Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00886

 

 

 

 

 

 

 

 

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, А.Мөнхзул шүүгч, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/00443 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1211 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь эрхийн улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 24 дүгээр байрны 80 тоот хаягт байрлах, 73,2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнийн санал авах үед Д.М- нь 2021 оны 08 дугаар сард 350,000,000 төгрөгийн үнийн санал өгсөн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас С.Э ХХК-ийг шинжээчээр томилсон ба тухайн шинжээч нь орон сууцыг 153,954,827 төгрөгөөр үнэлсэн нь хотын төвийн А зэрэглэлийн 73,2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлж, хөрөнгийг үнэгүйдүүлсэн байна. Энэхүү үнэлгээний талаарх 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4-121/16438 дугаар мэдэгдлийг мөн сарын 08-ны өдөр хүлээн авсан.

Шинжээчийн үнэлгээгээр дээрх орон сууцыг ижил төрлийн орон сууцтай харьцуулаагүй, үнэлүүлэх гэж байгаа орон сууц 2014 онд ашиглалтад орсон гал тогоо тусдаа 3 өрөө байхад 2009 оны 2 өрөө орон сууцнуудтай харьцуулсан байна. Мөн Ковид-19 өвчний нөхцөл байдалтай холбоотой улсын хилээр бараа бүтээгдэхүүн орж ирэхгүй, барилгын материал болон орон сууцны үнэ ханшинд илтэд өөрчлөлт орсон байгаа зэргийг анхаарч үзээгүй.

Иймд С.Э ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1211 дугаартай шийдвэрээр Э.Х ХХК, Д.М- нараас 1,457,437,671 төгрөгийг гаргуулж Капитрон банк- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч Э.Х ХХК, Д.М- нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.М-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 24 дүгээр байрны 80 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэгдсэн 73.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 20300448/121-1 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20300448/121-3 дугаартай тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Э.Х ХХК, Д.М- нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр албан бичгээр үнийн санал авахад Э.Х ХХК-иас 450,000,000 төгрөг, Д.М-аас 350,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Уг үнэлгээг төлбөр авагч Капитрон банк ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул эд хөрөнгийн үнэлгээг шинжээч томилон тогтоолгох тухай 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1527 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн. Талуудад төлбөр авагч талаас үнийн саналыг зөвшөөрөөгүй тул шинжээч томилон үнэлгээ тогтоолгох болсныг утсаар мэдэгдэж 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр С.Э ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход 153,954,827 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр авагч Капитрон банк ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 4-121/16438 тоот албан бичгээр, төлбөр төлөгч Э.Х ХХК-ийн захирал Б.С , Д.М- нарт 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4-121/16438, 4-121/16439 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу биечлэн мэдэгдэж, эрх, үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулан тэмдэглэл хөтөлсөн. Иймээс эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, үнэлгээний тайлан хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хариу тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1211 дугаартай шийдвэрээр Э.Х ХХК, Д.М- нараас 1,457,437,671 төгрөгийг гаргуулж Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Бидний гаргасан хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, нэхэмжлэгч Б.Мөнхбаатар эд хөрөнгийн үнэлгээний талаарх саналаа 350,000,000 төгрөг гэж өгснийг бидний зүгээс зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Ингээд С.Э ХХК-ийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 24 дүгээр байрны 80 тоотод байрлах, 73.2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ ханшийг 153,954,827 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү эд хөрөнгийн үнэлгээ бодитой байна, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлэгдсэн нөхцөл байдал харагдахгүй байна. Шүүх хуралдаанд шинжээч нэхэмжлэгчийн тодруулсан асуултад хангалттай үндэслэлтэй хариулсан. Нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэдгээ өөрөө нотлох ёстой. Мөн өөрөө орон сууцыг худалдан борлуулах талаар эрхээ хэрэгжүүлэхэд нь манай байгууллага татгалзахгүй байсан. Харин нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэхгүй, хугацаа авах зорилготой байгаа нь харагдаж байна. Иймд эд хөрөнгийн үнэлгээ бодит байдалд нийцсэн, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох С.Э ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М-ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

5а. Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа зах зээлийн хандлагын аргыг чухалчлан авч үзэж үнэлгээ гаргасан. Ингэхдээ зах зээлийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн байдлыг харгалзан үзээгүй, бодит бус баримтад тулгуурлан хийсвэр байдлаар харьцуулалт хийсэн.

5б. Нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх орон сууц нь хотын төвийн А зэрэглэлд байрлах, 2014 онд ашиглалтад орсон, 3 өрөө орон сууц байхад ижил төрлийн орон сууцтай харьцуулаагүй, үнэлгээний зүйлийн шинж байдал, хийж, баригдсан огноо, өрөөний зохион байгуулалт зэрэг онцлог байдлыг харгалзан үзээгүй, харьцуулалт хийж байгаа орон сууцны шинж байдалтай биечлэн танилцаагүй, судалгаа хийгээгүй зэрэг байдлаас харахад шинжээчийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, зах зээлийн үнэ ханшаар үнэлсэн гэж үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, үнэлэлт, дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

6. Давж заалдах гомдолд хариуцагч талаас хариу тайлбар гаргаагүй болно.

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдээс хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянахад гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 34 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэл заан маргажээ. /хх 1, 56, 185-186/

3.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1211 дугаартай шүүгчийн захирамж, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ГХ2020/00286 дугаартай гүйцэтгэх баримт бичиг зэргийг үндэслэн мөн оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны эд хөрөнгийг битүүмжлэн, хураах ажиллагаа явуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 57-80/

4.Талууд дуудлага худалдаагаар худалдагдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тохиролцоогүйгээс шинжээч томилсон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцжээ.

5.Дээрх ажиллагаанд зохигчид маргаагүй, шинжээчийн үнэлгээ бодитой эсэх талаар маргажээ.

Шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заасны дагуу өртгийн аргыг ашиглахад 95,568,973 төгрөг, жишиг үнийн аргачлалаар 153,954,827 төгрөгийн үнэлгээ тус тус гарчээ. Эдгээрээс жишиг үнийн аргын үнэлгээг 100 хувийн ач холбогдолтой гэж шинжээч үзээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 24 дүгээр байрны 80 тоот хаягт байрлах, 73.2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 153,954,827 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 93-105/

Тодруулбал, шинжээч нь 2014 онд ашиглалтад орсон 3 өрөө 73.2 м.кв талбай бүхий орон сууцтай биечлэн танилцаж, үнэлж буй орон сууцыг 2009 онд ашиглалтад орсон 2 өрөө 84, 83 м.кв талбай бүхий орон сууцнуудтай харьцуулахдаа ялгаатай байдлыг тодорхойлж, итгэлцүүрийг 1 хувиар өсгөсөн байна. Мөн Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн судалгаа болон шинэ, хуучин орон сууцны зах зээлийн үнэ цэнийг харгалзан үзэж орон сууцны нэгж талбайн үнийг 2,103,208 төгрөгөөр тооцон, зах зээлийн үнийг тогтоож, энэ талаар хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч нь орон сууцны үнэ ханшинд илт өөрчлөлт орсон, шинжээчийн тогтоосон үнэлгээнээс илүү үнэ цэнэтэй байгаа гэх гомдлын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд шинжээчийн үнэлгээний талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэдгээ нотолсон тохиолдолд дахин үнэлгээ тогтоож болохоор заажээ.

7. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/00443 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД