Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 488

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: С ХХК,

Хариуцагч: Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Л.А, Л.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан төлбөрөөс торгууль, алданги, хүүгийн дүнг өршөөлд хамруулж чөлөөлүүлэх” 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Г.О, хариуцагч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ц.Отгонням нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн татварын газрын Улсын татварын газрын орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.А, Л.Н нар С ХХК-ийн 2011-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 1,494,938,318 төгрөгийн зөрчил илрүүлсэн гэж 13,363,483,4 төгрөгийн нөхөн татвар, 83,936,556,6 төгрөгийн торгууль, 42,458,368,8 төгрөгийн алданги, 20,505,5 төгрөгийн хүү, нийт 139,778,914,3 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэн 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр  ******* тоот акт үйлдсэнд тус компани нөхөн татварууд \ААНОАТ, НӨАТ\-ын тухайд хүлээн зөвшөөрч 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлсөн, харин торгууль, алданги, хүүгийн төлбөрийг чөлөөлүүлэхээр Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 08 тоот тогтоолоор актыг хэвээр баталсан. 

УИХ-аас 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус батлан гаргасан бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан бол шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.3-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэлийг ... шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна” гэж заасны дагуу С ХХК-д татварын актаар тогтоосон торгууль, алданги, хүүг өршөөлд хамруулах үндэслэлтэй юм. Дээр дурдсан хуулиудыг эрх бүхий субъектууд хэрэгжүүлэхдээ татварын хяналт шалгалтын актуудын хүү, торгууль, алдангийг хасч шийдвэрлэж байгаа практик нэгэнт тогтсон байгааг шүүх анхаарч үзнэ үү. 

Иймд 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар актаар ногдуулсан нийт 139,778,914,3 төгрөгийн төлбөрийн дүнгээс торгууль, алданги, хүү нийт 126,416,430,9 төгрөгийн төлбөрийг өршөөж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын хяналт шалгалтын тухай хуулиар татварын шалгалтыг 2 жилд хийх ёстой байдаг. Гэтэл манайд 5 жил гаруй хугацаанд хяналт шалгалт хийгдээгүй. Татварын шалгалт хийх үүрэг бол иргэн аж, ахуй нэгжийн үүрэг биш. Татварын байгууллага өөрсдөө хувиар гаргаад шалгаж байх үүрэгтэй. Тэр хугацаанд нь ч аж ахуй нэгж шалгуулах үүрэгтэй. Татварын шалгалт явагдаж байх явцад байцаагч нарт хугацаандаа татварын шалгалт хийж байгаагүй гэдгийг хэлсэн. Тиймээс Өршөөлийн тухай хуулийн хүрээнд манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Улсын төсвийн орлого хяналтын газартай харьцдаг, ******* тоот регистерийн дугаартай С ХХК-д Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 02-ний өдрийн ******* тоот томилолтын дагуу улсын байцаагч Л.А, Л.Н бид 2011-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалтыг хийж 2016 оны 6 дугаар сарын 12-ны 

өдөр ******* тоот акт үйлдсэн. Актаар 13,363,483,4 төгрөгийн нөхөн татвар, 83,936,556,6 төгрөгийн торгууль, 42,458,368,8 төгрөгийн алданги, 20,505,5 төгрөгийн хүү, нийт 139,778,914,3 төгрөгийн төлбөр ногдуулсан. Тухайн үед актыг компанийн ерөнхий захирал Ли Сог Жэй, ерөнхий нягтлан бодогч Г.О нар хүлээн зөвшөөрсөн болно. 

Гэвч С ХХК татварын улсын байцаагчийн ******* тоот актаар ногдуулсан 13,363,483.4 төгрөгийн нөхөн татварыг хүлээн зөвшөөрч, 83,936,556.60 төгрөгийн торгууль, 42,458,368.8 төгрөгийн алданги, 20505.50 төгрөгийн хүү, нийт 126,415,430.90 төгрөгийн төлбөрийг чөлөөлүүлэхээр Татварын ¬

ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандсан. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 08 тоот тогтоолоор актыг хэвээр баталсан.

Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд Хууль хэрэглэх журам, 10.2-т "Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасан байна. Иймд тус компанийн ******* тоот акт нь 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн байх тул өршөөлд хамруулах хууль зүйн үндэслэлгүй байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өршөөлийн тухай хуулийн гол зарчим нь 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасан байна. Манай акт 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гарсан байгаа. 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс хойш гарсан акт байгаа юм. Тиймээс Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч С ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгчээс “Татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан төлбөрөөс торгууль, алданги, хүүгийн дүнг өршөөлд хамруулж чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар С ХХК-д татварын актаар тогтоосон торгууль, алданги, хүүг өршөөлд хамруулах үндэслэлтэй” гэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Өршөөлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон ... төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр” гэж заасан. Улсын байцаагчийн 220022512 тоот акт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс хойш гарсан. Тиймээс Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэж маргажээ.

 Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Л.А, Л.Н нар нь С ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт шалгалтыг хийж, 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 220022512 дугаар актаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, НӨАТ-ын хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн 13,363,483.4 төгрөгийн нөхөн татвар, 83,936,556.6 төгрөгийн торгууль, 425,458,368.8 төгрөгийн алданги, 20,505.5 төгрөгийн хүү, нийт 139,778,914.3 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоожээ.

Нэхэмжлэгч С ХХК-ийн захирал Л С Ж, тус компанийн нягтлан бодогч Г.О нар дээрх актыг зөвшөөрч 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурж, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр уг актыг гардан авч 13,363,483,40 төгрөгийн нөхөн татварыг төлсөн байна.

Харин актаар тогтоосон 83,936,556.6 төгрөгийн торгууль, 425,458,368.8 төгрөгийн алданги, 20,505,.5 төгрөгийн хүү, нийт 126,415,430.90 төгрөгийн төлбөрийг  нэхэмжлэгч эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг тус газрын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 55 дугаар зүйлийн 55.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2200225125 дугаар актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заажээ. 

Татварын улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар актаар тогтоосон зөрчилд ногдуулсан торгууль, алданги, хүү  нь хуулийн дээр дурдсан хугацаанд хамаарахгүй, өөрөөр хэлбэл дээр дурдсан хуулийн заалтаар “2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон” байх шаардлагад нийцээгүй бөгөөд хуульд заасан хугацаанаас хойш тогтоогдсон байх тул С ХХК-ийн Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Л.А, Л.Н нарт холбогдуулан гаргасан “Татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан төлбөрөөс торгууль, алданги, хүүгийн дүнг өршөөлд хамруулж чөлөөлүүлэх”-ээр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн “Татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан төлбөрөөс торгууль, алданги, хүүгийн дүнг өршөөлд хамруулж чөлөөлүүлэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны  хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН