Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00576

 

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/00316 дугаар шийдвэртэй

Д.Бгийн нэхэмжлэлтэй Б.Гт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 19,648,120 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.Б нь Б.Гтай 2020 оны 02 дугаар сарын 10, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрүүдэд зээлийн гэрээ байгуулж, эхний зээлийн гэрээгээр 11,220,000 төгрөгийг, 3 сар 20 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги төлөхөөр, хоёр дахь зээлийн гэрээгээр 2,000,000 төгрөгийг, 23 хоногийн хугацаатай, нийт 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,4 хувийн алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцсон. Д.Б нь хоёр зээлийн гэрээний мөнгийг Б.Гт бэлнээр өгсөн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын зээлийн гэрээний асуудал энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй. Б.Г нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хүүд 470,000 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 11,220,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 1,168,120 төгрөг, алданги 5,610,000 төгрөг, нийт 17,998,120 төгрөг болсон. Алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрсэн тул хуульд нийцүүлж гүйцэтгээгүй үүрэг болох 11,220,000 төгрөгийн 50 хувиар тооцсон. Мөн Б.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлд 1,000,000 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй тул зээлийн үлдэгдэл 1,100,000 төгрөг, алданги 550,000 төгрөг, нийт 1,650,000 төгрөг болсон. Иймд хариуцагч Б.Гаас хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 19,648,120 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Г 2019 оны 08 дугаар сард Д.Бтай танилцаж, хэсэг хугацаанд дотно харилцаатай байсан. Тухайн үед Б.Г төмрийн цех нээх зорилгоор банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан нь хугацаа хэтрэлттэй байсныг Д.Б мэддэг байсан. Тэгээд Д.Б 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б.Гт 5,000,000 төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл өгч, зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээний дагуу Б.Г нь нийт 1,470,000 төгрөгийг Д.Бгийн дансаар төлсөн тул үлдэгдэл 3,530,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2020 оны 02 дугаар сарын 10, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тус тус зээлийн гэрээний дагуу Д.Бгаас бодитоор мөнгө шилжүүлж аваагүй, нэхэмжлэгч энэ байдлыг баримтаар нотлоогүй. Хариуцагч дээрх гэрээнүүдэд гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ өмнөх 5,000,000 төгрөгийн зээл бүрэн төлөгдөөгүй, үлдэгдэл байгаа гэдгийг баримтжуулсан. Иймд нэхэмжлэгчээс бодитоор авсан 5,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 3,530,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Гаас 3,691,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,957,120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бгаас тэмдэгтийн хураамжид төлсөн 256,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас 74,006 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:  Анхан шатны шүүхийн шийдвэр гаргахдаа хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн.

4.а. Шүүх нэхэмжлэгч Б.Баярмаагийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,957,120 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн. Шүүх нэхэмжлэгч Д.Бгийн хариуцагч Б.Гтай байгуулсан зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байна гэж тайлбарласан боловч талуудын хооронд бодит байдлаар ямар нэгэн үүрэг үүсээгүй, зээлийн мөнгийг өгч, авалцсан үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэвч бодит байдалд талууд гэрээний үндсэн нөхцөл, хүү, алданги, хугацаагаа тохиролцож гэрээний зүйлийг нотариатын дэргэд хүлээлгэн өгч, тусгайлан гарын үсэг зурж баталгаажуулсан. Нотариатийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.4.1-д зааснаар гэрээг нотариатчаар гэрчлүүлснээр уг гэрээнд тусгагдсан үйл баримт нь хуулийн хүрээнд хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болдог. Мөн зээлийн гэрээний зүйлийг заавал дансаар шилжүүлэх, эсхүл мөнгө хүлээлцсэн акт, төлбөрийн баримт үйлдэхийг хуулиар шаардаагүй.

4.б. Нэхэмжлэгч нь Б.Гтай байгуулсан 2020 орны 02 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 12 минутанд 119 тоот зээлийн гэрээ, мөн оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цаг 37 минутанд 669 тоот зээлийн гэрээний хүрээнд шаардлага гаргасан боловч шүүх хариуцагчийн гаргаж өгсөн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээг нотлох баримтаар үнэлж, уг гэрээг үндэслэн гэрээний төлбөрийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай, нотлох баримтыг буруугаар үнэлсэн.  Хариуцагчийн гаргасан 2019 онд 5,000,000 төгрөгийг хүү, алдангигүй зээлсэн ба дараагийн гэрээ нь уг гэрээний хүү, алдангийг оруулан тооцоод өсгөсөн дүнгээр бичсэн өмнөх зээлээ төлнө гэсэн гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 119 тоот, мөн оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 669 тоот зээлийн гэрээнүүдийг үндэслэж хариуцагчаас 19,648,120 төгрөг гаргуулахаар шаардаж, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр тусдаа нэхэмжлэлийн шаардлага гаргана гэх тайлбарыг анхан шатны шүүхэд гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч талаас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2827 тоот зээлийн гэрээ, уг гэрээний дагуу төлсөн зээлийн эргэн төлөлтийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг зээлийн гэрээ нь талуудын хоорондын анхны эрх зүйн харилцааг нотолж байгаа баримт бөгөөд нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөгийг хүү, алдангигүй байхаар тохирч бодитойгоор зээлж авсантай маргахгүй. Хариуцагч энэ гэрээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж дуусгаагүй учраас нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу нотариатаар орж 2 зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөгийг зээлсэн учраас сүүлийн 2 гэрээнд нь гарын үсэг зурсан ба ингэснээр мөнгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчээс бодитойгоор тухайн 2 гэрээнд заасан мөнгийг хүлээж аваагүй.

Иймд анхан шүүх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

2. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Гт холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 119 тоот, 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0669 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 19,648,120 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр 11,220,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сар 20 хоногийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ. /хх 4-5/

4. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан.

4.а. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 119 тоот зээлийн гэрээний 3.4 дэх хэсэгт “мөнгийг бэлнээр хүлээн авсан гэж бичиж Ганбаяр гарын үсэг зурсан, хүлээлгэн өгсөн гэж бичиж Д.Б гарын үсэг зурсан” болох нь хэргийн 4 дүгээр тал дахь зээлийн гэрээ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогджээ.

4.б. Хариуцагч Б.Г нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Бгаас 11,220,000 төгрөгийг бодитоор шилжүүлэн аваагүй, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдлийг баталгаажуулсан гэх  тайлбар болон дээрх гэрээний 3.4 дэх хэсэгт заасан мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэх баримтыг няцаасан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Иймд хэргийн баримтаар нэхэмжлэгчээс хариуцагчид дээрх гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр тохиролцсоны дагуу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 282.1, 282 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, алдангийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

5.а. Хариуцагч нь энэхүү гэрээг байгуулагдсанаас хойш төлөгдсөн мөнгийг нэхэмжлэгч нь өмнөх 5,000,000 төгрөгийн зээлд тооцож авсан гэж тайлбарласан боловч баримтаар нотлогдсонгүй. Иймээс дээрх зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 2020 оны 04 дүгээр сарын 30, мөн оны 09 дүгээр сарын 15, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн нийт 1,309,000 төгрөгийг энэ гэрээний төлбөрөөс хасаж тооцох үндэслэлтэй.

 

5.б. Хариуцагч Б.Г нь дээрх зээлийн гэрээний үндсэн төлбөрт 11,220,000 төгрөг, хүүд 1,645,600 төгрөг, нийт 12,865,600 төгрөг төлөх үүрэгтэйгээс хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн 1,309,000 төгрөгийг хасаж тооцвол нэхэмжлэгчид 11,566,600 төгрөг төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул 11,566,600 төгрөгийн 50 хувь болох 5,778,830 төгрөг болно.

5.в.Талууд зээлийн гэрээгээр зээлийн хүүг сарын 4 хувь гэж тохирсон нь өндөр тогтоогдсон, зээлийн гэрээний хугацаа ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдалтай давхцаж байх тул шүүх анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгахаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар 5,778,830 төгрөгийн алдангийн 10 хувь болох 577,830 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бг шаардах эрхтэй гэж бууруулсан болно.

Иймд хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлөх 11,556,600 төгрөг дээр алданги 577,830 төгрөгийг нэмж нийт 12,134,430 төгрөгийг хариуцагч Б.Гаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 7,513,690 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав. /4а/

6.а. Талуудын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 0669 тоот зээлийн гэрээний хувьд анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх зааснаар зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэж нэхэмжлэгчийн хариуцагчаас 1,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Учир нь талууд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 0669 тоот зээлийн гэрээг бичгээр хийсэн боловч уг гэрээний 3.4-т нэхэмжлэгч нь “2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн” гэж бичсэн байгаа боловч энэхүү заалт нь зээлдэгч буюу хариуцагч нь бэлэн мөнгө хүлээн авсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагчид 2,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.22, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул дээрх гомдлыг энэ хэсгийг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 10, мөн оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хоёр зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоогүй 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээг маргааны үйл баримтад хамааруулан үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул гомдлыг хангахгүй орхив. /4б/

8.Нэхэмжлэгч нь хариуцагчид 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг байгуулсан гэж үзэхгүй. Иймд  нэхэмжлэгч Д.Б нь хариуцагчаас дээрх зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэг шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/00316 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Гаас 12,134,430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,513,690 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “74,006 төгрөгийг” гэснийг, “209,101 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.                

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

              ШҮҮГЧИД                                Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ