Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2021/00899

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт оршин суух, Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга /орлогч Т/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М, түүний өмгөөлөгч Н, гэрч Ж, Ы, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

 

Нэхэмжлэгч Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/478 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Д нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий  боловсролын сургуулийн захирлын албан тушаалд бүр томилогдсон. Д нь Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд томилогдсон цагаас хойш ажилдаа эзний ёсоор хандаж, өнгөрсөн хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргаар 2021 оны эхээр томилогдсон Е нь уг албан тушаалд томилогдсон цагаас хойш Д-ийг байнга хавчин  гадуурхаж, албан тушаалын байдлыг ашиглан удаа дараа өрөөнд дуудан “та ажлаа яаралтай өг” гэж байнга дарамт үзүүлж иржээ. Энэ үед Б.Даулет нь Е-нд хандаж “би сургуулийн захирлын албан тушаалд хууль ёсоор томилогдсон, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй учраас захирлын ажлаа өгөхгүй” гэж хариу өгч байжээ. Ингээд Е нь 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Толбо сумын Засаг даргын ажлаас чөлөөлөгдсөний дараа түүний бүрэн эрхийг тус сумын Засаг даргын орлогчоор ажиллаж буй Т-т шилжүүлсэн байна. Гэтэл Толбо сумын Засаг даргын орлогч Т нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б/98 дугаартай захирамжаар Д-ийг Толбо сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн байна. Ажил олгогчийн Д-ийг ажлаас чөлөөлсөн эрхийн актад дурдсан үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байгаа. Нэгдүгээрт хөдөлмөрийн гэрээг цуцлахтай холбоотой асуудал байгаа. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1-т зааснаар ажил олгогч Толбо сумын Засаг дарга болно. Хавтаст хэрэгт албан ёсоор хөдөлмөрийн гэрээг байгуулах тухай санал гаргаж байсан тухай нотлох баримт авагдаагүй. Дараагийн асуудал бол нас барсан 5 хүүхдийн асуудалтай холбоотой. Энэ 5 хүүхэд гэртээ байхдаа золгүй байдлын улмаас нас барсан. Үүнд нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн буруу байхгүй гэдгийг хэлье. Дараагийн үндэслэл нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар зөрчил илрүүлсэн учраас сахилгын шийтгэл ногдуулсан гэж хариуцагч талаас тайлбарлаж байна. Зөрчил гаргасан боловч Хөдөлмөрийн тухай хуулиар зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хариуцлага тооцох ёстой. Тийм учраас сахилгын шийтгэл хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Аудитын байгууллагын 2 удаагийн дүгнэлтээр ямар нэгэн зөрчил байхгүй гэж тогтоосон. Энэ тухай нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Мөн хариуцагч талаас нэхэмжлэгч батлагдсан орон тооноос илүү хүнийг авч ажиллуулсан гэж маргаж байгаа. Шүүхэд гэрчээр асуугдсан нягтлан бодогчоор ажиллах Н аймгийн Засаг даргаас тус сургуулийн орон тоог 110 хүний орон тоотойгоор баталсан ба одоогийн байдлаар тус сургуульд 109 хүн ажиллаж байгаа гэж мэдүүлсэн. Толбо сумын Засаг даргын орлогч Т нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б/98 дугаартай захирамжаар Д-ийг Толбо сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсний дараа Д нь аймгийн Засаг даргад хандаж, аймгийн Засаг дарга захирамж гарган Толбо сумын Засаг даргын орлогчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б/98 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Аймгийн Засаг даргын захирамж одоо хүртэл хүчинтэй. Гэсэн хэдий ч хариуцагч талаас нэхэмжлэгчид ажлаа хэвийн хийх боломжийг олгохгүй, талуудын хоорондын маргаан үргэлжилж байгаа учраас Толбо сумын Засаг даргын орлогч Т нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б/98 дугаартай захирамж хууль ёсоор гарсан эсэхийг тогтоолгохоор шүүхэд хандсан. Шүүхээс шийдвэр гарснаар нэхэмжлэгч ажлаа хэвийн хийх боломжтой болно. Иргэнийг ажлаас буруу халсан, буруу шилжүүлсэн тухай маргааны иргэний хэргийн шүүх шийдвэрлэх ёстой. Энэ дагуу 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ техникийн шинжтэй алдаа гаргасан учраас шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Дараа нь зөрчлөө арилгаад шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан юм.

 Иймд Д-ийг Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын орлогч Т-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д нь Толбо сумын Засаг даргын орлогч Т-т холбогдуулан Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С нэхэмжлэлдээ Д нь Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдсон цагаас хойш ажилдаа эзний ёсоор хандаж, өнгөрсөн хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй гэжээ.

Гэвч Д нь Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ажлаа дүгнүүлээгүй, ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ байгуулахыг удаа дараа шаардахад үндэслэлгүйгээр татгалзсан, сургуулийн  ажилчдын цалин хөлс, урамшууллыг зохих журмын дагуу олгоогүй буюу багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, төсөв захиран зарцуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, батлагдсан орон тооноос хэтрүүлж ажилтан авч ажиллуулсан, суралцагчийг гэмт хэрэг, зөрчил зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавиагүйгээс болж хэд хэдэн хүүхдүүдийн амь нас хохирсон, сургалтын агуулга, багшийн арга зүйн чиглэлээр мэргэжлийн багшид зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, мөн ажлын алдаа дутагдал гаргах болох нь улсын байцаагчийн албан шаардлагаар тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн юм. Мөн С нэхэмжлэлдээ болоогүй явдлыг болсон мэтээр бичжээ. Тухайлбал Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргаар ажиллаж байсан Е-ыг Д-ийг байнга хавчин гадуурхаж, албан тушаалын байдлыг ашиглан удаа дараа өрөөнд дуудан та ажлаа яаралтай өг гэж байнга дарамт үзүүлсэн гэжээ. Гэвч тийм үйл явдал болоогүй ба Д-ээс ажлаа дүгнүүлэх болон хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардсан мөн  эцэг эхчүүд, сургуулийн багш нараас ирсэн удаа дараагийн гомдолтой холбогдуулан зөрчил арилгахыг шаардаж байсан. Д нь дээрх зөрчлүүдийг арилгаагүй учир мөн эцэг эхчүүд болон тус сургуулийн багш нарын зүгээс ирж буй гомдол тасраагүй учир ажил олгогчоос Д-ийг ажлаас чөлөөлсөн байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт хөдөлмөрийн маргааны гомдол гаргах хугацааны талаар зохицуулжээ. Уг зохицуулалтын дагуу хэрвээ Д нь  ажил олгогчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/98 дугаар захирамжийг эс зөвшөөрсөн тохиолдолд гардан авснаас хойш нэг сарын дотор шүүхэд хандах ёстой байсан байна. Гэвч Д нь уг хугацааг өнгөрөөсөн ба 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/98 дугаар захирамжийг тухайн өдөр гардаж авсан юм.

Харин 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн явдал юм. Мөн саяны дурдсан ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардаж байсан боловч нэхэмжлэгч шалтгаагүйгээр татгалзаж байсан гэдэг гэрч Е-ны мэдүүлгээр нотлогдож байна. Төсөв захиран зарцуулах үүргээ зохих үүргээ биелүүлээгүй гэдэг нь аудитын байгууллагаас гарсан нэр бүхий 2 компанид 8 сая төгрөгийг илүү шилжүүлсэн гэсэн актуудаар нотлогдож байна. Нэхэмжлэгч сургуулийн захирлын хувьд суралцагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй байсан ч энэ зун тус сургуулийн 5 сурагч харамсалтайгаар нас барсан тохиолдол гарсан. Шүүхэд гэрчээр асуугдсан Толбо сумын Засаг даргаар ажиллаж байсан Е захирал Д-д удаа дараа суралцагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс дорвитой арга хэмжээ авах талаар үүрэг даалгавар өгч байсан ч нэхэмжлэгч үүргээ хангалтай биелүүлээгүйн улмаас 5 хүүхдийн амь эрсэдсэн харамсалтай тохиолдол гарсан гэж мэдүүлсэн. Мөн Д нь Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдсоноос хойш тус сургууль нь 2017-2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын нийлбэр оноогоор аймгийн хэмжээнд сүүлийн байруудад буюу 18-22 дугаар байранд орсноос харахад тус сургуулийн сургалтын үйл ажиллагаа дордсон гэж үзэх бүрэн боломжтой. Энэ нь тус сургуулийн захирлын сургалтын агуулга, багшийн арга зүйн чиглэлээр мэргэжлийн багшид зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах чиг үүргээ хэрэгжүүлээгүйтэй шууд холбоотой гэж үзэж байна. Энэ хавтаст хэрэгт авагдсан Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн хуудсаар нотлогдон тогтоогдож байна. Д ажиллах явцдаа алдаа дутагдал гаргаж байсныг нотлох мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн нэхэмжлэгч Д өөрөө боловсруулсан үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байсан юм. Толбо сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б/98 дугаартай захирамжийг хүчингүй болгосон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/715 дугаар захирамжийн хувьд хариуцагч талаас ямар нэгэн маргаангүй. Иймд Б.Даулетийн Баян-Өлгийн аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга /орлогч Т/-д холбогдуулан тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, 3.1.2 дахь заалтад “ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг тус тус ойлгоно гэж заасан бөгөөд Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.5 дахь заалтад “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” эрхийг аймаг, нийслэлийн Засаг даргад олгосноор 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/478 дугаартай захирамжаар Д-ийг Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар түр томилж, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/45 дугаартай захирамжаар Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 70 дугаар тогтоолоор нэр дэвшигдсэн иргэн Д-ийг Толбо сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд бүр томилсон байжээ.

Харин Боловсролын тухай хуулийн дээрх заалтыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцож мөн өдөр уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-ийн  31.1.12 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” эрхийг Сум, дүүргийн Засаг даргад олгож өөрчлөлт оруулсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/30 дугаартай захирамжид Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Е-ыг Төрийн албаны зөвлөлийн шийдвэр болон хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн гэсэн үндэслэлээр 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Толбо сумын дараагийн Засаг дарга томилогдох хүртэл бүрэн эрхийг сумын Засаг даргын орлогч /Т/-д шилжүүлсэн байх ба нэхэмжлэгч Д-ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хариуцагчаар Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын орлогч Т-ийг тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

Улмаар хариуцагч буюу Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын орлогч Т нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/98 дугаартай захирамжаар Толбо сумын  Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д нь ажлаа дүгнүүлээгүй, ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ байгуулгахыг удаа дараа шаардахад үндэслэлгүйгээр татгалзсан, сургуулийн ажилчдын цалин хөлс, урамшууллыг зохих журмын дагуу олгоогүй буюу багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, төсөв захиран зарцуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, батлагдсан орон тооноос хэтрүүлж ажилтан авч ажиллуулсан, суралцагчдыг гэмт хэрэг, зөрчил зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавиагүйгээс болж хэд хэдэн хүүхдийн амь нас хохирсон, сургалтын агуулга, багшийн арга зүйн чиглэлээр мэргэжлийн багшид зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, мөн ажлын алдаа дутагдал гаргасан болох нь улсын байцгаагчийн албан шаардлагаар тогтоогдсон гэж Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.13 дахь хэсэг,  Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн Д-ийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь халсныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг хариуцагчаас шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөсөн гэж маргажээ.

Гэвч нэхэмжлэгч Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гаргасныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШЗ2021/02164 дугаартай шүүгчийн захирамжаар “хариуцагчаар Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын орлогч До хэмээн тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагад Баян-Өлгий аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохоор тусгасан мөөртлөө нэхэмжлэлийн агуулгад Д-ыг Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч чухам хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхой бус” гэсэн үндэслэлээр татгалзсанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид заасан үндэслэлийг арилгаж, тус шүүхэд 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын орлогч Т-т холбогдуулан дахин гомдол гаргасан байна.

Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч Д-ээс анх гомдол гаргахдаа хариуцагчийг буруу тодорхойлж гаргасан хэдий боловч шүүхэд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх ба тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаандаа шүүхэд гомдол гаргасан байна гэж шүүх үзлээ.

Ажил олгогч буюу хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын орлогч Т-ийн ажилтан Д-ийг Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/98 дугаартай захирамжийг  2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/715 дугаартай захирамжаар хүчингүйд тооцсон байжээ.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгч Д нь Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байгаа нь үнэн. Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тухай хөдөлмөрийн маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх ёстой. Аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Д-ийг ажлаас чөлөөлсөн захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар хүчингүй болгосон байгаа боловч энэ нь хөдөлмөрийн маргаан буюу хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй тул энэхүү ажлаас чөлөөлсөн маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тайлбарласан ба хариуцагч талаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захирамжийг аймгийн Засаг даргаас хүчингүй болгосон, нэхэмжлэгч Д нь Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар өнөөдөр хүртэл хэвийн ажиллаж байгаа гэж талууд мэтгэлцжээ.

Гэвч хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын орлогч Т-ийн нэхэмжлэгч Д-ийг Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/98 дугаартай захирамжийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/715 дугаартай захирамжаар хүчингүйд тооцсон, уг захирамжийн талаар хариуцагч тал маргаагүй, одоогоор уг эрхийн акт нь хүчин төгөлдөр байгаа ба нэхэмжлэгч Д нь Толбо сумын  Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилдаа хэвийн ажиллаж байгаа болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын орлогч Т-ийн нэхэмжлэгч Д-ийг Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн эрхийн актыг аймгийн Засаг даргаас хүчингүй болгож Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан, эсхүл өөр ажилд буруу шилжүүлсэн үндэслэл нь арилж, мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэсэн тул хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хэрэгт цуглуулж өгсөн 2017 оноос 2021 он дуустал хугацааны  Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэргэжилтнээс гаргасан судалгаа, Толбо сумын Засаг дарга байсан асан Е, тус сургуулийн ня-бо Н, Толбо сумын ЗДТГазрын нийгмийн бодлогын мэргэжилтэн Ж, Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Жа, Ы нарын өгсөн гэрчийн мэдүүлэг мөн Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019, 2020 оны бүтэц орон тоо, тухайн онуудад баталсан төсөв, Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019, 2020 оны санхүүгийн тайлангийн аудитын тайлан, дүгнэлт, акт албан шаардлага, зөвлөмж, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 04-0-046/59 дугаар бүхий албан шаардлага, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” 211 дугаартай прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтад дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д-ийн Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ЖАРХЫНГҮЛ