Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0211

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр, О.Гэрэлсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбат, З.Амгалан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Золбат, Д.Оюунгэрэл, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Мандахсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлоор, “Орбитнэт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны СШ/ӨЗӨХИ/2016/1 тоот сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.16, 15.16.1, Радио долгионы тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.4, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Орбитнэт” ХХК-ийн “Улаанбаатар хотод өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох СШ/ӨЗӨХИ/2016/1 тоот сонгон шалгаруулалт”-ын ажлын хэсгийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн санал, дүгнэлт болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр давж заалдах гомдолдоо: ““Орбитнэт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд хамаарах захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 37 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдол болон хамааралтай нөхцөл талаас нь үнэн зөв үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байx шаардлагыг хангаагүй байх ба шийдвэр хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч болон гуравдагч этгээд талуудын гаргаж байсан баримт тайлбар нь нотлох баримтыг шинжлэн судлахад зөрчилдөж илтэд хуурамч болох нь тогтоогдсоор байтал энэ тал дээр шүүх дүгнэлт өгөөгүй нь хэт нэг талыг барьсан шийдвэр үндэслэлгүй болох суурь болсон гэж үзэж байна.

Иймд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 37 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч ““Орбитнэт” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2016 оны 7 дугаар сард зарласан “Улаанбаатар хотод өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох СШ/ӨЗӨХИ/2016/1 тоот сонгон шалгаруулалт”-ын ажлын хэсгийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн санал, дүгнэлт болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, түүний үндэслэлээ “...“Эн Би Си” ХХК-тай харьцуулахад бид техник, технологи, үйлчилгээний шаардлага болон санхүүгийн шаардлагын үнэлгээнд нийт 9,6 оноогоор дутуу үнэлэгдсэнийг зөвшөөрөхгүй” гэжээ. Улмаар дутуу үнэлэгдсэн үзүүлэлт тус бүр дээр өөрийн компанийн санал, үзүүлэлт зэргийг тайлбарлаж,  үндэслэл гаргаж мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэгч компани анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдолдоо “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдол болон хамааралтай нөхцөл талаас нь үнэн зөв үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байx шаардлагыг хангаагүй байх ба шийдвэр хуульд нийцээгүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан баримт, тайлбар нь нотлох баримтыг шинжлэн судлахад зөрчилдөж илтэд хуурамч болох нь тогтоогдсоор байтал энэ тал дээр шүүх дүгнэлт өгөөгүй нь хэт нэг талыг барьсан шийдвэр үндэслэлгүй болох суурь болсон гэж үзэж байна” гэжээ. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах...” гэж заасны дагуу гаргасан гомдлын хүрээнд хянан үзлээ.

“Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдол болон хамааралтай нөхцөл талаас нь үнэн зөв үнэлж чадаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүрэн цуглуулснаас гадна сонгон шалгаруулалтад оролцсон компанийн тендерийн баримт бичгийг эх хувиар нь гаргуулан авч үнэлсэн байна. Энэхүү хэрэгт тухайн маргаан бүхий захиргааны актуудад хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэх нотлох баримт байхгүй байна.

Түүнчлэн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй нотлох баримтыг нотлох баримтаас хасаагүй энэхүү шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй юм.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нотлох баримтуудыг шинжлэн судалсан байх бөгөөд нотлох баримт шинжлэн судлах үе шат хуульд нийцээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд байсан, уг баримтуудыг шүүх шинжлэн судалж үнэлсэн байна.

Түүнчлэн гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

“Үнэн зөв үнэлээгүй” гэх тухайд: Нотлох баримтыг шүүх үнэлэхдээ зайлшгүй тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх ёстой. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд ямар учраас нотлох баримтыг “үнэн зөв” талаас нь үнэлж чадаагүй гэж үзэж буй тухай огт дурдагдаагүй тул давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарласан үндэслэлийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан болно.Тайлбарын агуулгаас үзэхэд “нотлох баримт илт хуурамч болох нь анхан шатны шүүх хуралдааны явцад тогтоогдсон” гэсэн агуулгаар тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.

Учир нь анхан шатны шүүх нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлж, хангалттай нотлох баримт цуглуулж, түүндээ үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд “илт хуурамч” нотлох баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хуульд заасан “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан” үзнэ гэдэг нь цугларсан баримтыг харилцан хамааралд нь цогцоор нь судалж, үнэлнэ гэсэн үг. Тодруулбал нотлох баримт бүрийн талаар бусад баримттай уялдуулж үнэлгээ өгөх ёстой. Шүүх тухайн баримтыг бусад нотлох баримттай хэрхэн дүйцэж байгаа, тэдгээрийн хооронд ямар уялдаа холбоо байгаа, баримтууд бие биенээ үгүйсгэж байгаа эсэх, нэг үйл баримтыг давхар нотолж байгаа, эсхүл няцааж байгаа эсэхийг тус бүрд нь шалгадаг тул “бодитойгоор харьцуулан үзнэ” гэсэн ойлголт нотлох баримтыг тал бүрээс үнэлэх ажиллагааны нэг хэсэг болдог. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримттай холбоотой, түүнийг хэрхэн үнэлсэн зэрэг бүхий л асуудалд үнэлэлт дүгнэлт хийж, харьцуулсан дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэртээ тусгасан байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухайд: Шүүх уг тогтоол гарах үндэслэл болсон СШ/ӨЗӨХИ/2016/1 тоот сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн санал, дүгнэлтийг хууль зөрчөөгүй гэж үзсэн тул  48 дугаар тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх маргаан бүхий тогтоолын талаар “тогтоол нь Харилцаа холбооны хууль, Радио долгионы тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох зүйл заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм, Сонгон шалгаруулалтын Үнэлгээний ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэсэн бөгөөд захиргааны актад тавигдах формаль болон материаллаг эрх зүйн шаардлагыг хангасан байна” гэж зөв дүгнэлт хийжээ..

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дугаар зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:         

                        ШҮҮГЧ                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР