| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 102/2017/00458/И |
| Дугаар | 2342 |
| Огноо | 2018-11-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, Тээвэрлэлт, Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2342
Т Ложистик ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02700 дугаар шийдвэртэй, Т Ложистик ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н ХХК, Г ХХК-иудад холбогдуулан Н ХХК-иас 255 236 937 төгрөг, Г ХХК-иас 87 058 332 төгрөг, нийт 342 295 269 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Н ХХК-ийн Т Ложистик ХХК-иас 194 135 659 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П,Л.Н, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч Т Ложистик ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК-тай 2013 оны 10 дугаар сард ачаа тээврийн зуучлалын 13/18 тоот гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 29-ний хооронд тээвэрлэсэн нийт ачаанаас Н ХХК нь 11 чингэлэг ачаа, Г ХХК нь 3 чингэлэг ачаа тээвэрлүүлэн хүлээн авсан боловч, ачаа тээврийн зуучлалын хөлс болох 228 196 846.50 төгрөгийг төлөөгүй. Тус компаниудын ачааг 2013 оны 9 дүгээр сараас хойш тээвэрлэж байсан. Иймд Н ХХК-иас 64 045 евро буюу 170 157 958.25 төгрөг, алданги 85 078 979.13 төгрөг, Г ХХК-иас тээвэрлэлт, зуучлалын хөлс 21 845 евро буюу 58 038 888 төгрөг, алданги 29 019 444 төгрөг, нийт 87 058 332 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч Г ХХК нь бараа хугацаа хоцорч ирсэн талаар гомдлын шаардлага гаргаж байгаагүй, 1 чингэлгийн бараа алдагдсанаас болж 11 чингэлгийн мөнгийг төлөхгүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Н ХХК-ийн тээвэрлэлтүүдийн тооцоог эхнээс нь шахахаар 64 035 евро, Г ХХК 21 845 еврогийн өглөгтэй. Манай байгууллага хариуцагч нарын нийт 73 чингэлэг тээвэрлэсэн накладууд байгаа. Хариуцагч тал наклад дээр маргахгүй гэдэг. Хариуцагч талын төлөгдсөн гэж буй үнийн дүнгүүдийг манайх бүгдийг нь өмнөх тээвэрлэлтүүдийн төлөлтөд суутгаж оруулсан байгаа. Хариуцагч тал тооцоогоо хэрхэн гаргадгийг мэдэхгүй байна. Тээвэрлэлтийн явцад ачааны чанарт өөрчлөлт орох, ачилтын нөхцөл алдагдсан, түргэн муудах барааг зориулалтын бус сав баглаа боодол хэрэглэж ачаа тээвэрлэснээс үүсэх хохирлыг гэрээний 2.1.7-д зааснаас бусад тохиолдолд зуучлагч хариуцахгүй гэж заасан байгаа. Маргаан бүхий энэ тохиолдолд бараа бүтээгдэхүүний чанарт нөлөөлж муудсан бараа бүтээгдэхүүн байгаагүй. Т Ложистик ХХК нь тээвэр зуучлалын үүрэг гүйцэтгэдэг тусгай зөвшөөрөл бүхий байгууллага учир тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэдэггүй. Иймд хариуцагч тал хохирлоо УБТЗ ХНН-ээс тусдаа нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй гэв.
Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Н ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Т Ложистик ХХК-тай ачаа тээврийн зуучлалын гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан. Уг гэрээний дагуу бид өөрийн бараанаас гадна манай компанийн хувьцаа эзэмшигч Г ХХК, С ХХК-иудын өмнөөс тэдний барааг гадаадаас тээвэрлүүлэх захиалгыг Т Ложистик ХХК-д өгдөг байсан. Нэхэмжлэгч нь 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Г1423 дугаартай нэхэмжлэхээр UNDU2707325 зэрэг 11 чингэлгийн төлбөр 61 380 еврог Н ХХК-иас нэхэмжилсэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэ дүн 64 045 евро болж 2 665 еврогоор нэмэгдэж, нийт 7 965 евро болсон байсан. Цахим шууданд мөн Г1426 тоот нэхэмжлэх байсан ба, түүнд Н ХХК-ийн UNDU2707325 тоот чингэлгийн төлбөр, Г ХХК-ийн CSUU0221645 тоот чингэлгийн төлбөрт нийт 6 635 еврог Г.Ганзоригоос нэхэмжилсний Г.Ганзоригоос 7 сарын тээвэр гэсэн утгатайгаар 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн. Т Ложистик ХХК нь UNDU2707325 тоот чингэлгийн тээврийн хөлс 7 965 еврогийн төлбөрөө Н ХХК-иас 5 300 евро, Г.Ганзоригоос 2 665 евро гэж салгаж нэхэмжилснийх нь дагуу Г.Ганзориг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2 665 еврог төлсөн байхад уг төлбөрийг дахин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь РТСБ ХХК-д төлсөн гэх 11 чингэлгийн тээврийн хөлс 55 115 еврогоос Н ХХК-ийн төлсөн 11 277 /8 612+2 665/ еврог хасч тооцохгүй нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т Ложистик ХХК нь Монгол Улсын төмөр замд төлсөн болон хот доторх тээврийн зардал, компанийн дотоод зардал гэх төгрөгөөр гарсан 11 527 400 төгрөгийн зардлыг 2014 оны ханшаар еврод шилжүүлэн нэхэмжлээд, дараа нь 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн еврогийн ханшаар төгрөгт шилжүүлж нэхэмжилсэн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасныг зөрчсөний улмаас дээрх зардлын 11 527 400 төгрөг дээрээ 12 198 270 төгрөгийг илүү нэмж нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь Г ХХК-ийн тээвэрлүүлсэн PONU2853707 тоот чингэлгийн ачаа алдагдсанаас учирсан хохирол 59 678.42 еврог олох байсан орлогын хамт төлөх ёстой тул 11 чингэлгийн тээврийн хөлс 55 115 еврогоос Н ХХК-ийн төлсөн 11 277 еврог хасч тооцсоны дараах 43 838 евро, мөн төгрөгөөр гарсан зардал болох 11 527 400 төгрөгийг алдангийн хамт төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд ...Г ХХК-ийн ачаа болох ХБНГУ-ын ДМК Дойчэ Милчконтор компаниас худалдан авсан нийт 64 663.03 еврогийн үнэ бүхий 1361 хайрцаг бяслаг, тэр дундаа 13198.16 кг, 1075 хайрцаг Эдам нэрийн бяслаг, 3597.43 кг 286 хайрцаг Гаруда нэрийн бяслагийг ачуулсан боловч санал болгосон хугацаанаасаа хоцорч ирсэн бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Т Ложистик ХХК-ийн Улаанбаатар дахь менежер ачаа ирснийг мэдэгдсэн. Г ХХК нь ачааг хүлээн авахад 1257 хайрцаг ачаа замдаа алдагдаж, 104 хайрцаг ирсэн тул гэрээний дагуу өөрт учирсан хохирол болох алдагдсан 59 678.42 евро, уг чингэлгийг ачихад зарцуулсан мөнгөний банкны хүүг нэмээд нийт 65 000 еврогийн хохирлыг барагдуулахыг Т Ложистик ХХК-иас шаардсан боловч хохирол төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Хэдийгээр алдагдсан ачаа нь Г ХХК-ийн өмч боловч тус компани шаардах эрхийг шилжүүлэн авсан тул PONU2853707 чингэлгээр ачигдсан ачааны хохирлыг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Тээвэрлүүлсэн бараа бүрэн бүтэн ирээгүй учраас Т Ложистик ХХК учруулсан хохирлыг хуулийн дагуу төлөх үүрэгтэй. Иймд Т Ложистик ХХК-иас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг үндэслэн алдагдсан бяслагийн үнэ 59 678.42 евро бяслагийг худалдаад олох ёстой байсан ашиг болох 38 842 862 төгрөг, нийт 194 135 659 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т Ложистик ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлтэй холбоотой шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа гэм хор учруулсны хохирол гаргуулах гэж тодорхойлсон. Гэтэл Г ХХК-ийн ачаа нь Т Ложистик ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж алдагдаагүй тул бяслагийн үнэ болон худалдаад олох ёстой байсан ашгийг төлөх үндэслэлгүй. Г ХХК-ийн PONU2853707 дугаартай чингэлэг нь Н ХХК-тай байгуулсан гэрээний нөхцөлд хамаарахгүй. Н ХХК нь 2013 оны 10 дугаар сард бичгээр гэрээг манай компанитай байгуулсан бөгөөд, энэ гэрээгээр Г ХХК-ийн ачааг ачуулсан гэж байгаа боловч энэ талаар ямар ч заалт байхгүй байна. Г ХХК нь бие даасан хуулийн этгээд учраас бичгээр байгуулах шаардлагатай байсан. Хоёр тусдаа хуулийн этгээдийн ачаа тээвэр нь өөр өөр цаг хугацаанд, өөр өөр дугаартай, өөр тоо ширхэгтэй контейнэрээр ирсэн, нэг нь бичгээр байгуулсан гэрээтэй, нөгөө нь огт гэрээ хийгээгүй байхад тээвэр зуучийн компанид тээвэр зуучийн хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүй компани нь нөгөө компанидаа эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн гэсэн байдлаар сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгох үндэслэл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.2 дахь хэсэгт заасны дагуу ачааг төмөр замаар тээвэрлэж ирсэн учир төмөр замын тээврийн үндсэн дүрмийг удирдлага болгон УБТЗ ХНН хариуцлагыг хүлээнэ гэж зааж өгсөн байгаа. Тээвэрлэгч нь УБТЗ ХНН, харин зуучлагч байгууллага нь Т Ложистик ХХК юм. Алдагдсан чингэлгийн гаалийн бүрдүүлэлтэд илгээгч байгууллага нь ОХУ-ын Интермоз транс, хүлээн авагч Г ХХК гэж заасан байгаа. Т Ложистик ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэр дээрх тээвэрлэлтийг хариуцаж, бусад хэсгийн тээвэрлэлтийг ОХУ-ын РТСБ ХХК хариуцсан. Мөн тээвэрлэгч нь өөрсдийн тээвэрлэх хэсгийг хариуцна гэсэн заалт байдаг. Чингэлэг ирсний дараа онгойлгож үзэхэд ачаа дутсан байсан учраас өөрсдийн үүргийн дагуу Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд хандаж, шинжээчийн дүгнэлт гаргуулан Төмөр замын байгууллагын тээврийн актад ачаа дутсан талаар мэдүүлсэн. Уг чингэлгийн тээврийн захиалгыг Н ХХК-иар авсан. Харин наклад бичигдээд наашаа гарахдаа Г ХХК-ийн нэрээр гарч тээвэрлэлт хийгдсэн байсан. Манай компани Г ХХК-ийн өмнө үүрэг хүлээхгүй. Гэрээ байгуулаагүй боловч накладаар бичигдээд орж ирдэг учир төлбөрийн нэхэмжлэхийг Г ХХК-иар бичиж шаарддаг байсан. Г ХХК-ийн ачааг энэ удаад анх тээвэрлэж байгаа биш, өмнө нь хэд хэдэн ачаа тээвэрлэж байсан. Г.Ганзоригийн төлсөн төлбөрийг Н ХХК-иас хасч тооцдог ба, Г ХХК нь өөрийн нэрээрээ орж ирдэг. Манай байгууллага хаалганаас хаалга хүртэл гэсэн зарчмаар тээвэр зуучлалын хөлсийг тооцдог. Нэг хэсгийг нь ХБНГУ-д шилжүүлээд, дотоод зардал, тээврийн хөлсөө төмөр замд шилжүүлдэг ба, бүх зардлууд дээрээ ашгаа нэмээд нэг чингэлгийн үнэ нь ихэвчлэн 5 000-7 285 еврогийн хооронд байдаг. Энэ үнэнд бусад бүх зардлууд шингэсэн байдаг. Бид хариуцагч талаас тайлбарласан шиг тээвэрлэлтээс гарсан зардлуудыг еврод шилжүүлээд төлбөрийг нэхэмжлээгүй. Үйлчлүүлэгчтэй тээврийн болон зуучлалын хөлс гэж ялгаж тохиролцдоггүй. Хариуцагчийн төлсөн төлбөрийг өмнөх тээвэрлэлтийн зардлаас нь суутгаад явдаг байгаа. Тэдний төлсөн 10 600 еврог хасаад 3 чингэлгийн төлбөр одоо үлдсэн. 2014 оны 7 дугаар сарын төлбөрөө төлөөгүй, өмнөх төлөлтүүд дууссан гэв.
Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч Л.Б хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 2014 оны 7 дугаар сарын чингэлгийн тээвэрлэлтэд 22 232 еврог нэхэмжилсэн ба, тус мөнгийг төлөөгүй гэдэг нь тооцоо нийлсэн актаас харагдана. 52 768 еврог төлөөгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ч төлөх үндэслэл байхгүй. Т Ложистик ХХК нь Г ХХК-ийн ачуулсан барааны талаар мэдээгүй гэдэг нь үндэслэлгүй байна. Хэдийгээр талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй ч гэрээний харилцаа үүссэн. Т Ложистик ХХК-иас Г ХХК-иас 21 845 еврог нэхэмжилсэн төлбөрийн нэхэмжлэх байдаггүй. Н ХХК-ийн хувьд Т Ложистик ХХК-тай нэхэмжлэхээ өгснөөр тооцоо хийгдэхээр харилцан тохиролцсон гэрээтэй. Т Ложистик ХХК нь алдагдсан бяслагийн тээврийн хөлсөнд ОХУ-ын РТСБ ХХК-д 6 645 евро төлсөн гэж тайлбарлаж байгаа ч энэ талаарх нотлох баримт байдаггүй. РТСБ ХХК-д төлбөр төлсөн жагсаалтад алдагдсан PONU2853707 чингэлгийн дугаар байдаггүй. Бяслагтай чингэлэг алдагдсаны дараа РТСБ ХХК-ийн төлөөлөгчид Монгол улсад ирж Г ХХК-тай уулзалт хийж, танай хохирлыг зохих журмын дагуу барагдуулж өгнө, Т Ложистик ХХК-тай хамтарч ажиллаж байгаа, хохирол барагдтал чингэлгийн хөлсийг төлөх шаардлагагүй гэж хэлж байсан. Тиймээс өнөөдрийг хүртэл энэ чингэлгийн төлбөрийг Г ХХК-иас нэхэмжилсэн төлбөрийн нэхэмжлэх байдаггүй. Бидний зүгээс Т Ложистик ХХК-ийг бяслагтай чингэлгийн төлбөрийг төлөөгүй гэж үздэг. Хэрэв төлсөн бол баримт байх ёстой. Одоо Н ХХК болон Т Ложистик ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ ач холбогдолгүй байна. Харин талуудын хооронд үүссэн харилцааны хувьд Г ХХК гадаад улсад байгаа бяслагийг тээвэрлүүлэхээр Т Ложистик ХХК-д хандаж, тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Энэ дунд хэдэн тээвэрлэгч байх нь нэхэмжлэгч байгууллагуудын асуудал юм. Нэхэмжлэлийн шаардлага нь тээврийн хөлс нэхэмжилсэн байгаа. Иймээс Г ХХК болон Т Ложистик ХХК-ийн хооронд тээвэрлэлтийн харилцаа үүссэн. Бид тээвэрлэлтийн хөлсийг Т Ложистик ХХК-д төлдөг, тус компани нь тээвэрлэгчийн гүйцэтгээгүй үүргийг өөр дээрээ авч байна. Энэ үүднээс тээвэрлэлтийн хөлсийг шаардаж байгаа гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 210 294 990 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч Г ХХК-иас 19 328 584 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т Ложистик ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 112 671 695 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т Ложистик ХХК-иас 155 292 797 төгрөгийг гаргуулан харицуагч Н ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 38 842 862 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 027 376 төгрөг, хариуцагчаас төлсөн 1 128 700 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагч Н ХХК-иас төлсөн 1 209 425 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас 1 209 425 төгрөг, хариуцагч Г ХХК-иас 254 593 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т Ложистик ХХК-д, нэхэмжлэгч Т Ложистик ХХК-иас 934 414 төгрөг гаргуулан хариуцагч Н ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрт Т Ложистик ХХК нь Н ХХК-иас 64 045 евро буюу 170 157 958.25 төгрөг, алданги 85 078 979.13 төгрөг нэхэмжилснээс 52 768 евро буюу 140 196 660 төгрөг, алданги 70 098 330 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч Н ХХК-ийн зүгээс нийт чингэлгийн төлбөрийг төлөөгүй гэдгээ зөвшөөрч байх боловч 10 600 еврог төлж барагдуулсан гэсэн баримт өгсөн учраас нийт тээвэрлэсэн чингэлгийн бичиг баримтыг тооцооны хамт гарган өгсөн болно. Н ХХК ба Г ХХК-иудын тээвэрлэсэн нийт контейнер давхцаагүй бөгөөд Г ХХК-ийн төлсөн 10 600 еврог тус компанийн шаардлагын дагуу 2 хувааж нэхэмжилснийг шүүхээс төлсөн мэт давхар дүгнэсэн. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 112 671 695 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд Т Ложистик ХХК ба Г ХХК-ийн хооронд ачаа тээвэрлэлтийн зуучлалын гэрээ байгуулагдаагүй боловч тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. Мөн бичгээр гэрээ байгуулсан хуулийн этгээдтэй тээвэр зуучлалын харилцаа үүссэн бичгээр байгуулаагүй хуулийн этгээдтэй тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Энэ контейнер нь ХБНГУ-аас төмөр замаар тээвэрлэгдэн ирсэн бөгөөд Олон улсын ачааны харилцааны хэлэлцээрт тээвэрлэгч, илгээгч, хүлээн авагч гэж ямар этгээд болох талаар тусгайлан заасан байдаг. Алдагдсан PONU 2853707 дугаартай чингэлгийн ачааны дагалдах бичиг баримтад илгээгч Интермодтранс, хүлээн авагч нь Г ХХК гэж бичигдсэн байна. Гэтэл Т Ложистик ХХК нь тээвэрлэлтийн гэрээний тал биш тул ачаа алдагдсанаас үүсэх хохирлыг нөхөн төлөх үндэслэлгүй. Гаалийн талбайд лац, ломбо бүрэн бүрэн буусан ачааг задлахад дутсан байсан учир ачаа дутсан гэдгийг баталгаажуулж Төмөр замын тээврийн акт болон Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын экспортын дүгнэлт гаргуулсан. Мөн ачаа дутагдлын талаар УБТЗ ХНН-д уламжилсан байдаг. УБТЗ ХНН-с Г ХХК хариу авсан бөгөөд түүний дараа ачааг хүлээн авагчийн хувьд цаашид гомдлоо шийдвэрлүүлэх шаардлагатай байсан боловч Г ХХК-ийн алдагдсан ачааны үнийг шууд Н ХХК-ийн 1 чингэлэг ачаа тээвэрлэсэн төлбөрөөс суутган авах замаар асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн Г ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гэм хорын нэхэмжлэл гэж тодорхойлсон байхад шүүхээс шүүгч дангаараа хянан шийдвэрлэсэн байх ба мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй тээвэрлэлтийн гэрээний харилцаа гэсэн үндэслэлээр шийдвэр гаргасан байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсэгт өөрчлөлт оруулан үндсэн нэхэмжлэлийг хангахыг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Г ХХК-тай тээвэрлэлтийн болон зуучлалын гэрээ байгуулаагүй гэж тайлбарлах боловч, тус компанийн захиалгын дагуу импортын ачааны тээвэрлэлтийг зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагчаас тээвэрлэлтийн хөлс гаргуулахаар шаардаж байгаа учир тэдний хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх нэг үйл баримтад хоёр өөр дүгнэлт хийж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хариуцагч нь Г ХХК нь нэхэмжлэгч Т Ложистик ХХК болон хариуцагч Н ХХК нарын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13\18 дугаартай ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд нийт нэр бүхий 3 чингэлгийг нэхэмжлэгчээр зуучлуулан тээвэрлүүлэн хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд гэрээг хэдийгээр нэхэмжлэгч Т Ложистик ХХК болон Н ХХК-ийн хооронд байгуулагдсан боловч хариуцагч Г ХХК нь өөрийн нэрээр чингэлгийг тээвэрлүүлсэн үйл баримтыг үгүйсгээгүй нь талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.3 дах хэсэгт зааснаар мөн хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу нэхэмжлэгчид хариуцагч Г ХХК-ийн захиалгын дагуу импортын ачааг тээвэрлэлтийг зохион байгуулах, тээвэр зуучлалын иж бүрэн үйлчилгээ үзүүлэх, мөн хариуцагчийн хүсэлтийн дагуу дагуу хамгийн тохиромжтой богино, хугацаа бага зарцуулах тээврийн замналыг, үйлчилгээний үнэ тарифыг хариуцагчид санал болгох, мөн тээвэрлэлттэй холбоотой зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, хариуцагч нь тээврийн хөлсний төлбөрийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу гадаад валютаар төлөх үүрэг тус тус үүссэн байна. Түүнчлэн хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгч Т Ложистик ХХК болон хариуцагч Н ХХК нарын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13\18 дугаартай ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд нийт нэр бүхий 3 чингэлгийг нэхэмжлэгчээр тээвэрлүүлэн хүлээн авснаас PONU285707 дугаартай нэг чингэлэгт байсан эд зүйл алдагдсан үйл баримтын талаар маргаагүй, харин сөрөг нэхэмжлэлээр алдагдсан барааны үнэ гаргуулах шаардлагыг гаргасан байдаг. Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 67 дугаар зүйлд зааснаар төмөр замын байгууллага нь тээвэрлүүлэхээр өгсөн ачааг хүлээн авсан цагаас эхлэн түүнийг хүлээн авагчид хүлээлгэн өгөх хүртэл уг ачааг бүрэн бүтэн байлгах хариуцлага хүлээнэ гэжээ. Г ХХК-ийн ачуулсан чингэлгийг Латвийн төмөр замаас хүлээн авч, төмөр замын Себеж өртөөнд илгээгчийн бүрэн ломботой ирснийг мал эмнэлэг, ургамал хорио цээрийн шалгалт хийх зорилгоор онгойлгосон байх ба онгойлгосны дараа тавьсан 3 ширхэг ломбоор хүлээн авсан, Улаанбаатар өртөөнд гэмтэлгүй ломбоор ачааг олгосон, чингэлгийг онгойлгоход ухагдсан шинжтэй байсан талаар Улаанбаатар төмөр замын ачаа тээврийн албаны 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 93\71 тоот албан бичиг, тээврийн акт, Үндэсний танхим дахь худалдаа эдийн засгийн экспорт, импортын барааны баримтаар нотлогдож байна. түүнчлэн талууд гэрээ байгуулахдаа ОУАХХ, Монгол улсын хууль тогтоомжууд болон Улаанбаатар төмөр замд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм, журам, тушаал, шийдвэр, тарифыг удирдлага болгосон байх ба гэрээний 2.1.8-т зуучлагч нь төмөр замын байгууллагаас тогтоосон тээврийн актыг үндэслэн тухайн тээврийн дутсан барааны хохиролоо барагдуулах асуудлаар зөвлөгөө өгөх, шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэхэд туслан ажиллана гэсний дагуу Т Ложистик ХХК нь Улаанбаатар төмөр замын ачаа тээврийн албанд хохирол төлүүлэх талаар гомдол гаргаж, мөн зөвлөгөө өгнө, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгсөн хэдий ч Г ХХК нь ямар ч ажиллагаа хийгээгүй. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хариуцагч 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ачаа тээврийн зуучлалын гэрээний дагуу чингэлгүүдийг тээвэрлүүлдэг байсан гэснээс гадна ны өдрийн ачаа тээврийн зуучлалын гэрээний дагуу чингэлгүүдийг тээвэрлүүлдэг байсан гэснээс гадна Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ .... бидний хооронд байгуулагдсан Ачаа тээврийн зуучлалын гэрээ-ний 1.1 дэх заалтын дагуу Т Ложистик ХХК нь импортын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах, тээвэр зуучлалын иж бүрэн үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасны дагуу алдагдсан бяслагийн үнэ, олох ёстой ашгийг гаргуулж өгнө үү хэмээн тайлбараа гаргасаар байхад хариуцагчийн тайлбарыг өөрчлөн тайлбарлаж дүгнэлт гаргасан шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж сөрөг нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г ХХК-ийн өмгөөлөгч М.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийг PONU285707 дугаартай чингэлгийн тээврийн хөлс 7 275 еврог шаардах эрхтэй гэж дүгнэхдээ хэрэгт байгаа нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлсэнгүй. ...PONU2853707 тоот чингэлгийн ОХУ-ын нутаг дэвсгэр дэх төмөр замын тээвэрлэлтийн хөлсийг нь төлсөн РТСБ ХХК-ийн төлөөлөгчид Монгол Улсад ирж Г ХХК-ийн удирдлагатай уулзахдаа ч гэсэн уг чингэлгийн тээврийн хөлсийг нэхэмжлэхгүй гэдгээ хэлсэн байдаг. Үүний нотолгоо нь Т Ложистик ХХК-иас шүүхэд гаргаж өгсөн РТСБ ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичиг юм. Уг албан бичигт Т Ложистик ХХК-иас нийт 13 чингэлгийн тээврийн төлбөрийн хөлсийг хүлээн авсан тухай дурдсан байдаг бөгөөд тэнд PONU2853707 тоот чингэлгийн тээврийн хөлсийг хүлээн авсан тухай бичигдээгүй. Гэтэл Т Ложистик ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх бүх тээврийн хөлсний төлбөрт РТСБ ХХК-д 2014 онд 71 600 евро, 8 371 евро нийт 79 971 евро төлсөн гэж баримт гаргасан тул үнэхээр PONU2853707 тоот чингэлгийн тээврийн хөлс 6 645 евро нь 2014 онд төлөгдсөн бол РТСБ ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичигт PONU2853707 тоот чингэлгийн дугаар заавал байх ёстой, мөн уг чингэлгийн тээврийн хөлс 6 645 еврогийн нэхэмжлэлийг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн байсан. Учир нь Т Ложистик ХХК нь РТСБ ХХК-иас хүлээж авсан тээврийн хөлсний нэхэмжлэлүүдээ шүүхэд оруулж өгсөн боловч мөн л PONU2853707 тоот чингэлгийн тээврийн хөлсний 6 645 еврогийн нэхэмжлэх тэнд байгаагүй. ...Гэтэл анхан шатны шүүх PONU2853707 тоот чингэлгийн 7 275 еврогийн тухайд чингэлгийн төлбөр төлөхийг шаардсан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч, уг чингэлгийг тээвэрлэсэн талаар зохигчид маргаагүй тул хэлцлийн дагуу дээрх чингэлгийг Монгол улсад авч ирэх үүргээ Т Ложистик ХХК биелүүлсэн учир түүний төлбөр 7 275 еврог хариуцагч Г ХХК төлөх нь зүйтэй дүгнэжээ. Анхан шатны шүүх 7 275 еврогийн 6 645 евро нь чингэлгийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэсний хөлс байх бөгөөд уг 6 645 еврог ОХУ-ын төмөр замд РТСБ ХХК төлж, дараа нь Т Ложистик ХХК-иас нэхэмжлэн авах ёстой, түүний дараа Т Ложистик ХХК нь Г ХХК-иас нэхэмжлэн авах ёстой байсныг анхаарсангүй. Энэ нь Т Ложистик ХХК болон РТСБ ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ, РТСБ ХХК-ийн нэхэмжлэлүүд Т Ложистик ХХК-иас төлбөр хүлээн авсан тухай албан бичгийг харахад тодорхой харагдана. Гэтэл Т Ложистик ХХК нь дээрх чингэлгийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэсний хөлс 6 645 еврог РТСБ ХХК-д төлсөн нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаад шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Т Ложистик ХХК нь Улаанбаатар төмөр замд PONU2853707 тоот чингэлгийн тээврийн хөлсөнд 328 600 төгрөг, мөн дотоод зардалд 98 000 төгрөг, хот доторх тээврийн зардалд 230 000 төгрөг, нийт 656 600 төгрөгийн зардал гарсныг 2014 оны еврогийн ханшаар нь еврод шилжүүлэн 630 евро болгоод дараа нь түүнийгээ 2017 онд нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаараа эргүүлэн төгрөгт шилжүүлж 1 673 815 төгрөг болгон нэхэмжилсэн. Ингэж 656 600 төгрөгийн зардлыг 1 017 215 төгрөгөөр өсгөж 1 673 815 төгрөг болгосон. ...Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн Үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх гэж заасныг зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүх үүнд зөв дүгнэлт өгсөнгүй. Иймд шийдвэрийн 1 дэх хэсгийн Г ХХК-иас 19 328 584 төгрөг гэснийг Г ХХК-иас 656 600 төгрөг гэж өөрчлөн, 18 671 984 төгрөгөөр багасгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н ХХК-ийн өмгөөлөгч М.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөв хэрэглэсэнгүй. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн Үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх гэж заасан байхад нэхэмжлэгч нь Улаанбаатар төмөр замд төгрөгөөр төлсөн тээврийн хөлсний зардал, мөн компанийн дотоод зардал, хот доторх тээврийн зардал нь төгрөгөөр гаргасан байхад тэдгээр зардлуудыг 2014 оны еврогийн ханшаар нь еврод шилжүүлсэн. Дараа нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг еврогийн дүнг 2017 оны ханшаар төгрөгт шилжүүлэн 2014 онд төгрөгөөр гарсан зардлыг еврогийн ханшийн зөрүүгээр өсгөн нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх үүнд дүгнэлт өгсөнгүй. Т Ложистик ХХК нь Улаанбаатар төмөр замд тээврийн хөлсөнд нийт 6 850 000 төгрөг, мөн дотоод зардалд нийт 2 377 400 төгрөг, хот доторх тээврийн хөлсөнд 2 300 000 төгрөг, нийт 11 527 400 төгрөгийн зардал гарсныг 2014 оны еврогийн ханшаар нь еврод шилжүүлэн 8 930 евро болгоод дараа нь түүнийгээ 2017 онд нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаараа эгүүлэн төгрөгт шилжүүлж 23 725 670.5 төгрөг болгон нэхэмжилсэн. Ингэж 11 527 400 төгрөгийн зардлыг 12 198 270.5 төгрөгөөр өсгөж 23 725 670.5 төгрөг болгосон. Улмаар 12 198 270.5 төгрөгөөр өсгөсөн дүндээ 50 хувийн алданги 6 099 135.25 төгрөг тооцуулж, нийт 18 297 405.75 төгрөгийг ханшийн зөрүүгээр нэмж шийдүүлсэн тул үүнийг хасаж өгнө үү. Т Ложистик ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн Г1423 тоот нэхэмжлэхээр 11 чингэлгийн төлбөрийг 61 380 еврог нэхэмжилсэн боловч тухайн сардаа багтааж төлөөгүй гэсэн үндэслэлээр 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 100 хоногийн алданги нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Т Ложистик ХХК-ийн 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 142/1 тоот албан бичигт PONU2853707 тоот чингэлэг дээр гарсан хохирлын асуудал Олон улсын ачаа тээврийн дүрмийн дагуу шийдвэрлэгдтэл сүүлийн 3 сарын /6, 7, 8 сарууд/ тээврийн хөлснөөс хохирол болох 65 000 еврог хасаж төлбөр тооцоогоо хийж барагдуулна уу гэсэн байдаг. Энэ албан бичиг нь ...цахим хаягт илгээгдэж, Н ХХК хүлээж авсан. С ХХК, Н ХХК-иуд нь Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.14 дэх хэсэгт заасны дагуу компанийн нэг нэгдэлд харьяалагддаг, нэг хувьцаа эзэмшигчийн мэдэлд байдаг зэргэлдээ компаниуд бөгөөд Т Ложистик ХХК нь тус компанийн нэгдлийн Н ХХК, Г ХХК-иудтай С ХХК-иар дамжуулан харилцдаг, С ХХК-ийг үндсэн хариуцагчаар бүртгэж, тэдгээр компаниудын захиалгыг С ХХК-ийн нэр дээр бүртгэдэг байсан. ...Хэдийгээр алдагдсан ачаа нь Г ХХК-ийнх боловч Т Ложистик ХХК-тай албан ёсоор гэрээ байгуулсан нь ганцхан Н ХХК байсан бөгөөд ихэнх тээврийн ачааны захиалгыг Н ХХК өгч, тээврийн хөлсний ихэнхийг мөн л Н ХХК төлж байсан. Иймд Н ХХК-ийн тээврийн хөлсний төлбөрөөс 65 000 еврог суутган тооцох талаар талууд тухайн үедээ тохиролцсон. Компанийн нэгдлийн компаниуд дундаас Н ХХК-иас өөр 65 000 еврогоос давсан тээврийн захиалга өгсөн компани байгаагүй. Дээрх баримтуудаас харахад Н ХХК-ийг 65 000 еврогийн төлбөрөө асуудал шийдвэрлэгдтэл төлөхгүй байж болно гэж зөвшөөрөл өгсөн атлаа дараа нь 64 045 еврог 2014 оны 9 дүгээр сард хугацаандаа төлөөгүй гэдэг үндэслэлээр алданги нэхэмжилсэн нь илт хууль зүйн үндэслэлгүй байна. Т Ложистик ХХК нь Улаанбаатар төмөр замд ачаа алдагдсан талаар өгсөн гомдлынхоо хариуг 2014 оны 11 дүгээр сард биш, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр авсан бөгөөд түүнээс хойш дээрх 11 чингэлэг ачааны төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг Н ХХК-д өгч байгаагүй. Нэхэмжлэгч нь алдагдсан ачааны хохирлын асуудал өөрт нь хамаагүй гэж үзэж байсан бол дээрх албан бичгүүдэд дурдсаны дагуу 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар төмөр замаас гомдлын хариугаа авсан даруйдаа өөрийн 65 000 еврог төлөхийг шаардсан нэхэмжлэх, албан бичгүүдийг Н ХХК-д өгч, тийнхүү шаардсан хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги тооцох ёстой. Гэтэл тийм нэхэмжлэх, албан бичиг өгөөгүй байж алданги тооцож нэхэмжилснийг шүүх хүлээн авч шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийн Н ХХК-иас 210 294 990 төгрөг гэснийг Н ХХК-иас 127 998 389.5 төгрөг гэж өөрчлөн, 82 296 600.5 төгрөгөөр багасгаж өгнө үү гэжээ. Т Ложистик ХХК төгрөгөөр гарсан зардлыг еврод шилжүүлэх аргаар Н ХХК-иас нэмэгдүүлж нэхэмжилсэн зардлын тооцоог хавсаргав.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч Т Ложистик ХХК нь ачаа тээврийн зуучлалын төлбөрт хариуцагч Н ХХК-д холбогдуулан үндсэн төлбөр 64 045 евро буюу 170 157 958.25 төгрөг, алданги 85 078 979.13 төгрөг нийт 255 236 937 төгрөг, хариуцагч Г ХХК-д холбогдуулан үндсэн төлбөр 21 845 евро буюу 58 038 888.25 төгрөг, алданги 29 019 444.13 төгрөг нийт 342 295 269.15 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага /хх.I-206-208/ гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Түүнчлэн хариуцагч Н ХХК-иас тээвэрлэлтийн явцад алдагдсан бяслагны үнэ 59 678.42 евро, бяслагийг худалдахаар олох байсан ашиг 38 842 862 төгрөг, нийт 194 135 659 төгрөгийн хохирлын сөрөг нэхэмжлэл /1хх.73-74/ гаргасныг нэхэмжлэгч мөн эс зөвшөөрч маргасан байна./ 1хх.26, 114, 2хх.89, 243-244, 245-247/
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар зөв тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч Т Ложистик ХХК-д Зам, тээврийн хөгжлийн яамнаас тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх 17/155-25 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон, /2хх.87/ уг компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг тээвэр зууч гэж бичсэн /хх.1.4/ баримт хэрэгт авагдсан байгаа боловч уг компанийн бусад этгээдтэй байгуулсан гэрээг үгүйсгэх, гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч компани нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.7, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар хуулиар хориглоогүй аливаа үйл ажиллагаа эрхлэх эрхтэй бөгөөд уг компанитай тээвэрлэлтийн гэрээ байгуулж, үүрэг хүлээхийг хуулиар хориглоогүй болно.
Нэхэмжлэгч компанийн болон хариуцагч Н ХХК-ийн хооронд Ачаа тээврийн зуучлалын гэрээ /1хх.6-8/ гэх нэртэй гэрээ байгуулагдаж, гэрээний талыг зуучлагч, зуучлуулагч гэж тодорхойлсон байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах боловч уг гэрээнд гэрээний нэг тал нөгөө талын бараа, бүтээгдэхүүнийг гадаад улсаас тээвэрлэн ирэх зохион байгуулалтыг хангах, нөгөө тал нь тээвэрлэлтийн хөлс төлөх үүрэг хүлээсэн байна. Тодруулбал, зуучлагч буюу нэхэмжлэгч компаний үүргийг гэрээний 2.1.1-д хариуцагч компанийн хүсэлтийн дагуу хамгийн тохиромжтой богино, хугацаа бага зарцуулах тээврийн замналыг, үйлчилгээний үнэ тарифыг албан бичгээр санал болгох, 2.1.2-д бүх төрлийн тээврийн талаар үнэ төлбөргүй мэргэжлийн зөвлөгөө өгөх гэснээс гадна гэрээний 3.1.2, 4.2-т тээвэрлэлтийн хөлсийг шаардах, уг хөлсийг төлөөгүй хугацаа хэтэрсний алдангийг шаардах эрхийг тус тус зааж, нөгөө талаас, хариуцагч Н ХХК-ийн үүргийг уг гэрээний 2.2.2-т тээвэрлүүлсний хөлсийг төлөх гэсэн байдлаар тодорхойлсон байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас ачаа тээвэрлэсэнтэй холбоотой тээвэрлэлтийн хөлсийг шаардаж байгаагаас үзэхэд тээвэрлэлтийн гэрээний тээвэрлэгчийн үүргийг хэрэгжүүлсэнтэй холбоотой хөлсийг шаардах эрхээ хэрэгжүүлж байна. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу, ачаа тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Иймд зохигчдын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байх тул тээвэрлэгч нь Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт зааснаар ачаа алдагдсан, дутсантай холбоотой хариуцлагыг хүлээх үүрэгтэй.
Талуудын гэрээнд зуучлагч гэх нэрээр тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй байх нөхцөлийг гэрээний 2.1.7, 3.1.1-д тус тус заасан байна. Эдгээр заалтад зааснаар тээвэрлэлтийн болон ачилтын нөхцөл алдагдсан, зориулалтын бус сав, баглаа боодлыг хэрэглэн ачааг тээвэрлэсэн зэргээс дутсан, гэмтсэн гэсэн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Түүнчлэн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хяналт шалгалтын гэрчилгээнд /1хх.137,147/ ачаа алдагдсан талаар заасан нь тээвэрчлэгчийг Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алдагдсан барааны үнийг хохиролд тооцон нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Энэ талаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч тээвэрлэлтийн хөлс болон түүнд ногдох алдангийг хариуцагч Н ХХК-иас ZCSU8347193 тоот чингэлгийн 5 608 евро, GATU8439494 тоот чингэлгийн 5 608 евро, HLXU6143485 тоот чингэлгийн 5 608 евро, UNDU 2707325 тоот чингэлгийн 7 965 евро, ETTU6169170 тоот чингэлгийн 5 608 евро, ETTU5022034 тоот чингэлгийн 5 608 евро, HLXU6131144 тоот чингэлгийн 5 608 евро, ETTU6207691 тоот чингэлгийн 5 608 евро, ETTU4540086 тоот чингэлгийн 5 608 евро, ETTU6101734 тоот чингэлгийн 5 608 евро, ETTU4610136 тоот чингэлгийн 5 608 евро нийт 11 чингэлэг 64 045 евро, Г ХХК-иас CSUU-0221645 тоот чингэлгийн 7 285 евро, EMJU-5623937 тоот чингэлгийн 7 285 евро PONU-2853707 тоот чингэлгийн 7 275 евро нийт 21 845 евро нэхэмжилсэн./1хх.206-208/
Нэхэмжлэлд дурдагдсан дээрх чингэлгүүдийг гадаад улсад тээвэрлэсэн тээвэрлэлтийн төлбөрийн талаар хэрэгт орос хэлээр авагдсан РТСБ гэсэн нэхэмжлэхийн жагсаалт /1хх.245/ орчуулгын хувь /2хх.17/ /2хх.31/, баримт болон Монгол Улсад тээвэрлэсэн төгрөгөөр гарсан зардалд хамаарах Улаанбаатар төмөр замаар үйлчлүүлсэн төлбөр нь хэргийн 1 дүгээр хавтас 70 дугаар хуудсанд авагдсан Улаанбаатар төмөр замын тээврийн үйлчилгээний төвийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 84-93/95 тоот албан бичиг, албан бичгийн хавсралт гадаад улсад тээвэрлэсэн чингэлгийн дугаартай тохирч байх бөгөөд нэхэмжлэгчийн бичгээр гаргасан баримтад /1хх.172-173, 208-209/ дурдсан нийт 13 чингэлгийн дугаар тусгагдсан, PONU-2853707 тоот чингэлгийн талаар тусгагдаагүй боловч уг чингэлгээр ачаа тээвэрлэсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Т Ложистик ХХК нь хариуцагч компаниудаас дээрх чингэлэг бүхий ачааг гадаад улсад болон Монгол Улсад тээвэрлүүлсний хөлсийг Иргэний 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Тус төлбөрийг хэрэгт авагдсан дараах баримтуудад үндэслэн тооцвол нэхэмжлэгч гадаад улсад төлсөн зардал хариуцагч Н ХХК-ийн ZCSU-834719 3 тоот чингэлэг RE-0614/17120 дугаар нэхэмжлэлээр 4 778 евро /1хх.246, 2хх.32/ Замын хуудас орчуулгын хувь /2хх.52-53/, GATU-843949 4- тоот чингэлгийн дугаар, нэхэмжлэлийн дугаар RE-0614/17214 4 778 евро /1хх.247,2хх633/ Замын хуудас орчуулгын хувь /2хх.70-71/, HLXU-614348 5 тоот чингэлгийн дугаар, нэхэмжлэлийн дугаар RE-0614/17134 4 778 евро /1хх.248, 2хх34/ Замын хуудас орчуулгын хувь /2хх.68-69/, RE-0714/17245 дугаар нэхэмжлэлээр 7 335 евро /1хх.249, 2хх.35/ Замын хуудас орчуулгын хувь /2хх.66-67/, RE-0714/17246 дугаар нэхэмжлэлээр 4 778 евро /2хх.2,37/ Замын хуудас орчуулгын хувь /2хх.62-63/, RE-0614/17216 дугаар нэхэмжлэлээр 4 778 евро /2хх.3,38/ Замын хуудас орчуулгын хувь /2хх.56-57/, RE-0614/17136 дугаар нэхэмжлэлээр 4 778 евро /2хх.4,39/ Замын хуудас орчуулгын хувь /2хх.60-61/, RE-0714/17247 дугаар нэхэмжлэлээр 4 778 евро, /2хх.7,42/ Замын хуудас орчуулгын хувь /2хх.58-59/, RE-0714/17253 дугаар нэхэмжлэлээр 4 778 евро, /2хх.8,43/ Замын хуудас орчуулгын хувь /2хх.50-51/, RE-0714/17257 дугаар нэхэмжлэлээр 4 778 евро, /2хх.6,41,44/ Замын хуудас орчуулгын хувь /2хх.48-49/, RE-0714/17255 дугаар нэхэмжлэлээр 4 778 евро, /2хх.10,45/ Замын хуудас орчуулгын хувь /2хх.54-55/ нийт 11 чингэлэгийн ачааг гадаад улсын нутаг дэвсгэрт тээвэрлэх хөлс нийт 55 115 евро болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Н ХХК-ийн еврогоор төлсөн төлбөрийг анхан шатны шүүх нийт 11 277 евро төлөгдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд хариуцагч Н ХХК еврогоор төлбөл зохих 55 115 еврогоос анхан шатны шүүхийн төлсөн гэж дүгнэсэн 11 277 еврог хасвал 43 838 евро тээвэрлэлтийн хөлсөнд төлөх үүргийг гүйцэтгээгүй байна. Уг үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр алдангийг тооцвол 21 919 евро нийт 65 757 евро буюу 2 656.85 төгрөгийн ханшаар төгрөгт тооцвол 174 706 485 төгрөгийг гадаад улсад тээвэрлэсэн хөлс, алдангид төлөх үүрэгтэй байна.
Харин Монгол Улсад тээвэрлэсэн тээвэрлэлтийн үнийн дүнгийн талаар талууд маргаагүй. Төгрөгөөр гарсан зардал нь 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцсон Н ХХК-ийн авлага, алдангийн тооцоо гэх хүснэгтэд /1хх.172/ Улаанбаатар төмөр замд төлсөн 6 850 000 төгрөг, дотоод зардал 2 377 400 төгрөг, хот доторхи тээврийн зардал 2 300 000 төгрөг, нийт 11 527 400 төгрөг, /3хх.187/ алданги 5 763 700 төгрөг нийт 17 291 100 төгрөг байна. Иймд хариуцагч Н ХХК-иас нийт 191 997 585 төгрөгийг тээврийн хөлс, алдангид гаргуулах нь зүйтэй.
Анхан шатны шүүхээс алдангийн хэмжээг хэт их гэж багасгах нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн талаар хэргийн баримтад үндэслэсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй. Түүнчлэн, талууд алдангийн хэмжээг багасгах үндэслэлтэй эсэх талаар маргаагүй, энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчаас алданги шаардах, уг алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлах үндэслэлтэй.
Нэхэмжлагч нь Г ХХК-тай тээвэрлэлтийн болон зуучлалын гэрээ байгуулаагүй гэж тайлбарлах боловч тус компанийн захиалгын дагуу импортын ачааны тээвэрлэлтийг зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Нэхэмжлэгч нь уг хариуцагчаас тээвэрлэлтийн хөлс гаргуулахаар шаардаж байгаа учир тэдний хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч Т Ложистик ХХК нь хариуцагч Г ХХК-тай Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасны дагуу алдангийн талаар тохиролцсон баримтгүй тул талууд алданги тохиролцоогүй гэж үзэн 29 019 444 төгрөгийн алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.
CSUU-022164 5 тоот чингэлгийн дугаар, нэхэмжлэлийн дугаар RE-0614/17114 6 655 евро /2хх.1,64-65/, EMJU-562393 7 тоот чингэлгийн RE-0714/17390 дугаартай нэхэмжлэлд 6 655 евро /2хх.5, 46-47/ PONU-285370 7 тоот чингэлгийн дугаар 6516179 нэхэмжлэлийн 6 645 евро, мал эмнэлгийн гэрчилгээ /2хх.27/, №541 акт /2хх.28-29/, ерөнхий маягтын акт /2хх.30, 85-86/ нийт 19 955 еврогоор төлсөн зардал, харин төгрөгөөр гарсан зардалд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцсон Г ХХК-ийн авлага, алдангийн тооцооны хүснэгт /1хх.208/ Улаанбаатар төмөр замд 985 800 төгрөг, дотоод зардал 294 000 төгрөг, хот доторхи тээврийн зардал 690 000 төгрөг, нийт 1 969 800 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Харин Г ХХК 14 570 евро төлсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байх тул еврогоор төлбөл зохих 19 955 еврогоос төлөгдсөн 14 570 еврог хасвал 5 385 евро, 2 656.85 төгрөгийн ханшаар тооцвол 14 307 137.25 төгрөг, Монгол Улсад гарсан болон төгрөгөөр гарсан зардал 1 969 800 төгрөгийг нэмж тооцвол 16 276 937.25 төгрөг болж байна. Гэвч хариуцагч нарын өмгөөлөгч М.Бадралын давж заалдах гомдолдоо уг нэхэмжлэлээс зөвшөөрсөн тооцоондоо заасан үнийн дүн 18 297 405 төгрөгийг нэхэмжлэгч Т Ложистик ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч Г ХХК-ийн Монгол төгрөгөөр биелүүлсэн тээвэрлэлтийн хөлсийг еврод шилжүүлэн бодсон нэхэмжлэгчийн тооцоолол Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байгааг шүүх анхааралгүй монгол төгрөгөөс еврод шилжүүлэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг буцаан шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш руу тооцсон нь ханшийн зөрүү гарсан гэх давж заалдах гомдол үндэслэлтэй. Харин хариуцагч Н ХХК-ийн төлсөн 10 600 еврог шүүх давхардуулан тооцсон гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Иймд уг үүргээс гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдэлд хариуцагч Н ХХК-иас нийт 191 997 585 төгрөг, хариуцагч Г ХХК-иас 18 297 405 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 210 294 990 төгрөгийг нэхэмжлэгч компанид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02700 дугаар шийдвэрийн,
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 191 997 585 төгрөг гаргуулан, хариуцагч Г ХХК-иас 18 297 405 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т Ложистик ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 132 000 279 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын 1 209 425 төгрөг гэснийг 1 117 938 төгрөг гэж, 254 593 төгрөг гэснийг 249 437 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Т Ложистик ХХК-ийн 1 497 772 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Н ХХК-ийн 569 435 төгрөг, хариуцагч Г ХХК-ийн 251 310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ТУЯА
ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ