Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2022/00219

 

БББ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БББ аймгийн УУУ сумын 4 дүгээр багт оршин суух, С овогт С-ы Ж,

Хариуцагч: БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч С.Л/

 

Нэхэмжлэлийн шаардлага: БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай “Багш С.Ж-г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ахлах бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 4 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 5,132,000 /таван сая нэг зуун гучин хоёр мянган/ төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар С.Н, А.Б /цахимаар/,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Л, хариуцагчийн өмгөөлөгч Х.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Жд шүүх хуралдааны товыг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр /баримт №2/ мэдэгдэхэд нэхэмжлэгч С.Ж өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтээ гаргасан байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэрийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Ж нь хариуцагч БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч С.Л/-т холбогдуулан БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай “Багш С.Ж-г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ахлах бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 4 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 5,132,000 /таван сая нэг зуун гучин хоёр мянган/ төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

 

С.Ж миний бие УУУ сумын 4 дүгээр багт оршин суудаг ба БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар тус цэцэрлэгийн Ахлах бүлгийн багшаар томилогдон 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн. Гэвч БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Л-ын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Ингэхдээ С.Л нь С.Ж намайг БББ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн СССС дүгээр шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар “Албан тушаалын байдлаа урвуулан, ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож” шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гэм буруутай нь тогтоогдсон тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай гэжээ. С.Ж намайг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн СССС дүгээр шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар “Албан тушаалын байдлаа урвуулан, ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үнэн боловч 2 дахь заалтаар миний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д болон Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд Нийтийн албан тушаалтанд ямар этгээд хамаарах талаар зохицуулжээ. Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу С.Ж миний 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хашиж байсан албан тушаал буюу Ахлах бүлгийн багшийн орон тоо нь алинд ч хамаарахгүй юм. С.Л нь шүүхийн шийдвэрийн дагуу намайг ажлаас халсан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Миний бие ямар нэгэн нийтийн төлөөлж шийдвэр гаргадаг нийтийн албан тушаалтан биш юм. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь хэсэгт заасан “нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж авлига авах, өгөх үйлдэл болон бусад бусад хууль тогтоомж зөрчсөнийг холбогдох байгууллагууд тогтоож дүгнэлт гаргасан бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болно” гэснийг баримталсан нь үндэслэлгүй. Миний бие 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр БББ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн СССС дугаартай тогтоолоор “2 жилийн хугацаагаар зорчих эрх зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хассан". Намайг шүүхээс авлига өгсөн эсхүл авсан талаар гэм буруутайд тооцоогүй болно. Зөвхөн илүү орон тоонд хамаарал бүхий хүн авч томилж, албан тушаалын байдлаа ашигласан хэмээн буруутгасан. Үүний дараа би албан тушаалаа өгч, өөр ажилд буюу багшийн ажилд томилогдсон. Мөн цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс намайг ажлаас халах үед ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй ба 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сумын Засаг дарга Х.Х-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийтийн алба хашиж байвал тухайн нийтийн албанаас нь чөлөөл гэж албан тоот ирсэн боловч Засаг дарга Х.Х нь тус албан тоотыг өөрийн хувийн эрх ашгийн төлөө ашиглан эрхлэгч С.Л-аар дамжуулан тус сумын Хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажилладаг өөрийн төрсөн охин болох Х.Ж-г тушаал гаргуулан миний оронд томилуулсан юм. Хариуцагчаас яагаад намайг чөлөөлсөн талаар тодруулахад шүүхийн шийдвэрийн дагуу чөлөөлөөгүй гэх мөртлөө байгууллагын хурал дээр шүүхийн шийдвэрийн дагуу чөлөөлсөн мөн Засаг дарга албан бичгээр шаардсан тул чөлөөлсөн хэмээн тайлбар хэлдэг. С.Ж би ахлах бүлгийн багшаар ажиллаж байх хугацаанд надад холбогдуулан хүүхдүүдийн эцэг эх нараас ямар нэгэн гомдол, санал өргөдөл ирж байгаагүй ба ямар нэгэн сахилгын шийтгэл хүртэж байгаагүй юм. Намайг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас хууль бусаар халсан тул өнөөдрийг хүртэлх 4 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 5,132,000 /таван сая нэг зуун гучин хоёр мянга/ төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгаж өгөхийг хүсэж байна. Миний нэг сарын цалин хөлс 1,283,000 төгрөг болно. Үүнийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх 4 сарын хугацаанд авах ёстой цалинг тооцвол 5,132,000 төгрөг болж байна.

 

2.Иймд БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай “Багш С.Ж-г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ахлах бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 4 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 5,132,000 /таван сая нэг зуун гучин хоёр мянган/ төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Л хариу тайлбартаа: БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Л миний бие С.Ж-гийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү тайлбар гаргаж байна. Нэгдүгээрт, С овогтой Ж нь БББ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн СССС дүгээр “Шийтгэх тогтоол”-ын 1 дэх заалтаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж албан тушаалын эсрэг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тогтоогдсон. С.Ж багштай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтад “Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж авлига авах, өгөх үйлдэл болон бусад хууль тогтоомж зөрчсөнийг холбогдох байгууллагууд тогтоож дүгнэлт гаргасан бол ноцтой зөрчилд” тооцогдож, “Хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь заалтад хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” үндэслэл болж байна. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтад “авлига авах өгөх үйлдэл"-ээс гадна бусад хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болсон байна. Иймд С.Ж нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон учир ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.7 дахь заалтад Хөдөлмөрийн гэрээнд ноцтойд тооцож нэрлэн хөдөлмөрийн харилцаа зогсоохоор заасан ажлын зөрчил гаргасан эсвэл сахилгын зөрчил давтан 12 удаа гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж, мөн дотоод журмын 13.2.5 дахь заалтад “Монгол улсын хууль зөрчиж гэмт хэрэгт холбогдсон, гэмт үйлдэл нь тогтоогдсон тохиолдолд ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болно” гэж заасныг тус тус зөрчсөн нь С.Ж-г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж байна. Хоёрдугаарт, С.Ж багш надад ямар нэг зөрчил дутагдал сахилгын зөрчил байхгүй байхад ажлаас халсан” гэж гомдол гаргасан байна. Гэтэл багш С.Ж-гийн гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг тус цэцэрлэгийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцээд Сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гарсныг ч биеэр хуралд оролцож хүлээн зөвшөөрч, хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хүүхдийн цэцэрлэгийн ёс зүйн хорооны С.Ж-д сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэснийг үндэслэж цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд уг тушаалд багш С.Ж гомдол гаргаагүй учир хүчин төгөлдөр байгаа юм. Тухайн тушаалыг 3 хувь үйлдэж 1 хувийг С.Ж-д өөрт нь хүлээлгэн өгсөн боловч журналд хүлээн авсан гэсэн гарын үсэг зурахаас өөрөө татгалзсан тул, тэмдэглэл үйлдэж санхүүд хувийг нь өгч, архив бичиг хэрэгт 1 хувийг нь хадгалсан байна. Тухайн үед багш С.Ж нь таван өдөр ажил тасалснаас зөвхөн 1 өдрийн цалин хасаж тооцоод суутгал хийсэн нь 5 дугаар сарын цалингийн цэст тусгагдсан юм. Багш С.Ж нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, багш ажилчдын дунд хов жив хөөцөлдөж, удаа дараа эцэг эх, үндсэн ажилчдаас гомдол гаргаж ёс зүйн алдаа гаргасан, мөн өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы үед удаа дараа ажил тасалсан зэрэг зөрчил дутагдал гаргасан багшид сахилгын шийтгэл ногдуулах нь Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.6, Хөдөлмөрийн гэрээний 6.2.2 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон юм. Гуравдугаарт, нэхэмжлэгч С.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “БББ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн СССС дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдож нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж шийтгэсэн юм. Энэ нь цэцэрлэгийн багш ажилтай С.Ж надад хамаарахгүй бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар цэцэрлэгийн багшийн орон тоо бол нийтийн албан тушаалтан биш” гэж маргажээ. Нэхэмжлэгч С.Ж нь “нийтийн албан тушаалтан” биш бөгөөд тус цэцэрлэгт бүлгийн багш албан тушаал эрхэлж байхад 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр сум дундын шүүхийн СССС дугаартай шийтгэх тогтоол ёсоор албан тушаалын эсрэг гэмт хэрэгт Эрүүгийн ял шийтгэл хүлээсэн нь Хөдөлмөрийн дотоод урмын 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан Хөдөлмөрийн гэрээ дотоод журам зөрчсөн, албан тушаалаа буруугаар ашигласан, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, хөрөнгө үрэгдүүлсэн, шамшигдуулсан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын шийтгэл хүлээлгэж, хөдөлмөрийн гэрээг цуцлах заалт, мөн журмын 13.2.4-д заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон олгосон бол ноцтой зөрчилд тооцож, гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-д заасан “бусад хууль тогтоомж зөрчсөнийг холбогдох байгууллага тогтоож, дүгнэлт гаргасан бол ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж заасныг тус тус удирдлага болгож гэрээг цуцалж сахилгын шийтгэл хүлээлгэсэн болно. Дөрөвдүгээрт, С.Ж нь албан тушаалын байдлыг урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосныг, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнийг зөвтгөх гэж байна уу? Өөрийн гэмт үйлдэлд дүгнэлт хийх ухамсар дутаж байна уу? Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчсөнөөс болж төсөвт их хэмжээний хохирол учирч өөрийн хамаарал бүхий хүнийг хууль бус ажилд томилсон, төсвийн хөрөнгийг зүй бус зарцуулсан, төрд хохирол учруулсан нь шүүхийн шийтгэх тогтоолоор батлагдсан байгаа нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасан ажлаас халах үндэслэл гэж үзэхээр байна. Тавдугаарт, нэхэмжлэгч гомдолдоо “Ажлаас халах тухай мэдэгдэх хуудас олгоогүй” гэж маргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд мэдэгдэх хуудас олгох талаар хууль зохицуулаагүй болно. Мэдэгдэх хуудас олгох үндэслэл байхгүй болно. Зургаадугаарт, сумын засаг дарга Х.Х-н охин Х.Ж нь урьд өмнө туслах багшийн албан тушаалд ажилладаг байсан ба одоо хүртэл тухайн орон тоонд хэвээр ажиллаж байгаа болно. Х.Ж-г туслах багшийн албан тушаалаас өөрчилж бүлгийн багш гэх орон тоонд томилоогүй болно. Иймд С.Ж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, сахилгын зөрчлийг давтан гаргасан, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 6.2.2, 6.2.3, 6.2.4 дэх заалтыг тус тус зөрчиж Хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан 5 хоног ажил тасалсан, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бусдад давуу байдал олгосон, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, байгууллагад хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон зэрэг үйлдэл нотлох баримтаар батлагдаж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар С.Ж-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн багш байсан С.Ж-д УУУ сумын хүүхдийн цэцэрлэгийн дэргэдэх Ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 01 тоот дугаартай хурлын шийдвэрээр “Сахилгын шийтгэл ногдуулах” шийдвэр гаргаж, цэцэрлэгийн эрхлэгчид уламжилснаар УУУ сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасан сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Тухайн үед багш С.Ж нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхээс удаа дараа гомдол ирсэн, цар тахлын улмаас хөл хорио тогтоосон үед буюу 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, 3 дугаар сарын 30-ны өдөр, 4 дүгээр сарын 27-30 өдрүүдэд, 5 дугаар сарын 11-ний өдөр, 5 дугаар сарын 24-ний өдөр, 5 дугаар сарын 27-ны өдөр тус тус хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалж Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдэл гаргасан нь цагийн бүртгэл болон тухайн өдрийн жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн багш ажилчдын тодорхойлолт, багш С.Ж-гийн Ёс зүйн хорооны хуралд өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, уучлалт хүссэн байдал зэрэг үйл баримтаар нотлогдож байна. УУУ сумын хүүхдийн цэцэрлэгийн Ёс зүйн хорооны хуралдаанд багш С.Ж өөрөө биечлэн оролцсон байна. Багш С.Ж-гийн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нотлон тогтоосон Цэцэрлэгийн ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл, цагийн бүртгэлийн баланс, жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн ажилчдын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хоёрдугаарт, багш С.Ж-д хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хэлэлцэж, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах санал гаргаж ирүүлсэн Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлийг үндэслэн УУУ сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 дугаартай тушаалаар багш С.Ж-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Сахилгын арга хэмжээ авсан тухай тушаалын нэг хувийг багш С.Ж-д 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр цэцэрлэгийн эрхлэгч С.Л би өөрийн биеэр гардуулан өгсөн боловч, С.Ж нь тушаалыг гардан хүлээж авсан боловч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд гарын үсэг зурхаас татгалзсан тул тухайн өдөр С.Жд хүлээлгэн хүлээлгэн өгсөн талаар тушаалын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл үйлдсэн болно. Бүртгэлийн дэвтэрт холбогдох хүснэгтийг нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Гуравдугаарт, гомдол гаргагч С.Ж нь УУУ сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/13 дугаартай тушаалыг багш С.Ж-д 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн. С.Ж нь тухайн үед өөрөө гардан хүлээж авсан болох нь тушаалын бүртгэлийн дэвтрийн 2021 оны тушаал тараасан бүртгэлийн дэвтрийн 59 дугаарт бүртгэгдэж тэмдэглэл үйлдсэнээр, мөн багш С.Ж нь уг сануулах арга хэмжээг эс зөвшөөрч цэцэрлэгийн ёс зүйн хорооны дарга Х.А-д 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан гомдолд, БББ аймгийн Боловсролын газрын дарга Г.А-д хаяглаж 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан гомдолд дурдсан байна. Уг гомдолд “эрхлэгч С.Л ямар ч батлагдаагүй байхад хүчээр арга хэмжээ авсан” гэх, мөн “2021 оны 5 дугаар сард ёс зүйн хурал хийж надаас сахилгын арга хэмжээ авлаа” гэж гомдолд дурдсан өгүүлбэрүүдээр давхар нотлогдож байна. Эдгээр нотлох баримтууд бол УУУ сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 дугаартай тушаалыг гомдол гаргагч С.Ж нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гардан авсан болохыг давхар нотолж байгаа хэрэг. Дөрөвдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаар бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдол гаргах эрхтэй” гэж заасан байдаг юм. С.Ж-д УУУ сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 дугаартай тушаалыг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гардуулж өгсөн үйл баримтаар нотлогдож байх тул сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 03-нд тус шүүхэд гаргасан гомдлын хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүй өнгөрсөн байна. Иймд уг асуудлыг шүүх дахин авч хэлэлцэх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч С.Ж нь сарын цалин хөлсийг буруу тодорхойлж нэг сарын цалин хөлс болох 1283000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй болжээ. БББ аймгийн УУУ сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Цалингийн сан шинэчлэн тогтоох тухай” А/01 дугаартай тушаал ёсоор Боловсрол, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаартай тушаал, Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоол, 2020 оны 151 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн төрд ажилласан хугацааг харгалзан тогтоосон сүлжээ, жишиг нормативын дагуу ажилчдын цалин хөлсийг 2021 оны байдлаар шинэчлэн тогтооход цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан С.Ж нь нийт ажилласан хугацаа 22 жил 2 сар, сүлжээний ТҮБД-4 зэрэглэл, 4 дүгээр шатлалаар сарын үндсэн цалинг 886281 төгрөг, Засгийн Газар 90 дугаар тогтоол үндсэн цалингийн 10 хувийн нэмэгдэл 88628 төгрөг, удаан жилийн нэмэгдэл үндсэн цалингийн 20 хувиар тооцож 177256 төгрөгөөр тооцож нийт нэг сарын цалинд 1152165 төгрөг цалин хөлс авах тооцоо гарч байх тул 523340 төгрөг илүү нэхэмжилсэн байх юм. Хоёрдугаарт, багш С.Ж нь БББ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар тушаалаар “тэргүүлэх” мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 5 жилийн хугацаа нь 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон учир тэргүүлэх зэргийн нэмэгдэл болох 132942 төгрөг олгогдох учиргүй байтал нэмж нэхэмжилсэн нь үндэслэлгүй болно. Гуравдугаарт, багш С.Ж нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдсан мөн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж ажлаас сахилгын шийтгэлийн тушаалаар халагдсан тул түүнд ажлаас чөлөөлөгдсөний тэтгэвэр тэтгэмж бусад хөнгөлөлт эдлүүлэх боломжгүй болно

Иймд БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай “Багш С.Ж-г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ахлах бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 4 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 5,132,000 /таван сая нэг зуун гучин хоёр мянган/ төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус эрхлэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БББ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатна шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн СССС дугаартай шийтгэх тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өмгөөлөгч С.Н-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Ш.А-ийн гарын баримт, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ёс зүйн хорооны дарга Х.А-ийн хариу хүргүүлэх тухай албан тоот, БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/9 дугаар тушаалын хоёр дугаар хавсалтаар батлагдсан УУУ сумын цэцэрлэгийн багшийн албан тушаалын тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаартай Хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн Ёс зүйн хороог байгуулах тухай тушаалын хуулбар, Төрийн мэдээллийн сангаас олгосон нэхэмжлэгчийн 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар дуустал Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, мөн 2017 оны 1 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар дуустал Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, С.Ж-гийн ААААА дугаартай бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, УУУ сумын ИТХ-ын дарга, сумын Засаг даргаас олгосон “Хүндэт өргөмжлөл”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр УУУ сумын Цэцэрлэгийн захиргаанаас С.Ж-д олгосон Өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2005 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Боловсрол соёлын газраас С.Ж-д олгосон Өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2006 оны 02 дугаар сарын 04-ний өдөр УУУ сумын хүүхдийн цэцэрлэгээс С.Ж-д олгосон Өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр олгосон Заах аргач багшийн тэмдгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр олгосон Багшийн алдар тэмдгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн УУУ 70 жил” тэмдгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр олгосон Жуух бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, УУУ сумын ИТХ-ын дарга, сумын Засаг даргаас 2010 онд олгосон Өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2008 онд БББ аймгийн Боловсрол, Соёлын газраас олгосон Ахлах багшийн тэмдгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2003 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр олгосон 615 дугаартай Хүүхдийн төлөө тэмдгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1995 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн БББ аймаг дахь боловсролын ажилтны ТМД сургуулийн хүмүүжүүлэгч багшийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 онд олгогдсон 101 дугаартай Хүүхдэд ээлтэй хүндэт багш тэмдгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийгмийн эдийн Засгийн судалгааны сангаас олгосон Стандарт-2018 өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хүүхдийн цэцэрлэгийн захиргаанаас олгосон Өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээс олгосон Өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр УУУ сумын хүүхдийн цэцэрлэгээс олгосон Өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2006 оны 02 дугаар сарын 03-ны өдөр БББ аймгийн БСГ-ын даргаас олгосон Арга зүйч багш энгэрийн тэмдгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр УУУ сумын ИТХ-ын дарга болон Засаг даргаас олгосон Өргөмжлөл, 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Засаг даргаас олгосон Жуух бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр УУУ сумын ИТХ-ын дарга болон Засаг даргаас олгосон Хүндэт өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2005 оны 02 дугаар сарын 04-ний өдөр УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгээс олгосон Өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  Улсын ерөнхий прокурорын өмгөөлөгч С.Н-д хаягласан 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 6/2083 дугаартай “гомдолд хариу өгөх тухай” албан тоот, БББ аймгийн Прокурорын газрын өмгөөлөгч С.Н-д хаягласан 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 121 дугаартай албан тоот зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас УУУ сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31 ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, УУУ сумын хүүхдийн цэцэрлэгийн Ёс зүйн хорооны 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Ж-гийн Цэцэрлэгийн Ёс зүйн хорооны дарга Х.А-д гаргасан гомдлын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тушаалын бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Ж-гийн БББ аймгийн Боловсролын газрын дарга Г.А-д хаяглаж 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан гомдлын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өргөдөл гомдлын бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цагийн бүртгэл болон тодорхойлолтын гомдлын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Цэцэрлэгийн Ёс зүйн хорооны даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан тоот, Д.Б-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, УУУ сумын цэцэрлэгийн хамт олны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, УУУ сумын цэцэрлэгийн хамт олны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хурлаар хэлэлцэн Хөдөлмөрийн дотоод журмыг хавсралтаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмыг цэцэрлэгийн багш ажилчдад танилцуулсан, зөвшөөрсөн баталгааны хуудас, бүртгэлийн хяналтын картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БББ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01/832 тоот мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БББ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 115 дугаар гүйцэтгэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, УУУ сумын цэцэрлэгийн багшийн албан тушаалын тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/293 дугаартай “Журам батлах тухай” тушаалын хуулбар, УУУ сумын хүүхдийн цэцэрлэгийн Улирлын ажлын үр дүнгийн урамшуулал олгох 1, 2 дугаар улирлын ажлын тайлангийн дүнгийн хуулбар, 2021 онд УУУ сумын хүүхдийн цэцэрлэгийн багшийн улирлын ажлын үр дүнгийн урамшуулал олгох тухай баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БББ аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/5 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн С.Ж-гийн гарын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/09, А/10 дугаартай тушаал, УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн хамт олны хурлын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай тушаал болон тушаалын хавсралт, С.Ж-д 2016 онд олгосон мэргэжлийн зэрэг олгох тухай үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/18 дугаартай тушаал, БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн Боловсрол соёл, урлагийн газрын даргад хаягласан 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай албан тоот, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/854 дугаартай журам батлах тухай тушаалын хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн С.Ж-гийн УУУ сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч болон цэцэрлэгийн ёс зүйн хороонд гаргасан өргөдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нярав О болон манаач Ж.Б, ахлах тогооч О.Э нарын гарын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч С.Ж дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: С.Ж намайг БББ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн СССС дүгээр шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар “Албан тушаалын байдлаа урвуулан, ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож” шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гэм буруутай нь тогтоогдсон тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай гэжээ. С.Ж намайг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн СССС дүгээр шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар “Албан тушаалын байдлаа урвуулан, ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үнэн боловч 2 дахь заалтаар миний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д болон Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд Нийтийн албан тушаалтанд ямар этгээд хамаарах талаар зохицуулжээ. Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу С.Ж миний 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хашиж байсан албан тушаал буюу Ахлах бүлгийн багшийн орон тоо нь алинд ч хамаарахгүй юм. С.Л нь шүүхийн шийдвэрийн дагуу намайг ажлаас халсан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Миний бие ямар нэгэн нийтийн төлөөлж шийдвэр гаргадаг нийтийн албан тушаалтан биш юм. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь хэсэгт заасан “нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж авлига авах, өгөх үйлдэл болон бусад бусад хууль тогтоомж зөрчсөнийг холбогдох байгууллагууд тогтоож дүгнэлт гаргасан бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болно” гэснийг баримталсан нь үндэслэлгүй. Миний бие 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр БББ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн СССС дугаартай тогтоолоор “2 жилийн хугацаагаар зорчих эрх зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хассан". Намайг шүүхээс авлига өгсөн эсхүл авсан талаар гэм буруутайд тооцоогүй болно. Зөвхөн илүү орон тоонд хамаарал бүхий хүн авч томилж, албан тушаалын байдлаа ашигласан хэмээн буруутгасан. Үүний дараа би албан тушаалаа өгч, өөр ажилд буюу багшийн ажилд томилогдсон юм. Иймд БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай “Багш С.Жг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ахлах бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 4 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 5,132,000 /таван сая нэг зуун гучин хоёр мянган/ төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Л миний бие С.Жгийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү тайлбар гаргаж байна. Нэгдүгээрт, С овогтой Ж нь БББ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн СССС дүгээр “Шийтгэх тогтоол”-ын 1 дэх заалтаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж албан тушаалын эсрэг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тогтоогдсон. С.Ж багштай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтад “Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж авлига авах, өгөх үйлдэл болон бусад хууль тогтоомж зөрчсөнийг холбогдох байгууллагууд тогтоож дүгнэлт гаргасан бол ноцтой зөрчилд” тооцогдож, “Хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь заалтад хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” үндэслэл болж байна. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтад “авлига авах өгөх үйлдэл"-ээс гадна бусад хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болсон байна. Иймд С.Ж нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон учир ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.7 дахь заалтад Хөдөлмөрийн гэрээнд ноцтойд тооцож нэрлэн хөдөлмөрийн харилцаа зогсоохоор заасан ажлын зөрчил гаргасан эсвэл сахилгын зөрчил давтан 12 удаа гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж, мөн дотоод журмын 13.2.5 дахь заалтад “Монгол улсын хууль зөрчиж гэмт хэрэгт холбогдсон, гэмт үйлдэл нь тогтоогдсон тохиолдолд ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болно” гэж заасныг тус тус зөрчсөн нь С.Жг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан БББ аймаг УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай “С.Жг ахлах бүлгийн багшаар томилох тухай” тушаалаар Монгол улсын Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг тус тус үндэслэн тус цэцэрлэгийн Ахлах бүлгийн багшаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсан байна.

4.2. БББ аймаг УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай “Багш С.Ж-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Монгол улсын Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.2.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.7, 13.2.5, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.3 дахь заалт, БСШУС-ын сайдын 2019 оны А/430 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын гурав дахь хэсгийн тусгай шаардлага, БББ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн СССС дүгээр шийтгэх тогтоол, БББ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01/832 тоот мэдэгдэл, БББ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2321 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 115 дугаар гүйцэтгэх хуудас, УУУ сумын засаг даргын бүртгэл хяналтын картаар өгсөн үүргийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Тус  хүүхдийн цэцэрлэгийн багш Солтан овогтой Жанерке нь БББ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн СССС дүгээр шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож” шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гэм буруутай нь тогтоогдсон тул 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн багшийн үүрэгт ажлаас халж сахилгын шийтгэл ногдуулсугай.

2. Ажлаас халагдсан С.Ж-гийн ажлыг багш Х.Ж-д хүлээлгэн өгөхийг арга зүйч Д.М-д, цалин хөлсний тооцоог хийж дуусгахыг нягтлан бодогч А.П-т, хариуцсан эд хөрөнгийн тооцоо хийхийг нярав Х.О-д тус тус үүрэг болгосугай гэж нэхэмжлэгч С.Ж-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар нэхэмжлэгч С.Ж нь ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гомдол гаргасан ба хуульд зааснаар шүүхэд гомдол гаргах эрхтэй байна.

4.4. Нэхэмжлэгч С.Ж нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах тухай болон Хөдөлмөрийн тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, ... тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаарх ажил олгогч УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

4.5.Нэхэмжлэгч С.Ж нь “... Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-д “нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж авлига авах, өгөх үйлдэл болон бусад хууль тогтоомж зөрчсөнийг холбогдох байгууллагууд тогтоож дүгнэлт гаргасан бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болно” гэснийг баримталсан нь үндэслэлгүй, миний бие 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр БББ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн СССС дугаартай тогтоолоор 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хассан” намайг шүүхээс авилга өгсөн эсхүл авсан талаар гэм буруутайд тооцоогүй болно. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 болон Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд Нийтийн албан тушаалтанд ямар этгээд хамаарах талаар зохицуулсан, дээрх зохицуулалт С.Ж миний ахлах бүлгийн багшийн орон тоо нь алинд ч хамаарахгүй, шүүхийн шийдвэрийн дагуу намайг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч ажил олгогчийн С.Жг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

4.6. Нэхэмжлэгч С.Жд хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага буюу ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч байгаа үндэслэл болон үйл баримтын талаарх нотлох баримтаа гарган өгч нотолж чадаагүй болно.

4.7.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч С.Жг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна гэж үзлээ.

 4.8.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтална гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Жг ажлаас чөлөөлсөн тушаалдаа ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль журмыг баримталсан байна.

4.9. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан БББ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн  СССС дугаартай шийтгэх тогтоолоор 1. Шүүгдэгч С овогт С-ийн Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д оногдуулсан 2/хоёр/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг БББ аймгийн УУУ сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.... гэсэн байх ба энэхүү шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгч С.Ж-г гэм буруутай тооцсон байна.

Нэгэнт шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн, ялтай байх тул төрийн үйлчилгээний байгууллага буюу цэцэрлэгийн багшийн үүргийг гүйцэтгэх боломжгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14-т ... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан ба  нэхэмжлэгч С.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан БББ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн  СССС дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

4.10. Авилгын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн /а/-д “Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ гэж тодорхойлсон байна.

4.11. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай  албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заасан байна.

4.12. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж дараах албан тушаал хамаарна” гэж заасны дагуу мөн зүйлийн 14.1.2-д зааснаар “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж байх тул БББ аймгийн УУУ сумын хүүхдийн цэцэрлэгийн багш нь төрийн үйлчилгээний байгууллагын албан тушаалд хамаарч байна.

4.13. БББ аймгийн УУУ сумын хүүхдийн цэцэрлэгийн багш нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан биш боловч хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтоор нэхэмжлэгч С.Ж нь төрийн үйлчилгээний албан хаагч байна.

4.14.Нэхэмжлэгч С.Ж-гийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2020 оны 04 сарын 15-ний өдрийн ажил олгогчтой байгуулсан хугацаагүй хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т ажилтан хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил, хөдөлмөрийн дотоод журамд ноцтой зөрчил гэж үзсэн заалтуудыг зөрчсөн зөрчил гаргавал ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж ажлаас чөлөөлнө гэж, 6.2.3-д “Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж авлига авах, өгөх үйлдэл болон бусад хууль тогтоомж зөрчсөнийг холбогдох байгууллагууд тогтоож дүгнэлт гаргасан бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болно” гэж тус тус хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой нэрлэн заасан, мөн хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч, ажилтан нар гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.

4.15. Мөн хавтаст хэрэг нотлох баримтаар авагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.7-д “Хөдөлмөрийн гэрээнд ноцтойд тооцож нэрлэн хөдөлмөрийн харилцаа зогсоохоор заасан ажлын зөрчил гаргасан эсвэл сахилгын зөрчил давтан /2 удаа/ гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж, 13.2.5-д “Монгол улсын хууль зөрчиж гэмт хэрэгт холбогдсон, гэмт үйлдэл нь тогтоогдсон тохиолдолд ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болно” гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч С.Жг гэм буруутайд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон учир ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлтэй байна.

4.16. Нэхэмжлэгч Ж нь намайг ажлаас халах үед ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй гэж байгаа ба хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэл буюу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэх үүрэг хүлээхгүй болно.

4.17. Мөн хариуцагчийн хавтаст хэрэгт 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэл хяналтын картад 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай БББ аймаг ШШГГ-ын дарга дэд хурандаа Н.Б гэсэн байх ба Л-т мэдэгдлийн дагуу шийдвэрлэж хариуг мэдэгдэх 2021 он 15/9 гэж цохилт хийсэн байх ба үүнд БББ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01/832 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт БББ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолоор БББ аймгийн УУУ сумын 04 дүгээр багт оршин суух С овогт С-ны Ж /ББББББ/-г Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн байна. Иймд С.Ж-гийн нийтийн албанаас чөлөөлөх асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д зааснаар шийдвэрлэж ажлын 3 өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдье гэж, шийтгэх тогтоол болон 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 115 дугаартай БББ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбарыг хавсаргаж  хүргүүлж байсан байна.

4.18. Нэхэмжлэгч С.Ж нь хавтаст хэрэгт  2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаартай хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гарган өгч урьд гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээ нь хуучин хүчингүй болсон хөдөлмөрийн гэрээ байжээ, уг хөдөлмөрийн гэрээний эх хувийг хавсаргав гэж талууд энэхүү хөдөлмөрийн гэрээнд маргасан ба энэхүү хөдөлмөрийн гэрээг УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн  А/10 дугаартай “Шинээр байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгож хуучин хөдөлмөрийн гэрээгээр ажил үүрэг гүйцэтгүүлэх тухай” тушаалаар байгууллагын нийт ажилтан албан хаагчидтай байгуулсан эрхлэгчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/09  дугаартай тушаалын 2 дугаар заалтыг бүхэлд нь хүчингүй болсон тооцож, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажил үүргээ гүйцэтгэж ажиллахыг нийт багш, ажилчдад үүрэг болсон эрхийн акт гаргасан байх тул нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаартай хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар үнэлээгүй болно. /хх-ийн 124 талд/

4.19. Нэхэмжлэгч С.Ж нь БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь, Нэхэмжлэгч С.Ж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасны дагуу сахилгын шийтгэл буруу ногдуулсан гэж үзвэл гомдлоо шүүхэд гаргах бөгөөд энэхүү гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш  гурван сарын дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч С.Ж нь дээрх хуульд заасан хугацаа өнгөрсний дараа гомдол гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

4.20. УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.7, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.6, 2021 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн Багшийн ёс зүйн 1 дугаартай тэмдэглэлийг тус тус үндэслэн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй багш ажилчдын дунд хов хөөцөлдөж, удаа дараа эцэг эхээс гомдол гаргаж ёс зүйн алдаа гаргасан, удирдлагын зөвшөөрөлгүй, чөлөө авалгүй хөл хорионы үед аймаг явсан зэрэг зөрчил дутагдал гаргасан багш албан тушаалтай С.Ж-д 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай гэжээ. 

4.21. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй болно. 

4.22. Сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн байхаас гадна тухайн ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан хуулиуд, сахилгын болон ёс зүйн дүрэм зэргийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байж болно гэж тодорхойлсон байх тул ажилтан С.Ж нь хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчлийг гаргасан байна гэж үзлээ. 

4.23. Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай УУУ сумын Хүүхдийн цэцэрлэг Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл  ... Ш.А, М нар миний хүүхэдтэй зүй бус харьцсан, надтай ёс зүйгүй харьцаж байна. Д.Б багшийн ангид миний хүүхдийг шилжүүлж өг гэдэг гомдол гаргасан, ... С.Ж багш чөлөө авалгүй ажил тасалж явдаг, энэ нь удаа дараа давтагдаж байгаа ... зэрэг тусгасан байх ба тухай хуралд С.Ж багш чөлөө аваагүй явсан болон  өчигдрийн явдалд өөрийнхөө бурууг ойлгож байгаа, би гэртээ том болсон хүүхдүүдийн хажууд уйлж чадахгүй ангид ирээд уйлж аваад тайвширсан уучлаарай би буруугаа ойлгож байна гэснийг тус тус тэмдэглэлд тусгасан байх ба С.Ж багшид сануулах  арга хэмжээ авахаар шийдвэрлэв гэж хуралд оролцсон ажилтнууд болон С.Ж гарын үсэг тус тус зурсан байна.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч нь өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох талаар тухай үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хуульчилсан бөгөөд  мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах эрхтэй байна.

Мөн нэхэмжлэгч С.Ж багш 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн ёс зүйн хорооны дарга Х.А танаа гэж өргөдөл гаргасан байх ба энэхүү өргөдөлд надаас хүчээр арга хэмжээ авсан гэдгийг дурдаж байсан нь, тушаалын бүртгэлийн дэвтрийн 59. 2021.05/31. Б/13 сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг С.Жд гардуулахад С.Ж гарын үсэг зурахаас татгалзсан тул тэмдэглэл үйлдэж хүлээлгэж өгөв гэж 2021.5/31 гэж дэвтэрт тэмдэглэсэн байдал, мөн Аймгийн Боловсролын дарга Г.А танаа гэж өргөдөл гаргасан байх ба энэхүү өргөдөлдөө ... 2021 оны 5 дугаар сард ёс зүйн хурал хийж, надаас сахилгын шийтгэл авсан гэж бичиж байсан байдал, өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 22. 2021.3/18 Ш.А УУУ сумын 4-р баг, С.Ж багш миний хүүхэдтэй зүй бусаар харьцсан учир миний бие гомдолтой байна. Амаар гомдол гаргав, Ж багшид хүүхдээ өгөхгүй Д.Б гэж тэмдэглэсэн байдал, 29. 2021.4/29 Ш. А УУУ сумын 4-р баг, С.Ж багш утсаар дарамтлаад 99421142 16 цаг 18 минут утсаар гомдол гаргав гэж тэмдэглэсэн байдал, мөн дэвтрийн 37. 10/08.Ж. Б УУУ сумын 4-р баг, С.Ж багшийн ёс зүйд хариуцлага тооцуулах гэж тэмдэглэсэн байдал,  тодорхойлолт  2021.05.27, 2021.04.29 гэх, 2021.05.11 гэх, 2021.04.27. 12. С.Ж тасалсан гэж бүртгэсэн байдал, 15 дугаар бүртгэлийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тасалсан гэж бүртгэсэн байдал зэрэг бичмэл нотлох баримтуудаар бүрэн хангалттай тогтоогдсон байна.  

4.24. Иймд дээрх тушаалуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.Ж-гийн БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай “Багш С.Ж-г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ахлах бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

5. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх 4 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5.132.000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч С.Ж-гийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь дээрх үндэслэлээр хангагдаагүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5.132.000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн С.Ж-гийн D201304888 дугаартай бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, УУУ сумын ИТХ-ын дарга, сумын Засаг даргаас олгосон “Хүндэт өргөмжлөл”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр УУУ сумын Цэцэрлэгийн захиргаанаас С.Ж-д олгосон Өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2005 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Боловсрол соёлын газраас С.Ж-д олгосон Өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2006 оны 02 дугаар сарын 04-ний өдөр УУУ сумын хүүхдийн цэцэрлэгээс С.Ж-д олгосон Өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр олгосон Заах аргач багшийн тэмдгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр олгосон Багшийн алдар тэмдгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн УУУ 70 жил” тэмдгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр олгосон Жуух бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, УУУ сумын ИТХ-ын дарга, сумын Засаг даргаас 2010 онд олгосон Өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2008 онд БББ аймгийн Боловсрол, Соёлын газраас олгосон Ахлах багшийн тэмдгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2003 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр олгосон 615 дугаартай Хүүхдийн төлөө тэмдгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1995 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн БББ аймаг дахь боловсролын ажилтны ТМД сургуулийн хүмүүжүүлэгч багшийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 онд олгогдсон 101 дугаартай Хүүхдэд ээлтэй хүндэт багш тэмдгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийгмийн эдийн Засгийн судалгааны сангаас олгосон Стандарт-2018 өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хүүхдийн цэцэрлэгийн захиргаанаас олгосон Өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээс олгосон Өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр УУУ сумын хүүхдийн цэцэрлэгээс олгосон Өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2006 оны 02 дугаар сарын 03-ны өдөр БББ аймгийн БСГ-ын даргаас олгосон Арга зүйч багш энгэрийн тэмдгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр УУУ сумын ИТХ-ын дарга болон Засаг даргаас олгосон Өргөмжлөл, 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Засаг даргаас олгосон Жуух бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр УУУ сумын ИТХ-ын дарга болон Засаг даргаас олгосон Хүндэт өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2005 оны 02 дугаар сарын 04-ний өдөр УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгээс олгосон Өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд ач холбогдолгүй нотлох баримтууд байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Ж-гийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

8. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хариу хүргүүлэх тухай Ёс зүйн хорооны дарга Х.А гэх, 2022.01.05. Д.Б гэх тодорхойлолт, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай УУУ сум Хүүхдийн цэцэрлэгийн хамт олны хурлын тэмдэглэл, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн манаач Ж.Б, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ахлах тогооч О.Э нарын тодорхойлолт  зэрэг нотлох баримтууд нь дээрх үйл баримт болсны дараах баримтууд байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ -ийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.3, 158.2.2-д зааснаар БББ аймгийн УУУ сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай “Багш С.Ж-г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, урд эрхэлж байсан ахлах бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 4 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 5,132,000 /таван сая нэг зуун гучин хоёр мянган/ төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор БББ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.БҮЛДИРГЕН