Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2412

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.У-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03168 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.У-гийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 7 дугаар сард Х.Энхтайван надтай хамт анх энэ хэргийн оролцогчоор оролцож байсан бөгөөд Х.Энхтайваны хүсэлтээр зээлийн гэрээ байгуулсан боловч төлбөрөө төлөөгүй учраас шүүхийн шийдвэрээр миний байрыг худалдаж, зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах шийдвэр гарсан. Үүний дагуу дуудлага худалдаанд оролцуулах үнийн саналыг Х.Энхтайванд өгсөн юм билээ. Түүний дараагаар үнийн санал зөрсөн учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн бөгөөд миний байрыг 67 300 000 төгрөгөөр үнэлсэн. Анхны дуудлага худалдаагаар 70 хувиар нь буюу 47 100 000 төгрөгөөр борлуулахаар дуудлага худалдааг зарласан. Хотын А зэрэглэлийн байрлалд буюу их дэлгүүрийн хойд талд байрладаг, борлуулалтын компаниудаас лавлахад доод тал нь 80 000 000 төгрөгийн ханштай байхад 50 хувьд нь хүргэж зарах гэж байгаад сэтгэл дундуур байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар Л.У Х.Энхтайван нараас 24 000 000 төгрөгийг гаргуулж Б.Цд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүрэг, 7 хороо, 2 дугаар 40 мянгат 8 байр 43 тоот нэг өрөө орон сууцыг битүүмжилж хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал дээр талууд харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн. Шинжээчийн үнэлсний дагуу анхны албан дуудлага худалдаанд оролцох мэдэгдлийг өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдсан. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гараад 2-3 жил болж байхад төлбөр төлөгч нараас ямар ч төлбөр төлөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, үнэлгээний тайлангийн тухай төлбөр төлөгч Л.У, Х.Энхтайван нарт 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний талаар мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч Л.У нь нэхэмжлэлээ 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн хугацаа хэтрээд 10 хоног өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний орон сууцыг хэт доогуур үнэлсэн гэсэн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй гэж шүүх дүгнэсэн. Миний зүгээс нотлох баримт болгон өгөх баримт бүрдүүлэх боломж байгаагүй. Учир нь хэд хэдэн хөрөнгө зуучлалын компаниар ороход үнэлгээний тамга тэмдгээр баталгаажсан баримт өгөх боломжгүй гэсэн. Үнэлгээний компанийн материалыг харахад миний адил судалгаа, сонин хэвлэл, борлуулалтын компаниудын материал ашигласан байсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг харахад үнэлгээний компанийн мэдээллийн сан нь миний мэдээлэл авдаг эх үүсвэртэй адил байна. Хотын төвд А зэрэглэлд байгаа миний байрны зах зээлийн ханш 85 000 000-90 000 000 төгрөг байгаа бөгөөд энэ нь үнэлгээний ханшаас 20 000 000 төгрөгөөр илүү байна. Иймд миний орон сууцыг үнэгүйдүүлж иргэн намайг хохироож байна гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.У нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1-2/ хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. /хх.40/

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар дугаар 31-ний өдрийн 2841 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар шийдвэрлэжээ. /хх8-10/

Дээрх захирамжийн дагуу тохиролцсон хугацаанд Л.У, Х.Энхтайван нар төлбөрийг төлж барагдуулаагүй тул тус захирамжийг албадан биелүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 23157 дугаар захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны  дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 8 дугаар байрны 43 тоот орон сууцыг битүүмжлэн хураажээ. /хх.46-49/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үнийн санал авахад 3 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөгч, өмчлөгч Л.У 140 000 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Х.Энхтайван 120 000 000 төгрөгөөр тус тус орон сууцны үнэлгээний санал өгсөн, төлбөр авагч Б.Ц эрх бүхий үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхээр санал /хх.80/ гаргасан,  төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож үнэ тогтоогоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т заасанд нийцжээ. Шинжээч 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгийг 67 300 000 төгрөгөөр үнэлсэн, дээрх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Шинжээчийн дүгнэлтээр барьцааны хөрөнгийг үнэлсэн тухай мэдэгдлийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх газраас шуудангаар хүргүүлснийг 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээж авснаа нэхэмжлэгч Л.У нь шүүх хуралдаанд мэдүүлжээ. Иймд үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй бол 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч орон сууцыг 67 300 000 төгрөгөөр үнэлсэн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гэж тайлбарласнаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, үнэлгээг бодитой биш, хэт доогуур гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дээрхээс үзвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч буюу Л.У-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

 

                                              ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                               А.ОТГОНЦЭЦЭГ