Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2022/00038

 

М.А нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгчид Б.Мангилик, А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэй  шийдвэрлэсэн, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2022/00198 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** тоот оршин суух М.А,  *** тоот оршин суух К.Н нарын нэхэмжлэлтэй, хариуцагч ***** оршин суух Ж.А,  ***** оршин суух Н.А нарт холбогдох,    

“гэм хорын хохиролд 1617475 төгрөг гаргуулж, бага насны хүүхдүүд болох Ж.Ө, Ж.А, Ж.Г, Ж.А, Ж.А нарыг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэх”-ийг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, нэхэмжлэгч М.А, К.Н, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Н.А, хариуцагч Ж.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, орчуулагч А.Ахмерей нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1. Миний бие нөхөр (талийгаач) Н.Ж-тэй 2010 онд гэр бүл болсон ба бид хоёрын дундаас 2010 онд хүү Ө, 2014 онд хүү А, 2016 онд охин Г, 2018 онд охин А, 2021 онд охин А нар төрсөн. Нөхөр бид хоёр 2017 оны өвөл аймагт шилжиж ирснээс хойш нөхөр маань Н.А-ын хамт барилгын ажил дээр хамтарч ажилладаг байсан.

1.2. 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нөхөр Н.Ж  Ж.А-н бариулж байгаа барилга дээр туслах ажилтнаар ажиллаж байгаад тогонд цохиулсны улмаас нас барсан болохыг дуулгасан. Хууль хяналтын байгууллагаас энэхүү асуудлыг шалгаж, хариуцагч Ж.А болон Н.А нар барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас нөхөр Н.Ж-ийн амь нас хохирсон гэсэн дүгнэлтэд хүрсэн.

1.3. Миний бие нөхрөөс хагацсанаас болж 5 бага насны хүүхдийн хамт материаллаг болон сэтгэл санаагаар маш ихээр хохирсон. Тухайлбал, нөхөр нас барихад ард нь 5 бага насны хүүхдүүд болон ажилгүй орлогогүй би үлдсэн.

1.4. Мөрдөн байцаалтын шатанд Ж.А, Н.А нар гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогчийн ар гэрт бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхээ амласан, намайг ажилтай болгоно гэсэн.

1.5. 2021 оны 8 дугаар сард ... Ж.А, Н.Анар бидэнд хандаж хохирол төлж өгье, гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгөөрэй гэсэн. Тухайн үед нөхөр (талийгаач) Н.Ж нас барсантай холбоотой түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон сэтгэл санааны хохиролд 35 сая төгрөгийг Ж.А, Н.А-с нэхэмжилсэн, Ж.А-ээс уг хохирлыг төлж өгөхөөр болсон, мөн намайг ажилтай болгох, бусад бүх талын дэмжлэг үзүүлнэ гэсэн амлалт өгсөн. Тэгэхээр нь аав бид хоёр Ж.А-ийн өгсөн 35 сая төгрөгийг аваад, тэд нарт итгээд гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн. Дараа нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэмийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 14 дүгээр тогтоолыг гардаж авсан.

1.6. Хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш өнөөдрийг хүртэл Ж.А, Н.Анар дахиж холбоо бариагүй. Аав маань Ж.А-т хэд хэдэн удаа хандаж намайг бага насны 5 хүүхэдтэй хүн гэдгийг учирлан хэлж, ажилтай болгож өгөх талаар хэлсэн боловч хариу өгөөгүй байна.

1.7. Миний бие ажилгүй орлогогүй тул бага насны 5 хүүхдийн асран хамгаалахад хүндрэлтэй байна. Тийм учраас бага насны хүүхдүүдэд 18 нас хүртэл нь гэм буруутай этгээдээр тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна.

1.8. Нөхөр маань амьд сэрүүн байхдаа бид хоёр ХААН банкнаас 3 сая төгрөгийн зээл авсан байсан. Нөхөр маань олсон орлогоороо үүнийг хариуцаж төлдөг байсан. Гэтэл нөхөр нас барсны дараа уг зээл төлөгдөөгүй, одоогийн байдлаар 921532 төгрөгийн үлдэгдэлтэй, миний бие орлогогүй тул үүнийг төлж чадахгүй байна. Банкнаас уг зээлийн үлдэгдлийг төлөхийг надаас байнга шаарддаг, надад дарамт болж маш хэцүү байна. Нөхөр маань хариуцагч нарын буруутай үйлдлээс болж нас барсан тул уг 921532 төгрөгийн хариуцан төлөх ёстой гэж үзэж байна.

1.9. Түүнчлэн нөхөр бид хоёр 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэртээ 900000 төгрөгийн үнэтэй керамик плиткийг лизингээр худалдаж авсан ба 2021 оны 6 дугаар сарын байдлаар 695943 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Нөхөр маань нас барсны дараа уг төлбөрийг бас төлөх боломжгүй болсон. Нөхөр маань хариуцагч нарын буруутай үйлдлээс болж нас барсан тул уг 695943 төгрөгийг хариуцан төлөх ёстой гэж үзэж байна.

1.10. Иймд хариуцагч Ж.А, Н.А нараас гэм хорын хохиролд 1617475 (921532+695943) төгрөгийг гаргуулж, бага насны хүүхдүүд болох Ж.Ө, Ж.А, Ж.Г, Ж.А, Ж.А нарыг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлж өгнө үү.

 

2. Хариуцагч Н.А-н тайлбар, татгалзал:  

2.1. Н.Ж нь 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ж.А-ийн спорт заалны барилга дээр ажиллаж байгаад цахилгааны хүчдэлд цохиулж нас барсан нь үнэн. Тухайн үед энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж прокурорт шилжүүлсний дагуу холбогдох шийдвэр гарч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан.

2.2. Талийгаачийг нас барах үед Ж.А бид хоёрын зүгээс ар гэрийнхэнтэй нь уулзаж оршуулгын ажилд зарцуулахад зориулж 5,0 сая төгрөгийн тусламж үзүүлж байсан. Түүний дараа талийгаачийн ар гэрийнхний зүгээс өөрийн гэсэн орон байргүй тул орон байртай болгож өг гэж шаардсаны дагуу Ж.А-ийн зүгээс байшин худалдаж авахад шаардагдах 20,0 сая төгрөгийг өгсөн ба миний зүгээс 5,0 сая төгрөг нийт 25,0 сая төгрөг өгсөн.

2.3. Дээрх өгсөн мөнгөөр талийгаачийн ар гэрийнхэн нь Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай шувуун нуруун дээвэртэй, модон хийцтэй, 6 өрөө бүхий өвлийн байшинг газрын хамт худалдаж авсан. Тухайн байр нь удаан хугацаанд засвар хийгдээгүй, хашааны зарим хэсэг нь унасан байсан тул шаардагдах материалуудыг Ж.А зах дээрээс худалдан авч ирж, миний бие өөрийн бригадын 6 хүнийг ажиллуулж, иж бүрэн засвар хийж тохижуулж өгсөн. Мөн хашааны унасан хэсгийг блокоор өрж бүрэн засварлаж өгсөн. Одоо тухайн өвлийн байшинд талийгаачийн эхнэр, хүүхдүүд нь амьдарч байна.

2.4. Үүний дараа Ж.А мөн 5,0 сая төгрөг нэмж өгсөн. Нэхэмжлэгч нар нь оршуулгын зардал, авсан зээлээ төлүүлсэн бөгөөд өвлийн байшин худалдаж авч өгөөд, засвар хийж өгсний дараа  ямар нэгэн гомдолгүй гэж баримт бичиж өгсөн атлаа одоо шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

2.5. Хариуцагч бидний зүгээс нас барсан иргэний эхнэр хүүхдийг насан туршид амьдрах орон байртай болгож, учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгаж өгсөн тул одоо нэмж тэтгэмж төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

 

3. Хариуцагч Ж.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал:

3.1. Н.Ж-нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ж.А-ийн спорт заалны барилга дээр ажиллаж байгаад цахилгаанд цохиулж нас барсан нь үнэн.

3.2. Тухайн үед энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж прокурорт шилжүүлсний дагуу холбогдох шийдвэр гарч хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.

3.3. Ж А-н зүгээс талийгаачийг анх нас барахад ар гэрийнхэнтэй нь уулзаж оршуулгын ажилд нь зарцуулахад зориулан 5,0 сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Дараа нь талийгаачийн ар гэр өөрийн гэсэн орон байргүй учир орон байртай болгож өг гэсэн шаардлага тавьсны дагуу орон байр худалдан авахад шаардагдах мөнгийг мөн гаргаж өгсөн. Тухайн үед талийгаачийн ар гэрийнхэн худалдаж авах байшинг бид өөрсдөө олно, зөвхөн мөнгийг шийдэж өг гэсний дагуу 25,0 сая төгрөг бэлэн егсөн. Дээрх мөнгөөр талийгаачийн ар гэрийнхэн Өлгий сумын нутаг дэвсгэрт байршилтай “Наран шарлага”-ын орчмоос шувуун нуруу дээвэртэй, модон материалаар баригдсан, 6 өрөө өвлийн байшинг газрын хамт худалдаж авсан.Тухайн байр нь засвар хийгдээгүй удсан, хашааны зарим хэсэг нь нурж унасан байсан учир шаардлагатай засварын материалыг Ж.А зах дээрээс авч өгч хамтран хариуцагчаар татагдаж байгаа Н.А өөрийн засварын бригадын хүмүүсийн хамт иж бүрэн засвар хийж тохижуулж, хашааг нь өрж янзалж өгсөн.Одоо тухайн өвлийн байшинд талийгаачийн эхнэр, хүүхдүүд нь амьдарч байна.

3.4. Үүний дараа талийгаачийн авсан зээл, зээлээр авсан керамик плитканы үнийг тэлж өгөхийг шаардсаны дагуу 5,0 сая төгрөгийг нэмж өгч Ж.А нь нийтдээ 35,0 сая төгрөгийг төлсөн. Талийгаачийн ар гэрийнхэн ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдгээ илэрхийлж баримт бичиж өгч байсан нь эрүүгийн хэрэгт авагдсан.

3.5. Нэхэмжлэгч нарын зүгээс оршуулгын зардлаа төлүүлж авч насан туршид амьдрах өвлийн байшин, газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөтэй болж гомдолгүй гэж гар баримт бичиж өгсөн атлаа шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

3.6. Хэдийгээр Иргэний хуулийн 508 дугаар зүйлд нас барагчийн насанд хүрээгүй хүүхэд, асрамжид байгаа хөдөлмөрийн чадваргүй хүнийг тэжээн тэтгүүлэхтэй холбоотой зохицуулалт байгаа боловч Ж.А-ийн зүгээс талийгаачийн эхнэр, хүүхдийг насан туршид амьдрах орон байр, газартай болгож үүнд шаардагдах хөрөнгийг гаргаж гэм хорын хохирлыг арилгасан учир нэмж тэтгэмж төлөх үндэслэлгүй.

3.7. Иргэний хуульд орон байр, газартай болгох үүрэг хүлээлгэсэн зохицуулалт байхгүй учир нэхэмжлэгч нарын зүгээс заавал тэтгэмж гаргуулах гэж үзвэл өвлийн байшин, газар худалдаж авахад зарцуулсан 25,0 сая төгрөгийг Ж.А-ийн зүгээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр буцааж нэхэмжлэх үндэслэл байгааг дурдах нь зүйтэй.

3.8. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2022/00198 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.4, 508.4.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.А, К.Н нарын хариуцагч Ж.А, Н.А нараас гэм хорын хохиролд 1.617.475 төгрөг гаргуулж, бага насны хүүхдүүд болох Ж.Ө, Ж.А, Ж.Г, Ж.А, Ж.А нарыг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч М.А, К.Н нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна

5.2. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч Т.Е, М.Ж, Ж.А, С.Б Н.А, А.Х, Ж.А нарын мэдүүлэг, шинжээчийн 2021.05.15-ны өдрийн 23 дугаар дүгнэлт, шинжээчийн 2021,08.10-ны өдрийн 02 дугаар дүгнэлт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэмийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 14 дугаар тогтоол зэрэг нотлох баримтаар Ж.А, Н.Анар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** багийн нутаг дэвсгэрт байрлах Ж.А-ийн хашаанд спорт цогцолборын барилгын ажлыг шинээр эхлүүлж, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ Барилгын тухай хуульд заасан зохих зөвшөөрөл авах, барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгүүлэх, эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлагыг биелүүлэх үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас тухайн барилга дээр ажиллаж байсан хохирогч Н.Жнь 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6000вт-ын өндөр хүчдэлийн агаарын шугамын тогонд цохиулж нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон бөгөөд үүнд хариуцагч нар маргаагүй.

5.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь насанд хууль бусаар, болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

5.4. Мөн гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3  дахь хэсэгт зааснаар тогтоохоор буюу гэмт хэргийн хохирогч нас барсан бол учирсан хохирлыг Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлүүдэд заасан арга, хэлбэрээр арилгахаар хуульчилсан. Гэтэл шүүхээс Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

5.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

6. Хариуцагч Н.А-н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Нэхэмжлэгч талын зүгээс амь хохирогчийн аминд намайг хүрсэн талаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн өдөр санамсаргүйгээр үйлдвэрийн осол гарч амь насаа алдсан.

6.2. Бид хүн чанартайн хувьд өнөөдөр нэхэмжлэгч нартай уулзаж, уучлалт хүсэж, бэлэн мөнгө өгч, мөн байшин худалдан авч, тэр байшингийн засварын ажлыг гүйцэтгэж өгсөн.

6.3. Одоо дахиж нэмэлтээр мөнгө өгөх боломжгүй. Тиймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Хариуцагч Ж.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Анхан шатны шүүх хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэн зөв шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон тэжээгчээ алдсаны тэтгэмж зэргийг зохицуулсан. Лизингийн зээл болох 1,617,475 төгрөгийн асуудал бол энэ хэрэг гарахаас өмнө авагдсан зээлийн асуудал. Хариуцагч нарын буруутай үйлдэл болон учирсан хохирлууд хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой. Тийм учраас уг нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй.

7.2. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-д “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” тухай зохицуулсан. Тэгэхдээ талийгаачийн авч байсан цалин болон одоо авч буй тэтгэврийн хооронд үүссэн зөрүүг гаргуулах тухай зохицуулсан. Дээр өдөрт 30,000 төгрөг, сард 3,0 сая төгрөг авдаг тухай тайлбарлаж байна. Гэхдээ үүнийг нотолсон нотлох баримт хэрэгт байдаггүй. Хэрвээ авч байсан бол тэр тухай баримт, эсхүл татвар төлж байсан бол тэр талаарх баримт, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг нотлох баримтууд байх ёстой. Өдрийн 30,000 төгрөгийг 30 хоногоор үржүүлэхэд 900,000 төгрөг болж байгаа. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч 3,0 сая гэж ямар үндэслэлээр тайлбарлаж байгааг ойлгохгүй байна.

7.3. Хэрвээ тухайн хүний орлого байхгүй байвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зохицуулдаг. Одоогийн хүчин төгөлдөр зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байна. Тухайн ам бүлийн 6 хүнд хуваахаар нэг хүнд 70,000 төгрөг ноогдож байна. Үүнийг насанд хүрээгүй 5 хүнээр үржүүлэхэд 350,000 төгрөг гарч байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмж 376,000 төгрөг гарч байгаа ба хоорондын зөрүү бараг байхгүй байна. Нэгэнт нотлох баримт байхгүй тул шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна.

7.4. Н.А-н хувьд Ж.А-тэй гэрээ байгуулсан ба талийгаач тус барилгын ажилд эхнээсээ ажиллаагүй. Энэ тухай гэрч нарын мэдүүлэгт тодорхой байдаг. Тухайн үед ажиллаж байсан нэг хүн ажилдаа ирээгүй учраас түүний оронд талийгаачийг дагуулж ирсэн бөгөөд ирсэн өдөр нь осолд ороод нас барсан. Гэхдээ тухайн өдөр Ж.А-ээс зөвшөөрөл аваагүй, мөн тэр өдөр ажиллаагүй талаар нотлох баримтууд байна. Харин хариуцагч нар хүн чанартайн хувьд талийгаачийн ар гэртэй уулзаж оршуулгын зардал 5,0 сая төгрөгийг бэлэн өгсөн, мөн 30,0 сая төгрөгөөр байшин авч өгсөн. Нэхэмжлэгч К.Н тайлбарлахдаа амьдрах орон байргүй хэмээн тайлбарлаж байгаа ч энэ үндэслэлгүй худлаа. Хариуцагч Ж.А-ийн хувьд сайн дураараа байшин худалдан авч өгч, тухайн байшинд нь засварыг нь хийж өгсөн зэрэг нөхцөл байдлууд бас бий. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзэхэд анхан шатны шүүх зөв, үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бөгөөд тус шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

8. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд:  

8.1. Би нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна.

 

ХЯНАВАЛ:

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзлээ. Нэхэмжлэгч М.А, К.Н нар нь хариуцагч Ж.А, Н.А нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1617475 төгрөг гаргуулж, бага насны хүүхдүүд болох Ж.Ө, Ж.А, Ж.Г, Ж.А, Ж.А нарыг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

11. Нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгахыг шаардсан, гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба мөн зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө.  

           

12. Бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд түүнийг арилгахдаа хохирогчийн эрхийг өмнөх байдалд сэргээх, хэрэв боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх зарчмыг баримталдаг. Хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх тохиолдолд учруулсан гэм хорын улмаас гаргасан хохирлын  хэмжээ тогтоогдсон байхыг шаардана.   Гэм хор учруулснаас учирсан  хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулсан тохиолдолд зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэж, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарна. 

 

13. Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Ж.А, Н.А нарт холбогдуулж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2-т зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. Хариуцагч Ж.А, Н.А нар нь Н.Ж нас барсанд  буруутай болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 14 дугаартай прокурорын тогтоолоор нотлогджээ. /хавтаст хэргийн 51-52 дахь тал/

 

14. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.  Тухайлбал, нэхэмжлэгчийн талийгаач Н.Ж нь сард 900000 төгрөгийн орлоготой байсан талаарх болон ХААН банкнаас авсан зээлийн үлдэгдэл 921532 төгрөг мөн лизингээр авсан керамик плиткийн үнийн үлдэгдэл 695943 төгрөгийн нотлох баримтуудыг гэм хорын хохирлын талаар шүүх нотлох баримтын хэмжээнд дүгнэжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

15. Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах төлбөрийн хэмжээг түүний сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоохоор хуульд заасан, харин цалин хөлс, орлогогүй байсан, орлогыг тодорхойлох боломжгүй нь гэм хорыг төлөхгүй байх, төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.   Нас барагчийн цалин хөлс, орлогыг тодорхойлох боломжгүй бол тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоох бөгөөд  шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

16. Анхан шатны шүүх  хариуцагч Ж.А, Н.А нарт холбогдуулан Н.Ж-ийн нас барснаас учирсан гэм хорыг арилгах төлбөрийн хэмжээг шаардлага гаргах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох үндэслэлтэй бөгөөд 2021 оны 5 дугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420000 төгрөг байсан тул нас барагчийн орлогыг энэ хэмжээгээр тооцно. Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар төлбөр гаргуулах хэмжээг 2021 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420000 төгрөгөөр, гэр бүлийн 7 гишүүнд хуваахад нэг хүнд оногдох хэмжээг тогтоож, түүнээс нас барагчийн өөрт нь болон хөдөлмөрийн чадвартай эхнэрт оногдох хэсгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хасахад 5 хүүхдэд оногдох тэтгэврийн хэмжээ 300.000 /420.000-120.000/ төгрөг байна. Нэхэмжлэгч М.А нь насанд хүрээгүй Ж.Ө, Ж.А, Ж.Г, Ж.А, Ж.А нарт Халамжийн сангаас 376000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдсон тул олгогдох тэтгэврийн зөрүүг хасаж тооцох гэхэд нэхэмжлэгчийн авдаг тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ 300.000 -аас их байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс зөрүү мөнгөөр төлбөрийн хэмжээг тооцож хариуцагч нараар хүүхэд тус бүрд тэжээн тэтгүүлэхийг хүссэнийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 505.2, 508.3 дахь хэсгийг хэргийн үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

17. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан “...Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэх утгатай гомдолд дурдсан үндэслэлүүд тогтоогдоогүй, тодруулбал, талийгаач Н.Ж-ийн сарын дундаж цалин хөлсний орлого нь 900.000 төгрөг байсан нь нотлогдоогүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

18. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “нэхэмжлэл үндэслэлтэй” гэж дүгнэсний хууль зүйн болон бодит үндэслэл тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4 дэх заалтад “хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах;”, мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д ”Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ бичгээр гаргана...” гэж заажээ. Иргэдийн төлөөлөгч нь “нэхэмжлэл үндэслэлтэй” гэснээс үзвэл, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудад тулгуурлаагүй байна.

 

19.  Иймд давж заалдах шатны шүүх  хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2022/00198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                                       М.НЯМБАЯР

                                    ШҮҮГЧ                                                           Д.КӨБЕШ