Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2022/00316

 

 

 

 

 

 

 

 

   2022        02         08                                       182/ШШ2022/00316

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Г-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19,648,120 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Э,

Хариуцагчийн төлөөлөгч Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.А,

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б нь Б.Г-тай 2020.02.10-ны өдөр, 2020.04.07-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2020.02.10-ны өдрийн 119 дүгээр зээлийн гэрээгээр 11,200,000 төгрөгийг, 3 сар, 20 хоногийн хугацаатай, 1 сарын 4%-ийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2%-ийн алданги төлөхөөр, 2020.04.07-ны өдрийн 669 дүгээр зээлийн гэрээгээр 2,000,000 төгрөгийг, 23 хоногийн хугацаатай, нийт 5%-ийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,4%-ийн алданги төлөхөөр тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч Д.Б нь хоёр зээлийн гэрээний дагуу мөнгийг хариуцагч Б.Г-т бэлэн өгсөн. Харин 2019 оны 11 сарын зээлийн гэрээний асуудал энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж үзэж байна.

Хариуцагч Б.Г нь 2020.02.10-ны өдрийн зээлийн гэрээний хүүд 470,000 төгрөгийн төлөлт хийснээс өөр төлөлт хийгээгүй, зээлийн үлдэгдэл 11,200,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 1,168,120 төгрөг, алданги 5,610,000 төгрөг, нийт 17,998,120 төгрөг болсон. Алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрсэн тул хуульд нийцүүлж гүйцэтгээгүй үүрэг болох 11,200,000 төгрөгийн 50%-иар тооцсон байгаа. Мөн 2020.04.07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.Гнь үндсэн зээлд 1,000,000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй. Зээлийн үлдэгдэл 1,100,000 төгрөг, алданги 550,000 төгрөг, нийт 1,650,000 төгрөг болсон байна. Иймд хариуцагч Б.Г-с хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 19,648,120 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч Д.Г нь 2019 оны 08 сард Д.Бтай танилцаж, хэсэг хугацаанд дотно харилцаатай байсан. Тухайн үед  төмрийн цех нээх зорилгоор ББСБ-аас зээл авсан, зээл нь хугацаа хэтрэлттэй байсан. Улмаар уг нөхцөл байдлыг мэддэг байсан Д.Б нь 5,000,000 төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээлийг 2019.11.19-ний өдөр өгч, зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Энэ зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.Гнь нийтдээ 1,470,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бгийн дансаар төлсөн, үлдэгдэл 3,530,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Түүнээс биш нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон 2020.02.10-ны өдрийн зээлийн гэрээ, 2020.04.07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу ямар ч мөнгийг бодитоор шилжүүлж аваагүй. Гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн, гэхдээ өмнөх 5,000,000 төгрөгийн зээл бүрэн төлөгдөөгүй, үлдэгдэл байгаа шүү гэдгийг л баримтжуулсан явдал юм. Тэгээд ч нэхэмжлэгч тал сүүлийн хоёр зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.Г-т мөнгө шилжүүлсэн гэдгээ нотолж чадахгүй байна, мөнгийг бэлэн өгсөн гэж байгаа боловч тэр тухай баримтгүй. Иймд өөрийн бодитоор авсан 5,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 3,530,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч тал 2020.02.10-ны өдрийн, 2020.04.07-ны өдрүүдийн зээлийн гэрээнүүд, зохигчдын иргэний үнэмлэхний хуулбар гэсэн баримтуудыг, хариуцагч тал 2019.11.19-ний өдрийн зээлийн гэрээ, өөрийн ХААН банкны дансны хуулга гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Г-т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 19,648,120 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.   

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Б.Г-т хоёр зээлийн гэрээний дагуу мөнгийг бэлэн өгсөн, энэ гэрээнүүдийн дагуу төлбөрийг бүрэн төлөөгүй учир үндсэн зээл, хүү, алдангийг шаардах эрхтэй, харин 2019 оны 11 сарын зээлийн гэрээ энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгч Д.Б бид хоёр дотно харилцаатай байсан, тухайн үед би ББСБ-аас зээл авсан байсан, уг зээлээ төлөх зорилгоор Д.Б гаас 2019.11.19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг хүүгүй, алдангигүй, ямар нэгэн барьцаагүй авснаас өөр бидний хооронд ямар нэгэн зээлийн харилцаа байхгүй, 2020 оны 02, 04 сарын зээлийн гэрээний дагуу бодит байдлаар мөнгө авсан зүйл огт байхгүй, тухайн үедээ зээлийн үлдэгдэл байгаа шүү гэдгийг л харуулж гэрээнд гарын үсэг зурсан, тийм учраас нэхэмжлэл үндэслэлгүй, харин 2019 оны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрнө гэж мэтгэлцсэн.

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хариуцагч Б.Гнь 2020.02.10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Бгаас 11,200,000 төгрөгийг 1 сарын 4%-ийн хүүтэй, 2020.02.10-ны өдрөөс 2020.05.30-ны өдрийг хүртэл 3 сар, 20 хоногийн хугацаатай зээлэх, зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,2%-иар алданги төлөхөөр,     

            2020.04.07-ны өдрийн зээлийн гэрээгээр 2,000,000 төгрөгийг 23 хоногт 5%-ийн хүүтэй, 2020.04.07-ны өдрөөс 2020.04.30-ны өдрийг хүртэл 23 хоногийн хугацаатай зээлэх, зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,4%-иар алданги төлөхөөр тус тус тохиролцжээ.  

 

            Энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг онцлогтой.

 

Нэхэмжлэгч Д.Б нь дээрх хоёр зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгийг хариуцагч Б.Г-т бодитоор хүлээлгэн өгөх үүрэгтэй байх боловч уг үүргээ биелүүлээгүй, хариуцагч Б.Гнь дурдсан хоёр зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн аваагүй, хэдийгээр 2020.02.10-ны өдрийн зээлийн гэрээний 3.4-т зээлийн мөнгийг бэлнээр хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаарх зохигчдын гарын үсэг зурагдсан, 2020.04.07-ны өдрийн зээлийн гэрээний 3.4-т бэлнээр 2020.04.07-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгсөн гэж бичигдсэн байх боловч уг байдлыг нотолсон бусад бичгийн баримтгүй байна.

 

Тийм учраас хариуцагч Б.Гнь энэхүү хоёр зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгийг хүлээн аваагүй байх тул зээлийг буцаан төлөх үүрэггүй, шүүх хариуцагч талын гаргасан “...би хоёр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгө огт хүлээн аваагүй, харин нэхэмжлэгч Д.Бтай дотно харилцаатай байсны хувьд 2019 онд 5,000,000 төгрөг зээлж авсан, энэхүү мөнгөний үлдэгдэл байгаа шүү гэдгийг л харуулж гарын үсэг зурсан...” гэх агуулга бүхий тайлбарыг бодит байдалд нийцэж байна гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд бодит байдлаар 2019.11.19-ний өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Б нь 5,000,000 төгрөгийг хариуцагч Б.Г-т 2019.11.19-ний өдрөөс 2020.02.19-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, хүүгүй, барьцаагүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулах ямар нэгэн нэмэлт үүрэггүй байхаар тохиролцон зээлсэн, зээлийн 5,000,000 төгрөгийг хариуцагч Б.Г-т хүлээлгэн өгсөн талаар баримтгүй хэдий ч энэ талаар хариуцагч маргаагүй, хүлээн авснаа зөвшөөрсөн.

 

Тэрээр хариуцагч Б.Гнь энэхүү зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Бд 2020.04.30-ны өдөр 769,000 төгрөг, 250,000 төгрөг, 2020.09.15-ны өдөр 40,000 төгрөг, 2021.10.01-ний өдөр 250,000 төгрөг, нийт 1,309,000 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл 3,691,000 /5,000,000 төг - 1,309,000 төг/ төгрөг болох нь хариуцагч талын тайлбар, зээлийн гэрээ, ХААН банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд энэ төлбөрийг хариуцагч Б.Гтөлөхийг зөвшөөрсөн.

 

Иймд нэхэмжлэгч талын гаргасан “...2019 оны 11 сарын зээлийн гэрээ энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, тусдаа асуудал ...” гэсэн агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэнэ.

 

Тодруулбал, зохигчдын хооронд 2020.02.04, 2020.04.07-ны өдрийн зээлийн гэрээнүүд байгуулагдсан байх боловч бодит байдлаар хэрэгжээгүй, нэхэмжлэгч Д.Б нь зээлийн гэрээнүүдийн дагуу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн мөнгийг бодит байдлаар хариуцагч Б.Г-т шилжүүлээгүй, шилжүүлсэн гэдэг нь зээлийн гэрээнүүдээр тогтоогдохгүй байх ба, энэхүү зээлийн гэрээнүүдийг өмнө үүссэн 2019.11.19-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр байгааг илэрхийлж, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор хэлбэрийн хувьд зээлийн гэрээ болгон байгуулсан гэж үзэхээр байна.

 

Тиймээс нэхэмжлэгч Д.Б нь 2020.02.04, 2020.04.07-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн дагуу шаардлага гаргах эрхгүй, хэлбэрийн хувьд зээлийн гэрээ байгуулагдсан байх боловч зохигчдын хооронд бодит байдлаар ямар нэгэн үүрэг үүсээгүй, зээлийн мөнгийг өгч, авалцсан үйл баримт тогтоогдохгүй, тэрээр “...хариуцагч Б.Гнь 2020.02.04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгийг бэлнээр хүлээн авч, хүүд 470,000 төгрөг төлсөн, 2020.04.07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгийг бэлнээр авч, зээлд 1,000,000 төгрөг төлсөн...” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотолсонгүй.

 

Иймд хариуцагч Б.Г-с 3,691,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,957,120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч Б.Г-с 74,006 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Ганбаяраас 3,691,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,957,120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бгаас тэмдэгтийн хураамжид төлсөн 256,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-с 74,006 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА