Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 212/МА2022/00002

 

  Б.Д-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

                Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2021/00899 дүгээр шийдвэртэй,

нэхэмжлэгч тус аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суух Ш овогт Б.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Т сумын Засаг дарга /орлогч Т.Д /-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн танилцуулснаар тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М , түүний өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн агуулга:  

1.Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.    

2. Нэхэмжлэлийн үндэслэл:  Х.Д  нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Б.Д  ажилд томилж, Х.А-г ажлаас чөлөөлөх тухай” Б\478 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар түр, тус аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/45 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд бүр тус тус томилогдсон.

3. Гэтэл Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргаар 2021 оны эцсээр томилогдсон Н.Е  нь уг албан тушаалд томилогдсон цагаас хойш Б.Д-г байнга хавчин гадуурхаж, албан тушаалын байдлыг ашиглан удаа дараа өрөөндөө дуудан “Та ажлаа яаралтай өг” гэж байнга дарамт үзүүлж иржээ. Энэ үед Б.Д  нь “Би сургуулийн захирлын албан тушаалд хууль ёсоор томилогдсон, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй учраас захирлын ажлаа өгөхгүй” гэж хариу өгч байжээ.

4. Н.Е нь 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Т сумын Засаг даргын ажлаас чөлөөлөгдөж, түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан тус сумын Засаг даргын орлогч Т.Д нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б/98 дугаартай захирамжаар Б.Д-г Т сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн байна.

5. Ажил олгогчийн Б.Д-г ажлаас чөлөөлсөн эрхийн актад дурдсан үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байгаа.

Хариуцагчийн тайлбар, татгалзал:

1. Б.Д  нь Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ажлаа дүгнүүлээгүй, ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ байгуулахыг удаа дараа шаардахад үндэслэлгүйгээр татгалзсан, сургуулийн ажилчдын цалин хөлс, урамшууллыг зохих журмын дагуу олгоогүй буюу багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, төсөв захиран зарцуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, батлагдсан орон тооноос хэтрүүлж ажилтан авч ажиллуулсан, суралцагчийг гэмт хэрэг, зөрчил зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавиагүйгээс болж хэд хэдэн хүүхдүүдийн амь нас хохирсон, сургалтын агуулга, багшийн арга зүйн чиглэлээр мэргэжлийн багшид зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, мөн ажлын алдаа дутагдал гаргасан болох нь улсын байцаагчийн албан шаардлагаар тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн.

2. Мөн Я.С  нэхэмжлэлдээ болоогүй явдлыг болсон мэтээр бичжээ. Тухайлбал Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргаар ажиллаж байсан Н.Е-г байнга хавчин гадуурхаж, албан тушаалын байдлыг ашиглан удаа дараа өрөөндөө дуудан “та ажлаа яаралтай өг” гэж байнга дарамт үзүүлсэн гэжээ. Гэвч ийм үйл явдал болоогүй ба Б.Д-г ажлаа дүгнүүлэхийг болон хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардсан. МӨн эцэг эхчүүд болон сургуулийн багш нараас ирсэн удаа дараагийн гомдолтой холбогдуулан зөрчил арилгахыг шаардаж байсан.

3. Үүний дараа Т.Д  миний бие Б.Д  нь дээрх зөрчлүүдийг арилаагүй учир мөн эцэг эхчүүд болон тус сургуулийн багш нарын зүгээс ирж буй гомдол тасраагүй учир Б.Д-г ажлаас чөлөөлсөн юм.

4. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-дахь хэсэгт хөдөлмөрийн маргааны гомдол гаргах хугацааны талаар зохицуулжээ. Уг зохицуулалтын дагуу хэрвээ Б.Д  нь Т.Д  миний 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/98 дугаар захирамжийг эс зөвшөөрсөн тохиолдолд гардан авснаас хойш нэг сарын дотор шүүхэд хандах ёстой байсан байна. Гэвч Б.Д  нь уг хугацааг өнгөрөөсөн ба 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/98 дугаар захирамжийг тухайн өдөр гардаж авсан. Харин 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн явдал юм.

5. Б.Д-н Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2021/00899  дүгээр шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-н Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:   

1. Нэхэмжлэгч Б.Д  нь Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг гүйцэтгэж байгаа боловч хариуцагч тал түүний нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нотлох баримтуудыг гаргаж, удаа дараа өгсөн тайлбарт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа.

2. Зохигчдын хооронд үүссэн маргааныг шүүх шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл хариуцагчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан гэх бичгийн нотлох баримтуудын ихэнхийг шүүгчийн захирамжаар цуглуулсан боловч эцэст уг нотлох баримтуудыг үнэлэхгүй орхиж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ... хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хэрэгт цуглуулж өгсөн 2017 оноос 2021 он дуустал хугацааны Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэргэжилтнээс гаргасан судалгаа, Т сумын Засаг дарга байсан Н.Е , тус сургуулийн нябо А.Н , Т сумын ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн Х.Ж , Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Ж , Т.Ы  нарын өгсөн гэрчийн мэдүүлэг, мөн Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019, 2020 оны бүтэц, орон тоо, тухайн онуудад баталсан төсөв, Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019, 2020 оны санхүүгийн аудитын тайлан, дүгнэлт, албан шаардлага, зөвлөмж, 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 04-0-046/59 дугаар бүхий албан шаардлага, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” 211 дугаартай прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтад дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ ” гэжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл Мэтгэлцэх зарчим. 6.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ. 6.3. Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ" гэж заасан.

5. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан байдал, хариуцагчаас удаа дараа гаргаж өгсөн нотлох баримтууд гаргаж өгсөн байдал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг няцаасан тайлбар гаргасан зэрэг шүүх хуралдаанд зохигчид мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэн оролцсон явдалд хууль зүйн дүгнэлт хийхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

6. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байна.

7.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, Б.Д  итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С  миний давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

1. Т сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б/98 дугаартай захирамжаар Б.Д-г Т сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай захирамж гарсны дараа буюу захирамж биелэгдэж эхлэхээс өмнө дээд шатны Засаг дарга тухайн захирамжийг хүчингүй болгосны дараа Б.Д  Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б/98 дугаартай захирамж хүчингүй болсон учраас би ажлаа өгөхгүй гэж хариуцагчид мэдэгдсэн.

2. Хариуцагч тухайн дээд шатны Засаг даргын захирамж гарсны дараа ямар нэгэн байдлаар ажил хүлээлцүүлэх комисс томилоогүй, ажлыг нь аваагүй. Ажлаа хэвийн үргэлжлүүлж, цалин хөлсөө авч одоо хүртэл ажиллаж байна.

3. Нэгэнт Т сумын Засаг даргын захирамжийг дээд шатны Засаг дарга хүчингүй болгосон.

4. Нэхэмжлэгчийн эрх ашиг нь хөндөгдөөгүй шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй байсан учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан хэрэгсэхгүй болгох ёстой.

5. Нэхэмжлэгч тухайн үед зөрчил гаргасан нь үнэн байсан.

6. Гэхдээ дээд шатны Засаг дарга захирамжийг хүчингүй болгосон гэдэг үүднээс нотлох баримт цуглуулахаар хүсэлт гаргаад явсан.

7. Эрх ашиг нь зөрчигдөөгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байсан.

8. Маргаан бүхий захирамжийг дээд шатны Засаг дарга хүчингүй болгосон учраас дахин шүүхээс хүчингүй болгох шаардлага байхгүй.

9. Шүүхээс ханган шийдвэрлэх юм бол хариуцагч байгууллагаас мөн адилхан тэмдэгтийн хураамжаас эхлээд зардал гарна.

10. Энэ нэг ёсондоо төрийн байгууллагыг чирэгдүүлэх гэсэн үндэслэлгүй нэхэмжлэл учраас хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой.

ХЯНАВАЛ:

            1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.

2. Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Д-н тус сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан боловч Т сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Ажлаас халах, ажилд томилох тухай” Б/98 дугаартай захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнээгүй орхигдуулсан байх тул уг захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаж дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3. Нэхэмжлэгч Б.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С  нь Т сумын Засаг даргад холбогдуулан Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын орлогч Т.Д-ийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/98 дугаартай захирамжаар Б.Д-ыг Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн байна. Ажил олгогчийн Б.Д-ыг ажлаас чөлөөлсөн эрхийн актад дурдсан үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байгаа” гэж тайлбарлажээ.

4. Хариуцагч уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч  “ажлаа дүгнүүлээгүй, ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ байгуулгахыг удаа дараа шаардахад үндэслэлгүйгээр татгалзсан, сургуулийн ажилчдын цалин хөлс, урамшууллыг зохих журмын дагуу олгоогүй буюу багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, төсөв захиран зарцуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, батлагдсан орон тооноос хэтрүүлж ажилтан авч ажиллуулсан, суралцагчдыг гэмт хэрэг, зөрчил зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавиагүйгээс болж хэд хэдэн хүүхдийн амь нас хохирсон, сургалтын агуулга, багшийн арга зүйн чиглэлээр мэргэжлийн багшид зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, мөн ажлын алдаа дутагдал гаргасан болох нь улсын байцгаагчийн албан шаардлагаар тогтоогдсон, Б.Д  нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/98 дугаартай захирамжийг тухайн өдөр гардаж авсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж шүүхэд маргасан байна.

            5. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын орлогч Т.Д нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/98 дугаартай захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.13 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Дыг ажлаа дүгнүүлээгүй, ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ байгуулгахыг удаа дараа шаардахад үндэслэлгүйгээр татгалзсан, сургуулийн ажилчдын цалин хөлс, урамшууллыг зохих журмын дагуу олгоогүй буюу багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, төсөв захиран зарцуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, батлагдсан орон тооноос хэтрүүлж ажилтан авч ажиллуулсан, суралцагчдыг гэмт хэрэг, зөрчил зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавиагүйгээс болж хэд хэдэн хүүхдийн амь нас хохирсон, сургалтын агуулга, багшийн арга зүйн чиглэлээр мэргэжлийн багшид зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, мөн ажлын алдаа дутагдал гаргасан болох нь улсын байцгаагчийн албан шаардлагаар тогтоогдсон”  гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.             

            6. Ажил олгогч нэхэмжлэгч Б.Д-ыг ажлаас халах захирамжид Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 04-09-046/59 дугаартай “Дутагдал арилгуулах тухай” албан шаардлагыг  үндэслэсэн боловч уг шаардлагад  дурдсан зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчлүүд биш байна.

            7. Нэхэмжлэгчийг ажлаас халахдаа үндэслэл болгосон ажлаа дүгнүүлээгүй, ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ байгуулгахыг удаа дараа шаардахад үндэслэлгүйгээр татгалзсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн  гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй...” гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь ажил олгогчид байх тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж ажилтныг буруутгах үндэслэлгүй.

            8. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 04-09-046/59 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлага, Төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/08 БӨА-2020/123/ СТА-ТШЗ, 02/48 БӨА-2020/123/СТА-ТШЗ,  дугаартай зөрчил арилгах тухай албан шаардлага зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тул тухайн зөрчлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох  үндэслэл болохгүй.

9. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 04-09-046/59 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлага, Төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/08 БӨА-2020/123/ СТА-ТШЗ, 02/48 БӨА-2020/123/СТА-ТШЗ,  дугаартай зөрчил арилгах тухай албан шаардлагаар нэхэмжлэгч Б.Д-ын гаргасан зөрчил тогтоогдсон гэж дүгнэж ажлаас халсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гарснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаас үзэхэд Т сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Д-ын гаргасан зөрчлийг илрүүлсэн сүүлчийн өдрийг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 04-09-046/59 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлагаас эхэлж сахилгын шийтгэл ногдуулах нэг сарын хугацааг тоолоход 3 сар 28 хоногоор хэтрүүлж  сахилгын шийтгэл ногдуулсан байна гэж дүгнэлээ.

10. Нэхэмжлэгч Б.Д нь Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаа хүлээлгэж өгөөгүй өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа нь зохигчдын тайлбараар нотлогджээ. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын орлогч Т.Д-ийн нэхэмжлэгч Б.Д-ыг Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/98 дугаартай захирамжийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/715 дугаартай захирамжаар хүчингүй болгожээ.

11. Нэхэмжлэгч Б.Д-ыг ажлаас халсан захирамжийг аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/715 дугаартай захирамжаар хүчингүй болгосны дараа буюу 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

12. Анхан шатны шүүх хариуцагч Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын орлогч Т.Дийн нэхэмжлэгч Б.Д-ыг Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн эрхийн актыг аймгийн Засаг даргаас хүчингүй болгож Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан үндэслэл нь арилж, мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн нь тогтоогдохгүй гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

13.  Иймд, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах  гомдолд дурдсан үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2021/00899 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                             М.НЯМБАЯР                       

                        ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ