Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2022/00198

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч Б.Мангилик, шүүгч А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А. Хаяг: Б аймаг, Ө сум .. дугаар баг, Б .. гудамж, .. тоот  оршин суух

 

Нэхэмжлэгч: Н. Хаяг: Б аймаг, Ө сум .. дүгээр баг, Х .. гудамж .. дугаар тоот оршин суух

 

Хариуцагч: Ад. Хаяг: Б аймаг, Ө сум .. дүгээр баг

 

Хариуцагч: Ам. Хаяг: Б аймаг, Ө сум .. дугаар баг

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч нараас гэм хорын хохиролд 1617475 төгрөг гаргуулж, бага насны хүүхдүүд болох Ө , Ар , Г , Ая , АЯ нарыг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А  ,

Нэхэмжлэгч Н ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С,

Хариуцагч Ад ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ,

Хариуцагч Ам ,

Иргэдийн төлөөлөгч К,

Орчуулагч Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А  , Н нар хариуцагч нараас гэм хорын хохиролд 1617475 төгрөг гаргуулж, бага насны хүүхдүүд болох Ө , Ар , Г , Ая , АЯ нарыг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.А   миний бие Б аймгийн Ө сумын 3 дугаар багт бага насны 5 хүүхдийн хамт оршин суудаг. Миний бие нөхөр (талийгаач) Ж тэй 2010 онд гэр бүл болсон ба бид хоёрын дундаас 2010 онд хүү Өмир, 2014 онд хүү Ар , 2016 онд охин Г , 2018 онд охин Ая , 2021 онд охин АЯ  нар төрсөн. Нөхөр бид хоёр 2017 оны өвөл аймагт шилжиж ирснээс хойш нөхөр маань Ам ын хамт барилгын ажил дээр хамтарч ажилладаг байсан. 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нөхөр Ж  Ад ийн бариулж байгаа барилга дээр туслах ажилтнаар ажиллахаар болж өглөө ажил руу явсан. Тухайн өдрийн 16-17 цагийн үед тухайн барилгын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа Ам  нь аав руу залгаж “Ж  сая барилга дээр ажиллаж байгаад тогонд цохиулсан бие нь маш хүнд байна та яаралтай эмнэлэг дээр хүрээд ирээч” гэхээр нь аав яаралтай эмнэлэг дээр очиход нөхөр Ж  тогонд цохиулсны улмаас нас барсан болохыг дуулгасан. Хууль хяналтын байгууллагаас энэхүү асуудлыг шалгаж, ослын шалтгааныг судалж тогтоож, хариуцагч Ад  болон Ам  нар барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас нөхөр Ж ийн амь нас хохирсон гэсэн дүгнэлтэд хүрсэн. Миний бие нөхрөөс хагацсанаас болж 5 бага насны хүүхдийн хамт материаллаг болон сэтгэл санаагаар маш ихээр хохирсон. Тухайлбал, нөхөр нас барихад ард нь 5 бага насны хүүхдүүд болон ажилгүй орлогогүй би үлдсэн юм. Мөрдөн байцаалтын шатанд Ад , Ам  нар гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогчийн ар гэрт бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхээ амласан, намайг ажилтай болгоно гэсэн. 2021 оны 8 дугаар сард мөрдөгч билүү Прокурорын газраас билүү сайн санахгүй байна аав руу холбогдож “2021 оны 7 дугаар сард Өршөөл үзүүлэх тухай хууль  гарсан, хэрэгт холбогдсон хүн гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлсөн тохиолдолд уг хуулийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой юм. Ад , Ам  нар хохирол төлж өгье гэж илэрхийлээд байна” гэж хэлсэн байна лээ. Түүний дараа удалгүй Ад , Ам  нар бидэнд хандаж “хохирол төлж өгье, гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгөөрэй” гэсэн. Тухайн үед нөхөр (талийгаач) Ж  нас барсантай холбоотой түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон сэтгэл санааны хохиролд 35 сая төгрөгийг Ад , Ам  нараас нэхэмжилсэн, Ад ээс уг хохирлыг төлж өгөхөөр болсон, мөн намайг ажилтай болгох, бусад бүх талын дэмжлэг үзүүлнэ гэсэн амлалт өгсөн. Тэгэхээр нь аав бид хоёр Ад ийн өгсөн 35 сая төгрөгийг аваад, тэд нарт итгээд гомдолгүй бичиг хийж өгсөн. Дараа нь Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 14 дугаар тогтоолыг гардаж авсан. Хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш өнөөдрийг хүртэл Ад , Ам  нар дахиж холбоо бариагүй. Аав маань Ад эд хэд хэдэн удаа хандаж намайг бага насны 5 хүүхэдтэй хүн гэдгийг учирлан хэлж, ажилтай болгож өгөх талаар хэлсэн боловч хариу өгөөгүй байна.

Миний бие ажилгүй орлогогүй тул бага насны 5 хүүхдийн асран хамгаалахад хүндрэлтэй байна. Тийм учраас бага насны хүүхдүүдэд 18 нас хүртэл нь гэм буруутай этгээдээр тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна. Нөхөр маань амьд сэрүүн байхдаа бид хоёр ХААН банкнаас 3 сая төгрөгийн зээл авсан байсан. Нөхөр маань олсон орлогоороо үүнийг хариуцаж төлдөг байсан. Гэтэл нөхөр маань нас барсны дараа уг зээл төлөгдөөгүй, одоогийн байдлаар 921532 төгрөгийн үлдэгдэлтэй, миний бие орлогогүй тул үүнийг төлж чадахгүй байна. Банкнаас уг зээлийн үлдэгдлийг төлөхийг надаас байнга шаарддаг, надад дарамт болж маш хэцүү байна. Нөхөр маань хариуцагч нарын буруутай үйлдлээс болж нас барсан тул уг 921532 төгрөгийн хариуцан төлөх ёстой гэж үзэж байна. Түүнчлэн нөхөр бид хоёр 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэртээ 900000 төгрөгийн үнэтэй керамик плиткийг лизингээр худалдаж авсан ба 2021 оны 6 дугаар сарын байдлаар 695943 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Нөхөр маань нас барсны дараа уг төлбөрийг бас төлөх боломжгүй болсон. Нөхөр маань хариуцагч нарын буруутай үйлдлээс болж нас барсан тул уг 695943 төгрөгийг хариуцан төлөх ёстой гэж үзэж байна.

Иймд хариуцагч Ад , Ам  нараас гэм хорын хохиролд 1617475 (921532+695943) төгрөгийг гаргуулж, бага насны хүүхдүүд болох Ө , Ар , Г , Ая , АЯ нарыг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлж  өгнө үү.

Амь хохирогчийн хүүхдүүдэд тэтгэлэг төлөх талаар зохицуулалтыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зохицуулсан. Талийгаачийн 5 хүүхдийг 18 нас хүртэл хариуцагч нараас тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд орлогыг дараах байдлаар тооцож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад амь хохирогч өдрийн 30000 төгрөгийн орлоготой байсан байна. Үүнийг хариуцагч талаас үгүйсгээгүй ба мөрдөн байцаалтын шатанд ч энэ талаар маргаагүй. Дээрх тооцооллоор амь хохирогчийн сарын орлогыг тооцоолоход 30 хоногтой нэг сард 900000 төгрөгийн орлого олох ёстой байсан гэж үзэхээр байна. Үүнээс улсаас тогтоож өгсөн 376000 төгрөгийг хасахад баримжаагаар 523000 төгрөгийн зөрүү гарна. Энэхүү зөрүүг 7 хүнд хуваахад 74857 төгрөг нэг хүнд оногдохоор байна. Хариуцагч нар талийгаачийн орлогын талаар маргаагүй учраас 5 хүүхдийн тус бүрд сар тутам 74857 төгрөгөөр тооцоод тэтгэлэг төлөх үүрэгтэй.

Хоёрдугаарт, хуульд зааснаар талийгаачийн орлогыг тооцоолох боломжтой. 2021 оны байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420000 төгрөг байна. Үүнээс 376000 төгрөгийн төрөөс тогтоож өгсөн тэтгэмжийг хасахад 44000 төгрөг үлдэж байна. Энэхүү 44000 төгрөгөөр хүүхдүүд 18 нас хүртэл тэтгэлэг төлүүлэх хууль зүйн боломж байна. Нэхэмжлэгч нар тус тусдаа амьдардаг. Нэхэмжлэгч А   нь амь хохирогчийн албан ёсны гэр бүлийн хүн нь байгаа. Эрүүгийн хэргийг шалгах явцад хариуцагч Ад ээс нэхэмжлэгч нарт амь хохирогчийн эхнэрийг ажилтай болгож өгнө гэж амлалт өгсөн боловч прокурорын шатанд хэрэг нь хэрэгсэхгүй болсны дараа амлалтаа биелүүлэхээс татгалзсан. Иймээс хуульд зааснаар үүсэх үүргийн зохицуулалтаар буюу гэм хор учруулснаас үүсэх үүргийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

3.Хариуцагч Ад  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б  нарын хариу тайлбар, татгалзал: Ж  нь 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ад ийн спорт заалны барилга дээр ажиллаж байгаад цахилгаанд цохиулж нас барьсан нь үнэн. Тухайн үед энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж прокурорт шилжүүлсний дагуу холбогдох шийдвэр гарч хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Ад ийн зүгээс талийгаачийн анх нас барахад ар гэрийнхэнтэй уулзаж оршуулгын ажилд нь зарцуулахад зориулан 5.0 сая төгрөгийн тусламж үзүүлсэн.

Дараа нь талийгаачийн ар гэр өөрийн гэсэн орон байргүй учир орон байртай болгож өг гэсэн шаардлага тавьсны дагуу орон байр худалдан авахад шаардагдах мөнгийг мөн гаргаж өгсөн. Тухайн үед талийгаачийн ар гэрийнхэн худалдаж авах байшинг бид өөрсдөө олно, зөвхөн мөнгийг шийдэж өг гэсний дагуу 25.0 сая төгрөг бэлэн өгсөн. Дээрх мөнгөөр талийгаачийн ар гэрийнхэн Ө сумын нутаг дэвсгэрт байршилтай “Наран шарлага”-ын орчмоос шувуун нуруу дээвэртэй, модон материалаар баригдсан, 6 өрөө өвлийн байшинг газрын хамт худалдаж авсан. Тухайн байр нь засвар хийгдээгүй удсан, хашааны зарим хэсэг нь нурж унасан байсан учир шаардлагатай засварын материалыг Ад  зах дээрээс авч өгч хамтран хариуцагчаар татагдаж байгаа Ам  өөрийн засварын бригадын хүмүүсийн хамт ирж бүрэн засвар хийж тохижуулж, хашааг нь өрж янзалж өгсөн. Одоо тухайн өвлийн байшинд талийгаачийн эхнэр, хүүхдүүд нь амьдарч байна.

Үүний дараа талийгаачийн авсан зээл, зээлээр авсан керамик плиткийн үнийг төлж өгөхийг шаардсаны дагуу 5.0 сая төгрөгийг нэмж өгч, Ад  нь нийтдээ 35,0 сая төгрөгийг төлсөн. Үүний дараа талийгаачийн ар гэрийнхэн ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдгээ илэрхийлж гар баримт бичиж өгч байсан нь эрүүгийн хэрэгт авагдсан байгаа болно. Нэхэмжлэгч нарын зүгээс оршуулгын зардлаа төлүүлж авч насан туршид амьдрах өвлийн байшин, газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөтэй болж гомдолгүй гэж гарын баримт бичиж өгсөн мөртлөө шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

Талийгаачийн асрамждаа 5 хүүхэдтэй байсан ба Ж  нас барсны дараа хүүхдүүдэд халамжийн тэтгэврийн сангаас сард 376000 төгрөгийн тэтгэмж тогтоож өгсөн. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тэтгэмжтэй холбоотой зохицуулалт байгаа ба энэ зохицуулалтаар нас барагчийн цалин болон бусад орлогыг нь гэр бүлийн гишүүдэд хуваагаад, үүнээс хөдөлмөрийн чадвартай насанд хүрсэн хүнийг хасаад, тэтгэмжийг үлдсэн насанд хүрээгүй хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүдэд олгоно. Хэрэгт цугларсан нотлох баримтаар талийгаач ямар нэгэн цалин хөлс авч байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тухай нотлох баримт байхгүй байна. Хоёрдугаарт, хувиараа ажил хийж байсан бол тэр талаар нотлох баримтаа нэхэмжлэгч талаас гаргаж өгөх боломж нь байсан боловч энэ талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Хохирогчийн орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоод тэтгэмжийн хэмжээг тогтоох боломж байгаа. Одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420000 төгрөг байдаг. Энэхүү орлогыг гэр бүлийн 6 гишүүнд хуваахад нэг хүнд 70000 төгрөг ногдоно. Үүнээс насанд хүрсэн А  ы хувийг хасахаар 5 хүүхдэд 350000 төгрөгийн тэтгэмж олгох тооцоо гарна. Халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжид сар тутам 376000 төгрөг тогтоож өгсөн учраас илүү гарах орлогогүй байна.

Хэдийгээр Иргэний хуулийн 508 дугаар зүйлд нас баригчийн насанд хүрээгүй хүүхэд, асрамжид байгаа хөдөлмөрийн чадваргүй хүнийг тэжээн тэтгүүлэхтэй холбоотой зохицуулалт байгаа боловч Ад ийн зүгээс талийгаачийн эхнэр, хүүхдийг насан туршид амьдрах орон байр, газартай болгож үүнд шаардагдах хөрөнгийг гаргаж гэм хорын хохирлыг арилгасан учир нэмж тэтгэмж төлөх үндэслэлгүй. Иргэний хуульд орон байр, газартай болгох үүрэг хүлээлгэсэн зохицуулалт байхгүй учир нэхэмжлэгч нарын зүгээс заавал тэтгэмж гаргуулах гэж үзэх юм бол өвлийн байшин, газар худалдаж авахад зарцуулсан 25.0 сая төгрөгийг Ад ийн зүгээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр буцааж нэхэмжлэх байгааг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Хариуцагч Ам ын хариу тайлбар, татгалзал: Нэхэмжлэгч А  , Н  нарын “гэм хор учруулсны төлбөр төлүүлэх тухай” тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч Ам  миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Ж  нь 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ад ийн спорт заалны барилга дээр ажиллаж байгаад цахилгааны хүчдэлд цохиулж нас барсан нь үнэн юм. Тухайн үед энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж прокурорт шилжүүлсний дагуу холбогдох шийдвэр гарч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Талийгаачийн нас барах үед Ад  бид хоёрын зүгээс ар гэрийнхэнтэй нь уулзаж оршуулгын ажилд зарцуулахад зориулж 5.0 сая төгрөгийн тусламж үзүүлж байсан. Түүний дараа талийгаачийн ар гэрийнхний зүгээс өөрийн гэсэн орон байргүй тул орон байртай болгож өг гэж шаардсаны дагуу Ад ийн зүгээс байшин худалдаж авахад шаардагдах 20.0 сая төгрөгийг өгсөн ба миний зүгээс 5.0 сая төгрөг нийт 25.00 сая төгрөг өгсөн. Дээрх өгсөн мөнгөөр талийгаачийн ар гэрийнхэн нь Ө сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай шувуу нуруу дээвэртэй, модон хийцтэй 6 өрөө бүхий өвлийн байшинг газрын хамт худалдаж авсан. Тухайн байр нь удаан хугацаанд засвар хийгдээгүй, хашааны зарим хэсэг нь унасан байсан тул шаардагдах материалуудыг Ад  зах дээрээс худалдаж авч ирж, миний бие өөрийн бригадын 6 хүнийг ажиллуулж, иж бүрэн засвар хийж тохижуулж өгсөн. Мөн хашааны унасан хэсгийг блокоор өрж бүрэн засварлаж өгсөн. Одоо тухайн өвлийн байшинд талийгаачийн эхнэр, хүүхдүүд нь амьдарч байна. Үүний дараа Ад  нь 5.0 сая төгрөг нэмж өгсөн юм байна. Нэхэмжлэгч нар нь оршуулгын зардлаа төлүүлэн дээрээс нь өвлийн байшин худалдаж авч өгөөд дээрээс нь засвар хийж өгөөд мөн авсан зээлээ төлүүлж аваад, ямар нэгэн гомдолгүй гэж гарын баримт бичиж өгсөн мөртлөө одоо шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч бидний зүгээс нас барсан иргэний эхнэр хүүхдийг насан туршид амьдрах орон байртай болгож, учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгаж өгсөн тул одоо нэмж тэтгэмж төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

5.Иргэдийн төлөөлөгч “нэхэмжлэгч нарын нэхэмжлэл үндэслэлтэй” гэсэн дүгнэлт гаргажээ.

6.Нэхэмжлэгч нараас нэхэмжлэгч А  ы Монгол улсын Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н ийн Төрийн мэдээллийн сангаар гарах Иргэний үнэмлэхийн лавлагаа, Б аймгийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архиваас 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Н ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох” тухай Мөрдөгчийн тогтоол, 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон  3 хуудас хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Ад  болон Ам  нарын хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 04-07-035/145 дугаартай Ад т зөрчил арилгуулах тухай албан шаардлага, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Суат” ХХК төлөөлөн удирдах зөвлөлийн 02 дугаартай гүйцэтгэх захирлын сонгох тухай тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Т.Е, М.Ж, Ад , С.Б, Ам  нарыг гэрчээр асуусан мэдүүлэг, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Х , 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Ад  нарын гэрчийн мэдүүлэг, 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрч Ад ээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №23 дугаартай шинжээчийн дүгнэлт, Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын шинжээчийн №02 дугаартай дүгнэлт, шалгалт хийсэн тухай тэмдэглэл, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ам оос яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Мөрдөгчийн мэдэгдэл, 2021.10.22-ны өдөр яллагдагч Ам  болон түүний өмгөөлөгч Т.Б нараас прокурорт гаргасан хүсэлт, 2021.10.22-ны өдөр яллагдагч Ад ээс аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт,  2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Прокурорын газрын “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай №14 дугаар прокурорын тогтоол зэргийг хуулбарлаж олгосон, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Ө сумын 3 дугаар багын Засаг даргын тодорхойлолт, Ж  болон А   нарын №21 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, Ж ийн №0000266082 дугаартай нас барсны гэрчилгээ, нас барсны тухай эмнэлгийн гэрчилгээ, Ж ийн төрийн мэдээллийн сангаас гаргах иргэний үнэмлэхийн лавлагаа,  Ө , Г , Ая , АЯ нарын төрсний гэрчилгээ, Ар ы төрсний бүртгэлийн лавлагаа, ”М ” хоршооноос 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр №25 дугаартай барааг зэлээр худалдах, худалдан авах гэрээ, Ж ийн иргэний үнэмлэх, Е паспорт  зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ж , А   нарын ХААН банкны 5187199561 дугаартай малчны зээлийн дансны зээлийн дансны дэлгэрэнгүй тус банкнаас хуулбарлаж олгосон хуулга, нэхэмжлэгч Н ийн өмгөөлөгч С тай байгуулсан өмгөөллийн гэрээ, Н ийн тэтгэврийн зээлийн өргөдөл, ХААН банкны зээлийн мэдээллийн хүснэгт, түүний  ХААН банкин дахь 5180534494 дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тэтгэврийн зээлийн гэрээ, А  ы үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаарх төрийн мэдээллийн сангаас гаргах лавлагаа, А ы ХААН банкин дахь 5187198502 дугаартай дансны хуулга, Ө сумын 01 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Засаг дарга Т аас олгосон тодорхойлолт, Б гэх хүний гарын баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг 

7.Хариуцагч Ад ээс 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б д 1 /нэг/ жилийн хугацаагаар олгосон №0026 дугаартай итгэмжлэл, хариуцагч Ад ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ий хариу тайлбар, хүсэлт, хариуцагч Ам ын хариу тайлбар, 2021.06.10-ны өдөр Н ээс бичсэн гарын баримт, зарлагын баримт, нэхэмжлэгч А  ы худалдаж авсан гэх байшингийн 3  ширхэг фото зураг зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г-ийн 1/51 дугаар албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга М.А 54 дугаар албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга З ийн 1/1172 дугаар албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 228301000602 дугаартай Н ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22830100060 дугаартай А  ы оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/172 дугаартай А  ы эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, нэхэмжлэгч Н ийн өмгөөлөгч С хүсэлтээр Б аймгийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архиваас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хуулбарлаж ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн аймгийн Прокурорын газрын “Ам д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” 2113000980136 дугаартай прокурорын тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн аймгийн Прокурорын газрын “Ад т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” 2113000980136 дугаартай прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч А  , Н нарын нэхэмжлэлтэй хариуцагч Ад , Ам  нарт холбогдох гэм хорын хохиролд 1617475 төгрөг гаргуулж, бага насны хүүхдүүд болох Ө , Ар , Г , Ая , АЯ нарыг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч А  , Н нар болон өмгөөлөгчөөс нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нарын гэм буруутай ажиллагааны улмаас Ж  нь хүчдэлийн агаарын шугамын тогонд цохиулж нас барсан тул Ж ийн амьд байхад ХААН банкнаас авсан зээлийн үлдэгдэл 921532 төгрөг мөн лизингээр авсан керамик плиткийн үнийн үлдэгдэл 695943 төгрөг гэм хорын хохиролд нийт 1617475 төгрөг мөн талийгаачийн хүүхэд нь болох Ө , Ар , Г , Ая , АЯ нарыг 18 нас хүртэл хариуцагч нараар тэжээн тэтгүүлж өгнө үү. Талийгаач Ж  нь амьд сэрүүн байхдаа сард 900.000 төгрөг олдог байсан бөгөөд уг мөнгөнөөс тэжээгч алдсаны тэтгэмжийг хасаж зөрүүгээр нь тэжээн тэтгүүлэх. Хэрвээ шүүхээс орлого нь тогтоогдохгүй гэж үзвэл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгч алдсаны тэтгэмжийн мөнгийг хасаж зөрүү мөнгөөр нь хариуцагч нараас тэжээн тэтгүүлэхийг хүсье гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

3.Хариуцагч Ад ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , хариуцагч Ам  нараас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: Амь хохирогч Ж  нь Ад ийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа спорт заалны барилга дээр ажиллаж байгаад хүчдэлийн агаарын шугамын тогонд цохиулж нас барсан үйлдэлд бид гэм буруутай болно. Хохирогч Ж ийн ар гэрт нь оршуулгын зардал гэж хариуцагч Ад ээс 5,0 сая төгрөг, талийгаачийн авсан зээл, зээлээр авсан керамик плиткийн үнийн төлж өгөхийг шаардсаны дагуу 5,0 сая төгрөг, ар гэрийн өөрийн гэсэн орон байргүй тул худалдан авахад шаардагдах мөнгийг гаргаж өг гэсний дагуу 20,0 сая төгрөг, хариуцагч Ам оос 5 сая төгрөг нэмж өгөөд нийт нэхэмжлэгч нарт 35,0 сая төгрөг олгосон. Нэхэмжлэгч нар Ө сумын нутаг дэвсгэрт байршилтай шувуу нуруу дээвэртэй, модон материалаар баригдсан, 6 өрөө өвлийн байшинг, газрын хамт худалдаж авсан байх ба уг байшин нь засвар хийгдээгүй удсан, хашааны зарим хэсэг нь нурж унасан байсан учраас хариуцагч Ад ээс засварын материалыг авч өгч, хариуцагч Ам  нь өөрийн бригадын хүмүүсийн хамт ирж бүрэн засвар хийж тохижуулж, хашааг нь өрж янзалж өгсөн тул одоо тэтгэмж төлөх үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

 

Нэг: Амь хохирогч Ж ийн бага насны хүүхдүүд нь болох Ө , Ар , Г , Ая , АЯ нарыг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

4.Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл,  Б аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 14 дугаартай прокурорын тогтоолоор: “... яллагдагч Ам  нь Б аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ж.А-ийн хашаанд спорт цогцолборын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ Барилгын тухай хуульд заасан барилгын ажлыг зөвшөөрлийн дагуу гүйцэтгэх, барилгын ажлын талбайд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг дагаж мөрдөх, хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөх үүргээ биелүүлээгүй, яллагдагч Ад  нь ...Барилгын тухай хуульд заасан зохих зөвшөөрөл авах, барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгүүлэх, эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлагыг биелүүлэх үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас тухайн барилга дээр ажиллаж байсан Ж  нь 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6000 вт-ын өндөр хүчдэлийн агаарын шугамын тогонд цохиулж амь насыг нь болгоомжгүй хохироосон буюу Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Ам , Ад  нарт холбогдох 2113000980136 дугаартай эрүүгийн хэргийг өөрсдийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлсөн гэсэн үндэслэлээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. /хэргийн 51-52 дугаар тал/

 

5.Нэхэмжлэгч нараас хариуцагч Ад  нь  30,0 сая төгрөг, хариуцагч Ам нь 5,0 сая төгрөг нийт 35,0 сая төгрөг өгсний хувьд маргаагүй, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс нь амь хохирогч Ж  амьд сэрүүн байхдаа сард 900.000 төгрөг олдог байсан бөгөөд уг мөнгөнөөс тэжээгч алдсаны тэтгэмжийг хасаж зөрүүгээр нь тэжээн тэтгүүлэх. Хэрвээ шүүхээс орлого нь тогтоогдохгүй гэж үзвэл хуульд зааснаар талийгаачийн орлогыг тооцоолох боломжтой тул 2021 оны байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгч алдсаны тэтгэмжийн мөнгийг хасаж зөрүү мөнгөөр нь хариуцагч нараас тэжээн тэтгүүлэх ёстой гэжээ. Хариуцагч Ад , Ам  нар нь оршуулгын зардал, хохирогчийн амьд байх үед авсан зээлийн үлдэгдэл мөнгө, ар гэр нь орон байргүй байсан тул орон байр авах мөнгө төгрөгийг гаргаж өгөхийг хүссэнээр орон байр авах мөнгө төгрөгийг нь өгч гэм хорыг арилгасан тул нэмж тэтгэмж төлөх үндэслэлгүй, нас барагчийн сарын цалин хөлс орлогын хэмжээ тогтоогдоогүй гэж маргажээ.

 

6.Нэхэмжлэгч А   болон амь хохирогч Ж  нар хууль ёсны эхнэр нөхөр болох нь 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б аймгийн Толбо сумын ЗДТГазрын иргэний бүртгэлийн ажилтнаас иргэний гэр бүлийн  гэрлэлтийн бүртгэлд бүртгэж олгосон №21 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр, амь хохирогч Ж  нас барсанд хариуцагч Ад , Ам  нар гэм буруутай болох нь аймгийн Прокурорын газрын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор, түүнийг нас барах үед хүү  Ө  10 нас 6 сартай, хүү Ар  6 нас 5 сартай, охин Г  4 нас 11 сартай, охин Ая  4 нас 4 сартай, охин АЯ 01 нас 15 хоногтой, ээж нь А  ы асрамжид байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 7, 11-15, 51-52 дугаар тал/

 

7.Нэхэмжлэгч Н ийг амь хохирогч Ж ийн хууль ёсны төлөөгчөөр 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн тогтоолоор тогтоосон байгаа боловч Н  нь хүү Ж ийн гэрт бус тусдаа амьдардаг болох нь оршин суугаа газрын хаягийн бүртгэл мөн нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан ...  эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж зааснаар амь үрэгдсэн хохирогч Ж ийн эхнэр А   нь хариуцагч Ад , Ам  нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй ба харин нэхэмжлэгч Н  нь хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх бүхий этгээд биш байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

8.Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгахыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1.-д хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж, 508.2.-т “гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр \эхнэр\-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж зохицуулсан тул нэхэмжлэгч А   нь гэм буруутай этгээдээс гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байхаар хуульчилсан.

Гэтэл нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс талийгаач Ж  нь өдөрт 30000 төгрөг, сард 900.000 төгрөгийн орлого олдог байсан гэж тайлбарладаг боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нас барагчийн сарын цалин хөлс, орлогын хэмжээ тогтоогдоогүй бөгөөд тэдний шүүхэд нотлох баримтаар цуглуулж өгсөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Б , Т.Е ын нарын гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би Ад ийн Ө сумын 4 дүгээр багт шинээр баригдаж байгаа Спорт заалны барилгын ажилд 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн туслахаар ажиллаж байгаа ба ажилд ороод 3 хоног болж байна. Надтай цуг 5 хүн ажиллаж байгаа ба бид бүгдээрээ өдрийн цалинг 30,000 төгрөгөөр тохиролцож ажиллаж байна. Өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хамт ажилладаг Асхүү гэх 26 орчим насны эрэгтэй ажилд ирээгүй учраас хүн дутаад биднийг хариуцдаг Ам  гэх хүн Жанибек гэх залууг дагуулж бидний ажилд туслуулсан тэр хүн ирээд бидэнтэй адил туслах ажил хийсэн” гэх мэдүүлэг, Ам ын өгсөн ямар ч  хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, бид ажил олдох үеэр туслах ажилтнаар ажиллах уу, өдрийн цалин 30,000 гэхэд тэд завтай үедээ ирж ажилладаг, харин завгүй бол бид өөр хүмүүсийг олж ажиллуулдаг гэх мэдүүлгүүд нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөл болох амь хохирогч Ж ийн сарын цалин хөлс, орлогыг шууд нотлохгүй тул 900.000 төгрөгөөр тооцож төлбөр гаргуулах хэмжээг тодорхойлох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

10.Харин нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хуульд зааснаар талийгаачийн орлогыг тооцоолох боломжтой тул 2021 оны байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420000 төгрөг, үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасаад зөрүү 44000 төгрөг гэж тодорхойлж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч А   нь Халамжийн сангаас 376000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг авдаг болох нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан бичгээр нотлогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т “төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж заажээ

 

11.Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэж, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарах бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-д зааснаар нэхэмжлэгч А  аас нөхөр Ж ийн амь үрэгдсэнд гэм буруутай этгээд болох хариуцагч Ад , Ам  нарт холбогдуулан нас барснаас учирсан гэм хорыг арилгах төлбөрийн хэмжээг түүний сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоохоор хуульд заасан. Харин цалин хөлс, орлогогүй байсан, орлогыг тодорхойлох боломжгүй тохиолдолд гэм хорын төлбөрийн хэмжээг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох нь хууль зөрчихгүй бөгөөд шаардлага гаргах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох үндэслэлтэй байх тул 2021 оны 5 дугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420000 төгрөг байсан тул нас барагчийн орлогыг энэ хэмжээгээр тооцох үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3.-т зааснаар төлбөр гаргуулах хэмжээг 2021 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420000 төгрөгөөр, гэр бүлийн 7 гишүүнд хуваахад нэг хүнд оногдох хэмжээ нь 420000 : 7 = 60000 төгрөг, үүнээс нас барагчид өөрт нь болон хөдөлмөрийн чадвартай, төлбөр авах эрхгүй этгээд болох эхнэрт оногдох хэсгийг хасахад 420000 - /60000х2/ = 300,000 төгрөг, үүнийг дундаж цалин хөлс болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хасахад 420000 – 300,000 = 120000 төгрөг үлдэж байх ба насанд хүрээгүй 5 хүүхдэд оногдох тэтгэврийн хэмжээ 120000 төгрөг байна.

 

Нэхэмжлэгч А   нь насанд хүрээгүй Ө , Ар , Г , Ая , АЯ нарт Халамжийн сангаас 376000 төгрөгийн тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоогдсон тул олгогдох тэтгэврийн зөрүүг хасаж тооцох гэхэд нэхэмжлэгчийн авдаг тэжээгч алдсаны тэтгэвэрт хүрэхгүй байгаа тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс зөрүү мөнгөөр төлбөрийн хэмжээг тооцож хариуцагч нараар хүүхэд тус бүрд тэжээн тэтгүүлэхийг хүссэнийг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэгчийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 

Хоёр: Амь хохирогч Ж ийн амьд байхад ХААН банкнаас авсан зээлийн үлдэгдэл 921532 төгрөг мөн лизингээр авсан керамик плиткийн үнийн үлдэгдэл 695943 төгрөг гэм хорын хохиролд нийт 1617475 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

12.Хариуцагч Ад , Ам  нар нь нэхэмжлэгч А  ы нөхөр Ж ийн өндөр хүчдэлийн агаарын шугамын тогонд цохиулж амь насыг нь болгоомжгүй хохироосонд гэм буруутай болох нь аймгийн Прокурорын газрын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор тогтоосон, уг үйл баримтыг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар дахин нотлохгүй.

 

13.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь насанд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд түүнийг арилгахдаа хохирогчийн эрхийг өмнөх байдалд сэргээх, хэрэв боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх зарчмыг баримтална.

 

14.Хариуцагч Ад  нь нэхэмжлэгч А  д оршуулгын зардал гэж 5,0 сая төгрөг, хохирогчийн амьд байх үед авсан зээлийн үлдэгдэл мөнгө гэж 5,0 сая төгрөг, ар гэр нь орон байргүй байсан тул орон байр авах мөнгө төгрөгийг гаргаж өгөх гэсний дагуу 20,0 сая төгрөг, хариуцагч Ам оос 5,0 сая төгрөг, нийт 35,0 сая төгрөг өгч мөн нэхэмжлэгч А  ы худалдаж авсан гэх өвлийн байшинд хариуцагч Ад ээс засварын материалыг авч өгч, хариуцагч Ам  бүрэн засвар хийж тохижуулж, хашааг нь өрж янзалж өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд түүнд талууд маргаагүй.

 

15.Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан хэдий боловч нэхэмжлэгч А  аас амь хохирогч Ж ийн амьд байхад ХААН банкнаас авсан зээлийн үлдэгдэл 921532 төгрөг, мөн лизингээр авсан керамик плиткийн үнийн үлдэгдэл 695943 төгрөг, гэм хорын хохиролд нийт 1617475 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн бөгөөд энэхүү амь хохирогч Ж ийн бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой зээлийн гэрээний болон гэр бүлийн хэрэгцээнд авсан керамик плиткийн зээлийн үнээс үлдсэн дээрх төлбөр нь хариуцагч Ам , Ад  нарын амь хохирогч Ж ийн 6000 вт-ын өндөр хүчдэлийн агаарын шугамын тогонд цохиулж амь насыг нь болгоомжгүй хохироосон гэм буруутай үйлдэлд шууд хамааралгүй буюу шалтгаант холбоогүй учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

16.Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын хариуцагч Ад , Ам  нараас гэм хорын хохиролд 1.617.475 төгрөг гаргуулж, бага насны хүүхдүүд болох Ө , Ар , Г , Ая , АЯ нарыг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

17.Энэхүү нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл тул нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.4, 508.4.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А  , Н нарын хариуцагч Ад , Ам  нараас гэм хорын хохиролд 1.617.475 төгрөг гаргуулж, бага насны хүүхдүүд болох Ө , Ар , Г , Ая , АЯ нарыг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч А  , Н нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.МЕЙРАМБЕК

 

                                        ШҮҮГЧИД                                           Б.МАНГИЛИК

 

                                                                                                    А.ЖАРХЫНГҮЛ