Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00498

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02700 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2342 дугаар магадлалтай

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Н” ХХК, “Г” ХХК-иудад холбогдох

Хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан “Ачаа тээврийн зуучлалын гэрээ”-ний үүрэгт 64 045 евро буюу 170 157 958 төгрөг, алданги 85 078 979 төгрөг, нийт 255 236 937 төгрөгийг гаргуулах, хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан тээврийн хөлс 21 845 евро буюу 58 038 888 төгрөг, алданги 29 019 444 төгрөг, нийт 87 058 332 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Н” ХХК нь ачаа тээвэрлэлтийн явцад алдагдсан барааны үнэ 59 678.42 евро  буюу 155 292 797 төгрөг, олох байсан орлого 38 842 862 төгрөг, нийт 194 135 659 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахтухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганцэцэг, хариуцагч “Н” ХХК-ийн төлөөлөгч С.Даваажав нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн О.Даваажав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Орхон, хариуцагч нарын өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК-тай 2013 оны 10 дугаар сард ачаа тээврийн зуучлалын 13/18 тоот гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 29-ний хооронд тээвэрлэсэн нийт ачаанаас “Н” ХХК нь 11 чингэлэг ачаа, “Г” ХХК нь 3 чингэлэг ачаа тээвэрлүүлэн хүлээн авсан боловч, ачаа тээврийн зуучлалын хөлс болох 228 196 846.50 төгрөгийг төлөөгүй. Тус компаниудын ачааг 2013 оны 9 дүгээр сараас хойш тээвэрлэж байсан. Иймд “Н” ХХК-иас 64 045 евро буюу 170 157 958.25 төгрөг, алданги 85 078 979.13 төгрөг, “Г” ХХК-иас тээвэрлэлт, зуучлалын хөлс 21 845 евро буюу 58 038 888 төгрөг, алданги 29 019 444 төгрөг, нийт 87 058 332 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч “Г” ХХК нь бараа хугацаа хоцорч ирсэн талаар гомдлын шаардлага гаргаж байгаагүй, 1 чингэлгийн бараа алдагдсанаас болж 11 чингэлгийн мөнгийг төлөхгүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. “Н” ХХК-ийн тээвэрлэлтүүдийн тооцоог эхнээс нь шахахаар 64 035 евро, “Г” ХХК 21 845 еврогийн өглөгтэй. Манай байгууллага хариуцагч нарын нийт 73 чингэлэг тээвэрлэсэн накладууд байгаа. Хариуцагч тал наклад дээр маргахгүй гэдэг. Хариуцагч талын төлөгдсөн гэж буй үнийн дүнгүүдийг манайх бүгдийг нь өмнөх тээвэрлэлтүүдийн төлөлтөд суутгаж оруулсан байгаа. Хариуцагч тал тооцоогоо хэрхэн гаргадгийг мэдэхгүй байна. Тээвэрлэлтийн явцад ачааны чанарт өөрчлөлт орох, ачилтын нөхцөл алдагдсан, түргэн муудах барааг зориулалтын бус сав баглаа боодол хэрэглэж ачаа тээвэрлэснээс үүсэх хохирлыг гэрээний 2.1.7-д зааснаас бусад тохиолдолд зуучлагч хариуцахгүй гэж заасан байгаа. Маргаан бүхий энэ тохиолдолд бараа бүтээгдэхүүний чанарт нөлөөлж муудсан бараа бүтээгдэхүүн байгаагүй. “Т” ХХК нь тээвэр зуучлалын үүрэг гүйцэтгэдэг тусгай зөвшөөрөл бүхий байгууллага учир тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэдэггүй. Иймд хариуцагч тал хохирлоо “УБТЗ” ХНН-ээс тусдаа нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй гэв.

Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Таванбаяраас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Н” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Т” ХХК-тай ачаа тээврийн зуучлалын гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан. Уг гэрээний дагуу бид өөрийн бараанаас гадна манай компанийн хувьцаа эзэмшигч “Г” ХХК, “Сээкл” ХХК-иудын өмнөөс тэдний барааг гадаадаас тээвэрлүүлэх захиалгыг “Т” ХХК-д өгдөг байсан. Нэхэмжлэгч нь 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Г1423 дугаартай нэхэмжлэхээр UNDU2707325 зэрэг 11 чингэлгийн төлбөр 61 380 еврог “Н” ХХК-иас нэхэмжилсэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэ дүн 64 045 евро болж 2 665 еврогоор нэмэгдэж, нийт 7 965 евро болсон байсан. Цахим шууданд мөн Г1426 тоот нэхэмжлэх байсан ба, түүнд “Н” ХХК-ийн UNDU2707325 тоот чингэлгийн төлбөр, “Г” ХХК-ийн CSUU0221645 тоот чингэлгийн төлбөрт нийт 6 635 еврог Г.Ганзоригоос нэхэмжилсний Г.Ганзоригоос 7 сарын тээвэр гэсэн утгатайгаар 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн. “Т” ХХК нь UNDU2707325 тоот чингэлгийн тээврийн хөлс 7 965 еврогийн төлбөрөө “Н” ХХК-иас 5 300 евро, Г.Ганзоригоос 2 665 евро гэж салгаж нэхэмжилснийх нь дагуу Г.Ганзориг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2 665 еврог төлсөн байхад уг төлбөрийг дахин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь “РТСБ” ХХК-д төлсөн гэх 11 чингэлгийн тээврийн хөлс 55 115 еврогоос “Н” ХХК-ийн төлсөн 11 277 /8 612+2 665/ еврог хасч тооцохгүй нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Т” ХХК нь Монгол Улсын төмөр замд төлсөн болон хот доторх тээврийн зардал, компанийн дотоод зардал гэх төгрөгөөр гарсан 11 527 400 төгрөгийн зардлыг 2014 оны ханшаар еврод шилжүүлэн нэхэмжлээд, дараа нь 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн еврогийн ханшаар төгрөгт шилжүүлж нэхэмжилсэн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасныг зөрчсөний улмаас дээрх зардлын 11 527 400 төгрөг дээрээ 12 198 270 төгрөгийг илүү нэмж нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь “Г” ХХК-ийн тээвэрлүүлсэн PONU2853707 тоот чингэлгийн ачаа алдагдсанаас учирсан хохирол 59 678.42 еврог олох байсан орлогын хамт төлөх ёстой тул 11 чингэлгийн тээврийн хөлс 55 115 еврогоос “Н” ХХК-ийн төлсөн 11 277 еврог хасч тооцсоны дараах 43 838 евро, мөн төгрөгөөр гарсан зардал болох 11 527 400 төгрөгийг алдангийн хамт төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд ...”Г” ХХК-ийн ачаа болох ХБНГУ-ын ДМК Дойчэ Милчконтор компаниас худалдан авсан нийт 64 663.03 еврогийн үнэ бүхий 1361 хайрцаг бяслаг, тэр дундаа 13198.16 кг, 1075 хайрцаг Эдам нэрийн бяслаг, 3597.43 кг 286 хайрцаг Гаруда нэрийн бяслагийг ачуулсан боловч санал болгосон хугацаанаасаа хоцорч ирсэн бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Т” ХХК-ийн Улаанбаатар дахь менежер ачаа ирснийг мэдэгдсэн. “Г” ХХК нь ачааг хүлээн авахад 1257 хайрцаг ачаа замдаа алдагдаж, 104 хайрцаг ирсэн тул гэрээний дагуу өөрт учирсан хохирол болох алдагдсан 59 678.42 евро, уг чингэлгийг ачихад зарцуулсан мөнгөний банкны хүүг нэмээд нийт 65 000 еврогийн хохирлыг барагдуулахыг “Т” ХХК-иас шаардсан боловч хохирол төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Хэдийгээр алдагдсан ачаа нь “Г” ХХК-ийн өмч боловч тус компани шаардах эрхийг шилжүүлэн авсан тул PONU2853707 чингэлгээр ачигдсан ачааны хохирлыг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Тээвэрлүүлсэн бараа бүрэн бүтэн ирээгүй учраас “Т” ХХК учруулсан хохирлыг хуулийн дагуу төлөх үүрэгтэй. Иймд “Т” ХХК-иас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг үндэслэн алдагдсан бяслагийн үнэ 59 678.42 евро бяслагийг худалдаад олох ёстой байсан ашиг болох 38 842 862 төгрөг, нийт 194 135 659 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Н” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа гэм хор учруулсны хохирол гаргуулах гэж тодорхойлсон. Гэтэл “Г” ХХК-ийн ачаа нь “Т” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж алдагдаагүй тул бяслагийн үнэ болон худалдаад олох ёстой байсан ашгийг төлөх үндэслэлгүй. “Г” ХХК-ийн PONU2853707 дугаартай чингэлэг нь “Н” ХХК-тай байгуулсан гэрээний нөхцөлд хамаарахгүй. “Н” ХХК нь 2013 оны 10 дугаар сард бичгээр гэрээг манай компанитай байгуулсан бөгөөд, энэ гэрээгээр “Г” ХХК-ийн ачааг ачуулсан гэж байгаа боловч энэ талаар ямар ч заалт байхгүй байна. “Г” ХХК нь бие даасан хуулийн этгээд учраас бичгээр байгуулах шаардлагатай байсан. Хоёр тусдаа хуулийн этгээдийн ачаа тээвэр нь өөр өөр цаг хугацаанд, өөр өөр дугаартай, өөр тоо ширхэгтэй контейнэрээр ирсэн, нэг нь бичгээр байгуулсан гэрээтэй, нөгөө нь огт гэрээ хийгээгүй байхад тээвэр зуучийн компанид тээвэр зуучийн хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүй компани нь нөгөө компанидаа эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн гэсэн байдлаар сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгох үндэслэл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.2 дахь хэсэгт заасны дагуу ачааг төмөр замаар тээвэрлэж ирсэн учир төмөр замын тээврийн үндсэн дүрмийг удирдлага болгон “УБТЗ” ХНН хариуцлагыг хүлээнэ гэж зааж өгсөн байгаа. Тээвэрлэгч нь “УБТЗ” ХНН, харин зуучлагч байгууллага нь “Т” ХХК юм. Алдагдсан чингэлгийн гаалийн бүрдүүлэлтэд илгээгч байгууллага нь ОХУ-ын Интермоз транс, хүлээн авагч “Г” ХХК гэж заасан байгаа. “Т” ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэр дээрх тээвэрлэлтийг хариуцаж, бусад хэсгийн тээвэрлэлтийг ОХУ-ын “РТСБ” ХХК хариуцсан. Мөн тээвэрлэгч нь өөрсдийн тээвэрлэх хэсгийг хариуцна гэсэн заалт байдаг. Чингэлэг ирсний дараа онгойлгож үзэхэд ачаа дутсан байсан учраас өөрсдийн үүргийн дагуу Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд хандаж, шинжээчийн дүгнэлт гаргуулан Төмөр замын байгууллагын тээврийн актад ачаа дутсан талаар мэдүүлсэн. Уг чингэлгийн тээврийн захиалгыг “Н” ХХК-иар авсан. Харин наклад бичигдээд наашаа гарахдаа “Г” ХХК-ийн нэрээр гарч тээвэрлэлт хийгдсэн байсан. Манай компани “Г” ХХК-ийн өмнө үүрэг хүлээхгүй. Гэрээ байгуулаагүй боловч накладаар бичигдээд орж ирдэг учир төлбөрийн нэхэмжлэхийг “Г” ХХК-иар бичиж шаарддаг байсан. “Г” ХХК-ийн ачааг энэ удаад анх тээвэрлэж байгаа биш, өмнө нь хэд хэдэн ачаа тээвэрлэж байсан. Г.Ганзоригийн төлсөн төлбөрийг “Н” ХХК-иас хасч тооцдог ба, “Г” ХХК нь өөрийн нэрээрээ орж ирдэг. Манай байгууллага хаалганаас хаалга хүртэл гэсэн зарчмаар тээвэр зуучлалын хөлсийг тооцдог. Нэг хэсгийг нь ХБНГУ-д шилжүүлээд, дотоод зардал, тээврийн хөлсөө төмөр замд шилжүүлдэг ба, бүх зардлууд дээрээ ашгаа нэмээд нэг чингэлгийн үнэ нь ихэвчлэн 5 000-7 285 еврогийн хооронд байдаг. Энэ үнэнд бусад бүх зардлууд шингэсэн байдаг. Бид хариуцагч талаас тайлбарласан шиг тээвэрлэлтээс гарсан зардлуудыг еврод шилжүүлээд төлбөрийг нэхэмжлээгүй. Үйлчлүүлэгчтэй тээврийн болон зуучлалын хөлс гэж ялгаж тохиролцдоггүй. Хариуцагчийн төлсөн төлбөрийг өмнөх тээвэрлэлтийн зардлаас нь суутгаад явдаг байгаа. Тэдний төлсөн 10 600 еврог хасаад 3 чингэлгийн төлбөр одоо үлдсэн. 2014 оны 7 дугаар сарын төлбөрөө төлөөгүй, өмнөх төлөлтүүд дууссан гэв.

Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 7 дугаар сарын чингэлгийн тээвэрлэлтэд 22 232 еврог нэхэмжилсэн ба, тус мөнгийг төлөөгүй гэдэг нь тооцоо нийлсэн актаас харагдана. 52 768 еврог төлөөгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ч төлөх үндэслэл байхгүй. “Т” ХХК нь “Г” ХХК-ийн ачуулсан барааны талаар мэдээгүй гэдэг нь үндэслэлгүй байна. Хэдийгээр талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй ч гэрээний харилцаа үүссэн. “Т” ХХК-иас “Г” ХХК-иас 21 845 еврог нэхэмжилсэн төлбөрийн нэхэмжлэх байдаггүй. “Н” ХХК-ийн хувьд “Т” ХХК-тай нэхэмжлэхээ өгснөөр тооцоо хийгдэхээр харилцан тохиролцсон гэрээтэй. “Т” ХХК нь алдагдсан бяслагийн тээврийн хөлсөнд ОХУ-ын “РТСБ” ХХК-д 6 645 евро төлсөн гэж тайлбарлаж байгаа ч энэ талаарх нотлох баримт байдаггүй. “РТСБ” ХХК-д төлбөр төлсөн жагсаалтад алдагдсан PONU2853707 чингэлгийн дугаар байдаггүй. Бяслагтай чингэлэг алдагдсаны дараа “РТСБ” ХХК-ийн төлөөлөгчид Монгол улсад ирж Г ХХК-тай уулзалт хийж, танай хохирлыг зохих журмын дагуу барагдуулж өгнө, “Т” ХХК-тай хамтарч ажиллаж байгаа, хохирол барагдтал чингэлгийн хөлсийг төлөх шаардлагагүй гэж хэлж байсан. Тиймээс өнөөдрийг хүртэл энэ чингэлгийн төлбөрийг “Г” ХХК-иас нэхэмжилсэн төлбөрийн нэхэмжлэх байдаггүй. Бидний зүгээс “Т” ХХК-ийг бяслагтай чингэлгийн төлбөрийг төлөөгүй гэж үздэг. Хэрэв төлсөн бол баримт байх ёстой. Одоо “Н” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ ач холбогдолгүй байна. Харин талуудын хооронд үүссэн харилцааны хувьд “Г” ХХК гадаад улсад байгаа бяслагийг тээвэрлүүлэхээр “Т” ХХК-д хандаж, тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Энэ дунд хэдэн тээвэрлэгч байх нь нэхэмжлэгч байгууллагуудын асуудал юм. Нэхэмжлэлийн шаардлага нь тээврийн хөлс нэхэмжилсэн байгаа. Иймээс “Г” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд тээвэрлэлтийн харилцаа үүссэн. Бид тээвэрлэлтийн хөлсийг “Т” ХХК-д төлдөг, тус компани нь тээвэрлэгчийн гүйцэтгээгүй үүргийг өөр дээрээ авч байна. Энэ үүднээс тээвэрлэлтийн хөлсийг шаардаж байгаа гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02700 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 210 294 990 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч “Г” ХХК-иас 19 328 584 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 112 671 695 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас 155 292 797 төгрөгийг гаргуулан хариуцагч “Н” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 38 842 862 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 027 376 төгрөг, хариуцагчаас төлсөн 1 128 700 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас төлсөн 1 209 425 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас 1 209 425 төгрөг, хариуцагч” Г” ХХК-иас 254 593 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д, нэхэмжлэгч “Т” ХХК-иас 934 414 төгрөг гаргуулан хариуцагч “Н” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2342 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02700 дугаар шийдвэрийн, 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 191 997 585 төгрөг гаргуулан, хариуцагч “Г” ХХК-иас 18 297 405 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 132 000 279 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “1 209 425 төгрөг” гэснийг “1 117 938 төгрөг” гэж, “254 593 төгрөг” гэснийг “249 437 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч “Т” ХХК-ийн 1 497 772 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч “Н” ХХК-ийн 569 435 төгрөг, хариуцагч “Г” ХХК-ийн 251 310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2018 оны 09-р сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02700 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11-р сарын 23-ны өдрийн 2342 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ти Ай Ложистак” ХХК ба хариуцагч “Н” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд нийцсэн хүчин төгөлдөр зуучлалын гэрээгээр “зуучлагч” ба “зуучлуулагч” хоорондын харилцаа үүссэн хэмээн үзсэнийг давж заалдах шатны шүүх өөрчилж нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээ буюу “тээвэрлэгч” ба “тээвэрлүүлэгч” хоорондын харилцаа үүссэн хэмээн дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэлүүд байна.

Иргэний хуулийн 380-р зүйлийн 380.2-т “Зорчигч буюу ачаа, тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогдоно.” хэмээн зохицуулсан.

Дээрхээс үзвэл тээврийн харилцаа нь орон нутгийн ба олон улсын шинж чанартай, тухайн тээврийн онцлог зэргээс шалтгаалан нарийвчилсан зохицуулалт шаарддаг учир эрх бүхий байгууллагаас баталсан тээврийн олон улсын хэлэлцээр, дүрмээр зохицуулах шаардлагыг хуульчилсан байна.

Тухайлбал, агаарын тээврийг “Иргэний агаарын хөлгөөр тээвэр хийх дүрэм”-ээр, харин төмөр замын ачаа тээвэрлэлтийн харилцааг Монгол улсын Засгийн газрын 1997 оны 09-р тогтоолоор баталсан “Төмөр замын тээврийн үндсэн дүрэм”, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 05-р сарын 27-ны өдрийн 88 дугаар тушаалаар батлагдсан “Төмөр замаар ачаа тээвэрлэх дүрэм” болон Монгол улсын нэгдэн орсон “Олон улсын Төмөр замын ачааны харилцааны тухай хэлэлцээр” зэрэг тусгайлсан зохицуулалт бүхий эрх зүйн хэм хэмжээний актуудаар зохицуулдаг.

Эдгээр эрх зүйн тусгайлсан хэм хэмжээний актууд болон олон улсад нэгэнт тогтсон хэм хэмжээ, практикийг тусган авч хэрэглэх нь энэ төрлийн хэрэг маргаанд талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг зөв тодорхойлж, шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай юм.

Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан “тээвэр зуучлалын гэрээ” болон тээвэр зуучлалын үйлчилгээ эрхэлж байгаа “тээвэр зуучлагч”-ийг шууд “Тээврийн гэрээ” байгуулсан “Тээвэрлэгч” хэмээн үзэж тээвэрлэгчийн хариуцлагыг хүлээлгэж буйг тухайн төрлийн харилцааг буруу тодорхойлж цаашид энэ төрлийн харилцаанд шүүхийн буруу практик тогтоох эрсдэл үүсгэсэн гэж үзэхээс аргагүй байна.

Учир нь:

Монгол улсын Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д “3.1.17.”тээвэрлэгч” гэж төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;” хэмээн тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хувьд төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий төмөр замын тээвэрлэгч хуулийн этгээд биш бөгөөд харин Зам тээврийн хөгжлийн яамнаас олгосон “Тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл” бүхий Тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг этгээд юм.

- Монгол улсын Засгийн газрын 1997 оны 09-р тогтоолоор баталсан “Төмөр замын тээврийн үндсэн дүрэм”-ийн 6 дугаар зүйлд “Төмөр замын байгууллага нь илгээгчийн хүлээлгэн өгсөн ачааг очих газарт нь хүргэж, ачаа хүлээн авахаар итгэмжлэгдсэн этгээдэд бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүргийг хүлээх бөгөөд илгээгч ачаа явуулахдаа тогтоогдсон тарифаар тээвэрлэлтийн болон бусад ажил, үйлчилгээний хөлсийг төлсөн байна. Тээвэр зуучийн байгууллага нь илгээгч, хүлээн авагчийг төлөөлж төмөр замын байгууллагатай харьцсан тохиолдолд төмөр замын байгууллагын өмнө илгээгч, хүлээн авагчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ”. Дүрмийн энэхүү зохицуулалтаас үзэхэд тээвэрлэгч нь төмөр замын байгууллага харин тээвэр зуучлагч нь ачаа илгээгч буюу хүлээн авагчийг төлөөлж Төмөр замын байгууллагатай (тээвэрлэгч) харилцаж буй этгээдийг ойлгох нь илэрхий байдаг. Мөн ачааг очих газарт нь бүрэн бүтэн хүргэж, хүлээлгэж өгөх нь төмөр замын байгууллагад (тээвэрлэгч) хамаарах үүрэг болох нь харагдана.

- Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 05-р сарын 27-ны өдрийн 88 дугаар тушаалаар батлагдсан “Төмөр замаар ачаа тээвэрлэх дүрэм”-ийн “Нийтлэг зүйл”-д “Энэхүү дүрмийн зорилго нь Төмөр замын тээврийн тухай Монгол улсын хууль, Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр /ОАХХ/, холбогдох бусад хууль тогтоомжинд нийцүүлэн төмөр замаар ачаа тээвэрлэхтэй холбоотой суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулна. Энэхүү дүрмийг төмөр замаар ачаа тээвэрлэгч, суурь бүтэц эзэмшигч, илгээгч, хүлээн авагч болон тээвэр зуучийн байгууллагууд /цаашид тээвэрлүүлэгч гэх/ дагаж мөрдөнө. “Тээвэрлүүлэгч” гэж ачаа илгээгч, хүлээн авагч болон тэдгээрийн зуучлагчийг” хэмээн зохицуулснаас үзвэл Тээвэр зуучлагч нь ачаа илгээгч болон хүлээн авагч талтай хамтаар “Тээвэрлүүлэгч” этгээдийн эрх үүрэгтэйгээр харилцаанд оролцох нь илэрхий байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс Тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэгч “Т” ХХК-ийг төмөр замын байгууллагын бүрэлдэхүүн хэсэг буюу “Тээвэрлэгч” хэмээн тодорхойлж тээвэрлэгчийн хариуцлагыг хүлээлгэж байгаа нь дээрх хууль болон эрх зүйн хэм хэмжээг ноцтой буруугаар хэрэглэсэн нөхцөл байдал үүсгээд байна.

Зүйрлэвэл, бид гадаад улс руу жишээ нь АНУ руу аялалаар явахдаа тус чиглэлд олон улсын ямар компанийн, ямар нислэгээр, ямар үнээр явах нь хамгийн хэмнэлттэй бөгөөд хурдан шуурхай очихыг шууд өөрөө тодорхойлж тухайн байгууллагуудтай харьцан гэрээ байгуулах нь хүндрэлтэй байдаг тул “Air market “Air ticket” гэх мэт олон улсын нислэгийн тийз борлуулагч компаниудад ханддаг.

Тухайн олон улсын нислэгийн тийз борлуулагч компани нь хамгийн шуурхай бөгөөд хэмнэлттэй хувилбарыг санал болгосны дагуу бид нислэгийн тийзний төлбөрөө тийз борлуулагч компанид төлдөг. Нислэгийн тийз борлуулагч нь нислэг буюу тээврийн төлбөрийг “Turkish Airlines”, “Korean airlines” гэх мэт олон улсын нислэгийн буюу тээвэрлэгч компаниудад зорчигчийг төлөөлөн төлж дундаас нь 1-2 хувийн үйлчилгээний шимтгэл, ашиг гаргаж авдаг (тээвэр зуучлалын байгууллагуудын хувьд мөн адил).

Улмаар зорчигч “Korean airlines” гэх мэт олон улсын нислэгийн компаниар тээвэрлүүлэх явцад ачаа бараа алга болох асуудал гарвал тухайн нислэгийн компанид (тээвэрлэгчид) хандан ачааны талаар гомдол гаргадаг ба тийз борлуулсан компанид хандан ачаагаа нэхэмжлэх үндэслэлгүй билээ.

2. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгч “Т” ХХК болон сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагч “Г” ХХК-ийн хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн ба тухайн харилцаанд “Т” ХХК-ийг тээвэрлэгчийн үүрэг, хариуцлага хүлээнэ хэмээн дүгнэж, “Г” ХХК-ийн ачаанд дутагдал гарсан хариуцлагыг тээвэр зуучлагч “Т” ХХК-нд хариуцуулан шийдвэрлэсэн нь дээр дурдсанчлан шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад цугласан нотлох баримтууд болон талуудын тайлбараас үзвэл “Т” ХХК болон сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагч  “Г” ХХК-ийн хооронд шууд бичгээр байгуулсан гэрээ байдаггүй.

Харин талуудын тайлбараар “Г” ХХК нь хариуцагч “Н” ХХК-тай нэг эзэнтэй тул “Н” ХХК-ийн “Т” ХХК-тай байгуулсан “Ачаа тээврийн зуучлалын гэрээ”-нд үндэслэн, тухайн гэрээний хүрээнд ачаа тээвэр зуучлалын харилцаанд орсон болох нь тогтоогддог.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл “Г” ХХК нь “Н” ХХК-аар төлөөлүүлэн тээвэр зуучлалын харилцаанд орсон ба энэ тохиолдолд Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу тухайн тээвэр зуучлалын харилцааны эрх, үүрэг нь төлөөлүүлэгч “Г” ХХК-нд үүснэ.

Үүнтэй адилаар “Т” ХХК нь тээвэрлүүлэгчийг төлөөлөн тээвэрлэгч төмөр замын компанитай тээвэрлэлтийн харилцаанд орох ба тухайн тээвэрлэлтийн хэлцлээс үүсэх тээвэрлүүлэгчийн эрх үүрэг, хариуцлага нь ачаа хүлээн авагч “Г” ХХК-нд харин тээвэрлэгчийн эрх, үүрэг, хариуцлага нь тээвэрлэлтийг гүйцэтгэж буй төмөр замын байгууллагад үүснэ.

“Н” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд зөвхөн “Ачаа тээврийн зуучлалын гэрээ” байгуулагдсан ба тус гэрээний зохицуулалт, заалтууд нь “Т” ХХК тээвэрлэгч бус харин тээвэр зуучлагчийн эрх, үүрэг хүлээж байгааг тодорхой заасан байдаг. Тухайлбал, гэрээний 2.1.8-д “Зуучлагч нь төмөр замын байгууллагаас тогтоосон тээврийн актыг үндэслэн тухайн тээврийн дутсан барааны хохирлоо барагдуулах асуудлаар зөвлөгөө өгөх, шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэхэд туслан ажиллана” хэмээн зааснаас үзвэл дутсан барааны хохирлыг тээвэр зуучлагч хариуцах бус харин хохирлыг барагдуулах асуудалд тээвэрлүүлэгчид зөвлөгөө өгөх, шаардах бичиг баримтыг бүрдүүлэхэд туслан ажиллахыг үүрэг болгосон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Т” ХХК-ийн хувьд дээрх үүргээ биелүүлж, төмөр замын байгууллагад гомдол гаргасан, төмөр замын байгууллагаар тээврийн акт гаргуулсан, МҮХАҮТанхимын хяналт шалгалтын гэрчилгээ гаргуулсан зэрэг шаардагдах бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогддог.

Харин хариуцагчид нь төмөр замын байгууллагад ачаа дутсан талаар гомдол гаргасан боловч төмөр замын байгууллагаас гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар хариу ирмэгц цааш нь холбогдох Олон улсын төмөр замын ачааны харилцааны тухай хэлэлцээр болон Монгол улсын Засгийн газрын 1997 оны 09-р тогтоолоор баталсан “Төмөр замын тээврийн үндсэн дүрэм”, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 05-р сарын 27-ны өдрийн 88 дугаар тушаалаар батлагдсан “Төмөр замаар ачаа тээвэрлэх дүрэм”-д заасны дагуу шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэлгүй шууд Тээвэр зуучлагчид шилжүүлэх ёстой тээвэрлэлтийн хөлснөөс ачаа дутагдсаны хохирлыг суутгах шийдвэр гарган энэ асуудлыг хөөцөлдөлгүй орхисон байдаг.

Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 05-р сарын 27-ны өдрийн 88 дугаар тушаалаар батлагдсан “Төмөр замаар ачаа тээвэрлэх дүрэм”-ийн дагуу тээвэрлүүлэгч “Г” ХХК нь ачаа дутагдсаны хохирлыг төмөр замын байгууллагаас доорх зүйл, заалтуудын дагуу нэхэмжилж, гомдлоо барагдуулах журамтай нь харагдана:

8.9.2 Хэрэв ачаа нь дутсан, гэмтсэн байвал тээврийн актыг тогтооно.

Хорин долоо. Төмөр замаар тээвэрлэгдсэн ачаанд акт тавих, бүртгэх

27.1 Тээвэрлэлтийн үед тээвэрлэгч, тээвэрлүүлэгчид эд материалын хариуцлага хүлээлгэх үндэс нь тээвэрлэгчийн тавьсан тээврийн акт байна.

Хорин найм. Гомдол гаргах, хянан барагдуулах

28.1 Гомдол мэдүүлэгч нь ачаа үрэгдсэн, дутсан, гэмтсэн буюу муудснаас үүссэн хохирол түүнчлэн тээврийн хөлсний зөрүүг буцааж олгох болон ачаа хүрэх хугацааг хожимдуулсан зэрэг гомдлыг падаан тус бүрээр гаргана.

28.2 Тээвэрлэгчийн эрх бүхий байгууллага нь гаргасан гомдлыг хянан үзэж түүнийг хүлээн зөвшөөрөх эсвэл татгалзах тухай ОАХХ, түүний албан заавар, Төмөр замын ачаа тээврийн дүрмийн дагуу заасан хугацааны дотор гомдол гаргагчид мэдэгдэх үүрэгтэй.

28.4.1 Ачаа үрэгдсэн, дутсан, муудсан, гэмтсэн тухай гомдлын хүсэлтийг ОАХХ болон энэ журмын дагуу тээвэрлэгчийн эрх бүхий байгууллагад хаяглана.

28.5 Гомдол мэдүүлэх эрх.

28.5.1 Гомдол мэдүүлэх эрхийг энэ журмын дагуу холбогдох бичиг баримт бүхий тээвэрлүүлэгч эдэлнэ.

28.5.2 Тээвэрлүүлэгч болон тээвэр зуучийн байгууллага тээврийн падааныг үндэслэн төмөр замын байгууллагад гомдол гаргаж болно.

28.9 Тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн хүлээх хариуцлага

28.9.1 Хэрэв зохих илгээлтийн ачаа нь төмөр замын байгууллагын буруугаас болж үрэгдсэн, гэмтсэн болох нь гомдлын материалаар нотлогдвол гомдол мэдүүлэгчийн гаргасан тооцоог шалган үзэж үрэгдсэн гэмтсэн ачааны хэмжээг тогтоосны дараа уг гомдлыг хүлээн зөвшөөрнө.

28.9.2 Гомдлын өргөдлийн дагуу хохирлын хэмжээг тодорхойлохын өмнө чухам ямар нөхцөл байдалд үрэгдсэн, дутсан, муудсан, гэмтсэн болохыг шалган үзээд төмөр замаар ачаа тээвэрлэх дүрмийн дагуу тээвэрлэлтийн үед үүссэн уг хохирлыг төмөр замын байгууллага нөхөн төлөх эсэхийг тогтооно.

Монгол улсын Засгийн газрын 1997 оны 09-р тогтоолоор баталсан “Төмөр замын тээврийн үндсэн дүрэм”-ийн холбогдох доорх заалтуудаар тээвэрлүүлэгч “Г” ХХК нь ачаа дутагдсаны хохирлыг төмөр замын байгууллагаас шаардаж, гомдлыг хүлээн аваагүй тохиолдолд асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй байсан нь харагдана:

З.Төмөр замаар зорчигч,ачаа,тээш тээвэрлэж бусад улстай харилцахдаа "Олон улсын төмөр замын зорчигчдын харилцааны тухай хэлэлцээр”, пОлон улсын төмөр замын ачааны харилцааны тухай хэлэлцээр” болон бусад холбогдох гэрээ, хэлэлцээрийг дагаж мөрдөнө.

6.Төмөр замын байгууллага нь илгээгчийн хүлээлгэн өгсөн ачааг очих газарт нь хүргэж, ачаа хүлээн авахаар итгэмжлэгдсэн этгээдэд бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүргийг хүлээх бөгөөд илгээгч ачаа явуулахдаа тогтоогдсон тарифаар тээвэрлэлтийн болон бусад ажил, үйлчилгээний хөлсийг төлсөн байна.

Тээвэр зуучийн байгууллага нь илгээгч, хүлээн авагчийг төлөөлж төмөр замын байгууллагатай харъцсан тохиолдолд төмөр замын байгууллагын өмнө илгээгч, хүлээн авагчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ.

7.Илгээгч ачаа явуулахдаа төмөр замын падаан, орлох падааныг бүрэн зөв бөглөж өртөөнд өгөх үүрэгтэй. Өртөө нь ачааг тээвэрлэлтэнд хүлээн аваад орлох падааныг илгээгчид олгоно. Энэ нь ачааг тээвэрлэлтэнд хүлээн авсны баталгаа болно.

Падаан нь тээвэрлэлтийн гэрээ мөн бөгөөд ачааг тээвэрлэлтийн турш дагалдан, очих өртөөнд ачааны хамт хүлээн авагчид олгогдоно. Ачааг тээвэрлэлтэнд хүлээн авсан, олгосон өдрийг падаан дээр (хуанлийн тэмдэг дарж) тодорхой тэмдэглэнэ. Падааны маягтыг төмөр замын байгууллага тогтооно. Төмөр замын өртөө нь падаанд заасан тоо, хэмжээ, бичилт зөв эсэхийг явуулах өртөөн дээр шалгаж болно.

27.Хүлээн авагчаас төмөр замын байгууллагад төлбөл зохих тухайн ачааны тээвэрлэлттэй холбогдсон бүх төлбөрийг төлсний дараа өртөө нъ ачааг олгоно.Хүлээн авагч нъ ачааг хүлээн авсан тухайгаа нотолж, замын хүснэгтэд гарын үсэг зурна.

67.Төмөр замын байгууллага нь тээвэрлүүлэхээр өгсөн ачааг хүлээн авсан цагаас эхлэн түүнийг хүлээн авагчид хүлээлгэн өгөх хүртэл уг ачааг бүрэн бүтэн байлгах хариуцлага хүлээнэ.

68.Тээвэрлэж байгаа ачаа, тээш төмөр замын ажилтны буруугаас алдагдсан, дутагдсан, гэмтсэн тохиолдолд учирсан хохирлын хэмжээг илгээгч, хүлээн авагчийн гэрээнд заасан үнийг үндэслэн төмөр замын байгууллага нөхөн төлнө.

82.Төмөр замын байгууллага, ачаа илгээгч, хүлээн авагч, зорчигчид эд материалын хариуцлага хүлээлгэх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх баримт нь тээврийн акт болно.

83.Дор дурдсан тохиолдолд гомдол гаргах эрхийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэн эдэлнэ:

б/ачаа дутсан, муудсан, гэмтсэн тохиолдолд төмөр замаас олгосон падаан, тээврийн акт буюу тээврийн акт үйлдсэн тухай төмөр замын байгууллага тэмдэглэл хийсэн падаан, эсвэл тээврийн акт үйлдэхээс төмөр замын байгууллага татгалзсанд гомдол мэдүүлсэн баримт, падаантай хүлээн авагч;

84.Ачаа, тээш, зорчигчийн тээвэрлэлттэй холбогдсон гомдлыг төмөр замын удирдах дээд байгууллагад тогтоосон журмын дагуу гаргана. Гомдол мэдүүлсэн өргөдөлд энэхүү Үндсэн дүрэмд заасан уг гомдлыг нотлох баримт хавсаргасан байвал зохино.

85.Гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг илгээгчээс хүлээн авагчид буюу хүлээн авагчаас илгээгчид, түүнчлэн тэднээс дээд байгууллагадаа, эсвэл тээвэр зуучийн байгууллагад шилжүүлэн өгч болно.

87.Төмөр замын байгууллага нь ирүүлсэн гомдлыг хянаж үзээд түүнийг барагдуулсан буюу хэрэгсэхгүй болгосон тухай хариуг байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд 3 сарын дотор өгөх үүрэгтэй.

88.Төмөр замын байгууллага нь ирүүлсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосон буюу зарим хэмжээгээр барагдуулснаа тухайн гомдол гаргагчид мэдэгдэхдээ үндэслэлээ зааж, төмөр замын байгууллагын шийдвэрийн үндсийг дурдана.

89.Илгээгч, хүлээн авагч, зорчигч нь энэхүү Үндсэн дүрмийн заалтын дагуу төмөр замын байгууллагад тэдгээрийн гаргасан гомдлыг бүрэн буюу зарим хэмжээгээр барагдуулахаас төмөр замын байгууллага татгалзсан хариу өгсөн буюу тус дүрмээр хариу өгөхөөр тогтоосон хугацаа дууссан бол шүүхэд гомдол гаргах эрхтэй.

3. Мөн Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан “Ачаа тээврийн зуучлалын гэрээ”-г “Тээвэрлэлтийн гэрээ” хэмээн дүгнэсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2, 198.6 зэрэг зүйлүүдтэй зөрчилдсөн гэж үзэхээр байна.

Давах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт “Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас ачаа тээвэрлэсэнтэй холбоотой тээвэрлэлтийн хөлсийг шаардаж байгаагаас үзэхэд тээвэрлэлтийн гэрээний тээвэрлэгчийн үүргийг хэрэгжүүлсэнтэй холбоотой хөлсийг шаардах эрхээ хэрэгжүүлж байна” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байдаг.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь Тээвэрлүүлэгчийг төлөөлөн Тээвэрлэлтийн харилцаанд оролцож буйн хувьд тээвэрлэлтийн хөлсийг дамжуулан Тээвэрлэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд тээвэрлэлтийн хөлсийг өөртөө авч ашиг болгодоггүй нь хэрэгт авагдсан “Т” ХХК-иас Олон улсын тээвэр зуучлалын “RTSB” байгууллага руу мөнгө шилжүүлсэн баримтуудаас харагдана.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүхүүд хариуцагчдын төлсөн төлбөрийг нэхэмжлэгч давхардуулан дахин нэхэмжилсэн гэх дүгнэлт нь үндэслэлгүй ба энэ талаар нэмэлт тайлбар жич гаргах болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ХХК-ийн төлөөлөгч С.Даваажав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.03-ны өдрийн 102/ШШ2018/02700 тоот шийдвэрийг давж заалдах журмаар хянасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.23-ны өдрийн 2342 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хариуцагчаас дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

“Т” ХХК нь 2014.08.29-ний өдрийн Г1423 тоот нэхэмжлэхээр 11 чингэлгийн төлбөр 61 380 еврог нэхэмжилсэн боловч тухайн сардаа багтааж төлөөгүй гэсэн үндэслэлээр 2014 оны 9-р сарын 1-нээс 12-р сарын 10-ны өдрийг хүртэлх 100 хоногийн алданги нэхэмжилснийг шүүх хангасан.

Гэтэл “Т” ХХК-ийн 2014.08.29-ний өдрийн 142/1 тоот албан бичигт РONU2853707 чингэлэг дээр гарсан хохирлын асуудал Олон улсын ачаа тээврийн дүрмийн дагуу шийдэгдтэл сүүлийн гурван сарын 6, 7, 8 сарууд тээврийн хөлснөөс хохирол болох 65 000 еврог хасч төлбөр тооцоогоо хийж барагдуулна уу гэсэн байдаг.

Энэ албан бичиг нь хэдийгээр “Сээкл” ХХК-д хаяглагдсан боловч “Н” ХХК-ийн [email protected] цахим хаягт илгээгдэж, “Н” ХХК-д хүлээж авсан. “Сээкл” ХХК, “Н” ХХК-иуд нь Компанийн тухай хуулийн 6.14-д заасны дагуу компанийн нэг нэгдэлд харъяалагддаг, нэг хувьцаа эзэмшигчийн мэдэлд байдаг зэргэлдээ компаниуд бөгөөд “Т” ХХК нь тус компанийн нэгдлийн “Н” ХХК, “Г” ХХК-иудтай “Сээкл” ХХК-иар дамжуулан харилцдаг, “Сээкл” ХХК-ийг үндсэн харилцагчаар бүртгэж, тэдгээр компаниудын захиалгыг “Сээкл” ХХК-ийн нэр дээр бүртгэдэг байсан.

Үүний жишээ нь, “Т” ХХК-ийн Берлин дэх төлөөлөгч Ж.Наранцэцэг 2014-09-29-ний өдөр “Н” ХХК-ийн [email protected] цахим хаягт “Сээкл” ХХК-ийн захиралд гэж явуулсан албан бичиг юм.

Уг албан бичигт “Юуны өмнө РONU2853707 чингэлэгт ачигдсан өндөр үнэтэй бараа замдаа алдагдаж, та бүхэнд хохирол учирч, та бүхний ажилд маш хүндрэл учирсанд уучлалт хүсье. Би та бүхэнтэй олон жил сайхан гар нийлж ажилласан тул TIL болон RTSB-тай хамтран хохирлыг барагдуулахын төлөө сэтгэл гарган эрч хүчтэй ажиллах болно. Бид эхний ээлжинд Олон улсын ачаа тээврийн хэлэлцээрийн дагуу шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлж Улаанбаатар төмөр замын Ачаа тээврийн албанд 6 сарын 28-нд дамжуулсан.... 11 сарын сүүл гэхэд асуудлыг эцсийн байдлаар шийдэж өгөх болно. Тэр хүртэл та бүхэн асуудлыг ойлгож 65 000 еврогоо суутгаж, төлөгдөхөд бэлдэгдсэн тээврийн зардлаа бидэнд төлж, миний ажилд гүн туслалцаа үзүулнэ үү. Бид Германы түнш байгууллагатайгаа 65 000 еврог суутгаж, хоорондоо тооцоо хийж байхаар тохирсон боловч, бид бусад тээврийн их зардлыг урьдчилан та бүхний өмнөөс хийж барагдуулахад бас амаргүйг ойлгоно байх гэж бодож байна” гэсэн байдаг.

Хэдийгээр алдагдсан ачаа нь “Г” ХХК-ийнх боловч “Т” ХХК-тай албан ёсоор гэрээ байгуулсан нь ганцхан “Н” ХХК байсан бөгөөд ихэнх тээврийн ачааны захиалгыг “Н” ХХК өгч, тээврийн хөлсний ихэнхийг мөн л “Н” ХХК төлж байсан. Иймд “Н” ХХК-ийн тээврийн хөлсний төлбөрөөс еврог суутган тооцох талаар талууд тухайн үедээ тохиролцсон. Компанийн нэгдлийн компаниуд дундаас “Н” ХХК-аас өөр 65 000 еврогоос давсан тээврийн захиалга өгсөн компани байгаагүй. Дээрх баримтуудаас харахад “Н” ХХК-ийг еврогийн төлбөрөө асуудал шийдэгдтэл төлөхгүй байж болно гэж зөвшөөрөл өгсөн атлаа дараа нь 64 045 еврог 2014 оны 9-р сард хугацаандаа төлөөгүй гэдэг үндэслэлээр алданги нэхэмжилсэн нь илт хууль зүйн үндэслэлгүй байна.

“Т” ХХК нь Улаанбаатар төмөр замд ачаа алдагдсан талаар өгсөн гомдлынхоо хариуг 2014 оны 11 дүгээр сард биш, 2015.05.25-ны өдөр авсан бөгөөд түүнээс хойш дээрх 11 чингэлэг ачааны төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэхийг “Н” ХХК-д өгч байгаагүй. Нэхэмжлэгч нь алдагдсан ачааны хохирлын асуудал өөрт нь хамаагүй гэж үзэж байсан бол дээрх албан бичгүүдэд дурдсаны дагуу 2015.05.25-ны өдөр Улаанбаатар төмөр замаас гомдлын хариугаа авсан даруйдаа өөрийн 65 000 еврог төлөхийг шаардсан нэхэмжлэх, албан бичгүүдийг “Н” ХХК-д өгч, тийнхүү шаардсан хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги тооцох ёстой юм. Гэтэл тийм нэхэмжлэх, албан бичиг өгөөгүй байж алданги тооцож нэхэмжилснийг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.03-ны өдрийн 102/ШШ2018/02700 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.23-ны өдрийн 2342 тоот магадлалд өөрчлөлт оруулж, “Н” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн 63 999 195 төгрөгийн алдангийг хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж зааалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан “Ачаа тээврийн зуучлалын гэрээ”-ний үүрэгт 64 045 евро буюу 170 157 958 төгрөг, алданги 85 078 979 төгрөг, нийт 255 236 937 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан тээврийн хөлс 21 845 евро буюу 58 038 888 төгрөг, алданги 29 019 444 төгрөг, нийт 87 058 332 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч “Н” ХХК нь ачаа тээвэрлэлтийн явцад алдагдсан барааны үнэ 59 678.42 евро  буюу 155 292 797 төгрөг, олох байсан орлого 38 842 862 төгрөг, нийт 194 135 659 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1., 380 дугаар зүйлийн 380.1., 232 дугаар зүйлийн 232.4. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 210 294 990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч “Г” ХХК-иас 19 328 584 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 112 671 695 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1., 219 дүгээр зүйлийн 219.1., 393 дугаар зүйлийн 393.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас 155 292 797 төгрөгийг гаргуулан хариуцагч “Н” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 38 842 862 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийн 1 дэх заалтад хууль хэрэглээний болон үнийн дүнд өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1., 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар хариуцагч “Н” ХХК-иас 191 997 585 төгрөгийг, хариуцагч “Г” ХХК-иас 18 297 405 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 132 000 279 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр, дээрх шийдэлтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг үндэслэл бүхий тодорхойлоогүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй, нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсноос магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1.-д Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 410 дугаар зүйлийн 410.1.-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд байх ба зохигчид “Ачаа тээврийн зуучлалын гэрээ” байгуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 6-д Төмөр замын байгууллага нь илгээгчийн хүлээлгэн өгсөн ачааг очих газарт нь хүргэж, ачаа хүлээн авахаар итгэмжлэгдсэн этгээдэд бүрэн бүтэн хүлээлгэн өгнө, ...тээвэр зуучийн байгууллага нь илгээгч, хүлээн авагчийг төлөөлж төмөр замын байгууллагатай харьцсан тохиолдолд төмөр замын байгууллагын өмнө илгээгч, хүлээн авагчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан байх тул зуучлуулагчийн өмнө зуучлагч нь тээвэрлэгчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж үзнэ.

2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Т” ХХК, “Н” ХХК-иудын хооронд байгуулагдсан Ачаа тээврийн зуучлалын №13/18 дугаартай гэрээгээр зуучлуулагч “Н” ХХК нь зуучлагч “Т” ХХК-д тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх онцгой эрх олгох, тээврийн хөлсний төлбөрийн тооцоог зуучлагчийн нэхэмжлэхийн дагуу тухайн нэхэмжлэхэд заасан валютаар барагдуулна гэж, зуучлагч “Т” ХХК нь зуучлуулагчийн хүсэлтийн дагуу хамгийн тохиромжтой богино, хугацаа бага зарцуулах тээврийн замналыг, үйлчилгээний үнэ тарифыг албан бичгээр санал болгохоор харилцан тохиролцсон зэрэг байдал нь талуудын хооронд тээвэрлэлтийн болон зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Гэрээний дагуу “Н” ХХК нь өөрийн бараанаас гадна өөрийн хувьцаа эзэмшигч бусад компаниуд болох “Г” ХХК, “Сээкл” ХХК-иудын өмнөөс тэдгээр компаниудын барааг гадаадаас тээвэрлүүлэх захиалгыг “Т” ХХК-д өгч, ачаа тээвэрлүүлж байсан үйл баримттай талууд маргаагүй.

Гэрээний хүрээнд 2014 оны 07 дугаар сарын 03-наас 29-ний хооронд тээвэрлэгдсэн 13 чингэлэг ачааг хариуцагч хүлээн авсан боловч тээвэр, зуучлалын хөлсөө төлөөгүй тул “Н” ХХК-иас 11 чингэлэгийн тээврийн хөлс 64 045 евро, “Г” ХХК-иас үлдэгдэл 2 чингэлэгийн тээвийн хөлс 14 570 еврог тус тус алдангийн хамт гаргуулахаар “Т” ХХК нэхэмжлэл гаргаж, хариуцагч “Н” ХХК нь “Г” ХХК-иас шилжүүлсэн шаардах эрхийг үндэслэн тээвэрлүүлсэн бараанаас ачаа алдагдсан үндэслэлээр алдагдсан барааны үнэ, учирсан хохиролд нийт 194 135 659 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Н” ХХК нэхэмжлэлд дурдсан 11 чингэлэг ачааг хүлээн авч, төлөх ёстой тээврийн хөлснөөс 52 768 еврог төлөөгүй талаар маргаагүй, дээрх төлбөрийг “Г” ХХК-ийн ачуулсан бараанаас алдагдсан барааны үнэд суутган тооцохоор тохиролцсон байсан тул алдангийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч “Г” ХХК нь 3 чингэлэг ачааны тээврийн хөлс 21 845 евроноос 2 чингэлэгийн тээврийн хөлсийг төлсөн, үлдэх 1 чингэлэгийн тээврийн хөлсийг нэхэмжилсэн баримтгүй тул төлөхгүй гэж тус тус маргажээ.

Талуудын хооронд тээвэрлэлтийн болон зуучлалын гэрээ байгуулагдсан, нэхэмжлэлийн шаардлагад тээврийн болон зуучлалын хөлс багтсан байхад давж заалдах шатны шүүх зөвхөн тээвэрлэлтийн хөлсийг тооцож шийдвэрт өөрчлөлт оруулсан нь нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй, маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэн, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагч “Н” ХХК-иас тээврийн үлдэгдэл төлбөр 52 768 евро буюу 140 196 660 төгрөгийг алдангийн хамт нийт 210 294 990 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1., 410 дугаар зүйлийн 410.1., 232 дугаар зүйлийн 232.4. дэх заалтад нийцсэн байх тул алдангийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагч “Г” ХХК-иас төлөгдөөгүй нэг чингэлэгний тээврийн хөлсийг гаргуулж, талуудын хооронд алданги тооцох хуулийн үндэслэлтэй гэж дүгнэн алдангийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь тээвэрлэгч биш, зуучлагч, гэрээгээр хүлээсэн зөвлөгөө өгөх, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх үүргээ биелүүлсэн гэх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийг тээвэрлэгч гэж дүгнэн, алдагдсан барааны үнийг хариуцуулсан нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1., 393 дугаар зүйлийн 393.1. дэх заалтад нийцсэн, өөрт учирсан хохирлоо баримтаар нотлоогүй үндэслэлээр хохиролд нэхэмжилсэн 38 842 862 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2342 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02700 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганцэцэгийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч “Н” ХХК-ийн төлөөлөгч С.Даваажавын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Н” ХХК-иас төлсөн 477 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 1 869 426 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР     

ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД