Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2022/00116

 

ББ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ББ аймгийн ХХХ сумын Засаг дарга Х.Е-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ББ аймгийн ХХХ сумын 8 дугаар багт оршин суух, Б овогт М-ийн Б-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд хамаарах Б гэх газарт хууль бус, эрх бүхий байгууллагын шийдвэргүй, газар ашиглах гэрээгүй байж, дур мэдэн барьсан хувийн модон байшин, тус тусдаа барьсан малын хоёр пүнз зэрэг үл хөдлөх хөрөнгийг албадан нүүлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллага төлөөлөгч Х.Е

Хариуцагчийн өмгөөлөгч К.Е

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

Хариуцагч М.Б, нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Х.З нарт шүүх хуралдааны товыг шүүхээс 2022 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч хариуцагч болон нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын хариуцагч болон нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлт болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ББ аймгийн ХХХ сумын Засаг дарга Х.Е нь хариуцагч М.Б-ын Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд хамаарах “Б” гэх газарт хууль бус, эрх бүхий байгууллагын шийдвэргүй, газар ашиглах гэрээгүй, дур мэдэн барьсан хувийн модон байшин, тус тусдаа барьсан малын хоёр пүнз буюу үл хөдлөх хөрөнгийг албадан нүүлгэхийг хүсжээ.

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: ББ аймгийн ХХХ сумын 8-р багийн нутаг дэвсгэрт орших, Улсын их хурлын 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах тухай” 29-р тогтоолын 4 дэх хэсэг, Байгаль Орчны Сайдын 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хилийн Заагийг батлах тухай 261 дүгээр тушаалын хавсралтын 3 дахь хэсэгт зааснаар Монгол Алтайн Сийлхэмийн Нурууны Тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын ангиллын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа “Б” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт хариуцагч М.Б нь эрх бүхий байгууллагын шийдвэргүй, газар ашиглах зөвшөөрөлгүй холбогдох газруудтай газар ашиглах гэрээ байгуулалгүй дур мэдэн өвлийн байшин малын 2 тооны пүнз зэрэг үл хөдлөх хөрөнгө барьж, хууль бус аргаар газар ашиглаж, хаваржаа, намаржааны зориулалтаар эзэмшиж, тухайн багийн нэр бүхий иргэдтэй маргаан үүсгэж байгаа нь удаа дараагийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон билээ.

1.2.Хариуцагч М.Б нь Монгол Алтайн Сийлхэмийн Нурууны Тусгай хамгаалалттай газар нутгийн Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах ”Б” гэх газарт модон байшин, малын хоёр тооны пүнз байршуулан барьж, намаржаа, хаваржааны зориулалтаар хууль бус эзэмшиж, ашиглаж байгаа үйлдэл нь Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн захиргааны төв байгууллага нь ... байгалийн цогцолборт газрын ^хязгаарлалтын бүсээс газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэсэн заалт, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сум дүүргийн засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэснийг тус тус зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа юм. Хариуцагч М.Б нь хууль бус үйлдлийг таслан зогсоож, хууль зөрчсөн үйлдлийг арилгуулах үүднээс Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.3.Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Б-ын Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд хамаарах Б гэх газарт хууль бус, эрх бүхий байгууллагын шийдвэргүй, газар ашиглах гэрээгүй байж, дур мэдэн барьсан хувийн модон байшин, тус тусдаа барьсан малын хоёр пүнз зэрэг үл хөдлөх хөрөнгийг албадан нүүлгэж өгнө үү гэв.

2.Хариуцагч М.Б хариу тайлбартаа: Маргаан бүхий Монгол Алтайн Сийлхэмийн нурууны улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаарах Б гэх газар нь социализмын үед үед хамгаалалтад авагдахаас өмнө тус ХХХ сумын “П” нэгдэл нь малын чулуу хашаа, хороо, пүнз байшин барьж ашиглаж байсан ба 1990 онд нэгдэл татан буугдаж тэнд барьж босгосон малын хашаа пүнз, байшин зэргийг тус сумын иргэн Т.Б гэрч хувьчлан авч мал маллан амьдарч байсан. Энэ газарт миний бие 1997 оноос Т.Б-тай хамт айл хөрш болж, нэг хот суурь малчин айл болж хамт ажиллаж амьдарч байсан. Улмаар Т.Б нь 2008 онд амьдралын эрхээр Казахстан улсад нүүсэн ба тэнд байгаа өөрийн эзэмшлийн хашаа хороог хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн хамт зохих төлбөртэй М.Б надад шилжүүлсэн. 1997 оноос хойш миний бие тэр газарт уламжлалт аргаар мал маллаж амьдарч байгаа. Харин ХХХ сумын Засаг дарга нь асуудалд шударга бусаар, төрөл садангийн сонирхлоор хандаж, уг газрыг тус сумын иргэн Х.Ө-д 2014 онд эзэмшүүлэхээр хууль бус захирамж гаргаж байсан. Харин 2019 онд хууль бусаар ашиглуулахаар А/185 дугаартай хууль бус захирамж гаргаж иргэд хооронд маргаан гаргаж байсан нь тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0011 тоот шийдвэрээр нотлон тогтоогдож байна. Үүнд Засаг дарга Б.Е нь гэнэт хууль хэрэгжүүлэгч болж, энэхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө шударга зарчимд нийцэхгүй байна гэж бодож байна. Үүнээс урьд миний хуулийн дагуу тус газрыг ашиглах зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уламжлах байтугай хэд хэдэн хууль бус захирамж гаргаж, иргэд хооронд маргаан үүсгэж байсныг хууль ёсны  шүүхийн шийдвэрээр хэд хэдэн удаа тогтоосон. Засаг дарга Б.Е нь тэнд баригдсан малын чулуу хашаа хороог албадан нүүлгэхийг шаардаагүй, маргаан бүхий газрыг бүрэн чөлөөлүүлэхгүй байхыг нь бодвол уг газрыг урьд нь маргаж байсан Х.Ө, Х.Н нарт эзэмшүүлэх, ашиглуулах гэсэн ашиг сонирхолтой байгаа нь илт байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх зарчимтай ба Засаг дарга Б.Е нь уг зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр бусдаар ялгавартайгаар хандаж байгаа нь дээрх зарчим нийцэхгүй байна. Учир нь тус газарт бусад айл өрхүүд үл хөдлөх хөрөнгөө байршуулан ямар нэгэн газар ашиглах зөвшөөрөхгүй оршин сууж байсан мөртлөө ганцхан намайг нүүлгэх гэсэн шаардлага гаргаж байгаа нь хувийн ашиг сонирхолд холбоотой гэж үзэхээр байна. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс ББ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ӨӨӨӨӨӨӨӨ дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ББББББ дугаартай магадлал, өмгөөлөгч Х.З-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны иргэн М.Б-д хаягласан 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн аааа дугаартай “хариу хүргүүлэх тухай” албан тоот, ББ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл /хэргээс хуулбарлав тэмдэг дарагдсан/, маргаан бүхий хариуцагчийн М.Б-ын хувийн модон байшин, тус тусдаа барьсан малын хоёр пүнз зэргийн фото зургууд, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүчгийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн БББББ дугаартай тогтоол /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ББББ дугаартай магадлал /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0179607 дугаартай Шийтгэлийн хуудас /хэргээс хуулбарлав тэмдэг дарагдсан/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна

4. Хариуцагчаас ББ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн БББББББББ дугаартай тогтоол /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, ББ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн БББББББББ дугаартай шийдвэр /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, ББ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн БББББББББ дугаартай шийдвэр /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, хариуцагчаас Б.М-д олгосон итгэмжлэл болон тэд нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ББ аймаг дахь Төрийн тусгай хамгаалалтай газрын захиргааны дарга Ш.А-т гаргасан өргөдөл, хариуцагчийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргасан өргөдөл, ББ аймгийн “Ф” ЗБН-ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нннн дугаартай тодорхойлолт, хариуцагчийн өмгөөлөгч К.Е-тай байгуулсан өмгөөллийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ХХХ сумын 7 дугаар багийн иргэн А.М-ыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ББ аймгийн ХХХ сумын Засаг дарга Х.Е нь хариуцагч М.Б-ын Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд хамаарах “Б” гэх газарт хууль бус, эрх бүхий байгууллагын шийдвэргүй, газар ашиглах гэрээгүй, дур мэдэн барьсан хувийн модон байшин, тус тусдаа барьсан малын хоёр пүнз буюу үл хөдлөх хөрөнгийг албадан нүүлгэхийг хүсжээ.

3. Хариуцагч М.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба хариуцагч М.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа үйл баримтыг нотолж чадаагүй болно.

4.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина гэж, Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийн талаар зохицуулсан ба 29 дүгээр зүйлийн 29.1.3. в-д хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн тусгай хэрэгцээний газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах тухай шийдвэр гаргах гэж тус тус зааснаар Засаг даргын эрх хэмжээний хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5.Хавтаст хэрэг авагдсан ББ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ЛЛЛЛД дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлтэй ХХХ сумын Засаг даргад холбогдох ХХХ сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Д.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1,16.1.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “в”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Б-ын тус шүүхэд гаргасан ХХХ сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Д.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ББ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл,маргаан бүхий хариуцагчийн М.Б-ын хувийн модон байшин, тус тусдаа барьсан малын хоёр пүнз зэргийн фото зургуудаар тус тус үзлэгээр бэхжүүлсэн байна.

5.1. Улмаар нэхэмжлэгчийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ББББ дугаартай магадлалаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэсэн байна.

5.2. ББ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ААААА дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч ББ аймгийн ХХХ сумын 8 дугаар багийн оршин суугчид М.Б, М.Багдат нарын нэхэмжлэлтэй ХХХ сумын Засаг даргад холбогдох ХХХ сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах тухай” А/185 дугаар захирамж илт хууль бус акт болохыг тогтоож, ХХХ сумын Засаг даргын А/185 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, А/185 дугаар захирамжийг хүчингүй болгох захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь заалт, 35 дугаар зүйлийн 1,2 дах заалтууд, 36 дугаар зүйлийн 1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б, М.Б нараас ХХХ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “ХХХ сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах тухай” ААААА дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт болох”-ыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох “ХХХ сумын Засаг даргын А/185 дугаартай захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, А/185 дугаар захирамжийг хүчингүй болгох захиргааны акт гаргахыг даалгах” шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба дээрх шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

5.3. ББ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ХХХХ дугаартай тогтоолоор ББ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ХХХХХ дугаар шийдвэр, ББ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ХХХХ дугаар магадлалтай, ХХХ сумын 4 дүгээр багт оршин суух Д.Ө-ийн нэхэмжлэлтэй, ХХХ сумын 4 дүгээр багт оршин суух Мадигийн Болатад холбогдох иргэний хэргийг хариуцагч М.Б-ын магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлтээр хянан хэлэлцэж, хариуцагч М.Б-ын хүсэлтийг хангаж, ББ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн АААА дугаар шийдвэр, ББ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ААААА дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

5.4. ББ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн АААА дугаартай шийдвэрээр ХХХ сумын 6 дугаар багт оршин суух Диярын Өмиргүлийн нэхэмжлэлтэй, ХХХ сумын 4 дүгээр багт оршин суух Мадигийн Болатад холбогдох ХХХ сумын 4 дүгээр багийн нутаг Б гэх газарт байршилтай 5000 м.кв газарт барьсан М.Б-ын модон байшин, малын пүнзийг албадан нүүлгэж, уламжлалт мал аж ахуй эрхэлж, газар ашиглахад саад болж буй хариуцагчийн үйлдлийг таслан зогсоож өгөх тухай иргэний хэргийг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан Д.Ө-ийн ББ аймгийн ХХХ сумын 4 дүгээр багийн нутаг Б гэх газарт байршилтай 5000 м.кв газарт барьсан М.Б-ын модон байшин, малын пүнзийг албадан нүүлгэж, уламжлалт мал аж ахуй эрхэлж, газар ашиглахад саад болж буй хариуцагчийн үйлдлийг таслан зогсоож өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.   

5.5. Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар “Байгалийн цогцолборт” газрын хязгаарлалтын бүсээс газар ашиглуулах тухай шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчны яамнаас гаргах бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д  зааснаар Байгаль орчны яамны шийдвэрийг үндэслэн сум дүүргийн засаг дарга, хамгаалалтын захиргаа болон газар ашиглах иргэнтэй “газар ашиглах тухай” гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн иргэний газар ашиглах эрх нээгдэх юм. Гэтэл М.Б нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус зөрчиж, Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн "Байгалийн цогцолборт” газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Б” гэх газарт хувийн модон байшин, малын хоёр пүнз зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьж тухайн газрыг хууль бусаар ашиглаж байгаа болох нь ББ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ӨӨӨӨӨ дугаартай шийдвэрээр тогтоогдсон байна.

5.6. Хариуцагч М.Б нь Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Б” гэх газраас газар ашиглахыг хүсэж байгаа бол тухайн газрыг хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргаж, төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргуулан ашиглах эрхтэй байна.

5.7. Гэтэл хариуцагч М.Б нь хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргаж, төрийн захиргааны төв байгууллагаас улсын тусгай хамгаалалттай газраас газар ашиглах  шийдвэр гараагүй байхад улсын тусгай хамгаалалттай газарт эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр дур мэдэн хувийн модон байшин, малын хоёр пүнз зэрэг үл хөдлөх хөрөнгө барьж хууль бус ашиглаж байгаа нь үндэслэлгүй болсон байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр энэхүү иргэний хэрэгт гэрчээр А.М-ыг асууж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч, гэрчээр А.М-ыг асуухад энэхүү иргэний хэргийн маргааны талаар гэрч А.М нь тодорхой эх сурвалжийг заасан гэрчийн мэдүүлэг өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч М.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын нэр дээр Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн "Байгалийн цогцолборт” газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Б” гэх газраас мал аж ахуй эрхлэхээр 500 м.кв газар ашиглах зөвшөөрөл олгохыг хүсэж бичгээр хүсэлт гаргаж хандсан боловч одоо болтол хариу ирүүлээгүй байна. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ББ аймаг дахь Төрийн тусгай хамгаалалтын газрын захиргаанд өргөдөл, хүсэлт гаргасан байна. 

7. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ӨӨӨӨ тоот албан бичигт иргэн М.Б танаа “хариу хүргүүлэх тухай” гэж хаягласан,

Мөн хавтаст хэрэг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ББББ дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн БББББ дугаартай магадлал, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ААААА дугаартай шийтгэлийн хуудас зэрэг нь иргэн М.Б-д холбогдолтой захиргааны хэргийн маргааны шийдвэрүүд байх тул энэ хэрэгт хамааралгүй нотлох баримт учир нотлох баримтаар үнэлээгүй болно.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар ББ аймгийн ХХХ сумын Засаг даргын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М.Б-аас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дүгээр зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Б” гэх газарт хууль бус эрх бүхий байгууллагын шийдвэргүй дур мэдэн барьсан хариуцагч М.Б-ын хувийн модон байшин, модон малын хоёр пүнзийг албадан нүүлгэсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар ББ аймгийн ХХХ сумын Засаг даргын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М.Б-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ББ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б