Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 471

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Г.О, хариуцагч Л.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0488 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0629 дүгээр магадлалтай, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Л.А, Л.Н нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0488 дугаар шийдвэрээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан төлбөрөөс торгууль, алданги, хүүгийн дүнг өршөөлд хамруулж чөлөөлүүлэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0629 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0488 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, татварын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 210022512 дугаартай актаар ногдуулсан торгууль, алданги, хүүгийн төлбөрөөс 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах гаргасан зөрчилд ногдуулсан 57.407.044.5 төгрөгийн торгууль, 29.918.076.7 төгрөгийн алданги, 20.505.5 төгрөгийн хүү, нийт 87.345.626.7 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, үлдэх 52.433.287.6 төгрөгийн торгууль, алданги, хүүгийн төлбөрийг өршөөлд хамруулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Улсын төсвийн орлого, хяналтын газартай харьцдаг, 5051479 тоот регистрийн дугаартай “С” ХХК-д тус газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 21160500180 тоот томилолтын дагуу улсын байцаагч Л.А, Л.Н нар нь тус компанид 201-2015 дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалтыг хийж 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 210022512 тоот акт үйлдсэн. Актаар 13,363,483.4 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, 89,936,556.6 төгрөгийн торгууль, 42,458,368.8 төгрөгийн алданги, 20,505.50 төгрөгийн хүү, нийт 139,778,914.3 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Давж заалдах шатны шүүх нь дээрх хүү, торгууль, алдангийг өршөөлийн хуульд хамруулж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэж, холбогдох хуулийн зорилго зорилтод нийцүүлэхгүй шийдсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж хуульчилсан байх бөгөөд татварын улсын байцаагчийн акт нь 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 210022512 тоот акт үйлдсэн байна. Иймд дээрх хуулийн заалтыг харахад 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цагаас өмнө эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрээр тогтоогдсон байна гэж хуульчилсан байхад давж заалдах шатны шүүх нь зөрчил гаргасан хугацаа нь тухайн хугацаанд хамаарч байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хуулийг буруу хэрэглэж шийдсэн байна гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0629 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн /цаашид “Өршөөлийн хууль” гэх/ зорилт нь 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасанчлан “... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөх”-д орших бөгөөд хуулийн үйлчлэх хугацаа нь 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.

Өршөөлийн хуулийн энэхүү зорилтоос үзвэл уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д болон мөн зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэх ойлголтыг тайлбарласан 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг дэх “хүн” гэсэн ойлголтыг зөвхөн “эрх зүйн этгээд”-ээр хязгаарлах боломжгүй байна.

Учир нь, “этгээд” гэсэн ойлголтод эрх зүйн этгээдээс гадна “хуулийн этгээд” хамаарах бөгөөд захиргааны шийтгэлийг эрх зүйн этгээдээс гадна “хуулийн этгээд” мөн хүлээдэг. Иймд, хуулийн дээрх зүйлд заасан “хүн” гэсэн ойлголтын үг зүйн утгыг тодорхой тооны хүний зохион байгуулалтын нэгдэл болох “хуулийн этгээд”-д хамаатуулан буюу “дэлгэрүүлэн” тайлбарлах нь хуулийн зорилттой /Өршөөлийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгтэй/ нийцэхээр байна.

Дээр дурдсанчлан, Өршөөлийн хуулийн үйлчлэх хугацааг уг хуулийн Нийтлэг үндэслэл болох 3 дугаар зүйлийн 3.1-д “2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасан, мөн ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх хэлбэрийг зохицуулсан 4 дүгээр зүйлийн агуулгаас үзвэл хууль хэрэглэх журмыг зохицуулсан 10 дугаар зүйлийн 10.1 болон 10.2 дахь хэсгийг тус тусдаа бие даасан үндэслэл гэж тайлбарлах нь зүйтэй.

Тодруулбал, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан этгээдэд хамааралтай бол, харин 10.2 дахь хэсэг нь ял, шийтгэл хүлээсэн этгээдийн хувьд, өөрөөр хэлбэл, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрээр ял, шийтгэл эдэлж буй бол эдлээгүй үлдсэн эсхүл гүйцэтгэгдээгүй /захиргааны шийтгэл хүлээсэн боловч биелэгдээгүй байгаа/ ял, шийтгэлээс нь өршөөн хэлтрүүлэх үндэслэл юм.

Харин Өршөөлийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-ийн “гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн” гэсний “болон”[1] гэсэн холбоосыг энэ тохиолдолд салгаж ойлгох нь зүйтэй байна.

Учир нь, хуулийн үйлчлэх хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө адилхан гэмт хэрэг, эсхүл зөрчил үйлдсэн хоёр этгээдийн нэг нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр ял, шийтгэл хүлээсэн гэдэг үндэслэлээр өршөөлд хамаарч, харин хоёр дахь нь түүний үйлдлийг эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаанаас хойно илрүүлж, тогтоон, шийтгэсэн гэсэн үндэслэлээр Өршөөлийн хуулийг хэрэглэхгүй байх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд тунхагласан төрийн үйл ажиллагааны “тэгш байдал”, “шударга ёсны” зарчимд нийцэхгүй.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “татварын улсын байцаагчийн акт нь 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гарсан, Өршөөлийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтын дагуу уг хууль нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цагаас өмнөх эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэлд хамаарахаар байхад давж заалдах шатны шүүх нь зөрчил гаргасан хугацааг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн утгатай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй тул шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0629 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ

 

[1] Монгол хэлний холбоос үгийн нэг онцлог нь холбохоос гадна салгах үүрэгтэй.