарт гомдол гаргасан. Мөн гэрчээр асуугдсан гэрч нарын мэдүүлэг байна. Энэ бүгдээс үзэх юм бол хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

9. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2021/00969 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

            1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Ш.С, Т.С нар нь хариуцагч Х.Бд холбогдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, 4-36 айлын орон сууцны зүүн талд байрлалтай хариуцагчийн эзэмшлийн амбаарыг буулгахыг хариуцагч Х.Бд даалгах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар процессын болон материаллаг эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилтод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлан хэрэглэснийг, “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай, талуудын хуульд заасан арга хэрэгслээр олж авч, хэрэгт цуглуулсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хийсэн хууль зүйн дүгнэлт бүхий үндэслэгээг тус тус ойлгоно.

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Өлгий сумын 11 дүгээр баг 102 тоот буюу манай байрны ертөнцийн зүгээр урд талд буюу гал тогооны өрөөний урд Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 11 дүгээр баг, 4-36 айлын орон сууцны 1 орц, 7 тоотод оршин суудаг иргэн Х.Б нь амбаартай байсан бөгөөд өнгөрсөн жилийн хугацаанд амбаарынхаа дээвэр барих замаар манай үл хөдлөх хөрөнгийн гал тогооны өрөөний цонхыг хааж, тагласан буюу миний өмчлөлийн байрны нарны гэрэлтүүлэг тусах талыг хаасан” гэж тайлбарлажээ.

 

5. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч  “...миний амбаарын хажууд амины орон сууцаа барьчхаад эрх ашигт халдлаа гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй.  Нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхлыг нь хөндөж, эрхэд нь халдсан зүйл огт байхгүй. Шүүхэд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргасан шалтгаан нь байрны урд байгаа хэдэн амбаарыг буулгаж хашаа татсан, одоо миний амбаарын газрыг сонирхож, хашаагаа тэлэхийг хүсэж байгаа ба үүнээс үүдэн өнөөдөр миний амбаарыг албадан буулгаж, хашаагаа тэлэхийг хүсэж байна.  Миний эзэмшлийн амбаар нь 1999 онд тухайн байрших газарт баригдсан бөгөөд харин нэхэмжлэгч Ш.Сы амины орон сууц нь 2010-2011 онуудад тухайн газарт баригдсан. Энэ нь цаг хугацааны хувьд Х.Б миний амбаар баригдсанаас хойш 11-12 жилийн дараа Ш.С нь тухайн орон сууцны барилгыг барьж босгосон болох нь тогтоогдож байгаа...” гэж шүүхэд маргасан байна.

 

6. Анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, 4-36 айлын орон сууцны зүүн талд байрлалтай хариуцагчийн эзэмшлийн амбаарыг буулгахыг хариуцагч Х.Бд даалгаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

7. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж хуульчилсан тул нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд мэдүүлэх эрхтэй. Түүнчлэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.” гэж зааснаас үзэхэд өмчлөгч, эсхүл хууль ёсны эзэмшигч нь хөрөнгөө бусдын хууль бус халдлагаас хамгаалах эрхтэй.

 

8. Хариуцагч Х.Бнь Өлгий сумын 11 дүгээр баг, 4-36 айлын орон сууцны зүүн талд  байрлах амбаарын доорх  23,8 м.кв  газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч биш болох нь тогтоогдсон, хариуцагч нь тухайн газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа үйл ажиллагаанаас нэхэмжлэгч нарын үндсэн хуулиар хамгаалгагдсан эрүүл орчинд амьдрах үндсэн эрх зөрчигдөж, нэхэмжлэгч Ш.С, Т.С нарын үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд шууд холбоогүй боловч тэрхүү эрхээ эдлэхэд нь, тухайлбал нэхэмжлэгчийн өмчлөлийн байшинг анх барих явцад овор хэмжээ багатай байсан, зөвшөөрөлгүй газар барьсан амбаарыг тухайн байшинтай зэрэгцүүлэн өргөтгөж, улмаар уг амбаарыг дээвэрлэх, амбаарын нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байрших талд зуухны яндан гаргах, нэхэмжлэгчийн өмчлөлийн байшингийн гал тогооны өрөөний цонхыг хааж нарны гэрэл болон үзэгдэх орчныг хаах зэргээр саад учруулж байгаа нь тогтоогдсон тул шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

9. Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн амбаарыг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзэж, Иргэний хуулийн хөршийн эрхтэй холбоотой зохицуулалтыг иш үндэс болгож тайлбарлаж байгаа хэдий ч хариуцагч Х.Бы тухайн амбаар нь зөвшөөрөлгүй газар баригдсан буюу түүнийг хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад Иргэний хуулийн өмчлөгчийн шаардах эрхтэй холбоотой зохицуулалтыг тайлбарлаж хэрэглэснийг “шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан” гэж дүгнэв.

Хариуцагч үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, газар эзэмших үндсэн эрхтэй боловч тухайн маргаан бүхий амбаар байрлаж буй газрыг хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа, өөрийнхөө хууль ёсны өмчлөл, эзэмшилд шилжүүлж аваагүй газарт амбаар барьж, бусдын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдаж байх тул хариуцагчийн өмчлөлийн тухайн амбаарыг албадан нүүлгэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

10. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгүүд, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргийг харьцуулан шинжлэн судалж үзэхэд, нэхэмжлэгч Ш.С, Т.С нарын өмчлөлийн 146.7 м.кв хоёр давхар амины орон сууцны 1-р давхрыг барьж дуусаж, 2-р давхрыг барьж байхад хариуцагч урьд байсан бага оврын, жижиг амбаарыг нурааж, хэмжээг нь томсгож, өргөтгөж шинээр барьсан, улмаар уг амбаарыг дээвэрлэж нэхэмжлэгч нарын өмчлөлийн байшингийн 1-р давхрын, гал тогооны өрөөний нэг цонхыг хааж, уг өрөөнд байгалийн гэрэлтүүлэг буюу нарны гэрэл тусах боломжгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдал бий болгосон нь илэрхий тогтоогдсон, түүнчлэн хариуцагч амбаартаа нэхэмжлэгч нарын байшин талд шахаж яндан тавьж, уг яндан нь тус амины сууцны 2-р давхрын тагтанд хүрч, нэхэмжлэгч нарын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч М.Ж, С.В нарын мэдүүлэг маргаан бүхий газрын схем зураг, фото зургаар тогтоогджээ.

 

11. Хариуцагч  “Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэргийн үйл баримтыг буруу тогтоож, нотлох баримтыг буруу үнэлсэн...” гэх давж заалдах гомдол гаргасан нь баримтад үндэслэгдээгүй байна. Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн оролцогчийн гаргаж өгсөн, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            12.  Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн “Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэргийн үйл баримтыг буруу тогтоож, нотлох баримтыг буруу үнэлсэн...” гэх давж заалдах  гомдолд дурдсан үндэслэл тогтоогдоогүй гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2021/00969 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Бы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ШҮҮГЧ                                                           Д.КӨБЕШ