Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 212/МА2022/00032

 

Н сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2022/00116 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч тус аймгийн Н сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, *** багт оршин суух М.Б-д холбогдох,  

“Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд хамаарах Бахлуур гэх газарт хууль бус, эрх бүхий байгууллагын шийдвэргүй, газар ашиглах гэрээгүй дур мэдэн барьсан хувийн модон байшин, тус тусдаа барьсан малын хоёр пүнз зэрэг үл хөдлөх хөрөнгийг албадан нүүлгэх тухай” иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч М.Болат, хариуцагчийн өмгөөлөгч К.Ержан, орчуулагч М.Айдынгүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1. Баян-Өлгий аймгийн Н сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт орших, Улсын их хурлын 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах тухай” 29 дүгээр тогтоолын 4 дэх хэсэг, Байгаль Орчны Сайдын 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хилийн Заагийг батлах тухай 261 дүгээр тушаалын хавсралтын 3 дахь хэсэгт зааснаар Монгол Алтайн Сийлхэмийн Нурууны Тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын ангиллын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа “Бахлуур" гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт хариуцагч М.Б нь эрх бүхий байгууллагын шийдвэргүй, газар ашиглах зөвшөөрөлгүй холбогдох газруудтай газар ашиглах гэрээ байгуулалгүй дур мэдэн өвлийн байшин малын 2 тооны пүнз зэрэг үл хөдлөх хөрөнгө барьж, хууль бус аргаар газар ашиглаж, хаваржаа, намаржааны зориулалтаар эзэмшиж, тухайн багийн нэр бүхий иргэдтэй маргаан үүсгэж байгаа нь удаа дараагийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон.

1.2.Хариуцагч М.Б нь Монгол Алтайн Сийлхэмийн Нурууны Тусгай хамгаалалттай газар нутгийн Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах "Бахлуур” гэх газарт модон байшин, малын хоёр тооны пүнз байршуулан барьж, намаржаа, хаваржааны зориулалтаар хууль бус эзэмшиж, ашиглаж байгаа үйлдэл нь Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн захиргааны төв байгууллага нь ... байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсээс газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэсэн заалт, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сум дүүргийн засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэснийг тус тус зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа юм. Хариуцагч М.Б нь хууль бус үйлдлийг таслан зогсоож, хууль зөрчсөн үйлдлийг арилгуулах үүднээс Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.3.Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Б-н Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд хамаарах Бахлуур гэх газарт хууль бус, эрх бүхий байгууллагын шийдвэргүй, газар ашиглах гэрээгүй байж, дур мэдэн барьсан хувийн модон байшин, тус тусдаа барьсан малын хоёр пүнз зэрэг үл хөдлөх хөрөнгийг албадан нүүлгэж өгнө үү.

 

2.Хариуцагч М.Б-н тайлбар, татгалзал:

2.1. Маргаан бүхий Монгол Алтайн Сийлхэмийн нурууны улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаарах Бахлуур гэх газар нь социализмын үед хамгаалалтад авагдахаас өмнө тус Н сумын “Партизан” нэгдэл нь малын чулуу хашаа, хороо, пүнз байшин барьж ашиглаж байсан ба 1990 онд нэгдэл татан буугдаж тэнд барьж босгосон малын хашаа пүнз, байшин зэргийг тус сумын иргэн Т.Б гэгч хувьчлан авч мал маллан амьдарч байсан. Энэ газарт миний бие 1997 оноос Т.Б-тай хамт айл хөрш болж, нэг хот суурь малчин айл болж хамт ажиллаж амьдарч байсан. Улмаар Т.Б нь 2008 онд амьдралын эрхээр Казахстан улсад нүүсэн ба тэнд байгаа өөрийн эзэмшлийн хашаа хороог хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн хамт зохих төлбөртэй М.Б надад шилжүүлсэн.

2.2. 1997 оноос хойш миний бие тэр газарт уламжлалт аргаар мал маллаж амьдарч байгаа. Харин Н сумын Засаг дарга нь асуудалд шударга бусаар, төрөл садангийн сонирхлоор хандаж, уг газрыг тус сумын иргэн Х.Ө-д 2014 онд эзэмшүүлэхээр хууль бус захирамж гаргаж байсан.

2.3. Харин 2019 онд хууль бусаар ашиглуулахаар А/185 дугаартай захирамж гаргаж иргэд хооронд маргаан гаргаж байсан нь тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0011 тоот шийдвэрээр нотлон тогтоогдож байна. Үүнд Засаг дарга Б.Е нь гэнэт хууль хэрэгжүүлэгч болж, энэхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө шударга зарчимд нийцэхгүй.

2.4. Үүнээс урьд миний хуулийн дагуу тус газрыг ашиглах зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уламжлах байтугай хэд хэдэн хууль бус захирамж гаргаж, иргэд хооронд маргаан үүсгэж байсныг хууль ёсны шүүхийн шийдвэрээр хэд хэдэн удаа тогтоосон.

2.5. Засаг дарга Б.Е нь тэнд баригдсан малын чулуу хашаа хороог албадан нүүлгэхийг шаардаагүй, маргаан бүхий газрыг бүрэн чөлөөлүүлэхгүй байхыг нь бодвол уг газрыг урьд нь маргаж байсан Б.Ө, Х.Н  нарт эзэмшүүлэх, ашиглуулах гэсэн ашиг сонирхолтой байгаа нь илт байна.

2.6. Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх зарчимтай ба Засаг дарга Б.Е нь уг зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр бусдад ялгавартайгаар хандаж байгаа нь дээрх зарчимд нийцэхгүй. Учир нь тус газарт бусад айл өрхүүд үл хөдлөх хөрөнгөө байршуулан ямар нэгэн газар ашиглах зөвшөөрөлгүй оршин сууж байсан атлаа ганцхан намайг нүүлгэх гэсэн шаардлага гаргаж байгаа нь хувийн ашиг сонирхол байгаатай холбоотой. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2022/00116 дугаар шийдвэрээр 1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дүгээр зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Бахлуур” гэх газарт хууль бус эрх бүхий байгууллагын шийдвэргүй дур мэдэн барьсан хариуцагч М.Б-н хувийн модон байшин, модон малын хоёр пүнзийг албадан нүүлгэж, 2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М.Б-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.    

 

4. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх зарим хэрэглээний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэхээс гадна хэт нэг талыг баримтлан, нотлох баримтыг дутуу үнэлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой.

4.2. Шүүх М.Б миний байшин, малын пүнзийг албадан нүүлгэх шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч Н сумын Засаг даргын ямар эрх, ашиг нь хамгаалагдах, зөрчигдөж байсан ямар эрх ашиг нь сэргээгдэх талаар тодорхой дүгнэлт хийгээгүй.

4.3. Маргаан бүхий газарт эрт дээр үеэс малын шулуун хашаа баригдаж, тэнд хүмүүс уламжлалт аргааг мал аж ахуй эрхэлж байсныг шүүх анхаараагүй.  Тэнд иргэн Б болон М.Б миний өвөг эцэг Ж, миний эцэг Ж.М нар амьдарч байсан талаар гэрч М мэдүүлсэн.

4.4. Н сумын Засаг дарга урьд нь хэд хэдэн хууль бус шийдвэр гаргаж маргаан бүхий газрыг Б.Ө гэгчид эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргаж байсныг шүүх анхаарч үзээгүй.

4.5. Анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген нь хэрэг хянан шийдвэрлэх явцад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж, хариуцагч миний хуулиар олгосон эрхэд халдаж байсан ба энэ талаар гомдол хүсэлт гаргаж, түүнээс хуульд заасан үндэслэлээр татгалзан гарсан. Хариуцагч М.Б шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргасан байх ба шүүгчийг татгалзсан нөхцөлд тухайн шатны Ерөнхий шүүгч хүсэлтийг шийдвэрлэхээр хуульчилсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт зааснаар татгалзлын талаар хэргийн оролцогчийн санал, тайлбарыг шүүх сонсохоор зохицуулагдсан. Гэтэл Ерөнхий шүүгч мөн өдөр, цаг, минутад тэр даруй шүүх хуралдааны танхимд шууд орж ирээд хэргийн оролцогчдын санал, тайлбарыг сонсохгүйгээр цан цохиж тэр дор нь шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Ерөнхий шүүгч хавтаст хэргийг унших байтугай, гартаа барьж үзэхгүйгээр хариуцагчийг тохуурхан доромжилсон асуудалд гомдолтой.Үүнийг би урьд нь Ерөнхий шүүгчийн гаргасан 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 00435 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж байсантай холбогдуулан өширхөж, хонзогнон шийдвэрлэсэн гэж ойлгож байгаа. Хэрэв Ерөнхий шүүгч хүсэлтийг хэргийн оролцогчийг байлцуулахгүйгээр шийдвэрлэхээр бол заавал шүүх хуралдааны танхимд орж ирж хариуцагчийг илт тохуурхан шийдвэрлэх шаардлагагүй. Үүнийг шүүх хуралдааны мөн өдрийн цахим бичлэгээс харж болно.

4.6. Мөн хүсэлт хэлэлцэх шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөөгүйгээс гадна Ерөнхий шүүгчийн хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон захирамж хэрэгт хавсаргагдаагүй.

4.7. Орон нутагт тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны нэгж ажиллаж  байгаа тул сумын Засаг дарга шууд нэхэмжлэл гаргаж байгаа нь тэдний чиг үүрэгт хамааралгүй.

4.8. Иймд дээрх нөхцөл байдлуудыг  харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох эсхүл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байгаа Н сумын * дугаар баг буюу хуучнаар Улаан чулуу багийн нутаг дэвсгэрийн газар нутгийг Улсын их хурлын 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай 29 дүгээр зөвлөлийн 4 дэх заалт, мөн байгаль орчны сайдын 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хилийн загийг батлах тухай 261 дүгээр тушаалын хавсралтын 3 дахь хэсэгт зааснаар Монгол Алтайн сийлхэмийн нурууны тусгай  хамгаалалттай газар бүс нутаг гэж хамгаалалтад авсан. Эдгээр маргаан бүхий газар 2000 оны Улсын их хурлын тогтоолоор тусгай хамгаалалтад авч, 2001 онд Байгаль орчны сайдын хилийн заагийг тусгай хамгаалалтад авсан.

 5.2. Хариуцагчийн хэлж байгаа 280 айл оршин сууж байгаа Н сумын * дугаар баг бол улсын тусгай хамгаалалтад авагдсан, хилийн зурваст хамаарагдсан газар. Хилийн заагийг тогтоосон байгаль орчны яамны тогтоол болон аймгийн Засаг даргаас гаргасан шийдвэрийн дагуу Улсын их хурлын тогтоол гаргахаасаа өмнө оршин сууж байгаа айлуудыг эзэмшүүлэхээр тогтоол гарсан. Улсын их хурлын тусгай хамгаалалтад авах тогтоол гарахаас өмнө тухайн газарт оршин сууж байгаа ард иргэдийг уг газарт байлгах тогтоол гарсан. Тусгай хамгаалалтад авагдсан газрын ашиглалтыг хуулиар тогтоон шийдвэрлэсэн. Хариуцагчийн хэлж байгаа 280 айл бол 2000 оноос өмнө тухайн газрыг эзэмшиж, ашиглаж оршин сууж байсан иргэд.

5.3. Тусгай хамгаалалттай газарт хариуцагчийн өвөлжөө болон хаваржаа нь байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт тусгагдсан байгаа. 

5.4. Бахлуур гэх газарт байсан өвөлжөө нь өмнө Б гэдэг хүний газар байсан. Б нь Партизан нэгдлийн үед мал маллаж амьдарч эзэмшиж байсан. 1990 онд нэгдэл тарж, их хувьчлал явагдах үед Б нь давуу эрхээрээ  хувьчилж авсан. Бнь Казакстан улсад нүүхдээ Ө гэдэг хүнд худалдсан. Мейрамхан гэдэг хүн тухайн үед Засаг даргаар ажиллаж байхдаа Өд газар эзэмшүүлэх захирамж гаргасан. Уг маргаанаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан.  

5.5. Тусгай хамгаалалтад авахаас өмнө баригдсан хашааны яг дотор хэсэгт нь модон хоёр пүнз барьсан. Хажууд нь өвлийн байшингаа барьсан. Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Ийм учраас Ө нь иргэний шүүхэд албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасан.  Гэтэл иргэний хэргийн шүүх энэ асуудлыг газрын тухай хуулиар шийдвэрлэх боломжгүй гэж үзээд Тусгай хамгаалалттай газрын тухай хууль үйлчилж байгаа учраас Засаг даргад хандах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан. Ө нь Засаг даргад хандаж миний эрх ашиг зөрчигдөж байна албадан нүүлгэж өг гэсэн өргөдөл гаргасан. Засаг дарга шийдвэрлэх боломжгүй учраас шүүхэд дахин хандсан.

5.6. Хариуцагчид тэр газраас өөр 3-4 газарт өвөлжөө, хаваржаа байгаа. Байгаль орчны яамны зөвшөөрөлгүйгээр тусгай хамгаалалттай газарт байшин барьж болохгүй гэж заасан. Яг энэ асуудлаар Багдат гэх хүнд Байгаль орчны яамны өгсөн хариултыг хавсаргасан. Давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.     

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг дарга нь хариуцагч М.Б-д холбогдуулан Баян-Өлгий аймгийн Н сумын Монгол Алтайн Сийлхэмийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Бахлуур” гэх газарт хууль бус, эрх бүхий байгууллагын шийдвэргүй, газар ашиглах гэрээгүй, дур мэдэн барьсан хувийн модон байшин, тус тусдаа барьсан малын хоёр пүнз буюу үл хөдлөх хөрөнгийг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч М.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

8. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, хариуцагчийн дур мэдэн байшин, малын пүнз барьсан Баян-Өлгий аймгийн Н сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бахлуур” гэх газар нь Монгол Улсын Их хурлын 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 29 дүгээр тогтоолын холбогдох хэсгээр Баян-Өлгий аймгийн Улаанхус, Н сумдын зарим газар нутгийг хамарсан Сийлхэмийн нурууг байгалийн цогцолбор газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан, Монгол Алтайн Сийлхэмийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаардаг, улсын хилийн зурвас газар болох нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 110/ШШ2019/0063 дугаартай шийдвэрээр /хавтаст хэргийн 8 дахь тал/ болон хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

9. Хариуцагч М.Б нь  Баян-Өлгий аймгийн Н сумын Монгол Алтайн Сийлхэмийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, улсын хилийн зурвас газарт хамаарах  “Бахлуур” гэх газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасныг зөрчиж, Н сумын Засаг дарга болон Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрээгүй,  эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр, хууль бусаар газар ашиглаж, уг газартаа модон байшин, малын пүнз барьсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

10. Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар аймаг, сумын Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхийг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж, 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд ... бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина” гэж, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж, 57 дугаар зүйлийн 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд ... Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина” гэж, 59 дүгээр зүйлийн 59.1-д “Газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэхэд цагдаагийн байгууллага дараах үүрэгтэй” гэж, 59 дүгээр зүйлийн 59.1.1-д “хууль, гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах” гэж, 60 дугаар зүйлийн 60.1.1-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга” гэж, 60.1.2-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилжээ.

11. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг зөрчсөн, тодруулбал иргэн, хуулийн этгээдээс газрыг хууль бусаар эзэмших, ашигласан тохиолдолд сумын Засаг дарга дээрх хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн газартай холбоотой маргааныг өөрөө шийдвэрлэх, хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа газрыг чөлөөлөх талаар мэдэгдэл өгөх, улмаар албадан нүүлгэх тухай шийдвэр гаргах, түүнийг цагдаагийн байгууллага биелүүлэх үүрэгтэй байна. Гэтэл Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг дарга нь хуульд заасан бүрэн эрхээ өөрөө хэрэгжүүлэх боломжтой, түүнийг хэрэгжүүлээгүй буюу маргааныг хуульд заасан журмаар өөрөө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах бүрэн боломжтой байтал иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газарын тухай хуульд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

12. Н сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгчийн хувьд, Газрын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.4.3-д  “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 60 дугаар зүйлийн 60.1.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх журам, газрыг хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх, эд хөрөнгийг албадан нүүлгэх, хууль бус үйлдлээс газрыг хамгаалах эрхтэй байна.  

 

Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд нь зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол уг газрыг чөлөөлж, албадан нүүлгэх тухай шийдвэрийг Засаг дарга гаргах, уг шийдвэрийн биелэлтийг цагдаагийн байгууллага хангах үүрэгтэй байхаар зохицуулсан тул Монгол Алтайн Сийлхэмийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Бахлуур” гэх газарт хууль бус, эрх бүхий байгууллагын шийдвэргүй, газар ашиглах гэрээгүй, дур мэдэн барьсан хариуцагч М.Б-н модон байшин, малын хоёр пүнзийг албадан нүүлгэх эрх хэмжээ Н сумын Засаг даргад хуулиар олгогдсон байтал энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй. Хэрвээ нэхэмжлэгч нь энэ талаар шийдвэр гаргасан тохиолдолд Н сумын Засаг даргын газрыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлөх буюу албадан нүүлгэх тухай үйл ажиллагаа нь ердийн харьяаллын шүүхэд бус, Захиргааны хэргийн дагнасан шүүхийн хяналтад хамаарахаар Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад зохицуулжээ.

 

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж, Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж заасныг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтад аймгийн Засаг даргын бүрэн эрх, 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь  заалтад сумын Засаг даргын бүрэн эрх, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан иргэний өмчийн газрыг хураах журам зэрэгтэй харьцуулан тайлбарлахад, сумын Засаг дарга нь иргэний газар өмчлөх эрхийг өөрөө шийдвэр гаргаж хязгаарлаж үл болох бөгөөд гагцхүү хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэл гаргах замаар шүүхэд мэдүүлж, иргэнд өмчлүүлсэн газрыг шүүхийн журмаар хураах эсэх асуудлыг ердийн харьяаллын шүүхэд хандаж шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй байхаар, тодруулбал сумын Засга даргын иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалт болон өмчлөлд байгаа газартай холбоотой хэрэгжүүлэх эрх хэмжээг ялгамжтайгаар зохицуулж, хуульчилсан байна.

 

13. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсээс иргэн газар ашиглуулах хүсэлтээ тухайн сумын Засаг даргад гаргаж, Засаг даргын саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам газар ашиглуулах тухай шийдвэр гаргаж, уг шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга өөрөө болон хамгаалалтын захиргаатай хамтарч иргэнтэй газар ашиглуулах тухай гэрээ байгуулахаар байна.

14. Анхан шатны шүүх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. в-д тус тус зааснаар Засаг даргын эрх хэмжээний хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч М.Б нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус зөрчиж, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах “Бахлуур” гэх газарт хувийн модон байшин, малын хоёр пүнз зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьж тухайн газрыг хууль бусаар ашиглаж байгаа болох нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 110/ШШ2021/0011 дугаартай шийдвэрээр тогтоогдсон гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам байгаа эсэхийг буюу сумын Засаг даргад хуулиар олгосон бүрэн эрх, уг бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотой маргааны шүүхийн харьяаллыг анхан шатны шүүх анхаараагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.3 дахь заалтыг зөрчжээ.

15. Иймээс шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн, уг журмыг нэхэмжлэгч хэрэглэх, сумын Засаг дарга нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой байх тул хариуцагчийн “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, гомдлын “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэсэн хэсгийг хүлээн авч, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.3 дахь заалт, 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч Н сумын Засаг даргын хариуцагч М.Б-д холбогдуулан гаргасан хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах газарт баригдсан модон байшин, малын хоёр пүнз зэргийг албадан нүүлгэж, газар чөлөөлөх тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож,  

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2022/00116 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалт, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын хариуцагч М.Б-д холбогдуулан гаргасан “Монгол Алтайн Сийлхэмийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд хамаарах “Бахлуур” гэх газарт хууль бус, эрх бүхий байгууллагын шийдвэргүй, газар ашиглах гэрээгүй, дур мэдэн барьсан хувийн модон байшин, малын хоёр пүнз буюу үл хөдлөх хөрөнгийг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж М.Б-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК 

                                     

 

                                    ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

                      ШҮҮГЧ                                                             Д.КӨБЕШ