Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2022/00443

 

 

 

 

 

 

 

 

2022        02            17                                         182/ШШ2022/00443

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.М-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: С ХХК-ийн 2021.09.03-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Т,

Шинжээч Г.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э-н ирүүлсэн хүсэлтийн дагуу өмгөөлөгч Б.Б-г оролцуулан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01211 дугаар шүүгчийн захирамжаар “Эрд хул” ХХК, Д.Мнараас 1.453.654.360 төгрөгийг гаргуулж КБХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу НШШГГ-с шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч, барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.М-ын Эрхийн улсын бүртгэлийн        Ү-2203016664 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө емчлөх эрхийн 000356884 тоот гэрчилгээтэй, СБД, 8 дугаар хороондбайрлах, 73,2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилж хураан үнэлгээ хийсэн байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгч Д.Мнь 2021 оны 08 дугаар сард үнийн санал авахад 350.000.000 төгрөгийн үнийн санал өгсөн байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас “СЭ” ХХК-ийг шинжээчээр томилон 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Улаанбаатар хотын СБД, 8 дугаар хороондбайрлах, 73,2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 153.954.827 төгрөгөөр үнэлсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4-121/16438 дугаар мэдэгдэлийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч мэдсэн.

Гэтэл НШШГГ-с “СЭ” ХХК-ийг шинжээчээр томилж дээрх хотын төвийн А зэрэглэлийн 73,2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Өөрөөр хэлбэл, ижил төрлийн орон сууцтай харьцуулаагүй, үнэлүүлэх гэж байгаа орон сууц гал тогоо тусдаа 3-н өрөө байх байхад 2 өрөө орон сууцуудтай харьцуулсан, үнэлүүлэх гэж байгаа орон сууц 2014 онд ашиглалтад орсон байхад харьцуулсан орон сууц нь 2009 оны орон сууц байна. Мөн ковид-19 өвчний нөхцөл байдалтай холбоотой улсын хилээр бараа бүтээгдэхүүн орж ирэхгүй, барилгын материал болон орон сууцны үнэ ханшид илтэд өөрчлөлт орсон байгаа зэргийг анхаарч үзээгүй. Иймд СЭ ХХК-ийн 2021.09.03-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1211 дүгээр шийдвэрээр Д.М, Эрд хул ХХК нараас 1.457.437.671 төгрөгийг гаргуулж КБ-д олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Эрд хул” ХХК, Д.Мнарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.М-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 24 дүгээр байрны 80 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016664 дугаарт бүртгэгдсэн 73,2 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 20300448/121-1 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 20300448/121-3 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж төлбөр төлөгч Эрд хул ХХК, Д.Мнараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн саналыг авахад 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр албан бичгээр авахад 450.000.000 /дөрвөн зуун тавин сая төгрөг/, 350.000.000 /гурван зуун тавин сая/ төгрөгөөр тус тус үнэлсэн.

Уг үнэлгээг төлбөр авагч “Капитрон банк” ХХК хүлээн зөвшөөрөөгүй эд хөрөнгийн үнэлгээг шинжээч томилон тогтоолгох тухай 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1527 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн тул талуудад шинжээч томилон үнэлгээ тогтоолгох болсныг утсаар мэдэгдэж 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “СЭ” ХХКомпаниар тогтоолгоход 153.954.827 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр авагч КБ-д 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 4-121/16438 тоот албан бичгээр, төлбөр төлөгч “Эрд хул” ХХКомпаний захирал Б.Соёлмаа, Д.Мнарт 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4-121/16438, 4-121/16439 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д зааснаар тус тус биечлэн мэдэгдэж эрх үүргийг танилцуулж гарын үсэг зуруулан тэмдэглэл хөтөлсөн. Түүнчлэн шүүх хуралдааны явцад шинжээч буюу үнэлгээчин нэхэмжлэгч талын тодруулсан асуултад хангалттай тодорхой хариуллаа. Тийм учраас эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, үнэлгээний тайлан хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1211 дүгээр шийдвэрээр Д.М, Эрд хул ХХК нараас 1.457.437.671 төгрөгийг гаргуулж КБ-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Бидний гаргасан хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэгч Б.Мэд хөрөнгийн үнэлгээний талаарх саналаа 350,000,000 төгрөг гэж өгснийг бидний зүгээс зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Ингээд СЭ ХХК-ийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн өмчлөлийн, маргааны зүйл болсон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 24 дүгээр байрны 80 тоотод байрлах, 73,2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ ханшийг 153.954.827 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү эд хөрөнгийн үнэлгээ бодитой байна, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлэгдсэн нөхцөл байдал харагдахгүй байна. Шүүх хуралдаанд шинжээч нэхэмжлэгчийн тодруулсан асуултад хангалттай үндэслэлтэй хариуллаа. Эд хөрөнгийг хооронд нь харьцуулсан байна, итгэлцүүр хэрэглэсэн байна, энэ үндэслэлээ тухайлан тайлбарлаж байна. Хэрэв нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас хэт бага байна гэж үзсэн бол өөрөө энэ талаар нотлох байсан, нотолсон баримтаа шүүхэд өгөх байсан, түүнчлэн өөрөө байраа худалдан борлуулах талаар эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан, манай байгууллага үүнийг татгалзахгүй байсан. Харин нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэхгүй, хугацаа авах зорилготой байгаа нь харагдаж байна. Иймд эд хөрөнгийн үнэлгээ бодит байдалд нийцсэн, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  

4.Нэхэмжлэгч талаас Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.02-ны өдрийн 1211 дугаар хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай шүүгчийн захирамж, 2020.01.15-ны өдрийн 700 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2020.04.21-ний өдрийн 286 дугаар гүйцэтгэх хуудас, 2020.04.23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2020.04.29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021.08.17-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021.08.30-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, 2021.09.03-ны өдрийн СЭ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021.09.06-ны өдрийн үнэлгээний мэдэгдэл, 2021.09.14-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

 

5.Хариуцагч талаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн материалын холбогдох хэсэг буюу 2020.04.21-ний өдрийн 4033 дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай шүүгчийн захирамж, талуудад эрх, үүрэг танилцуулсан тухай 2020.04.29-ний өдрийн баримт, эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020.10.12-ны өдрийн тогтоол, өмчлөх эрхийн гэрчилгээ, үнийн санал өгсөн тухай баримтууд, шинжээчид хууль танилцуулсан тухай 2020.08.30-ны өдрийн тэмдэглэл, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулах боломжгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн тухай баримт болон бусад баримтууд, нэхэмжлэгч талын гарган өгсөн баримтуудыг нэгэн адил өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Мнь хариуцагч НШШГГ-т холбогдуулж СЭ ХХК-ийн 2021.09.03-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

             Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг шинжээч нь эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур үнэлж, эд хөрөнгийг үнэгүйдүүлж байх ба, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц нь хотын төвийн А зэрэглэлд байрлах, 2014 онд ашиглалтад орсон, гал тогоо тусдаа 3 өрөө орон сууц байхад ижил төрлийн орон сууцтай харьцуулаагүй, харьцуулсан орон сууцууд нь 2009 онд ашиглалтад орсон, 2 өрөө орон сууц байгааг хүлээн зөвшөөрөхгүй, мөн ковид-19 өвчний нөхцөл байдалтай холбоотой улсын хилээр бараа бүтээгдэхүүн орж ирэхгүй, барилгын материал болон орон сууцны үнэ ханшид илтэд өөрчлөлт орсон байдлыг анхаарч үзээгүй, эд хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй байна гэж тайлбарлав.

 

             Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс хуульд заасны дагуу үнийн санал авсан, талууд үнийн санал дээр тохиролцоогүй учир эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон, СЭ ХХК-ийн үнэлгээг нэхэмжлэгчийн хэлээд байгаа үндэслэлүүдээр хүчингүй болгох боломжгүй, нэхэмжлэгчийн тавьсан асуултад шинжээч үндэслэл бүхий хариулт өгсөн, хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд нийцсэн байна гэж мэтгэлцсэн.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагчийн тайлбарыг дэмжиж, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл бүрэн биелүүлээгүй, хугацаа авах зорилготой, эд хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэдгээ нэхэмжлэгч нотлоогүй, энэ талаарх баримтгүй, өөрсдөө эд хөрөнгөө бие даан худалдан борлуулах эрхтэй байсан, энэ эрхээ хэрэгжүүлээгүй, эд хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн байна гэж тайлбарлав.

 

             Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            1.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.02-ны өдрийн 1211 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч ЭХХК, Д.Мнар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,453,654,360 төгрөгийг 2019.07.05-ны өдрөөс эхлэн 2019.12.27-ны өдрийг хүртэл тодорхой графикийн дагуу нэхэмжлэгч КБХХК-нд төлж дуусгах, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах, 73,2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон бусад үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

             Энэхүү шүүгчийн захирамжид нэхэмжлэгч Д.М-ын эцгийн нэрийг буруу бичсэнтэй холбоотойгоор тус шүүхийн 2020.04.21-ний өдрийн 4033 дугаар шүүгчийн захирамжаар “удиртгал”, “тодорхойлох” хэсэгт “Доржсүрэнгийн” гэснийг “Доржсүрэнхорлоо”-гийн гэсэн өөрчлөлт  ийг оруулсан байна.

 

             Ийнхүү дурдсан шүүгчийн захирамжуудыг үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.15-ны өдрийн 700 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, 2020.04.21-ний өдрийн 286 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байх бөгөөд НШШГГнь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар барьцааны зүйл болсон, нэхэмжлэгч Д.М-ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016664 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах, 73,2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2020.04.29-ний өдөр битүүмжилж, 2021.08.17‑ны өдөр хураан, энэ талаар тэмдэглэл үйлдэн зохих ажиллагааг явуулжээ.

 

            2.Улмаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас эд хөрөнгийн талаарх үнийн санал авсан байх бөгөөд нэхэмжлэгч Д.Мнь 2021.08.20-ны өдөр эд хөрөнгийг 450,000,000 төгрөг, төлбөр төлөгч ЭХХК нь 350,000,000 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр авагч КБХХК зөвшөөрөхгүй, шинжээч томилуулах хүсэлтийг 2021.08.23‑ны өдөр гаргасан байна.       

 

             Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй байх тул хариуцагч НШШГГнь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-д зааснаар маргааны зүйл, барьцааны хөрөнгө болох нэхэмжлэгч Д.М-ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016664 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах, 73,2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор 2021.08.30-ны өдрийн 8/185 дугаартай тогтоолоор СЭ ХХК‑ийг шинжээчээр томилж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14, 16 дүгээр зүйлд зааснаар шинжээч Г.Отгонбаярт тогтоол болон шинжээчийн эрх, үүргийг танилцуулж, татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг хуульд заасан журмын дагуу тодруулж, холбогдох ажиллагааг явуулсан.

 

            СЭ ХХК-ийн 2021.09.03-ны өдрийн үнэлгээний тайлангаар маргааны зүйл болсон дээр дурдсан орон сууцыг 153,954,827 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд НШШГГнь хөрөнгийн үнэлгээний тайланг 2021.09.06-ны өдөр СЭ ХХК-иас хүлээн авч, уг үнэлгээний талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2021.09.06-ны өдрийн 4-121/16438, 4-121/16437, 4-121/16439 дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч Д.Мр, ЭХХК болон төлбөр авагч КБХХК‑нд тус тус мэдэгджээ.   

 

Дээрх үйл баримтуудын дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан, энэхүү ажиллагаануудын талаар нэхэмжлэгч тал маргаагүй, харин эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдсон болно.

 

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тус гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, шийдвэрийн агуулгад хамаарахгүй тул шүүх гаргасан нэхэмжлэлийн хүрээнд буюу маргааны зүйл болсон эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

   Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон СЭ ХХК‑ийн үнэлгээчин Г.Отгонбаяр нь нэхэмжлэгч талын тавьсан асуултын дагуу үнэлгээний тайланг тодруулан тайлбарласан бөгөөд, тэрээр Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1, 9.2.3, 9.3-т заасны дагуу үнэлгээний объекттой биечлэн танилцаж, уг объектын шинж байдал, онцлогт нийцүүлж, бусад цуглуулсан мэдээлэл, дүн шинжилгээ, олон улсын стандарт, Монгол улсад батлагдсан дүрэм, журмыг үндэслэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар өртгийн болон зах зээлийн хандлагын аргуудыг харьцуулан, эцсийн байдлаар зах зээлийн хандлагын үнэлгээг сонгож, тайланд тусгавал зохих зүйлсийг тусгасан байна.

 

Шинжээч Г.Отгонбаяр нь энэхүү тайлангийн 11 дүгээр хуудасны “инфляцийн цаашдын төлөв” гэсэн хэсэгт дотоодод тархсан Ковид-19 цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн ч Засгийн газар сайжруулсан түлшний үнийг 75% бууруулснаар инфляцын төсөөлөл энэ оны эцэст өмнөх төсөөллийн орчимд байх төлөвтэй болохыг, 12 дугаар хуудасны “эдийн засгийн цаашдын төлөв” гэсэн хэсэгт Ковид-19 цар тахлын сөрөг нөлөө хүлээлтээс өндөр байснаас гадна төсвийн хөрөнгө оруулалтын зардал дутуу гүйцэтгэлтэй гарч, барилга, боловсруулах, худалдаа, тээврийн салбарын өсөлт төсөөллөөс бага гарсан, энэ оны 11 дүгээр сард Ковид-19 халдвар дотооддоо тархаж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор эдийн засгийн өсөлт энэ онд өмнөх төсөөллөөс огцом буурахаар байгааг дурджээ.

 

Түүнчлэн шинжээч Г.О нь үнэлгээний тайлангийн 21, 22 дугаар хуудсанд байгаа хүснэгт 10-ын “нийтэд арилжаалагдах жиших зүйлсийн аргын тооцоолол”-ыг нэхэмжлэгч талын асуултад хариулах хэлбэрээр тодруулсан бөгөөд тэрээр “...үнэлж байгаа объектын хувьд 2014 онд ашиглалтад орсон, ижил хийцтэй, ижил өрөөтэй харьцуулах өөр байр олдоц муутай байсан учир тухайн дүүрэгт байрлах ойролцоо төрлийн хоёр өрөө, 2009 онд ашиглалтад орсон орон сууцуудтай харьцуулсан, ингэхдээ Үнийн олон улсын стандартад нийцүүлэн үнэлж байгаа объект, харьцуулж байгаа объектын ялгаатай талуудыг гаргаж, түүнд тохирох итгэлцүүрийг 1%-иар өсгөж өгснийг 23-29 дүгээр баганаас харах боломжтой, хэдийгээр үнэлж байгаа объект 73,2 м.кв 3 өрөө боловч харьцуулж байгаа 2 өрөө орон сууцууд нь 84, 83 м.кв гээд м.кв-ын хувьд том байгаа, харьцуулж байгаа объектын хувьд утсаар мэдээлэл авсан, очиж үзээгүй, өөрөөр хэлбэл ялгаатай байдал байгааг тодруулаад, итгэлцүүрээр өсгөж, нэгж талбайн үнийг 2,103,208 төгрөгөөр тооцон, 73,2 м.кв үржүүлж зах зээлийн ханшийг 153,954,827 төгрөг гэж тогтоосон, ингэхдээ ковидын нөхцөл байдал, Монгол улсад үүсээд байгаа инфляцын нөхцөл байдлыг харгалзан үзсэн...” болохыг тайлбарласан.

 

Өөрөөр хэлбэл, шинжээч Г.О нь эд хөрөнгийн үнэлгээг хийх тухайн цаг үед ковидын нөхцөл байдалтай холбоотой улс орны эдийн засаг, инфляцын нөхцөл байдлыг харгалзан үзсэн байх ба, дээрх тайлбарынхаа үндэслэлийг тайлангийн 20-22 дугаар хуудсанд тодорхой тусгасан байх тул нэхэмжлэгч талын дээр дурдсан үндэслэл, тайлбар няцаагдаж байна гэж үзлээ.

 

Тодруулбал, СЭ ХХК-ийн шинжээч Г.О тайлангаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9  дүгээр зүйлд заасан журмыг баримтлан гаргасан болох нь түүний тайлбар, тодруулгаар давхар тогтоогдсон, СЭ ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайланг үгүйсгэх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, энэхүү тайлангаар нэхэмжлэгчийн эрх ашгийг бодит байдлаар хохироосон, нэхэмжлэгчийн орон сууцыг үндэслэлгүйгээр зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн байдал тогтоогдохгүй, эд хөрөнгийн үнэлгээний талаарх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, энэ талаарх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан дээр дурдсан тайлбар үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Д.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3., 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох СЭ ХХК-ийн 2021.09.03-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч Д.М-ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Т.ЭНХТУЯА